Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10.904 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 334 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10,904 иргэн байна. Үүнээс нийслэлд 53 эмнэлэгт 5051, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 261 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5242 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3162 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 16-17 насны 19.342 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ

Өчигдөр буюу долдугаар сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 273, II тунд 6193, нийт 6466 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.048.146 иргэн I тунд, 932.134 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3197 жирэмсэн эх, 12-15 насны 36.454 /36 хувь /, 16-17 насны 19.342 /57.1 хувь / хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард хийгдэх нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх наймдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.

SARS-CoV-2 вирусийн Дельта хувилбар дэлхийн ихэнх оронд эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын нислэгийн хуваарийг цуцалж, УОК-ын Шуурхай штаб тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан олон улсын нислэгийн тоог дахин шинэчилжээ.

Энэ сард нийт 28 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын тамирчид дараахь хуваарийн дагуу “Токио-2020” олимпод оролцоно

“Токио-2020” олимпийн наадам эхлэхэд хоёр хоног үлдлээ.

Зуны олимпод Монголоос 43 тамирчин спортын 10 төрөлд оролцоно. Өмнөх буюу Риогийн олимпоос Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай нар хүрэл медаль хүртсэн юм.

Энэ жил цар тахлын улмаас Токио-2020 олимп болон паралимпийн наадмыг үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Монголын тамирчдын Токио 2020 олимпийн наадмын тэмцээнд оролцох хуваарь:

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүүд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Өчигдрийн хуралдаанаар Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ирэх сард улс төр хэрхэн өрнөх вэ?

Наадмын ес хоногийн амралт дууслаа. Ирэх сараас намрын ажил, өвлийн бэлтгэл эхлэх ёстой. Хамгийн том асуудал нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт хэрхэн явагдах нь тодорхой бус байна. Намрын улс төр цар тахлын эсрэг арга хэмжээнээс гадна хоёр жил гэртээ байсан хүүхдүүд, оюутан залуусын боловсролын хоцрогдолд ямар арга хэмжээ авах нь таамаг төдий хэвээр. Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл байна. Ээлжит бус чуулганаар хамгийн гол хэлэлцэх зүйл бол дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Ерөнхийлөгчийн суудлыг авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа ч авлаа. Гэвч коронавирусийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг олон нийт илт шүүмжлээд эхэлсэн. Тиймээс хэд хэдэн сайдыг суудлаас нь огцруулах санал гараад эхэлсэн гэх мэдээлэл бий. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндрэх тусам олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид Эрүүл мэндийн сайдаас хариуцлага нэхэж эхэлсэн. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс гадна түүнтэй зэрэгцээд Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мөн хариуцлага хүлээх сурагтай.Одоогоор Засгийн газраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нарыг огцруулах тухай хэвлэлээр бичиж байна. Үүн дээр нэмээд Соёлын сайд Ч.Номин, Хотын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, огцруулна гэх мэдээлэл ч байна. Ингээд ирэхээр Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барах вэ дээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогддог өдрөө УИХ-ын чуулганы танхимд “Ирэх намраас Инноваци, цахим хөгжлийн яам ба Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулна” гэж хэлж байсан удаатай. Уг хоёр шинэ яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилох дүр зураг бий. Тэр дундаа Инноваци, цахим хөгжлийн яамны сайдаар Н.Учрал, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэнг томилох хувилбар байгаа гэх мэдээлэл байна. Дээрх таамаг “бай”-гаа онохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хуулиараа УИХ-ын дөрвөөс ихгүй гишүүн Засгийн газарт ажиллах боломжтой.Энэ үүднээс шинэ хоёр яам байгуулах, холбогдох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа нь ирэх сард зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэнэ ч гэх мэдээлэл байна. Үндсэн хуульд парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг өөр томоохон агуулгууд ч орж ирнэ гэдэг прогноз бий. Ямартаа ч засаглалыг сайн хийх гэж зүтгэсэн шүү гэсэн дүр төрхийг бүрдүүлэхийн төлөө илүү зүтгэнэ. Түүнээс шалтгаалж энэ Засгийн газрын орших хугацааны урт богино хэмжигдэнэ. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт дотор сонгодог парламентын засаглалтай болно гэж тодоос тод тусгасан. Нөгөө талаар улс төрийн намтай холбоотой өөрчлөлт хийгдэх магадлал өндөр. Тэр дундаа засаглалтай холбоотой өөрчлөлт түлхүү орох таамаг бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан. Гэтэл МАН байсхийгээд л Үндсэн хуулиар оролдоод байх нь. Үндсэн хуульд дуртай үедээ гар дүрээд байх нь мэдээж иргэдэд тааламжтай санагдахгүй. Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН гар барилцсан. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таатай бус байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс МАН-ын малгай дор нэгдсэн МАХН-ынхан ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүслээ шингээж таарна.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль. Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Ирэх аравдугаар сарын 11-нд нөхөн сонгууль болох товтой байгаа. Намрын нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн тохиролцоон дуусаад тойргийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх яриа байна. Нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ намрын улс төрийн нэг хэсэг. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.

Мөн улс төрийн намуудын дарга нар солигдох, жинхлэх асуудал ч энэ намрын чухал сэдэв болох нь. Томоохон ялалтын дараахь фракцуудын тохиролцоон ч ил болох байх гэсэн таамаг хөвөрч байна. Албан тушаалын томилгоонууд ч хийгдэж эхлэх талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад эхэлж.

Сүүлдээ үнэмлэхүй ялалт буюу бүх шатны сонгуульд ялсан улс төрийн намаас хүлээх хүлээлт өндөр хэвээр байх боломжгүй болж байна. Хамгийн түрүүнд цар тахлын эсрэг засаглалын сул тал дээр улс төр хийгдэж таарна. МАН-ын хувьд улс төрийн засаглалдаа сайн ч улс орныг засаглах талдаа үнэхээр учраа олохгүй байгаа талаар шүүмжүүд хөврөөд эхэлсэн. Бодлогын үр дүн гэдэг нь өнөөдөр ажлын хэсэг байгуулаад маргааш үр дүн нь гардаг зүйл биш. Богино, дунд, урт хугацааны төлөвлөлт гэдэг үүнтэй холбоотой. Цар тахлаас дэлхий дахин хурдан салахгүй нь тодорхой болсон тул авч буй арга хэмжээнээс эхлээд бүх зүйл илүү ойлгомжтой байхыг иргэд шаардаж байгаа. Манай улс төрийг ерөнхийд нь хэлбэл манлайлал, нэгдмэл зорилго, шударга өрсөлдөөн, чадвартай байх гэдэг зүйл дутуу дулимаг явсаар ирсэн. Ерөнхийдөө чадамжгүй, арьсаа хамгаалсан улс төр хийсээр ирсэн.

Улс орны эдийн засаг, цар тахалтай тэмцэх асуудал үндсэндээ муу байгаа үед сайхан төсөөлөл төрөхгүй л байна шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Долдугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи их төлөв өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 19 цэг ажиллана

Өнөөдөр /2021.07.20/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 29 багийн 208 эмч, ажилтан ажиллаж, 5155 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дашпүрэв: Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад коммунизмыг татан буулгаагүй нь алтан хараацайнуудын алдаа

УИХын гишүүн асан, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


Та сайхан зусаж байна уу. Улсын баяр наадам өнжсөн ч энэ амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлэв дээ?

-Манай гэр бүл Улаанбаатар хотдоо зусч байна. Ковидын улмаас хөдөө орон нутгаар явахад хүндрэлтэй болсон. Наадмын амралтын өдрүүдэд хөдөөг чиглэсэн хөл хөдөлгөөн их байлаа. Монголчууд жаахан сүргийн сэтгэл зүйтэй учраас бөөнөөрөө хөдөө явчихна лээ. Тэр хүмүүсийг хотдоо ирэхээр нь хөдөөгүүр аялах санаатай байна даа.

Ковидын нөхцөл байдал үнэхээр амарүй байна. Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар бодолтой байна вэ?

-Засаг төрийн эрх барьж байгаа улсууд өөрсдөө хэлэлцээд зөв гэсэн шийдвэрээ гаргаж байх шиг байна. Хөндлөнгөөс иргэн хүний хувьд харахад өнгөрсөн оноос хойш их хүндхэн сарууд өнгөрлөө дөө. Сонгуулийн, улс төрийн хурц үе байлаа. Мэдээж төрийн эрх барьж байгаа хүмүүс улс төрийн эрх ашгаа бодож л арга хэмжээ авдаг болохоор яалтай билээ. Ерөнхийдөө Засгийн газарт олон нийт тийм ч сэтгэл дүүрэн биш байгаа. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа саатлаа. Дандаа халамжийн байдлаар явж байна. Энэ байдал удаан үргэлжлэхэд хэцүү. Зүүний үзэл бодол гэдэг чинь л энэ шүү дээ. Коммунистууд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна. Ард түмэн тэднийг бүрэн хэмжээгээр нь дэмжиж сонгосон болохоор яалтай. Коммунистууд ч сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар зохион байгуулчихсан.

Нийгэм судалдаг эрдэмтэн хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар та хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан хувьсгал болоод 30-аад жилийн нүүр үзэж байна. Энэ он жилүүд их түүхийн хувьд богино боловч улс төрийн үйл явдлын хувьд их цаг хугацаа. Жишээлбэл, 1921 онд Ардын хувьсгал болсноос хойш 30 жил өнгөрөхөд их зүйл болсон.

Монголд асар их хэлмэгдүүлэлт явагдаж, нийгмийн байгуулалтыг өөрчилсөн. Хуучин нийгмийн зарим бүлгүүдийг устгасан. 700 гаруй сүм хийдүүдийг газартай тэгшилсэн. Хувьсгал хийлгэсэн орныхоо эрх ашгийн үүднээс их юм хийсэн 30 жил байв. Ингээд 1951 он гэхэд нэлээд Х.Чойбалсан өөд болоод Ю.Цэдэнбалын үе эхлээд явлаа шүү дээ. Эндээс харахад 30 жил гэдэг бол XX болон XXI зуунд жинтэй үр дагавар авчирчээ гэдэг нь түүхээс харагдаж байна. Гэхдээ Ардчилсан хувьсгалын 30 жил өмнөх коммунист хувьсгалтай адилгүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, ялангуяа алан хядлага явуулаагүй. Харин ч үндэснийхээ соёл уламжлалыг устгаагүй, шашин сүм хийдийн асуудал либералний явж ирлээ. Улс төрийн тэмцэл ч их байсан. Ардчилсан хүчин, ардчилсан намын гаргасан зарим алдаан дээр эсрэг улс төрийн хүчин айхавтар хорлонтой, хоржоонтой тоглолт хийж, улс төрийн нөхцөл байдал эвгүй тал руугаа өөрчлөгдөж байна.

-Энэ янзаараа явбал ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Бодит байдлаас үзэхэд хуучинсаг бодлоготой улс төрийн үзэлтэй хүмүүс их өнгийж ирж байна даа. Манайх уг нь улс төрийн гадаад бодлогын хувьд төвийг сахисан,янз бүрийн нийгмийн байгуулалтай улс оронтой тэгш харилцаад ямар нэг эвсэл холбоонд орохгүй гэсэн хуулийн томьёоллуудтай шүү дээ. Тэр нь цаашдаа хэр зэрэг хэрэгжих нь үү гэдэг дээр зарим асуудал гарч эхэлж байх шиг байна. Энэ бол тун их осолтой анхаарууштай зүйл л дээ.

Урд хөрш маань коммунист дэглэмтэй орон. Энэ дэглэмээ чангаруулж байна. Хойд орон капиталист маягийн дэглэмтэй. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч төртэй. Ийм хоёр орны дунд байгаа Монгол Улс нэлээд чөлөөтэй ардчилсан орон шүү дээ. Улс төрийн хүчнүүд чөлөөтэй эрх тэгш өрсөлдөөд ард түмэн ч сонголтоо хийгээд яваад болж ирсэн. Гэтэл коммунист угшилтай намууд удаан байхаараа онцгүй байдгийг нийгмийн туршлага харуулж байна.

-Гэтэл манай коммунист угшилтай нам төрийн эрхийг бүхэлд нь авч эрх мэдлээ улам бэхжүүлж байгаагаа ил далд өчнөөн л зарлах юм?

-Зүүн Европын бүх орнууд коммунист намуудаа татан буулгаж байгаад шинээр байгуулцгаасан. Коммунист нам нь коммунист намаа байгуулж болно. Гэхдээ коммунист харгислал явуулахгүй тийм намыг байгуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай улс төрийн хүчнүүд монгол ухаан л гаргасан юм байлгүй, зуун жил болж байгаа коммунист угшилтай намаа тараагаагүй. Хариу нь 30 жилийн дараа ирж л байна даа.

Нэг намын тогтолцоо яваад байна. 100 жилийн түүхтэй энэ нам 70 жилд нь дангаараа ноёрхож байсан. Хуучин системээ сэргээгээд Хятадын туршлагыг сайн судалдаг юм шиг байна. Өөрийгөө дагасан жижиг намуудыг байгуулдаг юм байна. Хятад олон намтай. Барууныханд харуулахад зорьсон юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ нэг л нам байдаг. Манай ардчилсан нам их зовлон туулж байна. Гэхдээ даваад гарчих байх гэсэн өөдрөг сэтгэлгээгээр харж байна даа.

-АН дотроо хагаралтай байна. Энд үзэл бодлогын ялгарлаар талцаад байх шиг?

-Уг нь тэгж ялгарвал сайн л даа. Яагаад гэвэл 2000 онд одоогийн энэ АН нэрээр дөрвөн нам нэгдсэн. Тэр дотор зүүний үзэл бодолтой намууд байсан. Бүгдээрээ барууны чиг баримжаатай нам болох байх гэтэл гэдсэндээ хөлөө жийлцсээр байгаад өрсөлдөгч улс төрийнхөө хүчинд ашиглагдаад дуусч байна. Барууны үзэл бодолтой нам нь нэг талдаа гараад, зүүний талыг баримтлагч нь тусдаа гараад явбал сайн. Гэтэл тамга тэмдэг дээрээ бөөн юм болоод л байх шиг байна.

-Дээд шүүх хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзаад байгаа шүү дээ. Хоорондоо эвлэрээд ир гэдэг…

-Өнөөдөр хэн төр барьж байгаа билээ. Дээд шүүх тэдний талд л үйлчилнэ. Шүүх биеэ даасан байх ёстой гэдэг боловч үнэн хэрэгтээ янз бүрийн сувгаар улс төрийн өндөрлөгүүд нөлөөлдөг шүү дээ. Ямар ч байсан АН-ыг туйлдуулъя гэсэн бодолтой байх шиг байна. АН өөрийгөө аварч чадах байх гээд найдаж байна даа.

-АН-ын лидерүүдээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхим байгуулагдсан байна лээ.Та тэдэнд хэр найдаж байна?

-Хуучин барууны чиг баримжаатай талын улсууд зөвлөхүүдийн танхимд харагдаж байна лээ. Ийм хүмүүс зөвлөх юм чинь АН аятайхан зөв голдиролдоо орох байх гэж харж байгаа.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа хилийн чандад суух Элчин сайдын нэр оруулж ирсэн. Нэг дор 25 хүнийг ингэж бөөндсөн нь гадаад талд Монголыг хэрхэн дүгнэхэд хүргэсэн бол?

-Намынхаа үзэл бодлын үүднээс асуудлаа шйдэж байгаа нь мэдээж шүү дээ.Яагаад гэвэл Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох эрхтэй. Өмнөх хүмүүс нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн томилгоо гэж үздэг юм байлгүй дээ. Энэ Ерөнхийлөгч өөрийнх нь тэргүүлж байгаа төрийг төлөөлөх хүмүүсээ Элчин сайдаар явуулж байгаа. Харин гадаад талд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч ийм бодлого явуулах нь гэсэн баримжаа өгч байгаа л даа. Коммунист угшилтай МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, тэр намын дарга байсан хүн цаашдаа Монголыг хэдэн жил удирдах юм, ийм хуучин коммунист маягийн бодлого явуулах юм байна даа гээд бодох биз ээ.

-Манай улс яагаад коммунизмаас татгалзаж болдоггүй юм бэ. Улс төрийн намууд энэ тал дээр ямар алхам хийх ёстой вэ?

-Коммунизм энэ 30 жилд дуусдаггүй юм байна. Тэр тусмаа манайх буруу явсан учраас. Зүүн Европын орнууд эргэж буцалтгүй коммунизмаас татгалзсан шүү дээ. Тэдгээр орнууд коммунист намыг тараагаад шинээр байгуулсан. Манай ардчиллын удирдагчид хувьсгал эхлүүлж байхдаа коммунист намыг тараагаагүй явсан юм. Өөрсдийнх нь алдаа тэр шүү дээ. Одоо хар толгой руугаа шаах хэрэгтэй.Ард түмэн бол ямар ч төрийн дор амьдарчихдаг. Чингисийн үед бөө мөргөлөө шүтээд, дунд зуунд лам нартаа мөргөөд амьдраад л ирсэн. Дараа нь коммунистуудад 70 жил залбираад амьдраад л болсон. Монголчууд төрийг маш сайн ойлгодог ард түмэн.

Дахин хэлэхэд, АН-ын хуучин удирдагчдын хамгийн том алдаа бол дэлхий нийтээр коммунист намыг тарааж байхад цус урсгана гээд эмээсэн. Нам тараахад юу гэж цус урсгах вэ. Хуулиар тараачихад л болох зүйл. Тэр олон орнууд бүгдээрээ тэнэгүүд биш шүү дээ. Алтан хараацайнуудын өөрсдийнх нь алдаа.

-Сөрөг хүчин бодлогын өрсөлдөөн явуулахгүй байна гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Харин таныхаар сөрөг хүчин ямаршуухан байна?

-Улс төрийн нэгдсэн платформ алга байна шүү дээ. АН-ынхаа платформ дээр барууны орнуудтай хамтын ажиллагааг дэмжсэн улс төрийн бодлого явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, марксизм, коммунизмыг эсэргүүцсэн зүүний нугалаануудыг эсэргүүцсэн улс төрийн тийм бодлогод нэгдвэл улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадна шүү дээ. Тэрнээс хүн тойрч нэгдээд явахгүй. Үзэл бодлоо тойрч нэгдэх нь зөв.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин могой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 20, Ангараг гариг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно