Categories
мэдээ нийгэм

Иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төвийн барилга барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.

Иргэдэд үйлчлэх төвийн барилга зоорийн давхрын хамт гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм. Гүйцэтгэгч байгууллагаар “ДМТМ трейд” ХХК ажиллалаа.


Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Л.Отгонбаатар эхний тойрогт яллаа

Өнөөдөр Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр. Эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.

Л.Отгонбаатар эхний даваанд Европын аваргын хүрэл медальт Эстонийн Г.Минаскинтай барилдлаа. Хоёр бөх нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, улмаар нэмэлт цагт өмсөх мэхээр манай бөх яллаа. Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.
Categories
мэдээ спорт

Латви болон АНУ-ын шигшээ багууд 3х3 сагсан бөмбөгөөр олимпийн анхны аварга боллоо

Анх удаа олимпийн спорт болон нэрлэгдсэн 3х3 сагсан бөмбөгийн анхны аваргууд өчигдөр тодорлоо.

Эрэгтэйчүүдийн төрөлд Латвийн шигшээ баг ОХУ-ын багийг 21-18 харьцаагаар хожиж анхны аваргууд болсон бол Сербийн шигшээ баг Бельгийг 21-10 харьцаагаар хожин хүрэл медалийг хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын шигшээ баг мөн ОХУ-ын багийг 18-15 харьцаагаар хожин алтан медалийг хүртсэн бол Хятадын шигшээ баг Францыг 14-16 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэд болсон.

ОХУ-ын баг ийнхүү анхны олимпоос хос мөнгөн медальтай болж байгаа бол зохион байгуулагч Японы хоёр баг шөвгийн наймд ялагдан тэмцээнээ дуусгасан.

Categories
мэдээ нийгэм

Үерт урссан 12 настай охины цогцсыг олжээ

Увс аймгийн Тариалан сумын Цалгар гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тунадас буужээ. Улмаар үер бууж, мал хариулж явсан бага насны нэг хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлага эл өдрийн 18:30 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 11:45 цагт Шар шувуутын-Ам гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай эмэгтэй У-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл болон Хөшигийн хөндийн нисэх буудал хооронд буухиа автобус явж эхэллээ

Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм. Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан. Харин өдгөө Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ, шаардлага үүссэн юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК болон “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран дээрх төслийг хэрэгжүүлэхээр “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК буюу товчилсон нэрээр “UBUS” LLC-ийг байгууллаа. Тус компани нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.

Тасалбар борлуулах цэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна. Мөн онлайнаар буюу www.ubus.mn сайтаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм.

Автобусны маршрутыг танилцуулъя.


Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Өнөөдөр манай дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу доlдугаар сарын 29-ны өдөр манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилийн Петер Палтчик хүлээж байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрээр дэвжээний найм дахь барилдааныг Израилийн Инбар Ланиртай хийнэ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Засгийн газраас сар бүр Саейд Моллайд гурван сая төгрөгийн урамшуулал олгоно

Жүдо бөхийн -81 кг жинд зодоглосон Монгол Улсын иргэн Сайед Моллай олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүнд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Тус зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан бөгөөд

  1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Монгол Улс хэмжээлшгүй эрхт засагтай болох тал руугаа орчихлоо

АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-АН-ын дотоод асуудлын талаар ярилцлагаа эхэлье. Танай нам хагаралтай байгааг бүгд мэднэ. Нийгэмд тамга тэмдэг, эрх ашгийн маргаан мэт харагдаж байгаа ч мөн чанартаа үзэл бодлын ялгарлаар хоёр талд гарчихаад байна уу?

-Хуульч хүний хувьд хуулийн хүрээнд асуудлыг яримаар байна. Намын дотоод хагарал хэзээ бий болсон гэдгээс эхэлье. 2020 оны долдугаар сард АН сонгуульд ялагдаад намын дүрмийн дагуу С.Эрдэнэ гэдэг хүн хариуцлага хүлээж тамгаа түр хүлээлгэж өгөөд, намын даргын сунгааг явуулсан. Ингээд сонгогдсон хүн нь намын даргаа аваад яв гэсэн шүү дээ. Нам шинэчлэгдэх ёстой. Харамсалтай нь энэ шинэчлэлийг хийхээсээ өмнө хэн шинэчлэх ёстой вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой байсан. Яагаад гэвэл аль ч нам эхлээд удирдлагын асуудлаа шийдчихээд тэр хүн нь цааш авч явдаг. Тэгэхээр М.Тулгат гэдэг хүнийг АН-ын их хурлаар баталгаажуулсан. Гэтэл нөгөө талд О.Цогтгэрэлийг сонгосон байсан. Бүх улс өөрийн гэсэн хууль, дүрэмтэй. Хэрэв хууль дүрмийнхээ дагуу аль талд байна гэдгийг тохироод явчих ёстой. Хэн тохирохгүй байна гэдэг нь асуудал болчихоод байгаа юм. Жишээлбэл, эрх мэдэл нь үү, хууль, дүрэм, журам нэгдүгээрт байна уу гэдэг нь хамгийн том асуудал. С.Эрдэнэ байнга хэлж байгаа. “О.Цогтгэрэл нь ч байна уу, М.Тулгат нь авна уу хамаагүй. Гол нь дүрэм журмынхаа дагуу хурлаа хийгээд сонгогдоод яв” гэдэг. Тэгэхээр өнөөдөр нам хагарсан гэдэг ойлголт биш. Хэсэг бүлэг этгээд намын эрх мэдлийг авах гэж намын гишүүдийг талцуулсан үйлдэл харагдаад байгаа юм.

-Хоёр тал ширээний ард суугаад ярилцсан удаа байна уу?

-Миний хувьд энэ намын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга хүн. Нөгөө талын хүмүүсээс нэг нь ч над руу сайн дураараа утасдаад, “Алив О.Баасанхүү чи хуульч хүн байна даа, сууж байгаад бүгдээрээ ярилцъя. Үнэхээр бидний буруу бол намын төлөө буулт хийе. Бидний зөв бол үүнийгээ цааш нь авч явна. Цаана байгаа хүмүүстээ ойлгуул” гэж хэлэхгүй байгаа.

-Улсын дээд шүүх АН-ын дараагийн даргыг бүртгэхгүй гацаагаад байгааг та юу гэж харж байна вэ. С.Эрдэнэ мэдээллийнхээ үеэр Үндсэн хуулийн Цэцэд хандана гэж байсан?

-Улсын дээд шүүх яаж бүртгэх вэ гэдэг журмаа баталчихсан. Тэр журмаараа бичиг баримт өгсөн хүмүүс хуучин шиг хуралдаанд оролцоод өөрсдийгөө тайлбарлах эрх нь байхгүй. Өгсөн бичгийн хүрээнд шийдвэр гаргахдаа нийт шүүгчдийн бүрэлдэхүүнээр шийдэх ёстой. Нэг удаа шийдсэн. Шийдэхдээ хоёр тал зэрэг материал өглөө. Тийм учраас асуудлаа дахин нягтал гээд буцаасан. Бид нягтлаад өгсөн. Зөвхөн илтгэл шүүгчийн зүгээс “Бүх шүүгчийн хуралдаанд орох шаардлагагүй анхны зөрчил арилаагүй байна” гэж хэлээд байгаа. Үүнийг буруу гэж үзэж байна. Энэ бол шүүн таслах үйл ажиллагаа биш. Журмаараа бол би хэдэн ч удаа бичиг өгч болно. Тэд бүх шүүгчдийн хуралдаанаараа оруулаад зөвхөн бүх хуралдааныхаа дүгнэлтийг тогтоол хэлбэрээр нь танилцуулж байх ёстой. Бидний зүгээс Улсын дээд шүүхийн ялангуяа захиргааны шинжтэй тогтоол шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд явах эрхтэй.

-Танай намыг эвлэрээд ирвэл бүртгэнэ гэсэн шаардлага тавиад байгаа шүү дээ. Намын дотоод асуудалд Дээд шүүх оролцох хуулийн зохицуулалт байдаг юм уу?

-Дээд шүүх бүх гишүүдийн хуралдааны тогтоолоо бидэнд өгөх ёстой. Тогтоол өгөхгүйгээс болоод бид дараа дараагийнхаа хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулах эрх маань хаагдаад байна. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдээсэй гэж хүсч байна. Тэгээд ч улс төрийн намын дотоод асуудалд Дээд шүүх ордоггүй. Зөвхөн хууль, дүрмийн дагуу байна уу гэдэг нь чухал. Түүнээс “Тэр дүрмээ баримтлаад хийсэн аливаа шийдвэрийг таатай хангасан байна, таагүй хангасан байна” гээд улс төрийн намын бүхэл бүтэн үйл ажиллагааг, тэр дундаа эрх зүйн чадамжийг хагас байдалтай байлгаж болохгүй. Тэгээд ч наймдугаар сарын 10-нд мэдэгдэл хийхэд дахиад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дүр зураг үүсчих гээд байна. Тиймээс уг асуудлыг Дээд шүүх хурдан шийдээсэй гэж хүсч байна.

-Б.Пүрэвдорж гишүүн, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар намынхаа эв нэгдлийг хангахын тулд онц их хурал хуралдуулахыг уриалж намын гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. Ингэхэд хоёр талд гарсан АН эвлэрэх боломжтой гэж үзэж байна уу?

-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байсан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг бодоход туршлагатай, АН-ын урдаа барих улстөрчдийн нэг учраас хүндэлж байгаа. Эв нэгдлийн төлөө ямар нэгэн алхам хийх гэж яваа бол хүндэтгэж, аль болох өөрийнхөө талаас боломжороо дэмжмээр байгаа юм. Хамгийн гол нь бүх юм хууль, дүрмийн дагуу байгаасай гэж хүсч байна. Дүрэмд 100 мянган хүнээс гарын үсэг цуглуулаад онц их хуралдаан хуралдуулах эрхтэй гэж бичсэн юм уу, бичээгүй юм уу. Аливаа улс төрийн нам бол анхдугаар их хурлаа хийгээд дараа нь Улсын дээд шүүхэд бүртгүүлээд хуулийн этгээдийн эрхээ авдаг байгаа. Энэ дагуу дүрмээ тодорхой хэмжээгээр өөрчлөөд, засч, шинэчлээд явдаг. Тухайн нам, хуулийн этгээд татан буугдаагүй цагт тэр дүрэм нь намын үндсэн хууль гэсэн үг. Тэгэхээр хууль дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр эвлэрэх ёстой гэвэл бүх талаа уулзуулаад, хэвлэл мэдээллийг байлцуулаад олон нийтийн өмнө зөвшилцөл хийж болох юм. Яагаад гэвэл хууль дүрмийн дагуу бүх юм хийгдэх ёстой. Тэрнээс хэдэн зуун мянган ч гарын үсэг цуглуулсан бай онц их хурал хуралдуулах тухай АН-ын дүрэмд огт байхгүй. Үүнийг зохион байгуулах нь хүчин төгөлдөр хуулийн этгээдийн хувьд боломжгүй. Шинээр нам байгуулах гэж байгаа бол өөр асуудал.

-Сөрөг хүчин сул ажиллаж байна гэсэн шүүмж байнга хүртдэг. Яаж ажиллах ёстой вэ?

-Сөрөг хүчний хувьд сул байна гэдэгтэй би санал нэг байгаа. Сөрөг хүчин гэдгийг зөвхөн АН гэж хэлмээргүй байна. Өнөөдөр МАН хэт үнэмлэхгүй олонх болчихсон. Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай, парламентад 62 суудалтай ийм үед бүх нам сөрөг хүчин юм гэж бодож байгаа. Ковидоор жишээ авахад өдөрт 1000 гаруйгаар илрээд долоо, найман хүн нас бараад байна гэж яриад байгаа. Бодит байдал дээр тийм биш гэж бодож байна. Яагаад гэвэл 700 хүнтэй эмнэлэгт 1100 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ бол шинжилгээ авч байгаа хүмүүс нь бага байна. Эсвэл худлаа мэдээлэл өгөөд байна уу. Миний хувьд ингэж хардах эрх байгаад байна. Ногоон нам, Бүгд найрамдах нам ч байдаг юм уу зөв зүйлийн төлөө нэгдэн сөрөг хүчин байдлаар эрх баригчдад хяналт тавьж явахгүй бол өнөөдөр энд магадгүй Монгол Улс хэмжээлшгүй эрхт засагтай болох тал руугаа орж байна. Дарангуйлал бол үүсчихсэн байна. Тиймээс үүнийг анхаараасай гэж хүсч байна. Өнөөдөр би өөрөө хүртэл сөрөг хүчний нэг төлөөллийн хүн. Өөрийгөө хүртэл хангалттай ажиллаж байна гэж бодохгүй байгаа. Тэгэхээр сөрөг хүчин гэдэг бол АН биш шүү. Бүх хүн, бүх намыг хэлж байна.

-Нөхөн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэл даргатай АН-аас М.Хүдэрбаатар нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн гашуун туршлага бий. Эрх баригчдын мэхэнд унахгүйн тулд нөхөн сонгуульд оролцохоосоо өмнө дотоод зөрчлөө нэг мөр шийдэх ёстой юм биш үү?

-Энэ тал дээр надад албан ёсны мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл гишүүний талд зогсож байгаа хүмүүс хэнийг дэвшүүлэхээ юу гэж яриад явж байгааг би мэдэхгүй. Миний ойр орчимд байдаг хүмүүсийн тухайд одоогоор ямар нэгэн хүний тухай яриагүй байна. Өөрөө дэвших сонирхолтой хүмүүс олон байгаа. Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн асан дэвших үү гэвэл албан ёсоор яригдаагүй. Түүний тухайд хувь хүний байр сууриа илэрхийлэхэд хоёр удаа Хэнтий аймгаас сонгогдсон хүн. Хэнтийд асар их хөрөнгө оруулалт оруулж, орон нутгаа аймаг шиг аймаг болгож чадсан гэж боддог. Б.Гарамгайбаатар гуайг олон жил хонгилоор чирээд үнэнд гүйцэгдэж буруугүй гэдэг нь тогтоогдсон. Ер нь ажил хийсэн хүнийг хонгилоор чирэх буруу. Ийм тохиолдолд тэр хүн хэнтийнхээ төлөө ажиллах юмсан гэх нь буруу биш гэж бодож байна. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх асуудал албан ёсоор яригдаагүй гэдгийг дахин хэлье.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Гэтэл Дээд шүүх С.Эрдэнийн тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн намын даргыг бүртгэхгүй байгаа. Хэрэв С.Эрдэнэ хүчин төгөлдөр бус намын дарга гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх байсан. Үүгээрээ М.Тулгат даргатай АН албан ёсных гэж харагдаж байгаа. Хэрэв үгүй бол У.Хүрэлсүх ялалт байгуулсан Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр бус болно хэмээн Б.Гарамгайбаатар гуай ярьж байсан. Харин та хуульч хүний хувьд үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Бүх шүүгчдийн хуралдаанаар нэг удаа ороод буцаагдсан. Бид засан сайжруулах ёстой бүгдийг засаад дахиад өгсөн. Энэ нь гурав, дөрөв дэх удаагаа давтагдаж байгаа. Ийм тохиолдолд нийт шүүгчдийн хурал хийгдээгүй байгаа учраас би хувьдаа Дээд шүүх зөвшөөрөхгүй байна гэж шууд дүгнэж чадахгүй. Харин хуралдаанд оруулахгүй байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл, Улсын дээд шүүхийн хэн ч бай заавал хуралдаанд оруулах үүрэгтэй. Энэ бол хэрэг хянан хэлэлцэх процесс биш. Дээд шүүхийн ерөнхий шүүгч байна уу, энгийн шүүгч нь байна уу энд давуу эрх эдлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, тэд улсын бүртгэгчийн үүргийг хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Улс төрийн намуудын тухай хуулиар Дээд шүүх нь улс төрийн нам дээр бол улсын бүртгэгчийн үүрэг хүлээнэ гэж цорын ганц онцгой эрх олгосон байдаг. Тиймээс ирсэн материалыг аваад дамжуулах л үүрэгтэй. Гэтэл тэрэнд дүгнэлт хийгээд болно, болохгүй гээд Дээд шүүхийн хуралдаанд оруулахгүй байх эрх байхгүй. Одоогоор хуралдаанд оруулахгүй байгаа учраас шууд таны асуусан зүйлд шууд дүгнэлт өгч чадахгүй байна. Магадгүй нийт шүүгчдийн хуралдаанаар бүртгэхгүй байвал Б.Гарамгайбаатар гуайн хэлсэн шиг дараагийн шат хүртэл явахаас өөр гарц үлдэхгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл хуулийн хоёр ойлголт байдаг. Нэг нь “Де юре”, нөгөө нь “Де факто” гэж. Байгаа байдлаараа хүлээн зөвшөөрөгдөхийг “Де юре” гэдэг бол “Де факто” нь албажих гэсэн утгатай үг. Үнэхээр М.Тулгат даргатай АН нь хууль ёсны хүчин төгөлдөр гээд тогтоогдоод явчихсан байгаа. Де факто болгох гээд бид тогтоол буюу Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тэгэхээр Дээд шүүхийг хурдан Де фактогоо гаргаач ээ гээд байгаа юм. Хэрэв Де факто нь эсрэг гарчихвал Де юрегээсээ зөрчөөд бид зайлшгүй хоёр дахь шатны арга хэмжээ рүү орох болно.

-Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан асуудалд төв намаас ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа гэл үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Түүнийг огцруулахад хүргэсэн чулууг хаанаас шидсэн бол?

-Төрийн эрх мэдлийг хуйвалдааны замаар авч болохгүй. Энгийн байгууллагаар яривал, тухайн хүнд хариуцлага тооцох гэж байгаа бол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нь асуудлыг хэлэлцэж болохгүй гэдэг. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга коронатай тэмцэж яваад, өөрөө тэр халдварыг аваад эзгүй хойгуур нь асуудлыг оруулж шийдсэн байна лээ. Дайнаар ярих юм бол хүнд шарх авчихаад байхад нь түүнийг сайн байлдсангүй гээд торгуулийн суман руу шилжүүлчихэж байна. Ийм бүдүүлэг байж болохгүй. Тиймээс би Архангайнхан энэ хууль бус үйлдэлдээ илүү нухацтай хандах ёстой гэж харж байна. Ер нь цаашдаа төрийн байгууллагыг, төрийн албыг хуйвалдааны замаар авах гэсэн аливаа үйлдэлтэй бид хатуу тэмцэнэ. Мэдээж, шат шатандаа хянах ажлын хэсгүүд гараад явж байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Өнөөдөр ард иргэдийн амьдрал өөрчлөгдсөн үү. Л.Оюун-Эрдэнэ даргын ахалж байгаа МАН-д санал өгсөн хүмүүсээс тодорхой хариулт ирнэ байх. Яриад байсан, амлаад байсан наад зах нь маскгүй зунаа хийж чадсан бил үү.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа 25 улсад томилох Элчин сайдуудын нэрс оруулж ирсэн. УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ томилгоонд та ямар байр суурьтай байна вэ?

-25 улсын Элчин сайдыг томилсон нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ хэн хэнийг томилсон бэ гэдэгт шүүмжлэлтэй хандана. Би ОХУ-д томилогдсон Ө.Энхтүвшин гэдэг хүнийг нөгөө 24-өөсөө арай дөнгүүр нь юм уу даа гэж харж байгаа. Хойд Солонгост томилогдсон хүний тухайд бол “Энэ хүн томилогдохгүй бол өөр хэнийг томилох билээ дээ” гэж бодох жишээний. Гэтэл үнэхээр ажлыг нь дүгнэдэг үйл ажиллагааг нь сайжруулдаг гэдэг утгаараа Унгарын Элчин сайдад нэлээд чадалтай залууг чөлөөлж байгааг нь хараад харамссан. Ялангуяа гурав дахь хөршийн гол орны нэг АНУ-д томилсон Элчин сайдыг ойлгоогүй. Монгол Улс сүүлийн 30 жилийн түүхэнд орчин үеийн дипломат бодлогыг барьж хэрэгжүүлэх чадвартай мянга мянган боловсон хүчин байгаа. Миний хувьд дипломат албанд албан бусаар ажиллаж байсан. Монгол дахь Японы ЭСЯ-ны хуулийн зөвлөхөөр, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн, Ази, Номхон далайн парламентын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дипломат ёс, харилцаа, мессэж, дүгнэлт шийдвэрүүдийг Гадаад яаманд дөнгөж орж ажиллаж байгаа шинэ дипломатуудын дэргэд мэднэ. Гэтэл надаас 100 дахин дор хүн Элчин сайдад томилогдож байна гэдэг бол Монгол Улс шившгийн хөндий рүү орчихов уу гэж харж байгаа. Мэдээж улстөрчийн хувьд харагдах, хандлага өөр байгаа ч гэсэн энэ 25 хүн тус бүр дээр нь үнэлэмж байгаа. Хаана, хэнийг томилохдоо дахин анхаараач ээ гэж хүсч байна. Ерөнхийлөгч дахин нэг анхаарна биз дээ.

-Та хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Х.Нямбаатар сайдыг нэг ч шүүгчид хариуцлага тооцоогүй гэж хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юү?

-Би нэг зүйлийг хүсч байна. Бидний санах ой найман секунд байж болохгүй. Мэдээж, шударга ёсны төлөө тэмцэх сонирхолтой мянга, мянган хүн байгаа. Энэ дотор маш цөөхөн хүн эрх мэдэлд хүрдэг. Тэр хүмүүс ярьж байсан, амлаж байсан зүйл нь үнэн байв уу, худлаа байсан уу гэдгийг дахиад харах ёстой. “Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлгээр шүүгчдийн тухай маш ноцтой зүйл ярьсан. Гурван давхрын шүүгчдийн тухай асуудал хөндсөн. Дээрээс нь хууль шүүхийн байгууллагын янз бүрийн асуудал ч ярьсан. Эцэст нь Замын-Үүдийн мафи дээр буух шив дээ. Тиймээс би нөхөр ёсны хувьд, хүн ёсны хувьд бусдаасаа түрүүлж боломжоо авсан хүний хувьд “Та амласнаа биелүүлээч ээ” гэж хүсч байгаа юм. Яагаад гэвэл ард түмэнд эргэлзээ төрчихлөө.

Шүүх засаглал шударга байх ёстой. Шүүх засаглал шударга байхын тулд шүүж байгаа шүүгч нь өөрөө шударга байх ёстой. Тэгэхээр улс төрд гарахын тулд шүүж байгаа шүүгч, хянаж байгаа хуулийн байгууллагуудыг алдаатай гэсэн бол үүн дээр нэг цэг тавиач ээ. Хэрэв буруу бол уучлал гуйчих. Зөв бол бушуухан шийдчих. Тэгэхгүй бол ямар ч тохиолдолд би эргэлзсээр байх болно. Яагаад гэвэл энэ хүний буруутгаж байсан хүн нь өнөөдөр намайг буруутгах гээд сууж байна гэж бодно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу долоодугаар сарын 29-нд Улаанбаатар хотод суурин 21 цэгт 31 багийн 204 эмч, ажилтан ажиллаж, 9140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.





Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Сурахбаяр: Уул уурхайдаа түшиглээд хөгжих боломж бий ч Засгийн газарт манлайлал дутаад байна

Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяртай ярилцлаа.


-Уул уурхайн салбарт дажгүй хэрэгжиж яваа төсөл гэвэл “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” гэсэн алт зэсийн дөрвөн төсөл л байна. Эднийг эс тооцвол хайгуул зогссон, хөрөнгө оруулалт таг гацсан байдалтай байна. Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага үүсчихсэн гэж харагдаад байх юм. Та юу гэж бодож байна вэ?

-Хайгуул зогссон, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, таны хэлсэн төслүүдээс гадна алтны хоёр төсөл л дажгүй амжилттай хэрэгжиж байна даа. Манай улсын хувьд одоо байгаа төсөлдөө ханаад явах биш, уул уурхайн хөгжлийн шинэ шатанд гарах цаг ирчихсэн. Дэлхийн нөгөө өнцөгт уул уурхайн хөгжил ирэх хэдэн арван жилийг харж, цоо шинэ хандлага чиг рүү урагшлаад эхэлчихлээ. Гэтэл бид өнөө маргаашийнхаа асуудлыг шийдье гэдэг маягаар, уул уурхайн салбартаа богино зайны тоглолт хийсэн янзтай л сууж байна. Товчхондоо нэг талаас өнөөгийн асуудлуудаа шийдэх, нөгөө талаас дэлхийтэй хөл нийлүүлэх гэсэн хоёр зүйлийг авцалдуулах эрэлт үүсчихлээ л дээ. Дэлхийгээрээ 2030 онд газрын ховор элемент, уран, зэс гэх мэт чухал ашигт малтмалын үнэ цэнэ улам өснө гэж харж, улс гүрнүүд өөр хоорондоо алсыг харсан стратегийн түншлэл яриад явж байхад бид наад зах нь л зэс дээрээ шинээр хайгуул хийсэн ч юмгүй сууж байна. Захын жишээ гэхэд Америк Канад хоёр чухал ашигт малтмалууд дээрээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулчихлаа. Тэд уул уурхайн салбарынхаа стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг яаж бий болгох вэ гэдэг дээр зургаа гаргачихаад явж байна.Дэлхийн энэ мэт туршлага, жишгийг Монголдоо шууд нутагшуулъя гэхээр хууль эрх зүй, хүний нөөц, боломж, техник, технологи аль нь ч хүрэхгүй. Бодлого боловсруулагчдыг харахаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах тал дээр яаж ажиллах нь бүрхэг харагдаад байх юм.

Том зургаар нь харвал манай улсын уул уурхайн салбарын бодлого олон улсын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд, уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн бодлого алга. Товчхондоо энэ бүх асуудлын гол шалтгаан нь улс төрийн манлайлал гэж би хувьдаа харж байгаа. Улс төрийн манлайлал дутагдаад байгаа учраас уул уурхайн салбар урагшлах уу, ухрах уу дээрээ тулчихаад байх шиг.

-Улс төрийн манлайлал гэснээс нэг зүйл санаанд орчихлоо. Хувь компани бизнес төслийнхөө шугамаар хайгуул хийх нь бүү хэл Засгийн газар төсөвт хөрөнгө төсөвлөөд хайгуул хийх гээд бардаггүй, орон нутгийнхны эсэргүүцэл төрийн бодлогоор хийх хайгуулын ажлыг ч явуулдаггүй гэсэн мэдээлэл дуулддаг. Ийм байдал энэ хэвээр үргэлжилбэл газрын ховор элемент, уран, зэсийн өөр олон шинэ ордууд нээгдэхгүй л дээ…?

-Хайгуул сэргэх шинж алга гэдэгтэй санал нэг байна. Өнөөхөндөө бид нүүрс, төмөр, зэс, алт гэсхийгээд, одоогийн хэрэгжиж байгаа цөөхөн төсөлдөө ханаад яваа. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх хайгуулын ажлыг хийлгэхгүй байгаа тухай мэдээлэл үнэн л дээ. Хайгуул хийх гээд очихоор хийлгэдэггүй, тэгээд ч зогсохгүй “Дээр байгаа хүмүүстээ биднийг эсэргүүцлээ гэчихээрэй” гэсэн шигээ даналзаж суудаг тухай геологичид толгой сэгсрэн ярьдаг. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах, улсын хөгжлийн дараагийн шатанд хамгийн гол түлхэц болох уул уурхай гэх том салбараа бид үнэхээр хайхарч анзаарахгүй байна. Хууль эрх зүй, засаглалын оновчтой бодлогогүй, байгаа бодлогоо зохистой хэрэгжүүлж чадахгүй явсаар шаварт хутгачихсан нөхцөл байдалтай л аж төрцгөөж сууна. Энэ хоцрогдлоо яаж нөхөх вэ гэдэг бодлого алга. Дахиад онцлоход улс төрийн, бүр тодруулж хэлбэл Засгийн газрын манлайлал нь гарч өгөхгүй байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр уул уурхайн салбар л байна даа. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талд манай улс хэр анхаарч байна вэ?

-Ганцхан жишээ хэлье. УИХ-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай ярьж байна. Гишүүдийн тайлбарыг харахад 100 мянган ам.долларын босгыг бууруулах гэж байгаа бололтой юм. Шуудхан хэлэхэд, баруун зүүн рүү савладаг байр суурин дээрээ хэвээрээ байна л даа. Өмнө нь энэ босго арван мянган ам.доллар байсан юм. Тэр үед ийм бага босготой байж болохгүй, баахан солонгос, хятадууд орж ирээд Монголд үнэгүй шахам компани байгуулаад байна гээд хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар болгож өсгөсөн. Гэтэл одоо энэ босгыг буцаагаад буулгах тухай яриад сууж байх жишээний. Яг нарийндаа100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг нэг машины л өртөг шүү дээ. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ удаагийн алхам үнэхээр нүдээ олсон уу, оношоо зөв тавиагүй юм биш байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Зүй нь 100 мянган ам.долларын босгыг бууруулах тухай биш, хөрөнгө оруулагчдад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээний боломжуудыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах учиртай. Чили, Казахстан гэх мэт хөрөнгө оруулалт амжилттай татаж байгаа улсыг харахад огт өөр дүр зураг харагддаг. Хөрөнгө оруулагчид казах, чили хүний сайхан сэтгэлд хөрөнгө оруулаад байгаа хэрэг биш л дээ. Тэр улсуудын ардчилал, хууль эрх зүйн орчных нь олон улсын стандартад нийцсэн байдалд нь итгэж хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Гэтэл бид монгол хүний сайхан сэтгэлд итгээд хөрөнгө оруулаач гэсэн хандлагатай яваад байна.

-Бид хөрөнгө оруулалт татах орчноо сайжруулах талд огт анхаарахгүй байна гэсэн үг үү?

-Хатуухан хэлэхэд тийм. Хөрөнгө оруулалт гэдэг бол бизнес. Бизнес бол гэрээ. Гэрээний тухайд зөвхөн хуулиар л хамгаалагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхож харах зүйл их тодорхой. Маргаан гарахад яаж шийдэж өгөх юм, шүүх засаглал нь бэхэжсэн үү, шударга байж чадах уу, олон улсын гэрээ байгуулчихаад маргалдаад суух улс уу, эсвэл гэрээгээ ягштал мөрдөөд явах орон уу, маргалдлаа гэхэд зөв шударгаар шийдэх хууль механизм бүрдсэн үү, хууль, шүүх нь олон улсын жишиг, стандартын дагуу юу гэх мэтийг л харна. Ингээд харахаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гол салбараа дагасан бусад салбарыг хослуулж хөгжүүлэх гэх мэт асуудлыг цогцоор нь харж чадаж байна уу, оношоо зөв тавих чадамж бий юү гэсэн асуулт яалт ч үгүй тавигдаж байна.

-Хэрвээ Засгийн газар манлайлал үзүүлж, уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарын эрх зүйн орчноо цогцоор нь харж, шийдэж чадвал уул уурхай хэзээнээс дажгүй сэргэх бол?

-Засгийн газар манлайллаа үзүүлээд үнэхээр сайн ажиллаж чадвал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг уул уурхайн салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй хослуулаад хийчихвэл 2025-2028 онд хонгилын үзүүрт гэрэл асах найдлага бий.

-Тэр хүртэл уул уурхайн салбар ганц мега төсөлтэй ингэсхийгээд явсан хэвээр байна гэж үү?

-Тэгнэ. 2024 он хүртэл сэргэлт ажиглагдах ямар ч боломж байхгүй. Сайн ажиллаж чадвал 2025 оноос хонгилын үзүүрт гэрэл асна. Яг одоогийнх шигээ байгаа цөөхөн ашигт малтмал дээрээ тулгуурлаж ганц нэг боловсруулах үйлдвэрийг төрийн өмчит компаниуддаа түшиглэж бариад өдөр хоногийг аргацаасаар суувал хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, уул уурхайн салбараа хөгжүүлнэ гэж мянга яриад нэмэргүй. Цаг алдахын л нэмэр.

-Оюу толгойн хэлэлцээр хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хэлэлцээрийн гол асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Оюу толгой дээр алдаа оноо аль аль нь бий. Зөв шийдлээ гаргаж ярьж байгаа эсэх нь л Оюу толгойн хамгийн том асуудал. Оюу толгойн том асуудал тодорхой шүү дээ. Бид эзэмшсэн хувийнхаа хэмжээгээр хүнээс мөнгө зээлээд Оюу толгой төсөлд хөрөнгө оруулсан. Зээлсэн учраас хүү энэ тэр гээд өчнөөн асуудал гарах нь тодорхой. Засгийн газар бүр анхнаас нь санхүүжилтээ өөрөө гаргасан бол маргаан үүсэхгүй байсан. Одоогийн нөхцөлийг харахад Засгийн газар “Бид санхүүжилтээ өөрсдөө босгоно” гэсэн байр суурь илэрхийлбэл өөр хэрэг. Эдийн засгийг чирч яваа том төсөлдөө хааж боох маягийн экстрим хандлага гаргахаас илүүтэй үүссэн өрийг дарах боломж, эзэмшсэн хувийнхаа хэмжээний мөнгийг өөрсдөө босгох зөв шийдлийн тухай яривал Монгол Улсад илүү тустай. Манай улсад бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэсэн том зовлон бас байна.

-Бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Бизнесийн том төслийн тухайд УИХ, Засгийн газраас улс төрийн шийдвэр гарсны дараа яах ёстой вэ гэсэн асуулт тавигддаг. Төр засгаас шийдвэр гарч бизнесийн төсөл болоод явахдаа бизнесийнхээ агуулга, хууль эрх зүйн орчны хүрээнд хэрэгжиж байна уу гээд харахаар ихэнх тохиолдолд бид алдчихсан байдаг л даа. Жишээ нь, энэ сул маань мега төсөл дээр их тод анзаарагддаг. Энгийн логикоор бол мега төсөл өөрөө институци болж, өөрөө өөрийнхөө бизнесийг аваад явдаг тогтолцоог бий болгох ёстой. Гэтэл манайд асуудал ярихаар л Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаж нөгөө л хэдэн яамны дарга төлөөлөл нь ороод ирдэг. Тухайн төслийг хариуцаж байгаа компани энэ тохиолдолд жагсаалтын хамгийн хойно оччихдог. Ингэчихээр төрөөс хэт хамааралтай шийдвэр гарах магадлал өндөр болчихож байгаа юм.

-Нээрээ тийм шүүмжлэл сонсогддог шүү. Оюу толгойн хэлэлцээр дээр гэхэд л бүхэл бүтэн улсыг төлөөлсөн Засгийн газар нь нэг компанитай хэлэлцээрийн ширээний ард суучихдаг нь буруу гэсэн шүүмжлэл дуулддаг. Зүй нь “Эрдэнэс Оюу толгой” компани “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суухаар хэмжээний чадавхтай байх ёстой гэж хэлэх гээд байна аа даа, та?

-Тэгж ойлгож болно. “Эрдэнэс Оюу толгой” гэдэг компани яагаад өөр дээрээ инноваци, технологийн хэлтэсгүй байна вэ, яагаад хөрөнгө оруулалтын дүн шинжилгээ хийдэг, тооцоогоо баздаг хэлтэсгүй өнөөг хүрсэн бэ гэх мэт асуултыг яг өдийд бид өөрсдөдөө тавиад сууж байх ёстой. Зүй нь хөрөнгө оруулагч талтайгаа ижил тэнцүү хэмжээнд бүтэц нь томроод явах ёстой юм. Ингэж байж хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын байр суурь ижил хэмжээнд очиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөнө. Гэтэл манайд асуудлыг өөрөөр шийдээд өнөөг хүрчихсэн. Засгийн газар, яамд руу асуудлыг татчихдаг. Төрийн албан хаагчийн үндсэн тангараг, Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилладаг албан хаагчийн гаргах дүгнэлт, шийдвэр бол тэс өөр зүйл.Жам ёсоороо бол хувьцаа эзэмшигч, бизнесийн төслийн түвшинд, бүр тодруулж хэлбэл Компанийн хуулийн түвшинд судалгаа хийж, шийдлээ гаргах учиртай. Эцэст нь гаргасан шийдлээ Засгийн газарт танилцуулж батлуулах процесс өрнөх ёстой. Засгийн газар мега төслийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд, нийт ард түмнийг төлөөлж байгаагийнхаа тухайд алхаа цохих ёстой. Гэтэл Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах ажлын хэсгийг харахад Их хурал, Засгийн газрын гишүүд нь орчихсон, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орох нь холгүй бүтэц харагдах жишээний. Ийм ойлгомжгүй бүтэц хэлэлцээр хийхээр үр дүн гарах уу гэдэг асуулт яалт ч үгүй тавигдаад байгаа юм.

-Энэ асуудлыг шийдэх санаа шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Засгийн газар зарим эрхээ “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” гэх мэт компаниудад шилжүүлж өгөх хэрэгтэй. Та нар яг энэ асуудлаа аваад яв, өөрсдөө бие даагаад шийд гэчихвэл “Би шоронд орохгүйн тулд гарын үсэг зурахгүй” гэдэг асуудал хууль эрх зүйн хүрээнд алга болно.Тухайн компаниудын ТУЗ Засгийн газраас авсан мандатынхаа хүрээнд асуудлаа яриад бизнесийн агуулгаар нь шийдэх эрх хэмжээтэй болно гэсэн үг. Жишээ нь, өнөөдөр УОК коронавирустэй тэмцэхийн тулд ийм тийм тоног төхөөрөмж авах гэсэн юм, шийдээд өгөөч гээд засагт асуудал оруулж байна. Уг нь энэ асуудлыг шийдэх мэдэл нь Эрүүл мэндийн сайдад байх учиртай. Мега төслүүдийн хүрээнд харахад тухайн төслийг гардан хэрэгжүүлж яваа бизнесийн субьектүүдэд эрх мэдэл байхгүй учраас бүх асуудал нь Засгийн газраасаа хараат байна. Засгийн газраасаа хараат гэдэг нь Их хурлаасаа хараат байна гэсэн үг. Их хурал бол ард түмний төлөөллөөс бүрдсэн улстөрчдөөс хараат байгууллага. Ингээд харахаар шийдвэр гаргах үйл явц хэлхээний гинжин холбоо уялдаа манайд оновчтой бус байна. Бизнесийн төсөл ярьж байгаа бол шийдвэр гаргах эрхийг нь бизнесийнх нь байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Давтаад хэлэхэд, бизнесийн байгууллагынх нь ТУЗ рүү. Ийм өөрчлөлт хийгүйгээр өнөөгийн янзаараа явбал Засгийн газарт нэг ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын төлөөлөл нэг талд гадаадын хөрөнгө оруулагчтай зэрэгцэж сууж юм ярьчихаад, нөгөө талд нь гадаад яамаараа дамжуулж дипломат бодлого ярьдаг. Өөрөөр хэлбэл Хятад, Австралийн компанийг дуудаж авчраад урдаа суулгаж загнаж загначихаад, “Гэрээг чинь цуцална” гэсэн том мэдэгдэл хийчихээд, өнөө улсуудын төр засгийн удирдлага, элчин сайд нартай ярихаараа “Манай улсад хөрөнгө оруулаарай, бид хөрөнгө оруулагчдаа дэмжиж байгаа” гэхээр хэнд ч итгэл төрөхгүй шүү дээ.