Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл: Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй

УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-”Стэнфорд төгсөгчдийн уулзалтаар өдрийг эхэлж байнагэж та өглөөхөн жиргэсэн байна лээ. Стэнфордынхон цахимаар уулзаад юу ярьдаг юм бол доо?

-Стэнфорд төгсөгчид дотроо янз бүрийн клубт байдаг юм. Тэр дунд нийгэмд нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт хийх, татах сонирхолтой клубүүд ч байдаг. Би тэр клубийн гишүүн байхгүй юу. Тэр клубийн сар тутмын уулзалт болдог. Өнөөдөр болсон уулзалтаараа иргэдийн оролцоотой хөрөнгө оруулалт босгох, нийгэмд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах тал дээр зохион байгуулалтыг яаж хийдэг талаар зөвлөлдсөн. Тэр зөвлөгөөнд би сонсогчийн хувиар оролцлоо. Ялангуяа ковидын цаг үед төрийн санхүүжилт байхгүй болж байгаа. Бизнесүүд ч олноор хаагдаж байна. Уламжлалт буяны үйл ажиллагаанууд өөрчлөгдөж байгаа талаар нэлээд яригдлаа. Өмнө нь нэг, хоёрхон том санхүүжүүлэгч мөнгө гаргаад, түүнийг нь олон байгууллага хувааж хүртдэг байсан бол ковидын дараа амь амиа даацгаая гэдэг систем рүү дэлхий даяар орж байгаатай холбогдуулан цөөн цөөнөөрөө хорь гуч, арав хориулаа нийлж, “Өглөгийн тойрог” байгуулж тэр клубүүд нь нийлэн, төрийн бус байгууллагуудын төслийг сонсож байгаад, алийг нь санхүүжүүлэхээ шийддэг, иргэд өөрсдөө шийдвэр гаргадаг бүтэц болж ажилладаг болжээ. Ялангуяа сая ковидын үед ажилласан гурван клуб өнөөдөр тайлангаа тавьсан.

Манайхан мөнгөтэй хэдэн бизнес эрхлэгчээсээ хандив гуйсаар байгаад цаадуул нь нуруугаа авахуулсан морь шиг л болсон байдаг. Иргэд өөрсдийгөө даадаг болж байгаа нь зүгээр юм аа?

-Тийм уламжлалт загвар өөрчлөгдөж, ковидын үед хүмүүс Zoom ашиглаж, холбогдон, амь амиа даадаг болжээ. Эргэн тойронд бас бие биедээ туслах маш их хэрэгцээ шаардлага гарсантай холбогдуулаад, хүн болгон санхүүжилтэд оролцох болсон байна. Нийгмийн санхүүжилт гэдэг хүн болгоны оролцоогоор хэмжигддэг болж гэдгийг ярилцсан хурал боллоо. Нийгэмд нөлөөлөх өөрчлөлт хийж байгаа ажлуудыг урд нь дандаа том сангууд руу төсөл, хөтөлбөр бичдэг байсан бол иргэд бие биенийхээ төсөл хөтөлбөрийг хэлэлцдэг схем рүү орж байгаа юм байна шүү. Хятад, израилиуд, филиппинчүүд манайхаар бол нутгийн зөвлөл шиг байгууллагын хүрээнд нэгнээ дэмждэг уламжлалтай юм байна. Манай монголчууд шиг нэгнийхээ хурим дээр хандив өгдөг, уйтгар гунигийг нь хуваалцдаг уламжлалт өглөгийн системүүд байдаг юм байна. Нэг хүнд тусалъя, нэг хүний эмчилгээний зардлыг босгоё, нэг хүнийг сургуульд явуулъя, хуримыг нь хийлгэе гэхээс гадна нийгэмд өөрчлөлт хийх өглөг гэсэн ойлголт гарч иржээ.

Түүнийгээ “Нийгмийг өөрчлөх хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа юм. Ганц хүн 100 доллар өгөхөөр нийгмийн томоохон асуудлыг өөрчилж чадахгүй байна, арав, хориулаа нийлье гээд клуб маягийн байгууллага байгуулаад, “Өглөгийн тойрог” гэж нэрлэдэг юм билээ. “Манай тойргийнхон” гэж яриад байгаа юм л даа. Тойрог дотроо алиндаа мөнгө өгөх вэ гэдгээ ардчилсан аргаар гар өргөж, иргэдийнхээ оролцоотой шийддэг юм байна. Хорин хүнтэй нэг клуб гэхэд л олон улсад өөрчлөлт хийхэд зориулж, гадаадынханд хөрөнгө босгож өгдөг гэж ярьж байна лээ. Иймэрхүү зүйл сонслоо.

Таныг сонгуулийн дараа юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа байх л даа.

-Сонгуулийн дараа хоёр л гол ажил хийж байна. Нэгдүгээрт, уламжлал ёсоороо “Жорлонгоо өөрчилье” ажилдаа нэмэр тус болох бүх л зүйлийг үргэлжлүүлж хийж байна. Хоёр дахь гол ажил нь Иргэний оролцооны нэгдэл гээд шинэ нам байгуулах ажлаа эхэлсэн. Зургаан ажлын хэсэг байгуулагдаад, мандатын ажлын хэсэг маань аймаг, дүүргүүд рүү холбогдож, намын их хуралд төлөөлөгч сонгох ажил явагдаж байна. Маргааш лайв хийж, төлөөлөгч сонгох процессын талаар тайлбарлах гэж байна. Нам байгуулах үйл явцыг ил тод хийж байгаа. Наймдугаар сарын 7-нд намын их хурлаа хийгээд, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл өгнө. Энэ зунжингаа л улс төрийн зохион байгуулалтын ажил хийж байна.

Шинэ намд чинь танаас өөр олны танил хүн байгаа юу?

-Олон хүмүүс нэрээ бүртгүүлж байна. Олны танил хүн хэд орж ирэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 1400 гаруй хүн бүртгүүлсэн. Хүмүүс өөрсдийн апп-аар бүртгүүлж байгаа учраас тэр нь тэр, энэ нь энэ гэж оноосон юм алга. Надад өөрийгөө танилцуулсан олны танил хүн алга. Миний хувьд контент, дүрмийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх заавар бэлтгэхэд анхаарч сууна. Дүрмийг олон нийтэд танилцуулахад бэлтгэх, намын их хурлаар гаргах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсэгтээ туслах ажилтай байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөөд ялагдахад гэр бүлийнхнээс чинь таныг тайвшруулах үг хэн хэлсэн бэ. Нөхөр чинь яаж хүлээж авав?

-Манай хүү хэлсэн л дээ. “Та угаасаа л одоо залуучуудын төлөө ажиллах ёстой шүү дээ. Танд хийх юм зөндөө байна шүү дээ, ээж” гэж хэлсэн. Хүүгийн хэлсэн тэр үг тайвшрал авчирсан. Манай нөхөр бол ямар ч реакц үзүүлээгүй. Тийшээ яваад буцаад ирлээ гэж байгаа юм шиг л сууж байсан. Сонгуульд орж л байдаг, ялж, ялагдаж л байдаг болохоор нэг их сүрхий хүлээж аваагүй.

Ном бичихэд бас анхаарч байгаа гэсэн үү, хүмүүс танд үүх түүх өгүүлсэн номоо санал болгож байх шиг байсан?

-Тийм. Номынхоо судалгааг эрчимжүүлж байгаа. Судалгааны материалаа цуглуулж эхэлсэн. Тэр цаг үеийн судалгааг би хийж эхэлж байна шүү, туслаарай гэсэн. Хүмүүс тусалсан. Гурван ч ном ирсэн. Уншаад эхэлсэн. Намын анхдугаар их хурал хуралдаж, Дээд шүүхэд бүртгүүлээд, ажил хуваарилагдаад, эзэнтэй болохоор надад номынхоо судалгааг үргэлжлүүлэх зав гарах байх гэж бодоод судалгааны материалуудыг цуглуулж байгаа юм.

Ардчилсан хүчнийг дэмжигчдийн хувьд сонгуулиар дараалсан ялагдал хүлээж байна л даа. Нэг хүн фэйсбүүктээСонгууль, сугалаа хоёрт ч би азгүй хүн дээгээд биччихсэн байна лээ. Сонгуулийн дүн гарсны дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сонгуульд удаа дараа ялагдана гэдэг бол систем чинь буруу байна, системээ сайжруул гэсэн дохио гэж бодож байгаа. Бид дараа дараагийнхаа азыг, аврагчийг хүлээгээд суугаад байвал азгүй явдал үргэлжлээд л байна. Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй. Бидний хийх ажил бол систем сайжруулах. Ардчилсан намын систем болохгүй байгаа учраас гараад би өөр систем босгоод сууж байна.

Ардчилсан нам дотроо системийг сайжруулах хүч хуралдаад, системээ сайжруулбал сайн байна. Тал талдаа системээ сайжруулах хэрэгтэй. Шударга, ил тод болгох хэрэгтэй. Мөнгөнөөс бага хараат болгох ёстой. Ер нь бол ардчилсан болох хэрэгтэй. Ардчилсан нам гэдэг нэртэй боловч дүрэм нь ардчилсан бус болчихоод байгаа шүү дээ. Суурь нь ганхсан учраас азгүй мэт харагдаад байгаа юм. Энэ бол азны асуудал бус. Бодитой системийн гажуудлын үр дүн. Энэ гажуудлыг засахын тулд өдөр алгасахгүй ажиллах хэрэгтэй байна. 2024 он одоохон хажууд хүрээд ирнэ. Тэгэхэд эвдэрхий системтэйгээ байвал дахиад л азгүйтэл үргэлжилнэ.

Хүмүүс надад хэлдэг. “Чи нэг тугийн дор явах ёстой байж яагаад олон туг мандуулаад байна” гэдэг. Буруу систем, буруу тогтолцоон дор явж болохгүй. Тийм учраас тогтолцоо засах ажлыг хэн нэг нь хийх ёстой. Тэр засвар хажуугийн жижигхэн засварын цехэд болж байна уу, том намд болж байна уу гэдгээс үл хамаараад, бид зогсоо зайгүй системийн засвар хийж байх учиртай. Системийн засвар хийж байгаадаа би сэтгэл өег байгаа. Энэ засварыг би АН дотор хийж чадаагүй гэдэгтээ жаахан гунигтай байгаа. Гэхдээ гадна талд нь ч хамаагүй системийн ардчилсан хувилбарыг гаргаж ирэх ёстой учраас ажиллаж байна. Энэ хувилбар маань бусад намуудад таалагдвал энэ системийг аваад хуулаад, сайжруулаад явбал системийн сайжруулалтад том хувь нэмэр оруулна гэсэн үг. Суурь нь тэгширсний дараа бол нийлэх хамтрах гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг. Гэхдээ эвдэрхий, буруу, ардчилсан бус суурин дээр эв нэгдэл болж өгөхгүй байгаа юм. Олон намууд нэгдэж нэг хүч болох нь битгий хэл нэг нам дотроо учраа олж чадахгүйгээр эвдрэлцэж байна шүү дээ. Энэ бол системийн гажуудлын үр дагавар л даа.

Цар тахлын халдвар маш их нэмэгдэж байна. Энэ бүхэн юунаас болж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Цэвэр зохион байгуулалтын алдаа гэж дүгнэж байна. Маш хатуу хөл хорио тавьж сүржигнэчихээд, дэлхийд магтуулах хэмжээнд вакцинаа хийчихээд, халдварын тоогоороо тэргүүлж байгаа нь сонгуулийн үеэр хоёр нүүртэй байсны үр дүн. Ард түмэндээ хатуу хандаад, эрх баригчдад зөөлөн хандаж халдвар тархах үүр уурхайг өөрсдөө бий болгосонтой л холбоотой. Анхнаасаа л бүх нэр дэвшчигчдээ адилхан хатуу шаардлага тавиад, бүх уулзалтан дээр зай бариулаад, хүн шавуулахгүй байсан бол ийм болохгүй байсан. Сонгууль эхлэхэд л замбараагүй холилдоод эхэлсэн. Энэ бүхэн нэг хүнийг сонгуулахын төлөө төлж байгаа төлбөр. Ганц л хүн энэ дэглэмийг зөрчсөн шүү дээ. Нэг хүн дэглэм зөрчихөд цунами шиг том аюул цалгиж байгааг өнөөдрийн статистик харуулж байна. Вакцинжуулалтад зарцуулсан хөрөнгө, хүч чармайлтыг хэдхэн цалгисан уулзалтаар л цацаад тараагаад хаячихлаа л даа. Үүнийг У.Хүрэлсүхийн буруу манлайлал гэж гэж үзэж байгаа. Манай Монгол шиг буруу манлайллаасаа болж аюулаа цалгиулж байгаа газар дэлхийд байхгүй. Бүх хүч чармайлтаа тавиад нийлж байгаад дарж авч байгаа. Бүгд дарж авъя гэхээр нэг хүн дэвсээр байгаад тараагаад хаячихлаа шүү дээ.

Наадам дөхлөө. Наадмын өдрүүдийг яаж угтаж байна?

-Би наадмаар ажил хийсээр байгаад л таардаг. Наадмаа бэсрэгхэн, хяналттай, зайгаа бариад, зөв хийхээр төлөвлөж байгаа орон нутгийн засаг захиргааныхан бидэнтэй холбогдож, сумандаа жорлонгоо яаж өөрчлөх талаар сургалтыг онлайнаар авч байгаа. Гурван сумаас холбогдож, зөвлөгөө аваад байна. Саяхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумынхан зөвлөгөө авмаар байна гэсэн.

Та ялагдал хүлээсэн ч шууд л жорлон, ном, нам гээд ажил яриад явчих юм аа. Сэтгэлээр унаж, шархаа илж суух хэдэн өдөр байдаггүй юм уу?

-Байхгүй шүү дээ. Тэглээ гээд ажил урагшлах биш.

Ямар нэг зүйлийг өөрчилье, урагшлуулъя гэж бодож байгаа бол хөдөлмөрлөх л хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 7, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.


нэг буюу түүнээс олон хүн болон

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Төмөр: Бидний хэн маань ч мөрөөрөө явж байгаад цагдаа нарын гарын шүүс болохоор цаг үе ирж

Номын баярын үеэр цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх зохиолч С.Төмөртэй ярилцлаа.


Сая Сүхбаатарын талбайд номын баяр болсон. Тухайн үед та цагдаа нартай үл ойлголцож эмх замбараагүй байдал үүсгэсэн юм билээ. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Тухайн өдрийн оройн 18:00 цагийн орчимд болсон явдал шүү дээ. Номын баяр тарах дөхөөд хүмүүс лангуугаа орхиод явж байсан. Энэ үед эзэнгүй саравчинд нь ороод барьж очсон гурван номоо дэлгээд суусан юм. Удсан ч үгүй 20 орчим насны хоёр охин ирээд “Түрээсийн мөнгөө төл. Үгүй бол эндээс яв” гэх шаардлага надад тавьсан. Би ч “Үзэсгэлэн тарж байна. Үлдсэн цөөхөн минутад номоо зарж болохгүй юу” гэх хүсэлт тавьсан юм. Гэсэн ч зөвшөөрөөгүй. Ингээд би номоо аваад саравчнаас нь гарч сайн дураараа ном зарж байсан иргэдийн хажууд нь очоод суулаа. Удсан ч үгүй өнөө хоёр охин маань хоёр цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Сүүлд тодруулахад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа н.Ууганбат, н.Батдэлгэр нар байсан юм билээ. Миний бие ямар нэгэн нийтийн хэв журам зөрчөөгүй, номоо танилцуулаад сууж байхад л “Та энд ном зарж болохгүй. Таныг журамлана. Цагдаагийн путик рүү явъя” гээд л чирсэн. Би “За би тэгвэл номоо аваад эндээс явъя” гэтэл явуулахгүй гээд л хүч хэрэглэж газар унагаад толгой болон хавирга руу маш хүчтэй цохисон. Газар унасан үед Ууганбат гэж цагдаа хавирга дээр биеийн жингээрээ өвдөглөж сууж байгаа юм. Нийтийн хэв журам зөрчөөгүй байхад л энгийн иргэнийг хүчирхийлсэн. Тухайн цагдаа нар надад хэвийн шаардлага тавьсан бол яваад л өгөх байсан. Гэсэн ч заавал арга хэмжээ авна, торгоно гэж миний биед халдсан. Би өнөөдөр 58 настай. Эргүүлийн цагдаа нар 20 гаруйхан настай чийрэг эрчүүд байсан. Миний тухайд маш гомдолтой байна.

Хажууд тань олон хүмүүс байсан шүү дээ. Ямар үйлдэл гаргав?

-Тухайн үед цагдаа нар болон иргэдийн хооронд жижиг хэмжээний үймээн гарсан юм шүү. Миний дээрээс өвдөглөөд дарж байхад тэнд байсан залуус цагдаа нар луу хэдэн талаас нь дайрсан. Өнөө хоёр цагдаа ч зугтаад сураггүй алга болсон. Ингээд би Цагдаагийн дотоод хяналт руу хандсан юм. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад н.Батболд гэж хүн ирсэн. Цагдаагийн путик руу ороход зугтаасан хоёр цагдаа сууж байгаа юм. Харин дуудлагын дагуу ирсэн Батболд надад хандаж “Та цагдаа нарт зодуулсан гэж дуудлага өгсөн. Үүнийг нотлох баримт алга. Бичлэг байхгүй байна. Та өөр газар ондоо хэн нэгэнд зодуулсан юм байна. Харин та цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсан байна. Таныг хорино” гэж дарамталсан. Үүнээс Батболд гэдэг ахмад эргүүлийн хоёр цагдаа миний биед халдсан хэргийг нуун дарагдуулах зорилготой байгаа юм байна гэж ойлгосон. Миний эхнэрийн утсанд байсан зурган баримтыг дарамталж устгасан. Ингээд надаар “Миний бие гомдолгүй, хохиролгүй” гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм. Би ч хоригдохгүйн тулд дарамт доор хэлснийг нь л гүйцэтгэсэн. Гэтэл гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авчихаад өнөөх ахмад Батболдын зан хувирч анх намайг баривчлуулсан хоёр охиныг дагуулж орж ирээд “Таныг хорино” гэж хэлээд мөн л хүч хэрэглэж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Улмаар болсон үйл явдлын талаар хэнд ч, ямар ч өргөдөл гаргахгүй байхыг анхааруулсан. Товчхондоо хэргийг март. Тэгээд яв гэж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналтын ахмад ирчихээд миний биед халдсан хоёр цагдааг ил цагаан өмгөөлж байсан нь нотлох баримтуудыг устгаж надад хэрэг тохохоор зэхэж байна гэх хардлагыг төрүүлсэн.

Цагдаагийн дотоод хяналтаас танд байсан нотлох баримтуудыг устгасан юм байна шүү дээ. Товчоор хэлбэл тэдгал”-ыг унтрааж. Хэрэг хэрхэн сөхөгдөв?

-Тэнд байсан хүмүүс бичлэг хийж, зураг дарсан юм билээ. Тэр нь нийгмийн сүлжээнд цацагдаж цагдаа нарын энгийн иргэнийг яргалсан үйлдэл олонд ил болсон. Олонд ил болж байгаа нь л энэ үйлдэл шүү дээ. Цагдаа нарт яргалуулсан ч дарагдаад өнгөрч байгаа маш олон жишээ бий. Хүмүүс тэр бүрийг ил гаргаад байх боломжгүй. Миний бие л гэхэд 200 мянган төгрөг төлж хэвлэлийн бага хурал зарлалаа. Ийм боломжтой иргэн хэд билээ. Ер нь цагдаа нар гэм зэмгүй иргэдийг дарамталдаг, яргалдаг үйлдэл хэвийн үзэгдэл болчихсон байна. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Нийтийн эзэмшлийн талбайд хоёр гуравхан ном барьж суусан өндөр настан цагдаа нарт хүчирхийлүүллээ. Энэ ямар нийгэм юм бэ. Өнөөдөр намайг хүчирхийллээ. Маргааш гэм зэмгүй явж байгаа таны ойр дотнын хэн нэгэн эргүүлийн цагдаа нарын гарын шүүс болоход ойрхон байна. Магадгүй дараагийн удаа энэ хүчирхийлэгч нар хэн нэгний амь насанд халдахгүй гэх баталгаа алга. Эрх чөлөөт нийгэмд ийм бусармаг зүйл байж хэрхэвч таарахгүй. Цагдаа нар чинь ард иргэдэд үйлчлэх байгууллага биз дээ. Өнөөдөр тэр үүрэг ухамсраа мартчихсан байна. Төрийн хувцас өмсөж иргэдийг дарангуйлдаг, байгууллагаараа үгсэн хуйвалдаж гэмт халдлага үйлдсэн нэгнийгээ өмгөөлж, бусдад хэрэг тохох гэж оролддог газар болчихсон юм байна. Би үүнийг хурцаар эсэргүүцэж байна. Энэ үйлдлийнхээ төлөө өнөөдөр би дарамтад орчихоод байна. Эл хэрэг олонд ил болсноос хойш Батболд гэж ахмад өдөр бүр над руу утасдаж уулзах санал тавьж, айлган сүрдүүлж байна. Тэр бүү хэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хүртэл утасдаж уулзах санал тавьж байна лээ. Одоогоор би гомдол гаргасан байгаа. Хэрэг дээр мөрдөн байцаагч томилогдоход би очиж уулзана. Наана нь ямар ч хүнтэй уулзахгүй, ямар ч нөхцөлд би гомдлоо татахгүй.

Тухайн үед таныг согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл гарсан байна лээ.

Би эрүүл мэндийн шалтгаанаар архи тамхи огт хэрэглэдэггүй. Манайхан удам дагасан хэл бичгийн улсууд. Миний гэр, бүл ойр дотнынхон хуулийг ягштал дагаж мөрддөг улс.

Та зөвшөөрөл эрх авалгүйгээр номын баярт оролцсон юм байна. Энэ үйлдэл тань хуулийн зүйл заалт зөрчсөн үү?

-Үгүй. Би ямар ч хууль зөрчөөгүй. Ном худалдаалахыг хориглосон хууль тогтоомж байхгүй. Төв талбайд байж болохгүй гэж хөөгөөд байгаа нь утгагүй байхгүй юу.

Номын баяраар талбай дээрх саравчнуудыг нийслэлээс үнэ төлбөргүй гаргаж өгдөг биз дээ

-Үгүй шүү дээ. 400 мянган төгрөг төлж түрээсэлдэг юм байна. Үүний ард нэг эрхтэн дархтаны бизнес явж байна л даа. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж ганцхан асрыг хамгийн доод тал нь 400 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа юм. Тэнд хэдэн асар барьдаг билээ. Тооцоод үзвэл аманд багтахгүй их мөнгө гарч байгаа биз. Дахиад онцолъё. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж “Номын ертөнц” гэж асар их мөнгөний бизнес хийж байгаа нь өөрөө хүнлэг бус үйлдэл. Иргэдийг соён гэгээрүүлэхийн тулд яагаад үүнийг үнэгүй гаргаж өгч болдоггүй юм. Би шууд хэлье. 400 мянган төгрөг төлсөн иргэдийн олонх нь ашиг олоогүй шүү. Зардлаа нөхөөд салсан бол их юм.

Танд асар түрээслэх боломж байгаагүй юм уу?

-Би түрээслэхээр хандсан ч саравч нь дуусчихсан байсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Эрдэнэдалай: Сөрөг хүчнүүд нэгдэж эрх баригч намд хяналт тавих, хариуцлага тооцох алхмыг маш эрчимтэй хэрэгжүүлэх ёстой

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, улс төр судлаач, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Эрх баригчдын өмнө тулгарч байгаа сорилтуудын тухай тодруулахгүй юу?

-Бид хоёр жил дараалан гурван удаагийн сонгуульд оролцлоо. Энэхүү сонгуулиудын үр дүнд парламентад Монгол ардын нам олонх болсон. Мөн орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, Ерөнхийлөгчийн сонгуульд ч МАН-аас нэр дэвшигч сонгогдлоо. Мэдээж сорилт бол их бий. Ялангуяа, сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цал тахлын байдал Монголын улс төрийн нөхцөлд нөлөөлөөд байна. Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох, нийгэм, эдийн засгийн олон талын ямар асуудлууд үүсээд байна, үүнийг хэрхэн бодлогын зохицуулалтаар шийдвэрлэх зэргээр том сорилтуудтай тулгарсан. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй. Ядуурал, ажилгүйдэл их, бизнесийн салбарт томоохон хүндрэлүүд үүссэн гэх зэргээр тоочвол олон зүйл бий. Тэгвэл энэ бүхэнд ямар бодлого баримтлах вэ гэдэг нэлээн хурцаар тавигдаж байгаа асуудал юм. Сүүлийн саруудад вирусийн тархалт маш өндөр болсоор байна. Хүн амын өвчлөлийн тоотой харьцуулахад нас баралтын түвшин өндөр болж ирлээ. Энэ бүхэн нь эрх баригчдад зөв, зохистой бодлого боловсруулах шаардлагатайг харуулж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн энэ жилийн сонгуулийн хувьд хэд хэдэн онцлогтой боллоо. Ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир сонгуулийн үеэр хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн барих, сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор иргэдэд халдвар тараахгүй байх зэрэг олон зүйл байсан. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн байлаа. Парламентад анх удаа суудалтай болсон нам улс төрийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Нөгөө хоёр намтай харьцуулахад Хөдөлмөрийн үндэсний намын хувьд орон нутаг бүрт бүтэц, салбар, зохион байгуулалт байхгүй гэдэг утгаараа сонгуулийн сурталчилгаа хийх, олон хүнд хүргэх зэрэг асуудлууд төвөгтэй байсан байх. Түүнчлэн, зарим иргэн цагаан сонголт хийлээ, нөгөө талаас сонгуулийн ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн бага хувьтай байлаа. Хэдийгээр сонгогдсон Ерөнхийлөгч саналаа өгсөн хүмүүсийн олонхын саналыг авсан ч нийт санал өгөх насны хүн амын тоотой харьцуулах юм бол бага хувиар сонгогдсон тохиолдол болж байна.

-МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсноор хяналтын тогтолцоо алдагдаж, дарангуйлал үүслээ гэх мэдэгдлүүдийг сөрөг хүчин удаа дараа хийж байгаа. Ийм үндэслэл бий юү?

-Ерөнхийлөгч нам бус байна. Харьяалагдаж байгаа намаасаа татгалзах ёстой. Тэгэхээр шууд тэгж хүлээж авах асуудал мөн үү, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүд гээд ярихаар шууд парламент болон Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох явдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарлаж өгсөн байгаа. Бид ардчилсан улс. Дээрээс нь манайд олон намын тогтолцоо байна. Бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байгаа. Парламентад МАН олонх болсон ч сөрөг хүчин гэж байна. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагууд нэмэгдэнэ. Тэгэхээр энэ бүхнийг тооцоод үзвэл нэг намын дарангуйлал гэж шууд хүлээн авч болохгүй. Эргээд энэ нам ямар үйл ажиллагаа явуулах вэ, сонгогчдод хэр нээлттэй байх вэ, иргэдийн санаа бодолд тулгуурласан ямар бодлого хэрэгжүүлэх, ямар хууль батлах вэ гэдэг нь их чухал

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг талд гарлаа. Үүний эерэг тал нь юу байж болох вэ?

-Парламентын баталж байгаа хууль, Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд, түүнийг хэрэгжүүлж байгаа байдал зэрэг нь нэг бодлогоор,нягт уялдаатай явж, хүлээж байгаа үр дүн нь ойлгомжтой, тодорхой байх зэрэг давуу талууд байж болно. Гэхдээ нөгөө талаас үүнд хяналт байх ёстой. Дээр хэлсэн. Парламентад суудалтай болон суудалгүй сөрөг хүчнүүд нэгдэж голлож байгаа намын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох алхмыг маш эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн улс төрийн намаар хяналтыг ойлгож болохгүй. Иргэний нийгмийн байгууллагууд, дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид байна. Бүр сонгогчид, ард иргэд өөрсдөө энэ тохиолдолд хяналтыг сайн тавьдаг байх ёстой. Ямар нэг алдаа дутагдлыг засч залруулах бодлогын шийдлүүдийг танилцуулдаг байх учиртай.

Парламентад олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж байна, дээрээс нь тухайн намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч боллоо гээд хэн нэгний үгийг сонсохгүй харанхуйгаар зүтгээд явна гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд ажлын хэсэг ажиллаад явж байна. Чиг үүргийнхээ хүрээнд сонгогч олны итгэлийг хүлээж сайн ажиллах үүрэгтэй.

-Нэг талаас МАН дээр бүх ачаа ирж, цар тахлыг амжилттай давах сорилттой тулгарч байгаа учир хэрхэн ажиллахаас хамаарч намын нэр хүнд, дараагийн сонголтын асуудал шийдэгдэх болов уу?

-Тийм. Нэг нам парламентад олонх болох, Засгийн эрхийг барих зэрэгт тухайн нам маш сайн ажиллаж чадах юм бол том боломжийг бий болгодог. Иргэдийн итгэлийг авч сонгогдсон нам маш зөв шийдвэрүүдийг гаргах, оновчтой хувилбаруудыг санал болгож явах нь дараа дараагийн сонгуулиудад өндөр үнэлгээ авах, дахиад дараагийн сонгуульд эрх барих боломжийг ч олгож болох юм. Тэгэхээр МАН энэ тохиолдолд маш сайн хичээж ажиллахаас өөр аргагүй. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нь туйлаас чухал юм. Олон нийтийн өндөр хяналт байж, эргээд дүн тавих болно шүү дээ.

-Улс төрийн намуудын санхүүжилт, төсөв мөнгийг шилэн болгох, үүнд хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстойг зарим улстөрч шаардаж байгаа. Энэ нь хэр чухал асуудал вэ?

-Сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь эргээд хэд хэдэн асуулт, магадгүй хардлагыг бий болгож байна. Жишээ нь, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой, төсвийн мөнгө үнэхээр шилэн, хяналттай байж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирээд байна. Тэгэхээр намын санхүүжилтийн хувьд сонгуульд маш их хэмжээний мөнгө зарцуулах, иргэд сонгогчдын саналыг маш ихээр худалдаж авах, тэдэнд нөлөөлөх оролдлогыг хийх, элдэв амлалт өгөх, дарамтлах зэрэг асуудлууд байсаар байгаа нь туйлын харамсалтай юм. Ялангуяа, ковидын нөхцөл байдал үүссэнээс хойш төсвийн зарцуулалт, түүнд хяналт тавих оролцоо зэрэг нэлээн асуудалтай болчихлоо. Жишээ нь, ковидын эсрэг чиглэж байгаа төсөв мөнгөний зарцуулалт юу болсон бэ, халдвар хурдацтай тархсан энэ цаг үед яаралтай ямар арга хэмжээнүүдийг авах юм зэрэг асуудал дээр бодлогын шийдлүүдийг гаргахгүй, харин наадам хийх үү, үгүй юү гэх зэргээр яриад сууж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Сонгуулиас сонгуульд хэн их мөнгөтэй, хэн их сонгуулийн кампанит ажлыг мөнгөөр хийж байгаа тэр нэр дэвшигч, нам ялдаг урвуу хамаарал, чиг хандлага дэлхийн улс орнуудад ажиглагдаж байна. Тэр хандлага манайд байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Сонгуулийн тогтолцооны хувьд томоохон улс төрийн намуудад илүү ашигтай, олон нийтийн санал гээгддэг, шударга бус зарчмаар хуваарилалт хийгддэг зэрэг шүүмжлэлүүдийг хэлдэг. Энэ тухайд?

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг судлаачид нэлээн дэвшүүлж байгаа. Жишээ нь, бид мажоритар тогтолцоотойгоор сонгуулийг явуулах тусам нэгээс хоёр нам парламентад давамгайлдаг хандлага байсаар байна. Үүний хор уршиг нь цөөхөн сонгогчийн санал парламентад төлөөлөлтэй байдаг. Үлдсэн ихэнх сонгогчийн санал гээгддэг зэрэг сөрөг тал байдаг. Сүүлийн үед ажиглагдаж байгаа бас нэг зүйл бол сонгуулийн кампанит ажлын сурталчилгааны үед сонгууль хийгдэнэ гэхээс илүү урьдчилаад сонгуулийн далд сурталчилгаанууд маш их явуулдаг болсон. Сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор олон үйл ажиллагаа хийдэг. Энэ мэт хар буруу технологиуд ихээр ажиглагдах боллоо. Яваандаа, ийм байдлаар үргэлжлээд, хязгаарлаж чадахгүй бол манай улсын ардчилал, сонгуулийн мөн чанар, төлөөллийн зарчим алдагдах сөрөг талтай.

Энэ бүхнээс иргэдийн улс төрийн мэдлэг боловсролыг маш яаралтай нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа, сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, энэ хүн яг юу хийх вэ гэдэг бодлогыг сонгож сонголтоо хийдэг болох хэрэгтэй. Өмнө нь ямар нэг байдлаар мөнгө тарааж санал авч байсан, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгохгүй байх, татгалзах зэрэг хариуцлагатай сонголт хийдэг болох шаардлага зайлшгүй тулгамдсан байна. Иргэд сонгогчдыг мэдлэг боловсролтой болгохоос гадна сонгууль зохион байгуулдаг арга технологи, саналыг луйвардаж авдаг элдэв бохир технологиудаас салгах, ялангуяа, санал хураах байрны хүртээмжтэй байдал, сонгогч саналаа нууцаар гаргах хэр боломжтой зэргийг шийдвэрлэх шаардлага бий. Энэ бүхэн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа, ажиглалтуудаас нэлээн харагдаж байна.

Г.БАТЗОРИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар нохой өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 19, Санчир гариг. Билгийн тооллын 9, Тугчин одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бороо, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс, Монгол-Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Тарилга ашиглаж унгарил буюу модны хөвөнг арилгана

Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн улиас мод нь олон сайн талтай экологийн үр ашиг өндөртэй ургамал. Гэвч эм улиас модны үр хөврөл буюу унгарил хийсэх үзэгдэл нь нийслэлчүүдийн дунд тулгамдсан асуудлын нэг билээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас модны дохиурын тоосжилт, унгарил тархахаас сэргийлэх арчилгааны бүхий л аргуудыг шат дараатай хэрэгжүүлж унгарилын тоог бууруулах ажлуудыг хийсээр байгаа билээ. Тухайлбал Модыг зөв хэлбэржүүлэх, Молцог түүх, Унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийдэг.
Эдгээрээс гадна сүүлийн үед шинээр нэвтрээд буй модны унгарилын гарцыг 90% бууруулдаг тариа ашиглахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Эхний ээлжид 2000ш улиас модонд хийхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллагатай уулзаж байршил, болон бусад асуудлыг хэлэлцлээ. Эхний ээлжид хотын төвийн болон хязгаарлагдмал хэрэгцээний буюу цэцэрлэг сургууль, орон сууцны дунд байрлах моднуудад хийхээр судалж байна.

Тарилгыг товч тайлбарлавал:
Бутлаг төрлийн модны биологийн онцлог шинж чанарт тулгуурлан ургамлын өсөлт идэвхжүүлэх эмийг ашиглан, нахианы хуваагдлын үед нь /5-7 сард/ эмийн бодисыг модны их бие рүү нь хийснээр идэвхтэй бодисууд их биеэр дамжин тархаж бүхэл модны өсөлтийн хэсэгт хүрч модны уг гормоны байдлыг эвдэж, нахианы хөвөн хийсэх үзэгдлийг эхний жил 20%, түүнээс хойш жил бүр тогтмол 90%-тай бууруулдаг. Дахин тарих шаардлагагүй.

Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА

Categories
мэдээ эдийн-засаг

“Дархан хөвөн”, “Ариг гал”-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 350,623,826 төгрөгийн үнийн дүн бүхий 584,472 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Дархан хөвөн” (DAH+11.39%) болон “Ариг гал” ХК (EER+6.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан зочид буудал” (DZG-11.76%) болон “Монгол шуудан” ХК (MNP-11.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 147,325 нэгж эрхийг 29.5 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр, мөн 210 үнэт цаасыг 21,000 ам.доллараар арилжив. ТOП-20 индекс 1.52 хувиар буурч, 31909.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,636,560,549,994 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт хоёр булгийн эхийг цэвэрлэж, ундаргыг нь сэргээжээ

Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Базарсадын Сүрэнхорлоогийнх сумынхаа нутаг дэвсгэрт орших хоёр булгийн эхийг цэвэрлэн, эх ундаргыг нь сэргээжээ. Энэ талаар малчин Б.Сүрэнхорлоотой утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.

“Манайх 2008 онд Арын ус, 2016 онд Цэдэвийн ус гэсэн хоёр булгийн эхийг цэвэрлэж буурь гаргасан. Эдгээр булаг нь ширгэсэн байсныг арчилж тордон, эх ундаргыг нь сэргээж устай болгосон. Ингэснээр ус ховор газарт усны асуудлыг шийдвэрлэсэн.

Баруунтуруун сум Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болохоор малын бэлчээр, усны хүрэлцээ их муу байдаг. Манай сумын малчид ихэвчлэн Хужирт, Хар цагаан усаар нутагладаг. Малчдын хувьд тариан талбай руу мал оруулж болохгүй. Иймээс малаа байнга хариулгатай байлгах шаардлагатай. Манайх хар цагаан ус орчмоор нутаглаж, энэ хоёр булгийн эхээ бараадан малаа маллаж байна.

Би 60 настай. Эхнэр Б.Эрдэнэгэрэл маань 58 настай. Манайх дөрвөн хүүхдийн гурав нь тусдаа гарсан. Манайх 500 орчим малтай. Энэ жил сайхан өвөл, хавар болсон. Зун ч гэсэн хур бороо элбэгтэй, сайхан болж байна. Бод, бог гэлтгүй бүх мал төллөөд дууссан. Энэ жилийн хувьд ямааны ноолуур үнэтэй гарч, малчин бидний амьдралд их дэм боллоо. Нэг кг ноолуурыг газар дээрээс нь 120 мянган төгрөгөөр авлаа. Одоо энэ халдварт өвчин хурдан намжиж, сайн сайхан цаг ирэх болтугай гэж бодож байна” хэмээн малчин Б.Сүрэнхорлоо хэллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говийн бүсэд ногоон хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчим хүч, зам тээвэр, уул уурхайн салбарын дэд бүтцийн томоохон төслүүдтэй хослуулж чадвал Монгол Улсын өмнөд бүсийн аймгууд тогтвортой хөгжих боломжтой гэж өнөөдөр болсон “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид орон нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар санал солилцож, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн туршлага, сургамжаас хуваалцсан юм.

“Монгол Улсын хөгжилд үзүүлж буй түншлэлийн үр нөлөөг тогтвортой хадгалж, цаашид өргөжүүлэхэд төсөл хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлага чухал үүрэгтэй.” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Орон нутагт төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан шилдэг туршлага, сургамжаа хуваалцах боломжийг хамтран ажиллагч талууддаа олгох, тэдгээрээс суралцах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор бид энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээн тодруулав.

Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсийн цуврал уулзалт-хэлэлцүүлэг Өмнөговь, Дорноговь, Дундговь болон Говьсүмбэр аймгуудыг хамарсан Говийн бүсийн арга хэмжээгээр эхэллээ. Оролцогчид эдгээр аймгуудад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй үр нөлөөтэй танилцав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хүн ам, оршин суугчдын хэрэгцээг хангахад аймаг, сумдын нийтийн аж ахуйн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх АХБ-ны төслүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт өмнөд бүсийн тогтвортой хөгжлийн бодлого, АХБ-наас үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын төлөөлөл, 4 аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгээр худалдааг хөнгөвчлөх, ложистик, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг АХБ-наас тухайн орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны голлох чиглэлүүдийг хөндөн ярилцлаа. Мөн аймгийн засаг дарга нар өөрсдийн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, нийгэм болон байгальд ээлтэй тогтвортой өсөлтийг хангах бодлого болон АХБ-ны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.

Эртний домогт говь нутаг Монгол орны өмнөд хэсэгт тэлэн орших бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийн төв болоод буй. Эрдэс түүхий эдийн баялаг ордууд, уул уурхайн шинэ төслүүд нь орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн юм. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг холбосон тээвэр, худалдааны коридор өмнөд бүсийг дайран өнгөрдөг нь Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтыг Монгол Улсын хамгийн ачаалалтай боомт болгодог.