Японд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах эсэх талаар Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо, Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпийн наадмын Зохион байгуулах хороотой зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн Япон улсын Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Т.Марүкава мэдэгдлээ.
Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан намын зүгээс ч олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, халдварын эсрэг арга хэмжээг чангатгах талаар нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад буй.
Токио хотод долдугаар сарын 1-ний өдөр халдварын 673 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногийн мөн өдрийн тоог 12 хоног дараалан давжээ. Ингэснээр Токио хотын халдвар авсан нийт иргэдийн тоо 174.604 болоод байна.
Харин Япон улсын хэмжээнд 801.553 хүн коронавирусийн халдвар авч, 2236 хүн нас баржээ.
Өмнө нь олимпийн наадмыг үзэгчдийн суудлын 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах шийдвэр гаргаад байв.