Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний зургаан сард аюулт үзэгдэл, ослын улмаас 669 хүн амиа алджээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сард нийт 2,036 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 669 хүн амь насаа алдаж, 103,271 хүн гэмтэж, 10.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 17.6 хувиар буурсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад газар хөдлөлт 6.8 дахин, хүчтэй салхи, шуурганы тохиолдол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол объектын гал түймэр 28.5 хувиар буурчээ.

Тээврийн хэрэгслийн ослын 32 дуудлагад 239 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 12 хүнийг аварч, 14 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Улсын хэмжээнд оны эхний зургаан сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 669 хүн амиа алджээ. Тодруулбал,

Нэрвэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын төрлийн 35 хувийг объектын гал түймэр, 32 хувийг усны осол, 11 хувийг хүчтэй салхи, шуурга эзэлжээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн давхардсан тоогоор нийт 24,334 хүн, 4,727 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1,966 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

НБОГ: Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа

Амьтан нутагшуулах ажлыг хийхэд хатуу, зөөлөн хоёр аргыг хэрэглэдэг. Хатуу арга гэдэг нь амьтнаа шинэ нутагт шууд тавихыг хэлнэ. Харин зөөлөн арга нь амьтныг амьдрах орчинд нь бага багаар дасган, аажмаар сулладаг.

Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс олон жилийн судалгаанд үндэслэн, зөөлөн аргыг сонгон ажиллаж байгаа бөгөөд үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа. Ингэснээр минжний шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашид Минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахим визээр гадаадын 31 орны иргэнийг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын хуралдаанаар цахим визийн системд шилжүүлэх журмыг хэлэлцэн баталлаа.
Дэлхийн 80 улс энэ визийн системийг нэвтрүүлсэн байдаг. Цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын визийн 11 ангиллыг 29 хэлбэр, 64 төрөл ангилал болгон шинээр журам баталсан. Виз хүсэх гадаадын иргэнийг Монгол Улсад зорчиход тохирсон виз олгох, визийн талаар нарийвчилсан статистик мэдээлэл гаргах, визийг шуурхай болгох боломж бүрдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Болортуяа: Таваас доош хүний бүрэлдэхүүнтэй аялах боломжтой

Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр Баяр наадмын амралтын өдрүүдэд амарч зугаалахыг зөвшөөрлөө. Гэхдээ

  • Таваас дээшгүй хүнтэй аялах боломжтой,
  • Гэр бүлийн гишүүнээс нэг хүний түргэвчилсэн шинжилгээнд хамруулах,
  • Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдээс шинжилгээ авахгүй
  • 5-аас дээш настай хүүхдээс шинжилгээ авахаар болсон

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “2021 оны долдугаар сарын 17-нд орон нутгийн халдварын тоо өдөрт 1300 бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ хэмээн ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа гаргасан. Тиймээс УОК-оос иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь НЗДТГ-тай хариуцлагыг гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялж байгаа гэр бүлээс түүврийн аргаар таваас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Аяллаар явж байгаа иргэд суурин газраар орохгүй байх хэрэгтэй. Харин шатахуун, хүнс, эмийн сан, эмнэлгийн тусламж, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд л орж болно” гэв.

Түүнчлэн аймаг сумдад өөрсдийн дураар хил, хөдөлгөөнөө хаахыг зөвшөөрөхгүй болсон талаар мөн мэдээлэв. Тодруулбал, хязгаарлалтын хугацаа нь үе, шаттайгаар дуусаж байгаа 13 аймгийн 100 гаруй сум бий. Эдгээр сумууд хөл хорионы дэглэмийг дур мэдэн сургахыг хориглосон” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан

Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт нар өгсөн юм.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна.

Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амь насаа алдсан тохиолдол эзэлж байна. Тухайлбал, 2020 оны наадмын өдрүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагын 34 хувийг усны осол эзэлж, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар өнөөдрийн байдлаар 7 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаагийн усны ослын тохиолдлоор 37 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байгаа” хэмээн онцоллоо.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “Онцгой байдлын байгууллагатай хамтран жил бүр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажилладаг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усанд эндэх, осолдох тохиолдол их байна. “Усны ослоор эндсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь орон нутагт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алдсан” гэсэн юм.

Харин Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна.

Мөн 7 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн аюултай түвшинг 5-15 см давж эргээ хальсан, урд Тамир, хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Цаашид орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол, усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрэх учир гол, усны ойролцоо амарч зугаалхадаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Аялж буй гэр бүлээс нэг том хүн, 5-аас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтыг шалгаж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм.

Тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн.

Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа боломжтой байхаар шийдвэрлэсэн.

Иргэд тэр дундаа нийслэлчүүд нэг удаад 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/, 5-аас дээш насны нэг хүүхдүүдээс шинжилгээ авна” гэв.

Categories
мэдээ улс-төр

​АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээхээр болов

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.

No description available.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон.

Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.

  • Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000),
  • Төвийн бүсийн Чикаго хот (8000),
  • Баруун эргийн Лос Анжелес (2000),
  • Сан Франциско (4000),
  • Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна.

АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,2 хувь нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа долоодугаар сарын 3-нд нэг иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэл явдал боллоо. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Б.Одгэрэл нь Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан.

Тэгвэл 2021 оны долдугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон энэ сарын 11-нд сансарт ниснэ

-ТОВЧХОН-


Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон долдугаар сарын 11-нд сансарт нисэх болсноо албан ёсоор зарлажээ. Үүнтэй адил мэдэгдлийг “Амазон” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Ж.Безос хийсэн удаатай. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр бүтээсэн хөлгөөрөө нисэх гэнэ. Р.Брэнсон “Сансрын уудам бүх хүнд хамаатай гэдэгт би итгэдэг. 17 жилийн судалгаа, инновац, инженерийн ажлын үр дүнд сансрын аяллын шинэ салбар хүн төрөлхтөнд хорвоо ертөнцийг нээж өгөх гэж байна” хэмээн онцолжээ.

l l l

БНХАУ-ын дарга Си Жиньпин дэлхийн удирдагчдын дундах цахим уулзалтад оролцож, нээлтийн үг хэлэхээр болжээ. Энэхүү уулзалтыг Хятадын Коммунист нам (ХКН)-ын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй орны эрх баригч нам, эвслийн 500 орчим удирдагчид оролцохоор болсон талаар ХКН-ын Төв хорооны Олон улсын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ху Жаоминь мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ нь дэлхийн бусад орны удирдагчидтай туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой” гэв.

l l l

Филиппины нисэх хүчний С-130 онгоц өнгөрсөн ням гаригт Сулу мужийн Холо аралд газардах гэж байгаад осолджээ. Үүний улмаас 50 орчим хүн амиа алдаж, мөн тооны хүн бэртсэн талаар тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Э.Аревало мэдэгдэв. Аврах багийнхан ослын газарт хүрэлцэн очиж, хэдэн арван хүнийг аварчээ. Осол гарах үед онгоцонд 96 хүн зорчиж байсны дийлэнх нь цэргийн анхан шатны сургуулилтад хамрагдсан цэргийн албан хаагчид аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР