Categories
гадаад мэдээ

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадад орон нутгийн сургуулиас уугуул хүүхдүүдийн нэргүй булшнууд олдсоны дараа тус улсыг үүсгэн байгуулсан өдрийн баярыг цуцлахыг шаардан иргэд жагсч эхэлжээ. Тэгвэл өчигдөр жагсагчид Их Британийн хатан хаан II Элизабетагийн хөшөөг буулгажээ. Өмнөх өдөр нь Манитоба мужийн нийслэлд орших Викториа хатан хааны хөшөөг буулгасан аж. Жагсаалын үеэр цагдаа нар лазер буу ашиглан цөөн тооны хүнийг баривчилжээ.

Их Британийн колончлолын хүрээнд 1867 онд тус улс байгуулагдсан өдрийг “Канадын өдөр” хэмээн нэрлэж, жил бүрийн долдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Харин энэ жил Канадын өдрөөр Альбарта мужид 10 орчим сүмийг эсэргүүцэгчид эвдэж, сүйтгэсэн байна.

Тус улсад 19-20-р зууны хооронд уугуул оршин суугчдын 150 мянга гаруй хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салган, сургуульд сургаж байжээ. Гэвч сургуулиас олон хүүхдийн нэргүй булш олдсон нь ийнхүү эсэргүүцэл дагуулсан байна. Сургуульд суралцаж байхдаа 6000 орчим хүүхэд нас барсан гэж үздэг аж. Учир нь сургуулийн барилга нь чанаргүй, халаалт муутай, ариун цэврийн хангалтгүй нөхцөлд уугуул хүүхдүүд суралцдаг байжээ.

Хаанчлал, колончлол, боолчлолын бэлгэ тэмдгийн эсрэг жагсаал цуглаан өнгөрсөн онд өнгөт арьст залуу Жорж Флойдын үхлийн дараа олон улсад өрнөсөн юм. Африк-Америк гаралтай Жорж Флойдыг цагаан арьст цагдаа баривчлахдаа хүзүүн дээр нь удаан дарж суусаар амь насыг нь хохироосон нь Нэгдсэн улс төдийгүй олон оронд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцлийг өдөөсөн юм.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт ялагдашгүй хочит Колберттой маргааш тулалдана

Мэргэжлийн боксын WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт тус холбооны хөнгөн жингийн аварга “Primetime” хочит Крис Колберттой маргааш тулалдана.

Тулаан Калифорни мужийн Карсон хот дахь “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд долоодугаар сарын 04-ний 09:00 цагт болно.

Н.Төгсцогтын хувьд 13 тулаан хийхдээ нэг ялагдсан бөгөөд нийт тулааныхаа 69 хувьд нь хүнд цохилтоор ялж байсан. Харин түүний өрсөлдөгч Крис Колберт нэг ч ялагдаагүй босоо амжилттай байгаа юм.

Өдгөө 29 настай Монгол залуугийн хувьд Юриоркис Гамбоатай тулалдахаар товлосон байсан ч Гамбоа бэртлийн улмаас тулалдах боломжгүй болсон байна.

Тулааныг UniLive, DDish Live900 шууд дамжуулна.

Categories
булангууд мэдээ редакцийн-нийтлэл утга-зоxиол

“Утгын чимэг-2020” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд

Утгын чимэг-2020” богино өгүүллэгийн наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн Утгын чимэг наадам Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их зохиолч Цэндийн Доржготовын нэрэмжит болсон юм.

Наадмыг МЗЭ, МҮОНРТ, Архангай аймгийн утга зохиолын ХАНТАМИР ТӨВ, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. Уг наадамд нийт 60 гаруй зохиолчид бүтээлээ ирүүлснээс шилдэг 10 бүтээл шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн юм.

МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг магнайлж, МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулгын “Хонхор газар” өгүүллэг удаалж, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Төлөө” өгүүллэг гутгаар байранд орж, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Амьдын хорвоо” өгүүллэг дөтгөөр байр, МЗЭ-ийн шагналт зохиолч Цэвэгжавын Ганболдын “Уулын мухарт” өгүүллэг тавдугаар байр эзэллээ.

Мөн Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн их мастер Гомбын Равдан “Утгын чимэг” наадмын шилдэг уран уншигч- өгүүлэгчийг шалгаруулж СТА, орчуулгын киноны дуун хөрвүүлэгч Өлзийн Наранбаатарыг шагнаж урамшууллаа.

Цар тахалтай хүнд үед уран бүтээлээ туурвиж оролцсон нийт зохиолчид, дуун өгүүлэгч, жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

No description available.

ХАНТАМИР ТӨВ
2020.07.02.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газрын тосны үнэ өссөөр байна

Өчигдөр буюу долдугаар сарын 2-нд шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн. Бензиний түүхий эд болох газрын тосны үнээс энэ нь шууд хамааралтай байдаг. Манай улсын хувьд газрын тосыг 100 хувь гаднын улсаас импортоор авдаг.

Дэлхийн зах зээл дээр үнэ нь огцом өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр “WTI Crude” газрын тосны үнэ баррель тутамдаа 35.79 ам.доллар байсан бол өнөөдөр /2021.07.02/ 75.16 ам.доллар болж өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний хагас жилд 21 хүн гол, усанд амь насаа алджээ

Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан агаар салхинд найзуудаараа, гэр бүлээрээ гарч, амарч зугаалж байна. Энэ тал дээр хориглоогүй ч амарч байх үедээ согтууруулах удаа хэрэглэх, хүүхдээ хараа хяналтгүй орхих, голын усны гүнийг мэдэхгүй усанд орох зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл голын усанд амь насаа алдаж байна.

Улсын хэмжээнд 2020 онд гол усанд осолдож 116 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний 25 нь хүүхэд, үлдсэн 91 нь насанд хүрсэн хүн байна. Харин 2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Гол мөрөн зөвхөн үерлэсэн үед аюултай гэж бодож болохгүй үргэлж анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал.

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын хамтарсан завьт эргүүл, мотоцикл эргүүл, хөдөлгөөнт болон явган эргүүлийг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

УСАНД ЖИВСЭН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Нэн тэргүүнд түргэн тусламжийн багийг дуудах шаардлагатай. Усанд осолдсон хүнээ уснаас гаргаж, хэвтүүлэн ам хоолойнд нь ямар нэгэн зүйл тээглэсэн эсэх, амьсгалж байгаа үгүйг нь шалгана. Зүрхний ажиллагаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд осолдогч ухаангүй байвал ходоодонд залгигдсан усыг гаргаж, амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм,

Categories
мэдээ нийгэм

Зураг төсөл боловсруулах ажлын чанарыг сайжруулахыг уриалж байна

Нийслэлийн Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам, замын байгууламж, хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах зэрэг бүх төрлийн хот байгуулалтын архивын санг бүрдүүлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Ингэхдээ Барилгын тухай хуулийн 35.1.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, Мэргэжлийн зөвлөл (комисс)-ийн хурлын гарсан дүгнэлтийн дагуу газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгон барилгажих байршлыг тогтооно. Мөн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын боловсруулж ирүүлсэн загвар зургийг зөвшилцөх, батлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.

Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төсөл зохиогчдын ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм, дүрэм, стандартыг зөрчсөн, зураг төсөл, зөвлөх үйлчилгээг хангалтгүй үзүүлж, захиалагч, бүтээн байгуулагчдын цаг хугацааг алдагдуулах, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулах зэрэг зөрчлийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Улмаар удаа дараа зөрчил гаргаж байгаа зураг төслийн байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахгүй байх, цаашлаад цуцлах асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх юм.

2021 оны хагас жилийн байдлаар нийт 171 загвар зураг ирснээс 68 загвар зургийн ерөнхий шаардлага норм дүрэм, стандарт хангаагүй тул буцаан засварлуулснаар 103 загвар зураг зөвшилцөж батлагдсан байна. Үүнээс судалгаа, үндэслэл гүйцэтгэл сайтай үлгэр жишээ зураг төсөл гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, байгууллага, архитекторуудыг танилцуулъя.

  • “Некстстеп инженеринг” ХХК
  • “Пума интернешнл” ХХК
  • “ЭМ ЭС ЭЛ” ХХК Архитектор Г.Болормаа
  • “Вауин” ХХК Архитектор С.Мөнхсайхан
  • “Ньюкон” ХХК Архитектор Б.Батдаваа
  • “Марс констракшн” ХХК Архитектор Н.Эрдэнэцэцэг
  • “Варм бюлдинг констракшн” ХХК Архитектор Х.Есөн-Эрдэнэ
  • “Бум-Асар” ХХК Архитектор А.Уянболд

Мөн мэргэжлийн ёс зүй, норм дүрэм, удаа дараа стандартын шаардлага хангахгүй зөрчилтэй зураг төсөл зохиож, хангалтгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа зураг төслийн зөвлөх байгууллагууд байна. Эдгээр нь

  • “Аксиом констракшн” ХХК
  • “Хотол архитектс” ХХК
  • “ББСМО”ХХК
  • “Бизайн” ХХК
  • “Цэнхэр төхөм” ХХК
  • “Арвай нутгийн зам” ХХК
  • “Арт капитал” ХХК
  • Монголын ногоон хөгжлийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн ХХК
  • “Агниста инженеринг” ХХК
  • “Арт капитал” ХХК
  • “Нарт дизайн” ХХК
  • “Эм жи эл И Эн Си” ХХК
  • “Кон консалтинг” ХХК
  • “Түм прожект” ХХК
  • “Барилга байгууламж” ХХК
  • “Конконсалтинг” ХХК
  • “Могүмб констракшн” ХХК

Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймд хот байгуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлага, зөвлөмжийг хүндэтгэн, зураг төслөө чанартай гүйцэтгэн, их хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн эмч нар цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардлаа

Цар тахлын нөхцөл байдлын улмаас цөхөрч, ядарч буйгаа эрүүл мэндийн салбарынхан учирласаар байгаа билээ. Хэд хоногийн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл хэвлэлд хандан, цалингаа хоёр дахин нэмэх, улсын наадмыг цуцлахыг шаардсан юм.

Тэгвэл энэ давалгаанд Архангай аймгийн эмч нэр нэгдэн, цалин, урамшууллыг нь нэмэхийг шаарджээ.


Categories
гадаад мэдээ

Төрийн эргэлтээс айсан Беларусь Украинтай хилээ хаалаа

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улс руу хууль бусаар зэвсэг тээвэрлэгдэж байна гэж үзэн Украинтай хилээ хаах шийдвэр гаргалаа. Тэрбээр гадаадын хүчний санхүүжилттэй террористууд Беларусьт төрийн эргэлт хийхээр төлөвлөж, хууль бусаар зэвсэг тээвэрлэж байна хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Лукашенко “Тэд шугамыг давсан. Бид тэднийг өршөөхгүй” хэмээсэн байна. Лукашенкогийн хардаж буйгаар Герман, Литва, Польш, Украин, АНУ-ын санхүүжилттэй террорист бүлэглэлүүд Беларусь руу зэвсэг тээвэрлэж байгаа аж.

Тэрбээр ЗХУ нуран унаж, Беларусь улс тусгаар тогтнолоо зарласныг тэмдэглэх арга хэмжээний үеэр Украинтай хилээ хааж буйгаа мэдэгдсэн байна.

Харин Украины талаас Беларусийн дотоод хөндлөнгөөс оролцоогүй хэмээгээд хоёр улсыг холбодог 1084 км урт хилийг хааснаар ард иргэдэд л хүндрэл учирна хэмээн тайлбарлажээ. Беларусь нь өмнө талаараа Украинтай, баруун талаараа Польш, Литва улсуудтай, хойд талаараа Латви улстай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авлига, албан тушаал, хүчингийн гэмт хэрэг өршөөлд багтахгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, УИХ-ын 49 гишүүн дэмжсэнээр баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийнх аж.

ТУХАЙЛБАЛ,

  • 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол
  • 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ.
  • 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан,
  • 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн,
  • 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан,
  • 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байжээ.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөл эцэслэн батлагдсаний дараа тайлбар хийлээ. Тэрбээр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан Covid-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан” гэлээ.

Хорих ангид олон хүн байх нь халдвар тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна.

ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг УИХ, Засгийн газарт гаргасан байна.

Онцлоход, ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ.

Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан юм.