Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлт болно

Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иен буюу өнөөдрийн ханшаар 1 их наяд 675 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ. Анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэхээр төлөвлөжээ.

ИЕНИЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянган иен (1 их наяд 675 тэрбум төгрөг)
  • Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 сар (эхэлсэн) 2020.04 сар (дууссан)
  • Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
  • Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
  • Перрон: 104,200 м2
  • Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
  • Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
  • Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл

Нислэг үйлдэх Авиа компаниуд:

MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИСЭХ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ХАРИУЦАХААР БОЛОВ

Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн.

Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан.

Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал, цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан.

Япон Улсын Засгийн газар нь энэхүү бүтээн байгуулалтын төслөөс гадна “ЖАЙКА”-ийн техникийн хамтын ажиллагааны төслөөр нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвасын ашиглалт засвар үйлчилгээ, шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт зэрэг Японы холбогдох байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “All Japan” хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн. “ЖАЙКА”-аас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан менежментийг хийх болсон.

Шинэ нисэх буудал нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын хөгжил зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон PCR шинжилгээ авах цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатарт хотод дархлаажуулалтын суурин 25 цэгт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 14240 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон PCR шинжилгээ авах цэгүүдийн байршлыг танилцуулж байна.



Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Отгонбаяр: Монголын анхны “Очирт”, “Соёмбот” маркуудыг “Марзан” Шарав зурсан гэдэг ч хоёр өөр хүн зурсан байх магадлалтай

Зураач Тодын ОтгонбаяртайМонгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үүсэдвээр ярилцлаа. Тэрээр 1983-1987, 1997-2003 онуудад Монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд одоо Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.


Зураач Ч.Хишигчулуунтай энэ сэдвээр өнгөрсөн жил ярилцлага хийсэн юм. Гэтэл та бүр тэс хөндлөн зүйл бичсэн байх юм?

-Би, Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн эсэхийг эртнээс сонирхож байсан. Гэвч энэ цаг үе хүртэл дуугарсангүй. Учир нь энэ бол урлаг судлаачдын хийх ажил гэж боддог байсан. Энэ сэдвийг хөндсөн ямар нэг нийтлэл тэмдэглэл өдий болтол олж харсангүй. Эсхүл би мэдээгүй өнгөрсөн байх.


Би ч олж хараагүй, өмнө хийсэн ярилцлагынхаа хэмжээнд л ойлголттой яваа. Ер нь монголчууд бид таны хэлсэнчлэн нийтээрээ шахуу тийм л ойлголттой яваа байх?

-Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав гэдэг зураач зурсан гэдэг ойлголт нэвт явчихсан, бүгд итгэчихсэн. Тэгэлгүй ч яахав, угаасаа эхнээс нь бодлогоор системтэй тасралтгүй давтамжтай тэгээд ойлгуулчихсан юм чинь. Хүмүүсийн буруу биш.

“Монголын нэг өдөр” алдарт уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд Хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудсууд…ер нь тэр үеийн бүх зургуудыг тэр л зурсан. Бүтэн 100 жил завсар зайгүй ингэж ухуулсаар зуугаад жилийн өмнө түүнээс өөр зураач Монголд байгаагүй ч юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн юм биш үү. Дүрслэх урлагаас хол хөндий хүмүүсээс асуугаад үзээрэй, түүнийг л нэрлэх вий. Тэр байтугай манай зарим зураачид ч тийм ойлголттой байгаа нь ёстой гайхмаар. Тухайлбал, өөртэй чинь ярилцлага хийсэн Хишигчулуун зураач бүр үгчлэн тэгж хэлсэн байх юм. Уг нь тэр үед Монголд нэр алдартай олон зураач байсан юмсан.

Байсан л байдаг

-Тийм, Их Хүрээнд шавилан сууж Богд болон шашины мяндагтнуудын болон жирийн ард иргэдийн тааллаар бурхан шүтээн болон тухайн цагийн жирийн амьдралыг дүрслэн бүтээдэг Цагаан Жамба, Гэндэндамба, Сономцэрэн, Данжин, Цэнд, Балдангомбо, Пунцаг-Осор, Хасгомбо зэрэг дээд зиндааны зураач урчуудаас гадна ахуйн хэрэглээний авдар сав хээлдэг доод зиндааны гарын уртай монгол, төвөд, хятад урчууд ч цөөнгүй байсан.

Та түрүүн манай анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү. гэдэг сэдвийг их эртнээс сонирхсон гэж хэлсэн?

-Би 1983 онд маркийн зураач болон болтлоо манай анхны маркуудыг мань эр зурсан гэдэг ойлголттой тууж явсан. Маркийн зураач болоод л тэр маркуудыг анхааралтай харж эхэлсэн. Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх 1924 онд хэвлэгдсэн Монголын анхны марк болох “Очирт”-ын дизайн 1926 онд гарсан манай хоёр дахь марк “Соёмбот“-оос илт өөр байсан явдал юм. Ганц хоёрхон жилийн зөрүүтэй нэг хүн зурсан гээд байдаг. Гэтэл тэр хоёр маркийг харьцуулаад харахад хоёр өөр хүн зурсан гэдэг нь илэрхий. Очирт марк бол төвөд маягийн хийцтэй нөгөөх нь арай монголжуу гэмээр юм уу даа. Зураачийн хувьд бодлоо хэлэхэд жишээ нь, “Очирт” марк “Монголын нэг өдөр” уран зурагтай гэхээсээ илүүтэй авдар савны хээ угалзтай илүү төрөлсөнө. Тэгвэл эндээс уг маркийг авдар сав хээлдэг төвөд зураач зурсан байх магадлалтай гэсэн таамаг урган гарна, миний л бодол шүү дээ.

Тэгэхэээр таны бодож байгаагаар хоёр дахь буюуСоёмботмаркийг нь хэн зурсан болж таарч байна?

-Ёстой мэдэхгүй. Зөвхөн энэ хоёр марк төдийгүй бусад анхны маркуудыг хэн зурсан юм бол гэдэг асуулт одоо ч, өмнө нь ч миний толгой тархинаас салдаггүй юм. Гэсэн мөртөө тухайн цагт нь түүнийгээ цааш нь ухаж түнхье ч гэж бодож байсангүй. Мөн ч тэнэг байж дээ. Тэр үед уг нь нөгөө гайхамшигт алтан үеийн урлагийн ахмад мастерууд, ахмад марк цуглуулагчид олонх нь болон цөөн боловч лам хуврагууд амьд сэрүүн байсансан. Асуугаад тэмдэглээд авах минь ч яав даа гээд одоо хар толгойгоо шааж сууна. Би л лав холдож ойртоод 20 жил монгол марктай нэр холбогдож явахдаа Марзан Шарав гэдэг зураач, эсхүл өөр хэн нэгэн зураач анхны маркуудыг зурсан гэдэг тодорхой албан ёсны баримт олж хараагүй. Гэхдээ тийм баримт улсын архивт байж магадгүй л юм. Ур хийц гүйцэтгэлийн талаасаа “Очирт” нь “Соёмбот”-оосоо илүү. “Соёмбот”-ын ур хийц тааруу, муруй сарий зураас, эв хавгүй бичээс гээд өөлөх юм бий. Хоёр өөр зураач зурсан. Үүнийг олж харахын тулд заавал зураач байх албагүй л дээ. Уншигч та өөрөө харьцуулаад хараарай.

Та, Марзан Шарав гэдэг зураачийн бүтээлүүдэд их эргэлздэг хүн юм аа даа?

-Бүгдийг нь нэг хүн ганцаараа зурсан гэдэгт итгэх арга алга даа. Цааш нь ухаад бодохоор хэрэв Шарав зураач урлаг уран сайхны маш өндөр түвшинд бүтээсэн өнөөх алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн юм бол, хувьсгалын гэдэг нэрээр алдаршсан тэр аймаар ухуулах хуудсууд, ном сэтгүүлийн зургуудыг хэн зурсан байх вэ? Аймаар гэдэг нь зургуудын ур чадварыг хэлж байна. Маш тааруухан зураачид ур чадвар дорой зурсан байдаг. Гэтэл ийм ур чадварын хувьд илэрхий зөрүүтэй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг. Эндээс улбаалаад надад юу бодогддог гэхээр, манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коментерний заавраар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад Ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэгэн товарищыг гайхамшигт дүрээр тодруулчихсан юм биш биз дээ гэх эргэлзээ төрдөг! Коммунист-большевикууд пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов… гээд олон хиймэл баатрууд төрүүлсэн байдаг. Тэд аллага хядлагын их мастер Ленин, Сталиныг ариун явдалт их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ. Тиймдээ ч коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна гэсэн онигоо гарсан биз.

Тэгэхээр та, коммунистууд, гарын дүйтэй ядуу лам Шарав гэдэг хүнийг Ардын хувьсгалын ачаар шашны мунхралаас ангижирч хувьсгалч зураач болон төлөвшиж тухайн цагийн шинэ хувьсгалт Монголын урлаг соёлын үндэс суурийг тавигчдын нэгний дүрд тоглуулж, тэр үеийн дүрслэх урлаг, зурагтай холбоотой бүхнийг сайнтай муутай нь хамаад мань эр дээр овоолчихсон хиймэл дүр гэж үздэг байх нь, тийм үү?

-Тийм.

За яахав, маркин дээр ийм эргэлзээ байдаг байх нь. Тэгвэл алдартМонголын нэг өдөрзургийг хэн зурсан юм бол?

-Маш хүнд асуулт байна. Би байтугай нь хариулж чадахгүй асуулт юм биш үү. Дүрслэх урлагийн музейд байгаа эх зураг дээр түүний гарын үсэг байхгүй шиг санах юм. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон тэнд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг. Шашны гүн сүсэг бишрэлтэй бурхан бүтээдэг зураачид нүгэл хэмээн цээрлэж зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байсан. Ганц манай Монголд биш, Европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалтын үеэс хойш буюу ХҮI-ХҮII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ ил тод бичиж эхэлжээ. Гэхдээ манай Монголд энэ ёсыг зураачид нь ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. Харин зургийнхаа ард хувийн тамгаа дардаг байсан. Тэр нь байдаг бол Марзан Шарав зурсан гээд яг хэлчихсэн хүн одоохондоо алга даа.

Ардын зураач, Төрийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм гуай болон Оросын эрдэмтэн доктор Ломакина нар 1970-аад ондИскусство Монголийбил үү дээ, нэг ном гаргасан гэж та бичсэн байсан. Түүн дээр дээрх нэрт зургийг Марзан Шарав зурсан гэж нотолсон байдаг юм биш үү?

-Тэр эрхэм хүндэт хүмүүс тийм ном гаргасан. Гэхдээ тэд яг үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үү, үзэл суртлын хатуу харгис дарамтан дор тэр номыг бичсэн үү гэдэг нэг том асуудал бий. Зураач Саруулбуян бол Цүлтэм гуай эргэлздэг байсан гэх. Чимэдийн Энхээ бол Шарав нэрний хойно асуултын тэмдэгтэй (?) бичсэн гэж хэлсэн санагдана. Тэр ном надад уг нь байсан, алга болсон. Тэрнийг нь ч бас тухайн цагт нь анхаарч харж байсангүй дээ, би гэдэг хүн.

Тэгвэл тэр ухуулах хуудаснуудыг хэн зурсан болж байна?

-Бас тодорхойгүй юм их байдаг. Хэрэв тэр аймаар хувьсгалын ухуулах хуудаснуудыг зурсан зураач нь Шарав мөн юм бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр“-ийг зурсан бол тэр ёстой тасархай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжид амь бөхтөй байсаар байгаа “Марзан хэмээх Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна л даа. Нэг талаас “Тэмцэл” кинон дээр нэг гайхамшигтай дүр бий. Үнэхээр Шарав гэдэг ядуу лам зураач Ленин багшийн хөргийг Сүхбаатар жанжны хүсэлтээр зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Коммунистууд ийм хиймэл товарищ-баатрууд тодруулахдаа гарамгай! Энд би кино бүтээгчдийг гоочлох гээгүй. Харин ч магтмаар. Нөгөө талаас Шаравын “албан ёсны” гэх намтар түүхийг уншиж эргэцүүлэн бодоход зураач урчуудын зиндааг холин бантагнуулсанд л хамаг будлианы эх байгаа юм. Гэхдээ энд гайхах зүйлгүй, бидний үеийнхэн ийм будлиантай хуурамч түүхээр цэнэглэгдэж өсөж төлөвшсөн.

Тэгвэл анхны мөнгөн тэмдэгтүүд мөн адил эргэлзээтэй юү?

-Бас л бөөн эргэлзээ. Марзан Шарав гэдэг нэр дээр бөөн овоолго хийчихсэн байдаг, одоо үүнийг ялгаж салгах гэхээр түүхэн баримт байдаг ч юм уу үгүй ч юм уу, бүү мэд.

Та яагаад ийм оройтож дуугарч эхлэв?

-Ирэх 2024 онд Монгол маркийн 100 жилийн ой болно. Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудыг зурсан зураачаа яг албан ёсоор тодруулаагүй явж байдаг. Би ч ялгаагүй! Тэр ч байтугай харьцангуй ойрхон 1960-аад оны маркуудаа ч хэн зурсан эсэхийг яг олж тогтоогоогүй л тууж явна даа. Энэ мэт хоосон цагаан зай манай монгол маркинд маш их бий.

Саяхан миний найз, нэрт нийтлэлч, дипломатч Дашдоржийн Баярхүү анд ХХI зууны монгол хүний дотор ХIII зууны “Монгол хүн бас байна” гэсэн утгатай нийтлэл бичсэн байсан. Бодууштай. Заавал тийм үг сонсож байж дуугардаг би ч гэж би. Нөгөө л ам дамжсан яриагаараа яваастай. Хүссэн ч хүсээгүй ч 20 жилийн түүхтэй нь холбоотой юм болохоор маркинд ажиллаж байсан үеэ дурсамж маягаар бичиж хойч үедээ үлдээхгүй бол түүх муухай гуйвдаг юм байна гэдгийг яг энэ мэтээр нүдээрээ харж чихээрээ сонсож байна. Тэгээд бичээд эхэлтэл гараан дээрээ зогсчихдоггүй юм гэхэд хий эргээд эхэллээ. Түүх бичлэгийн тал дээр амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд 160 гаруй жилийн тэртээ анхны маркаа зурсан хүн байтугай, тэр маркинд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээсэн байх юм. Манайхан бол огт тоохгүй шүү дээ, “Аан нэг юм хэлж л байсан” гэх маягтай үл тоомсорлон өнгөрөөнө. Бүр түүнээс ч жижиг зүйлийг ч тэмдэглээд үлдээчихсэн байдаг юм билээ. Төгсгөлд хэлэхэд, өчүүхэн би Шарав гэдэг зураач анхны маркийг зураагүй гэж хэлээгүй. “Монголын нэг өдөр“-ийг ч бусад нэрлээд байгаа бүтээлүүдийг зураагүй гэж хэлээгүй. Магадгүй тэр аль нэгнийг нь зурсан байх. Гэхдээ түүнийг яг алийг нь зурсан юм бэ гэдэг дээр л эргэлзээ байгаа юм.

Хэрэв хэн нэгэн залуу судлаач энэ сэдвийг зориглон барьж авбал Урлаг судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах бэлэн маш сайхан сэдэв эзнээ хүлээгээд байж л байна даа. Бүр цааш нь ухвал Орчин үеийн Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд ч өөрчлөлт гарч ирж мэдэх л юм. Архив ухаж түнхдэг, түүх шастир судалдаг хүмүүс бидний энэ ярилцлагыг уншаад мэдсэн, сонссон, уншсан зүйлсээ хуваалцаж санал бодлоо солилцвол би их баяртай байх болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

М.Дэлгэрхүү: Бассейнаар дамжиж коронавирусийн халдвар авсан тохиолдол нэг ч байхгүй

Токио 2020” олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол Улсаас 41 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцох болзол биелүүлж, цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаа юм. Монгол Улсаас усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин өрсөлдөх болзол хангаад байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тамирчид олимпийн наадмын бэлтгэлээ Туул голд базааж байна. Бид олимпийн эрхээ аваад буй спортын мастер М.Дэлгэрхүүгээс тодруулга авлаа. Түүний хувьд 2019 онд усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн эрхээ аваад байгаа юм.


Олимпийн наадмын бэлтгэлдээ хэзээ гарсан бэ. Өмнө нь хаана бэлтгэл базааж байв?

-Олимпийн бэлтгэлд гараад гурван сар орчим болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж усан бассейны үйл ажиллагааг зогсоож бэлтгэл хийх боломжгүй болсон. Олимпийн наадам хаяанд ирээд буй энэ үед бэлтгэл сургуулилтгүй байж хэрхэвч болохгүй. Цаг үеийн нөхцөл байдалд тааруулаад л Туул голд бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тамирчин хүний тухайд олимпийн наадам хаяанд ирээд буй өдрүүдэд өдөр хоног бүр л үнэ цэнэтэй байх. Ер нь усан спортын тамирчдын тухайд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байдаг вэ?

-Тийм. Нэг өдөр ч бидний хувьд үнэ цэнэтэй. Өнөөдрийн хувьд УОК-ын зүгээс олимпийн наадамд оролцох хоёр тамирчинд зөвшөөрлийн бичиг гаргаж өгч байна. Мэдээж үүнд талархаж байгаа. Гэсэн хэдий ч Монголын усан спорт сонирхогчдын холбоонд өөрсдийн гэсэн бассейн байдаггүй. УОК-ын зүгээс улсад харьяалалтай усан бассейнд бэлтгэл хийх чиглэл өгсөн байна лээ. Харамсалтай нь манайд олон улсын стандарт хангасан бэлтгэл хийх боломжтой бассейн ганцхан л байдаг. Тэр нь хувийн “Орчлон” сургуулийн бассейн. Маргаашнаас тухайн бассейнд бэлтгэл хийх байх. Гэхдээ бидний ард энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан олон мянган залуус бий. УОК-ын зүгээс ямар үндэслэлээр бассейнуудыг хааж байгааг ойлгохгүй байна. Монголоос бусад бүх улс оронд усан бассейныг нээчихсэн. Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш бассейнаар дамжиж халдварласан удаа байхгүй. Ийм байхад л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боосон шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна. Үнэхээр бассейнаар халдвар дамжаад байдаг бол үйл ажиллагааг нь хязгаарлахаас өөр арга байхгүй.

Зориулалтын бассейнд бэлтгэл хийх хүсэлтээ УОКт хэзээ хүргүүлсэн бэ?

-Шийдвэр гарснаас хойш гурав дахь хоногт хүсэлтээ өгсөн. Өнөөдөр асуудлыг маань шийдэж өгч байна. Үндсэндээ таваас зургаа хоногийн бэлтгэл алдагдчихлаа. Гурван долоо хоногийн дараа л олимпийн наадмын нээлт болно. Энэ бол бидний хувьд асар үнэтэй цаг хугацаа. Олимпод явчихаад ирэхэд биднийг амжилт гаргасангүй гэж ад үздэг. Бодит байдал дээр ийм нөхцөлд л бэлтгэл сургуулилт хийж байна. Энэ бүхнийг харгалзаж биднээс амжилт нэхэж сэтгэл зүйн дарамтад битгий оруулаач ээ.

Туул голд хэдэн удаагийн бэлтгэл хийв. Ямар үр дүн гарав?

-Дахин онцлоход, олимпийн наадам хаяанд ирчихээд байхад зүгээр суух эрх байхгүй. Олимпийн эрхийн ард олон жилийн хөлс хөдөлмөр явж байгаа болохоор тэр шүү дээ. Арга ядахдаа л өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж Туул голд гурван удаагийн бэлтгэл хийсэн. Цаг хугацаа хором мөч бүр надад үнэтэй байсан болохоор л тэр.

Бэлтгэл сургуулилт базаахад дэмждэг байгууллага бий юү?

-Бассейны бэлтгэлийн хажуугаар хүчний бэлтгэл сургуулилт базаах шаардлагатай байдаг. Хамгийн багадаа сард 300-400 орчим мянган төгрөгийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ бүхэн бидний халааснаас гарна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын долдугаар сарын 4, Адъяа гариг. Билгийн тооллын 25, Гоё хүүхэн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 4:59 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Говь-Алтай аймагт ажиллалаа

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллалаа.

Коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж байгаа Говь-Алтай аймгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, ард иргэдэд мэдээлэл зөвлөмж өгөх зорилгоор ийнхүү Говь-Алтай аймагт ирсэн байна.

Тэрбээр иргэдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан цахимаар мэдээлэл өглөө. “ХӨСҮТ зөвхөн Улаанбаатар хотод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатар хотод нөхцөл байдал хүнд байгаа учир богино хугацаанд олон аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байна”. Энэ удаа коронавируст халдварын тандалтын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал, лаборатори тодруулбал, PCR болон түргэвчилсэн шинжилгээ мөн вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өглөө.

Харин мөн үеэр иргэд: “PCR шинжилгээ, халдвар авсан тохиолдолд яах вэ, вакцины үр дүн, хүүхдийн вакцинжуулалтын талаар тодорхой асуултуудыг ирүүлж байлаа.

ХӨСҮТ-ийн баг хамт олон өмнө нь Говь-Алтай аймагт ирэхдээ коронавирусний халдварын тандалтын болон PCR шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд аргазүйн зөвлөгөө өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Наадам хийх эсэхийг эрт шийдсэн, жагсаалаас болоогүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Бид бүх хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавих боломжгүй тул иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Цаашдаа илүү дасан зохицож эдийн засгаа босгох тал дээр улс орноороо нэгдмэл байх хэрэгтэй.

Газрын тосны компаниудтай хийсэн тогтвортой байдлын гэрээ 12-р сарын 31-нд дууссан. Цаашид вакцины бүтэн тунд хамрагдалтыг 60 хувьд хүргэх хүртэл үнээ барихыг хүссэн. Бид өнөөдөр 60 хувьдаа хүрсэн.

Наадмыг жагсаалаас болж шийдээгүй. Наадмаар 16 мянган хүн цуглаж эрсдэл үүсэхийг халдвар судлаачид хэлсэн. Олимп хүртэл хойшилж болсон тул наадмаа ч хойшлуулж болно.

Бид 14 хоногийн турш долоодугаар сарын 1-н хүртэл харъя гэсэн. Долоодугаар сарын 1-нд хурал болж эрсдэлтэй гэж үзэж байна гэсэн тул хойшлуулсан. Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаас болсон зүйл шүү.

Баяр наадамтай холбоотой асуудлыг бид эрт шийдсэн. Цахимаар наадамд хийнэ бусад газрыг хараад эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн.

Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүст тэр болгонд гарч ирж мэдээлэл хийж ярих, ялангуяа Ерөнхий сайдын хувьд байнга ярилцлага өгөөд байх цаг ч байхгүй. Гол шийдлүүд манай өрөөнд яригдана. Харин зарим мэдээлэл буруу ойлгогдох, цахим ертөнцөд таслагдаж хүрсэн байж магадгүй.

Categories
гадаад мэдээ

50 жилийн өмнө “хөлдөөсөн” хүн одоо ч “амьд”

Жеймс Бедфорд бол 1893 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтэн.

Жеймс Бедфорд маш удаан хугацааны турш бөөрний хорт хавдар өвчинд шаналсан. Бөөрний хорт хавдар нь уушги руу нь үсэрхийлж өвчин нь улам хүндэрч, эдгэрэшгүй гэж оношлогдсон.

Тиймээс, өвчиндөө шаналсан профессор өөрийнхөө биеийг хөлдөөхийг зөвшөөрснөөрөө манай гаригийн хувьд хамгийн анхны хүн болсон.

Өөрийгөө үнэгүй хөлдөөлгөх үедээ Жеймс Бедфорд 73 настай байв. Ингээд түүнийг 1967 оны нэгдүгээр сарын 12-нд Калифорни мужийн Глендейл хотод “хөлдөөсөн” юм. Профессорыг физик үхлээр нас барсны хэдэн цагийн дараа түүний биеийг бүхэлд нь хөлдөөсөн байна. Эдгэршгүй хорт хавдар өвчнийг нь ирээдүйн анагаах ухаанд эдгээх тэр цаг үе хүртэл ийнхүү өөрийгөө “хөлдөөлгөх”-ийг зөвшөөрсөн юм.

1991 онд түүнийг битүүмжилсэн байсан капсулаас өөр шинэ криостат төхөөрөмж рүү шилжүүлсэн байна. Ингэхдээ “хөлдүү” профессорын биенд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр, энэ бүх хугацаанд биеийнх нь температур байх ёстой хэмжээндээ байгаа, ямар нэгэн гаж зүйл, өөрчлөлт хувиралт байхгүй, задралын шинж тэмдэггүй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө “хөлдөөлгүүлсэн” анхны хүний бие организмыг ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах “үүрэг”-ээ шинжлэх ухаан маш сайн биелүүлсэн.

Cool dude James Bedford has been cryonically frozen for 50 years - CNET

Өнөөдрийн байдлаар профессорын “хөлдүү” бие америкийн “Alcor” компанид хадгалагдаж байна. “Alcor” компани бол амьд бие организмыг шинжлэх ухааны аргаар “хөлдөөх” салбарт тэргүүлэх зэрэгтэй компани.

Жеймс Бедфордын шарилыг хөлдөөх ажиллагаанд 1969 оны “Suspended Animation” номын зохиогч Роберт Прехода, эмч-биофизикч Данте Брунол, Калифорнийн Крионикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Нельсон болон Бедфордыг эмчилж байсан эмч Рено Эйбл нар оролцсон аж.

Роберт Нельсон энэ явдлын дараагаар «Бид анхны хүнийг хөлдөөлөө» (“We Froze the First Man”) гэсэн бүтээлээ хэвлүүлж байсан удаатай.

Орчин үеийн техник технологитой харьцуулбал тухайн үеийн хөлдөөх тоног төхөөрөмж нэлээд бүдүүн баргийн байсан нь мэдээж.

Бедфордын цогцосыг диметилсульфоксидийн уусмалд дэвтээсний дараагаар хуурай мөс ашиглан бага багаар -79 градус хүртэл нь хөргөсөн аж. Хэд хоногийн Бедфордыг шингэн азотын уусмалд хийн, байнга хадгалах байршилд байрлуулжээ.

Хөлдөөснөөс 6 хоногийн дараа түүнийг Аризона мужийн Финикс дахь Эдвард Хоупийн Крио нийгмийн халамжийн газар луу шилжүүлэв.

Гэсэн ч, яг хоёр жилийн дараа “нойрсож буй хөлдүү” Бедфордыг дахин зөөвөрлөсөн байна. Энэ удаад Өмнөд Калифорни мужийн “Galiso, Inc.” Компани руу шилжүүлсэн аж. Түүнийг цоо шинэ “dewar” гэх битүү саванд байршуулжээ.

Харин, 1973 онд мөн л түүнийг “Galiso, Inc.” Компаниас мөн мужийн “Trans Time” компани руу авчирсан байна. Тэндээ 1973 оноос 1977 он хүртэл байсан байна. Үүний дараагаар Жеймс Бедфордын “хөлдүү” биеийг түүний хүүд хүлээлгэн өгсөн аж.

1981 он хүртэл түүний гэр бүл Өмнөд Калифорни мужид шингэн азотанд хадгалсаар ирж. Эцэстээ Бедфордыг мэргэжлийн байгууллагад өгч хадгалуулах болсноор “Alcor Life Extension Foundation” гэх компанид хүлээлгэн өгчээ.

1991 оны тавдугаар сарын 25-нд түүнийг битүү төхөөрөмжөөс гаргаж, шингэн азотаар дүүргэсэн стандартын ил ваннд байршуулсан юм.

Ил байршуулснаар бараг 24 жил хүний нүднээс далд байсан Бедфорд ил болсон түүхтэй. Энэ 24 жилийн хугацаанд Бедфордыг олон удаа нүүлгэн шилжүүлж, олон ч хүний гар дамжсан. Гэсэн ч, хамгийн гайхалтай нь түүнийг шинжлэх явцад “хөлдүү” бие одоо хэр нь ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа нь эрдэмтдийн баяр баяслыг төрүүлж байгаа билээ. Бедфордын бие энэ бүх хугацаанд бүхэл бүтэн хагас зуун жилийн турш нэг ч удаа –70 градусаас дээш болж нэмэгдээгүй аж.

No description available.

Профессор Бедфордыг өвчин зовлонгоос нь ангижруулсан нь хамгийн анхны бүтэлтэй болсон ч гэлээ хамгийн анхны тохиолдол бол биш аж. Өмнөх тохиолдлууд дандаа бүтэлгүйтэж байжээ.

1980-аад оны сүүлээр Калифорнийн Эрүүл Мэндийн Газраас “Alcor Life Extension Foundation” компанийн үйл ажиллагааг хүнлэг бус, хууль бус үйлдэл хэмээн зарлаж, буруутгав. Тухайн үед хууль тэдний эсрэг үйлчилсэн бол өөрийгөө золиослон, амь насаараа дэнчин тавьсан Жеймс Бедфорд болон бусад өвчтнүүдийн хувьд сүйрэл болох байв. Гэсэн хэдий ч урт хугацааны туршилтын дараа шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Артур Кларк, нанотехнологич Ральф Меркл, роботын инженер Ханс Моравек нарын хүмүүс хүний бие организмыг хөлдөөх технологийн давуу тал, гайхамшгийн талаар ярьж, хамгаалснаар “Alcor Life Extension Foundation” компани үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадсан юм. Тухайн үеийн шуугиан тарьсан энэ үйл явдал өнөө цагт чухал алхам болсон.

Анхны “крио хадгалалт”-аас хойш даруй 40 жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсныг энд онцлох нь зүйтэй. Хэдийгээр хүний бие организмыг “хөлдөөх” замаар хадгалах нь түгээмэл зүйл болж чадаагүй ч АНУ-ын хувьд бол ер нь тогтсон заншил болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийгөө “хөлдөөлгөх” өртөг ч нэлээд буурсан нь энэ төрлийн үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой. Тэр хэрээрээ “хөлдөөх” компаниуд шил шилээ даган бий болж байгаагийн илрэл. Өөрийгөө “хөлдөөлгөх”-д одоогийн ханш америкт 28,000 америк доллараас эхэлж байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 80 сая төгрөгтэй тэнцэнэ. Хамгийн доод үнэ. Жирийн нэг иргэн бол төлж дийлэхээргүй их үнэ юм.

Орчин үед хүний зан чанар, ой санамж, хүсэл мөрөөдөл, зорилт зорилго нь тухайн хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд хадгалагдан үлддэг болохыг шинжлэх ухаанаар бид нотлоод эхэлсэн. Тиймээс үүнд эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй болсон.

Орчин үеийн танин мэдэхүйн шинжлэх ухааны цоо шинэ чиглэл бол ХҮНИЙ УУРАГ ТАРХИ. Хэрэв “Крио хадгалалт”-аар уураг тархийг тэр чигээр хадгалж үлдэж байгаа бол ирээдүйд ч цаг хугацаа үл хамааран хүнийг “дахин амилуулах” мөнхийн хүчийг олж авна гэсэн үг. Гэсэн ч, “хөлдсөн” хүн сэрэхдээ чухам ямар үйлдэл үзүүлэх, оюун ухаан нь сэргэг хэвээр байх эсэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байна.

Холливудын кинон дээрээс л хардаг үйл явдлуудыг хүн төрөлхтөн бодитоор нь харах эрин үе ирж явааг ч үгүйсгэх аргагүй.

“Хөлдөөх” арга технологи өнөө цагт улам л төгс байдлыг олсоор байна. Дрон буюу нисгэгчгүй төхөөрөмж, хиймэл оюун ухаан, гэрийн үйлчлэгч робот гээд…

Нанотехнологи гэгч зүйлийг өнөөдөр бараг Дэлхийн улс болгонд л нэвтрүүлээд эхэлчихлээ. Энэ чиглэл эрчимтэй хөгжиж байна.

Манай хойд хөрш ОХУ гэхэд л 2006 оноос хойш нанотехнологийг санхүүжүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ.

“Нанотехнологи” холбооны мэдээлэл, аналитик төвийн вэб хуудсанд энэ чиглэлээр хийгдэж буй хөтөлбөрүүдээр дамжуулан криопати үйлчлүүлэгчдийг сэргээх боломжийг бий болгоно гэж нийтэлсэн байх жишээтэй.

Нанотехнологийн салбарыг үндэслэгч Эрик Дрекслер, Роберт Фрейтас болон бусад нано технологийн салбарын Дэлхийн тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд бүгд л энэ “хөлдөөх” үйл явцыг дэмждэг. Тэд өөрсдөө ч крионик компаниудын үйлчлүүлэгчид болсон гэдэг нь олон нийтэд ил болоод байгаа.

Нанотехнологи болон “хөлдөөх” технологийн тусламжтайгаар хүний нүүрийг хүртэл шилжүүлэн суулгах мэс засал 2006 онд бодитоор хийгдэж, амжилттай болсон.

ОХУ-ын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн академич, Трансплантологийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал В.И.Шумаков зэрэг трансплантологичдын тэргүүлэгчид шинэ биед тархи шилжүүлэн суулгах нь техникийн хувьд үнэхээр боломжтой зүйл хэмээн мэдэгдэж байсан.

Тиймээс, хөрөнгө мөнгөтэй л бол “үхэх”-гүй мөнх амьдарч болох цаг үед бид амьдарч байна. Цуглуулж, хураасан эд хөрөнгөө “үхэхдээ авсандаа аваад орох биш, тэр их мөнгөөр яадаг байна аа” гэж халаглах үе үеэ элээсэн үг болж байгаа гэлтэй. Хөлс мөнгөө төлчихвөл өөрийгөө “хөлдөөлгүүлээд” хагас зууны дараа ч амьд сэрүүн тоос манаргаад явах боломж байна гэсэн үг болох нь.

Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтууд үргэлжилж байна

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Дижитал маркетинг болон Орчин үеийн дижитал маркетинг”-ийн трендүүд сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад олон салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, “Кайт Монгол ХХК”-ийн мэргэжилтнүүд уригдан, сургалтыг удирдан чиглүүллээ.

Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.