Month: July 2021
Маргааш буюу долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ.
Ингэхдээ эрх хасуулсан хугацаа нь 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан.
Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм. Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байгаа бизнес эрхлэгчдийг Хотын дарга дэмжиж, иргэдийн эрэлт, хэрэгцээг харгалзан үзэж сүүдрэвч (гарден)-тэй улирлын түр үйлчилгээг нээхээр боллоо. Энэ нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм. Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304 мянган төгрөг гэдэг бөгөөд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргав.
Өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэлнэ.
Спутник V вакцин хийх цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Хэдхэн хоногийн өмнө төв талбай дээр болсон үйл явдал олон хүний зүрхийг шимшрүүлж, бас гайхшийг барж, дургүйг нь хүргэлээ. Аймшигт цар тахлын улмаас цаг бусаар тэнгэрт одсон дотны хүмүүсийнхээ төлөө зул өргөхөөр төв талбай дээр очсон энгийн хүмүүсийг цагдаа нар ичгүүргүйгээр хөөж туув. Зулыг нь булааж аваад, муур багш шиг л элдэн хөөв. Зэвсэгтэй өдөөн хатгагчдыг баривчилж байгаа мэт, жагсаал цуглаан тарааж байгаа мэт хэтэрхий сүржин авирлалаа, цагдаа нар. Уг нь хүмүүс увж цувж ирээд зулаа өргөж эмгэнэлээ илэрхийлчхээд явж байсан юм.
Монголчууд бид талийгаачдынхаа араас гашуудаж болохоо байчихжээ. Төрийн цагдаа нь ирээд “Яасан их гашууддаг юм” гээд хөөж байна. Үйлдлийг нь харахад “Тэдний хойноос гашуудах юу байсан юм. Тэд хэн юм үхээ л биз” гэсэн агуулга харагдаж зүрх зүсэв. Монгол угсаатны хувьд нас барагсдынхаа араас зул өргөх нь хамгийн том хүндэтгэл, харамсал гашуудлаа хагаслах, хойдын зам мөрийг нь гэрэлтүүлэх итгэл найдвар, сүүлчийн ёслол нь байдаг юм. Зул өргөж тайтгардаг, зул таслалгүй харамслаа хагасладаг ард түмэн. Угсаатны хувьд ийм эрхэм ёслолыг нь юман чинээ тоолгүй цагдаа нар эр бяраа гаргав. Ингэхэд тэд нар монгол хүн мөн үү гэж бодоход хүрэв. Цагдаа нар ард түмнээ бага багаар дээрэлхсээр байгаад угсаатных нь ёс жаяг, дэг ёсыг өшиглөж унагатлаа галзуурчээ. 1937 онд л ийм байсан гэдэг. “Ногоон малгайт”-нуудын гардан эхлүүлсэн ийм бараан сүүдэр олон жил үргэлжилж, Монголын сортоотой болгоны толгойг залгиж байж намдсан гэдгийг гэрчлэх буурлууд эсэн мэнд сууж байна.
Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг хаанахын ямар ч хуулиар зохицуулж өөрчилдөггүй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаа баталсан Ковидын түр хуулиа л өмнөө барих биз. Гэхдээ юу л хийнэ, ум хумгүй ард түмнээ баривчилдаг, айлган сүрдүүлдэг төр байж болохгүй. Үндсэн хуулийн язгуур эрхэнд хэн ч халдах ёсгүй. Цагдаа нарын ийм дээрэнгүй үйлдлийг одоо даруйхан зогсоож, хуулийн хүрээнд нь ажиллуулахгүй бол цаашид цагдаагийн хүчирхийлэл дийлдэхгүй. Зул өргөх байтугай цагдаа зөрөөд өнгөрөхөөс чичрэм хатуу өдрүүд энүүхэнд иржээ. Уг нь бол бидний л аавууд, хань нөхөр, найз нөхөд, үр хүүхдүүд маань тэнд ажилладаг биш билүү. Хамаг бүхэн цөхөрч, халуун итгэл шархирсан хар дарсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч монголчууд монголчуудаа л мөшгин хөөж, буудан хороож байсан билээ. Тэр цаг ирчихсэн мэт санагдах боллоо, цагдаа хүчнийхний энэ дээрэнгүй авирыг харж байхад.
Ковидын үед Монголд цагдаагийн вант улсынхны байшин барилга, бизнес шиг цэцэглэн өргөжсөн юм алга. Хатуу хөл хорионы үеэр хаана барилга барьж байна, цагдаагийн нэг хурандаагийнх байдаг. Баар, сав, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ажиллаж байвал цагдаагийн том албан тушаалтных байдаг. Бүгд мэддэг ч хэн ч халдаж чаддаггүй. Хэн машин унаатай давхиж байна тэр л цагдаа юм уу цагдаагийн ах дүү, амраг садан байдаг байв. Монголд хамгийн эрх мэдэлтэй хүмүүс бол цагдаа нар. Улаанбаатарын хамгийн тохилог, тансаг, өөдтэй өнгөтэй шинэхэн харшууд цагдаа, тагнуул, прокурор гээд хүчний байгууллагынх. Гайхаад байх юм байхгүй ээ, тэд хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй. Хөөрхий, дэргэд нь ядарсан ардын үйлчлүүлдэг эмнэлгийн яйжиг барилгын хаалга нь салхинд салж унангаа алдаж, ханын будаг нь халцарч холцорч бартаантан ялгарч харагддаг юм.
Цагдаа ард түмнийхээ төлөө ажилладаг гэсэн ойлголт маань өнөө үед эсрэгээрээ болжээ. Хаана баривчилгаа болно, хаана энгийн иргэдээ хааж боож байна тэнд цагдаа л манаргаж явдаг бол. Манаргах манаргахдаа маниусынхаа эсрэг ажиллаж явна. Цагдаа нарыг хамгийн их турхирч чиглүүлж байдаг газар бол яах аргагүй эрх баригч нам. Намын дор цагдаагийн эрх мэдэлтнүүдийн бүхэл бүтэн бүлэг байдаг. Намын удирдлагууд өөрсдийн ууж идсэн, хулгайлж луйвардсан бүхнээ далдлах, өөрсдийг нь шүүмжилж илчилсэн бүхнийг айлгахын тулд цагдааг өмнөө бариад турхирч байдаг. Тэд юу гэнэ, цагдаа тэр дагуу үйлдэл хийж байна. Ард түмнээсээ сонгогдсон эрх баригчид ард олныхоо эсрэг тэднийг хурцалж байна. Ийм ар талтай цагдаагийн хөлд ард түмэн үрэгдээд дуусах нь. Ардчилсан хүчин, бусад чөлөөт үзэлтэй улстөрийн намууд өнөөдрийн тогтоод байгаа цагдаагийн засаглалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу ажиллуулахыг шахаж шаардах ёстой. Тэд даргын үгийг биш хуулиа дагадаг, хуулиа мөрддөг болох хэрэгтэй байна. Даргын үгээр яваад буруутсан жишээ нэг их холоос хайлтгүй. 2008 оны долоон сарын нэгэнд яасан билээ. Тэд даргын тушаалаар яваад буруудаж шоронд орсон нь саяхан. Тэгэхэд хуулиа мөрдсөн бол ийм явдал болж таван сайхан залуу амь насаа алдаж, дарга удирдлага нь шоронд явахгүй байсан. Тиймээс цагдааг зөвхөн хууль дагадаг болгоход сургах хэрэгтэй байна. Үүнийг эрх барьж байгаа намаас бусад нам хөдөлгөөнүүд шаардаж сурах хэрэгтэй. Ард түмэн сонор соргог байж хууль зөрчсөн алхам бүрийг илчлэн хуулийг сахиулахыг шахах ёстой. Энэ талаар өдөр бүр, цаг минут тутам марталгүй анхаарч, шахаж шаардаж байж бид энэ их дарамт, айлгалт, баривчилгаанаас салж чадна. Өнөөдөр биднийг талийгчдынхаа араас зул өргөлөө гэж цагдаа баривчилж байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан орны иргэд гэх бид энэ цагт “ногоон малгайт”-ны сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ.
Засгийн газраас зургадугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гаригт хаалттайгаар хэлэлцэн баталсан. Хуулийн төсөл таван бүлэгтэй бөгөөд хөнгөн, анх удаа ял шийтгэл хүлээсэн иргэдээс гадна автомашины торгуулийг тэглэх асуудлыг оруулсан талаар мэдээлээд байгаа юм.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарлажээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хууль д заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах ба өршөөлд хамруулах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн дээрх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авилга, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, байгаль орчныг бохирдуулах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг, өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй” гэлээ.
УИХ–ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
–Чуулганаар Ковидын хуультай холбоотой шүүмжлэл их өрнөлөө. Ковидын хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байна. Энэ хууль түр томилгоонд л ашигтай болохоос бусдаар ач холбогдолгүй юм биш үү?
-Бид Гамшгийн тухай хуультай ч тэрхүү хууль маань өргөн цар хүрээг хамарсан, цар тахлын эсрэг чиглэсэн арга хэмжээ авахад дутуу дулимаг зүйл ихтэй. Угтаа Засгийн газар түргэн шуурхай арга хэмжээ авах боломжийг Ковидын хуулиар нээж өгч байгаа юм.
Ковидын хуулийг хоёр дахь удаагаа сунгах гэж байна. Ер нь Гамшгийн тухай хуулийг эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Ковидын хууль байх ёстой юу гэвэл байх ёстой. Учир нь ямар нэгэн шийдвэр гаргах гэхээр энгийн горимоор ажиллахад хугацааны хувьд удаашралтай шийдэгдэх юм. Тухайлбал, тог, усны мөнгийг тэглэх, хүүхдийн мөнгө, нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх зэрэг асуудлыг энгийн үеийнх шиг горимоор ажилласан бол шийдвэрлэх гэж нэлээд цаг авах байсан. Тиймээс Ковидын хуулиар энэ бүхнийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэж байна гэж ойлгож болно.
–Ковидын хуулиар олон улсын ачаа тээврийг зохицуулахаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах нь. Заавал ийм төрийн бүтэц хэрэгтэй юм уу, ямар ач холбогдолтой байгууллага юм бэ?
-Өнгөрсөн жилээс хойш чуулганы хуралдаанд экспортын гол бүс болох Дорноговь, Өмнөговь, Эрдэнэт гурвыг ногоон бүс болгож, иргэд орж гарахад тусгай хөл хорионы горимтой байхаар зохицуулахгүй бол манай экспорт зогсохоор байна шүү гэдгийг сануулж, шаардлага тавьж байсан. Өнгөрсөн хугацаанд удаа дараа экспортын бүсийг ногоон бүс болгооч ээ, Засгийн газраас экспорт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтүүд тавьж байсан. Гэтэл өнөөдөр экспорт нам зогсчихлоо. Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг хүн явуулж экспорт, импортын асуудлаа зохицуулахгүй бол манай улсын экспорт ч, импорт ч тэр хүнд байдалд орчихлоо. Бүрэн эрхт төлөөлөгч экспортын боомтын нэвтрэлтэд илүү анхаарна гэсэн үг. Асуудал үүссэний дараа, нөхцөл байдал хүндэрсний хойно шийдлийг хайх нь эдийн засагт ч тэр, улс орныг ч тэр хэцүү байдалд оруулж байна.
–Төсөвт тодотгол хийхээр боллоо. Төсвийн тодотголоор хэчнээн төгрөгийг, юунд зарцуулах юм бэ?
-Хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгох, ус, цахилгааны төлбөрийг тэглэх, сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөх зэргийг санхүүжүүлэх шаардлага үүссэн учраас төсөвт тодотгол оруулж байгаа юм. Энэ сараас эхлээд төсвийн орлого ихээхэн багасна. Учир нь экспорт зогсчихсон. Экспортыг яаралтай сэргээхгүй бол Сангийн яамнаас гаргасан хувилбаруудаас харахад ойролцоогоор 400-500 тэрбум төгрөгөөр төсөв тасалдах магадлал байна гэдэг тооцоо гарсан байна лээ.
–Зөвшөөрлийн тухай хуулийн Ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулийн гол зохицуулалт, ач холбогдол нь юу вэ?
-Өнгөрсөн тавдугаар сард МҮХАҮТ дээр бизнесийн орчинг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд уулзалт хийгээд бизнесийн орчинг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор таван хууль дээр ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд санал нэгдсэн. Ингээд эхний ээлжид Танхимын тухай хуулийг өргөн барьсан. Танхимын тухай хуулийг өргөн барьсан шалтгаан нь танхимыг бизнестэйгээ илүү нэгтгэх. МХАҮТ дор салбарын танхимуудыг бий болгох, ТББ-ыг нэгтгэх, салбар бүр нэгдсэн дуу хоолойтой болгох зорилгоор Танхимын хууль өргөн барьсан. Тодорхой зөвшөөрлийг мэргэжлийн холбоод ТББ-д шилжүүлэхийн тулд нэгдсэн байж шилжүүлэх боломж бий болно.
Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар авлига, хүнд суртлыг хумих төдийгүй бизнес эрхлэх орчныг сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зэрэг олон давуу тал бий болно. Анх 2019 онд Зөвшөөрлийн хуулийг нэр бүхий 22 гишүүн өргөн барьсан байдаг. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл байдаг. Энэ хоёр хуулийг нэгтгэж батлуулах зорилгоор ажлын хэсэг байгуулаад явж байна. Зөвшөөрлийн нийтлэг зарчмыг зохицуулахаар оруулж ирж байгаа гэсэн үг. Нийтлэг зарчим гэдэг нь зөвшөөрлийг олгох процесс болох өргөдөл хүлээж авах, хариу өгөх, татгалзах зэрэг процессыг ил тод шилэн болгох зорилготой. Ингэж гэмээнэ хүнд суртал багасна. Зөвшөөрлийн тоо гурав дахин буурч байгаа. 2016 онд албан ёсоор нийт 913 зөвшөөрөл байсан юм билээ. Уг 913 зөвшөөрлийг төрийн 413 албан тушаалтан олгодог байсан гэсэн үг. МҮХАҮТ-аас 2019 онд хийсэн судалгаагаар зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний захиргааны акт 1500 болчихсон байгааг тогтоосон. Үүнийг гишүүд өргөн барьсан төслөөр 448 болгохоор оруулж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төслөөр 498 зөвшөөрөл байхаар оруулж ирж байна. Энэ хуулиар цаашдаа зөвшөөрлийг аль нэг ИТХ, Сайд, агентлагийн дарга нар журмаар юм уу шинэ зөвшөөрөл гаргахгүй байхыг хуульчилна. Зөвхөн жагсаалтад байгаа зөвшөөрөл л үйлчилнэ. Хэрвээ шинэ зөвшөөрөлтэй болмоор байна гэвэл Зөвшөөрлийн хяналтын зөвлөл гэж бий болгоно. Ерөнхий сайд юм уу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд хяналтын зөвлөл байгуулагдана. Тийшээ хүсэлт өгнө, хянаад болж байна гэж үзвэл УИХ руу орно. Жилд нэг удаа зөвшөөрлийн тоог бүртгэлжүүлж байх зорилгоор хяналтын зөвлөл байгуулж байгаа юм. Шударга ил тод байх зарчим үйлчилж эхэлнэ. Зөвшөөрлийн тоог багасгаж эдийн засгийн харилцааг либералчлах, хяналт тавих асуудал орж ирэх юм. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор иргэд аж ахуй нэгжийн өмнө байнга тулгардаг авлига, хүнд сурталтай холбогдох асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.
–Зөвшөөрөл олгохдоо Зөвшөөрлийн хяналтын зөвлөл гэхгүйгээр төрийн аль нэг бүтэцдээ оруулаад явж болдоггүй юм уу?
-Хуулийн дагуу зөвшөөрлийн тоог тоолох болохоор аль нэг байгууллага байж болохгүй байгаа юм. Тиймээс Засгийн газар Ерөнхий сайдын дэргэд хяналтын зөвлөл байгуулж байгаа. Ерөнхий зөвлөлд 10-11 хүн байна. Энэ бүрэлдэхүүнд төрийн гэлтгүй төрийн бус байгууллагынхан, МҮХАҮТ-аас гишүүд орно.
–Энэ хуулийн “Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх замаар шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалт шүүмжлэл дагуулж байна. Энэ тусгай бүх зөвшөөрлийг хамруулж байна уу?
-Ганцхан мэргэжлийн зөвшөөрөл зэргийг шилжүүлэхийг хориглож байгаа юм. Жишээлбэл, өмгөөллийн эрх зэрэг орно.
–Хөрөнгө оруулалтын тухай хууль ямар шатандаа явж байна вэ?
-Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай ААН эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Одоо тэгвэл энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаардлагагүй. Харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайг хяналтад байлгахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хаачихсан. 2010, 2011 онд манайд жилд 1500 гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагддаг байсан. Одоо 70 ААН байгуулагдаж байх жишээтэй. Эдийн засгийг тэлэх боломж бол экспортыг нэмэгдүүлэх, дотоод хүчин чадал дээрээ тулгуурлах, зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Үндсэндээ нэг морио ашиглахгүй хоёр морио л ашиглаад байгаа юм. Зээл, экспорт хоёр дээрээ бид тулгуурлаад байна. Хөрөнгө оруулалт гэдэг эргээд өрөнд ордоггүй салбар. Хөрөнгө оруулалтыг нэмж байж манай эдийн засаг тэлнэ. Хөрөнгө оруулалтыг дагаж шинэ техник технологи орж ирдэг. Үндсэндээ энэ хуулиар ямар зохицуулалтууд тусгаж байна гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Гадаад дотоод гэж ялгалгүй татварын асуудлыг хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулахыг тусгасан. Бизнесийн орчинтой холбоотой дөрөв таван хууль дээр голчилж ажиллаж байна.
–Та саяхан Тамхины тухай хуулийг өргөн барилаа. Хуулийн гол зохицуулалт нь юу вэ?
-Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон иргэн электрон тамхи татсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Ер нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд тамхины хэрэглээ нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоосон.Одоо мөрдөгдөж байгаа Тамхины хуулиар тамхи зарах зөвшөөрөлтэй газруудаар л тамхийг худалдан борлуулдаг. Гэтэл электрон тамхийг хаа сайгүй худалдаалж байгаа явдалд хяналт тавих цаг болсон. Электрон тамхийг тамхины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй хүмүүс оруулж ирж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ
Аргын тооллын долдугаар сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5:00 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.