Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн /2021.07.05/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга;
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг.
Categories
мэдээ нийгэм

Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19”-ийн цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавихыг даалгалаа. Бороо их орсны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа. Иймээс зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгав.

Categories
мэдээ нийгэм

​ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл гутралд орсон үедээ хэт хэцүү зорилго урдаа бүү тавь

Сэтгэл гутрах эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг юм.
СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм. Уйтгар гуниг гашуудал нь хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм. Сэтгэлийн гутрал нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил тусламж шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог. Дэлхийн дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байна.
Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.
Сэтгэцийн талаас
– Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
– Амьдралын баяр баясгалан үгүй болох
– Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
– Ганцаардах, бүх зүйлд сонирхолгүй, идэвхгүй байдлаар хандах
– Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авахгүй болох
– Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
– Өөрийгөө буруутгаж дорд үзэх
– Амьдрал утгагүй юм шиг санагдах, ингэж амьдрах ч гэж дээ гэж бодогдох
– Нойргүйдэх, өнгөц нойртой болох, хар дарах
Биеийн талаас
– Амархан ядрах, бие сульдах
– Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
– Хоолны дур, биеийн жин буурах
– Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
– Толгой өвдөх, толгой эргэх
– Ходоод гэдэсний хямрал
– Бэлгийн дур буурах, үгүй болох
– Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх
– Цусны даралт хэлбэлзэх
Ийм үед та өөрөө юу хийх ёстой вэ?
– Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээгээрэй
– Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
– Ямар нэг зүйл хий. Дасгал хийхээр гадагшаа гарч, явган алхаж, спортоор хичээллээрэй
– Стресс тайлах энгийн ур чадварт суралцаарай

– Стресс тайлах ая, дуу сонсоод үзээрэй

– Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх гэж хичээгээрэй
– Согтууруулах ундаанаас аль болох татгалзаарай. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч архины хэрэглээг ихэсгэж архинд донтох эмгэгийн суурийг тавьж, архи уусны маргааш сэтгэл гутрал улам гүнзгийрдгийг санаарай,,,
Танд дээрх шинжүүд удаан хугацаагаар/14 хоногоос дээш/ байнга, тогтвортой илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 114.4 мм бороо орсон байна


Зургадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын өмнөд ба зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, долдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Хэмжээний хувьд: 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 114.4мм, Бат-Өлзийтөд 82.4мм, Хужиртад 72.9мм, Төв аймгийн Батсүмбэрт 96.2мм, Ховдод 87.4мм, Архангайн Цэцэрлэгт 74.9мм, Сүхбаатарын Түмэнцогтод 73.0мм, Баянхонгорын Шаргалжуутад 707мм, Байдрагт 60.8мм, Булганы Сайханд 69.4мм, Дашинчилэнд 69.0мм, Хөвсгөлийн Цагаан-Уулд 69.1мм, Арбулагт 65.3мм, Сэлэнгийн Хүдэрт 69.0мм, Говь-Алтайн Төгрөгт 66.7мм, Дарханы Шаазгайтад 62.4мм, Завханы Идэрт 60.0мм, бусад хэсгээр 0.0-59.0 мм бороо орсон байна.
Categories
мэдээ нийгэм

​Д.САРАНГЭРЭЛ: Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сүүлийн үед өөр рүү нь зорилготой дайрч давшилж буй асуудалд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч дөрвөн сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны дөрвөн сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ.

Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны дөлдугаар сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг нэг жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд дуугүй яваад байсан
чинь бүр даварч байна. Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр торгоож байгаа нь бодит үнэн. Эрүүл эрүүл мэндийн салбар нэг ч уушиг орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Үргэлжлэл бий. .Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа.

Categories
гадаад мэдээ спорт

Угандагийн тамирчин байрлаж буй байрнаасаа зөвшөөрөлгүй гарснаар олимпоос хасагджээ

Уганда улсаас ирсэн тамирчин энэ сарын 1-ний өдөр зөвшөөрөлгүй гадагш гарсан тул олимпод оролцох эрхийг нь хасч, долдугаар сарын 5-ны дотор нутаг буцаахаар болсон талаар Токиогийн олимпийн Зохион байгуулах хорооноос мэдээллээ. Тус тамирчин бие нь өвдсөний улмаас эмийн сан орж, эм авахаар гарсан хэмээн тайлбарласан боловч дүрэм журам зөрчсөн тул ийнхүү арга хэмжээ авсан байна. Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо.

Олимпийн наадамд оролцож буй тамирчид зөвхөн зөвшөөрөгдсөн маршрут буюу бэлтгэлийн талбай, тэмцээний талбай, нисэх онгоцны буудал, урьдчилан зөвшөөрөл авсан мужид л очих боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын анхны 3500 хүний суудалтай битүү дээвэртэй мөсөн өргөө бэлэн боллоо

“Степпе Арена” ХХК-ийн анхны томоохон төсөл, Олон Улсын Олимпийн Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн Өргөө” ордны шав тавих ёслол Шинэ Яармаг хороололд 2019 онд болж байсан. Өдгөө 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. Ийнхүү Монголын анхны 3500 хүртэлх хүний суудалтай битүү дээвэртэй мөсөн өргөө бэлэн болжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Яармагт байрлах уг мөсөн өргөөнд хоккей, уран гулгалт, кёрлинг, шорттрейк спортын тэмцээн уралдаан явагдах боломжтой бол сагс, волейбол, заалны бүх төрлийн спорт, мөн хурал цуглаан найр хурим гээд бүх л арга хэмжээ болох боломжтой.

Мөн урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон театр болох боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Голд живж байсан 5 иргэнийг аварчээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4551 иргэнд хүргэж, 1773 ширхэг тараах материал тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1185 автомашиныг холдуулж ажилласан байна.

Мөн голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 3 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах ангийн алба хаагчид 3 удаа дуудлагаар ажиллаж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт хоёр малчин аянгад цохиулж нас баржээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хадан хушуу гэх газарт хоёр малчин аянгад цохиулж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өндөр сумын Бумбат багт өчигдөр буюу долдугаар сарын 4-ний өдрийн 17:30 цагийн орчим долоон хүн, дөрвөн мотоциклтой сумын төвөөс шатахуун авч, Зүлэгт багийн Цам гэх газрын чиглэлд гэр рүүгээ буцаж явахад хоёр хүн нь аянгад цохиулж нас барсан байна.

Энэ тухай мэдээллийг ОБЕГ тухайн өдрийн 19:11 цагт хүлээн авч, 19:17 цагт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хэргийн газар очиход 21 настай малчин эрэгтэй Г, 21 настай малчин эрэгтэй Ч нар аянгад цохиулж амиа алджээ.

Талийгаачдын цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Импортын АИ-92 бензиний үнэ нэг жилийн дотор 369 ам.доллароор өссөн

Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн нэмэгдлийн талаар мэдээллээ.

– Монгол Улсын газрын тосны импортын хэмжээ 2020 онд 1.4 сая тонн импортолсон ба эхний хагас жилийн байдлаар үүнээс 700 орчим тонныг хэрэглээд байна. Газрын тосны үнэ өсөх дараах хэд хэдэн шалтгаан байдаг. Бусад орны эдийн засгийн өсөлт. Өнөөдрийн байдлаар бид ОХУ-аас авч буй АИ-92 бензиний 1 литр тутам дотооддоо 1950 төгрөгөөр зарагдаж байна. Олон улсын зах зээл дээрх брэнд тосны үнийн хэлбэлзэл нөлөөлнө. Өнгөрсөн 2020 онд түүхий газрын тосны үнэ нэлээн унасан. Дөрөвдүгээр сард 19,5 ам.доллар буюу хамгийн доод цэгтээ хүрч байв. 2021 оны нэгдүгээр сард АИ-92 1830 төгрөгөөс 4-5-р сарын хугацаанд 3 удаагийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч доод түвшинд хүрч байсан.

ОХУ-ын Роснефьт компаниас авдаг нэг тонн АИ-92 бензиний үнэ 2020 оны зургадугаар сард 292 ам.доллар дээр байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар буюу зөрүү нь 369 ам.доллар юм. Монгол Улсын хэмжээнд 12.7 мянган тонн нөөц бий. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр 30 мянган тонн түлшийг АИ-92 нөөц бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж байна. Бензиний үнэ нь шилэн, ямар ч тохиолдолд нээлттэй байдаг. Импортоор 661 ам.доллароор орж ирж байна. Долларын ханш 2850 дээр харьцангуй тогтвортой байгаа. Мөн онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Өөрийн өртөг 1980 төгрөг дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл ОХУ-аас шууд худалдан авч байгаа үнэ болон ам.долларын ханшаас шалтгаалан тавигдаж байгаа үнэ юм.