Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардын нам ард түмний шаардлагаар Ардын хувьсгалын 100 жилээ тэмдэглэж чадахгүй боллоо” гэв


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт “Хотула” жуулчны баазын захирал Б.Батсуурь “Амралтын газар, жуулчны
баазуудаа нээчихвэл аялал жуулчлалын
салбар ядаж амь орно” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг XIX
нүүрээс уншаарай.

Хүмүүнлэгийн ухааны
их сургуулийн Олон улсын
харилцаа, нийгэм судлалын
сургуулийн доктор,
профессор Д.Уламбаяр “Орос, Хятад хоёр хөрш
Монгол Улсаас илүү
хамааралтай болно” гэв.

Энэ удаагийн “Танайд өнжье”-гөөр ахлах
ахлагчийн аян замынх нь
нэг өдрийг сурвалжлахаар
өнгөрсөн баасан гаригт Төв
аймгийн Лүн сум руу хүлгийн
жолоо залсан юм. Ахлах ахлагч Э.Даваажамц “Монгол түмнийхээ
дэвссэн сэтгэлийн дэмээр
энэ аяныг туулж явна” хэмээснийг XII, XIII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын нам ард түмний шаардлагаар
Ардын хувьсгалын 100 жилээ
тэмдэглэж чадахгүй боллоо” гэв.

Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон “Монголын
анагаах ухаанд урьд өмнө байгаагүй анхдагч
бүтээл болж чаджээ” гэж багш нар минь үнэлсэн” гэлээ.

Хуульч Р.Булгамаа “Бага насны хүүхэд
хүчирхийлсэн этгээдүүд 12-20 жилийн
хорих ялаас айж, эмээхгүй байна” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын дунд үед эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох төлөв байна

“Ковид19”-ийн улмаас өнөөдрийн байдлаар 13999 хүн улсын хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 249 маш хүнд, 1185 нь хүнд, 3320 хүндэвтэр, 9239 хөнгөн байдалтайгаар эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 27 мянган ор эрүүл мэндийн салбарт байдгаас өнөөдрийн байдлаар 14 мянган орыг ковидын эмчилгээнд зориулж гаргаад байна. Үлдсэн орыг нь бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулж буй юм.

Цаашид ор гаргах боломжгүй бөгөөд ковидод зориулж ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон тухай ЭМЯ-наас анхаарууллаа. Тиймээс өвчлөлийг бууруулах тал дээр иргэн бүр анхаарахгүй бол халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Судлаачдын тооцоолсноор долдугаар сарын дунд үед орны эргэлт зогсох хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалтай танилцлаа.

Улсын Их Хурлаас гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр баталсантай холбогдуулан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг хуульд нийцүүлэх боловсруулж шинэчлэн батлуулахад бэлэн боллоо.

Уг журмын төслүүдэд визийн ангиллыг төрөлжүүлж олшруулах, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх, томоохон зохицуулалтыг тусгаж, хүргүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Тухайлбал, цахим визийн системийн хөгжүүлэлтийг хийж, evisa.mn сайтаар дамжуулан визийн хүсэлтийг хүлээн авах эхний хувилбарыг ажиллагаанд оруулан, бэлтгэлийг хангасан. Ингэснээр гадаадын иргэн цахимаар гурван төрлийн виз (жуулчин ангиллын К-2, соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд К-4, дамжин өнгөрөх гадаадын иргэнд К-6)-г авах боломж бүрдэнэ.

Мөн Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, гадаадын иргэнд олгох визийн ангиллыг 64 болгон нэмэгдүүлж, төрөлжүүлснээр статистик тоон мэдээлэл тодорхой гарах, гадаадын иргэн Монгол Улсад ирэх зорилготойгоо нийцсэн визийн ангиллаа мэдүүлэх боломж бүрдэх юм. Мөн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн давхцахгүй өгөгдөлд суурилсан технологийг нэвтрүүлэхэд шаардагдах програм хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.

Програмын шинэчлэлийг хилийн шалган нэвтрүүлэх албанд нэвтрүүлж, цахим визийн програмтай холбох болон хүний биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэх техник хэрэгслийг хүлээн авах ажлыг 09 дүгээр сард хийж гүйцэтгэснээр гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед хилийн боомтуудад биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

Хил орчмын нутаг дэвсгэрт богино хугацааны аялал жуулчлал хийх, гадаадын иргэнд визийн нөхцлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор цахимаар визийн хүсэлт авч виз олгох, цаашид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хил орчмын нутаг дэвсгэрт аялах визийг тухай боомтод олгох зохицуулалтыг холбогдох журмын төсөлд тусгасан болно.

Монгол Улсын хилээр орж ирсэн гадаадын иргэнд 13 орон бүхий бүртгэлийн дугаар олгох програм хангамж /RNSF/-ийг хөгжүүлэн, 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлж, Монгол Улсад байгаа гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ. Энэ програмыг төрийн бүх байгууллага болон хувийн хэвшил (банк, зочид буудал, оператор компани гэх мэт)-ийн байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд програм үйлчилгээнд нэвтэрснээр гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж, гадаадын иргэний бүртгэл, хяналт сайжирна.

Ухаалаг төхөөрөмжид зориулсан гадаадын иргэнийг бүртгүүлэх бүртгэлийн програм хангамжийг хөгжүүлж, 06 дугаар сарын 04-ны өдөр эхний хувилбарыг нэвтрүүлснээр гадаадын иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсныг хөнгөвчилж, 48 цагийн дотор гар утаснаас эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой болсон.

Categories
гадаад мэдээ

Бразил улс коронавирусийн 100 сая тун вакцин хийжээ

Бразил улсад коронавирусийн эсрэг 100 гаруй сая тун вакцин хийсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Энэ нь Бразилд өнгөрсөн онд Ковид-19 цар тахал бүртгэгдсэнээс хойш сул явцтай байсан бүх нийтийн дархлаажуулах аяны хувьд маш том үр дүн гэж эрх баригчид нь дүгнэж байгаа юм байна.

Бразил нь коронавирусийн эсрэг хийсэн вакцины тоогоор дэлхийд дөрөвт бичигдэж байгаа юм. Гэхдээ энэ нь тус улсын иргэд вакцины эхний тунд хамрагдсан тоо, бүрэн дархлаажсан тоо биш учраас бодит тоо маш тодорхойгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар Бразилд цар тахлын халдвар өндөр хувьтай байна.

Жон Хопкинсийн их сургуулийн статистик мэдээллээр Бразилд өдөрт халдварт 65 мянга гаруй тохиолдол, нас барсан 2 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Эрүүл мэндийн яам нь ойрын үед вакцины дараагийн багцыг хүлээж авна, үүний үр дүнд ирэх 8 дугаар сарын сүүл гэхэд Рио Де Жанейро хот вакцинжуулалтаа 80 хувьд хүргэх зоригтондоо хүрэх болов уу гэсэн найдлага тавьж байна.

Тус улс Пфайзер компаниас вакцин хүлээж авахаас гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа Оксфорд АстраЗенекагийн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бөгөөд Оксфорд АстраЗенекагийн вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл авсан Фиокруз компани 100 сая тун вакцин үйлдвэрлэж, улс орон даяар түгээхээр зорьж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Монгол банхарыг цоохор ирвэс хамгаалахад ашиглана

Хоточ банхар нохойг мал хариулганд сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлснээр Цоохор ирвэс мал руу халдаж довтлох, махчид мал идэж, шархтуулж, хороосны улмаас малчид Цоохор ирвэс зэрэг ховор амьтдыг хөнөөх зэрэг зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс Цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, эдгээр амьтдын зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах, Хоточ банхар нохойг мал хариулганд ашиглах уламжлалыг хэвшүүлэх зорилтот төслийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэллээ.

Энэ зорилтот төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин айл өрх сонгон хамтран хэрэгжүүлнэ. Сонгогдсон малчин айлд Хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж дадлагажуулан, банхар нохой, мөн тодорхой тооны хонь ямаанд хүзүүвч зүүж мониторинг хийнэ.

Үүний зэрэгцээ эдгээр аймаг сумдын нутагт 4 цоохор ирвэс, 4 янгир ямаа барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүж нүүдэл, гүйдэл, байршлыг 4-6 цагт тутамд тодорхойлон мониторинг хийж Цоохор ирвэс, янгир ямаа, малын байршил, бэлчээрийн давхцалыг зураглаж ус, бэлчээрийн өрсөлдөөн, бие биендээ нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Женнифер Лопес, Бен Аффлек хоёр хувцсаараа ижилсжээ

17 жилийн дараа эргэн болзож буй жүжигчин Женнифер Лопес, Бен Аффлек нар харилцаагаа олны нүднээс нууцлахыг хүсэхгүй байна.

Хосууд АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр Хэмптон хотноо зугаалахдаа ижил өнгөөр хувцасласныг гэрэл зурагчид дурандаа буулгажээ. Үнэндээ харилцаагаа дахин сэргээсэн эхний болзооноос хойш тэд хэрэгт дуртай папарацци зурагчдыг огтхон ч төвөгшөөхгүй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Лукашенко Украинтай залгаа хилээ хаахыг үүрэг болгожээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украинтай залгаа хилээ хаахыг хилийн цэргүүдэд үүрэг болгожээ.

Энэ тухай тэрбээр баасан гарагт Беларусийн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүндэтгэлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

“Украинаас Беларусь руу асар их хэмжээний зэвсэг орж ирж байна. Тиймээс би хилийн цэргүүддээ Украинтай хилээ бүрэн хаахыг даалгасан” гэж Лукашенка хэлжээ.

Тэрбээр мөн тус улсад Герман, Украин, АНУ, Польш, Литва улсуудтай холбоотой, өөрийгөө хамгаалах анги гэгддэг “унтаа” “террористуудын сүлжээг” илрүүлсэн гэж мэдэгдсэн байна.

“Эдгээр “үүрүүдийн” гол зорилго нь “икс” өдөр засгийн эрхийг хүчээр солих юм. Тэд өөрсдөө “икс” өдөр нь ямар өдөр болохыг хараахан мэдэхгүй байна” гэж Лукашенко мэдэгджээ.

Өмнө нь тэрбээр Беларусьт “терроризмтой тэмцэх” томоохон ажиллагаа явуулсан гэж мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө Өмнөговийн зүүн, маргааш өдөр Дорноговийн өмнөд хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 04-ний 20 цагаас 07 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Саун, бассейн, фитнес, амралтын газруудыг нээнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр уулзлаа.

Мөн дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгасан юм.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар Хотын даргад хэлсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг. Үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байна. “Хариуцлагын гэрээ” бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа. Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан юм. Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээ бүх зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлж, хариуцлагын гэрээ зөвхөн хариуцлагын тухай ойлголт биш, ойлголцол, итгэлцэл юм гэдгийг дахин онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх: Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Японы Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв.

ДАРАА НЬ ЁСЛОЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм.

Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна.

Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна.

Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна.

Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан “Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. “Шинэ Зуун мод” хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе!

Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ, “…2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки уншиж сонордууллаа.

Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав.

Тэрбээр “Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу “Буянт-Ухаа” нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм.

“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо нарын албан ёсны зочид, төлөөлөгчид оролцлоо.