Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1496 тохиолдол илэрч, таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт нийт 11021 хүнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийхэп 1496 тохиолдол бүртгэгджээ. Мөн 3858 хүн эдгэрлээ. Харин 61-80+ насны таван хүн /4 эмэгтэй, 1 эрэгтэй/ нас баржээ.

Одоогоор 12189 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 653, хүүхэд 2460 байна. /Халдартай нийт 2587 жирэмсэн эх, 30472 хүүхэд байна/ Мөн 22924 хүн гэрийн хяналтад эмчилгээг хийж байгаа аж. Ийнхүү манай улсад бүртгэдсэн нийт батлагдсан тохиолдол 139284 болж, эдгэрэлт 107524, нас баралт 689 боллоо.

Categories
гадаад мэдээ

Гайтигийн Ерөнхийлөгчийн эхнэр аллагын талаар ам нээв

Гайтигийн Ерөнхийлөгчийн бэлэвсэрсэн эхнэр алуурчид шөнө дунд гэрт нь дайрч орон нөхрийг нь хэрхэн буудсан талаар ярьжээ.

Хатагтай Мартин Мойз үйл явдал маш хурдан болоод өнгөрснийг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч нэг ч үг хэлж чадалгүй амьсгал хураасан байна.

Гайтигийн Ерөнхийлөгч Жовенел Мойз долдугаар сарын 7-нд хөлсний алуурчдын гарт амиа алдсан бөгөөд түүний эхнэр Мартин Мойз бэртсэн тул эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьсон.

Хатагтай Мойз “Хөлсний алуурчид нүд ирмэхийн зуур гэрт орж нөхрийг минь буудсан. Тэд түүнд нэг ч үг хэлэх завдал олгоогүй. Түүнийг улс төрийн шалтгаанаар хөнөөсөн байж болзошгүй” хэмээжээ.

Тэрээр нөхрийнхөө үйл хэргийг гүйцээхийн тулд өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Америк тивийн хамгийн буурай орнуудын нэг Гайтигийн Ерөнхийлөгч 53 настай Жовенел Мойз авлигын хэрэгт холбогдсоны улмаас Хайтигийн нийслэл болон зарим хотод эсэргүүцлийн жагсаал болж байсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн нутагт “50, 100” нэртэй аялал жуулчлалын цогцолбор байгуулсан байна

Хөвсгөл аймгийн нутагт “50, 100” нэртэй аялал жуулчлалын цогцолбор байгуулсан байна. Барилгын ажил үргэлжилж байгаа аж. Уг цэгт дэлхийн уртраг, өргөргийн огтлолцол оршдог байна.

Дэлхийн уртраг, өргөрөг огтлолцсон цэг дэлхийд дөрөв байдгийн нэг нь энэ буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум аж. Харин үлдсэн гурав нь Канадын хурдны зам дээр болон Энэтхэг, Номхон далайн усан дунд таардаг юм байна.

Уг аялал жуулчлалын цогцолбор Мөрөн сумаас 45 км зайд оршдог. Цаашид энд жуулчлалын тулгуур төв байгуулах үүднээс тохижуулалт, бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх гэнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Нийт 11 аймгийн 101 сум хөл хориотой байна

Баяр наадмын амралтын өдрүүдэд 13 аймгийн 101 сум зорчих хөдөлгөөнөө нээсэн.

Харин 11 аймгийн 101 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь, Өмнговь зэрэг экспортын бүс нутаг болох аймаг, сумд нийслэлээс иргэдийг нэвтрүүлэхгүй. Гэхдээ хөл хорио тогтоосон аймгуудаар дамжин өнгөрч болохыг аймгийн удирдлагууд хэлж байгаа юм.

Иргэдийн тухайд вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй болон эхний тунгаа авсан мөн вакцинд хамрагдаагүй бол түргэвчилсэн шинжилгээ өгнө. Харин вакцины хос тунд хамрагдсан, Covid-19 халдвар авч эдгэсэн иргэд түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй. Гэхдээ аймаг, сумдын Онцгой комисс харилцан адилгүй шаардлага тавьж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өдөртөө бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоёр хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 11-ний 20 цагаас долдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

​Италичууд хоёр дахь удаагаа Европ тивийн аварга боллоо

Өнгөрсөн шөнө Евро 2020 тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли стадионд Англи, Италийн шигшээ багуудын хооронд өрнөж, Италичууд хоёр дахь удаагаа тивийн аварга боллоо.

Италийн үндэсний шигшээ баг 15 жилийн өмнө дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байсан бол 2018 оны дэлхийн аваргад оролцож чадалгүй өнжөөд байсан юм. Тэд 1968 онд Европ тивийн аварга болж байв.

Харин Англичуудын хувьд 55 жил хүлээсэн тив, дэлхийн аваргын цомоо энэ удаа авч чадсангүй. Хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болж байсан тэд дахин аваргын цомыг өргөхийн тулд 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээхээр болж байна.

Тоглолт эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад Английн хамгаалагч Люк Шоу гоол хийснээр “Гурван арслан”-гууд тэргүүлж эхэлсэн юм. Гэвч хоёр дахь үеийн дундуур Леонардо Бонуччи тэнцээний гоолыг хийжээ.

Багууд үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ганц ч гоол нэмж хийгээгүй юм.

Ингээд Евро 2020 тэмцээний аварга торгуулийн цохилтоор шийдэгдэж, 3:2 харьцаагаар Италичууд тэргүүлжээ.

Английн багаас Харри Кэйн, Харри Магуайр нар, Италийн багаас Доменико Берарди, Леонардо Бонуччи, Федерико Бернардески нар торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.

Английн 19 настай тоглогч Букайо Сака багаа аврах сүүлчийн боломжийг алдсан байна.

Өрсөлдөгчийнхөө хоёр цохилтыг хаасан Италийн 22 настай хаалгач Жанлуижи Доннарумма Евро 2020 тэмцээний шилдэг тоглогчийн алдрыг хүртлээ.

Роберто Манчинигийн дасгалжуулсан Италийн шигшээ баг 2018 оны есдүгээр сараас хойш 34 тоглолт дараалан хожсон амжилт гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорих хөдөлгөөн эрчимжээд байна. Тэгвэл өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардлагатай.

Covid-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сүхбаатар: Гуравдагч хөршийн гол орнуудад томилсон хүмүүс дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч харагдсангүй, МАН-ыг илээр дэмждэг нөхөд л байна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-АН-ын дэргэд байгуулагдсан Зөвлөхүүдийн танхимд таны нэр багтсан байна. Та бүхэн энэ намыг эвэнд нь оруулахын тулд юу зөвлөж, яаж ажиллах вэ?

-Манай намд үүссэн асуудлыг бүгд мэдэж байгаа. Үндсэндээ бие, биеэ үгүйсгэсэн хуваагдмал байдалтай байна. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд Дээд шүүхээс “М.Тулгат даргатай хүмүүс албан ёсны нам төлөөлж байгаа гэж үзнэ” гээд шийдвэр гаргачихлаа л даа. Энэ намыг анх 1990 онд үүсч байхад оролцож, удирдаж байсан намын нүүр царай болсон хүмүүс Зөвлөхүүдийн танхимд орж байх шиг байна. Бид АН-ын цаашдын ирээдүйг бодож, өөрийнх нь үндсэн үзэл санааны байр сууринд нь эргүүлж оруулахын тулд хүчээ нэгтгэж байгаа юм. Намын дүрэмд ч ийм танхим байгуулах заалт бий. Манай нам олон улсад бүртгэлтэй, баруун төвийн үзэлтэй намуудын гэр бүлийн гишүүн нам. Тэр байр суурин дээрээ очиж, нам маань өөрийнхөө эзлэх ёстой орон зайгаа эзэлж, цаашид хөгжих ёстой. Зөвлөхүүдиийн танхим намыг удирдаад байгаа юм биш. Намын үндэс суурь нь болсон ахмад үеийнхэн бид шинэ удирдлагадаа туслах, орон нутагт анхан шатанд ажиллаж байгаа гишүүдээ нэгтгэж, удирдлагынхаа хүрээнд намаа авч явахад нь туслах зорилготой.

-Танай нам хоёр талд гарчихаад байгаа нь хэний буруутай үйл ажиллагаа гэж хардаг вэ. Дээд шүүх хоёр тусдаа тамгатай АН-ыг аль алиныг нь бүртгэхээс татгалзаж байгаа. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг дэвшүүлэхэд саад болоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх эрх баригчдын захиалгаар танай намыг бүртгэхээс татгалзаад байна гэсэн хардлага байх шиг…

-Энэ ойлгомжтой, улс төрийн өрсөлдөөн явж байна. Нэг нам нь өөрсдөө дотроо будлиад, үзэлцээд байвал нөгөө намд ашигтай. Үүнийг улам л дэвэргэнэ. Юу гээд л “Та нарыг эвлэрүүлье” гэхэв дээ. Сул байгаа нь бидний өөрсдийн буруу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам хагаралтай байсан. Ямар сайндаа албан ёсны нэр дэвшигчээ дэмжихгүй хэмжээнд хүртэл нам доод цэгтээ хүртэл уналаа.

Ер нь өргөн хүрээнд өнгөрсөн түүхтэй нь харах юм бол анх Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд гурван тулгуур улс төрийн хүчин гарсан. Ардчилсан холбоо -МоАН, Ардчилсан социалист хөдөлгөөн – Социал демократ нам, Шинэ дэвшилт холбоо – Үндэсний дэвшлийн нам гээд гарсан шүү дээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд эдгээр гурван нам дээр нэмээд арав гаруй нам АН-д нэгдсэний цаад гол зорилго нь ардчиллын төлөө өгч байгаа саналыг хуваахгүйн тулд л нэгдэж ирсэн түүхтэй. Үзэл бодлынх нь хувьд харахаар Социал демократ нам зүүн төвийн үзэлтэй. МоАН болон МҮДН бол барууны үзэл баримтлалтай байсан. Ингээд энэ намууд нэгдээд явсан. Хараад байхад сүүлийн 10-аад жилийн хугацаанд нам доторх зүүний чиглэлийн удирдлагууд нь давамгайлж эхэлсэн. Нам маань өөрөө бараг зүүний үзэлтэй, зүүний байр сууринаасаа асуудалд ханддаг болсон учраас нийгэмд улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН ялгаагүй гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Ярьж байгаа асуудлыг нь харахаар хоёулаа халамжаар уралдсан.

Мөнгө төгрөгийн хэрэгт аль, аль намаас нь холбогдож байна. Ийм байдлаар явж ирсэн учраас нам маань сүүлийн хоёр сонгуульд ялагдахад асар их нөлөөлсөн. Яагаад гэвэл МАН коммунист угшилтай зүүний үзэл баримтлалтай нам. Популист амлалт өгөөд явахад тэдэнд ямар ч асуудал байхгүй. Гэтэл манайх тэдэнтэй адил зүүн үзлээр үзэлцэх гээд ямар ч үр дүнд хүрсэнгүй, сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонуульд навсайтлаа ялагдлаа шүү дээ.

-Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд та ямар бодолтой байна вэ?

-Хүнийг нь орхиод сонгуулийнх нь хувиар харах юм бол өнөөдөр Монголын нийт сонгогчдын 90-ээд хувь нь зүүний үзлийг дэмжиж байна. Нийт саналын 70-аад хувь нь МАН-д өглөө. ХҮН бол зүүн чиглэлийн нам. Энэ намыг 20-иод хувь нь дэмжиж байна. Цаана нь 10-аадхан хувийн орон зай байгаа нь харагдлаа шүү дээ. Монгол орон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хөгжих чиг баримжаатай ийм том нам сонгогчдын дунд 10-аадхан хувийн л дэмжлэгтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үүднээс нам дотор үзэл бодлын ялгаа гарч байгаа юм болов уу гэж харж байна. Намын удирдлагын төлөө өрсөлдөөд байгаа юм шиг мөртлөө цаанаа зүүн чигийн үзлийг хамгаалсан, энэ замаар явъя гэсэн нэг хэсэг тодорхой хүмүүсийг дагаад зүтгэж байна. Ерөөсөө баруун чиглэлийнхээ үзлийг барья гээд байгаа нь М.Тулгат даргатай АН юм. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд баруун төвийн үзэл баримтлалаар явах юм бол Монгол Улс хэвийн хөгжлийн замдаа хурдан орно гэж үздэг хүмүүс Зөвлөхүүдийн танхимд нэгдсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. АН-ын өнөөдрийн энэ хагарал хуваагдлаас хоёр зүйл тодорхой харагдаад байгаа юм. Нэгдүгээрт, зүүн, баруун тал руугаа ялгарах юм уу даа. Хоёрдугаарт, энэ нам дотор үе солигдох процесс байгалийнхаа жамаар явж байна. 1990-ээд онд төрж гарч ирсэн улстөрчид өнөөдрийг хүртэл байр сууриа тавихгүй явлаа шүү дээ. Тэр улсууд намын удиридлагад байлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарын албан тушаалд ажиллаа. Алдаж, оносон нь бий. Тэдний цаг үе нэгэнт дуусчээ. Шинэ үе гарч ирэх болсон байна. Иймээс удирдлагын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна л даа. Энэ дундаас М.Тулгатыг дагаж гарч ирж байгаа залуучууд үнэхээр баруун чигийн үзэл баримтлалыг аваад явах залуус юм уу гэж харж байгаа. Тэдний цаг нь иржээ. Одоо аргаа олох гээд ядаж байна л даа. Үнэн хэрэгтээ ийм процесс ялгарал явагдаж байна гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэдорж “С.Эрдэнийг АН-ын даргын ажлаа хурдан өгөхийг шаардаж, Онц их хурлаа зарла” гэж мэдэгдсэн. Намын эв нэгдлийн асуудал Онц их хурал зарлаад шийдэгдчих асуудал гэж харж байна уу?

-Энд, тэнд бүлэг болцгоогоод л гарц хайж байна л даа. АН-ын гол асуудал бол эв нэгдэлгүй гэж ярьдаг. Яагаад гэвэл үзэл санааны хувьд нэгдэж чадаагүй. Анх Монгол оронд ардчиллыг авчрахдаа хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонгуулийн төлөө бүгд нэгдээд тэмцсэн. Тэр үед үзэл санаа маань нэг, нэгдмэл байсан. Өнөөдөр ардчилал бодит байдал болчихлоо шүү дээ. МАН зарим талаараа АН-аас ч илүү ардчилсан болчихоод байна. Хэдийгээр МАН хувийн өмчийг хураана барина гэсэн хуучнаа санагалзсан үзэл гаргаж байгаа ч гэсэн Монгол орон үнэн хэрэгтээ ардчилсан тогтолцоотой болчихсон байна. Энэ дотроо хоёр том нам ямар, ямар замаар явах вэ гэдгээрээ ялгарах ёстой. Нэг хэсэг маань “Баруун чигээ бариад илүү бизнесийн эрх чөлөөг олгоё. Хувь хүнд орон зайг нь олгоё, аль болох татварыг нь багасгая, хүн өөрөө бизнесээ аваад явах боломжийг олгоё. Үүнд Засгийн газар оролцохоо больё, эрх чөлөөг нь хангая, Засгийн газар нь цомхон байх ёстой” гэсэн бодлогыг баруун төвийн үзэлтнүүд баримталдаг. Зүүн талынх нь болохоор “Байгалийн баялгаа төр хяналтандаа авч, ард иргэддээ ижил тэнцүү хувааж өгнө.Төр бүх асуудлыг шийднэ” гэсэн социалист маягийн бодлого баримталдаг.

Тэгэхээр манай нам юуны өмнө энэ үзэл санааныхаа нэгдлийг хангах ёстой. Үүний дараа Их хурлаа зарлах уу, даргын сунгааг дахин явуулах уу гэдгээ тогтож болно. Гэхдээ эхлээд бид ямар үзэл санааны төлөө тэмцэх гээд байгаа юм бэ гэдгээ тодруулах ёстой. Зөвлөхүүдийн танхим онолын хувьд ч, практик амьдралын хувьд ч үзэл баримтлалын тодорхой чиглэлийг гаргаад явж байгаа.

-АН-ын дотоод хямрал цаашид юунд хүргэж болзошгүй вэ?

-Өнгөрсөн 2012 оноос хойш хэсэг хугацаанд манай нам бүх эрх мэдлийг авсан. Өнөөгийн МАН шиг л байлаа. Тэр үед манайхан Ардын нам шиг цамаархцгааж байсан биз дээ. Үүнээсээ болоод уналаа. Одоо нам дотроо эв нэгдэлгүй байдгийн цаад учир шалтгааныг олохгүй бол болохгүй нь ээ. Үзэл санаандаа үнэнч хүмүүсээр намаа бүрдүүлж явахгүй бол болохгүй нь ээ. Тэгэхгүй бол ашиг сонирхлын бүлэглэлүүд орж ирээд самраад байна шүү дээ. Үүнээс л болж намын нэр хүнд унаж, дэмжигчид маань нүүрээ буруулж байна.

-Өнөөгийн сөрөг хүчин сул байна гэсэн шүүмжийг байнга авч байгаа. Наадам хийхийг эсэргүүцэж энгийн иргэд жагсаж байхад тэд таг чиг байсан. Одоо шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа таваар дагаад өссөн байхад таг чиг л байна. Ер нь аливаа улс төрийн хүчин өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө л дуугардаг. Нийтийн эрх ашиг хөндөгдөж байхад тэднийг сонгодог иргэдийнхээ төлөө дуугарах нь ховор юм?

-Тэр үнэн. Манай намын хувьд дотоод асуудалдаа дарагдчихаад байна шүү дээ. Уг нь нам нь цэгцтэй байсан бол нийгмийн тулгамдсан асуудлуудад хамгийн түрүүнд намын залуучууд нь уриалаад л, Их хурал дээр гишүүд нь дэмжээд л уялдсан зохицолдсон үйл ажиллагаа явуулах ёстой. Доторх гол цөм нь тодорхойгүй байдалтай болохоор намын гишүүд идэвхгүй байдалд байна. Цаашид нийгмийн олон асуудал ундарна. Манай нам хурдан байр сууриндаа орж, бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх цаг удахгүй ирнэ. Нам доод цэгтээ хүртлээ уналаа. Үүнээс доош явах газар алга. Эргэж учраа олоод урагшлах хэрэгтэй байна.

-АН-ын өнөөдрийн хагарал үе үеийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж нийгэм үзэж байгаа. Зөвлөхүүдийн танхимыг байгуулагдахад хүртэл намаа ийм байдалд хүргэсэн хөгшчүүл яаж өөд нь татах юм гэсэн хатуухан байр суурь илэрхийлэх хүн цөөнгүй байсан. Энэ та дээр таны бодлыг сонсъё?

-Манай залуу үе гарч ирж байна. Шүүмжлэх нь аргагүй. Ахмад үеэ одоо болно, зайгаа тавь гэж байна. Энэ үнэн л дээ. Тэгж шүүмжилж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ АН-ыг бий болгож, өдий хүртэл авч ирсэн хүмүүс ирээдүйнхээ төлөө бас хариуцлагаа хүлээх ёстой. Залуучууддаа тусалж, дэмжиж, зөв чиг баримжаанд нь оруулж өгөх үүрэгтэй хүмүүс. Тэрнээс Зөвлөхүүдийн танхим нь намын эрх мэдлийг аваад удирдаад явах гээгүй шүү дээ. Үүнийг зөв ойлгоосой. Энд байгаа хүмүүсийн ард тэдний үзэл санааг нь дэмждэг олон хүн байгаа. Өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын бодит байдлыг харахад улс төрийн амьдралд илүү туршлагатай, боловсролтой хүмүүс түлхүү явдаг. Залуучууд байдаг л даа. Манайхан болохоор цэвэр залуучууд аваад явчих юм шиг бодоод байгаа. Английн Консерватив намынхантай уулзаад намаа танилцуулж байхад “Танай ахмадын холбоо чинь ямар учиртай юм” гэж надаас асууж байсан. “60-аас дээш насанд гарсан хүмүүс ахмадын холбоо болоод намаа дэмжээд явдаг юм” гэсэн чинь “Тэгвэл манай нам тэр чигээрээ ахмадын холбоо болох юм байна шүү дээ” гээд инээлдэж байсан. Улстөрч хүн хэзээ ч ахмад болоод сууна гэж байдаггүй. Залуучуудтай адилхан л тэмцэж яваад дуусдаг. Харин улс төрөөс гарсан бол эргэж ноцоод байдаггүй л жамтай юм уг нь. Одоо манай намд шинэ залуу удирдагчид гарч ирэх цаг нь болжээ. Тэд маань дэлхийд нотлогдчихсон, туршигдчихсан тэр л үзэл санааг бариад явахгүй бол МАН-ын залуучуудтай зүүний үзлээр өрсөлдөнө гэвэл ерөөсөө явахгүй. Ямар нэгэн хямралд заавал боломж байдаг. Өнөөдөр энэ боломж бол баруун төвийн үзлээ маш тод илэрхийлсэн хүчирхэг нам гарч ирэх гээд дуншаад байгаад л оршиж байна. Үүн дээр залуучууд маань үзэл санаагаараа нэгдэж, тууштай яваач ээ л гэж хүсмээр байна.

-Элчин сайдуудын томилгоо нэлээд асуудал дагууллаа. Хэд хэдэн оронд Элчин сайдаар сууж байсан хүний хувьд та энэ томилгоонд ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ удаагийн томилгоо нэлээд онцлогтой болж байна. Манай улс хилийн чандад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газартай. Саяын томилгоогоор 25 хүн гэхээр талаас илүү хувьд нь Элчин сайд явуулж, эгүүлэн татаж байгаа юм байна. Ийм тохиолдол ховор. Манай практикт ч өмнө байгаагүй. Томоохон хувьсгалт өөрчлөлт гараад ч юмуу, нийгмийн систем нь тэр чигээрээ өөрчлөгдөж, нийгмээ шинээр зохион байгуулж байгаа үед Элчин сайдуудаа ингэж олноор томилдог жишиг бий. Харин манай улс амар тайван, дайн байлдаангүй, учиргүй байгалийн гай гамшиг тохиолдоогүй орон. Тэгсэн хэрнээ гэнэт ингэж 25 хүний нэр оруулж ирээд нэг амьсгаагаар томилж байгаа нь хүн бүхэнд сонин байна. Гадныхан нэлээд анзаарч харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа удалгүйгээр шууд томиллоо шүү дээ. 25 хүний асуудал ороод 23-ыг нь дэмжиж байх шиг байна. Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсыг төлөөлөх нэг номерийн хүн. Энэ хүн маань гарч ирэнгүүтээ 23 хүнийг Элчин сайдаар томилж байгаа явдалд гадаадынхан анхааралтай судалж, ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн гадаадад өөрийгөө зарлан тунхаглаж байгаа анхны акц боллоо. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч гадаад талдаа ямар бодлого баримтлах гэж байгааг нь энэ томилгоогоор шууд харж болохоор. Энэ удаагийн томилгоог хараад Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт оржээ гэж гадныхан дүгнэхээр байна. Яагаад гэвэл Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох хоёр хөршдөө нэр хүндтэй томоохон улстөрчийг томилж байгаа нь зөв зүйтэй алхам байтал гуравдагч хөршийн гол орон АНУ-д ямар нэгэн дипломат ажлын туршлагагүй, төрийн албанд ч бараг ажиллаж үзээгүй хүнийг явуулж байна. Тэр хүн мэргэжилдээ мундаг, сайхан уртын дуучин, жуулчны менежер байж болно. Ийм хүнийг тавьж байгаа нь Монгол Улсыг гуравдагч хөршийнхөө бодлогод өөрчлөлт оруулж байгаа юм болов уу гэсэн мессэжийг өгчихөж байгаа юм. Зөвхөн АНУ биш Англи, Франц, Герман, Итали, Турк гээд гуравдагч хөршийн гол, гол орнуудад томилж байгаа хүмүүсийн дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч байхгүй, МАН-ыг илээр дэмждэг хэсэг нөхөд л байх шиг байна. Энэ удаагийн томилгоог ерөнхийд нь аваад үзэх юм бол бодлого харагдахгүй байна. Монгол Улсын гадаад бодлого бүдгэрсэн дүр зураг харагдаж байна. Хоёрдугаарт, гадаад харилцааны төв байгууллага буюу Гадаад харилцааны яамны үүрэг улам жижгэрсэн нь энэ томилгооноос шууд уншигдлаа. Монгол Улсын гадаад бодлогыг барьж байгаа яам аль улсад хэнийг томилох уу гэдгийг санал болгох чухал үүрэгтэй. Тэдний оруулж ирсэн нэрсийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл Ерөнхийлөгч нь ч юм уу, Засгийн газар нь эсвэл УИХ-д байгаа эрх мэдэл мөнгөний бүлэглэлүүд дээрээс нь хүн шидэж, тэрийг нь Гадаад яам зүгээр л албажуулдаг байгууллага болсон байна. Энэ маш тодорхой харагдлаа. Гадаад харилцаа эрхэлсэн төрийн төв байгууллагын эрх үүрэг нь олон жилийн хугацаанд энэ улстөрчдийн гайгаар жижгэрсээр, жижгэрсээр юу ч үгүй болсон нь хамгийн аюултай. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг боловч алс хэтдээ Монгол Улсад нэн аюултай энэ үзэгдэл улам ужиграх төлөвтэй боллоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг нь авч явдаг энэ байгуулага эрх мэдэл, нөлөөгүй болсон байна. Сайдаар очиж байгаа хүмүүсийн зарим нь гадаад бодлогыг мэддэггүй, мэдэрдэггүй. Тийм нөхөд очоод энэ яамыг үймүүлж байна шүү дээ.

-Энэ удаагийн томилгоог эсэргүүцэж яамны газрын дарга, захирлуд гээд таван эмэгтэй удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн нь ил болсон. Тэдний карьер дуусчихав уу?

-Гадаад харилцааны яамны газрын дарга гэдэг бол Элчин сайд хийхээр бүрэн бэлтгэгдсэн шалгагдсан номер нэг нэр дэвшигч байх ёстой. Тэр хүмүүсээ харилцаа багатай, ач холбогдол сул орнуудад явах уу гэж санал болгосон байх юм. Тэдний дотор миний мэдэхийн яаманд орчуулагчаас газрын дарга хүртэл явсан чадварлаг дипломатчид олон байна. Тэд бол гадаад харилцааг жинхэнэ мэдэрсэн, судалсан, практик дээр ажиллаад Элчин сайд хийхэд бүрэн бэлтгэгдсэн улсууд. Гэтэл тэднийг хамгийн доогуур тавиад, улстөрчдийг болохоор харилцаа өндөртэй чухал орнууд руу томилж байна. Тэд эсэргүүцэх нь зөв. Гадаад харилцааны яам бол 1911 оноос хойш 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг нандигнан авч явж ирсэн манай төрийн гол ноён нуруу, тулгуур багана нь юм. Энэ яаманд өөрийн тогтсон соёл, заншлыг авч яваа цөөхөн хэдэн хүн үлдчихээд байна. Тэд гараад явчихвал гадаад яам юу ч үгүй болно. Манай улсын аюулгүй байдал, гадаад харилцаа гээд бүх зүйл маань дипломат албан дээр тогтож байгаа шүү дээ. Манайх цэрэг зэвсгийн хүчээр нэг хэсэгтээ тусгаар байдлаа хамгаалан барьж чадах байх. Гэхдээ Монгол Улсын тусгаар тогтносон бөгөөд бие даасан байдлыг өнөөгийн энэ дэлхий ертөнцөд зөвхөн дипломат аргаар л хангаж байгаа гэдгийг ойлгож, мэдрэх хэрэгтэй.

-Сүүлийн үед дипломат албыг мөнгөөр хэмжээд байх шиг. Тэр улсаас тэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татсан гэдэг ч юм уу. Томилгооны асуудал дээр иймэрхүү дүгнэлтүүдийг хийгээд байгаа харагдсан?

-Элчин сайдыг явахад нь “Монголдоо хэдэн төгрөг оруулж ирсэн юм, хэдэн оюутан сургаснаар нь хэрхэн ажилласныг нь дүгнэх ёстой” гээд байгаа. Энэ бол дипломат албаны талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн яриа. Гадаад харилцаа, дипломат албыг мөнгөөр хэмжиж болохгүй. Тусгаар тогтнолыг хэдэн төгрөгөөр хэмжих гээв? Өнгөрсөн 1990-ээд оны үед социалист систем нурж унаад Монгол Улс эдийн засгийн гүн гүнзгий хямралд орчихсон байхад гадаад харилцааны салбар л аварсан биз дээ. Хандивлагч орнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, хөгжилтэй орнуудын тусламж дэмжлэгийг оруулж ирсэн нь зөвхөн гадаад харилцаа, дипломат албаны үйл ажиллагааны үр дүн шүү дээ. Үүнийг хэдэн төгрөгөөр ч хэмжиж болохгүй. Жишээлбэл, манайх Куба, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад гаднаас нь харахад ач холбогдол багатай юм шиг мөртлөө тийм орнуудад ЭСЯ байлгаж байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Гэтэл зарим хүн “Тэнд хий дэмий мөнгө зарж Элчин сайд байлгах ямар хэрэгтэй юм” гэдэг. Энэ бол гадаад харилцааг ойлгохгүй байгаагийн балаг. Монгол Улс өөрийн гэсэн бие даасан бодлоготой, тусгаар улс гэдгийг дэлхий дахинд нотолж харуулж байдаг. Янз бүрийн зүйл тохиолдоход тэр улсууд олон улсын тавцанд, НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын төлөө дуугарч, санал өгч дэмжиж байдаг юм. Ийм бүлэгтэй, дэмжигч орнуудтай байх ёстой. Энэ бүхний нарийн ширийн асуудлыг ойлгохгүйгээр томилгоо хийж байна л даа. Гадаад харилцааны чухал албыг улстөржүүлмээргүй байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан ч гэсэн МАН-аас санал болгосон хүмүүсийг томилдог л байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ардын нам, Ардчилсан нам гэж намаар нь ялгаж байгаагүй. Мэргэжлийн гэсэн хүмүүсийг сонгоод томилдог байсан. Энэ удаад цэвэр Ардын намын хүмүүсийг оруулж ирсэн байна лээ. Ардчилсан намыг хялайж ч харахгүй явж байна л даа. Ерөнхийлөгчийн сонгуульд 70 хувийн санал авсан хүн үүгээрээ аархаж байгаа юм шиг байна. АНУ-д Элчин сайдаар Ё.Отгонбаярыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилсон. Тэр мэргэжлийн хүн, туршлагатай улстөрч. АНУ бол манай улсын гадаад бодлогод маш том байр суурь эзэлдэг учраас өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр шинэ Ерөнхийлөгч 25 Элчин сайдын нэрсийг АН-ын бүлгээр ч оруулж зөвлөхгүйгээр шууд өөрсдөө томилоод явуулж байгаа дүр зураг харагдлаа.

-Гадаадын улс орнууд элчингээр ирэх хүмүүстээ шалгуур тавьдаг уу?

-Элчин сайдыг хүлээж авч байгаа тал янз бүрийн шалгуур тавьдаггүй. Мэдээж олон улсын хэмжээнд гэмт хэрэг гэж үзэгддэг үйлдэлд орооцолдож байгаагүй байх ёстой. Терроризм, хар тамхины наймаа, хүн хулгайлах, хүн худалдаалах, хууль бус зэр зэвсгийн наймаа гэх мэт зүйлд нэр холбогдоогүй байх нь зүйн хэрэг. Хэнийг томилох нь манай дотоод асуудал. Монгол Улстай ерөнхий сайн харилцаагаа бодоод томилсон хүнийг нь хүлээж авна. Гэхдээ “Монгол Улс манайд ямар хүнийг Элчин сайдаар илгээж байна вэ” гээд тухайн хүний намтар түүхийг судална. Ямар хүн очихоос нь хамаарч тэр хэмжээнд хүлээж авна. Дипломат албыг хялбарханаар хардаг буруу ойлголт нийгэмд яваад байна. Элчин сайд гэхээр л сайхан тугтай машин унаад, хажуудаа орчуулагч суулгачихаад давхиад, бэлдээд өгсөн цаасыг нь уншчихаад явдаг нөхөр гэж боддог байх. Жинхэнэ дипломат албаны ажил нь тухайн суугаа орныхоо төр засагтай харилцахаас гадна тэнд сууж байгаа бусад улсын дипломатуудтай маш ойр харилцаатай байж, тухайн оронд чухам ямар үйл явц болж байгаа, хэн нь илүү нөлөөтөй болж байгаа, харилцааны ямар шинэ чиг хандлага гарч байгаа, тухайн орон, бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлын ойрын болон хэтийн төлөв ямар байх гээд нарийн ширийн мэдээллийг хуваалцаж байж ажлаа хийдэг. Зөвхөн албан ёсны хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд байхгүй тэр мэдээллийг олж төр засгийн удирдлагадаа мэдээлж байх ёстой. Байнга мэдээлэл, судалгаа цуглуулна. Миний хувьд хэд хэдэн оронд Элчин сайдаар ажллаж байсан хүний хувьд гадаадад ажиллаж байхдаа ажигласан зүйл гэвэл зарим нэг орны элчин сайд гээд хүмүүс янз бүрийн арга хэмжээн дээр ирчихээд орчуулагчтайгаа хоорондоо байхан ярьж байгаад, хоол идчихээд гараад явж байгаа харагддаг. Хэнтэй уулзаж, юу ярихаа ч мэдэхгүй байгаагийн илрэл. Энэ бол улсынхаа төсвийг хий хоосон зүйлд үрж байгаагийн жишээ. Ийм хүмүүсийг л битгий томилоосой. Томилогдон очиж байгаа орныхоо хэл юм уу дэлхий нийтийн түгээмэл хэлээр нэвтрэлцэх өндөр чадвартай байх ёстой. Зүгээр нэг гудамжны хальт мульт хэлтэй хүнийг хэн ч тоохгүй, харин ч аль болохоор зай барьж зугтаадаг юм.

-Хэрэв хэл ус тааруу, дипломат албаны туршлагагүй хүн томилчихвол тухайн хүлээж авч байгаа улсын Монголтой харилцах хандлага сулрах талтай юу?

-Гаднаа тэрийгээ харагдуулахгүй ч очиж байгаа хүнийхээ хэмжээнд л хандана шүү дээ. Дипломат алба гэдэг бол олон жилийн тогтсон дэг жаягтай. Тэр журмаараа л явна. Тухайн улсын элчин сайдыг хүлээж авахаасаа өмнө CV-г нь заавал харна. Урьдчилж танилцаад уулзах хэмжээний хүн мөн үү, биш үү, уулзаад ярилцах хэмжээнийх байна үү, үгүй юу гэдэг дүгнэлт хийгээд явдаг тогтсон жишигтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туул голд живж байсан иргэнийг аварчээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Сонгинын амралтын ойролцоо Туул голд хүн живэх гээд байна гэсэн дуудлага иржээ.

Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж усны ослоос нэг иргэний амь насыг авран хамгаалж тус иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Иймд онцгой байдлын газраас иргэдийг

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байх
  • Голын эргээс 1.5 м-ээс 2 метрийн зайтай байрлаж эрэг нурахаас болгоомжилж мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганцэцэг: “Эерэг бай” гэж туйлшрах нь хүнийг дотоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гаргаж чадахгүйд хүргэж улмаар хямралд оруулах талтай

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Нийгмээрээ л эерэг байя, гоё байя, гэгээлэг байя гэх боллоо. Гэвч хэт ингэж туйлшрах нь хүнийг өөрийнхөөрөө байхыг хязгаарлаж, улмаар сэтгэлзүйн хямралд оруулах сөрөг талтай гэдгийг сэтгэлзүйчид онцлох боллоо. Эерэг байх гэж хэтэрхий хичээх нь хэр сөрөг үр дагавар дагуулдаг вэ?

-Эерэг сэтгэл зүйтэй байх нь өөрөө зөв л дөө. Яагаад эерэг байх зөв гээд байна гэхээр бодол санаа тогтвортой тайван байх нь чухал юм. Бодол санаа тогтворгүй, хямралтай байх үедээ бид хичээгээд ч эерэг байж чадахгүй. Сэтгэлийн хөдөлгөөн мөн сөрөг болдог. Тиймээс бодол санаагаа тогтвортой байлгавал сэтгэлийн хөдөлгөөнөө тайван тогвортой буюу эерэг байхад нөлөөлнө. Бодол санаа илүү эерэг тайван байх тусам биднээс гарч буй үг, үйлдэл хэвийн байна. Гэхдээ эерэг бай гэдэг үгнээс магадгүй залхаж дургүйцэж байгаа бол аливаад бодитой хандах нь чухал юм. Бодитоор асуудалд хандана гэдэг аливааг илүү байгаагаар нь хүлээж авахад дөхөмтэй. Бодитоор аливаа асуудалд хандана гэдэг маань тухайн нөхцөл байдлаа бид зөв үнэлж дүгнэнэ гэсэн санаа юм.

Аливаа нэг зүйлийг юмс үзэгдлийг тусган хүлээж авахад тухайн хувь хүний хандлагын асуудал чухлаар хөндөгддөг. Хүлээж авахад хүндрэлтэй нөхцөл байдлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө тусгаж хариу үйлдэл үзүүлдэг. Асуудалд хэт эерэгээр хандан хүлээж авах, нэг бол хэт сөргөөр хүлээж авах нь аль аль талдаа эрсдэлтэй. Аливаа асуудлыг юмс үзэгдлйг байгаагаар нь хүлээж аваад бодитоор хандаж боловсруулалт хийгээд зөв хариу үйлдэл гаргах нь хамгийн зөв шийдэл юм.

-Тэгэхээр эерэг гэдгээсээ илүү асуудалд бодитой хандах, өөрийнхөөрөө байх нь тухайн хүнийг тайван, амар амгалан байдалд хөтөлдөг гэж ойлгох нь зөв үү?

-Нэг талдаа хүн өөр өөрийнхөө онцлог шинж чанараар, үзэл бодлоор байх нь зөв. Гэхдээ тухайн хүний зөв гэж бодож байгаа зүйлс бусдын хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээг зөрчөөд байна уу гэдэг л чухал. Өөрийнх нь зөв гэж бодож, үнэлээд байгаа зүйл нийтээр хүлээн зөвшөөрөгдөж чадахаар зүйл мөн үү, аливаа хэм хэмжээг давж байна уу гэдгийг эхлээд бодолцох хэрэгтэй.

Магадгүй бидний хүүхэд би дураараа байх ёстой, дураараа үгээ хэлэх ёстой гэсэн хандлагаар өслөө гэж бодъё. Гэхдээ тэр хүүхэд ирээдүйд айлын эхнэр, нөхөр болоод өрх тусгаарлана. Нэг албан байгууллагад ажилд орж хамт олонтой болоод нийгмийн харилцаанд орно. Ингээд ирэхээр өнөөх би хүссэнээрээ байх ёстой гэсэн хандлага маань өөрт нь эргээд халгаатай болж мэдэх юм. Тэгэхээр өөрийнх нь баримтлаад байгаа зарчим, үзэл бодол бусдад саад болохгүй шинж чанар байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Зан чанар маань бусадтай харилцахад, суралцахад саад болоод байвал л бид энэ тал дээр бодолцож эхэлнэ л гэсэн үг. Биднээс гарч буй үг үйлдэл бусдын тайван байдал, сэтгэл санаанд саад учруулахааргүй бол өөрийнхөө байх ёстой л гэсэн санаа.

-Тэгэхээр “эерэг” байх гэдгийг нийгэм хэт туйлширч хүлээж аваад байгаа бололтой. Энэ нь эргээд уйлмаар байгаа ч тэвчээд гаднаа хүчтэй мэт дүр эсгэхэд хүргээд байна уу?

-Тийм. Тухайн хүн “эерэг бай” гэдэг ухагдахуунаа өөрийнхөөрөө хүлээж авч ойлгоод тэрэндээ тохирсон үйлдлийг гаргаж байгааг үгүйсгэхгүй. Уйлж болохгүй тэвчээртэй бай, уурлаж болохгүй инээ гэсэн ойлголт явдаг. Гэвч хүн уйлна, инээнэ, уурлана. Энэ сэтгэл хөдлөлөөрөө дотоод мэдрэмжээ илэрхийлж, гаргаж байх ёстой. Гэтэл хажуудах хүнээ хэт эерэг бай гээд шахаад байхаар өнөөх хүн сэтгэл хөдлөлөө гаргаж чадахгүйгээс болж бачимдах, стрессдэх, хямрах хариу үйлдэл гаргаж эхэлдэг. Хямралд өртөх ч талтай. Тэгэхээр бид юун дээр эерэг байх юм, юун дээр өөрийнхөөрөө байх боломжтой юм бэ гэдгийг ялгаж салгахгүй болохоор хэт туйлшрал ажиглагдаад байна.

Магадгүй эерэг байх гэдэг ойлголтоо бид өөр өөрсдийхөө байр сууринаас тодорхойлоод харилцагч хүмүүстээ өөрийнхөө ойлгосон шаардлагыг тавьж байхыг үгүйсгэхгүй. Эсвэл амьдралын бүхий л юман дээр эерэг байлгах гээд туйлширдаг. Гэтэл бид эерэг, сөрөг аль алиныг нь мэдэрч байдаг мэдрэмжийн амьтан учраас тэрийгээ зөв ойлгож хүлээж авч гадагшлуулна гэдэг чухал болов уу. Нөгөө талаас хүн өөрийгөө илэрхийлэх уйлах, инээх ээлжлэх нь хэвийн сэтгэл хөдлөл юм. Уйлах нь сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж илэрхийлэх нэг боломж. Энэ болгон хязгаарлагдчихаар өөрийн сэтгэл хөдлөл хязгаарлагдаж хиймэл байдал үүсч, зарим хүмүүст өөрийнхөөрөө байж чадахгүй байх эсвэл дарамт болж хувирах ч талтай байдаг.

-Нийгмээрээ сэтгэлзүйн хувьд ингэж шахалт үүсгэх нь ямар хор нөлөөтэй вэ. Түрүүн та хүүхэд дээр жишээ авсантай төстэй хор нөлөөллийг дурдаж болох уу?

-Жишээлбэл, өсвөр насны хүүхдүүдийг битгий асуудал тариад бай. Байгаа юмандаа баярла, битгий ингэж гомдолло гэж ээж, аав нь хэлдэг. Хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, үзэл бодол үнэт зүйлээ олж авах насан дээрээ явж байдаг үе дээр нь хэтэрхий ийм хандлага гаргаад байхаар үүнээс болоод өөрийгөө илэрхийлэх чадвар хумигддаг.

Эсвэл бүр би мэдрэмжээрээ өөрийгөө илэрхийлж болохгүй байна гэдэг бодол рүү түлхчихдэг. Иймэрхүү байдал ажлын байранд ч, хосуудын хоорондын харилцаанд ч ажиглагддаг. Ер нь бол бид амьдралаа бодитой үнэлж байж зөв алхмуудыг хийх ёстой. Хүн байгаа байдал, орчин нөхцлөө зөвөөр үнэлчихвэл эргээд түүндээ тохирсон зөв үйлдэл, шийдвэрүүдийг гаргаж чаддаг. Тэгэхээр тухайн зүйлийнхээ давуу тал, сул талыг анализ хийгээд дадчихвал бидний үг, үйлдэл аяндаа зөв гардаг. Тэгэхгүй таалагдахгүй байхад нь нэгэндээ хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэдэг ч юм уу, эсвэл өөрийнхөө таалагдахгүй байгаа зүйлийг бусад хүнээр хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа нь дарамт үүсгэдэг. Тиймээс хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг өөр өөрийн оюун санаа, үзэл бодолтой хүмүүсийг бодитоор хүлээж авах чухал. Чи нэг юм хэллээ гэхэд нэг хүн уйлж байхад өнөөх нь инээж болно. Хариу үйлдэл адилхан байх албагүй. Аливаад обьектив хандах буюу бодитоор хандах л чухал.