Categories
амьдралын-өнгө мэдээ

Хязгаарлалт тогтоосон 18 аймгийн зургаа нь бүх сумаа хаажээ

Ковид-19 халдварын тархалт орон нутагт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Улаанбаатар хотод шинээр 1432 тохиолдол, орон нутагт 969 тохиолдол бүртгэгджээ.

Тэгвэл 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

1.Архангай аймгийн 19 сум бүгд,

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 2 сум буюу Б Манхан, Алтай

10. Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар

13. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,

17.Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс

18.Говьсүмбэр аймгийн 3 сумд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Arig Anya” ресторан эрүүл мэндийн салбарынханд энэ сарын 4 хүртэл үнэгүй үйлчилж байна

Ардын хувьсгалын хувьсгалын 100 жилийн наадмыг цуцлах, бүтэн жилээр хойшлуулах шийдвэр Засгийн газраас гаргаад байгаа билээ. “No naadam” хөдөлгөөн өрнөсөн нь үүнд багагүй нөлөөлсөн юм.

Тэгвэл “юу чаддаг түүгээрээ асрагч эмч сувилагч нартаа эв санааны нэгдлээ илэрхийлэн үйлчилж байна” хэмээн “Arig Anya” эрүүл мэндийнм салбарт ажиллан, цар тахалтай тэмцэж буй асрагч, эмч, сувилагч нарт энэ сарын 2-4-нд үнэгүй үйлчилж байгаагаа мэдэгдлээ.

гадаа болон

Энэ талаар тэд цахим хуудсандаа “No naadam, no тооцоо. Юу чаддаг түүгээрээ асрагч эмч сувилагч нартаа эв санааны нэгдлээ илэрхийлэн үйлчилж байна.

Үхрийн ясны шөлтэй, өөрсдийн бэлдсэн гоймонтой бүх рамэн, мантуун бууз.

Зөвхөн Ариг Аня Эверидэй салбарт. Дараа бусад дүүргийг бусад салбараар үйлчлэх болно оо.

Баянзүрх дүүргийн улсын эмнэлгийн ажиллагсдад VII сарын 2,3,4-ны өдрүүдэд.

Бид сэтгэл зүрхээрээ бэлэн бас бүгд баяртай байгаа.

Жуковын автобусны буудал өнгөрөөд Эверидэй худалдааны төвийн 1 давхарт Ариг Аня” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Заган ойг хамгаалах зорилгоор 150 сая төгрөгөөр хашаа барина

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БОАЖ, ХХАХҮ-ийн яамд НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахим уулзалт хийж 2021 оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.

Тухайлбал,

  1. Төслийн дэмжлэгээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн 5 сумдад нийт 75 га заган ойг хамгаалах зорилгоор 150 сая төгрөгийн төсөвтэй хашаа барих ажлын үр дүнг үндэсний хэмжээний газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд нэгтгэж цаашид төсвийг нэмэгдүүлж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх.
  2. Завхан аймгийн Идрийн голын эх түүний орчмын ойн экосистемийг нөхөн сэргээхэд 50-100 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг төслийн Удирдах зөвлөлийн хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
  3. Төсөл хэрэгжиж буй 13 сумдын байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж дүрэмт хувцас, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах.
  4. Байгаль орчны чиглэлийн 17 хөтөлбөрийн зарим шаардлагатай хөтөлбөрт тухайлбал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлыг 2021 оны 10 сар гэхэд хийж дуусгасан байх.

Төслөөс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ нь тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хийх нислэгийн хуваарь

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын нээлт долдугаар сарын 4-ний өдөр буюу маргааш нээлтээ хийнэ. Шинэ нисэх буудлын нээлтийг хийж, анхны нислэгээ Японы Токио хот руу хийхээр хувиарьт тусгагджээ.

Зорчигчдын анхааралд:

  • Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой.
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.

Долдугаар сарын нислэгийн хуваарь:

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтай болж байна.

Хуулийг баталснаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин: “Олон улс кино үйлдвэрлэлийн салбараа амжилттай хөгжүүлсэн. Энэ хуулийг батлуулахдаа бид нэгдүгээрт, амьтай буюу заалт бүр нь хэрэгждэг байхад их анхаарсан. Түүнээс хуулийн тодорхой хэсэг нь эсвэл нэг л заалт нь ашиглагддаг бол учир дутагдалтай. Тиймээс бид хуулийн төслийг бэлтгэхийн тулд салбарынхантай олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа кино урлагийнхнийгаа хэрхэн дэмжих вэ гэдэгт чиглэсэн. Нөгөө талдаа гадны зах зээлээр дамжуулж Монголд уран бүтээл хийлгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд бид олон улсын зах зээлд ажилладаг Netflix болон холливүүдийн продюсеруудтай холбогдож, “ямар тохиолдолд энэ хууль та бүхэнд хэрэгцээтэй байх вэ” гэдгийг нь асууж тодруулж, ярилцсан. Мөн тэднийг байнгын хорооны гишүүдтэй холбож, ойлголтоо нэг болгосон. Тийм учраас энэ хууль амьдралтай, уран бүтээлчдэд тус болно гэсэн итгэлтэй байна” гэлээ.

Хуулийг баталсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болж байна. Ийм хуультай болох санал 10 жилийн өмнө гарч байсан. Дараа нь 2012 онд Ажлын баг байгуулж байсан. 2015 онд анхны төслийг боловсруулж, 2019 онд бодит ажил болсон. Хуулийг төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал болон ажлын дэд хэсгийн гишүүн Соёлын яамны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батцэцэг, “Black box” театрын найруулагч С.Мягмар, “Бадрангуй” кино компанийн захирал А.Миеэгомбо нарын зэрэг хүмүүс, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Г.Дамдинням болон нийт гишүүдэд УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Кино бол дэлхийн соёл урлагийн томоохон чухал салбар. Ийм ч учраас бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж хэлсэн үг бий. Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна. 1930 онд Ардын сайд нарын тогтоолоор кино үйлдвэрлэлийн газар анх байгуулагдаж байсан түүхтэй. Монгол киногоо дэлхийн түвшинд гаргах, дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Түүнчлэн Монгол эх орон соёл түүхээ сурталчилах, иргэдийнхээ үндэсний бахархал, эх оронч үзлийг сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Дельта” хувилбар 98 улсад бүртгэгджээ

Коронавирусийн “Дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо 98 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлэв.

“Бид “COVID-19” цар тахлын маш аюултай үеийг туулж байна. Олон оронд давамгай тархаж буй “Дельта” гэх мэт илүү халдвартай хувилбарууд байдлыг улам хүндрүүлж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Дельта” хувилбар хэдийнэ 98 улсад бүртгэгдсэн бөгөөд уг хувилбар вакцинжуулалт эрчимтэй явагдаж буй улс орнуудад төдийгүй доогуур үзүүлэлттэй орнуудад ч тархаж байна.

Ийм үед вирусний тархалтыг хумих, хүний амь насыг аврах, эдийн засгаа сэргээх хамгийн сайн арга бол вакцинд хамрагдах юм гэж Гебрейесус онцлон тэмдэглэжээ.

“Нэг жилийн дотор хүн амынхаа 70 хувийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулахын тулд хамтран ажиллахыг би дэлхийн улс орнуудын удирдагч нарт уриалсан” гэж ДЭМБ-ын тэргүүн хэллээ.

Тэрбээр мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын тулд, мөн цар тахлын хамгийн хурц үеийг даван туулахын тулд хүн амынхаа дор хаяж 10 хувийг есдүгээр сар гэхэд вакцинжуулахыг улс орнуудад уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөл үзүүлэх тухай хууль баталлаа

Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан ажээ.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл гэв. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн болохыг Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.

Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.

Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпод оролцох Монголын тамирчид

Токиогийн олимпийн наадамд эхлэхэд 20 хоног үлдлээ. Монгол Улс энэ удаагийн олимпод спортын 10 төрөлд 43 тамирчнаа оролцуулахаар боллоо.

Хамгийн сүүлд буюу өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпийн эрх баталгаажсанаар 43 тамирчин Токиог зорих боломж бүрдсэн юм.

Монгол Улсаас Токиогийн олимпод жүдогоор 12, чөлөөт бөхөөр ес, сагсан бөмбөгийн 3×3 төрлөөр дөрөв, хөнгөн атлетик, боксоор тус бүр гурав, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, хүндийг өргөлтөөр тус бүр хоёр тамирчин оролцоно.

Сонирхуулахад, Риогийн олимпийн наадмаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яамнаас дөрвөн ширхэг амьсгалын бие даасан төхөөрөмж гардуулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран “Хангай-2021” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийг ирэх есдүгээр сард Архангай аймагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, сургуулийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, аврагчдын хамтарсан дадлага сургуулийн талаар хэлэлцэж, бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт АНУ-ын Элчин сайдын яамнаас дөрвөн ширхэг амьсгалын бие даасан төхөөрөмжийг гардуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 12-15 насны 4859 хүүхэд вакцинд хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр/2021.07.03/ I тунд 6420, II тунд 2251, нийт 8671 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 155 жирэмсэн эх, 12-15 насны 4859, 16-17 насны 1062 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.021.646 иргэн I тунд, 884.625 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт

  • 2386 (20 хувь) жирэмсэн эх,
  • 12-15 насны 21047 (20.8 хувь),
  • 16-17 насны 15334 (45.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.