Аргын тооллын зургадугаар сарын 18. Сугар гариг. Билгийн тооллын 8, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан 20:54 цагт жаргана. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Month: June 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Энэ удаагийн илтгэл
төрийн тогтолцоо, нийгмийн
өнгө аясаа цогцоор нь харах,
сайжруулахад чиглэсэн” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг XI нүүрээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул “Азийн Хүний эрхийн шагнал” хүртлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “1.8 их
наяд төгрөгийн гадны
зээл, тусламжийн
зарцуулалт туйлын
бүрхэг байгаа нь
харамсалтай” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Зуу зуун хүний амиар 100 жилээ
тэмдэглэх нь арай харгис уу” хэмээн өгүүллээ.
Үндэсний хөгжлийн
газрын дэд дарга Б.Дөлгөөн “Улсын хөгжлийн ирэх
оны төлөвлөгөөнд боловсрол,
эрүүл мэндийн салбарыг
дэмжихэд онцгой анхаарсан” хэмээн ярилаа.
МУИС-ийн Улс төр
судлалын тэнхимийн
ахлах багш, улс төр
судлаач, доктор Б.Эрдэнэдалай “Сөрөг хүчнүүд нэгдэж эрх
баригч намд хяналт тавих, хариуцлага тооцох
алхмыг маш эрчимтэй хэрэгжүүлэх ёстой” гэснийг III,V нүүрээс уншаарай.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Эдийн засагч Н.Энхбаяр “Татварын бус орлогын эзэлж
байгаа хувь нь бага мэт боловч иргэдийн
нуруун дээр дарамт үзүүлнэ” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Хятад улс өөрсдийн гэсэн сансрын станцыг байгуулахаар энэ онд дэлхийд хамгийн томд тооцогддог ачааны хоёр ч пуужин хөөргөсөн билээ. Эхний пуужин сансрын станцын хэсгийг агаар мандлын гадна байрлуулмагцаа удирдлагагүй болж олон улсыг сандаргаж, багагүй шүүмжлэл дагуулсан. Харин хоёр дахь буюу арай жижиг хэсгийг сансарт хүргэсэн пуужин элдэв асуудал үүсгэлгүй даалгавраа амжилттай гүйцэтгэсэн юм. Харин өдгөө дээрх хоёр хэсгийг угсрах нарийн ажлыг гүйцэтгэх Шенжөү-12 даалгаврын гурван нисэгч говийн Жиүчүань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч байна.
Шинэ сансрын станцыг Тиангун буюу “Тэнгэрийн ордон” хэмээх агаад гурван нисэгч тэнд гурван сарын турш хэд хэдэн чухал даалгавар биелүүлэх юм.
Сансарт ниссэн багийн гишүүд бүгд Хятадын урдаа барьдаг арвин туршлага, мэдлэгтэй ахмад нисэгчид аж. Тухайлбал, багийг 56 настай Ние Хайшен ахалж, 54 настай Лиу Бомин, 45 настай Тан Хонбу нар дагалджээ. Тан Хонбугийн хувьд уг даалгавар сансарт ниссэн анхны туршлага болж байна.
Тэнгэрийн ордон станцыг хоёр жилийн хугацаанд байгуулж дуусахаар төлөвлөж байна. Ингэснээр Хятад улс дангаараа сансрын станц байгуулан эзэмших анхны улс болно. Өдгөө сансарт ердөө ганц сансрын станц үйл ажиллагаа явуулдаг нь АНУ, ОХУ, Европ, Канад, Японы хамтран ашигладаг олон улсын сансрын станц юм. Тус станцыг анх АНУ, ОХУ хамтран байгуулж байжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байна-
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-Агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг вэ. Агаарын бохирдлыг тогтмол хэмжсэнээр ямар шийдэлд хүрэх вэ?
-Агаарын бохирдол гэдэг бол зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, Монгол Улсын хэмжээний бодлогын сэдэв. Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, амьдрах орчин, эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг учир өнөөдрийг хүртэл чухал сэдэв байсаар ирсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг 2018 оноос өмнөх болон хойших гэж хоёр том циклээр тайлбарлаж болно. Монгол Улс 2018 онд агаарын бохирдолтой холбоотой түүхэн шийдвэр гаргасан. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гарсан байдаг. Үүнээс хойш агаарын бохирдлын асуудлыг өөр түвшинд ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг арилгаж болох юм байна гэдэг ойлголттой болж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар арилгаж чадсан.
Агаар, орчныг бохирдуулдаг эх үүсвэр гэж бий. Нэгдүгээрт, гэр хорооллын утаа, хоёрдугаарт, авто тээврийн хэрэгслээс гарч байгаа бохирдол буюу тээврийн хэрэгслийн утаа, тос тосолгоо, агаарт хаягдаж байгаа хоруу чанарууд. Гуравдугаарт тоос, тоосонцрын бохирдлууд ордог. Барилгажилт, замын ажил, нийслэлийг тойрсон шороон карьер, түүнийг тээвэрлэх явц, мөн ногоон орчин бүрдүүлж чадаагүй нь агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болдог юм. Дөрөвдүгээрт бусад шалтгаан буюу цахилгаан станцуудын яндан. Агаарын бохирдол нь орчны бохирдлоос ялгаатай. Хөрсний бохирдол, нүхэн жорлон, хог хаягдлын бохирдлыг агаарын бохирдлоос ялгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээр хүчин зүйл агаарын бохирдолд нөлөөлдөг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаарын бохирдлыг бууруулахад бодлогын арга хэмжээ авч, түүнийг хэрэгжүүлдэг нийслэлийн агентлаг юм.
-Сайжруулсан түлшний хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?
-2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлчүүд 446.633 тонн сайжруулсан түлш хэрэглэсэн бол 2020-2021 оны өвөл 704 мянган тонн түлш хэрэглэсэн. Энэ нь борлуулалт, хэрэглээ 80 хувиар өссөн гэсэн үг. Үүнийг дагаад маш олон үр дагавар бий болсон. Өөрөөр хэлбэл, айлууд бараг 24 цагийн галлагаанд шилжиж, сайжруулсан түлшийг хэрэглэх дадал, зуршил сайжирсан юм. Мөн Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдлээ. Хөл хорио тогтоосноор гэрээсээ гарах боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сайжруулсан түлш борлуулах цэгээс хол амьдардаг хүмүүст үйлчилгээг ойртуулах зорилготойгоор алслагдсан газруудад 67 цэг байгуулсан. 2019-2020 онд сайжруулсан түлшний 383 цэг байсан бол өдгөө 686 цэг үйл ажиллагаа явуулж байна.
-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурахаас гадна өөр ямар үр дүнд хүрсэн бэ?
-Нийслэлийн зургаан дүүргийн 10.000 өрхөөс сайжруулсан түлш хэрэглэснээр ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн талаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авсан. 2019-2020 онд иргэдийн сэтгэл ханамж 45 хувьтай байсан бол 2020-2021 онд 87 хувьтай болж 42 хувиар өссөн байна. Бид сайжруулсан түлшийг хоёр жил хэрэглэж байгаа. Эхний жил магадгүй алдаа дутагдал их байсан бол дараагийн жил үүн дээрээ ажилласан. Төрөөс маш олон ажил хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Яндангаа хөөлье” аяныг гэр хорооллын нийт өрхүүдэд хэрэгжүүлж, дүүргүүдтэй хамтран таниулах, ухуулах, сурталчлах, ойлгуулах, зөв дадал зуршилтай болгох зэрэг олон ажил хийсэн нь үр дүнгээ өгч, агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад нөлөөлсөн гэж харж байгаа юм. Гэхдээ энэ бол агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа гээд зогсох ажил биш. Бүх янданг буулгасан хойно агаар бохирдохоо болино. Сайжруулсан түлшийг хэрэглээд дадчихсан гэж ярихгүйгээр дараагийн дэвшилтэт технологи руу бодлогын хувьд шилжих шаардлагатай болж байна. Бид “Улаанбаатар хийн сүлжээ” ХК-тай хамтран Улаанбаатар хотод огт яндангүй бүс бий болгохоор судалгаа хийж байгаа. Өрхийн хэрэглээг цахилгаанаар шийдэх асуудалд төрөөс шөнийн цахилгааны үнийг тэглэх, цэвэр агаар төслөөс хуримтлалт халаагуур буюу шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж өдрийн цагаар гэрээ дулаанаар хангах төсөл, дулаан алдагдалгүй байвал түлш бага хэрэглэдэг учир айл өрхийн дулаалгын талаарх судалгаа зэрэг олон ажил хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгод хүрэхийн тулд бид маш олон дэд арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Эх үүсвэрийн тооллогоор жил бүр тоо нь өсөж, агаар бохирдуулж байгаа зүйл бол тээврийн хэрэгсэл. 2020 оны тооллогоор 621 мянган тээврийн хэрэгсэл нийслэл хотод бүртгэлтэй байсан. Гэтэл орон нутагт бүртгэлтэй хэрнээ Улаанбаатар хотод байдаг тээврийн хэрэгслүүд байгаа. Тэгэхээр авто тээврийн хэрэгсэл рүү чиглэсэн багц бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм. Энэ асуудлыг сүүлийн нэг жилд маш эрчимтэй ярьж байгаа. Өнгөрсөн жилд бид нийтийн тээвэрт шүүлтүүр байрлуулж, бохирдол бага гаргах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотод байгаа 600 мянга гаруй тээврийн хэрэгсэлд нэг дор шүүлтүүр хийх боломжгүй учир хамгийн их бохирдол гаргаж байгаа нийтийн тээврээс энэ ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ төрлийн ажил нэг сарын юм уу, нэг удаагийн ажил биш учир суурь судалгаатай, эрх зүйн шинэтгэлтэй, бодлогын ажил байх ёстой.
-Сайжруулсан түлшний хүрэлцээ ямар байгаа вэ. Алслагдсан гурван дүүрэг хэзээнээс сайжруулсан түлш хэрэглэж эхлэх вэ?
-Агаарын чанарын бүсэд мөрдөх журам гэж бий. Энэ журмыг БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хоёр хамтран баталдаг. Нийслэлийн зургаан дүүргийг агаарын чанарын сайжруулсан бүсэд тооцсон. Налайх дүүрэг 2021 онд энэ бүсэд орно. Налайх дүүрэг 11 мянган өрхтэй. 61 хувь буюу 6200 өрх нь гэр хороололд амьдардаг. Энэ өрхүүдэд сайжруулсан түлш түлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. “Тавантолгой түлш” компани төрийн өмчит компани. Өнгөрсөн жил зүүн бүсийн үйлдвэрийг нээсэн. Ингэснээр Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах бүрэн боломжтой болсон. Гэхдээ үйлдвэр нь давагдашгүй нөхцөл байдал, тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулдаг. Тийм учраас зуны улиралд сайжруулсан түлшний нөөц бэлдэх үүрэг хүлээдэг. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар манай байгууллагад нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш нөөцлөх үүрэг өгсөн. Үүний дагуу бид агуулахуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан сайжруулсан түлш нөөцөлж байна. Жил бүр 80-100 мянган тонны нөөцтэйгөөр өвлийн улиралтай золгодог. Төрийн байгууллага түлшний салбарт орж, өрхүүдийг түлшээр хангаж эхэлсний нэг том давуу тал нь үнийн хөөрөгдөл байхгүй болсон. Түүхий нүүрс түлж байх үед нэг тонн нүүрс 100 мянган төгрөгийн үнэтэй байснаа маргааш өглөө нь 140 мянган төгрөг болж өссөн тохиолдол байсан. Харин сайжруулсан түлшний нэг тонныг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тогтоолтой. Сайжруулсан түлш борлуулж байгаа хүмүүст урамшуулал олгох төсвийг нийслэл төсөвтөө суулгадаг. Мөн үнийг хөөрөгдүүлж болохгүй гэсэн үүрэгтэй.
-Танай байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Бид өвөл түлш үйлдвэрлэл, түгээлт, хүртээмж зэрэг томоохон бодлогын ажлууд хийдэг бол зун нь бичиг баримтын ажлаа хийдэг. Агаарын чанарын бүсэд Налайх дүүргийг оруулах журмыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ирэх долоо хоногийн хурлаар оруулна. Жишээлбэл, яагаад Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орох ёстой вэ гэдэг асуултад хариулахаас эхлээд энэ ажлыг маш том судалгаатай хийсэн. Налайх дүүрэгт хэдэн өрх, хэдэн зуух, яндан байдаг вэ, агаарын чанарын бүсэд оруулснаар үзүүлэх нөлөө юу вэ, ямар давуу тал гарах вэ, хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, доголдол үүсэх үү зэрэг маш олон асуултад хариулах шаардлагатай учир бид дүүргүүд болон холбогдох газар, агентлагуудаас санал авч, бодлогын бичиг баримтаа бэлддэг. Агаарын чанарыг хэмждэг, мэдээллээ 30 минут тутамд сольдог, дэлхийн томоохон хотуудын бохирдлыг хэмждэг апплекэйшн бий. Манай улс энэ апплекэйшний мэдээллээр эхний гурван байрт ордог байсан. Харин одоо 83 дугаарт орсон байна. Улаанбаатарын агаарын чанарыг хэмждэг 15 үзүүлэлт бий.
-Агаарын бохирдол буурсныг ямар үзүүлэлтээр нотлох вэ?
-Бид шинжлэх ухаан, тоон үзүүлэлтээр нотлох ёстой.
-Агаарын бохирдлыг бууруулах ажилд эрдэмтэн, судлаачдын саналыг хэрхэн сонсдог вэ?
-Эрдэмтэн, судлаачид бүх насаа судалгаанд зориулсан хүмүүс байдаг учир тэдний саналыг сонсоно. Тэдний судалгаа маш үр дүнтэй, үнэн байдаг. Агаарын бохирдлыг эрүүл мэнд, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгаагаар судалж, хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдэгт маш олон эрдэмтэнтэй хамтран ажилласан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эрдэмтдийн зөвлөгөөн хийж, зөвлөмж гаргасан. Бид одоо Нийслэлийн Засаг даргын орлогчийн дэргэд судлаачдын зөвлөл байгуулах гэж байна. Манай байгууллага жилд хамгийн багадаа 4-5 төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн судалгааны дүн хоёр өөр. Хэрэглэгч нь 200 мянган өрх гэдэг боловч амьсгалж байгаа хүн нь 1.5 сая иргэн. Иргэн бүрд хамааралтай асуудал учир иргэн бүрээс санал сонсох бололцоог гаргаж ирэх нь чухал г. Бид хамгийн хэрэгтэй зүйлээ ус, агаар мэт хэрэгтэй гэж зүйрлэдэг. Хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх зүйл учир ийнхүү хэлдэг байх. Манай байгууллага бусдын амь насыг хамгаалах ажил үүрэг гүйцэтгэдэг учир маш хариуцлагатай байх ёстой гэдгээ байнга ухамсарладаг. Эерэг үзүүлэлт гаргахын тулд үргэлж шинийг эрэлхийлж ажиллахыг зорьдог юм.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын зураг төсөл бэлэн болжээ. Талбайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал нар өнөөдөр /2021.06.17/ зураг төслийн эцсийн хувилбартай танилцан, санал солилцлоо. Тэд зөвлөлдөн тохижилтын ажлыг маргааш эхлүүлж, Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна
Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Айрган нуур гэх газарт 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнасан гэмт хэргийг иргэн Д үйлдсэн болохыг илрүүлж бугын эвэр, мах, хөрөө, хутга зэргийг хураан авч ажиллалаа.
Португалийн шигшээ багийн од Криштиану Роналду Евро-2020 тэмцээний хэсгийн тоглолтуудын нэг болох Унгарын багийн эсрэг тоглож эхлэхийнхээ өмнө уламжлалт хэвлэлийн бага хуралд оролцсон.
Тэр сэтгүүлчдийн өмнө гарч ирэхдээ ширээн дээр байсан Кока колаг зайлуулж ус тавиад хийжүүлсэн чихэрлэг ус аюултай гэж хэлсэн нь үнэн. Яалт ч үгүй үнэн агаад хүүхдүүддээ ийм ундаа хэрэглүүлж хэвшүүлэхгүй байх нь зөв. Харин маргаашаас нь эхлээд дэлхийн хэвлэлүүд Роналдугийн үйлдэл Coca cola компанид дөрвөн тэрбум ам долларын алдагдал авчирлаа гээд бичээд эхэлсэн. Энэ тухай санхүүгийн нэгэн сэтгүүлд ингэж тайлбарлажээ.
Роналдугийн ярилцлага мягмар гаригт өрнөсөн бол Coca-Cola компанийн хувьд өмнөх өдөр нь хувьцааны ашгаа тараах өдөр байсан. Coca-Cola компани хувьцаат компани гэдэг утгаараа жилийн дөрвөн улиралд дөрвөн удаа хувьцаа эзэмшигчиддээ ашгаасаа хүртээдэг аж. Ийм үед ногдол ашиг буюу нэг дивидент(0.42 доллар)-ийн хэмжээгээр ханш нь унадаг юм байна. Гэхдээ үүнээс бага зэрэг их эсвэл арай доод төвшинд ч унах тохиолдол байдаг нь хувьцааг ихээр эзэмшдэг хүмүүсийн тоглолтоос шалтгаалдаг ажээ.
Даваа гаригт хөрөнгийн бирж нээгдэх үед Coca-Cola компанийн нэгж хувьцаа 55.9 доллар байсан бол хаагдах үед 55.36 болон хямдарсан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн тэрбум ам доллараар багассан. Харин Роналдугийн ярилцлага үүнээс хойш хоногийн дараа өрнөжээ. Coca-Cola компанийн хувьцааны ногдол ашгаа тараах үйлдлээс хамааран хувьцаа нь унадаг тохиолдол байдаг л нэг үзэгдэл гэсэн агаад ихэнхдээ дөрөв, таван хоногийн дараа буцаад хэвэндээ ордог. Роналдугийн ярилцлага үнэхээр нөлөөлсөн юм бол яагаад ганц хоногийн дараа нэгж хувьцаа 55.46 болон өссөн бэ гэдгийг тайлбарлах ёстой юм. Бас хоёр хоногийн дараа нь Францын шигшээ багийн тоглогч Погба бас л хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр Heineken шар айргийг зайлуулж лалын шашинд согтууруулах ундаа хориглодог гэх тайлбар тавьсны дараа Heineken-ий хувьцаа огт доргиогүй өнгөрсний санах хэрэгтэй.
Б.Хулан
Коронавируст халдварын үед зөвлөгөө мэдээлэл өгөх Нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд эмнэл зүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ.
119 лавлах төвийн нэгдүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгч буй.
Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид хоёр ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна.
Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох аж.
Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж 40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.
Явуулын амбулаториос гадна PCR шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршуулжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийг зуны энэ цагт хашаандаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт ковидын халдвар батлагдсан 64 иргэн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 765 иргэн гэрийн тусгаарлалтад буй. Энэ аюулт өвчнийг даван туулахад зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, төр, захиргааны байгууллагынхан бус иргэн, өрх гэр бүрийн оролцоо, сэтгэл, хандлага маш чухал байна. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр сахиулан хорьж, шахаж шаардуулах бус хүн бүрийн ухамсар, хариуцлага халдварыг алдахгүй байхад чухал үүрэгтэй боллоо.
Гэрийн тусгаарлалтын дэглэм сахихгүй, гадуур дотуур хэнэггүй явж буй хүмүүс ч байна. Хотоос ирсэн хүмүүстээ бид шаардлага тавьж, гарч ороход нь яагаад саад тавьж, хэлж ярьж болохгүй байна вэ. Халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн энэ үед гэрийн тусгаарлалт, ажиглалтад буй иргэн Та олны газраар ганц ч алхаж болохгүй гэдгийг хатуу хэлье. Үүнд гэр бүл, найз нөхөд нь ч хяналт тавих хэрэгтэй.
Мөн түүнээс гадна гэрийн тусгаарлалтад гэж буй боловч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. Ингэхээр гэр бүлийн бүх гишүүд эрсдэлд орж байгаа гэсэн үг. Халдвар тээж буй эсэх нь хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан илрэх шинж тэмдэг, хугацаа янз бүр байгааг Та бүхэн мэдэж байгаа. Хэд хоногийн дараа өөрөө өвдөж, гэр бүлээрээ өвчлөх жишээтэй.
Тиймээс Та бүхэндээ хандаж, халдвараас хамгаалах нэг боломжийг уриалж байна. Эдүгээ урин дулаан цаг ирж, хашаа, хороондоо гэр бараагаа барихад даарч, зутархааргүй боллоо. Тиймээс гэрийн тусгаарлалт, ажиглалтад байх хүмүүсээ айл өрх бүр хашаандаа гэр барьж, тусад нь 7-10 хонуулж, өрхийн бүх гишүүдээсээ тусгаарлахыг хүсч байна. Өлгийчүүд та бүхэн маань гэртээ бус гэр барьж тусгаарлагдахыг хүсье” хэмээн уриалга гаргажээ.