Categories
мэдээ нийгэм

12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд иргэдээс нийт 333 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 50 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллав.

Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 28-ны өдөр I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажууллаа. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа.

Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын гишүүд бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “30 жилийн түүхтэй Ардчилсан нам бэхжин хөгжих нь Монголын улс төрийн төлөвшилд хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэдгийг онцолсон юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарт ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Энхболд: Эрүүл мэндийн ажилтнуудад олгох 2 сая төгрөгийг хоёр хувааж олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цар тахлын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Цар тахлын хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Тус хуулийн үйлчлэлийг он дуустал сунгах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газар улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Мөн цалин хөлсийг нь 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Яг адилхан хүнд нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдын асуудлыг шийдэх боломж байгаагүй юу. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан зүйл байгаа юу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын хүмүүст урамшуулал олгох шийдвэр гарсан. Улаан бүсэд ажиллаж буй 13000 гаруй хүн бий. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн 2 сая төгрөгийн урамшууллыг долоо, наймдугаар сард хоёр хувааж олгоно.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв

Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна.

Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган, 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Ийн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 500-600 автобусыг шинэчилнэ

НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа.

Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто зам, гүүрэн гарц, гэрлэн дохио, авто замын ухаалаг систем, камержуулалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Тиймээс эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийн зорчилтыг өдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Түгжрэлээс үүссэн хохирол нэг жилд 947 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд зарцуулж байна гэсэн мэдээлэл бий. Үүнээс 116 сая ам.доллар нь зөвхөн түгжрэлээс үүдсэн шатахууны шаталтад зарцуулагдаж байгаа аж. Авто замын сүлжээг сайжруулсан ч авто зогсоол дутмаг байдгаас жолооч нар зогсоол хайж дунджаар 26 минут зарцуулж байна. Иймээс ил, далд, давхар зогсоолыг 5000-аар нэмэгдүүлж, төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг хэллээ. LRT явах чиглэлийг Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг, Сонгинохайрхан дүүргээс Баянзүрх дүүрэг гэсэн гурван чиглэлд төлөвлөж байгааг мөн танилцуулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ улс-төр

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.29) 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

No description available.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хийв. Тэрээр, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дахин найруулж, 9.2 дахь хэсэгт Кино урлагийн зөвлөлийн хараат бусаар ажиллах зарчмыг, 9.3-т уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахаар тусгасан. Холбогдох журмын дагуу мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн иргэнийг зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэдэг агуулгаар цаашид Засгийн газар журмаар зохицуулаад явах болсон. Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан “хүртэлх” гэдгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой. Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Засгийн газарт даалгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулж байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, төслийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан Кино урлагийн зөвлөлийн гишүүн, уран бүтээлчийг ямар шалгуураар хэн сонгох талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын, бусад гишүүд нь кино үйллдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэрэгшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг нэр дэвшүүлнэ. Албан тушаалтан, иргэнийг Зөвлөлийн гишүүнээр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Энэ хугацааг нэг удаа сунгаж болно гэсэн танилцуулга хийв.

No description available.Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу /гүйцээн боловсруулах/ Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тусгаж, санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 9 дүгээр зүйлд заасан “… Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэснийг “… Засгийн газрын гишүүн батламжилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг 76,5 хувиар саналаар дэмжигдэв. Түүнчлэн, “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая гэсэн горимын санал хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувийн саналаар дэмжигдсэн. Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.

No description available.Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, өнөөдөр Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, Боловсролын индексээрээ 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59-д орж байна. 2018 онд хийгдсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ илтгэж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлагдаж, хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын үргэлжлэл болон Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус дэвшүүлсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар дэлхий нийтийн ирэх 15 жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон “Эх дэлхийгээ эрс шинэчилье-Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрөөр 2030 он гэхэд боловсролын бүх түвшинд тэгш хамруулсан чанартай боловсрол олгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих зорилгыг боловсролын салбарт дэвшүүлсэн.

Иймд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтыг биелүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн чиг хандлагад тулгуурлан хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр тодорхойлох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, улс орны хөгжлийн ирээдүй, өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, цаашдын төлөв байдалд нийцүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаадлага үүсэн гэж үзэж байна гэв. Үргэлжлүүлэн боловсролын агуулга, сургалтын хөтөлбөр, стандарт, Боловсролын байгууллага, бүтэц, Боловсролын удидлагын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх чиг үүрэг болон Боловсролын эдийн засаг, санхүүжилтийн хүрээний талаар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Н.Учрал, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх эсэх, алслагдсан сум, сууринд боловсон хүчин дутмаг байдаг, үүнд хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын талаар, мөн англи хэл үндсэн гадаад хэл байна гэж тусгагдсан талаар тодруулав. Түүнчлэн үндэстний цөөнхийн бүлэгт олгох боловсролын талаарх зохицуулалтыг асууж байв. Сайд Л.Энх-Амгалан суурь санхүүжилт болон хувьсах зардлын хувьд ажлын хэсгээс үр дүнд суурилсан санхүүжилт гэж оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр багшийн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг байх боломжтой. Англи хэлний хувьд, байгалийн шинжлэх ухаан зэрэг зарим хичээлийг англи хэл дээр үзэх зохицуулалтыг тусгасан. Үндэстний цөөнхийн бүлгийн сургуулийн өмнөх болон бага боловсролыг эх хэлээр олгож болно гэсэн зохицуулалтыг тус тус тусгасан гэсэн тайлбар хийв.

No description available.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээс өмнө бүх нийтийн оролцоог хамруулсан хэлэлцүүлгийг дахин зохион байгуулна гэв. Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Төсвийн орлого 97.2 хувь, зарлага 84.5 хувьтай гарсан

Төсвийн тодотгол болон бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл хийж байна.

Сайд Б.Жавхлан зүүмээр холбогдож мэдээл өгч буй юм.

Тэрээр “Энэ онд эдийн засгийн өсөлт V хэлбэртэй ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт гэхдээ хангалттай биш байна. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна.

Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2 хувь, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. “Оюу толгой”-гоос нэг их наядын орлого орж ирсэн.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна.

Төсвийн тодотголд баримтлах зарчим:

Гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах

Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж худаллдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орох тул, ноосолсон мал осгох эрсдэл үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж байна.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 29-ний 20 цагаас 06 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-р сарын 1, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд нутгийн зарим газраар бороо, аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 38 Эрүүл мэндийн байгууллагад 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр батлагдан гарсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу санхүүжүүлэх ажлыг ЭМДЕГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэхдээ (КОВИД-19)-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг хянасны үндсэн дээр санхүүжилтийг олгодог.

Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо.

4.2 тэрбум төгрөг буюу 91.3 хувь нь 8 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хувиарлагдсан.

Өнөөдрийн байдлаар тавдугаар сарын 11-нээс зургадугаар сарын 15-ны хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гүйцэтгэлийн нэхэмжлэлээ ирүүлсэн тохиолдолд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байна.

Иймд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд invoice@emd.gov.mn хаягаар гүйцэтгэлийн нэхэмжлэл болон санхүүгийн анхан шатны баримтаа цаг тухайд нь ирүүлж, санхүүжилтээ авч байхыг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 74 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1457, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 74, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 77, хүний биед халдсан 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 111, эрүүлжүүлэх байранд хоносон 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.