Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ойрын хугацаанд нийслэл болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 7-8-нд нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас нийт 23 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас хоёр өдрийн турш мэргэжлийн байгууллагуудтай хамтран, үүссэн нөхцөл байдалтай холбоотой хор уршгийг арилгах, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авч ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлийг жил болгон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд дээр дурдсан гол дагуу завьт эргүүлийг гарган, ажиллаж байна. Энэ сарын 10-наас хойш нийт 52 автомашиныг голын бүсээс гаргасан. Мөн голын усанд суусан таван автомашиныг татаж гарган, таван иргэний амь аварлаа. Энэ хугацаанд голын усанд осолдсон хүн байхгүй. Бид эргүүл, хяналт, шалгалтынхаа ажлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран, өдөр бүр долоон чиглэлд хийж байна.

Дулааны улиралд бороо их ороход гэр хороолол болоод голын эрэг дагуу буусан айлууд усанд автах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны зоорийн давхруудад ус орох зэргээр аюултай нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай. Гэр орон, хашаа, байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоод Орон сууцны хороолол дахь ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн, шилжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй. Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үерийн аюултай бүсэд буусан айл, аж ахуй нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид үерийн аюултай бүсэд буусан өрхүүдэд нүүх албан шаардлага бүхий мэдэгдлийг хүргэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт үерийн аюултай бүсэд болон гол дагуу буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ.

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд дуудлага мэдээлэл харьцангуй бага байсан. Түрүүн хэлсэнчлэн, зургадугаар сарын 7-8-ны хооронд тасралтгүй орсон борооны улмаас Дунд гол, Туул гол, Сэлбэ голын усны түвшин маш их нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан зарим гүүр болоод замыг сэтлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай хийсэн. Мөн усны түвшнийг багасгах, иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг Геодези, усны барилга, байгууламжийн газар тогтмол цэвэрлэж байгаа. Гэхдээ их хэмжээний бороо орсон тохиолдолд усыг нэвтрүүлэх хүчин чадал нь бага байдаг. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа гаргаж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах, инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Spice Girls” эргэн нэгдэж шинэ дуу гаргана

90-ээд оны охидын “Spice Girls” хамтлаг 25 жилийнхээ ойг тохиолдуулан “Wannabe25” EP цомгоо гаргахаар болжээ. Цомогт өмнө нь цацагдаагүй байсан “Feed Your Love” дуу багтсан ба уг дуунд хамтлагийн вокал дуучид болох Жери Холлиуэлл, Мелани Си, Эмма Бантон, Мелани Браун нараас гадна Виктория Бекхэм вокал дуулснаараа онцлог юм. “Feed Your Love” дууны үг, аяыг Spice Girls хамтлагийн гишүүд болон Ричард Стэннард нар бичжээ. Тэдний шинэхэн цомог нь энэ жилийн долдугаар сарын 9-ны өдөр стриминг тавцангуудаар цацагдаж тухайн сарынхаа 23-ны өдөр касет, пянз хэлбэрээр худалдаанд гарах юм.

Бас нэгэн сэтгэл догдлуулсан эргэн нэгдэл: Spice Girls шинэ дуу гаргана

Эргэн сануулахад, “Spice Girls” хамтлаг 1994 онд үүсгэн байгуулагдаж 1996 онд “Wannabe” дуугаа гаргаснаар дэлхийд танигдаж чадсан билээ. Харин удалгүй хамтлагийн гишүүд соло уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан ч хэн нь ч дорвитой амжилт гаргаж чадаагүй юм. Тиймээс 2007 онд “Spice Girls” эргэн нэгдсэн ба төд удалгүй тарсан билээ. Гэсэн ч 2019 онд Виктория Бекхэмээс бусад гишүүд хуучны дуунуудаа дуулан Европын улсуудаар аялан тоглолтоо хийсэн байдаг. Харин хамтлагийн бүх гишүүд оролцсон шинэ дууг шүтэн бишрэгчид нь сонсоогүй өдгөө 14 жилийн нүүрийг үзээд байсан юм.

The Spice Girls plan “25th-anniversary world tour” for 2021 - Montreal Rocks

The legendary Spice World tour bus is becoming a museum | A.Side

SPICE UP YOUR LIFE: The Spice Girls' Underrated Solo Singles - CelebMix

Spice Girls 1996 Portrait Poster 24x34 – BananaRoad

Spice Girls (@spicegirls) | Twitter


Categories
гадаад мэдээ

Хятадын Яньтань боомтыг хэсэгчлэн хаагаад байна

Хятадын Шэньчжэн хотын Яньтань боомтыг хэсэгчилж хааснаас болж дэлхийн чингэлэг тээвэрт хүндрэл учрах аюул эрсдэл нүүрлээд байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн 3 дугаар сард Суэцийн сувгийг Эвер Гивен далайн тээврийн онгоц хааснаас ч ноцтой хохирол учирч болзошгүй хэмээн болгоомжлуулж байна.

Боомтыг хэсэгчлэн хаах болсон нь Гуандун мужид коронавирусний халдвар тархсантай холбоотой юм. Хүндрэл дан ганц Яньтань боомтод төдийгүй дэлхийд 3 болон 5-д бичигддэг Шэньчжэний Шэкоу, Гуанжугийн Наньша терминалуудад үүсээд байгаа аж. Шэньчжэний боомтын захад болон тус боомтод асар их хэмжээний ачаа бүхий чингэлгүүд овоорчхоод байгаа юм. Тодорхой хэсгийг нь Наньшу, Шэкоу, Хонконгийн боомтууд илгээж байгаа ч хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм байна.

Чингэлэгт ачаануудыг буулгаж дахин ачих үйл явц 7 хоногоор саатаж байгаагаас чингэлэг тээвэрлэлтийн хугацаа 15-16 хоногоор сунаж байгаа юм байна. Зарим тээвэрлэгч хөлөг онгоцнууд 7 хоногоор саатаж байгаагаас болж Наньша боомтод л гэхэд бөглөрөл үүсчээ. Мэргэжилтнүүд энэ нөхцөл байдал энэ зуны эцэс, ирэх намрын эхээр тогтворжихоор байгаа ч ахиад 2-3 улирал дараалж чингэлэг тээвэрлэлтэд саатал гарна гэж болгоомжлуулж байна.

Мөн энэ саатлаас болж чингэлэг тээвэрлэлтийн үнэ эрс өсч байгааг ч анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Нямдорж: Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 150 мянган ширхэг медаль бүтээнэ

Медаль бүтээх тогтоолын төслийг танилцуулж Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөлд 150 мянган ширхэг медаль бүтээхээр төлөвлөсөн. Медалийн зардал нь 2021 оны төсөвт суусан. 90 жилийн ойгоор 100 мянган ширхэг медаль хэвлэж байсан” гэв

УИХ-ын гишүүд олонхын саналаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Их Монгол Улс байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлдлээ. Хэдийгээр коронавирусийн цар тахалтай байгаа ч бөхчүүд хэдийнэ наадмын бэлтгэлдээ гарчээ. Наадамтай холбоотой гурван хувилбарыг ярьсан. Эхнийх нь наадмыг товлосон хугацаандаа үзэгчгүй зохион байгуулах. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэл, наадмыг зохион байгуулах хороонд ажиллах хүмүүсийн тоог хязгаарлах тухай ярьж буй бололтой. Харин хоёр дахь нь наадмыг ирэх найм, эсвэл есдүгээр сар хүртэл хойшлуулах хувилбар. Тэгвэл гурав дахь нь 100 жилийн ойг бүрмөсөн цуцалж, 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатгах. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох хүмүүст чиглэл өгчээ. Ингэхдээ энэ жилийн аймаг, сумдын наадмыг бүрмөсөн цуцалж, Ардын хувьсгалын баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Монголчуудын хувьд наадам зохион байгуулах тал дээр хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь наадмаа хойшлуулаад ч хамаагүй зохион байгуулахыг хүсэж байгаа. Учир нь, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойтой бөгөөд 1024 бөх барилдана. Тэгвэл нөгөө хэсэг нь наадмыг бүрмөсөн цуцалж, төсөвлөсөн мөнгийг коронавирустэй тэмцэхэд зарцуулахыг уриалж буй. Ямартай ч улсын наадам үзэгчгүй болох нь тодорхой боллоо. Тиймээс бөх сонирхогчдын улсын цол аваасай гэж хүсдэг бөхчүүдээс заримыг нь онцолж хүргэе.

“Дэлтэй болгон уралдсан ч айраг амсаагүй наадам, дээлтэй бүхэн барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий. Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд өнгөрсөн жилийн наадмаас хойш хэн өнөөдрийг хүртэл формоо хадгалж, наадмын өмнө хэн гэдэг бөх бэлтгэлээ тааруулж чадсаныг бид 100 жилийн ойгоор харна. Энэ жилийн баяр наадамд аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан А.Отгонбаатар, Дархан-­Уулын С.Ерөөлт, Баян-Өлгийн хурц арслан У.Берекэ, Төв аймгийн Э.Ууганбаяр нарын бөхчүүдийг улсын цол хүртэж олон түмнээ баярлуулаасай хэмээн хүсэж буй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд аймгийн цолтнуудын барилдааны арга барил, ур чадвар эрс сайжирсан тул улсын цол авах магадлалтай залуухан арслангууд олон байна. Ингээд таамаглалаа хүргэе.
Аймгийн арслан А.Отгонбаатар
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тэрбээр 2007 онд аймгийнхаа баяр наадамд долоо даван түрүүлснээс хойш бөх сонирхогчдын анхаарлыг татах болсон. Дэвээ шаваа, бөхийн ёс жудаг, биеэ авч яваа байдал гээд олон талаараа бөх сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн тэрбээр өдгөө 38 настай. Төрөлх аймгийнхаа наадамд түрүүлснийхээ дараа жил нь буюу 2008 оны наадамд улсын наадамд зодоглохдоо дөрөв давж, тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон байдаг. Тухайн жилийн наадмын гурвын даваанд улсын начин М.Цанлиг, дөрвийн даваанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын Архангай аймгийн бөхчүүдийг дараалан хаясан билээ. Улмаар 2011 онд Улсын баяр наадмын тавын даваанд улсын начин Б.Сангисүрэнд (тухайн үед аймгийн арслан цолтой байсан), 2016 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамбад (тухайн үед улсын заан цолтой байсан) тахим буулгаж байв. Харин сүүлийн дөрвөн жилийн наадамд нэг, хоёр, гурвын даваанд унажээ. Тэр өнөө цагт барилдаж буй аймгийн арслангуудаас хамгийн олон удаа улсын наадмын начны даваанд тулж ирсэн бөх юм.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумаас сайн бөх гарч ирсэн ч аймгийн хурц арслан Э.Ууганбаяр юм. 2016, 2018 онд Төв аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлсэн тэрбээр улсын цолтны тааварт зүй ёсоор багтаж байна. Заалны барилдаанд хэд хэдэн удаа түрүү үзүүр, их шөвөгт шалгарч байсан түүний эр заяа буян нь ивээвэл төрийн наадмын түрүү, үзүүр рүү ч дайрч магадгүй, хэн мэдлээ. Түүний хувьд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар гурав давж, дөрвийн даваанд улсын начин Б.Амарзаяад өвдөг шороодож байв. Арал, бяр, чац гээд түүнд давуу тал олон бий. Бяр, бяд хоёр эн тэнцүүхэн өдрөөс чангарч байгаагаас аварга, арслангууд ч түүнийг амлахаас жийрхдэг шиг байгаа юм.
Аймгийн хурц арслан У.Береке
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан У.Береке тун уран барилдаантай нэгэн. Түүнийг бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байгаа. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотноо зохион байгуулсан “Алтан бүс 2019” барилдаанд амжилттай барилдаж шилдэг 32-т шалгарч байлаа. Заал, танхим, бүх цэргийн наадамд тогтмол амжилттай барилддаг. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уян биетэй, унаа холтой, улсын цолонд ойрхон бөх гэдэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор тав, зургаа даваад туг тойрч явахыг үгүйсгэхгүй.
Аймгийн хурц арслан О.Гантулга
Уран барилдаант арслан А.Отгонбаатарын хамт олон жил начин цолтны тааварт яваа төлөв даруу бөх. Увс аймгийн Малчин сумын харьяат тэрбээр 2008 онд анх аймгийн начин болсон бөгөөд түүнээс хойш гурван жилийн дараа Ховд аймгийн баяр наадамд ес даван түрүүлж хурц арслан болсон юм. Аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаг шилдэг арслан.
Аймгийн арслан С.Ерөөлт
Дархан-Уул аймгийнхаа наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн хүчит арслан С.Ерөөлтийг улсын цолонд хүрээсэй гэж хүсдэг хүн олон. Аймгийн цолтнуудаа төлөөлж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд багтсан түүнийг дэндүү шударга нэгэн гэлцдэг. ШШГЕГ-ын харьяа “Төр хурах” амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж буй түүнийг улсын цолонд хүрэхэд гайхахгүй нь лавтай. Жудаг төгөлдөр тэрбээр үндэсний бөхийн хөгжилд саад тотгор болж буй допинг, найраа, шударга бус байдлын эсрэг тэмцэж, үргэлж тэргүүн эгнээнд дуу хоолойгоо хүргэдэг нэгэн. Улсын наадмын торгон ногоон дэвжээнд 10 гаруй жил барилдахдаа тогтмол хоёр, гурав давж байсан амжилттай.
Аймгийн арслан Э.Сумъяабат
Бөх сонирхогчдын анхаарлын төвд багтсан шилдэг арслангуудын нэг нь Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяат юм. 2018 онд Булган аймгийнхаа баяр наадамд найм даван түрүүлжээ. Тэгвэл Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор улсын наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад, 99 жилийн ойгоор мөн л гурав давж, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон юм. Гэвч улсын арслан Р.Пүрэвдагваас допинг илэрсэн учраас аймгийн арслан Э.Сумъяабатыг дөрөв давсанд тооцох учиртай. Тэрбээр сумын заан цолтой байхдаа улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо хоёр давж явсан нэгэн. Булганы Э.Сумьяабат бариа зөрөөн дээр юу ч хийж магадгүй бөгөөд хурдан шаламгай барилдаанаараа тав давахыг хэн ч байг гэхгүй л болов уу.
Аймгийн арслан Б.Тайван
Ховд аймгийн Дарви сумын харьяат тэрбээр 2011 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрч, аймгийн харцага цол авсан. 2014 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Бат-Өлзийгөөр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Б.Тайван арслан 2019 оны наадмын тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбад, 2018 оны наадмын дөрвийн даваанд улсын заан Н.Түвшинбаярт өвдөг шорооджээ. Гэвч энэ жил түүнд олон хүн найдлага тавьж байгаа.
Аймгийн арслан Б.Отгонбаатар
Засагт ханы хөх харчуудаас энэ жил Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар улсын цолны босго давах магадлалтай. Түүний хувьд өнгөрсөн жилийн баяр наадмын дөрвийн даваанд улсын начин Л.Лха-Очирт өвдөг шороодсон юм.
Цэргийн арслан Г.Жамбалдорж
2018 онд Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн. Харин өнгөрсөн жилийн баяр наадмын тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатартай тунаж өвдөг шорооджээ.
Аймгийн заан М.Лхагвагэрэл
Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг түүнийг улсын цолонд ойрхон бөхийн тааварт зүй ёсоор багтаах ёстой. Чөлөөт бөхөөр тив, дэлхий, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа тэрбээр уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхааралд орсон бөгөөд начин цол хүртэхэд хэн ч гайхахгүй. Гэхдээ энэ жил Японы нийслэл Токио хотод зуны спортын XXXII наадам болно. Түүний хувьд чөлөөт бөхийн 125 кг-ын жинд олимпын эрх авсан бөгөөд хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпод оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд багтсан. Тиймээс олимпоос наана бэртэл гэмтлээс холуур байх ёстой. Тэр ч утгаараа Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд зодоглохгүй байж мэднэ. Шигшээ багийн хамтаар олимпын бэлтгэлд гарсан аймгийн заан М.Лхагвагэрэл тэсрэлттэй барилдаанаараа хэд ч давж магадгүй юм.
эх сурвалж: “Моголын үнэн” сонин
Categories
мэдээ нийгэм

16-17 насныхныг “Файзер” вакцинд хамруулах цэгүүд

Эрүүл мэндийн яамнаас 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах цэгийн байршлыг танилцуулж байна. Эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж, 16-17 насны хүүхдээ “Файзер” вакцинд хамруулах боломжтой. Ингэхдээ гадаадын улс орон руу суралцахаар явах гэж буй болон элсэлтийн шалгалт өгөх хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол вакцинд хамруулах боломжтой аж.

Хүүхдүүдийг дархлаажуулах “Файзер” вакцины тухайд халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүдэд дархлаа тогтоох үр дүн 100 хувь байна гэж АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Энэ вакцины давуу тал нь вирусийн дамжих эрсдэлийг саармагжуулж, бууруулах өндөр чадвартайг судалгаагаар тогтоогоод буй.
Categories
мэдээ нийгэм

Цөлжилт Монгол орны хээрийн бүс рүү түрж орсон

Жил бүрийн зургадугаар сарын 17-нд “Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас зарласан байдаг.

Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог.

Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг 5 жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд буюу тав дахь удаагийн үнэлгээг 2020 онд хийсэн байна. Тус судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоосон. Иймээс цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээж ажлыг эрчимжүүлээд байна.

2021 онд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймагт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийж эхлүүлсэн. Мөн ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн судалгааг НҮБ-аас гаргаж Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш гэдгийг анхааруулж Улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 195 улс орон нэгдсэн байдаг.

Манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталж эхний 50 улсын нэг болжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

“Бүх цэргийн наадмыг VI сарын 30-наас VII сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ дахин гаргана”

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст гаргана хэмээн мэдээлэв.

Уг мэдээлэлд,

“Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “… 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана…” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “…Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй…” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Цар тахлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг хэн хянаж, хэрхэн хөрсөн дээр буулгах вэ?

Төр засгаас эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүйн үүднээс цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж “Ажлын байрыг дэмжих зээл” буюу 3 хувийн хүүтэй зээлийг олгож буй. Зээлийг арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгож байгаа. Тэгвэл тавдугаар сарын сүүлийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд нэг их наяд төгрөг олгосон талаар Монголбанкнаас мэдээлсэн. Үүнээс 60 хувь нь аж ахуйн нэгжид, 40 хувь нь иргэнд очсон байна. Товчхондоо үүгээр 47 мянга гаруй ажлын байрыг авч үлдэхэд дэмжлэг болсон гэж байгаа. Тэгвэл эдийн засгийг сэргээхээр төрөөс бодлогоор олгож буй 3 хувийн зээл яг хэрэгтэй хүндээ, хэрэгтэй газартаа очиж чадаж байна уу гэдэг асуудал үүсэх боллоо. Арилжааны банкууд шаардлага хангахгүй нэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг хаалга мөргүүлж зөрүүлээд хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ оруулж зээл өгч байна. Харин арын хаалганы нөхдүүд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй учраас бага хүүтэй зээлийг байр, машин авахад зарцуулж, улмаар эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдөл бий болгож байна гэсэн хардлага нийгмийн дунд төрөөд байна. Арга ч үгүй биз. шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ өнгөрсөн намар 1.6 сая байсан бол байршлаас үл хамаарч дунджаар 2.5 сая хүрчихсэн байна. Хуучин орон сууцны метр квадратын үнийг захын нэг зар руу залгаад асуухад 1.8-2 сая төгрөгийн үнэтэй байна. Үнэ ханш нэмэгдээгүй салбар гэж ч байхгүй болж. Иргэдийн гол хэрэглээ болсон хүнсний үнэ бүр ярих юмгүй талийж өгсөн. Нэг хөл хорионоос гарахад л 1000, 2000 төгрөгөөр нэмэгдсээр байдаг зуршилтай болсон. Нэг уут нарийн боов дунджаар 3000 гэдэг байсан бол одоо захын дэлгүүрт 4500 болж. Бидний өдөр тутмын хэрэглээ болох өндөгний үнэ 250-280 төгрөг байсан бол хэл ам хийж байж 450 төгрөг дээр авч үлдсэн. Сүүлийн үед автомашины үнэ мөн тэнгэрт хадаж. Хэдийгээр жил бүрийн наадмын үеэр ченжүүд эрэлтэд дөрөөлж үнээ өсгөдөг ч энэ жил хил гаалийн асуудлаас болж байгаа хэдээ ахиу үнээр зарах сонирхолтой болсон байгааг иргэд ярьж байна.

Тиймээс бид 3 хувийн зээлтэй холбоотой асуудал болон нийгэмд үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар салбарын төлөөллүүдтэй холбогдож тодрууллаа.


Ч.БАТБОЛД: БАНКНЫ ШААРДЛАГААС БОЛЖ 3 ХУВИЙН ЗЭЭЛД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХҮРТЭЭМЖТЭЙ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Зарим нь авч байгаа гэх боловч “Ажлын байрыг дэмжих” 3 хувийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд эх үүсвэргүй хэмээн авахгүй зогсоосон бололтой. Энэ талаар Монголын жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын холбооны гүйцэтгэх захирал Ч.Батболдоос тодрууллаа.


-Ажлын байрыг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн зээлд аж ахуйн нэгжүүд хүртээмжтэй хам-рагдаж чадаж байна уу?

-Манайх шиг банкны өндөр хувийн хүүтэй зах зээлд 3 хувийн хүүтэй зээл гарч ирж байдаг гэдэг нэг талаас давуу тал, өгөөжтэй. гэвч зээлд хамрагдах хүрээ болоод эх үүсвэрийн нөөц бага. Хоёр их наядаар батлагдаад сүүлд эх үүсвэр нэмэгдээд гурван их наяд болсон л доо. Бид албаны хүмүүстэй багагүй уулзаж, явж үзсэн. Банкны шалгуур өмнө нь ч, одоо ч өндөр байна. Хэдийгээр ковид буюу гадны зүйлээс хамаараад үйл ажиллагаа нь зогсонги байгаа бүх жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ зээлд хүсэлт өгч байгаа боловч бүгд хамрагдаж чадахгүй байна.

-Зээлд хамрагдаж чадахгүй байгаа гол шалтгаан нь банкны шаардлага л байна уу?

-Банкны шаардлагаас хамаарч байна. Үйл ажиллагаанаас хамаараад бизнес эрхлэгчид зээл авч байгаа хэдий ч хүртээмжтэй биш.Банк өөрөө бизнесийн байгууллага учраас найдвартай үйл ажиллагааг үндэслэж зээл олгох нь мэдээж. Банк нэгдүгээрт үл хөдлөх шаарддаг. Манай холбооноос судалгаа хийхэд бидний 90 хувь нь үл хөдлөхийн шаардлагыг хангахгүй байна. Өөрийн нэр дээр үл хөдлөхгүй. Тиймээс бид бизнесийн үйл ажиллагааг нь, төслийг, санаачилгыг нь үнэлээч ээ гэсэн зүйлийг тавьсан. Энэ бол төдийлөн амжилт олоогүй. Хоёрдугаарт, үл хөдлөхийн үнэлгээ бага. Тэгэхээр үл хөдлөхгүй л бол таны бизнес ковидын орлогоос шалтгаалж зогссон байна уу, унасан байна уу хамаагүй л болчихож байгаа юм. Худалдаа наймаа хийдэг наймаачдад түлхүү гарсан нь анзаарагдсан. Барьцаа хөрөнгөтэй, борлуулалтын орлого сайтай байхад хувь хүнд ч гэсэн сайн гарсан байх. Наймаачид бага зэргийн татвар төлөөд бараа авчираад зарчихдаг. Уг үйлдвэрлэл эрхэлдэг нэмүү өртөг шингэсэн газруудад зээл гаргавал жинхэнэ монгол хүндээ цалин нь очоод, татвараа төлөөд, тог усныхаа мөнгийг төлөөд мөнгөний эргэлт нь дотооддоо үлдэх юм.

-Танай холбоонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс дунджаар хэдэн төгрөгийн зээл авч байна вэ?

-Үйл ажиллагаанаасаа хамаараад 100 сая дотор байна. Ингэхдээ 250 сая төгрөгийн зээлийн хүсэлт өгсөн бол 50 сая төгрөг гарч байна. 50 сая төгрөгийн хүсэлт өгөөд 15 сая орчим гарч байна. Би өөрөө үйлдвэрлэл эрхэлдэг, 58 сая төгрөгийн хүсэлт өгөөд 12 сая төгрөгийн зээл авсан. Би эко уут үйлдвэрлэдэг. Миний хувьд хөл хориотой байсан ч үйл ажиллагаа арай зогсчихоогүй. Буяны компанид уут нийлүүлдэг учраас үйл ажиллагаа хэдийгээр тогтвортой биш ч үргэлжилж байсан болохоор зээл гарсан байх. Гэтэл бүтэн зогсчихсон газрууд борлуулалтын орлого бүр байхгүй учраас зээл авах боломжгүй болчихож байгаа юм. Уг нь сайд дарга нарын ярьж байгаа нь ажлын байрыг хадгалж үлдье гэж байгаа. Хэрэгжүүлэгч нь арилжааны банкууд учраас шалгаруулалтаа өөрсдөө хийнэ. Ингэхдээ үл хөдлөхтэй юу, үйл ажиллагаа явагдаж байсан уу гэдэг гол шалгуур тавьчихаад байна. Нөгөө талаас банкууд өөрсдийн харилцагч, зээлийн түүхтэй, найдвартай эргэн төлөлт хийдэг газрууддаа зээлийг шийдэж өгч байна. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч гэж яриад байгаа. Гэтэл бичил, өрхийн үйлдвэрлэлийг бүр хаячихаад байгаа. Өрхийн үйлдвэрлэл хийж байгаа хүмүүст бүр байхгүй. Нэг судалгаа бас бий. Дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв гэж байдаг. Тэнд очиход 10-20 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаа.Эндээс нэг нь ч тэр гурван хувийн хүүтэй зээлийг авч чадаагүй байгаа. Хамгийн дээд үл хөдлөх хөрөнгө нь л хашаа байшин. Гэвч үнэлгээ бага учраас хамрагдах боломжгүй. Ер нь энэ зээл зарлагдахад их хүлээлттэй байсан. Тиймээс олон ч хүн хүсэлт өгсөн байх. Одоо бол хүсэлт авахгүй байгаа.

-Банкууд зээлийн хүсэлтээ авахгүй зогсоосон байна уу?

-Авахгүй байгаа. Дийлэнх нь эх үүсвэргүй гээд авахгүй байгаа. Өмнө зээлийн хүсэлт өгөөд бичиг баримтаа судлуулж байгаа хүмүүс л яваа. Ковидын үед ч авахгүй байсан. Бүр онцолбол дөрөвдүгээр сарын 8-наас сарын хугацаанд бараг хөл хорио тогтоох хугацаанд 600 тэрбумын зээл шийдэгдэж байна гэсэн мэдээллийг Сангийн яам, Монголбанкнаас хийж байсан. Хөл хорио тавигдаад банкинд зээл авахаар хандахад аль хэдийнэ эх үүсвэр дуусчихсан зээлийн хүсэлт авахгүй гэсэн хариу өгч байсан. Томоохон газруудад хөл хорио тогтоосон. Бусад газарт хөл хорио тогтоогоогүй, орон нутагт банкуудын үйл ажиллагаа хэвийн учраас зээл гараад бид бичиг баримт хөөцөлдөөд явж байхад нам зогсчихсон. Магадгүй энэ бизнесийн зээлийг хөл хориотой үед нөөцийг бодолцох хэрэгтэй байсан байх.

М.БАТБААТАР: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДЭХЭД ОРОН СУУЦНЫ МЕТР КВАДРАТЫН ҮНЭ 150-160 МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л ӨСНӨ. ЭНЭ 2.5 САЯ ГАРААД БАЙГАА ҮНЭ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨӨСРӨЛТ

Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодрууллаа.


-Олон улсын зах зээл дээр барилгын материалын үнэ үнэхээр нэмэгдчихээд байна уу. Эсвэл ганц хоёр импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг далимдуулан үнийн зохиомол хөөсрөлт явагдаад байна уу?

-Барилга хот байгуулалтын яам болон Монголын барилгачдын нэгдсэн холбоо хамтран хоёр, гурван сарын өмнөөс судалгаа хийхэд цар тахалтай холбоотойгоор импортын бараа бүтээгдэ-хүүний тээвэрлэлт тасалдаж, удааширснаас үүдэж гол нэрийн цөөхөн бараа материалын үнэ нэмэгдэхээр байсан. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэгддэггүй арматур төмөр, зарим сан техник, цахилгааны материалын үнэ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байсан. Одоогоор гадаад зах зээл дээр арматурын төмрийн үнэ л нэлээд нэмэгдсэн. Бусад барааны үнэ тогтвортой байгаа. Ганцхан татан авалт л гацсаныг далимдуулаад ихэнх барилгын бараа материалын үнэ нэмэгдчихлээ.

-Үнийн хөөсрөлтэй холбоотойгоор танай холбооны зүгээс болон холбогдох байгууллагууд ямар нэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юу?

-Үүнтэй холбоотойгоор хоёр сарын өмнө БХБЯ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Засгийн газарт асуудал тавьсан. Ялангуяа гангийн арматурын хил гаалийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Ингэвэл арматурын үнийн өсөлтийг тодорхой түвшинд барьж болохоор байгаа. Гэвч энэхүү ажлыг Сангийн яамд даалгасан боловч ямар нэг тодорхой шийдвэр гараагүй байна.Арматурын үнэ тонн нь гурван сая төгрөг гараад явчихсан. Бусад барилгын материалын үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Дөнгөж сая манай холбооноос Засгийн газарт албан бичиг явууллаа. Далимдуулж үнийн хөөрөгдөлд оруулж байгаа явдал байна. Өнгөрсөн жил арматурын үнэ бага байхад худалдан авалт хийгээд ашиглаад орон сууцны карказыг босгочихсон, үнэ хямд байхад нь цементээ аваад аль хэдийнэ заслаа хийгээд эхэлчихсэн орон сууцны үнээ метр квадратыг нь хоёр сая төгрөг гаргаад нэмж байна. Энэ бол шударга бус явдал.2019 оноос эхлээд Засгийн газраас ард түмнээ орон сууцжуулах, ялангуяа гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаар болон хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр санаачилсан. Үүний дотор орлогод нийцсэн орон сууц, Түрээсийн орон сууц гээд хэд хэдэн төслүүдийг хамруулж батлаад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газраас гол зорилго нь төрийн оролцоотой орон сууцны төсөл хэрэгжүүлье гэсэн зорилгоор тогтоол шийдвэр гарсан. Аль болох боломжит хямд үнээр. Манай холбооны зүгээс эмзэглэж байгаа зүйл бол тэр зорилтоос нь хазайлгаад түр зуурын тээврийн саатал, гадаад зах зээлд зөвхөн арматурын үнэ нэмэгдсэнийг далимдуулаад үнийн хөөсрөлт болгож орон сууцны метр квадратын үнийг 2.5 сая төгрөг болгох гэсэн санаархал бий болчихоод байна. Ийм зорилготой бүхэл бүтэн бүлэг, зарим мэргэжлийн холбоодууд хүртэл ажиллаж байна.Дуртай нь хөрөнгө оруулж, дуртай үнээрээ зардаг механизмыг дахин сэдрээж ерөөсөө болохгүй. Ялангуяа гэр хороололд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт. Махны үнийг 2000, 3000 төгрөгөөр нэмчихээд Засгийн газраас шаардахаар 1000 төгрөгөөр л буулгадаг яг энэ байдал орон сууцны үнэ дээр харагдаад байна. Метр квавратын дундаж үнийг 2.5 сая төгрөг болгочихоод Засгийн газраас болохоо байлаа гэхээр за тэгвэл тохиръё гээд буулгахдаа 2.2 сая төгрөг болгоно. Ямар ч байсан хоёр сая төгрөгөөс дээш тогтоож авах гээд зориуд үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа нь харагдаж байна.Энэ бол ямар ч үндэслэлгүй хөөсрөлт.

-Арматурын үнэ нэмэгдсэн тохиолдолд орон сууцны үнэ тэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн нарийн тооцоолол гаргадаг уу?

-Бид арматурын болон зарим нэр төрлийн бараа материалын үнэ нэмэгдэх үед урьдчилсан тооцоо буюу үнийн шинжилгээ хийж үзсэн. Арматурын үнэ тонн нь 3.7 сая гээд, бас бус материалын бага зэргийн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны метр квадратын үнэ 150-160 мянган төгрөгөөр л өсөх тооцоолол гарсан. Тэгэхээр метр квадрат нь 1.4 сая байсан бол үсрээд л 1.6 сая болох юм. Энэ бол бодит үнийн нэмэгдэл. Гэтэл шууд 1.4 саяаас 2.0, 2.5 сая төгрөг болгочихож байгаа байхгүй юу. Тэгээд бүр орон сууцны үнэ цаашдаа 2.5 саяас буухгүй гэж зарим хүмүүс зурагтаар ярьж харагдсан. Ингэж зориудаар турхирч болохгүй.

-Тэгэхээр бид даруй л арматураа өөрсдөө үйлд-вэрлэхэд анхаарах хэрэгтэй боллоо. үгүй бол арматураас үүдсэн үнийн хөөрөгдөл үргэлжлэх болов уу?

-Ерөөсөө л тэр. Арматурын үнэ энэ жилдээ нэмэгдэх нөхцөл байдал яалт ч үгүй бий болчихлоо. Дарханы гангын үйлдвэрийн будлианыг гаргаад хүдрийнхээ эзэмшлийг тогтоогоод, Гангийн үйлдвэрээ ондоо багтаагаад ашиглалтад оруулчихвал ирэх жил буцаад орон сууцны1м.кв үнэ 1.4-1.6 сая дээрээ буух боломжтой.

-Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийг хөрсөн дээр буулгахын тулд нэн түрүүн ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас л энэ орон сууцны зах зээлд үүсээд буй үнийн хөөрөгдлийг шалгаж хяналт хийх хэрэгтэй шүү дээ. Мах, хүнсний бараа гээд бүх л үнийн хөөрөгдлийг шалгах нь тус байгууллагын гол ажил. Өнгөрсөн жил үнэ хямд байхад барилга угсралтаа хийчихсэн барилгын үнийг нэг хянах хэрэгтэй. Нөгөө нь өндөр үнээр арматур авсан ч метр квадрат нь 150 мянгаар нэмэгдэхээр байхад шууд сая төгрөгөөр нэмчихсэн газруудыг мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийлгэх хэрэгтэй.Үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн энэ байдлыг цөөн тооны барилгын хөрөнгө оруулагчид л хийж байгаа. Барилгын хөрөнгө оруулалттай холбоотой төслөөр банкнаас зээл аваад тэрийгээ энэ мэтчилэн барилгын салбараас гурав, дөрөв нугалж хөрөнгөжсөн 10 гаруйхан компани л бий. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар ноднин, өнгөрсөн жил барьчихсан ашиглалтад оруулж чадаагүй 12 мянган айлын орон сууцны 8000 нь огт борлогдоогүй. Тэр борлогдоогүй орон сууцны үнийг буулгаж борлуулах байтал арматурын үнэ өсчихсөн нэрээр дээрх хөрөнгө оруулагч компаниуд үнээ нэмж борлуулах сонирхолтой болчихлоо. Түүнээс нэмж баригдаж байгаа орон сууц тун бага. Харин жирийн барилгын гүйцэтгэгч компаниуд бол өөр юман дээр санаа зовж байна.

-Юунд?

-Өнгөрсөн жил улсаас тен-дер сонгон шалгаруулалтаар гэрээ хийсэн сургууль, эмнэлэг гэх мэт барилгынхаа талыг бариад одоо дуусгах гэхээр арматурын үнэ өсчихөөд гацчихсан барилгын гүйцэтгэгч компани маш олон бий. Төсвийн хөрөнгөөр барилга барьж байгаа учраас үнийн хөөрөгдөл бий болгох боломжгүй. Улсын төсвөөс мөнгийг нь нэмж өгөхгүй. Дээр нь 1.5 саяар арматураа авч байтал одоо 3.7 саяар арматур авахаар болчихоор дунд нь нөгөө барилгын компаниуд шатаад байгаа юм. Хажуугаар нь зөвхөн арматур гэхгүй далимдуулаад бусад бараа материалын үнэ өсчихлөө, бид барилгаа барьж чадахгүй алдагдалд орох нь, ажлаа зогсоохоос арга алга гэсэн барилгачид давхар хохироод сүйд болж байна. Тэгэхээр барилгын салбарт үнэ нэмэгдэж буй байдлыг хоёр талаас харах хэрэгтэй. Хямд барьсан орон сууцаа үнэтэй зарах сонирхолтой нэг хэсэг байгаа бол нөгөө талд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийдэг 2000 орчим гүйцэтгэгч компаниуд хохирч байна. Тиймээс үнийн өсөлтийг Засгийн газраас анхааралдаа авч хэлэлцээч ээ л гэсэн хүсэлтэй байна. Одоо л жаахан дарж авахгүй бол ирэх жил үүнээс ч илүү хөөрөгдөлд хүрэхийг үгүйсгэхгүй. Хөөсөрч байгаад буухдаа хөөрсөн үнэ дээр буудаг. Дахиад үнийг хөөсрүүлэх замаар үнийг үндэслэлгүйгээр нэмсээр байгааг бодлогоор болиулах хэрэгтэй. Засгийн газраас шийдвэр гаргахдаа үнийн хөөсрөлтийг дэвэргэж орон сууцны хөтөлбөр төслүүдийг үндсэн зорилгоос нь хазайлгах гэсэн санаархал байгааг сайтар бодолцох хэрэгтэй байна.

Г.БАТЖАРГАЛ: ТӨР ЗАСАГ ЦААШДАА ЯАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ. ҮҮНЭЭС ҮҮДСЭН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ЭРГЭЛЗЭЭ ҮҮСЭЭД БАЙНА

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Монголбанк Засгийн газрын тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу “Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийг арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Тэгвэл энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэх яриа гараад байгаа. Үүнд банкуудад эдийн засагчдын зүгээс ямар нэг хяналт тавьж байгаа юу?

-Засгийн газраас 3 хувийн зээл анх гарахдаа нийгэмд нэлээд өндөр хүлээлттэй байсан. Тиймээс энэ зээлийг авах хүмүүсийн сонирхол их. Банкинд зээлийн хүсэлт маш их ирж байгаа учраас зээл гарах байдал ч удааширч байна. Хүмүүс юу гэж ярьж байна гэхээр өөрийнхөө хийж буй бизнесийг 3 хувийн зээлийн шаардлагыг хангаж байгаа гэж боддог. Гэтэл банкинд очихоор гол шалгууруудыг давдаггүй. ЗГ-аас тавьсан шалгуураас гадна банк өөрийнхөө эх үүсвэрээр зээл олгож байгаа учраас эрсдэлээ тооцож тодорхой хэмжээний шалгуур тавьдаг. Тэгэхээр шалгуурт хүрэхгүй байгаа хүмүүс энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэсэн ойлголт үүсэх талтай. Хоёрдугаарт, ковидын өвчлөл гэнэт гараад ирчихсэн. Тогтмол үйл ажиллагаатай байгууллагууд үүнээс өмнө зээлээ авдгаа аваад байнгын банктай харьцаад явж байсан. Үндсэндээ байнгын үйл ажиллагаатай газрууд тодорхой хэмжээний шалгуураа хангаад аль хэдийнэ зээлээ аваад, төлөөд явж байдаг. Одоо шинээр зээл олгохдоо нийт эх үүсвэрийнхээ 70 хувийг олгоод, үлдсэн 30 хувийг дахиад санхүүжилт хийгээд явж байна. Дахин санхүүжилт хийхдээ банкууд харьцангуй уян хатан, харилцагчаа мэддэг болчихсон, өмнө өндөр хүүтэй зээл аваад ковидод өртсөн гэсэн газрууддаа хурдан санхүүжилт хийгээд хүүг нь бууруулчихсан байгаа. Харин шинээр зээл авахад яах аргагүй шалгуур тавьж байгаатай холбоотой асуудал байх шиг байна. Үүнтэй холбоотой удаашралт, хүлээлт их байна.

-Гурван хувийн зээлийг танил тал, хамаатан садандаа өгч байна, ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бус хувь иргэн үнэтэй байр, машин захиалж зах зээлд үнийн хөөрөгдлийг бий болгоход нөлөөлж байна гэх яриа ч бий?

-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байр, автомашины үнэд нөлөөлөхүйц хэмжээний зээл банкны системээс гарна гэж байхгүй. Яагаад гэвэл зээл гарахдаа 4-5 таван шат дамжлагатай, Бараг бүх банкнууд зөвхөн төв дээрээ шийдэж байгаа. Тиймээс танил тал, хамаатан садандаа гаргана гэдэг ойлголт байхгүй болов уу. Жишээ нь, салбараар бодоход салбарын эдийн засагч, ахлах, захирал гээд гурван шатны хүн байна. Мөн зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, төв рүү явуулахаар дахиад зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, зээлийн дэд хороо гээд хяналтын системээр дамжина. Банкуудын барьж байгаа өнцөг улсаас хөнгөлөлттэй олгож байгаа зээлийг зорилтот бүлгийн хүмүүст нь олгоно. Баруун, солгойгүй өгөх боломжгүй. Ковидоос үүдэж хүнд байдалд орсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн чиглэлээ л баримталж байгаа гэж ойлгож байгаа. Олон банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас ганц нэг цоорхой байхыг үгүйсгэхгүй л дээ.Гэхдээ энэ зээл зориулалтын бусаар ашиглахдах юм бол Монголбанк хяналт тавьж байгаа учраас арга хэмжээ авч, зээлийг банкны өндөр хүү рүү шууд шилжүүлэх хатуу заалттай. Банк өөрөө асуудалд орох учраас хяналт хатуу байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Арилжааны банкууд гурван хувийн хүү өөрсдөд нь төдийлөн ашиггүй учраас өндөр хүүтэй бусад зээлээ гаргахын тулд аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлтийг авах сонирхолгүй байна гээд байгаа?

-Эх үүсвэрийн хэмжээг Монголбанкнаас хуваарилаад өгчихсөн. Хөтөлбөрт орохдоо банкууд төрөөс явуулж буй уг үйл ажиллагааг дэмжинэ гээд орчихсон учраас эх үүсвэрээ дуустал зээлээ олгоод л явна. Зарим банкууд эхний хагас жилийн эх үүсвэрээ дуусчихсан гэж ч ярьж байсан. Ерөнхийдөө хүү буурч байгаа хэдий ч банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих л ажил.Гурван хувийн зээлийн хөтөлбөрөөс гадна Репо санхүүжилтийн 10.5 хувийн хүүтэй зээл хамт олгогдоод явж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилтот зах зээлд чиглэсэн гурван тэрбум хүртэл олгогдох арай томоохон компаниудад зориулсан зээлийн хөтөлбөр бас хэрэгжиж байгаа. Энэ хоёрыг бас хүмүүс мэдээлэл дутмаг байгаагаас ялгаж салгахгүй нэг зээлийн хөтөлбөр мэт ойлгоод байх шиг байна. Банкны зээлээ зориулалтын бусаар олгоод үнийн хөөрөгдөл үүсгээд байна гэж хүмүүс ярьж байх шиг байна. Мэдээж хардах нь зөв. Гэхдээ тоо баримт харвал мөнгөний нийлүүлэлт 2021 оны нэгдүгээр сараас хойш нэг их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнийг задалбал 400 их наяд төгрөг нь иргэн, байгууллагын харилцах дансны үлдэгдэл өссөн байна. Иргэдийнх нь харилцах дансны үлдэгдэл өссөн үзүүлтэд тэтгэвэрийн зээл аваагүй хүмүүст олгосон сая төгрөг, 300 мянга, 50 мянга зэрэг улсаас өгсөн бусад төрлийн халамж нөлөөлсөн байна. Бага болон дунд орлоготой иргэд тухайн халамжийг шууд худалдан авалт хийж байгаа бол дундаас дээш орлоготой иргэдийн харилцах дансанд хуримтлал үүсээд явж байна. Энэ мөнгөний нийлүүлэлтэд яаж нөлөөлөх вэ гэхээр сая хөл хорио 5 дугаар сард тавигдахад худалдан авалт эрс нэмэгдсэн. Үүнийг дагасан үнийн өсөлт бий болж байгаа юм. Нөгөө талаар Бараа бүтээгдэхүүний үнэ мөнгөний нийлүүлэлтээс гадна тээвэр ложистик гацсантай холбоотойгоор нэмэгдсэн байна. Нэг ачааны машин 3 сая төгрөгөөр тээвэрлэлт хийдэг байсан бол сая 20 сая хүртэл өссөн. Гэхдээ одоо тээвэрлэлтийн үнэ эргээд бага зэрэг бууж байх шиг байна. Хэрэглээний барааны үнийн индекс буюу инфляцийг харахад 2020 оны есдүгээр сард 1.7 хувь бага түвшинд байхад хүнсний барааны үнэ 2.4 хувь байсан. Энэ оны нэгдүгээр улирлаас харахад инфляци 5.4 хувь хүрч хүнсний барааны үнийн индекс12.4 хувь болоод өсчихсөн. Нэг талаас нийлүүлэлтийн асуудал, нөгөө талаас худалдан авалт идэвхижсэнтэй холбоотойгоор өссөн гэж харагдаж байна.

-Автомашины үнэ өссөн нь татан авалтаас шалтгаалж байна уу. наадмын эрэлтээс үүдэж байна уу?

-Монголд ойрын 1-2 сард хил дээр ачаа саатаж байгаатай холбоотой автомашин хилээр орж ирэхээргүй гэсэн мэдээлэл байна. Наадам болохтой дөхсөнтэй холбоотойгоор эрэлт их. Гэвч нийлүүлэлт багасчихаар одоо дотоодод байгаа автомашины үнэ өсчихөөд байна. Дотоод гадаад аль аль хүчин зүйл байгаа учраас зах зээлд үнийн өсөлт явагдаад байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд дахь тээврийн саатлыг арилгах ажлын хэсэг байгуулагдсан байна. Үр дүнд хүрч ажиллавал сайн байна. Удаан даамжирвал асуудал үүсэхээр байна. Дээр нь онцлоход эм тариа, орон сууцны үнэ нэмэгдэж байна. Ер нь эдийн засагт бодлогын арга хэмжээ авахдаа аажмаар явуулахгүй бол гэнэт зарлахаар нийгэм дунд гэнэт шок үүсч эдийн засагт нөлөөлөөд байгаа юм.

-Шатахууны үнэ бас өснө, өсөхгүй гээд сая хэсэг шуугилаа…?

-Бас нэг аюул нь нефтийн үнэ. Бидний гол хэрэглээ болох АИ92 шатахууны үнэ 1450 төгрөг. Энэ үнэ өнгөрсөн оны эхээр олон улсын зах зээлд нэг бариал нь 15-20 ам.доллар дээр байхад тогтсон үнэ. Гэтэл энэхүү үнийг тогтвортой барих гэрээ нь дуусангуут одоо шатахууны ханш үнэ өсөх талаар ярьж байна. Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель шатахууны үнэ 70 ам.доллар болчихсон байна. Иймээс инфляцийн асуудал хэдэн сарын өмнөөс дохио өгөөд байхад тоодоггүй. Яг тулаад ирэхээр иргэд нь ч бухимдана, төр засаг нь ч хувийн хэвшилүүдтэйгээ үйл ойлголцсон байдалтай байдаг. Төр засаг нь аж ахуйн нэгжүүдээ алдагдалд оруулаад байж болохгүй. Шатахууны үнийг төрөөс олон жил зохицуулалт хийгээд явчихсан учраас хувийн хэвшлийнхэн дангаараа тогтоох боломжгүй байдаг. Тэгэхээр эхний ээлжинд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоонд хүрэх. Нөгөө хувилбар нь үнэ бага байхад нь урт хугацааны форвард хэлцэх хийх боломжууд бий. Үүнд голзохион байгуулалтыг улсаас хийж өгөөд манай шатахуун импортлогчид нэгдээд төлөөлөл нь гадна талын экспортлогчтой гэрээ хийвэл уг нь зөв. Нэг компани форвард гэрээ байгуулах гэхээр хэмжээ, үнийн дүн багадаад байдаг. Тэгэхгүй бол шатахууны үнэ өслөө гээд л байнга л ярьдаг. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, эргээд буудаггүй, тэгээд мартдаг, дахиад л энэ яриа гардаг. Ийм байж болохгүй л дээ. Төрөөс бодлогоор дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Дээр нь энэ хооронд барьж байгаа нефтийн үйлдвэрүүдээ яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Нефтийн үйлдвэрийг дотооддоо ашиглалтад оруулснаар үзүүлэх бодит ач холбогдлыг дурдахгүй юу. Одоогоор импортын хэдэн хувийг нефть эзэлж байна вэ?

-Гадаад худалдааны импортын балансыг харахад нийт импортын бараг 30 хувийг дизель, автомашин, онгоцны бензин дангаараа эзэлж байна шүү дээ. Бидний хэрэглээ маш их боловч өөрсдөө хийж чадахгүй байна.Иймээс энэ хэмжээгээр гадаад валютын урсгалыг гадагшаа алдаж байна гэж ойлгож болно.

-Түрүүн ярьсан үнэтэй машинуудын захиалга дүүрсэн нь төрөөс өгч буй халамж төдийлөн нөлөөлөхгүй байх. Эсвэл туйлдаад байна гээд байгаа хэрнээ монголчууд ийм баян болчихсон юм уу?

-Тайлбарлахад их төвөгтэй л дөө. Хувь хүний асуудал учраас. Дийлэнх хүмүүс автомашин захиалахдаа урьдчилгааг өгөөд лизингээр худалдаж авдаг. Автомашин борлуулалтын 70 орчим хувь нь энэ хэлбэрээр явагддаг. Яг хэдэн зуун саяын мөнгө төлөөд машин авч байгаа хүмүүс байгаа хэдий ч бага. Энд дахиад гаалийн мэдээлэл хэлье л дээ. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс, төмрийн хүдэр. Харин импортоор автомашин, дагалдах сэлбэг хэрэгсэл, гар утас, цахилгаан бараа хамгийн их авч байна. Тэгэхээр бид уул уурхайн баялгаа гаргаад оронд нь хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн худалдаад авчихдаг. Монгол хүмүүсийн онцлог байх шиг байна. Эргээд эдийн засгийн хувьд өөрийгөө хүнд байдалд оруулдаг. Зөвхөн банкин дээр ланд крузертэй холбоотой жишээ их бий. Дөнгөж бизнес эхлээд 100, 200 сая төгрөгийн эргэлтийн мөнгөтэй болонгуутаа үнэтэй автомашины зээл авчихдаг. Сардаа 3-4 сая төгрөгийн эргэн төлөлт хийдэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авах гэхээр автомашины зээлтэй эргэн төлөлт өндөр учраас танд зээл өгөх боломжгүй гэсэн хариу сонсдог. Үүнээсээ болоод хаалгаа барьсан олон бизнесийг мэднэ. Аль аль талдаа эдийн засгийн хэрэгцээгээ бодохгүй байна.

-Ирэх сараас бүх халамж, хөнгөлөлт зогсоно. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн байдал хэрхэн хүндрэх бол. Эдийн засгийн хувьд ямар аюул нүүрлээд байна вэ?

-Манай засаг төр цаашдаа ингэнэ тэгнэ гэсэн тодорхойгүй байна. Тодорхойгүй болохоор эдийн засаг, банк санхүүгийн байгууллагууд урьдчилан төлөвлөхөд төвөгтэй. Ямар шийдвэр гарах бол гээд хүлээлттэй. Манай улсад тодорхой юм байхгүй болж. Ялангуяа хоёр жил дараалан сонгууль болсонтой холбоотойгоор унтаад босоод ирэхэд бараг шийдвэр өөрчлөгдөөд байгаа болохоор үнэндээ хэлэхэд хэцүү байна. Өнгөрсөн оноос ковид эхлэхээс л эдийн засагч, санхүүчид ярьсан. Төсөвтөө тодотгол хийгээд нэн шаардлагагүй зарцуулалтаа хойшлуулах хэрэгтэй байна. Энэ өвчний үед 300 суманд соёлын төв барих нэн шаардлагатай асуудал мөн үү гээд үнийн дүнг нь хүртэл гаргаж ирээд ярьж л байна. Төсвийн тодотгол хийж эдийн засгаа нэмэгдүүлэх арга хэмжээ аваачээ гэж мөн ч олон хэллээ. Өчигдөр байна уу төсвийн тодотгол хийх талаар харин ярьж байх шиг байна. Төсвийн тодотгол хийгээгүйгээс болж алдагдсан мөнгийг тооцвол асар их. Сургуулийн заал нэмж барьж байхаар эхний ээлжинд амьсгалын аппаратаа хүртээмжтэй аваад хүмүүсээ хурдан эдгээгээд хэвийн амьралдаа шилжих хэрэгтэй байна. Төрийн тогтолцооны, удирдлагын менежментийн хямралд орчихоод байна. Уг нь эдийн засаг чинь амьтай зүйл байхгүй юу. Аж ахуй нэгжүүд эдийн засгийн хувьд шахах нь шахагдаад, босох нь босоод, боссон нь шахагдсанаа татаад сэргэдэг байхгүй юу. Гэтэл босгох гээд байгаа ч юм шиг, унагах гээд байгаа ч юм шиг гэнэтийн шийдвэрүүд гаргаж ирээд байгаа нь үнэхээр туйлдуулж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчид зориулах ЦЭРГИЙН ПАРАДАД Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэлээ хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд морин цагт тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээд байна.

Бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй” гэлээ.

Жагсаал зохион байгуулах төсвийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна.

МОРЬТ ЦЭРГИЙН ГУРВАН САЛБАР ОРОЛЦУУЛАХААР 3 АЙМГААС МОРЬДЫГ ТАТАЖ БАЙНА

Тэгвэл Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм.

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.