Categories
мэдээ нийгэм

Гадаадаас 40 мянган иргэн эх орондоо иржээ

Цар тахлын улмаас 40 мянга гаруй иргэн эх орондоо ирсэн байна. Тодруулбал, Covid-19 дэгдсэн үе буюу 2020 оны нэгдүгээр сараас энэ оны долдугаар сарын 4-нийг хүртэл 93 орноос 40492 иргэнийг тусгай үүргийн болон тогтмол нислэгээр татан авчээ. Үүнээс 211 удаагийн тусгай үүргийн нислэгээр 33480 иргэн эх орондоо ирсэн бол ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 хүнийг татан авсан байна.

Монгол Улсын хувьд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд олон улсын агаарын хилээ нээснээр тусгай үүргийн онгоц тогтмол нислэгийн хуваарьт шилжээд байгаа юм. Өнгөрсөн сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэн эх орондоо ирсэн байна. Энэ сард 31 удаагийн нислэгээр 4900 хүн гадаадаас нутаг буцахаар төлөвлөжээ. Харин гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт ороогүй болохыг Улсын онцгой комиссоос мэдээлж байгаа юм.

Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа иргэд нь вакцины хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд Covid-19-өөр өвдөж эдгэсэн, түүнийг нотлох бичиг баримттай эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчиж яваа 18 хүртэлх насны хүүхдийг тусгаарлах байранд тусгаарлахгүй. Гэрийн ажиглалтад 14 хоног шилжүүлэх юм. Харин вакцины бүрэн тун аваагүй, вакцинд хамрагдаагүй, хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоног болоогүй иргэд тусгаарлах байранд долоо хоног ажиглалтад шилжих юм байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

2022, 2023 онд эргэн төлөгдөх байсан

Монгол Улсын Сангийн яамнаас 2022, 2023 онд эргэн төлөгдөх байсан Засгийн газрын бондуудыг буцаан худалдан авах өрийн зохицуулалт хийнэ гэв.

Өөрөөр хэлбэл “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ” бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Сангийн яамны санхүүгийн бодлого газрын дарга Н.Мандуул “Энэ өрийн зохицуулалтын хүрээнд түүхдээ хамгийн бага буюу 3.5, 4.45 хувийн хүүтэйгээр дахин санхүүжилт хийсэн. Энэ нь олон улсын зас зээлд хөрөнгө оруулагчид манай Засгийн газарт итгэл хүлээлгэж буйн хэлбэр юм” гэв.

Монгол Улс 2011, 2012 онуудад 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргаж байсан. Харин “Century” төслийн хүрээнд 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй болон 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй тус бүр 500 сая ам.долларын өрийн зохицуулалтыг хэрэгжүүлжээ.

Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд 4.5 тэрбум ам.долларыг төлнө. Үүний 1 тэрбумыг төлөх аргагүй тул ийнхүү өрийн зохицуулалт хийсэн аж.

Categories
гадаад мэдээ

Канадад нэг өдрийн дотор 700 мянга гаруй аянга буужээ

Канад Улсын баруун хойд Британийн колумб мужид 180 гаруй хээрийн түймэр гарчээ.

Хээрийн түймрийн хяналтын албанаас гал түймрийн 70 орчим хувь нь аянга бууснаас үүдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-нийг хүртэл Канад Улсын нутаг дэвсгэрт 700 мянга гаруй аянга буусан байна.

Мөн тул улсын Ванкувер хотоос зүүн хойд зүгт 95 милийн зайд орших Литтон тосгонд гурван өдрийн турш халууны хэм 121 градуст хүрч, гамшгийн түвшинд хүрсэн гэнэ.

Одоогийн байдлаар гал түймэр 79 мянга гаруй га талбай хамраад байгаа бөгөөд Канадын Онцгой байдлын алба хаагчид дээр нэмэгдсэн Зэвсэгт хүчний 350 цэрэг, офицер түймэртэй тэмцэхээр дайчлагдсан юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

439 дүгээр хаалттай хорих ангиас С.Баярыг суллалаа

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр болжээ. Тодруулбал, Булган аймгийн шүүхээс С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гарчээ. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр “Тус хорих анги нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, 30 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа. С.Баярт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон юм билээ. Түүнийг магадлангаар сулласан гэдэг нь үнэн. Тус хорих ангид сүлжээ барьдаггүй учраас нарийн мэдээлэл аваагүй байна” гэв.

С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон билээ.

Categories
мэдээ нийгэм

“Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрийн “Рингер” 250 мл тарилгын шингэнийг зах зээлээс татаж байна

“Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Рингер 250мл №1 тарилгын шингэний 20212101, 20212102, 20212103 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж байна. Тодруулбал, уг тарилгын шингэнийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх явцад гаж нөлөө илэрчээ. Иймд холбогдох байгууллагуудтай хамтран дээрх цувралын бүх бүтээгдэхүүнийг буцаан татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Categories
гадаад мэдээ

Их Британи өвлөөс өмнө 50-иас дээш насны иргэддээ гурав дахь тун хийхээр төлөвлөж байна

Их Британи улс өвлөөс өмнө гурав дахь тунг тарих бэлтгэл ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг “National Health Service”-д өгсөн байна.

Энэ жил тус улсад ханиадны улирал илүү өргөн цар хүрээтэй болох тул “КОВИД-19”-ийн эсрэг тогтсон дархлааг илүү сайжруулах ёстой аж. Эрдэмтэд эрсдэл өндөр бүхий 30 сая гаруй хүмүүст гурав дахь тунг хийхийг зөвлөсөн байна.
Гуравдугаар тунд хамрагдах хүмүүст 50-иас дээш насны бүх хүмүүс, 16-аас дээш насны ханиадны вакцин тариулах хэрэгтэй иргэд багтах аж. Их Британийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо хэлэхдээ гурав дахь тун эрсдэлт бүлгийн хүмүүсийг коронавирусийн шинэ төрлөөс хамгаалахад тусална хэмээжээ. Эрдэмтдийн явуулсан зарим судалгаа вакцинуудын дархлаа тогтоц дор хаяж зургаан сар байгаа гэдгийг харуулсан. Гэвч тоо баримт хангалтгүй байгаа тул гурав дахь тунг тарих асуудал яригдаж байгаа юм.

Английн эрүүл мэнд хариуцсан даргын орлогч профессор Жонатан Ван-Там хэлэхдээ “Бид шинэ хувилбарууд эсвэл дархлаа буурсны улмаас вакцины үүсгэсэн хамгаалалт буурахаас сэргийлж гурав дахь тунг хийх ажлын тэргүүнд байхыг зорилго болгосон” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Амартүвшин: Сошиалаас хувь хүний мэдээллийг олох боломжтой. Энэ асуудлыг хуулиар хаах уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн болон Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Иргэдийн хувийн биометрик зөвхөн төрд хадгалагдана гэж ойлгосон. Тэгвэл иргэд хурууны хээгээ уншуулж төрийн болон хувийн байгууллгаас үйлчилгээ авдаг. Энэ нь Хур, Дан системд хадгалагддаг. Тэрхүү хадгалагдсан мэдээллийг хувийн байгууллагууд ашиглаж болох уу. Тоон гарын үсэгтэй энэ хууль хэрхэн уялдаж байгаа вэ.

Хуулийн төслөөс харахад мэдээллийн эзэн буюу хувь хүн зөвшөөрөх юм бол хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, цааш нь дамжуулж болох юм байна. Тэгвэл аль нэг байгууллагаас үйлчилгээ авахад байгуулсан гэрээнд “бид таны мэдээллийг цуглуулна, ашиглана” гэдэг агуулгатай заалт орсныг иргэд анзааралгүй гарын үсэг зурчихвал зөвшөөрсөнд тооцогдох нь. Үүнээс сэргийлж иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотой зөвшөөрлийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ.

Мэдээлэл маш их алдагдаж байгаа. Сошиалаас хувь хүний хаяг, утасны дугаарыг нь олох боломжтой. Энэ асуудлыг хуулиар хаах боломжтой юу. Хувь хүний мэдээллийг задруулсан төрийн байгууллага болон хуулийн этгээд, хувь хүн ямар хариуцлага хүлээх вэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зээлийг хүүг бууруулах саналаа Монголбанк,  Засгийн газарт хүргүүлжээ ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

Хууль зүй, дотоод хэргийн сайд: Хувь хүний мэдээллийг цуглуулж, ашиглахад эзний эдэлж болох эрх үүргийг тогтоож, эрх нь зөрчигдсөн тохиолдолд яаж хамгаалахыг энэ хуулийн төслөөр зохицуулахыг зорьж байгаа.

Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн хүлээх үүргийг мөн тусгасан.

Иргэдийн мэдээллийг цуглуулдаг банк, үйлчилгээний байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн салбартай ч холбоотой зохицуулалт оруулах санал ч гарч байсан.

Жишээ нь, гадны орнуудад улстөрчийн дуулианы тухай мэдээлэхдээ өөрөөс нь юм уу эсвэл хэвлэлийн төлөөлөгчөөс нь зөвшөөрөл авч байж хоёр талын байр суурийг нийтэлдэг зохицуулалт бий. Манайд ийм зохицуулалтгүйгээс хүний эрхийн зөрчил гардаг. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярих шаадлагатай. Хувь хүний мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд тусгана.

Categories
мэдээ нийгэм

“Харганы дөрвөлжин” тэргүүтэй 15 дурсгалыг улсын хамгаалалтад авлаа

Соёлын яамнаас сүүлийн жилүүдэд шинээр илэрч олдон судалгааны эргэлтэд орсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэ цэн, ач холбогдлын талаарх судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийж байгаа юм.

Энэ хүрээнд 9 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох санал боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.

Эдгээр дурсгалууд нь бүгд эрдэм шинжилгээний эргэлтэд орж, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол нь тодорхойлогдсон, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн дурсгалууд юм.

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад 20 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт орших палеонтологийн олдворт газар, чулуун зэвсгийн бууц суурин, булш хиргисүүр, хадны зураг бичгийн дурсгал зэрэг 182 дурсгал багтдаг байна.

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлтээр оруулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалт:

1. Харганын дөрвөлжин (Архангай аймгийн Өлзийт сум)

Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхимээс хэрэгжүүлсэн малтлага судалгааны баг Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газраар хийсэн археологийн хайгуул, судалгааны үр дүнд 2017 онд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Харганы дөрвөлжин хэмээх газраас Хүннүгийн үед холбогдох хэрэмт хотын туурыг илрүүлсэн.

2019 оны долдугаар сар, 2020 оны дөрөвдүгээр сард агаарын зураглал үйлдэх явцдаа эртний хятад ханз үсгээр “Шаньюй”, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй хэд хэдэн дээврийн нүүр ваарны хагархайг түүвэр байдлаар илрүүлэн олсон байна.

2020 оны долдугаар сарын 9-ний өдрөөс 26-ны хооронд анхны сорилын малтлага судалгааг хийж олон тооны “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй нүүр ваарны хагархай, дээврийн тосгуур болон нөмрөг ваарыг илрүүлсэн. Харганын дөрвөлжинд орших хотын малтлагаас “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий олдвор тус хотын малтлагаас илэрч олдсон нь Монгол Улсын нутгаас төдийгүй дэлхийд энэ бичлэгээр анх удаа гарч байгаа нь Хүннүгийн хааны ордон болохыг баталж байгаа юм.

Мөн эртний хятад ханз бүхий дээврийн нүүр ваарнууд нь Монгол нутгаас илрэн олдоод буй хамгийн эртний бичгийн дурсгал болох төдийгүй Монголын түүх, археологийн шинжлэх ухаанд маш том нээлт болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн малтан судалсан хот нь анхны давхар хэрэмтэй хот болохоос гадна тус хотын дотор хэрэмний баруун урд хэсгийн дотор 90 х 60 м хэмжээтэй хүний гараар хийсэн хиймэл усан сан, цөөрөмтэй байгаа нь хамгийн том усан сантай Хүннүгийн хааны зуны ордон болохыг давхар гэрчилнэ.

2.Чилэн балгас (Архангай аймгийн Өгийнуур сум)

XIX зууны сүүлч XX зууны эхэн хагаст судалгааны эргэлтэд орсон. Уйгурын үед баригдсан хот хэмээн үздэг.

3. Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар (Архангай аймгийн Өгийнуур сум)

Хүннүгийн цагариг хэлбэрийн чулуун дараастай булшны оршуулгын газрын томоохон төлөөлөл бөгөөд нийт 400 орчим булштай. 2000 оноос нийт 50 орчим булшийг малтан судлаад байгаа бөгөөд эрдэм шинжилгээний олон бүтээлүүд гараад байна.

4. Цагаан асгын цогцолбор дурсгал (Баян-Өлгий аймгийн Сагсай сум)

Монгол Алтайн нуруунд буй томоохон дурсгалт газруудын нэг төдийгүй Баян-Өлгий аймагт буй хамгийн том цогцолбор бүхий дурсгалт газар юм. Олон тооны дагуул байгууламжтай, дугуй хүрээтэй том, жижиг хэмжээтэй хиргисүүр 3, тэдгээрийн зүүн талд байгуулсан тахилгын байгууламжууд болон унасан, босоо байдалтай орших 100 гаруй хөшөө, мөн 12 буган хөшөө бүхий цогцолбор юм.

5. Чихэн агуй (Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)

Чихэн агуйн чулуун зэвсгийн суурь нь Монголын дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан томоохон дурсгалт газар болох нь судалгааны үр дүнд тогтоогдсон дурсгалт газар юм.

6. Бигэр Номун ханы хийдийн туурь (Говь-Алтай аймгийн Бигэр сум)

Тус хийд нь 1763 онд Цогчин хурлын дуган байгуулснаар эх үүсвэр нь тавигдсан бөгөөд баруун өмнөд Монголын томоохон хүрээ хийдийн нэг байжээ. Энэхүү хийдийн одоогийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, судлах ялангуяа XVIII зууны үеийн Монголын хот байгуулалт, барилга архитектурыг судлахад чухал ач холбогдол бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгал юм.

7. Дагвасүндэл бурхан (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум)

Уг дурсгалыг 2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Говьсүмбэр аймаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулж, Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. Энэхүү дурсгалд Очирваань бурхны орой дээр Хаянхаярваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу зэрэг /Дамдин Чагдар Чунт бурхдын нийлбэр/ дүрсийг засаж янзлаагүй цул хадан дээр зураасан зургийн аргаар бурхан зурах дэг, тэгийг сайтар баримтлан уран чадварлагаар 317см өндөртэй сийлсэн XVII зуунд хамаарах, нутгийн ард олон дээдлэн шүтэж, тахисаар ирсэн дурсгал юм.

8. Хамрын хийд (Дорноговь аймгийн Сайншанд сум)

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар Аймаг, нийслэлийн хамгаалалтад авсан. Хамрын хийд нь Сайншанд сумын төвөөс урагш 38 км-т орших бөгөөд Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилын уулын гурван хийдийн нэг бөгөөд түүний аж төрж уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг юм.

9. Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар (Дорноговь аймгийн Сайхандулаан сум)

1940 оны сүүлээс судалгааны эргэлтэд орсон. Эртний сээр нуруутан амьтдын үлдвэртэй, эртний орчин хурдас хуримтлал, давхрагазүйн өндөр ач холбогдолтой стратиграфикийн тулгуур зүсэлт орших ба хуягт үлэг гүрвэлийн анхдагч төрөл тогтоогдсон олдворт газар.

10. Паалуугийн хадны зураг (Өвөрхангай аймгийн Гучин-ус сум)

Хүрэл зэвсгийн үед холбогдох цогцолбор дурсгал хамаарагдана. Төв Монголын хадны зургийн дурсгалын дотор уран чадмаг тэрэг дүрсэлсэн гэдгээрээ алдартай.

11. Мангасын хүрээ (Өмнөговь аймгийн Ханбогд сум)

Өмнөд говийн бүсэд буй Хүннүгийн үед холбогдох цөөн тооны хотын үлдэгдэл бүхий дурсгалт газар юм. Алслагдсан газарт байдаг тул машин зам дээгүүр нь гарах, тонон сүйтгэх зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Энэ дурсгалт газрын талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг цуврал сэтгүүл болон хамтын бүтээлүүдэд хэвлэгдээд байна.

12. Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар (Өмнөговь аймгийн Ханбогд сум)

Дэлхийд хамгийн томд тооцогдох аварга үлэг гүрвэлийн мөр хадгалагдан үлдсэн газар бөгөөд 2016-2018 оны хооронд Монгол-Японы хамтарсан экспедицийн хээрийн судалгааны анги судалж тогтоосон. Судалгааны үр дүнг нь олон улсад танилцуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

13. Бороогийн дөрвөлжин (Сэлэнгэ аймгийн Мандал сум)

Манжийн үед холбогдох бэхлэлт суурин бөгөөд 2014 онд судалгааны ажил хийгдсэн. Энэ дурсгалт газарт газар тариалангийн бүсэд оршдог тул хамгаалалтад авах шаардлагатай байсан юм.

14. Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), (Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг)

Энэхүү дурсгал нь 1946-1948 онд баригдсан түүхэн болон архитектурын дурсгалт барилга юм. Олон нийтийн дунд Маршалын өргөө, 30-р байр зэрэг нэрээр алдаршсан энэхүү барилга нь уран барилгын хувьд ХХ зууны Монголын барилга архитектурын шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог неоклассик хэв загвартай барилга юм. Мөн Монгол Улсын төрийг удирдаж байсан улс төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсан амьдарч байсан гэдгээрээ түүхэн дурсгалт барилгад тооцогдоно. Тус барилга нь Х.Чойбалсангийн өвлийн ордон байсан бөгөөд тэрээр нас өөд болтлоо энэ барилгад амьдарч байв. Тус барилгын хийц загвар, гадна төрх, фассад нь социализмын үеийн хот байгуулалтын архитектурыг илэрхийлдэг. З.Оюунбилэг, Ч.Болд нар уг барилгын түүх, архитектурын чиглэлээр судалгааны өгүүлэл хэвлүүлж, үнэ цэн, ач холбогдлыг тодорхойлсон.

15. Богд хааны ногоон ордны өмнөх 2 ширхэг чулуун арслан (Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг)

Энэхүү хоёр чулуун арслан нь Монголын сүүлчийн хааны Төрийн Шар ордноос үл хөдлөх дурсгал хэлбэрээр хадгалагдан үлдсэн цорын ганц дурсгал юм. XIX зууны үед бүтээгдсэн энэхүү хос чулуун арслан төрийн Шар ордны шөргөн хашааны үүдэнд байжээ. 1910-аад оны үед Богдын ордны зураач Жүгдэрийн зурсан “Нийслэл хүрээ” зурагт уг хоёр арсланг маш тодорхой дүрслэгдсэн байдаг. Уг дурсгалыг Улаанбаатар хотын түүх, газарзүйг судалсан О.Пүрэв судалгааны эргэлтэд анх оруулсан. 1956-2019 оны 11 дүгээр сар хүртэл Байгалийн түүхийн музейн барилгын үүдэнд байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Богд хааны ордон музейн Амгалан-Энхийн хаалганы өмнө шилжүүлэн байрлуулсан.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:

– Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.

– Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.

Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.

– Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.

-Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.

Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

– ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.

Categories
мэдээ нийгэм

Үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэлээс сэрэмжлүүлж байна

Сүүлийн өдрүүдэд үе үе орж буй дуу цахилгаантай ширүүн бороо нь үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

Үүнд:

-Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх

-Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо -авах

-Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх

-Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах

-Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах

Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.

Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд багачуудад хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
ус болон авто зам гэх мэтийн зураг байж болно