Categories
мэдээ нийгэм

Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг маргааш нээнэ

Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын арга хэмжээ 2021 оны 7-р сарын 4-ний өдөр албан ёсоор хийгдэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монголын Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлэх болно.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ 7-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана.

  1. 2021 оны 7-р сарын 4-ний өдрийн 13:00 цаг хүртэл зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн 11:50 цагт хөөрөх аялалын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.
  2. Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар үйлчлүүлэх боломжтой болох юм.
  3. Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд үйлчлэх нийтийн тээвэр, такси үйлчилгээний мэдээлэл

Компани

Веб хуудас

Утас

Атибус ХХК

https://transport.ub.gov.mn

93112245

Эрдэм Транс ХХК

https://transport.ub.gov.mn›, erdemtrans_13@yahoo.com

7710-0601, 99994944

Вип такси сервис

Viptaxi1199@gmail.com,

7000-4499

Улаанбаатар такси транспорт сервис

https://www.facebook.com/Ulaanbaatar.Taxi

EZ cab application

1800-1991

4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.

Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528

Имэйл: Info@nubia-llc.mn

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт түр аваргын бүсийн төлөө тулалдана

Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Нямбаярын Төгсцогт Монголын цагаар энэ долдугар сарын 4-ний өдөр “WBA” холбооны хагас хөнгөн жингийн түр аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Крис Колбертийн эсрэг тулалдахаар боллоо.

Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж 12 ялахдаа өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч түр бүсийг эзэмшигч, АНУ-ын боксчин Крис Колберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд 6 “нок-аут” хийсэн үзүүлэлттэй байна. Хоёр тулаанчийн харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтээс хүлээн авна уу.

Нямбаярын Төгсцогт

Нэр

Крис Колберт

King Tug

Хоч

Primetime

4

Одоогоор жиндээ бичигдэж буй ранк

1

29

Нас

24

57.09кг

Жин

59.09кг

1.7м

Өндөр

1.73м

12-1-0

Мэргэжлийн бокс дахь үзүүлэлт

15-0-0

9 (69.23%)

Нок-аут%

6 (40%)

Тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Крис Колберт:

“Би Төгсцогтыг сайн боксчин гэж үнэлдэг. Гэхдээ энэ тулаанд би түүнийг буулгаж авна гэдгээ амалъя. Энэ бол яг л “Ниссан”, “Ламборгини” хоёр машины уралдаан шиг тулаан болно. Мэдээж би “Ламбо” нь. Надтай Төгсцогт байна уу? Арнольд Шварценеггер байна уу? хамаагүй. Би энэ жиндээ хэнд ч дийлдэхгүй” гэсэн ярилцлага өгсөн юм.

Харин Монгол Улсын тулаанч Н.Төгсцогт:

“Надад түүний юу гэж ярих нь хамаагүй. Би жин өгсөж тулалдаж байгаа маань ч хамаагүй. Би ямар ч жинд тоглож чадна. Би өөртөө итгэдэг, би багтаа итгэдэг. Би энд ялахын төлөө ирсэн. Тулааныг үзэхээр стадионд Монголын маань фенүүд ч цуглах болно. Харж байгаарай, би бэлэн байна” гэсэн хариу ярилцлага өгчээ.

“Түр аваргын бүс”-ийн талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд тухайн жинд аварга бүс эзэмшигч (одоогоор WBA холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийг Лео Санта Круз эзэмшдэг) нь ямар нэг шалтгаанаар тулаан хийхгүй байгаа тохиолдолд тухайн жингийн чансаагаар өндөр хоёр боксчныг тулалдуулан хэн ялсанд нь олгодог. Дараа нь аварга цол эзэмшигч нь цолоо хамгаалах тулаан хийх боломжтой болмогцоо түр аваргатай тулалддаг. Хэрэв Н.Төгсцогт энэ тулаанд ялсан тохиолдолд “WBA” холбооны түр аваргын бүсийн эзэн болж, жиндээ “ранк” өсөж, “WBA” холбооны аварга Лео Санта Круз, “WBC” холбооны аварга Гари Рассел нартай аваргын бүсийн төлөө тулалдах боломж нээгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа нар өнөөдөр (2021.07.02) Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төслийг дээрх нэр бүхий гишүүдээс гадна Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Н.Энхболд нар хамтран санаачилжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

2017 онд Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран дэлхийн 150 гаруй орнуудын парламент болон парламентын гишүүдийн дунд парламентын хяналтын асуудлаар судалгаа явуулж “Дэлхийн парламентын тайлан-2017: Парламентын хяналт ба Парламентаас Засгийн газрыг хянах чадамж” сэдэвт тайлан, судалгаанд оролцсон орнуудын сайн туршлагад тулгуурлан Олон улсын парламентын холбооноос парламентын хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан зөвлөмж, түүнчлэн парламентын хяналтын эрх зүйн орчин, тогтолцооны талаарх бусад орны туршлага, дэлхий нийтийн парламентын хяналтын тогтолцоо, эрх зүйн орчны жишгийг харьцуулан судалж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байсан асуудлыг хууль, эрх зүйн орчин болон практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй хамтатган судалсны үндсэн дээр долоон бүлэг, 60 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдаж, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцлага нэмэгдэж, хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт сайжирснаар нийгэм, хууль зүйн эерэг үр дагавар бий болох аж.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай болон хуульд холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

  1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
  2. Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 12 цаг 28 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон тухай дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.

Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн буюу 237.3 тэрбум төгрөгний гүйцэтгэл хийгдээгүй үлдсэн байна. Улсын төсвөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд төсөвт өртөг нэмэгддэг, хэрэгжилт удааширдаг, үр ашиггүй зардал гардаг дутагдалууд нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага сул, хяналтын тогтолцоо бүрэн төлөвшиж чадахгүй байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар:

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн болно. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Аудитаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно гэлээ.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын Байнгын хороод “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулдаг тухай танилцуулав.

Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссонд тооцсон тухай тогтож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, ковид-19 цар тахлын үед урсгал зардал харьцангүй багассан, тухайлбал сургууль, цэцэрлэг ажиллаагүй тул боловсролын салбарт төсөвлөгдсөн хөрөнгө юунд зарцуулагдсан талаар тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хийсэн тайлбартаа, хүүхдийн 100 мянган төгрөг, ноолуурын урамшуулалд ихэнх төсөв хувиарлагдсан. Үүнд, боловсролын салбараас хэмнэгдсэн 34 тэрбум төгрөг хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулагдсан гэв.

Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдээгүй. Дэд хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Ирээдүйн өв санд хэдэн төгрөг хуримтлагдсан талаар тодруулав. Нийт тогтворжуулалтын сангийн орлого нэмэгдснээр Ирээдүйн өв санд хувиарлагдах орлого буурсан үзүүлэлттэй харагдаж байна гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Ирээдүйн өв санд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлах болсныг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд Сангийн яаманд ажиллаж, Ирээдүйн өв санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгах шаардлагатай болсон тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааныг түр хойшлуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) цахим хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны даргын зүгээс хуулийн төслийн талаарх найруулгын өөрчлөлт болон хуулийн хэрэгжих хугацааг тодорхой болгохтой холбоотойзарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэрэгжих хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив.

Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 7-ны өдрөөс энэ сарыг дуустал зогсоолоо

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий дахинд цар тахлын вирусийн мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор тус боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-ний хооронд түр зогсоохоор болсон.
Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжлэх юм” хэмээн хэллээ.

Мөн УОК-ын өчигдрийн шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусийн дельта хувилбар нь дэлхийн 92 улсад тархаад байна. Ялангуяа ОХУ-д 90 хувь нь дельта хувилбар тодорхойлогдож байна. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярьсан” хэмээн хэлж байсан юм.

Categories
мэдээ спорт

Хөвсгөлөөс Улаанбаатар хот хүртэл гүйсэн Д.Гантулгыг “Алтан-Од”-оор шагналаа

Хэт холын зайн залуу гүйгч Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Хөвсгөл аймгаас гарч өдөрт 50 км гүйсээр 16 дахь хоног дээрээ Улаанбаатарт бариандаа орж ирсэн билээ.

Түүнд шагналыг нь БТБХХ-ийн дарга О.Баасан гардуулж, баяр хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх санал гаргав

хнү

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болж, Ойн сан бүхий газар болон голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн. Мөн голын онцгой хамгаалалтын бүсэд 6978 нэгж талбар байна. Тодруулбал, мэдээллийн санд бүртгэлтэй 6135, зөвшөөрөлгүй 843 нэгж талбар байгаа юм.

Иймээс ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ажиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөх олговортойгоор чөлөөлөх, дахин газар олгохгүй байх, холбогдох хууль, журмын дагуу шат дараатай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах санал гаргаж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Архангай аймагт морины сунгаанд оролцсон 6 настай хүү унаж, нас баржээ

Архангай аймагт морины сунгаанд оролцож байсан хүүхэд мориноос унаж, нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газарт морины сунгаа болсон бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ.

Уг хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Зарим сумдад ийнхүү хууль бусаар хурдан морины сунгаа зохион байгуулж буй зөрчил гарсаар байгаа тухай эх сурвалжууд хэллээ.

Тухайлбал, зургаадугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд орших Чандганы уурхайн ойролцоо Дорнод аймгийн Матад сумын харьяат 14 настай унаач хүү мориноос унаж хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан.

Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байна гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тус хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Ташрамд дурдахад, цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр, наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах тухай Засгийн газрын шийдвэр гараад байгаа билээ.