Categories
мэдээ нийгэм

Сайн сортын үр нь ургацыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

Жил бүр хаврын тариалалт эхлэх үед таримал ургамлын үр үйлдвэрлэл тогтвортой бус, нөөц хангалтгүйн улмаас үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон хүндрэл үүсдэг. Дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд ХХААХҮЯ түлхүү ажиллаж байна.

Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Сайд З.Мэндсайхан танилцуулан хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хуулийг шинэчлэх үндэслэлээс дурдвал

  1. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд таримал ургамлын хугацаа богино, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэхэд хүндрэл учирч байна.
  2. Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураахад хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг судалгаагаар тогтоожээ.
  3. БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсаас Монгол оронд соригдоогүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирэн тариалсанаас болж болц гүйцэхгүй байгаагаас гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдан тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна.
  4. Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр зарцуулдаг тул шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортыг бүртгэж, түүнийг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас хамгаалах юм.

Шинээр боловсруулсан, 31 зүйлтэй тус хуулийн зорилго

  • Таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих,
  • Үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх,
  • Үрийн шударга худалдааг төлөвшүүлэх,
  • Таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих,
  • Таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн

  • Таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалах замаар шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, түүнийг сорих, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.
  • Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хэт хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үрийн сортын хэв шинжийг хадгалах, түүний чанар, аюулгүй байдлыг хянах, баталгаажуулах тогтолцоо бүрдэх бөгөөд улмаар га-аас авах ургацын хэмжээ, тариаланчдын орлого нэмэгдэнэ.
  • Таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна.
  • Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах боломж бүрдэнэ.
  • Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хэсэгт хяналтын пост ажиллуулна

Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”-нд Тусгай зөвшөөрөл авсны дагуу тухайн газар нутгийг уул уурхайн зориулалтаар ашиглаж болно, эсвэл хөндөгдсөн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно гэж заасан байдаг.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан БОАЖГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг Сэргэлэн сумын удирдлагууд хууль бусаар алт олборлож байгаа газарт ажиллалаа.

Энд ойролцоогоор 20 орчим га талбай хөндөгдсөн байдалтай 200 орчим автомашин, 500-600 хүн гар аргаар алт олборлож байсан юм.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа эдгээр иргэдийг саатуулах, техник хэрэгслийг хураах, автомашиныг журамлах зэрэг арга хэмжээг удаа дараалан авч байгаа ч гар аргаар алт олборлогчдын тоо буурахгүй байна. Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь гадны аймаг, сумын иргэд байдаг бөгөөд хөөж явуулсан ч төд удалгүй эргэн ирж хууль бусаар алт олборлож эхэлдэг байна. Цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ үед хууль бусаар алт олборлох нь халдварт өвчин тархах өндөр эрсдлийг бий болгож байгаа бөгөөд гэмт хэрэг гарах нөхцөл ч их байдаг байна.

Байгаль экологи, хүрээлэн буй орчныг сүйтгэх, ус бохирдуулах, хөрс эвдэх зэрэг байгаа орчиндоо асар их сөрөг үр дагавартай хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг тойрсон асуудалд аймгийн зүгээс анхаарч, нэн тэргүүнд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, ойр орчимд хяналтын постууд гаргахаар боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлжээ

Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5-6 сард цутгал голуудад загас бага өгсөж үржсэн. Зургаадугаар сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж цутгал голуудад загас дахин өгссөн.

Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир хамгаалалтын захиргаанаас хоёр дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлөх болон урсгал чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж ажиллаж байна.

Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, гурван цутгал голын урсгалыг чөлөөлжээ.

Categories
гадаад мэдээ

Казахстан олимпийн аваргаа 250 мянган ам.доллароор шагнана

Токиогийн олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинд өгөх шагналын талаар Казахстаны Спорт, урлагийн сайд Актоты Раимкулова мэдээлэл хийлээ.

Шагнал өгөх журмыг 2020 онд Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Актоты Раимкулова “Токиод олимпийн аварга болсон тамирчин болон түүний дасгалжуулагчид 250 мянган ам.долларын шагнал олгоно. Дасгалжуулагчийн авах шагналын 10 хувийг тамирчны анхны багшид, 80 хувийг тухайн тамирчныг бэлтгэсэн буюу хувийн дасгалжуулагчид, үлдсэн 10 хувийг тухайн спортын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид өгөх юм. Мөнгөн медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид 150 мянган ам.доллар, хүрэл медальд 75 мянган ам.доллар олгох болсон” гэж мэдэгдлээ.

Гэхдээ шагналын мөнгийг тухайн тамирчин допингийн дүрэм зөрчөөгүй нь батлагдсаны дараа олгох ажээ.

Токиогийн олимпод спортын 27 төрөлд 95 казах тамирчин өрсөлдөнө. Олимпын үндсэн баг энэ сарын 16-нд Токиод очиж, үлдсэн нь 27-нд Япон явах юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: “Covid-19”-ийн халдвар аваад эдгэрсний дараахь хоолны дэглэм

Монгол Улсад Ковид-19 халдвар бүртгэгдсэнээс хойш улсын хэмжээнд нийт халварын тоо 128.454 хүрээд байгаа юм. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар нийт 89.717 хүн эдгэрээд байна.

Тэгвэлр Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараа эрүүл хооллолт, амьдралын эрүүл, зөв хэв маягийг хэвшүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийг яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.

Бие мах бодийн сэргэх явцыг түргэсгэхийн тулд илчлэг, уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг дараах хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

  • ИЛЧЛЭГ: Хоосон илчлэг авахаас зайлсхий. Чихэр, чихэрлэг гурилан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Шар будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээс илчлэгээ аваарай.
  • УУРАГ: Уураг нь мах, сүү, өндөрг самарт ихээр агуулагддаг. Энэ нь эд эсийн нөхөн төлжилт, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах ач холбогдолтой. Айраг, тараг, хоормог зэрэг исэг цагаан идээ нь гэдэсний ашигтай бактерийн өсөлт, дархлааг дэмждэг тул антибиотик эмчилгээний дараа зайлшгүй хэрэглэнэ.
  • ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО: Шинэ жимс, хүнсний ногоо нь эслэг, амин дэм, эрдэс бодис, аниоксидант бодисоор баялаг. Эдгээр тэжээллэг бодисууд нь дархлааг дэмжиж, халдварын эсрэг тэмцэхэд тусална. Өдөр бүр 2 ширхэг жимс, гурван аяга ногоо идэхийг зөвлөж байна.
  • ШИНГЭН: Өдөрт 8-10 аяга шингэн ууснаар бодисын солилцоог хэвийн явуулах, хордлого тайлах ач холбогдолтой. Кофег өдөрт 2 аягаас илүү хэрэглэхийг хязгаарлаж, үйлдвэрийн жимсний шүүс, сироп, хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • ӨӨХ ТОС: Цусны хлестеринийг бууруулах омега-3.9 тосны хүчлийг нэмэлтээр хэрэглэнэ. Малын өөх, цөцгий, шар тос, өрөм зэргийг хязгаарлана. Таранс тос агуулсан шарсан тахиа, хуушуур, пирошки, жигнэмэг, нарийн боов идэхээс татгалзах.
Categories
мэдээ спорт

Цахим спортын “Renewal” баг 16 мянган ам.долларын шагнал хүртлээ

Цахим спортын “Counter-Strike: Global Offensive” төрлөөр зохион байгуулагдах 300 мянган ам.долларын шагналын сантай “Funspark ULTI – 2021” тэмцээн энэ оны сүүлээр Хятад улсад зохион байгуулагдана.

Тус тэмцээнд шууд урилгаар гурван баг, “Funspark ULTI – 2020” тэмцээнийг тэргүүлэгч “BIG” болон “Extra Salt”, Европ бүсийн тэмцээний оноогоор тэргүүлэгч хоёр баг, Азийн бүсийн тэмцээний оноогоор тэргүүлэгч нэг баг оролцох аж.

Түүнчлэн оноо цуглуулах нийт 6 тэмцээн явагдах бөгөөд хоёр дахь тэмцээн болох “Asia Season – 2” энэ сарын 3-нд эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Renewal”, “D13”, “Checkmate”, “BCO” болон хоёр монгол тамирчинтай “NKT” баг оролцож байна.

Ташрамд дуулгахад, Монголын “Renewal” баг өнгөрсөн долоо хоногт “DreamHack Open June – 2021 Asia” тэмцээний аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт “Checkmate” багийг хожсоноор 16 мянган ам.долларын мөнгөн шагнал, Европт цахимаар зохион байгуулагдах “IEM Fall – 2021” тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ цамхаг ашиглалтад орлоо

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ цахмаг ашиглалтад орлоо.

Нийт 1086 м 2 талбай бүхий 38 м өндөр цамхаг нь 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн 360 хэмийн харагдац бүхий нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 ажлын байр, радио холбооны болон ажиглалтын систем, аэронавигацийн тоног төхөөрөмжийн алсын удирдлага, цаг агаарын автомат системтэй.

24 цагт таван ээлжээр үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг ээлжинд гурван нислэгийн удирдагч ажиллаж, аэродромийн нислэгийн хөдөлгөөний удирдлага, аэродромийн нислэгийн мэдээлэл, аюулгүй түгшүүр мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын үндэсний хорооны ээлжит хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэв

Categories
мэдээ спорт

Их аварга Хакухо, Oзэки Тэрүнофүжи нар 3 даваатай башёг тэргүүлж байна

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 3 дахь өдөр 69 дэх их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, Дайэйшо /М-1/-той барилдаж, түүнийг сүкүинаге мэхээр унагаж, 3 даваатай болов.

Маргааш 69 дэх их аварга Хакухо, Таканошо /М-2/-той учраа таарчээ. Энэ башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Таканошо /М-2/-той учраа таарч, түүнийг кайнахинэри мэхээр давж 3 даваагаа авлаа.

Энэ өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Сэкиваке Такаясүтэй таарч барилдан, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай байгаа бол Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Окиноүми /М-5/-д макиотоши мэхээр ойчсоноор 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Оношо /М-6/-той учраа тааран барилдаж ёрикири мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай яваа бол Чиёошома/М-7/ Г.Мөнхсайхан, энэ өдөр Миёогирюү /М-7/-д ошитаоши мэхээр ойчиж нэг унаа 2 даваатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Хиденоүми /М-9/ барилдаж котенаге мэхээр давснаар 3 даваатай болов.

Озэки цолтнуудаас Шодай, Эндо/М-1/-той барилдаж, түүнд хикиотоши мэхээр ойчиж 1 унаа, 2 даваатай яваа бол Такакейшо энэ өдөр Комүсүби Мейсэйтэй учраа таарсан өрсөлдөгч нь гэмтлийн улмаас барилдаагүй учраас 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Замын-Үүдийн боомт наадмын 9 хоног амрахгүй, ажиллана

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд газар дээр нь ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Замын-Үүдэд ажилладаг гааль, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөлж, тэнд ажиллаж байгаа бүх байцаагчийг өөр газар сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Замын-Үүд дэх бүх төрийн байгууллага, хяналт шалгалтын ажил хариуцсан дарга нарыг сольж, шинэ бүрэлдэхүүнээр ажиллах болсныг танилцуулав. Замын-Үүдэд ажиллах мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нарыг өөр аймаг сумаас сэлгэн авчирч ажиллуулах юм байна.

Мөн улс даяар долдугаар сарын 10-наас долдугаар сарын 19 хүртэл амрахаар болсон. Гэхдээ Замын-Үүдийн боомт наамдын ес хоног амрахгүй, тасралтгүй ажиллана гэдгийг сайд Х.Нямбаатар мэдээллээ.