Categories
мэдээ нийгэм

Хонконгийн Засгийн газраас тус улсад суралцах 100 хувийн тэтгэлэг олгоно

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй 2020 оны 6 дугаар сарын 17-нд уулзаж боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцлоо. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцов.

Мөн уулзалтын үеэр Нарийн бичгийн дарга Кевин Йеунг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд байгуулж буй Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонконгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож буйгаа мэдэгдлээ. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг юм.

Дашрамд дурдахад Азийн топ 10 их сургуулийн 3, дэлхийн топ 100 их сургуулийн 5 нь Хонконгийн их дээд сургууль байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

120 ба түүнээс дээш хүний амь насыг аварсан цусны доноруудыг “Шударга журам” медалиар шагнахаар боллоо

“Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 169 дүгээр зарлиг гаргаж, 120 ба түүнээс дээш хүний амь насыг аварсан цусны “хүндэт донор”-уудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар боллоо.

ЦУСНЫ ДОНОРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Цусны донорууд, хүмүүнлэгийн үйлстнүүд, цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш хүний амь насыг аварсан цусны “хүндэт донор”-уудыг жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байсугай.

2. Цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахын тулд “Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ” гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусны донорын үйлсэд нэгдэхийг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэн сайн дураараа цусаа бэлэглэх, сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд уриалсугай” гэжээ.

Өнөөдөр Монгол Улсад 150 мянга гаруй цусны донор, үүнээс цусаа идэвхтэй бэлэглэж байгаа байнгын донор 36 мянга гаруй, 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “хүндэт донор” 2,674 байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас манай улсын нийт хүн амын 1.5% нь донорын хөдөлгөөнд идэвхтэй нэгдсэн байхыг зөвлөдөг бөгөөд төрөөс донорын хөдөлгөөнийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нийт хүн амын 1.15%, Улаанбаатар хотын хүн амын 1.8%, орон нутгийн хүн амын 0.5% нь цусны донорын хөдөлгөөнд нэгдсэн байдаг.

Эрүүл мэндийн салбарт нутагшиж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, осол, гэмтэл, төрөлттэй холбоотой цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ дунджаар жил бүр 3,6%-аар өсөж байгаа бол цусны донорын тоо 4.2%-ийн цэвэр өсөлттэй байна. Цаашид эх орондоо био бэлдмэл үйлдвэрлэж эхэлж байгаатай холбоотойгоор цусны байнгын донорын тоог дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, саналаа өглөө

No description available.

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.18/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

No description available.Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд байгаа өөрчилж, засаж залруулах зохицуулалтын талаар саналаа хэлэхийг оролцогчдоос хүслээ.

Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа хийв. Хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршиж буйг эхэнд нь онцлоод хуулийн гол зохицуулалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээ болон зөвшөөрлийн ангилал, код, хугацааны талаар, зөвшөөрөл олгох, сунгах, шийдвэрлэх явц, шийдвэр гаргах, зөвшөөрлийн цахим нэгдсэн сан, ямар харилцаанд үйлчлэхгүй талаар болон тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийн талаар гол гол мэдээллүүдийг оролцогчдод өгөв.

Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилж байна. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээ болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг тусгажээ.

No description available.Үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба уг санг Зөвлөлийн ажлын алба эрхлэхээр зохицуулат оруулжээ. Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтоох зохицуулалт мөн туссан байна.

No description available.Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр оролцож, үг хэлэв. Тэрбээр, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож буй энэ удаагийн хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглээд 100 зөвшөөрөл олгох уу, 1000 зөвшөөрөл олгох уу гэдэг тоонд ач холбогдол өгөх бус тухайн зөвшөөрлийг олгох шат дамжлагад үүсэж байгаа хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн процессийн шударга ёс хэрэгжихэд гол ач холбогдол өгсөн санал хэлэхийг оролцогчдоос хүслээ. Мөн Ажлын хэсгийн гишүүний хувиар бүх зүйл нээлттэй буюу олон нийтийн хяналттай байх процессийг төсөлд илүү нарийвчилж оруулах талаас нь ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогч аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллүүд хуулийн төсөлтэй холбогдуулж байр суурь, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Мэргэжлийн холбоодоос Монголын аялал жуучлалын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Барилгын зураг, төсөл зохиогчдын холбоо ТББ, Монголын геодизи, зураг зүйн салбарын төлөөлөл саналаа хэлэв. Монголын аялал жуучлалын холбооны төлөөлөгч хүссэн бүхэн аялал жуулчлал эрхэлнэ гэж зөвшөөөл аваад ямар ч стандартын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг нь Монгол Улсын нэр хүндийг унагадаг учир аялал жуулчлалын компаниудад зэрэглэлээс нь хамаарч тусгай, энгийн зөвшөөрөл олгох, ингэснээр компаниудад тодорхой хэмжээний босго шалгуур тавигдана гэж үзэж байна гэсэн санал хэлэв.

No description available.Аж ахуйн нэгж байгууллагуудыг төлөөлж “Траст трейд” ХХК, “Эм Си Эс групп”, “UBCC”, “Скайтел” ХХК, “Макс групп” ХХК,“Мобиком корпораци”, “Энержи ресурс” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл санал, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, “Траст трейд” ХХК-ийн төлөөлөгч зөвшөөрөл олгох шийдвэр гаргах хугацааг ажлын хоногоор, эсвэл хуанлийн хоногоор тооцох уу гэдгийг тодорхой заахгүй бол завхрал гардаг, заасан хугацаа дуусахад зөвшөөрөл гарахгүй бол хэнд хандаж, ямар хугацаанд шийдвэрлүүлэх вэ гэдэг процессийн зүйлийг нарийн зааж оруулах, зөвшөөрөл олгосон, олгоогүй үндэслэл маш ойлгомжтой байх талаар санал хэлж, процессийн шударга ёс хэрэгжих хууль болгох Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин газрын зөвшөөрлийг нь олгочихсон хэрнээ тухайн газар дээр барилга барих зөвшөөрлийг олгодоггүй хэдэн жил болдог, энэ хооронд татвараа төлөөд явдаг, хохирдог хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгахаар санал нэгдсэн гэдгийг хэллээ.

Оролцогчид ийнхүү санал хэлж, зарим оролцогчийн асуусан асуулт, санал, байр суурьтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг тайлбар өгөв. Тухайлбал, “Макс групп” ХХК –ийн төлөөлөгчийн тавьсан төсөлд мэдээллийн ил тод байдлыг хангах үүргийг холбогдох байгууллагад хүлээлгэсэн хэрнээ арга замаар ил тод байдлыг хангах талаар тусгайлан дурдаагүй байна. Ямар арга, журмаар ил тод байдлыг хангахаар төсөөлж байгаа вэ гэсэн асуултад хариулт, тайлбар өгсөн юм.

No description available.Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинбүх оролцогчдын гаргасан саналыг бичгээр аван хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчид өргөн барихаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг бүх оролцогчид баярласнаа илэрхийлээд ирэх долоо хоногт судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэхчлэн нийгмийн бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох саналуудыг нь авч, төсөлд тусгах болно. Хуулийн төслийг ирэх намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Ажиллах боломжтой цаг хугацаа бидэнд байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргах, бизнесийн эрүүл орчныг бий болгох хууль гарах болтугай хэмээлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Хуулийн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/11138 линкээр холбогдон, танилцах боломж нээлттэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тяньжин, Эрээнээс ирэх чингэлгийн тээврийг 2 дахин нэмэгдүүлэв

БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн аваад байна.

Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн өртөөнөөс 6 дугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. Ингэснээр энэ оны 6 дугаар сарын 8 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг 2 дахин нэмэгдүүлээд байна. Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн 7 хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирэв. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт 2 дахин нэмэгдээд байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

УОК-ын даргын энэ оны 6 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар коронавируст халдварын цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулж ажиллаж байгаа юм.

ГХЯ, ЗТХЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан чингэлгүүдийн эхний ээлжийг ийнхүү Замын-Үүд өртөөгөөр хүлээн аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, “Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай, Соёлын өв, түүхийн дурсгалт газруудын жагсаалтыг батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 133 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн өмчид дөрвөн барилга, байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар танилцууллаа.

Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.

Улс, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, түүхийн дурсгалт газруудыг мэргэжлийн байгууллага тогтоож, жагсаалтыг батлахаас гадна засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Тэргүүлэгчид онцолсон юм. Учир нь хувийн эзэмшилд байгаа соёлын өвд бүртгэлтэй байгууламжийг нураасан хэрэг гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар салхитай, сэрүүхэн, бусад нутгаар дулаарна.

2021 оны 06 дугаар сарын 18-ны 20 цагаас 06 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бороо, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс, Монгол-Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21- 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлууллаа

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж тус тус заасны дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товлон хуралдуулахаар тогтоож, хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолоор коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нийт 17 аймаг (2021.06.16-ны өдрийн байдлаар)-ийн нутаг дэвсгэрт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа тул Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргалаа.

Цаашид Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан дахин тогтоож, мэдээлэх болно

Categories
мэдээ улс-төр

Коронавируст халдвар цаашид хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.

No description available. Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн Засгийн газар үзжээ.

Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай гэж үзсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагуудын саналд үндэслэн энэхүү төслийг боловсруулжээ.

No description available.Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан бөгөөд 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 78.347 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 546 (нийт халдварын тохиолдлын 0.7 хувь), дотоодын халдвар 77.801 (нийт халдварын тохиолдлын 99.3 хувь) бүртгэгдсэн байна. Засгийн газар шаардлагатай арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журам, төсвийн хүрээнд авч ажилласан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ:

“Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгосугай.
  2. Монголын Тулгар төр, Хүннү дээдсийн түүх цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус, эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд, ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг төрийн зарим байгууллагад гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар оролцож, зарлигийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Монголчууд аа,

Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,

Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун!

Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.

Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг 1912 онд “Монгол-Ор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.

Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:

  1. Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;
  2. Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;
  3. Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;
  4. Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;
  5. Хүннү гүрний газарзүйн байрлал;
  6. Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.

Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.

Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.

Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.

Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,

Ард иргэд ээ,

Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.

Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байв.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.