Categories
мэдээ спорт

Хэрүүл, маргаанд “хэрчүүлсэн” олимпийн наадамд ирээдүй бий юү

Монгол Улсын олимпийн шигшээ баг Токиогийн зуны олимпод харьцангуй сайн оролцоод эх орондоо ирцгээлээ.

Нэг мөнгө, гурван хүрэл медаль авч 207 улсаас 71 дүгээр байранд жагсана гэдэг боломжийн амжилт. Түүнээс ч илүү амжилт үзүүлэх нөхцөл бүрдэж байсан ч хувь хүний, дасгалжуулагчийн, багийн удирдлагын зэрэг алдаанаас шалтгаалан цааш алхаж чадсангүй. Жирийн сэтгүүлч хүн хөшигний ард юу болж яагаад чадсангүй вэ гэдгийг таамаглахаас цааш чадваргүй тул алдаа дутагдлаа мэргэжлийн хүмүүс нь юу гэж дүгнэх нь вэ гэдгийг харахаас. Харин харж үзсэнээ хуваалцах боломж бол байна аа.

Ер нь энэ олимпийн наадам чинь бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, “түрүүлэхдээ бус оролцохдоо” гэх мэт уриа лоозонтой байсан нь аль эрт алга болж, яавал түүний өмнө ямхын зайтай гишгэж, чимхийн дайтай илүүг өргөх вэ, хэнээр шүүлгэвэл чадалтайг нь сөхрүүлэх вэ гэдгээрээ уралддаг болчихсон юм биш үү.

Боксын 57 кг-ын жинд аваргалсан Оросын Батыргазиев яалт ч үгүй манай Э.Цэндбаатарт ялагдсан. Тэр өөрөө “Тун тэнцүү зодоон болсон. Шүүгчид түүнд эхлээд хоёр оноо өгсөн нь миний буруу. Ер нь эцэстээ шүүгчид надад ялалт өгөлгүй үлдсэн бол би гомдол гаргахгүй байсан” гэж үнэнээ хүлээсэн л байна лээ. Бокс угийн булхайтай спорт байсан, одоо бүр ч цадигаа алдсан байна лээ. Ер нь жүдо шиг илт харагдаж үзэгдэж байгаад оноогоо авдаг спортын төрөл биш бол маргаантай, тэр маргаан нь өдөр бүр тасралтгүй үргэлжилсээр энэ олимп өндөрлөлөө. Францын боксчин өрсөлдөгчөө илт давуу ялж явахад нь толгойгоороо мөргөлөө гээд сануулга өгөлгүй шууд хасч, нөгөөх нь цаг орчим дэвжээнд сууж тээр жилийн манай чөлөөтийн хоёр дасгалжуулагчийн “амжилтыг” эвдэж байх шиг. Каратэ, таэквондо, гимнастик, туялзуур сэлэм гээд маргаан тасраагүй спорт зөндөө. Хүндийн өргөлтийг хар даа. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг-ыг яг өргөсөн. Тэр тохой нугаралтыг ямар үзүүлэлтээр шийддэг юм бэ. Түүний хэмжээний хазайлтаар оролтоо бүртгүүлээд цааш явж буй тамирчид зөндөө л гарсан шүү дээ. Хэрэвзээ Хятад ч юмуу хүндийн өргөлтийн уламжлалт гранд улсын тамирчин байсан бол тооцогдоод явах л шүү дээ. Дашрамд дурдахад, М.Анхцэцэгээрээ ёстой ч нэг бахархлаа. Тэгж яривал Моллайгийн мөнгөн медалиас М.Анхцэцэгийн дөрөвдүгээр байр илүү чанартай гээд хэлсэн ч буруудахгүй. Дөнгөж амаржаад удаагүй байхдаа олимпод явсан, жүдо шиг Монголдоо олон жилийн арвин туршлага хуримтлуулсан спортын төрөл биш, лужгар том компанийн ивээл дор бөмбөрөөгүй тийм нэг царай нь цаанаасаа л нэг гэрэлтсэн бүсгүйтэй хамт гомдолтой ч гэлээ хамт нүдээ чийглүүлсэн нь энэ зуны олимпийн гэрэлтэй, дурсгалтай мөчүүдийн нэг байлаа. Яахав нас залуу байна, дөрвөн жилийн дараа Парист даагаа нэхнэ биз. Хэрвээ хүндийн өргөлтийн төрлийг олимпийн наадмаас хасчихгүй бол. Хүндийн өргөлт бас л будлиантай төрлүүдийн тоонд орчихоод хувь заяа нь хэцүү болчихсон сураг гараад л байна.

Чөлөөт бөхийн тэмцээнийг хар даа. Одоо чөлөөт бөхийн төрөлд “олон улсын” гэдэг нэршлийг халах цаг болжээ. Шууд л Кавказын аварга шалгаруулах тэмцээн гээд шулуухан нэрлэчихмээр. Австри, Унгар, Канад, Беларусь гээд өчнөөн улсуудыг Оросынхоо дотоодын тэмцээнээс олимпийн эрх олж чадаагүй Могамед, Исмиал, Шамийл гэх мэт сахалтай эрчүүд төлөөлөөд гараад ирчихсэн нухалцаж байна. Ширээний теннис бол улсууд нь өөр өөр байсан ч баг нь заавал нэг хятад тамирчинтай байх. Угтаа яг хөлбөмбөг шиг зөвхөн тухайн улсдаа төрсөн, тэдэн жил амьдарсан гэдэг дүрэм ялгаа оруулж өгөхгүй бол олимпийн наадам утгаа алдах нь. Ядаж байхад наадам эхлэх бүрд огт сонсогдож харагдаж байгаагүй спортын төрлүүд нэмэгдэхийг нь яана гээч.

Далай битгий хэл олигтойхон ширүүн урсгалтай горхи ч байхгүй улс энэ дэлхий дээр зөндөө бий шүү дээ. Гэтэл өчнөөн төрлийн завины уралдаан дээр дахиад шинэ төрлийн завь нэмэгдээд ороод ирэх жишээний. За тэр усанд үсэрдэг тэмцээний тоо бол утгаа алдлаа. Одоо ганцаараа, хосоороо, эрэгтэй, эмэгтэй, төдөн өдөн метрээс гээд оноог нь мэргэжлийн түвшний хүн л тооцно уу гэхээс эгэл хүн бол үл ойлгох тэмцээн байна. Найман төрөлд ус руу үсрээд долоон алтыг хятадууд хамаад л явчихлаа. Үзэмчин, хорчин нутгаас харьяалалтай шигшээдээ бараг багтах гээд хасагдсан нөхөр байдаггүй л юм байх даа. Иргэншлээ өгчихвөл бас л нэг мөнгөн медаль байж л байна. Хөнгөн атлетикт нутаг сэлгэлт аль эрт эхэлсэн, одоо бол утгаа алдсан гэж болно. Холын зайнд гүйж буй Америкийн, Английн, Италийн иргэд бас л өөр улсаас гарал үүсэлтэй байх нь цочирдохоор зүйл биш болжээ. Беларусь бүсгүй тэмцээн дундаас Польшоос улс төрийн орогнол хүсээд ирээдүйд Польшийн нэрийн өмнөөс олимпод оролцох тухайгаа илэрхийлж яваад өглөө. Нэг иймэрхүү холион бантан олимпийн эргэн тойронд өрнөх болж дээ. Одоо олимпийн ихэнх төрлүүд гурван жилийн хугацаатай мартагдана. Тэгээд Парисийн наадам дөхөөд ирэхээр гортиг, тэвэг мэтийн сонин, сонин спортын төрөл нэмэгдээд гайхшруулаад хэрүүл будлианаа үргэлжлүүлээд наадаад эхлэх буй за. Олимп минь хаашаа л урсаад байна даа.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулав

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн. Улмаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан.

Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийн тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Голуудын үерийн түвшин 5-70 см давжээ

Наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-70 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 30 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 10-ны өдөр Дэлгэрмөрөн гол болон Сэлэнгэ мөрний адгаар 15-30 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын визийн үйлчилгээний хураамжийг шинэчилжээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тогтоолыг Засгийн газраас шинэчлэн баталжээ.

Уг тогтоолоор гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлжээ. Ийнхүү Монгол Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосноор гадаадын улс орнуудын визийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, валютын ханшийн зөрүү болон манай улсын дотоодын эрх зүйн орчин зэргээс шалтгаалан олон жилийн туршид үүсч буй үнийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, хууль тогтоомжийн дагуу шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон Монгол Улсын цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөх юм байна.

Визийн үйлчилгээний хураамжийг шинэчилсэн тогтоолыг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм

“Код бичих охидын хөтөлбөр” амжилттай хэрэгжиж дууслаа

Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Эрчүүд ажиллаж ирсэн энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор дэлхий дахинд эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэгэн адил Монгол Улсад анх удаа “Код бичих охидын хөтөлбөр”-ийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачлан 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоёр сарын турш амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрт нийт 2100 гаруй хүүхэд бүртгүүлснээс гурван шатны сонгон шалгаруулалтаар Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 30 охиныг шалгаруулж, хоёр сарын турш вакумжуулсан орчинд код бичих 312 цагийн, англи хэлний 24 цагийн сургалтад тус, тус хамруулав.

Код бичих ур чадварын хичээлийг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш нар орсон бол Англи хэлний хичээлийг Faro боловсролын төвийн багш нар тус, тус орлоо.

Мөн хөтөлбөрийн явцад Монгол Улсын мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниуд охидыг хүлээн авч уулзан, туршлага солилцож, санал бодлыг нь сонссон юм. Тодруулбал, ХААН Банк болон Голомт банкны хамт олон Банкны салбар дахь цахим шилжилтийн талаарх туршлага хуваалцсан бол СМС старт-ап төв болно ICT group мэдээллийн технологийн салбар дахь сүүлийн үеийн мэдээллийг хуваалцлаа.

Охид хоёр сарын туршид сурсан мэдлэгээрээ хөтөлбөрийн төгсгөлд веб сайт зохион бүтээх, тоглоом, санхүүгийн программ, аюултай үед сэрэмж өгөх систем, уламжлалт хичээлүүдийг онлайн тоглоом болгох, 1-5 дугаар ангийн хичээлийг бүтнээр нь цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг сонирхолтой бүтээлийг бүтээж, багш сурган хүмүүжүүлэгч, зохион байгуулагчдад тайлагнасан юм.

Тэднийг хоёр сарын туршид хичээлийн идэвх, явцын шалгалт, код бичих чадвар эзэмшсэн байдлаар нь дүгнэж, Код сайн бичдэг хүүхдээр Сүхбаатар дүүргийн оролцогч Д.Буянжаргалыг тодруулсан бол хичээлийн хажуугаар бусдыгаа манлайлж, хөтөлбөрийн зохион байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулсан хэмээн дүгнэж Сонгинохайрхан дүүргийн оролцогч Э.Анужин, программ хангамжийн шилдэг инженер болох ирээдүйтэй хүүхэд хэмээн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь нарыг урамшуулсан юм. Харин МУИС-ийн багш нарын санаачилгаар Ховд аймгийн оролцогч Ц.Хулан, Өвөрхангай аймгийн оролцогч М.Ангараг, Орхон аймгийн оролцогч С.Ганди, Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин нарын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн урамшууллаа.

Монгол Улс төдийгүй дэлхий дахинд мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй нийт боловсон хүчний 20-30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг бууруулах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх, бүс нутаг дахь тоон хуваагдлыг багасгах зорилгоор тус хөтөлбөр манай улсад анх удаа зохион байгуулагдсан бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах бөгөөд оролцогчдын хүрээг тэлэх ажээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл өглөө

Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл өгч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө:
-Менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас нэмэлт зардал гарсан. Лондоны Арбитрын шүүхэд маргаан үргэлжилж байна. Энэ сард хэлэлцэж эхэлнэ. Засгийн газар “Оюу толгой” компанийн эсрэг сөрөг нэхэмжлэл гарган, РиоТинто группийг маргаанд татан оролцуулах ёстой гэж үзсэн. Энэ шүүхэд бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг ашиглана. Рио Тинто групп менежментийн үүрэг гүйцэтгэсний төлбөрт жил бүр 6 хувийн төлбөр авдаг. Мөн энэ төсөл манай талд үр өгөөж багатай байна. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн бид гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьсан. Энэ ажил удаашрах тусам хөрөнгө оруулагчдад алдагдалтай. Рио Тинто болон Засгийн газрын аль алинд нь ашиггүй тул хэлэлцээ хийх явцад гүний уурхайг ашиглах нь зөв. Энэ талаарх шийдвэрээ есдүгээр сард багтаан гаргах хүсэлтээ илэрхийлсэн.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон дараах мэдээллийг өглөө:
-“Оюу толгой” компанийн далд уурхайн ажил удааширсан гэдийг бид мэднэ. Хөндлөнгийн шинжээчид бидэнд дүгнэлтээ танилцууллаа. Харин Рио Тинто групп биднээс хамааралгүйгээр ажил хойшилсон гэж үздэг. Рио Тинто группээс хамааралгүй, бие даасан шинжээчдийг бүрдүүлэх нь амар байсангүй. Нийт 8 гишүүн шинжээчдийн багт ажилласан. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ дүгнэлтийг удахгүй хэлэлцэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Монголын баг тамирчдын ололт амжилт

Токиогийн олимпод Монголын баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт гаргасныг тоймлон хүргэж байна


Зуны XXXII олимпийн их наадам Токио хотноо долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
Токиогийн Олимпийн наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө.
Ингээд Токиогийн олимпод Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаарх онцгой содон баримтуудаас хүргэе.

Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ.

– Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд 43 тамирчинтай оролцлоо. Энэ нь Монголын шигшээ багийн хувьд түүхэнд анх удаа хамгийн олон төрөлдөө хамгийн олон тамирчинтай оролцож буй хэрэг болсон юм.
Мөн ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн багийн төрлөөр анх удаа олимпод оролцлоо.

Теннис: Б.Болор-Эрдэнэ олимпоо өндөрлүүллээ | News.MN

ОЛИМП: Манай баг Румын багт 22:14-өөр хожигдлоо – NEWSWIRE

Гурван жилийн дараа болох Парисын олимпод Монголчууд түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцох боломжтой байгаа юм.

– Түүхэнд анх удаа Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд бусад олимпод эрэгтэй багийг гишүүд давамгайлж олимпод оролцдог байлаа.

ФОТО: Токио-2020 олимпод оролцож буй баг тамирчид

Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.

О.Хулан Монголын анхны олимпын тугч эмэгтэй боллоо - Eguur.MN

ФОТО: “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлт

Токио 2020 зуны XXXII олимпийн наадмын нээлт

“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн ёслолын болон спортын хувцасны загвар шалгаруулах уралдаанд “Michel&Amazonka” брэнд тэргүүн байр эзэлсэн юм. Ингэснээрээ 2019 онд БШУЯ-наас “Michel&Amazonka” брэндэд “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг бэлтгэх эрхийг олгосон билээ.

Баг тамирчдын өмсөх нийт 13 төрлийн хувцас байсан бөгөөд тэдний наймыг нь “Michel&Amazonka”, үлдсэн тавыг нь Японы алдарт “Mizuno” спорт брэнд хариуцан ажилласан. Олимп зохион байгуулагч орны иргэд Монгол Улсын баг тамирчдын хувцсыг хамгийн загварлаг, ганган болсон талаар сошиал орчиндоо мэдээлж, сэтгэгдлээ хуваалцсаар байв.

Токиогийн олимпийн наадмын нээлтэд манай тамирчдын өмсөх хувцас

– Монголын 43 тамирчны 16 нь олимпод оролцож үзсэн туршлагатай бол 27 нь олимпийн дэвжээнд анхлан гарсан юм.
– Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Мөн чөлөөтөөр нэг медаль авсан юм.
“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртсэн билээ.

Жүдо бөхөөр гаргасан амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Токиогийн олимпийн хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан гайхалтай амжилт үзүүлсэн юм.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ

– Монгол Улс анх удаа легионер тамирчинтай олимпийн наадамд оролцов.
Монголын иргэн болсон иран бөх Сайед Моллай зүгээр ч нэг оролцох бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Тэрбээр жүдо бөхийн -81 килограмм жинд барилдаж, шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилыг цэвэр ялан олимпийн аваргын төлөө Японы жүдоч Таканори Нагасетай барилдан ялагдаж олимпийн мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү Токиогийн олимпийн анхны мөнгөн медалийг тэр авчирсан.

САЙЕД МОЛЛАЙ ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сайед Моллай Токиогоос Монголын анхны МӨНГӨН медалийг авчирлаа

Сайед Моллайгийн ЭЭЖ: Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй, холбоо барилгүй хоёр  жил болжээ... - Өнцөг

“Токио-2020” Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж ОУХМ Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж олимпийн наадмын хүрэл медалийн эзэн болсон.
Токиогийн олимп дахь Монголын багийн хоёр дахь медалийг авчирсан.
ОЛИМП: Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ – NEWSWIRE

Ц.Цогтбаатар “Токио – 2020” Олимпийн хүрэл медалиа гардан авлаа – updown.mn

“Токио-2020” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камеруний бөх Жозеф Эссомбетой барилдан ялж, олимпийн хүрэл медальтан болсон билээ. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин болсон бөгөөд Токиогийн олимпийн дөрөв дэх медалийг авчирсан юм.

Токиогийн олимпын тод өнгө Б.Болортуяа

ФОТО: Б.Болортуяа олимп, ДАШТ-ий хүрэл медальтай боллоо - Eguur.MN

– Жүдоч М.Уранцэцэг, чөлөөтийн Б.Болортуяа нар олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ.

– Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв.
Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын олимпийн түүхэнд байсангүй.
– Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр олимпийн наадмаас медаль хүртэж байв. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт олимпийн медальт спорт болох байлаа.
– Энэ олимпийг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.

Монголын 5 шүүгч Токиогийн олимпын тэмцээнийг дэнсэлж байна

Монголчууд өмнө нь олимпийн наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ олимпийг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээв.
– Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа олимпийн наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээгээд байна.
– Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны гишүүнтэйгээр олимпийн наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд “Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны олимп байв. Тэрбээр Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн юм.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: АНУ 39 алтан медальтайгаар Токиогийн олимпод тэргүүллээ

Зуны 32 дугаар олимпийн их наадам Токио хотноо долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай боллоо.

Тус олимпийг манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британи зэрэг улсууд бичигдэж байна.

Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:

  1. АНУ – 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл
  2. БНХАУ – 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл
  3. Япон – 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл
  4. Их Британи – 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл
  5. ОХУ-ын олимпын баг – 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл
  6. Австрали – 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл
  7. Нидерланд – 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл
  8. Франц – 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл
  9. Герман – 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл
  10. Итали – 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Харин Монгол Улс 71-р байранд Киргизийн ард Аргентины өмнө бичигдлээ.

Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлтийн товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг Тээврийн цагдаагийн алба илрүүлжээ.

авто зам гэх мэтийн зураг байж болно

Улмаар холбогдох байгууллага болох Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам аливаа зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү хязгаарлалт тогтоосон юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнхцэцэг: Миний дүүг ийм байдалд хүргэсэн дарга нараас нь би хариуцлага нэхнэ

Улаанхуаранд байрлалтай цэргийн ангид энэ сарын 6-нд ноцтой осол гарч , хоёр алба хаагч бэртсэн талаарх мэдээлэл бий. Тодруулбал, цэргийн 017 дугаар ангийн 22 настайалбан хаагч шөнийн цагаар ажиллаж байхдаа дээврээс унаж, тархи нь бяцарсан байна. Энэхүү үүссэн нөхцөл байдлын талаар хохирогчийн эгч Х.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Одоогийн байдлаар (уржигдар) дүүгийн тань биеийн байдал ямар байна вэ. Цэргийн ангийн барилга дээр илүү цагаар ажиллаж байгаад шөнө осол гарсан гэв үү?

-Дүүг маань хариуцаж байгаа эмч нь саяхан гарч ирээд найдваргүй болсон гэдгийг бидэнд хэлсэн. Хариуцсан эмч нь хэлэхдээ, одоо зүрх нь зогсохыг хүлээнэ л гэж байна лээ. Мэдээж бидний зүгээс маш их гомдолтой байгаа. Энэ том болсон дүүгээ ингээд харамсалтайгаар алдах гээд байж байна. Одоогийн байдлаар дүүгийн минь амь настай хамааралтай энэхүү хэргийг цагдаа нар шалгаж байгаа.

-Тухайн цэргийн ангиас нь хамгаалалтын хувцас тавьж өгөөгүй асуудал байгаа юм уу. Чухам юу болсон юм бол?

-Өндрөөс унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтын бүс байгаагүй. Түүнчлэн толгойдоо хамгаалалтын малгайтай байсан бол дүүгийн минь амь наснаас наана тусах байлаа. Тэгсэн бол өрөөл татанхай байсан ч бид нар өнөөдөр баярлаад сууж байхаар байна. Дүү маань энэ газар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрсөн. Барилгын цэргийн анги алба хаагчдаа дандаа илүү цагаар ажиллуулдаг. Ажлын цаг нь орой 18:00-19:00 цагийн үед л тарах ёстой шүү дээ. Гэтэл шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ажиллуулж байгаад л ийм осол гарчихаж байгаа юм.

Ямар ч хөдөлмөр хамгаалах хэрэгсэл, бэхэлгээ юу ч байхгүй дээвэр дээр шөнийн 23:00 цаг хүртэл ажиллуулж байлгасан хүмүүсээс нь би хариуцлага нэхнэ. Би хөлөө хүрэх газраа явна л гэж бодож байгаа. Чухам ямар хүний буруугаас болоод ийм нөхцөл байдал болов гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгэхээр тэрийг л мэдэж авмаар байна. Ямар дарга нь шөнийн 23:00-00:00 цаг хүртэл ажиллах тушаал өгсөн гэдгийг олж мэдээгүй байгаа.

-Тус цэргийн ангийн дарга нартай уулзсан уу, тэдний зүгээс хариу тайлбар хэлсэн үү?

-Өчигдөр орой (наймдугаар сарын 6-нд)хариуцаж байсан инженер нь харагдаж л байсан. Одоо чухам яахаа мэдэхгүй байна.

-Тэгэхээр гомдол саналаа хэнд гаргахаа мэдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ингэнэ гэж даанч бодсонгүй. Энэ зуны саруудад ачаалалтай ажиллаж байгаа юм байна гэдгийг нь хараад л байсан.

Тэр болгонд нь төрийн албан хаагч юм чинь дээрээсээ тушаал аваад л ажилладаг юм байх даа гэж бодоод л яваад байлаа. Залуу хүн ажлаа сайн хий гэж шахна уу гэхээс боль гэж хэлж үзсэнгүй. Манай дүү ажилдаа дуртай, жил гаруй ажиллах хугацаандаа хагас бүтэн сайн өдөр ч алгасалгүй ажиллаж байсан.

-Тэгэхээр илүү цагаар ажиллахаас гадна амралтын өдрүүдэд ч ажилладаг байжээ?

-Ерөнхийдөө шөнийн 01:00-02:00 цаг хүртэл байнга л ажиллуулдаг. Амралтын өдрүүдэд ч хүртэл ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө сард 600 мянган төгрөгийн цалин л өгдөг. Энэ бол зөвхөн нэг ар гэрт тохиолдож буй зовлон биш.

Манайд сүүлийн 20, 30 жил оршин тогтносон үйл явц болохоор нэг их сонин сонсогдохгүй байгаа байх. Тэгсэн мөртлөө өчнөөн хүмүүсийн амьдралыг асуудалд оруулж байгаа шүү дээ. Үгээ хэлж чадахгүй доод тушаалтай цэргийн албан хаагч өчнөөн байгаа. Дарга илүү цаг ажилла гэвэл тушаалыг нь л дагадаг. Тэр дарга цэрэг нь ингэж осол гардгийг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу.

Энэ асуудлыг хэлж ярьж л байхгүй бол сайхан залуучууд амь насаа алдах эрсдэл байна. Ингэж хүний хөдөлмөрийг мөлжиж болохгүй шүү дээ.

П.Сайнжаргал