Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км зам засварын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Налайх, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг Улаанбаатар хоттой холбох, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор тус авто замын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

Төслийн гүйцэтгэгчээр Хятадын “Синохайдро корпорейшн лимитед” ХХК ажиллаж, хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК үзүүлж байгаа бөгөөд 2019 онд 4 эгнээ, 20.9 км гол авто замын ажлыг гүйцэтгэн 11-р сард замын хөдөлгөөнийг авто замын суурь хучилттайгаар нээсэн.

2021 оны барилгын ажлын хүрээнд туузан хашлага угсрах, гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажлуудыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Авто замын өнгө хучилтын ажлыг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж одоогийн байдлаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өнгө хучилтын ажил 100 хувь, үндсэн замаас салах болон нийлэх туслах авто замуудын өнгө хучилтыг хийж байна.

Далан хөвөө засах ажил 40 хувь, ус зайлуулах 38 хоолойн чулуун бэхэлгээний ажил 70 хувь, гэрэлтүүлгийн ажил 97 хувь, туузан хаалт суурилуулах ажил 45 хувь, гэрлийн гялбаа сарниулагч суурилуулах ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

No description available.

Гүйцэтгэгч нь 2020 онд 37, 2021 онд 10, нийт 47 гадаадын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдтэйгээр шаардлагатай ажлуудад дотоодын туслан гүйцэтгэгч компани, ажиллах хүч авч ажиллуулж байна.

2021 онд авто замын өнгө хучилт, туузан хашлага, гэрлийн гялбаанаас сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн бэхэлгээ, явган зам, дугуйн зам, гэрлэн дохио суурилуулах ажлуудыг гүйцэтгэж, төслийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Төв талбайд жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм. Тэдэнтэй Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд уулзаж, салбарын бодит нөхцөл байдал, тэдний хүсэлт шаардлагыг нь сонсож байна. Энэ үеэр эмч нарын төлөөлөл “Бид их юм хүсээгүй шүү дээ. Хийсэнтэйгээ дүйцэх цалин авахыг л хүсэж байна. Та бүхний ярьж байгаа зүйл бодит байдал дээр хэрэгжээгүй” гэлээ

Мөн тэд цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөгийн урамшуулал олгох нь тэгш хүртээмж биш. Үүний оронд бүх эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж тэд үзжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Нөхөн сонгуулийн зардлыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Өнөөдрийн /2021.07.06/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэх ба дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.
Categories
мэдээ нийгэм

​ДАЛАЙ ЛАМ: Хүн бүр аз жаргалтай амьдрах боломжтой

ДАЛАЙ ЛАМТАЙ ХИЙСЭН ОПРА УИНФРИГИЙН ЯРИЛЦЛАГА


Опра: Олон Америк хүн аз жаргалын тухай бичсэн таны номыг уншсан ч зарим нь түүнд хэрхэн хүрч болохыг одоо болтол ойлгоогүй. Материализмыг туйлын зорилгоо болгосон нийгэмд жинхэнэ аз жаргалд хэрхэн хүрэх вэ?

Далай лам: Амьдралын тав тух, сайхан хоол, сайхан байр, сайхан хамтрагчтай байсан ч хэцүү зүйл тохиолдоход тэр хүн аз жаргалгүй болчихдог. Биеийг тохь тухтай байлгах нь сэтгэл санааны зовлонг нимгэлэхгүй, хэдий их хөрөнгө чинээтэй байлаа ч тэр хэрээр аз жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Яг үнэндээ эд баялаг санаа зовнил, уур бухимдлыг дагуулдаг. Өөрөөр хэлбэл, гэр орон нь баян тансаг биш хэдий ч амьдралдаа сэтгэл хангалуун, хувийн сахилга баттай гэр бүлд энэрэл хайр бялхаж байдаг. Ийм гэр бүлд зовлон тохиолдсон ч аз жаргалаа хадгалан үлдэж илүү хөнгөн даван туулдаг.

Опра: Тэгэхээр аз жаргал бидний сэтгэлээс эхтэй гэж үү?

Далай лам: Тийм ээ. Биеийн тохь тухаас илүүтэй сэтгэлийн аз жаргал чухал гээд байгаа учир нь энэ. Биеийн тав тух материаллаг эх үндэстэй. Гэвч материаллаг эд баялаг таны сэтгэлийг огт зовиур шаналалгүй байлгаж үл чадна.

Опра: Тэр ч үнэн шүү.

Далай лам: Та сэтгэл хангалуун биш бол үргэлж л ахиад, ахиад, ахиад тийм зүйл, өшөө ихийг хүссээр байх болно. Таны хүсэл шуналд хязгаар үгүй. Гэвч сэтгэл ханамжийг дадуулж, өөртөө “Надад хэрэгтэй бүх зүйл байна” гэж хэлж сурвал асуудал өөр болох болно.

Опра: “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” номоос миний ойлгосон зүйл бол амар тайван байдал болоод оюун санааны амар амгалан. Гэвч өөрөө зовлон бэрхшээлтэй байж яаж бусдыг хайрлаж сурах вэ?

Далай лам: Тийм ээ, хүн өөрөө золгүй явдалтай учирч хэцүү байх үед бусдыг хайрлана гэдэг төвөгтэй. Ядуу хүмүүст “Тэрбумтануудыг хайрлах учиртай” гэж хэлэхэд надад хэцүү байдаг шалтгаан нь энэ юм. Гэвч баян хүнд ч өөрийн зовлон бий. Тухайлбал, уур хилэн, эргэлзээ, санаа зовнил, айдас түгшүүр гэх мэтээр сэтгэл нь тайван бус байна. Олон тохиолдолд чинээлэг хүмүүс тийм ч жаргалтай байдаггүй. Материаллаг эд баялаг жаахан бэрхшээлтэй тулгарахад л сэтгэл санаа нь ийм зовлонтой өдөр бүр тулгардаг хүмүүсийнхээс хэд дахин дор болдог.

Опра: Бурхан шашин аз жаргалд хүрэх зам мөн үү?

Далай лам: Зарим хүмүүс Бурханы шашин зовлонд хэтэрхий их ач холбогдол өгдөг гэдэг. Баян чинээлэг болохын тулд хүн чөлөөт цагаа золиосолж шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Үүнтэй нэгэн адилаар урт удаан хугацааны аз жаргалд хүрэхийн тулд түр зуурын тав тухыг золиослох хэрэгтэй. Өөрийгөө удирдаж сурахад ч золиос хэрэгтэй, өөрийн бүх энерги цаг завыг эд баялгийн төлөө зориулж байгаа бол эцэст нь зовно гэдгээ та мэдэж байх ёстой. Энд би бүх эерэг болон сөрөг үр дагаварын тухай хэллээ. Үйлдэл бүхний цаана урт хугацаанд ямар үр дагавар дагуулах вэ гэдгийг байнга бодолцож үзэж байх нь чухал юм.

Опра: Тэгэхээр та Бурханы шашин аз жаргалд хүрэх зам гэдэгт итгэдэг байх нь. Гэвч бусдыг та өөрийн уламжлалт шашин шүтлэгээ шүтэхийг зөвлөдөг шүү дээ. Тийм үү?

Далай лам: Тийм ээ таны зөв. Би хүн өөрийн уламжлалт шашин шүтлэгээ шүтэх нь гэм хоргүй гэж үздэг. Голлох шашинууд мянга мянган жилийн түүхтэй өөрийн гэсэн баялаг уламжлалтай.

Опра: Та христийн шашинтай хүн Бурханы ном сургаалийг дадуулж болно гэж боддог уу?

Далай лам: Тийм ээ би тэгж боддог. Бурханы шашины арга зүй байна, жишээ нь бясалгал. Хүн бүхэн хийх боломжтой. Мэдээж христийн шашины хуврагууд, гэлэнмаа нар өөрсдийн сүсэг бишрэл, нигүүлсэх сэтгэл, бусдыг өршөөж уучлах чадвараа нэмэгдүүлэхийн тулд Бурханы шашины арга технологиудыг хэрэглэж болно шүү дээ.

Опра: Шашин бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Далай лам: Нигүүлсэнгүй сэтгэл, бусдын төлөөх анхаарал халамжаа хөгжүүлэхэд тусалж, зорилготой болгодог гэж би боддог.

Опра: Энэ дэлхий дээр амьдарч байгаагийн минь зорилго юу вэ?

Далай лам: Бусдад туслах.

Опра: Энэ гариг дээр амьдарч байгаагийн минь бүх утга учир бие биедээ туслах гэж та хэлэх гээд байна уу?

Далай лам: Тийм ээ.

Опра: Шашин шүтэхгүйгээр сайн хүн байх боломжтой юу?

Далай лам: Бололгүй яахав. Аз жаргалтай ч байж болно.

Опра: Хүн бүр аз жаргалтай байх боломжтой юу?

Далай лам: Боломжтой. Үнэхээр боломжтой. Аз жаргалд хүрэхийн тулд хичээх нь зүй ёсны хэрэг. Ургамал ургахыг тэмүүлдэг шиг, хүн төрөлхтөний зорилго бол үхэх хүртлээ өсч хөгжиж, амьдрах юм. Хэрэв тийм бол оюун ухааны хувьд бид дутуу дулимаг байж хэрхэвч болохгүй. Оюун ухааныг хязгааргүйгээр хөгжүүлэх боломжтой. Бидний олонхи нь эд баялгийг хичнээн хураавч сэтгэл ханадаггүй, сүнслэг хөгжил бол өөр, тэр сэтгэл ханамжийг бий болгодог гэдгийг ойшоодоггүй. Бидний хийдэг алдаа бол энэ.

Опра: Агуу юмаа. Бид бүгдээрээ сүнслэг зорилго маань бусдад туслах гэдгийг ойлгочихвол хүн төрөлхтөн өөрчлөгдөх үү?

Далай лам: Тийм ээ, ойлголт бидний хандлагыг өөрчлөхөөс эхэлнэ. Бид дангаар оршдоггүйг ухаарч, бусад хүмүүс биднээс хэр ялгаатай гэдэгт бус юугаараа бид адилхан гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Тиймээ бид хоорондоо ялгаатай. Гэвч үүнийг тод томруунаар харах нь ач холбогдолгүй, учир нь чиний ирээдүй, миний ирээдүй, бусдын ирээдүйтэй ялгаагүй л холбогдсон. Тэгэхээр бид бүх хүн төрөлхтөний өмнөөс асуудалд хандах хэрэгтэй. Бид зөвхөн хувь хүн, өөр дээрээ төвлөрвөл хүн төрөлхтөн зайлшгүй зовно. Хүн төрөлхтөн зовоход бид ч бас зовох болно.

Жишээ нь энэ байшинд хэдхэн минутын өмнө дохиолол дуугарсан. Би үүнд маш хурдан анхаарал хандуулсан бөгөөд энэ байшин миний нэг хэсэг болохоор тэгсэн биш харин би энэ байшин дотор байгаа болохоор тэгсэн. Тийм учраас би үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Үүн шиг бид хүн төрөлхтөнд хайртай эсэхээс үл шалтгаалан тэдний нэг хэсэг нь гэдгээ мартаж болохгүй. Миний ирээдүй тэр чигээрээ хүн төрөлхтөний ирээдүйгээс хамаарах учраас хүн төрөлхтөний сайн сайхны төлөө санаа тавих үүрэгтэй. Тэгэхээр бусдыг хайрлана гэдэг бол өөрийгөө ч хайрлаж байгаа хэрэг болж таарч байна. Сэтгэл санаа минь тайван байна уу, үгүй юу гэдэг нь би орчин тойрныхоо хүмүүсийг амар тайван байлгаж чадаж байна уу, үгүй юу гэдгээр илэрдэг.

Опра: Талархаж сурах нь ч бас энэрэл нигүүлслийн сэтгэл шиг бидний амьдралд нөлөө үзүүлдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

Далай лам: Үнэхээр үнэн. Чин сэтгэлээсээ талархахад бусдыг хүндэтгэх сэтгэл аяндаа төрдөг.

Опра: Тийм шүү. Одоо хоёулаа таны тухай, Далай лам байх ямар байдаг тухай ярилцаж болох уу? Анх таныг Далай ламаар тодруулахад өөрийгөө онцгой гэж мэдэрсэн үү?

Далай лам: Үгүй.

Опра: Та өөрийгөө бусдаас өөр нэгэн гэдгийг мэдэрдэг байгаагүй гэж үү?

Далай лам: Заримдаа, тийм ээ өмнөх амьдралын гэмээр зарим зүйлийг мэдэрдэг. Өглөө эрт унтаа сэрүүний хооронд байх үед миний оюун санаа маш саруул байдаг. Ийм бүдэг бадаг үед өмнөх төрлүүдийн талаар цухасхан гялбаа мэт орж ирэн зарим тохиолдолд тэр нь нэг эсвэл хоёр зууны өмнөх үйл явдал байх нь ч бий. Нэг удаа би 600 жилийн өмнө Египетэд байсан байж магадгүй зүйлийг мэдэрсэн.

Опра: Та өөрийгөө бусад хүмүүсээс өөр гэж боддог уу?

Далай лам: Үгүй, үгүй.

Опра: Бусдын адилаар та өөрөө өөрийнхөө эзэн мөн үү?

Далай лам: Тийм ээ.

Опра: Өөр хэний ч эзэн биш гэж үү?

Далай лам: Энэ ч бас үнэн.

Опра: Та өсвөр насандаа жирийн хүүхэд байхыг хүсдэг байсан уу?

Далай лам: Азаар надад тоглох хүмүүс байсан, гэхдээ ихэнхи нь том болцгоосон хүмүүс байсан.

Oпра: Та гэр бүлтэй болж үр хүүхдүүтэй болохыг хүсч байсан уу?

Далай лам: Үгүй. 15, 16 орчим настайдаа энэ талаар сонирхож байсан. Энэ бол биологийн үйл явц байсан. Миний хамт тоглодог байсан лам нарын зарим нь гэр бүлтэй болцгоож энгийн амьдралаар амьдрахын хэцүү талуудын талаар ярьж өгдөг байсан. Мэдээж гэр бүлтэй байх үнэхээр сайхан байж таарна. Гэвч түүний хажуугаар олон бэрхшээл байдаг.

Опра: Та өдрийн олон цагийг бясалгалд зориулдаг талаар би уншиж байсан. Бурханы шашинтан биш хүмүүст бясалгал ямар ач холбогдолтой вэ?

Далай лам: Бясалгал бол дотоод руугаа харах зам учраас бүхий л хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс өөрийн дотоод ертөнцийг таньж мэдэхийн тулд шашин шүтэх албагүй. Бид сэтгэл хөдлөлөө, бусдыг анхаарч халамжилж байгаа тэр сэтгэлээ ажиглах нь зөв зүйтэй, бүтээлч хандлага бөгөөд ингэснээр бидний сэтгэл тайвширч жаргалтай болдог. Үзэн ядалт, атаа жөтөө, айдас нь сэтгэлийн амар амгалангийн саад. Та ууртай, уучлахад бэлэн биш бол сэтгэл чинь зовлонтой байх нь байнгын зүйл. Сэтгэлийн амар тайван байдлаа муу муухай мэдрэмжээр үгүй хийснээс өршөөж уучлах нь илүү дээр.

Опра: Та их жаргалтай хүн шиг санагдлаа. Юу таныг ийм жаргалтай болгодог юм бэ?

Далай лам: Би өөрийгөө нэг их чухалд тооцоод байдаггүй. Энэ нь намайг жаргалтай болгодог.

Опра: Таны хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?

Далай лам: Төгс өдөр гэж байдаггүй. Дэлхий ертөнцөд төгс зүйл гэж үгүй.

Опра: Тэгвэл сайхан өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ. Хөгжилтэй, инээд хөөрөөр дүүрэн өдрийг хэлэх үү?

Далай лам: Би цэцэрлэгт ажиллах, механик зүйлс засварлах дуртай. Чөлөөт цаг гарвал ихэнхидээ бурханы шашины ном судар уншиж судалдаг. Ялангуяа энэрэл нигүүлсэл, шүтэн барилдлагын тухай унших дуртай. Аливааг эргэцүүлэн бодож тунгаах боломж олдсон тийм өдрүүдэд би үнэхээр хангалуун мэдрэмж авдаг. Өөрийн цагаа үнэхээр үр дүнтэй өнгөрөөсөн гэж бодохоор сайхан байдаг.

Опра: Төвөд хүмүүст юу тохиолдоод байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд та маш шаргуу ажиллаж олон газраар аялах хэрэгтэй болдог байх даа?

Далай лам: Заавал шаардлагагүй. Өнөө өглөө би нэг сонин уншихад “Далай лам Хятадын Төвдөд явуулж буй бодлогыг олон нийтэд таниулах зорилгоор 6 хотод айлчиллаа” гэж бичсэн байсан. Энэ буруу. Би намайг уриагүй газарт өөрийн зорилгоор ердөө ч айлчлаагүй. Гэхдээ хүн төрөлхтөн хэрэгтэй бол намайг урьсан уриагүй ядрахыг умартан айлчилан очиж өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Опра: Таныг өөд болохоос өмнө Төвөд улс тусгаар тогтнолоо олж авч чадахгүй бол харамсалтай юу?

Далай лам: Хэрэв би өнөөдөр үхвэл Төвөдийн төлөө санаа зовно. Гэхдээ өөрийнхөө хувьд хийж чадах бүхнээ хийж амьдралаа бусдын төлөө зориулсан. Тэгэхээр харамсах зүйл байхгүй.

Опра: Огт байхгүй гэж үү?

Далай лам: Тийм ээ, байхгүй.

Опра: Та ямар нэг зүйлийн төлөө өөрийгөө уучлах хэрэг гарч байв уу?

Далай лам: Зарим жижиг тохиолдлын төлөө өөрийгөө уучлах хэрэг гарч байсан. Жишээ нь, өөрөө мэдэлгүйгээр жижиг шавьжийг алчихсан тохиолдол ч юм уу. Шумуул юм уу,бясаанд хандах миний хандлага ч тийм ч амар байдаггүй.

Опра: Том алдааны төлөө өөрийгөө уучлах шаардлага гарч байв уу?

Далай лам: Би өдөр бүр жижиг алдаа гаргадаг. Гэхдээ том алдаануудын хувьд би тэгж бодохгүй байна. Би Төвөдийн ард түмний төлөө, хүн төрөлхтөний төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийсэн.

Опра: Сар бүр “Би үүнийг үнэхээр сайн мэднэ” гэдэг сэтгүүлд булан бэлтгэж өгдөг юм. Та юуг үнэхээр сайн мэдэх вэ?

Далай лам: Оршихуй бүрийг хүндэтгэх нь аз жаргалын хамгийн баялаг нөөц. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.

Эх сурвалж: http://www.oprah.com/omagaz…/Oprah-Interviews-The-Dalai-Lama
Орчуулсан: Ч.Аниргүм
Categories
мэдээ нийгэм

МУГЖ С.Дамдин таалал төгсжээ

Их замын эхэнд киноны Хөх чоно зэрэг олон
сайхан монгол эрийн дүрийг дэлгэцнээ
мөнхөлсөн МУГЖ.С.Дамдин тэнгэрийн орноо
заларчээ.


Тэрбээр 1967 онд УБДС-ийн кино драмын анги
төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр
ажилласан аж. 2010 онд гавъяат жүжигчин цол
хүртсэн. Мөн Оросын Холбооны Буриад улсын
гавъяат жүжигчин.Совдын Дамдин 1943 оны долдугаар сарың
15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг
Ханжаргалант уулын баруун өвөрт төржээ.

С.Дамдин

Театрын тайзнаа тоглосон жүжгүүд


“Любовь
Яровая”-гийн Кутов,
“Наянчулууны ой”-н
Эрдэнэ-Очир,
“Өрсөлдөөн”-ий Тулгаа,
“Анхны
тулаан”-ы Лепешинский,
Хөөрхий дээ, “Марат
минь”-ийн Марат,
“Арын албаныхан”-ы
Сүхбаатар жанжин,
“Нүд”-ийн Дугар,
“Цаг өөр
болжээ” киноны Ваган,
“Би яагаад”-ын Чагнаа,
“Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла,
“Хурлын
дараа”-гийн Сүхээ,
“Бумбат эрдэнэ”-ийн Дорж,
“Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий,
“Нэгэн
нярвын паян”-ы Дорж,
“Буурай аав”-ын
Буянтогтох,
“Их авхай”-н Амгалан,
“Унаган
хайр”-ын Чагдал,
“Шинэ зам”-ын Сүхбаатар,
“Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын
Эрнесто Рохос,
“Гургалдайн дуут шөнө”-ийн
Фирсов,
“Байцаагч түшмэл”-ийн Осип,
“Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг,
“Буцах
хаяг”-ын Нямбуу,
“Халуун газар”-ын Баасан,
“Амин булаг”-ийн Донгой,
“Тамын дурлалын
Кебот, Ромео Жульетта”-гийн Эскаль ван,
“Цахлай”-н Шамраев,
“Эрлэгийн данс”-ийн
Жанчив,
“Саран хөхөө”-гийн Дэрэм,
“Шөнө
амталсан нулимс”-ын Халзангийн дүр гээд
түүний бүтээсэн зөвхөн театрын олон арван
бүтээлийг дурдаад баршгүй билээ.

МУГЖ С.Дамдин: Амьдрахын эрхээр 12 наснаасаа буу барьсан минь хөх чонын  дүрийг бүтээхэд ойр байсан

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж, хоёр хүн нас барлаа

Энэ сарын 5-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж нэг хүн нас барсан бол, орон нутагт 4 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Мөн

Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдах, тээврийн хэрэгслээ сайтар бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Даамчин Ц.Сүхбат ДАШТ-ий хагас шигшээд хэсэгтээ IV байр эзлэв

Эстонийн нийслэл Таллин хотноо болж буй даамын насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд дуусахад “Tallinn group”-т өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат 2 хожиж, 7 тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байр эзэллээ.

Энэ шатанд 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн байна. Ц.Сүхбатын хувьд “Брунссум Опен” тэмцээний аварга ОУМ Кристиан Ниами /Камерун/, Зул сарын цахим тэмцээний ялагч Макенди /Гаити/ нарыг хожиж, дэлхийн аварга Александр Шварцман /ОХУ/, Их мастер Юрий Аникеев /Украин/, Ндиага Самб /Сенегал/, Мартин ван Айзендорн /Голланд/ нарын шилдгүүдтэй тэнцсэн юм.

Тэмцээний дотоод журам ёсоор хэсэг тус бүрийн эхний гурав, нийт 12 шалгарсан даамчин финалын шатанд дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөх юм. Ц.Сүхбатын хувьд олон улсын чансаагаа ахиулж, Олон улсын мастер, Олон улсын их мастер цолны балл биелүүлэх нь тодорхой болов.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар автомашин жолоодсон 81 хэрэг бүртгэгджээ

Өчигдөр буюу долдугаар сарын 05-ны өдөр.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1383, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 88, хүний биед халдсан 52, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 44, эрүүлжүүлэх байранд хоносон 162, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 9458 хүнд шинжилгээ хийснээс 1643 хүнд коронавирус илэрчээ. Эдгээрийн 915 нь Улаанбаатар хотод, 723 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 5 тохтолдол бүртгэгдлээ.

ОРОН НУТАГТ: Увс 45, Завхан 31, Булган 24, Сэлэнгэ 20, Хэнтий 3, Дорнод 18, Ховд 48, Баян-Өлгий 30, Баянхонгор 60, Говь-Алтай 47, Өвөрхангай 30, Дундговь 27, Сүхбаатар 30, Говьсүмбэр 16, Төв 36 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 128.454 боллоо.

Мөн 10 иргэн нас барлаа. Ковидын шалтгаант нас баралт 639 болов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Д.Мөнхбат: Чи дуугарвал шийтгүүлнэ, хариуцлага тооцно гэдгийн бодит жишээг над дээр үзүүлэхийг оролдлоо

“Энхсаран” сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцсэн байна. Улмаар Д.Мөнхбат, О.Түмэнбаяр нарын есөн иргэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн иргэнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбоотойгоор “Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт тантай хамт найман иргэнийг яллагдагчаар татжээ. Энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан шүүхийн танхимд хэдэн цаг үргэлжилсэн бэ?

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд урьдчилсан хэлэлцүүлэг гурван цаг орчим үргэлжиллээ. Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд өөрийн байр сууриа илэрхийлж, нэмэлт тайлбар хийсэн.

Улмаар хэргийг шүүх рүү шилжүүлэх бус, буцаагаад прокурор руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, биднийг гэм буруутай эсэхийг нотлоход хэргийн материал хангалттай биш байсан учраас прокурор руу шилжүүлсэн хэмээн ойлгож байна. Хэрэв хэрэгт шаардлагатай материал бүрэн бүрдсэн тохиолдолд анхан шатны шүүх хурал болно гэсэн үг. Ерөнхийдөө хэргийг хөөн шийдэх учиртай болохоос, угтан шийдэх учиргүй. Тиймээс ч гэм буруутай эсэхийг нотолбол зохих асуудлыг бүх талаас нь харж дүгнэх ёстой хэмээн шүүгч шийдвэр гаргасан.

Манай улсад өмнө нь дээрх зүйлчлэлээр буруутгагдаж, хэрэг нь шүүхийн шатны урьдчилсан хэлэлцүүлэг хүртлээ явж байсан тохиолдол гарч байгаагүй юм билээ. Тиймээс хэргийг бүх талаас нь харж, шийдвэрлэх ёстой хэмээн үндсэн шийдвэрээ гаргалаа.

-Тантай хамт яллагдагчаар татагдсан найман иргэнийг тодруулж болох уу. Халдвар хамгааллын дэглэм сахиулахад оролцсон хүмүүсийг ч халдвар тархах үндэс бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Яллагдагчаар татаад буй есөн иргэний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан иргэн, тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд байгаа юм. Халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх зүйлчлэлийн дагуу яллагдагчаар татагдсан иргэдийн нэг хэсэг нь өөрөө халдвар авсан хүмүүс байдаг. Түүнчлэн халдвар тархаах нөхцөл бүрдүүлэх боломжгүй, харин ч халдварын эсрэг ажиллаж байсан ажилтнууд нь хэрэгт холбогдчихсон. Чухамдаа халдвар тархах нөхцөлийг бүрдүүлэхгүйн төлөө ажиллах хамгийн том байгууллага нь УОК-ын шуурхай штаб шүү дээ. Угтаа бол халдварын эсрэг дүрэм журам боловсруулахад хэн гарын үсэг зурсан, хэн холбогдох зөвшөөрлийг өгсөн, гэрээ контракт байгуулсан тэдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Тэгтэл эсрэгээрээ хууль эрх зүйн мэдлэггүй, өөрийгөө хамгаалах боломжгүй, ямар ч хүчгүй талд шийтгэл оноочихдог. Ингээд эгэл жирийн иргэд нь эрүүл мэнд, мөнгө санхүү амьдралынхаа жил гаруй хугацаагаар хохироод явж байна. Надтай хамт шүүгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирдэг. Бүхэл бүтэн мянга гаруй километрийг туулаад Увс аймгаас цагдаа, шүүх дээр дуудагдан ирж байна. Түүнчлэн Сэлэнгэ, Булган гэх мэт аймаг орон нутгаас ирж байгаа хүмүүс ч бий.

-Дэлхийн бусад орнуудыг харахад энгийн иргэн, эсвэл жирийн ажилчинтай хариуцлага тооцдоггүй. Харин эсрэгээрээ удирдлагуудад нь хариуцлага тооцдог. Иймээс ч дарга нар хариуцлагаа илүү ухамсарладаг хэмээн та өмнө нь ярилцлагадаа дурдаж байсан?

-Яг зөв. Альберт Камюгийн 1947 онд бичсэн “Тахал” нэртэй номонд үүнийг тодорхой өгүүлдэг. Хүн төрөлхтөн өвчний өмнө ирэхээр үнэн нүүр төрх нь илэрдэг тухай зохиолд харуулдаг. Манай нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлыг энэ цар тахал ил гаргаад өгчихлөө. Чухамдаа жинхэнэ ардчилал тогтсон оронд эрх бүхий албан тушаал гэдэг чинь том хариуцлага, том ачаа байдаг юм. Тиймээс ч даргын суудалд суухаас эмээдэг, сүрддэг. Тэгтэл манай улсад эсрэгээрээ удирдах албан тушаалтан хариуцлагыг бусад руу чихдэг юм байна. Хэрэв эрх чөлөө, тэгш эрх байсан бол хариуцлага хүлээхээс айж даргын суудалд сандайлах гэж улайран дайрахгүй л байхгүй юу. Тэр болгоныг мэддэггүй, мэдэрдэггүй данхайсан том толгойтой төртэй, тээр доор иргэдийнх нь хөл чичирсэн дүр зураг л харагдаж байна. Ийм буруу системийн алдаа нь эргээд эгэл ардын толгой дээр буугаад байгаа юм. Ковидын үеэр нэг залуу ганцаараа гонгиноод гүйгээд байгаа юм биш, энэ бол ирээдүйд хэнд ч тулгарч болох асуудал болчихжээ. Тэгэхээр алдаа хаана байгааг мэдчихлээ, одоо үүнийг засах л хэрэгтэй.

-Цагдаа, шүүхэд дуудагдах хугацаа тань багассан уу, нөхцөл байдал ямар байна вэ?

-Ерөнхийдөө цагдаа шүүхээр явах ажил арай хөнгөрч байна. Гэхдээ хэргийн материалтай танилцахаар дахин очих байх. Эх орондоо ирээд жил гаруй хугацаанд хүнд нөхцөл байдлыг биеэр үзэж тууллаа. Гэхдээ яахав хүн л юм хойно болгож бүтээхийн төлөө явсаар л байна. Зөрчлийн хэргийн шийдвэр гарснаар хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм билээ. Шүүгчийн туслахаас уржигдар миний хэрэг дээр давж заалдах гомдол гаргасан хүн байгаа юу гэж асуухад хариулаагүй л дээ. Тэгэхээр одоогийн байдлаар анхан шатны шүүх болон давж заалдах шүүх хурлыг хүлээж байна. Гэхдээ яг тов нь тодорхойгүй байна.

-Манай нийгэмд асуудлыг мэдсэн ч дуугарахаас айдаг. Магадгүй та үнэнийг хэлснийхээ төлөө 500 мянгаар торгууллаа. Та үг хэлэхгүй дуугүй өнгөрч болох байсан шүү дээ ?

-Хүнийг хүлцэнгүй дуугүй болтол нь бодлогоор хангачхаад байна л даа. Чи дуугарвал тэтгэмжээ алдана, чи дуугарвал шийтгүүлнэ гэсэн бодит жишээг над дээр үзүүлэхийг оролдлоо. Гэхдээ үүний эсрэг зоригтой зогсох хэрэгтэй. Хамгийн гол нь аливааг үнэн зөвөөр үндэслэлтэй ярих хэрэгтэй. Түүнээс биш худлаа үнэн яриад явах нь ёс зүйт алхам биш. Тэгэхээр эрх тэгш эрхээ эдэлж, үндэслэлтэй дуугарах нь чухал.

-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?

-Ийм хандлага бий. Түүнийгээ ухаантай үйлдэл гэж эндүү ойлгодог. Магадгүй алдаатай бодлогыг нь дуугүй хараад суух нь надад өлзийтэй ч, бидний ирээдүйг нь харанхуйлах аюултай. Эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн буруу нь бидэн дээр л буудаг. Тэгтэл энийг угаасаа л байх ёстой зүйл мэтээр хүлээж аваад, дасан зохицоод амьдарч болохгүй шүү дээ. Аливаа асуудалд үндэслэлтэй хандах нь хуулиар нээлттэй, ингэснээр бидний амьдрал, амьдрах орчин нөхцөл ч сайжирна. Ерөөс хамтын хөгжил, хамтын амьдрал сайжрах ёстой болохоос, ухарч доройтож эцэстээ үгүй болоод дуусвал гунигтай л байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ