Categories
мэдээ улс-төр

ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо.

Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Мөн 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалж, 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.

Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.

  • 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,
  • 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,
  • 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,
  • 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,
  • 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байсан.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас нээлттэй болно


БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат ЕБС-д элсэх элсэгчдийг системд хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар зохион байгуулна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно.

80,628 хүүхэд улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх бөгөөд нийслэлд 40,330, орон нутагт 40,298 хүүхэд нэгдүгээр ангид суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь нийслэлийн хувьд Баянзүрх дүүрэг бөгөөд 10,068 хүүхэд байгаа бол орон нутагт хамгийн олон элсэгчтэй нь Хөвсгөл аймаг бөгөөд 3,025 хүүхэд элсэх юм.

Хамран сургах тойргийн мэдээллийг гаргаж, системд оруулах ажил явж байгаа. Үүний дараа хамран сургах тойргийн дагуу бүх зургаан настай хүүхдүүдийг сургуулиуд руу хуваарилж өгнө. Энэ ажил наймдугаар сарын 10-ныг хүртэл явагдана. Наймдугаар сарын 11-15-ны хооронд сургуулийн элсэлтийн комиссынхон элсэлтийн урьдчилсан бүртгэлээ хийнэ.

Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Ингэхээр эцэг эхчүүд тухайн систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийнэ. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцэг эхчүүд энэ мэдээллийг баталгаажуулна. Энэ баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл байна.

Сургуулиуд үүний дараа анги бүлэгт хуваарилах ажлаа хийнэ. Энэ ажил наймдугаар сарын 26-30-ны хооронд хийгдэнэ. Анги бүлэгт хүүхдүүд хуваарилагдаад эхлэнгүүт хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулах үед бүртгүүлсэн утасны дугаарын дагуу танай хүүхэд ямар сургуулийн ямар бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээлэл очно.

Бүртгэлийн хэлбэрийн хувьд parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллаж байгаа” гэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх юм. Төслийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна. Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд малтлага, судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна.

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.

Мөн албаныхан Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уг дурсгалыг сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад тусгай төсөл боловсруулж, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Наймдугаар сарын 16-н хүртэл зургаан настнуудыг хаягийнх нь дагуу харьяа сургуульд нь хуваарилна” гэв


Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

“2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718.817 хүүхэд элсэх урьдчилсан төлөвийг гаргасан. Энэ хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс 38 мянга гаруйгаар хүүхдийн тоо өсөхөөр байна. Нийт өсөлт нь 5.6 хувь байна гэсэн үг.

ЕБС-д жил болгон 75-80 мянган хүүхэд элсэж байна. Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймагт энэ жил 3,000-аас дээш хүүхэд элсэх бол бусад аймагт 1,000-2,000 хүүхэд элсэх юм.

“Энэ онд улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ дагуу улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд хаягийнхаа дагуу харьяа сургуульдаа наймдугаар сарын 16-н гэхэд хуваарилагдаж дуусна. Үүнээс хойш эцэг эх, асран хамгаалагч нь системд нэвтэрч бүртгэлийг баталгаажуулснаар сургууль нь анги бүлгийг хуваарилна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон. Энэ жил нийт 40 мянган сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна.

Тэгвэл ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. Үүнд:

  • ном
  • дэвтэр
  • ноорог цаас
  • гар утас
  • чихэвч
  • ухаалаг цаг
  • үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
  • тооны машин
  • цаасан болон электрон толь бичиг
  • гарын авлага
  • дуу хураагуур
  • томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 9 дэх өдрөө гүйж байна

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил болох Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан билээ.

Тэрбээр 9 дэх өдрөө гүйж, 205 км зам туулж өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд ирлээ.

Хилчин бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээрийг харуулахаар замд гарсан Т.Рэнцэнбадам есдүгээр сарын 17-ны өдөр буюу орчин цагийн хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 88 жилийн ойн өдөр бариандаа орохоор хуваарийн дагуу холын замыг амжилттай туулж байна. Тэрбээр “Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө зүгээр л гүй!” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“АПУ” ХК их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09)

— Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас “АПУ” ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.

“ АПУ” ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. “АПУ” ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

“АПУ” ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд “АПУ” компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна.

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд “АПУ” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд “АПУ” ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй “АПУ” компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.

Categories
мэдээ спорт

Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсыг зорьж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Олон улсын цэргийн наадам”-ын талаар сонирхуулахад, зөвхөн 2019 онд уг наадам нь 10 орны нутаг дэвсгэрт явагдаж, түүнд 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон ба тэд 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин” тэмцээнд ажиглагчаар оролцож байлаа.

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мөн 2019 онд манай орон анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулснаар зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч байлаа. Тэрхүү уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энэ удаа бид “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлуудыг хийж, бэлтгэл ажлуудыг сайтар хангасан боловч дэлхий нийтэд болон манай улсад дэгдсэн цар тахлын улмаас энэ удаа ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо мордож буй нь энэ.
2 хүн болон байгаль гэх мэтийн зураг байж болно
Энэ удаад “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно.
Мөн “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж оролцохоор шийдвэрлэжээ.
Тэмцээнд оролцох баг, тамирчдадаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.

1 хүн, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Дөлгөөн: Чоно хүүхэд рүү дайрахыг нүднийхээ булангаар хальт хараад л буу шүүрээд, шууд гох дарсан

Энэ оны зургадугаар сарын 12нд шилжих шөнө А.Дөлгөөн гэх залуу Завхан аймаг руу явах замдаа Шатахуун түгээх станцын ажилтан халдлагад өртөж байхад аварсан. Цаашлах замдаа тэрбээр дөрвөн настай охин руу дайрсан чоныг алдалгүй буудан унагаж баатарлаг гавьяа байгуулсан билээ. Түүнд тохиолдсон адал явдлынх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.


-Өнгөрсөн зун Завханы Нөмрөгт халдлагад өртсөн ШТС-ын ажилтанд тусалсан гэх мэдээлэл цахимд гарсан байна лээ. Тухайн үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Завхан аймгийн Нөмрөг сум орохоос 17 км-ийн наана миний машин эвдэрсэн юм. Ус нь халаад явах боломжгүй болсон л доо. Хөл хорио тогтоочихсон үе учраас замд унаа ч тааралдахгүй байлаа. Хоёр цаг орчим алхаж Нөмрөг сум руу шөнийн 01:00 цагийн алдад орсон юм. Ингээд “Шунхлай” ШТС руу очиж түгээгч эмэгтэйгээс тосол асууж, авахаар боллоо. Бие засах газар луу ороод гараад иртэл “Приус 30” маркийн машинтай хоёр залуу банкаа дүүргэчихээд түгээгчид мөнгөө өгөхгүй, картын нууц дугаараа буруу хэлээд хэрэлдээд зогсож байна. Энэ зуур өнөөх хоёр залуу хоорондоо “Зугтчихъя” гэж ярилцаж байхыг нь би сонссон юм. Тухайн үед цагдаад мэдэгдье гэж санаад машин руу нь очоод түлхүүрийг нь авчихлаа. Ингээд бидний хооронд маргаан дэгдсэн. Өнөө залуусын нэг нь намайг цохиход нь түлхэж унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь ч “Ална даа” гэж хашхираад л гүйгээд ирэхэд нь мушгиж унагаад өччихсөн юм. Өнөө хоёр ч газар хэвтээд өглөө. Түгээгч эгчид “Приус 30”-ын түлхүүрийг нь өгчихөөд “Цагдаа дуудаарай, та” гэж хэлээд тосолоо аваад машин дээрээ очиж хонохоор зам дагаад алхчихсан. Ингэж алхаж явахад холын тээвэрт явдаг бололтой “HOWO”-той ах над руу хүрч ирээд зогслоо. Өнөөх ахад хандаж машин эвдэрсэн тухайгаа дуулгатал надад тусалсан. Машины маань радиотрын цоорсон хэсгийг цавуудаад өглөө. Жолооч ахад талархал илэрхийлж, тодорхой хэмжээнд урамшуулаад цааш явсан юм. Тухайн үед үүр хаяарч байсан.

-Цааш явахдаа дөрвөн настай охиныг чонын халдлагаас аварсан талаар та ярьж байсан. Энэ тухай яриач?

-Миний тухайд удаан хугацаанд хоол унд идээгүй, нэлээн ядарч өлссөн учраас айл бараадаад нүдний хор гаргаад цааш явъя гэж санасан юм.

Төв замаас жаахан хазайтал хоёр эсгий гэртэй айлаас хүн гарч ирж байгаа нь харагдлаа. Яваад очиход нэг ах морио барьчихсан эмээллэж байсан. Өнөөх ахтай таван үг сольж байх зуур цаахан талд нэг их холгүй цөөн тооны хонийг жаахан охин туугаад явж байв. Удсан ч үгүй гэрийн гадаа хэвтэж байсан хэдэн нохой хуцаад эхэлсэн. Ах ч “Чоно” гэж хашхираад гэр лүү гүйж ороод калибр бариад гараад ирлээ. Чоно ч яах ийхийн зуургүй зуургүй л хонь руу дайраад ороод ирсэн. Хонин сүрэг ч тал тал тийшээ тарчихдаг юм билээ. Би ч хүүхдийг нь шүүрчихье гэж санаад л моринд мордож гуядаад ухасхийсэн. Чоно ч хүүхэд рүү дайрч байгаа нь нүдэнд зэрвэс харагдлаа. Морь ч даялаад явж өгдөггүй. Өмнө нь хангайн амьтанд хөөлгөж байсан морь чоно руу ойртдоггүй юм билээ. Ингээд өнөө ахын бууг шүүрч аваад л шууд буудчихсан. Хүүхэд рүү дайрсан чоно ч урагшаа годройтоод л унасан. Чоно доороо эргэлдэж байхад нь морио хаяж гүйж очоод бууныхаа бөгсөөр толгой руу нь хэд цохиод л алсан. Нар мандахын өмнөхөн болсон явдал л даа. Гэрийн эзэн ахаас яагаад эрт боссон талаар асуухад овооны тахилгад явахаар зэхэж нар битүүд босоод байсан нь тэр юм билээ. Ах ч надаас нэр алдар асуухад нь алсан чоноо ардаа ачаад шалавхан хөдөлсөн.

-Нүдний хор гаргахаар айл бараадсан талаар та хэлсэн шүү дээ. Юунд яарсан юм…

Нэгдүгээрт, би хууль бус ан хийчихсэн. Хоёрдугаарт, шатахуун түгээх станц дээр хүн зодчихсон болохоор асуудалд орохыг хүсэлгүй, ахаас тэвнэ аваад шууд цааш хөдөлсөн. Мөн хөл хорионы үе байсан учраас өөрөө асуудалд орохоос сэргийлсэн хэрэг л дээ.

-Тэвнэ авсан нь ямар учиртай юм бол?

-Авласан ангийнхаа аманд эрхий хурууны цусаа дусаадаг талаар өмнө нь ааваасаа сонсож байсан юм. Байгалийн бус жамаар чамаас болж үхэж байгаа амьтанд ямар нэгэн төлөөс төлөх ёстой. Үгүй бол байгаль чамаас төлөөс заавал авдаг тухай аав минь захиж байсан. Үйлийн үрэнд өртөхгүйн тулд цус нэхэж ирсэн чононд өгч байгаа төлөөс минь тэр л дээ. Ингээнд хангайн амьтныг хангайд нь нутаглуулахаар чоноо ачаад цааш хөдөлсөн. Зайдуухан уулын энгэр бараадуулаад жаахан үүрч явж байгаад л үлдээсэн.

-Таны ярьж байгаа үйл явдал энэ оны зургадугаар сарын 2-нд болсон юм билээ. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал хүнд, зам хаалттай байсан шүү дээ. Та ямар зорилгоор Завхан руу явсан юм бэ?

-Миний дотно нөхөрлөж өссөн найз маань. Харамсалтай нь бусдын гарт амиа алдсан. Тэр маань айлын ганц хүү л дээ. Хамаатан садан гэх хүн бараг байхгүй. Би найзынхаа ээжийнх нь сургийг гаргахаар л Завхан руу явсан юм.

-Найзын тань ээж Завханд байгааг та яаж мэдсэн юм?

-“Нарантуул” дээр явж байгаад танил эгчтэйгээ санамсаргүй тааралдсан. Тэр эгч найзын маань ээжийг бой хийхээр Завханаас ирсэн хүнтэй танилцаад хамт явсан тухай хэлсэн юм. Завханд хамт амьдарч айлын мал маллаж байгаа тухай дуулсан. Өнөө хүн нь ч найзын минь ээжийг зодож нүдээд байдаг талаар танил эгч маань хэлсэн. Найзынхаа ээжийн талаар таагүй мэдээлэл сонссон миний сэтгэл ч нэг л тогтож өгөхөө больчихсон. Муу найз минь ч бодогдоод байх болсон. Тэгээд найзынхаа ээжийг Улаанбаатар луу авчирч дэргэдээ авч хамт амьдрахаар шийдсэн юм. Хүн гэдэг мөнх биш. Настай хүнийг сэтгэл амар байлгах бодол тээгээд л замд гарсан.

Хэрэв би хорвоогийн мөнх бусыг үзүүлээд миний ээжийн талаар таагүй мэдээлэл сонсвол найз минь зүгээр суух хүн биш л дээ. Ийм учраас өвөр түрийндээ орж өссөн найзынхаа ээжийн эрэлд гарсан минь энэ. Энэ тухайгаа ханьдаа дуулгахад ч дэмжсэн.

-Аян замд гарсан хэрэг зориг тань бүтсэн үү. Найзынхаа ээжтэй уулзсан уу?

-Сүүлд нь уулзсан. Дажгүй сайн явж байгаа. Одоо холбоотой байдаг. Өнөө зах дээр тааралдсан эгч маань надад хөндлөн мэдээлэл дуулгасныг нь сүүлд мэдсэн. Завхан руу дагаж явсан хүнээсээ хоёр жилийн өмнө салсан юм билээ. Одоо нэг байгууллагад үйлчлэгчээр ажилладаг.

-Өөрийн чинь талаар сонирхмоор байна л даа. Юу хийдэг вэ?

-Та миний талаар сонирхож байна уу (инээв). Би өөрийнхөө талаар нэг их яриад баймааргүй байна л даа, уучлаарай. Сайхан дурсамж байдаг бол яриад суухсан. Миний өнгөрсөн амьдрал хар дарсан зүүд гэж хэлж болно. Би хэзээ ч хүүхэд насаа дурсахыг хүсдэггүй. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хүн бүр сууна даа гэж ярьдаг. Би тийм галт тэргэнд хэзээ ч суухгүй. Би амьдралдаа дусал архи амсаж үзээгүй. Энэ ундааг би жигшдэг. Энэ гашуун ундааны үр дагаврыг би сайн мэддэг, биеэрээ мэдэрч өссөн болохоор тэр. Миний ээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг, дэслэгч цолтой хүн байлаа. Өөд болсон. Аав минь салаад явсан. Миний очих газар тодорхой шүү дээ. Сүүлд насанд хүрсэн хойноо аавтайгаа уулзсан. Бид 500 цаг хүрэхгүй хугацаанд л хамт байсан. Тэр богино хугацаанд аав минь надад их зүйл зөвлөсөн. Ингээд л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав бүх л хүчний байгууллагад ажиллаж байлаа. Дэд хурандаа цолтой хүн. Манай удмынхан бүгд цэрэг, цагдаагийн хүмүүс. Миний өвөө Сундуйсүрэн тусгай хүчинд бэлтгэгдэж байсан хүн. Энэ хүний аав нь хоёр чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Миний ээжийн аав Амарбаяр гэж хүн 013 дугаар ангид ахмад цолтой хүн байлаа. Энэ хүмүүсийн удмаас төрж гарсан ганц эрэгтэй хүүхэд нь би.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би эрүүл нийгмийн төлөө төрийн бус байгууллага ажиллуулахаар дарга нар, бизнесмэнүүдийн хаалгыг татаж үзлээ. Миний төсөл тэдэнд таалагддаг ч нас минь таалагдахгүй юм. Хүн залуу насандаа л хийж бүтээнэ шүү дээ. 40 нас хүрээд бүтээх юм уу. Асаж байгаа залуу насандаа л хийж бүтээнэ. Би чинь өрхийн тэргүүн хүн ш дээ уул нь. Миний насыг онцлоод таалдаггүй хүмүүсийг би ойлгодоггүй юм.

-Та өмнөө тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн туулж байна вэ?

-Саад бэрхшээлийг сөрж зогсоод л тэсч үлдэнэ. Тойрч гарахгүй. Өөр сонголт байхгүй. Энэ орчлонд би ханьдаа, хоёр гартаа л итгэдэг. Өөр юунд ч итгэдэггүй.

-Өнөөдрийн залуусын хандлагын талаар байр суурийг тань сонсох гэсэн юм.

-Би анх удаагаа хүний амь аварч байгаа нь энэ тохиолдол биш л дээ.

Зам тээврийн осол болоод хавчуулагдсан гурван хүнийг татаж гаргаж байхад хажуугаар машинууд зүгээр л зөрөөд өнгөрч байсан. Хараад зогсож байсан хүнээс тусламж хүсэхэд шууд зугтаж байгаа юм. Залуус би л болж байвал бусад нь үхэж байсан ч надад хамаагүй гэдэг үзэл сурталтай болчихсон нь олон жишээнээс анзаарагддаг. Үнэхээр аминчхан үзэлтэй болчихож. Хэн ч хэнийгээ зараад идэхэд бэлэн тийм нийгэмд бид амьдарч байна.

-Таны зорилгыг сонирхъё?

-Амьсгал хураахын өмнө үг ч дуугарч чадахгүй хэдхэн хором байдаг. Тэр үед харамсах зүйлгүй байхыг боддог юм. Тухайн мөчид хэн нэгнийг гомдоосон доо гэж харамсахгүй байхыг л хичээдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө буух хуваарь


2021 оны наймдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон хөнгөлөлт тусламжийг өгөх хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.

Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэврийг наймдугаар сарын 12, 19-нд, насны хишгийг наймдугаар сарын 19, 26-нд олгох бол эхийн алдар одон болон хүүхдийн мөнгийг наймдугаар сарын 19-нд өгөх юм байна.