Categories
мэдээ нийгэм

Л.Баттөр: Элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын B,C вирусийн халдвараас үүдэлтэй

Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултанд хариулт өглөө.

Тэрээр Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа юм. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь “гепатит”-ын В,С вирусийн халдвараас үүдэлтэй нь судалгаагаар тогтоосон гэлээ.
Монгол улс 2011 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “гепатит” өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жилийг “Гепатит… хүлээхгүй” уриатайгаар тэмдэглэж байна. Мөн гепатитын вирусийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирусийн архаг халдвартай хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэхийн ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бүхий үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна.
Дэлхий дахинд 325 сая хүн вирүст хепатитийн халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад Гепатитын С, B вирусийн архаг халдвартай 400,000 хүн амьдарч байна.
Гепатитын В вирусийн эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолт нэвтрүүлсэн В вирусийн халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдол болсон. 2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд гепатитын В вирусийн халдвар тээгчдийн тархалт буурч ДЭМБ НДББ-ийн зорилтонд хүрсэн. Мөн гепатитын А вирусийн эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст гепатитын өвчлөл 10,000 хүн амд 1.0 тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурчээ.
Categories
мэдээ нийгэм

Хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон шалгаруулан тусгаарлажээ

Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийн судалгаа гарган, сонгон шалгаруулах, тусгаарлах арга хэмжээ авч байна. Тодруулбал, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гаргаж, долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ авч, тусгаарлаж байгаа талаар Засгийн газрын ХМХХ-ээс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд хилийн боомтоор өдөр 200 гаруй машин нэвтэрч байна. Гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаагаас 100 нь ачаагүй, 10 нь нүүрс ачсан машин байгаа бол орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашин нэвтэрч байна.

Замын-Үүд суман дахь ачааны автомашины бөөгнөрлийг багасгаж, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.

Түүнчлэн импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, ариутгалын төхөөрөмжийг ажлын дөрвөн өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа, эрт илрүүлэг, оношлогоо хийх зорилгоор эрүүл мэндийн үзлэгийг “Асралт мед” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, рентгэн, цусны даралт, зүрхний цохилт хэмжиж, эрдэс амин үзүүлэлтийг үзэх юм.

Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд НОБГ, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

222223820_141685981434347_2913197814287797110_n-70ynsuh6oi3z6g6so95509tfqjirvsq4fhpmp9dcx1c.jpg



Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Сайед Моллай Казахстаны Хамза Дидартай таарч, цэвэр яллаа

32 дахь удаагийн “Токио 2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограммын барилдаан үргэлжилж байна.

Уг жингийн барилдаанд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай Казахстаны жүдоч Хамза Дидартай таарч, цэвэр яллаа.

Тэрбээр шөвгийн 16-д Азербайжан Улын тамирчин Мурад Фатиевтэй барилдах юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Б.Ганхайч Бразилын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Б.Ганхайч шөвгийн 16-д Бразилын 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Кетлин Куадрост ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн идэвхжлийг хянах, бүртгэх таван станцыг нэмж байгуулна

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, Газар хөдлөлтийн идэвхжлийг хянах болон бүртгэх таван станцыг нэмэлтээр байгуулах шийдвэр гаргажээ.

1. Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц байгуулах, гамшгаас амжиж анхааруулах системийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, мөн газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

2. Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

3. Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,

4. Объектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт объектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Michel&Amazonka: Олимпийн загварыг бэлэн болгоход үндсэндээ хоёр жил зарцуулсан


Токиогийн зуны олимпод оролцож буй Монголын баг, тамирчдын хувцсыг урласан “Mi­chel & Amazonka”-гийн эгч, дүүстэй ярилцлаа. Michel&Amazonka брэндийг эгч, дүү дизайнер Ч. Янжиндулам (Michel),Ч. Нямханд (Ama­zonka) нар бий болгожээ. Эгч, дүү загвар зохион бүтээгчид 2013 оноос хамтарч ажиллах болж, эгч Ч.Мөнхжаргал Австралид төслийн менежмэнтээр суралцаж ирээд, дүү нарынхаа гарааны бизнесийг дэмжих болсноор Мишээл Амазонка компанийн түүх бичигдэж эхэлжээ. Өдгөө Ч.Мөнхжаргал тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.


-Монголын баг тамирчдын хувцас хүмүүст их таалагдаж, энэ тухай яриа хөөрөө сошиалд өрнөж байна. Олимпийн нээлтийг та бүхэн бусдыг бодвол илүү догдолж үзсэн болов уу?

Ч.Мөнхжаргал: -Нээлт эхлэх үед том дэлгэцтэй газар олоод, хамт олноороо хөгжөөн дэмжигчдэд зориулсан футболкуудаа өмсөөд, дэлгэцээ ширтэж суусан. Яг Монголын тамирчид гарах үед бөөнөөрөө баярлаад, хундага тулгасан даа. Анх удаа хамт олноороо олимпийн нээлт үзсэн маань энэ. Миний хувьд хамгийн их сэтгэл хөдлөлтэй үзсэн олимпийн нээлт болж таарсан.

-Гадныхан ч монгол тамирчдын хувцсыг магтсан байна лээ. Хүмүүсийн магтаал, шүүмжлэлийг хэр их мэдрэв?

Ч.Мөнхжаргал: -Сошиал сувгуудаар мэдээллүүдийг харж байгаа л даа. Гадны хүмүүс ингэж гоё хүлээж авна гэж бодоогүй. Яг тамирчид маань гарч ирэхэд манайхан яаж хүлээж авах бол гэж догдолж бас жаахан түгшиж байлаа. Тамирчид хувцсаа бидний хэлснээр тохируулж өмсөх болов уу, товчоо дутуу товчилсон байх вий гэж эмээж байв. Гэтэл зөв өмсөж, зайгаа аятайхан бариад алхацгаасан. Туг барьж байгаа хоёр маань ч нэг их өндөр, нам биш юм байна. Зарим орны тугчид тугаа булаацалдаад байсан шүү дээ. Манайхан тэгээгүй. Их гоё байсан. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Манайхан зарим нь баярын нулимс унагасан.

-Манай тамирчдын өмссөн “Хийморь” загвар юуг бэлгэдэж байгааг зохион бүтээгчид нь тайлбарлавал сонирхолтой байх болов уу?

-Спорт загвараа “Оргил”, парад загвараа “Хийморь” гэж нэрлэсэн. Энгэр дээрх хээ нь морийг дүрсэлсэн. Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож, хурд хүч, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтайгаар дүрслэн, монгол үндэсний үүлэн хээ, угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн. Хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар хатгаж хийсэн юм.

Оргил өөд тэмүүлье, номер нэг байгаарай гэдэг үүднээс спорт загвараа “Оргил” гэж нэрлэсэн. Уулны шовх үзүүртэй дүрсийг сонгож авсан. Хувцаснууд маань Монгол Улсын төрийн далбааны өнгүүдтэй. Улаан, хөх өнгөтэй. Шар өнгөө алтлаг өнгөөр оруулсан. Парадны хөх өнгө маань монголчуудын хамгийн дуртай өнгө. Япон маш халуун учраас цайвар өнгийн спорт хувцас тохиромжтой гэж үзсэн.

-УИХ-ын нэгэн гишүүн “Тамирчдын хувцас таалагдлаа. Мишээл Амазонкогоос хувцасхудалдаж авна” гэж жиргэсэн байна лээ. Ийм хүсэлтэй хүмүүс их хандаж байна уу?

– “Худалдаж авмаар байна” гэсэн хүсэлт их ирж байгаа. Бид яамтай пара олимп дууссаны дараа есдүгээр сард олон нийтэд худалдаалах эрхтэй гэж гэрээ байгуулсан. Түүнийгээ мөрдөнө. Хүмүүсээс хүсэлт их ирсэн учраас биеийн тамирын хувцсандаа урьдчилсан захиалга авч эхэлсэн. 150 сет хувцасны захиалгыг үйлдвэр рүүгээ шилжүүлээд, хийж эхэлнэ. Парадны хувцсыг хантааз болгож хувиргаад, захиалга авч байгаа. Гол нь тамирчдаа ялгаруулах зорилгоор хийсэн загвар учраас тамирчдад тэр загвар нь үлдэг. Олон нийтэд зориулаад хантааз хэлбэрээр гаргах нь тохиромжтой болов уу гэж үзсэн.

Amazonka: -Хандалт их байгаа учраас зарим нь бидний загварыг хуулбарлаад хийж байгаа нь онцгүй санагдаж байна. Олимпийн загварыг бэлэн болгоход үндсэндээ хоёр жил зарцуулсан. Чанартай сайн материалуудаар хийсэн хувцсыг маань гадуур чанаргүй материалаар, муухай хийцтэй гаргаад байна. Энэ нь манай бүтээгдэхүүний талаар сөрөг сэтгэгдэл үлдээх эрсдэлтэй. Оюуны өмчийг дээдлэх учиртай. Бид загваруудаа оюуны өмчөөр баталгаажуулсан.

-Мишээл Амазонка гэхээр гадаад хүмүүс урласан юм болов уу гэж зарим хүмүүс андуурч мэдэх юм. Яагаад энэ нэрийг сонгох болов?

Michel: -Бид фэйсбүүк орж ирэхээс өмнө блог хөтөлдөг байсан юм. Загварын блог хөтөлж байхдаа өөртөө Mi­chel гэдэг нэр авсан, Ama­zonka гэдэг нэрийг дайчин эмэгтэй гэсэн утгаар манай ах өгсөн. Блог хөтөлж байхад энэ нэрээр маань олон хүн мэддэг болсон.

Amazonka: -Гадаад нэрээр дуудаж байгаа ч бид зүгээр л Янжиндулам, Нямханд гэдэг нэртэй монгол охид. Дэлхийд алдартай гадны загвар зохион бүтээгчид шиг танигдахыг оюутан байхдаа хүсдэг байсан. Мишээл Амазонка гэдэг нэрийг нийлүүлэхээр гоё санагдаад тэгээд л энэ нэрээрээ явсан. Манайхан бас монгол хүн байж монгол нэрээрээ явсангүй гэдэг. Солонгосын алдартай хамтлагууд ч дуудахад хялбар гадаад нэртэй байдаг шүү дээ.

-Ч.Нямханд гэдэг төвөд нэр үү. Ямар утгатай вэ?

Amazonka: -Нарандагина гэсэн утгатай. Янжиндулам гэдэг урлагийн дагина гэсэн үг. Манай өвөө нар лам, бичгийн хүмүүс байсан болохоор ийм нэр өгсөн.

-Michel бас охиндоо Мишээл гэдэг нэр өгснийг бодоход ийм нэртэй байх дуртай бололтой?

Michel: -Байгууллагаа нээсний дараа охин маань миний ажлыг үргэлжлүүлээсэй гэж ийм нэр өгсөн юм. Хөөрхөн инээж яваг гэж бас хүссэн.

-Amazonka бас дуулах дуртай. Хамтлагт дуулж байсан гэж сонссон?

Amazonka: -Бараг арав гаруй жилийн өмнө л дуулж байсан. Төгсөөд ажил хийж эхэлснээсээ хойш дуулахаа завсарласан гэж болно. Хэрэв дуулбал цаг зарцуулж, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Одоохондоо дуулах цаг зав гарахгүй байгаа. Хэзээ нэг цагт эргээд дуулах байх гэж дотроо найддаг (инээв)

-Та хоёр хоёулаа Урлах эрдэм дээд сургууль төгссөн үү?

Michel: -Намайг төгссөний дараа Amazonka бас сурсан.

-“Урлах эрдэм” сургуулийг төгссөн маш чадалтай, бие даагаад бизнес хийж байгаа мундаг уран бүтээлчид олон байдаг. Багш нараас бас шалтгаалдаг болов уу?

Michel: -Ер нь тийм. Манай багш нар маш сайн. Г.Тунгалаг багш маань маш мундаг урлагийн мэдрэмжтэй хүн.

Amazonka: -Бидэнд суурь мэдлэг өгч боловсруулахаас гадна хувь хүн талаас нь хөгжүүлдэг, манай захирал. Манай хичээл маш шахуу байдаг байсан. Биднийг ер зүгээр суулгаж байгаагүй. Хэр баргийн хүн тэр сургуулийг төгсөхөд амар биш. Авьяастай хүн л төгсөнө. Гадаадад суралцах уу гэж хүмүүс их асуудаг. Бид хоёрын хувьд Монголдоо боловсрол эзэмшээд, өдий зэрэгтэй явж байгаадаа бахархдаг.

Michel: -Манай сургуульд дизайнер хүний мэдэх ёстой бүгдийг заадаг. Дизайнер хүн сайн эсгүүрчин, зохион бүтээгч, оёдолчин байх ёстойг ойлгуулж, олон мэргэжлийг зэрэг эзэмшүүлсэн.

-Ээж тань бас уран хатгамал хатгадаг авьяастай хүн гэж сонссон. Энэ чанар охидод нь өвлөгдөж үлдсэн юм болов уу?

Michel: -Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс биш. Гэхдээ гоё зурдаг. Ээж маань сайхан хатгамал хатгадаг байсан. Ээж бас дэгээ зүүний нэхээс хийдэг байлаа. Гэрээрээ дүүрэн хатгамал хатгасан. Түүнээс нь бид урам зориг авсан. Нийгмийн шилжилтийн үед амьдрал бас амар байгаагүй. Арьсны үйлдвэрээс өөдөс цуглуулж аваад сандалын бүрээс, цүнх хийдэг байсан нь санагдаж байна. Ээж маань хүний эмч хүн. Түргэн тусламжид олон жил ажилласан. Хүүхдүүдээ төрүүлээд, гэртээ байх хугацаандаа маш их юм хийдэг байсан. Бидний загварт нарийн хийц заавал ордог. Ээжийн маань нөлөө болов уу гэж боддог.

-Тамирчдын хувцсанд бас хээ угалз их байсан. Тэр бүхнийг гараар мэтгэх үү, машин оролцдог уу?

Michel: -Холимог байгаа. Том хэмжээний хатгамалд машин хатгамал орно. Жижиг деталиуд, чимэглэл гар ажиллагаагаар явдаг. Манайд хоёр ч хүн гар ажиллагааг хариуцаж ажилладаг. Зарим хатгамлыг гараар гүйцээхгүй бол болдоггүй.

-Michel Азийн шилдэг таван загвар зохион бүтээгчийн нэгээр шалгарч байсан юм билээ. Та бүхний өөртөө сэтгэл хангалуун байсан мөч юу вэ?

Ч.Мөнхжаргал: -2016 онд шилдэг старт-ап компани болоход би хувьдаа баяртай байсан. МҮХАҮТ-аас биднийг үнэлээд, сонгон шалгаруулсанд баяртай байсан.

Michel: -Олимп юм уу даа. Монголчуудынхаа сэтгэлд нийцсэн хувцас урлана гэдэг хамгийн сайхан. Ковидоос өмнөхөн бидэнд гаднаас захиалга ирсэн. Загварууд маань тэдэнд таалагдсан гэдэг мэдрэмж хамгийн гоё байсан. Харамсалтай нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэр захиалга цуцлагдсан л даа.

-Та бүхний мөрөөдөл, дараагийн алхам юу байх бол?

Michel: -Монгол Улсынхаа хувцас загварын хөгжилд томоохон хувь нэмэр оруулмаар байна. Монголын хувцас загвар гэхэд үзүүлэх харуулах юмтай байх нь бидний хамгийн том зорилго.

Amazonka: -Үндэсний хувцас өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх шаардлагатай гэж үздэг. Өнөөгийн суурин амьдралд үндэсний хувцсаа зохицуулж, залуусынхаа хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд гаргаж ирэх нь зөв гэж боддог. Үндэсний хувцас яг хэвээрээ байх ёстой гэвэл хэрэглээ нь улам багасна гэсэн үг.

-Хувцас загвар, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг та бүхний хувьд ковидын нөхцөл байдал яаж нөлөөлж байна?

Ч.Мөнхжаргал: -Ихэнх хүмүүс гоёлын хувцсыг түр хойш нь тавьсан шүү дээ. Гэр орондоо өмсөхөд тохиромжтой, биед эвтэйхэн хувцас илүү сонгох болсон. Одоо эргээд гоёлын хувцсууд маань гарч ирж байгаа. Сонгон шалгаруулалтад тэнцээд, яамнаас биднийг сонгосон нь ковидын үеийг давахад их хувь нэмэр боллоо. Бид нэг ч хүнээ цомхотгоогүй. Олимпийн хувцсан дээрээ төвлөрч ажилласан.

Categories
мэдээ нийгэм

COVID-19: Нийт батлагдсан тохиолдол 159.101, нас баралт 789 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 1115 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа. Нийт батлагдсан тохиолдлын 357 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

АНУ, Иракаас цэргээ татахаа зарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадхимийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр уг уулзалтын дараа АНУ цэргээ Иракаас энэ оны сүүлээр гаргахаар болсныг зарласан байна.

Одоогоор АНУ-ын 2500 орчим цэрэг Иракт байрлаж, Исламын улс зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд нь тусалж байгаа юм. Америкийн ихэнх цэргүүд оны сүүлээс Иракийг орхих бөгөөд Иракийн армийг сургах, зөвлөх зорилготой цөөн хэсэг нь үлдэх юм байна.

АНУ цэргээ Иракаас гаргахаа зарлав

АНУ-ын цэргээ Иракаас гаргах нь Иранд давуу тал болж магадгүй гэж судлаачид үзэж байна. Тегеран олон жилийн турш Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөгөө тогтоохыг хичээж байгаа ба үүнд нь гол саад болж байсан хүчин зүйл нь АНУ-ын цэрэг байв.

Ираны эрх баригчид иргэний дайныг ашиглан Сири улсад нөлөөгөө нэмэгдүүлж, өөрийн холбоотон Хезболлах бүлгийг Ливан дахь хамгийн хүчирхэг байгууллага болгосон юм.

Categories
гадаад мэдээ

ТОКИО 2020: 63 мянган хүн амтай Бермуд түүхэн дэх анхны алтан медалиа авлаа

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпийн наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.