Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Саянцэцэг: Би чинь хар, цагаан хүн шүү дээ

Монгол Улсын консерваторийн багш, гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театр болон сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм. 2019 онд тэрбээр Монгол Улсын Соёлын элч болжээ.


Та зав чөлөө багатай явах юм аа. Ковидын үед шавь нартайгаа яаж хичээллэж байгаа вэ?

-Зав муутай байна. Хүүхдүүдтэйгээ зууралдаж суутал орой 21 цаг болчих юм байна шүү дээ. Зарим хүүхдүүдтэй зургаан цаг хичээллэдэг. Хөл хорионы үед онлайнаар хичээллэнэ. Өөрөө тоглож үзүүлнэ. Маскийг нь зүүлгээд, гарыг нь угаалгаад, гэр орноо ариутгаж, дэглэмээ сахиулж байгаад хичээллэдэг. Тэгэхгүй бол холын зайнаас хичээллэхээр бас болохгүй юм. Хөл хорио сулрахаар хавар, өвөл хийж чадаагүй ажлаа дуусгах гээд зүтгэж байна. Одоо бид бичлэг дээр ажиллаж байгаа. Цаг хэцүү байвал шинэ бичлэгээ олон улсын тэмцээнүүдэд явуулах гээд эрчимтэй ажиллаж байна.

Таны ээжийн яриаг сонссон л доо. Таны аав, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж балын харандаагаар нот бичдэг, нотоо бичихээрээ хөлс нь чийхардаг байсан гэсэн. Том хэмжээний хөгжмийн зохиол бичихээр нот бичихдээ ч сэтгэлдээ ургуулж, чихэндээ сонсоод, маш их хүч зарцуулдаг шиг байгаа юм. Танд бас ийм дурсамж байдаг уу?

-Испанид амьдардаг байхад маань ээж, аав хоёр манайд ирсэн юм. Энэ үеэр намайг Японд тоглохыг урьсан. Тэр тоглолтод бас морин хуур тоглодог япон хүүхэнтэй хамт тоглохыг гуйсан юм. Би тэгэхэд морин хууртай тоглож үзээгүй байсан. “Яана аа, би юу тоглох юм бэ” гэсэн чинь Таны аавын “Зулай цагаан Алтай”, япончуудын дуртай бас нэг зохиол байгаа гэсэн. Аавд “Таны Зулай цагаан Алтай”-г Японд тоглож өгөөч гэж байна, клавир нь байгаа юу гэсэн чинь аав “Юухэн байх вэ, аав нь нэг өдрийн дотор л охиндоо зориулаад бичээд өгнө” гэсэн юм. Орой нь аав “Май, миний хүү” гэсэн. Зохиолоо хэвлээд, и-мэйлээр явуулаад, нөгөө хүүхэнтэйгээ Японд тоглосон. Аав тэрийг бичиж байхдаа өөрөө дуулаад, охиноо тоглоход яаж эвтэйхэн байлгах вэ гэсэн хувилбаруудыг хийгээд байгаа юм. Намайг дуудаад “Ингээд бичвэл ямар байна, нэг тоглоодох доо” гэдэг. Төгөлдөр хуурын зохиолуудаа иймэрхүү л маягтай бичдэг байсан.

Ч.СангидоржийнМонгол далайгээд Хөвсгөл нуурын тухай дууг нь хүмүүс мэднэ. Энэ дууг Ц.Балдорж сэтгүүлчийнДалай ээж цаазын тавцанднийтлэлийг уншаад, эмзэглэж бичсэн гэдэг. Уран бүтээлч хүн өөрийн бүтээлээрээ дамжуулж тэмцэж, өөрийгөө илэрхийлдэг юм байна гэж бодогдсон?

-Тэр дууг бичиж байхад би Москвад сурч байсан. Аав маань их тэмцэгч хүн байсан. Хурц характертай. Аавыг мэддэг хүмүүс түүнд их хайртай. Их хүнлэг. Гомдоовол гомдол нь удаан тайлагддаг. Гэхдээ цайлган хүн байсан.

Та бас аав шигээ эмоцитой гэж ярьсан байна лээ. Та гунигласан, баярласан үедээ төгөлдөр хуураа л тоглодог уу?

-Аавын зан ааш надад явж байдаг гэдгийг сүүлд мэдэрсэн. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Н.Халиуны хүүхэд миний хичээлд явдаг. Тэд намайг “Яг Сангиа багш” гэдэг юм. Ээж хүртэл “Эвий, миний охин хаалга нүдэж байгаа нь хүртэл яг аав” гэдэг. Том охин нь болоод ч тэр үү “Аавын шар охин” гэдэг нэртэй байсан. Ээж нар хүүдээ, аавууд охиддоо илүү байдаг шүү дээ. Аав маань охидоо их хайрладаг, санаа зовдог байсан.

Та ихэр охин дүүтэй. Ихэрцэцэг, Ижилцэцэг хоёрыг загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс мэддэг байсан. Ихрүүд одоо хаана явна вэ?

– Манай хоёр дүү нэг нь Америкт, нөгөө нь Испанид амьдарч байгаа.

Бүх л мэргэжлийн төгөлдөр хуурчид сонгодог зохиол тоглож байгаа. Яг адилхан зохиол тоглоход монгол төгөлдөр хуурчийн мэдрэмж бусдаас өөр сонсогдох болов уу?

-Хүн багшийгаа дуурайдаг гэж ярьдаг. Би багшийнхаа 90 насны ойд зориулж А.Скрябиныг тоглосон юм. Багш маань А.Скрябиныг тоглосон ЗХУ, дэлхийн анхны эмэгтэй байхгүй юу. 50 настайдаа А.Н.Скрябины бүх төгөлдөр хуурын зохиолыг тоглосон хүн байгаа юм. Би багшийгаа 64 настай байхад ангид нь ороод, 89 хүртэл нь багштайгаа хамт явсан. Тоглолтыг маань үзэгчид их гоё хүлээж авсан л даа. Оросууд багшийн тоглолтын манерыг хүртэл сайн мэддэг. Дараа нь олон хүн “Та багш шигээ тоглохгүй, Скрябиныг өөр маягаар тоглож байна” гэсэн юм. Скрябиныг би багш шигээ бус өөрийнхөө мэдрэмжээр, монгол хүний тархи, сэтгэхүйгээр тоглож байгаа юм. Хөгжимчид хоорондоо хэзээ ч адилхан тоглохгүй. Тэр байтугай нэг хүн нэг зохиолыг арав тоглоход огт өөр байдаг. Тэр өдрийн од гэж ярьдаг. Тэр өдрийн мэдрэмж нь өөр өөр явдаг.

Та өсвөр насандаа Москвад сурахаар явсан. Дараа нь Испанид олон жил амьдарсан. Таныг дэлхийн иргэн гэж болох байх?

-Тийм ээ, гэхдээ би дэлхийн иргэн биш, хөгжмийн иргэн л дээ. Эмч нар ч бас адилхан. Эмчийг монгол эмч, орос эмч гэж ялгадаггүй. Ерөөсөө л хүний эмч байхгүй юу. Би бол хөгжимчин л хүн. Дэлхийн хөгжимчин байж магадгүй. Бидний мэргэжил бол адилхан. Харин тоглолт бол өөр.

Олон жилийн дараа Монголдоо ирж амьдрахад дасан зохицоход хэцүү байв уу. Ялангуяа таны нөхөр испани хүн, Монголд дасахад амаргүй байсан болов уу?

-Хэцүү байлгүй яах вэ. Гадаад хүн байтугай олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн монголчуудад хүртэл амаргүй байдаг шүү дээ. Муу аав минь өөд болоод, 2012 онд ирээд буцаж чадаагүй. Яаж ээжийг ганцааранг нь үлдээх вэ гээд. Хэдэн жилдээ үлдье дээ. Ээжийнхээ нулимсыг хаттал байя гэж шийдсэн юм. Тэр үед Г.Эрдэнэбат захирал намайг дуудаад та сургуульд ажиллаач гэсэн юм. Эхэндээ би Улаанбаатарыг мэднэ гэж бодож байсан л даа. Яг цагаа тулахаар бас мартсан л байдаг юм билээ. Москвад арван жил сураад, цаашаа Испанид 23 жил амьдарсан. Гэхдээ завсар нь мэдээж эх орондоо ирдэг л байсан. Испанид өвөл болдоггүй. Хувцсаа тохируулахаас авахуулаад жаахан хүндрэлтэй байсан. Улаанбаатар аймаар хөгжсөн, би 1981 онд явсан. Тэр үеийн дэлгүүр байхгүй. Ганцхан Их дэлгүүр л үлдсэн. Тэр нь ч бас өөр болсон. Нэг удаа шөнө хичээл тараад, таксинаас буугаад гэрээ олохгүй төөрсөн. Хоёр талдаа зөндөө байшин барьчихсан. Нөгөө нэг нүхээ олдоггүй. Хаагуур нь ордог билээ гээд. Ээж рүү утасдаж, ээж гарч ирж намайг тосч авсан удаатай. Тиймэрхүү хөгтэй явдлууд бий. Манай нөхөр “Би Орост байсан, тамирчин, халуун цустай испани хүн” гэж хөөрөөд, өвлийн хүйтэнд өмд давхарлаж өмсөхгүй дан жийнстэй яваад байсан.

Дээр үед бид ноосон өмд давхарлаж өмсдөг байсан. Одоо бол гайгүй ш дээ гээд би бас нимгэн явсан чинь даараад, ээжид загнуулж, шавь нарын маань ээж, аав хүртэл “Багш аа, та ингэж явж болохгүй шүү дээ” гэсэн. Сүүлдээ хоёулаа дулаалж явдаг болсон. Гадаад найз нартаа энэ түүхээ бас ярьдаг шүү дээ. (инээв) Одоо бол дажгүй. Манай хүн Монголд их дуртай. Энэ зун монгол, испани найз нартайгаа дөрвүүлээ Баян-Өлгий явахаар төлөвлөсөн байсан. Ковидоос болоод байдал хэцүү болж байна. Ажлаа хийлгүй яах вэ, ковид гарсан гээд хамаг юмаа зогсоогоод, хаалга үүдээ цоожлоод байвал хэцүү. Амьдрал үргэлжилнэ. Дэглэм журмаа сайн бариад явбал даваад гарах юм шиг санагдаж байна.

Та ерээд оны эхээр Москвагийн Чайковскийн нэрэмжит консерватор төгссөн. Тэр үед Монголд амьдрал ороо бусгаа байсан. Эх орондоо ирэх талаар бодсон уу?

– Монголдоо ирж амьдаръя гэж бодож байсан. Москвад биднийг хариуцдаг байсан багш намайг нэг өдөр дуудаад, “Монголд СУИС байгуулж байна. Сургуулиа төгсөхөөр чинь энэ сургуульд чамайг хамгийн түрүүнд багшаар авна” гэсэн. Тэр үед ингээд би их сургуулийн багш болох нь гэж баярлаж байсан. Миний хувь заяа өөрөөр эргэсэн л дээ. Аав, ээжтэйгээ зөвлөлдсөн. Аав намайг зоригжуулсан юм. “Охин минь, эх орон бол хэзээ ч зугтахгүй. Төгөлдөр хуурч болчихоод, ийм сайхан формтой байгаа дээрээ Европоор тоглолт хий, дэлхийг тойр. Одоо Монголд маш хэцүү байна. Чиний тоглолтыг хэн ч сонсохгүй” гэсэн. Тэгээд би нөхрөө дагаад Испани руу явсан даа. Миний тоглолт үнэхээр тэндээс эхэлсэн. Аавын минь мөрөөдөл тэнд биелсэн юм. Испанид байхдаа сургууль нээсэн ч бага цагаар багшилж, илүү их тоглож байсан.

МонголчуудЦол дагаж бяр нэмнэгэж ярьдаг. Гавьяат жүжигчин болсны дараа танд өөр мэдрэмж төрсөн үү?

-Миний амьдралд өөрчлөлт гараагүй. Монголд ирээд гавьяат гэдэг цол чухал юм байна гэж ойлгосон. Би яагаад ч юм аавыгаа гавьяат л гэж боддог байсан, багшийгаа гавьяат л гэж боддог байсан. Намайг манай сургууль, бас СУИС, Урлагийн холбоо тодорхойлсон. Гавьяат цол авсандаа үнэхээр баяртай байгаа. Хийдэг ажлаа хийгээд урагшаа явна. Өөртэйгөө ч ажиллана, хүүхдүүдтэйгээ ч ажиллана. Аавынхаа нэрэмжит тэмцээнийг 2022 оны гурав, дөрөвдүгээр сард хийнэ.

Манай сургуулийн төлөвлөгөөнд орчихсон байгаа. “Монгол ардын дууг төгөлдөр хуур дээр хэн сайн тоглох вэ” хоёрдугаар тэмцээнээ хийнэ. Анх аавын 80 насны ойд зориулж зохион байгуулсан юм. Ээж маань их баярласан. Боловсролын яам дэмжсэн. Манай сургуулийн багш, хүүхдүүд идэвхтэй оролцож, сайхан болсон. Цаашдаа Монгол туургатны тэмцээн болгочих юмсан гэсэн мөрөөдөлтэй яваа.

Таныг мөрөөдөлдөө хүрсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ л нас насанд хүний мөрөөдөл өөрчлөгдөж байдаг даа?

-Яах вэ, залуу хүний мөрөөдөл өөр. Би чинь дунд зэргийн залуу хүн шүү дээ. (инээв) Одоо цаг сайхан болжээ. Хөгшин ээж маань миний насан дээр ямар хүн байлаа гэж бодохоор хөгжилтэй. Дараа дараагийн үе маань бүүр хөгширдөггүй хүмүүс байх болов уу. Одоо би уран бүтээлдээ анхаарч байгаа. Яагаад гэвэл маш олон цагийг сурган хүмүүжүүлэхэд зарцуулж байгаа. Хөгжимд хандах хандлагаар дамжуулаад, шавь нараа зөв хүн болгох тал дээр ажиллаж байгаа. Шинэ уран бүтээл хийж, мэргэжил дээшлүүлэх тухай бодож яваа. Өөртэйгөө байнга ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь эрүүл мэндэд маань ч тустай. Байнга тархиа ажиллуулж байвал эрт хөгшрөхгүй, зөнөхгүй. Тийм учраас би амралт гэдэг үгэнд дургүй. Улаанбаатарт “Саяа ба найзууд” тоглолтоо үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ковидтой үед найзууд маань ирэхгүй. Шавь, багш нартайгаа л хамтрах байх. Сайхан цаг ирэхээр “Монголын төгөлдөр хуурч” гэдэг тодотголоо зүүгээд, гадаадад тоглолтоо үргэлжлүүлнэ. Надад ийм л мөрөөдөл байдаг юм.

Та бүсгүй хүний хувьд өөртөө хэр их цаг гаргадаг вэ. Гоё сайхнаараа тайзан дээрээ гялалзахын тулд хичээл зүтгэл гаргадаг биз?

-Би чинь хар, цагаан хүн шүү дээ. Завгүй үедээ өөрийгөө хаячихдаг. Юун толинд харах. Нэг мэдсэн чинь хоёр хоног нүүрэндээ тос түрхээгүй явж байдаг. Ажил дээрээ очих, найзуудтайгаа уулзахаараа “Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд” гэнэт цэцэг шиг болоод явна. Зарим хүн бүр цочоод “Хөөх, чи чинь ямар гоё болдог юм бэ” гэдэг. “Харин тийм ээ” гээд л явна. Амьдрал тийм л алаг байдаг. Миний ийм занг ээж зэмлэдэг юм. Миний хувьд номер нэг юм ажил мэргэжил, дараа нь миний гэр бүл, үзэсгэлэнтэй байх нь дараагийн асуудал.

Хүүхдээ амжилтад хүргэхийн тулд урлагийн боловсролтой, хөгжим, уран зураг ойлгодог болгох нь чухал гэдэг. Ер нь хөгжим хүнд юу өгдөг вэ?

-Хөгжмөөр дамжуулж сахилга батад суралцдаг. Япон, Солонгос, Хятадыг хар даа. Ковидыг яаж сахилга баттай даван туулж байна вэ. Хятадад төгөлдөр хуураар хичээллэдэггүй хүүхэд гэж байдаггүй. Хятадад олон удаа уригдсан. Солонгост бас уригдаж байсан. Японд бас очиж хичээл зааж байхад маш сахилга баттай улсууд юм байна гэж бодогдсон. Үүнийг би төгөлдөр хууртай холбож тайлбарлана. Одоо олон улсын цахим тэмцээнд Азиуд л орж байна шүү дээ. Азиуд хамгийн өндөр сахилга баттай байна. Миний шавь нар ч үүнд багтаж байгаа. Зөв ажил хийж байна гэж ойлгож байгаа.

Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдааТанд баяр хүргэегэж хэлсэн нь танд их хөгтэй сонсогдсон гэсэн. Хөгжимчин болохоор хүний яриа, хоолойн өнгөнөөс ч хөг мэдэрдэг үү?

-Би баялаг үгээр биш ч тод ярьж байгаа биз. Би хүүхдүүддээ ч хэлдэг. “Тод, тодорхой тогло. Тэгвэл үзэгч чамайг ойлгоно” гэдэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үг надад хөгтэй сонсогдсон. Би сандраад, ганц тэр өгүүлбэрийг сонсоод хэл ч байхгүй, хөл ч байхгүй юм шиг болсон. Хөгжимчин хүний чих аймаар ажиллаж байгаа биз. Тайзан дээр ч бид бүх чимээг мэдэрч байдаг. Үзэгч шивгэнэж ярих нь сонсогдоно. Цүнхээ онгойлгох, чихэр идэх сонсогдоно. Хөлөө ачиж сууснаа солих нь мэдрэгдэнэ. Тэр байтугай өлмий дээрээ чимээгүй явж байгаа нь сонсогдоно. Аав, ээж хоёр тоглолт үзэж байхад нүдэнд аав, ээжийн дүр харагдаад байдаг. Таньдаг хүний царай харагдана. Тайзан дээр тэгж хүний бүх нерв онгойчихдог байхгүй юу. Хамгийн нервтэй үед анхаарал хамгийн их төвлөрдөг. Ийм үед туршлагагүй төгөлдөр хуурчид, хүүхдүүд сандарч алддаг. Жинхэнэ төгөлдөр хуурчид бол энэ бүхнийг тоохгүй, дүлий юм шиг болдог, энэ миний хэрэг биш гээд робот шиг болчихдог. Ийм ялгаатай.

Робот гэснээс та мэргэжлийн төгөлдөр хуурч болох гээд өчнөөн хөдөлмөрлөж, 12 цаг хичээллэх үе ч байсан гэсэн. Робот хөгжимчнийг орлож чадах болов уу. Сүүлийн үед мэс заслыг хүртэл роботууд хийгээд байгаа шүү дээ?

-Сүүлийн үед залуус робот шиг тоглодог болчихсон. Яг техникээ дагаж байгаа юм. Гэхдээ би өнөөгийн залуусын тоглолтыг нэг их сонсох дуртай биш. Эхний нотноос нь авахуулаад мэдэгддэг юм. Би бол 1950-1980-аад оны бичлэгүүдэд их дуртай. Тэнд гайхамшигтай уран тоглолтууд сонсогддог. Тэр бүхэн надад түлхэц болж өгдөг. Миний багшийн хэлээд байсан сургамж тэнд явдаг. Хааяа багшийнхаа тоглолтыг сонсдог. 1930-аад оны пянзны бичлэгүүд ч байдаг. Тэр үед гэрийн хөгжим дээр тоглож бичүүлдэг байсан шүү дээ.

Тэгэхэд тэгж мундаг тоглож байгаа юм. Гэхдээ жижиг сажиг алдаа байдаг. Яах вэ, уучилж болдог алдаанууд байдаг. Чиний гол тоглолт үзэгчдэд хүрсэн байвал дотор нь байгаа жижиг сажиг алдааг уучилж болдог. Өнөөгийн залуус яг робот шиг болсон, цэв цэвэрхэн, ямар ч толбогүй тоглодог. Зуун зуунаар яваад байгаа биз. Гэхдээ би XX зууны бүтээгдэхүүн л дээ. Би хүүхдүүдээ харин XXI зууныхаар хүмүүжүүлэх дуртай. Нийгмээ дагах ёстой.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар хулгана өдөр

Аргын тооллын долдугаар сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 24, Шийдэм одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 4:58 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АИ-92 шатахууны үнэ 1750 төгрөг болж өсчээ

Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 1740-1750 төгрөгийн үнэтэй болжээ. АМГТГ ирэх даваа гарагт 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогч компаниуд үнэ нэмэх саналаа АМГТГ-т гаргасан юм. Харин АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр үнэ өсөхгүй гэж мэдэгдэж байв.

АМГТГ-наас мэдээлснээр манай улс 2019 онд 468 мянга, 2020 онд 562 мянган тонн газрын тос импортолжээ. Энэ оны эхний таван сард 139 мянган тонн шатахуун импортолсон байна.

Тавдугаар сарын 31-ний байдлаар Лондоны биржид нэг баррель брент төрлийн газрын тос (манай улс брент төрлийн газрын тос хэрэглэдэг.) 68.88 ам.долларын үнэтэй байжээ. Харин яг нэг жилийн өмнө 43.08 ам.долларын үнэтэй байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт 370 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 370 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүн эдгэснээс хойш долоогоос арав хоногийн дараа халдвар тараахаа больж байгаа учир долоо хоногийн дараа нийгмийн харилцаанд хэвийн орж болно гэв. Хувь хүний дархлааны онцлог, вакцинаа хэзээ хийлгэсэн зэрэг хоёр шалгуурыг үндэслэж, УОК-ын журмын дагуу эдгээд эмнэлгээс гарсан иргэдийг долоо хоног тусгаарлаж байгаа юм. Ийнхүү эдгэрч гарсныхаа дараа халдвар тараасан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ мутацилагдсан өөр вирусээр өвчлөх магадлал бий гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн өдөрт хоёроос гурван хүн шинж тэмдгийн дуудлагаар халдвартай нь илэрч байгаа бол аймгийн хэмжээнд эх үүсвэр нь тогтоогдоогүй 15 голомт байна гэж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд 5-50 см даван үерлэж байна

ЦУОШГ-ын мэдээллээр өнөөдөр Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэн, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Онон, Хэрлэн, Халх, Хархираа голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Маргааш Хараа гол Дархан хот, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 9-15 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Түүнчлэн хур борооны хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа. Иргэд гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гамшгаас сэргийлэх, голын баталгаагүй гармаар бус зориулалтын гарцтай газраар зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг зөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Зарим орнууд вакцины гурав дахь тунг хийж эхэлжээ

Дэлхийн зарим улс, тэр дундаа вакцинжуулалтын эхэн үедээ халдвараас хамгаалах үр дүн бусад вакцинаас харьцангуй сул хятад вакцин ашиглаж байсан орнууд энэ долоо хоногт иргэддээ вакцины гурав дахь тунг санал болгож эхэлсэн байна.

Жишээлбэл, вакцинжуулалтаа хэдэн сая хятад вакцинаар эхлүүлсэн Турк улс өчигдөр (2021.07.01) халдварлах өндөр чадвар бүхий “Дельта” хувилбарын SARS-CoV2 вирусээс ард иргэдээ сэргийлэхийн тулд гурав дахь тунг санал болгожээ.

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кокагийн хэлснээр, вакцины гурав дахь тунг эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчид болон 50-иас дээш насны иргэддээ тарихаар төлөвлөсөн аж. Вакцинжуулалтад дахин хамрагдах гэж буй иргэн өмнө нь чухам аль үйлдвэрийн вакцины хоёр тунг хийлгэснээс үл хамааран гурав дахь тунгаа дур мэдэн сонгож болох юм байна. Туркийн хувьд өдгөө Pfizer/BioNTech компанийн болон Хятадын Sinovac компанийн гээд хоёр вакцин ашиглаж буй. Тиймээс иргэд нь дээрх хоёр вакцины аль нэгийг сонгох боломжтой юм.

Фахреттин Кокагийн тайлбарласанчлан Туркийн эмч, хөгшчүүл дунджаар зургаан сарын өмнө вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тухайн үед зөвхөн Хятадын вакцин тарьж байсан тул өдгөө шинэ хувилбаруудын эсрэг гурав дахь тун вакциныг тарих зайлшгүй шаардлага үүссэн нь энэ аж.

Хятадын вакцинаар хүн амынхаа багагүй хувийг вакцинжуулсныхаа дараа өөр үйлдвэрийн вакцины гурав дахь тун санал болгож байгаа улс ганцхан Турк биш юм. Бахрейн улс Sinopharm компанийн бүтээсэн вакцины хоёр тунг тариулсан ард иргэддээ дахин нэг тун Pfizer/BioNTech компанийн вакцин санал болгож эхэлсэн байна. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын эрдэмтэд Хятадын вакцины хоёр тун хангалттай дархлаа тогтоож чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр дахин нэг тун хятад вакцин иргэддээ тарьж эхэлжээ.

Түүнээс гадна ОХУ мөн өчигдөр (2021.07.01) шинэ “Дельта” хувилбарын тархалтаас сэргийлэн, дотоодын үйлдвэрийн вакцины гурав дахь тунг санал болгож эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Кремль нийт хүн амынхаа ердөө 16 хувийг дархлаажуулаад байгаа аж. Москвагийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс нийт хүн амын дор хаяж 60 хувь нь бүрэн дархлаажих хүртэл зургаан сар тутамд нэг нэг тун вакцин тариулсаар байх шаардлагатай гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 12 цаг 28 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон тухай дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.

Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн буюу 237.3 тэрбум төгрөгний гүйцэтгэл хийгдээгүй үлдсэн байна. Улсын төсвөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд төсөвт өртөг нэмэгддэг, хэрэгжилт удааширдаг, үр ашиггүй зардал гардаг дутагдалууд нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага сул, хяналтын тогтолцоо бүрэн төлөвшиж чадахгүй байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар:

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн болно. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Аудитаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно гэлээ.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын Байнгын хороод “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулдаг тухай танилцуулав.

Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссонд тооцсон тухай тогтож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, ковид-19 цар тахлын үед урсгал зардал харьцангүй багассан, тухайлбал сургууль, цэцэрлэг ажиллаагүй тул боловсролын салбарт төсөвлөгдсөн хөрөнгө юунд зарцуулагдсан талаар тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хийсэн тайлбартаа, хүүхдийн 100 мянган төгрөг, ноолуурын урамшуулалд ихэнх төсөв хувиарлагдсан. Үүнд, боловсролын салбараас хэмнэгдсэн 34 тэрбум төгрөг хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулагдсан гэв.

Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдээгүй.

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Ирээдүйн өв санд хэдэн төгрөг хуримтлагдсан талаар тодруулав. Нийт тогтворжуулалтын сангийн орлого нэмэгдснээр Ирээдүйн өв санд хувиарлагдах орлого буурсан үзүүлэлттэй харагдаж байна гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Ирээдүйн өв санд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлах болсныг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд Сангийн яаманд ажиллаж, Ирээдүйн өв санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгах шаардлагатай гэсэн тайлбар хийсэн тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааныг түр хойшлуулаад байсан юм.

Нэмэлт:

Үдээс хойш Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 16 цаг 30 минутад дахин хуралдаж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед цахимаар оролцож байсан, санал хураалт явуулах үед техникийн саатал гарсан тул санал хураалтыг гар тооллогын аргаар явуулах горимын санал гаргав. Х.Булгантуяа гишүүнээс гаргасан горимын санал дэмжигдэж, дахин санал хураалт явуулахад “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай санал олонхын саналаар дэмжигдлээ. Дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх саналдаа:

1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;

4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг;

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;

15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;

16. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;

18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;

19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;

20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;

21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;

22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;

23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;

24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг тус тус томилуулахаар тусгажээ.

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. Харин Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татсан юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Консулын газрын статусыг дээшлүүлж Элчин сайдын яам нээж ажиллуулахаар, мөн Улсын Их Хурлын 2019 оны 79, 80 дугаар тогтоолуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларуь Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан эдгээр улсад суух Элчин сайд нарыг томилох саналыг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэр дэвшигчдийг ямар шалгуураар хэрхэн сонгосон, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй Элчин сайдыг ямар үндэслэлээр эгүүлэн татаж байгаа, гишүүн Д.Ганбат цаашдаа Элчин сайд нарыг томилох асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж сайн ярилцах байх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин нар мэргэжлийн дипломатчдыг түлхүү оруулж ирсэнд талархалтай байгаа, мөн төрийн улс төрийн болон тусгай албанд олон жил ажилласан туршлагатай зарим улстөрчийг нэр дэвшүүлснийг дэмжиж буйгаа хэллээ. Харин гишүүн Б.Баттөмөр Элчин сайдын яамны ажлыг ямар шалгуураар хэрхэн үнэлж дүгнэдэг, гадаад харилцааны бодлогын баримт бичгийн хэрэгжилт ямар байгаа, гадаад худалдааны хуулийн төслийг боловсруулах ажил ямар түвшинд байгааг Гадаад харилцааны сайдаас тодруулж хариулт авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Элчин сайдыг томилох асуудлыг Гадаад харилцааны яам судалж нягтлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилдаг. Дипломат албанд ажиллах хугацаа дөрвөн жил байх хуулийн зохицуулалттай. Гэтэл Элчин сайдуудыг эгүүлэн татах, дараагийн Элчин сайдыг томилуулах асуудал хуулийн хугацаанаас хэтрээд байна. Судалгаа тооцоогоор Элчин сайдаар ажилласан хугацаа 1-3.1 жилээр хэтэрсэн байгаа юм. Тиймээс гадаад харилцааны орчинд үүссэн энэ асуудлын зангилааг тайлах шаардлага тулгараад байна.

Гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилуулахад энэ удаа их анхаарсан, нэр дэвшигчдийн 80 хувь нь мэргэжлийн дипломат ажилтнууд байна. Мөн төрийн улс төрийн болон тусгай албанд ажилласан, төрийн ажлын ихээхэн туршлага, чадвартай таван нэр дэвшигч байгаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа өөр ажилд томилогдох болсон тул эгүүлэн татаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн Элчин сайдаар томилуулан ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид гэдгийг онцоллоо.

Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Монгол Улс, АНУ-ын олон талт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. Тиймээс Элчин сайдаар томилогдвол хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэх, эх орны бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг улам өргөжүүлэх, гадаад сурталчилгааг сайн хийх, тэнд ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган иргэдийнхээ эрх ашгийг хангаж хамгаалахад идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд, Х.Булгантуяа, П.Анужин, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар үг хэлж, эх орноо төлөөлөн сууж буй Элчин сайдын хувьд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай, бүтээлчээр хандах, иргэдийнхээ эрх ашгийг урьтал болгож төрийн үйлчилгээг хүргэх, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангахад анхаарах, улс орныхоо нэр хүндийг хамгаалж ёс зүйтэй, шударгаар ажиллахыг нэр дэвшигчдэд сануулж захилаа.

Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 84.2-94.7 хувийн саналаар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжив. Мөн зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д “Дельта” вирус хурдацтай тархаж байна

БНХАУ-д Covid-19-ийн “Дельта” болон “Дельта+” хувилбарын халдварын тархалт хурдацтай тархаж, хүнд хэлбэртэй байгааг ДЭМБ-аас тогтоосон байна. Урд хөршид сүүлийн үед зөөвөрлөгдөж орж ирсэн зарим тохиолдлууд нь “Дельта” вирус байсан, уг халдвар зарим хот мужид олон хүнийг хамарч тархсан байна. “Дельта” вирус нь хурдан тархдаг, их хэмжээний вирус тээдгээс гадна нууц үе нь богино хугацаанд илэрдэг аж.

Тодруулбал, халдварын нууц үе болон тархалтын үе богиносч, 10 хоног хүрэхгүй хугацаанд 5-6 дугаар үедээ вирус тарааж, илүү олон хүн богино хугацаанд өвчилж байна.

Клиник үзүүлэлтийн хувьд, энэ удаагийн дотоодод илэрсэн тохиолдлууд нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн хүнээс халдварлажээ. Халдвар илэрмэгцээ хүндэрч, нэн хүнд хэлбэрээр өвчилж буй хүмүүс өмнөх Covid-19-тэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байв. Нэн хүнд хэлбэрийн оноштой өвчтнүүдийн бие дэх вирусийн хэмжээ өндөр байгаа (зарим тохиолдолд 100 дахин илүү) бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гартал арай урт хугацаа (ердийн үед 7-9 хоног байсан бол одоо 13-15 хоног, зарим тохиолдолд 20 хоног) шаардаж байна.

Биед илрэх шинж тэмдгийн хувьд, зарим улс орнуудын хийсэн судалгаанаас харахад, “Дельта” вирусийн халдвар авсан өвчтөнд дотор муухай оргих, ходоод өвдөх, огих, хоолны дуршил буурах, сонсгол муудах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн аж.

Мөн цөөн тооны халдвар авсан иргэдэд өнгөц хэлбэрийн тромбо хам шинж тэмдэг илэрч, хүндэрсэн тохиолдолд амь насаа алдаж байна. Хятадын Гуанжоу мужийн эмнэлгийн байгууллагаас, “Дельта” вирусийн халдвар авсан өвчтөнийг уламжлалт эмчилгээний аргаах эмчлэх нь үр дүнтэй байгааг танилцуулжээ.

“Дельта+” хувилбарын тархалт илүү богино хугацаанд эрчимтэй тарж байгаа тул Бээжин хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн удирдлагын төвөөс ард иргэддээ хандаж, анхаарал сэрэмжээ бууруулахгүй, Засгийн газраас баталсан “Aрд иргэдийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үндсэн зарчим, хэм хэмжээ”-г баримталж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих нь чухал болохыг анхааруулсан байна.

Мөн олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал цуглааны үеэр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахиж, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй байж, өндөр эрсдэлтэй вирусийн халдвар болон холбогдох сөрөг үр дагавраас болгоомжилж, вакциндаа идэвхтэй хамрагдан, нэн онцын шаардлагагүй тохиолдолд өндөр эрсдэлтэй бүсээр зорчихгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.

Хятадын нэрт эрдэмтэн Жун Наншанийн мэдээлснээр, Хятадын тал “Дельта” болон “Дельта+” хувилбарын халдварын эсрэг вакцины судалгааг эхлүүлээд, “Технологийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд энэхүү вакциныг гаргаж авахад хүндрэлтэй биш” гэж мэдэгдсэн байна. Гадаад улсаас ирж буй иргэдийг хүлээн авахдаа тухайн орны цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэний нисэхийн болон бусад холбогдох байгууллагуудаас давхар авч, “алсаас хянах”, “давхар сөрөг” шалгалт арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Хэрэв “Дельта” хэлбэрийн вирус тархсан орноор дайран өнгөрсөн иргэд эрүүл мэндийн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлээгүй болон иргэдийг өвчний нөхцөл байдлын талаар өвчний түүхийг нуун дарагдуулах тохиолдолд гаалийн байгууллага холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.