Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг

2021 оны зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ

Сүхбаатар аймгийн бүх суманд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Энэ сарын 20-ны өдрийн мэдээллээр, Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгдсэнээр тус аймаг улаан бүс болсон байна.

Өмнө нь Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдэж, Сүхбаатар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 болжээ. Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж буйн дотор 58 хүүхэд байсан аж.

Тус аймагт энэ сарын 19-ний өдөр Covid-19-ийн 33 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 590 хүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус аймгийн Баруун-Урт 18, Наран 11, Онгон хоёр, Халзан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр нь бүгд ажиглалтад байсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтагчид аж.

Сүхбаатар аймагт тусгаарлах байр, гэрийн ажиглалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс авах тандалтын шинжилгээ үргэлжилж буй юм байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч тус аймгийн Онцгой комиссоос ямар нэг шийдвэр гаргаагүй, улмаар “Улсын Онцгой комиссын шийдвэрийг харж байна” гэсэн хариу өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжинд гацсан 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ.

Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хилийн Эрээн өртөөнөөс зургадугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд буюу өнгөрсөн ес хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан байна. Энэ оны зургадугаар сарын 8-ныг хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг ийнхүү хоёр дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зуу зуун хүний амиар 100 жилээ тэмдэглэх нь арай харгис уу

Наадам хотод болох юм байна. Аймаг, сумдын наадмыг хориглосон учир хөдөөний уяачид, бөхчүүд тэр чигээрээ Цэнгэлдэхэд, Хүй долоо худагт цуглах юм байна. Урьд хожид үзэгдээгүй тийм их уяач, морь, морины хүүхэд, машин техникийн бөөгнөрөл болох нь. Хурдан морийг хүн уядаг, хүүхэд унадаг болохоор хамт ирнэ биз дээ. Бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгөө зориулсан уяач бүхэн заавал уралдахыг бодно. Ганц боломж нь энэ зуны тухайд Хүй долоо худаг болжээ. Долдугаар сарын 1-нээс хойш Хүй долоо худагт ер нь юу гээч болж бантагнах бол. Төр засгаас хүн олноор бөөгнүүлж, халдварын эрсдэл нэмэхгүй гэж наадмыг хорьсон гэж бодож байгаа. Гэтэл эсрэгээрээ ингэж л харагдаад байх юм. Дагуулж тонгорно гэдэг шиг хөдөөд нь хорьж, хотод нь бөөгнүүлж, МАН-ын 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа сүр жавхлантай хийх нь.

Бөхчүүд мөн адилхан. Аймаг, сумын цол авна гэж бүтэн жил бэлтгэл хийсэн. Үүнийгээ талаар болгохгүй. Ядаж 100 жилийн ойн их баяр наадмын бөхийн дансанд нэр, цолоо мөнхөлье гэнэ. Бөхчүүд ийм зүйлд хэзээнээсээ их ач холбогдол өгдөг юм. Геннисийн номонд бичигдэнэ гэсэн чинь алс хязгаар Ховдын Булганаас хүртэл арваараа ирээд, нийслэлийг зодог шуудаг бүсэлсэн харчуудаар дүүргэж алах шахаагүй юу. Ардын хувьсгалын 100 жилийн ойн 1024 бөхөд үүнээс дутахгүй ач холбогдол өгч байгаа нь лав.

Дээр нь Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 900 харваач нум сум харвана гэж байгаа. Төрийн хүндэтгэлийн олон арга хэмжээ дуулдана. Баярын хурлаас эхлээд 100 жилийн ойн бүх оддын тоглолт, ахмад, дунд, залуу үеийнхний уулзалт, чөлөөт нислэгийн үзүүлбэрүүд… юу юу ч гэнэ вэ, тоолж барахгүй олон арга хэмжээний хөтөлбөр нууц түвшинд байна. Хөтөлбөр, төсөв нь хэдүйн батлагдчихсан байна. Энэ бүгдийг чимээгүйхнээр зохион байгуулчихъя гэж тохирчээ. Наад зах нь наадмаар 100 жилийн ойн медалиа гишүүддээ зохион байгуулалттай зүүж өгөх, түүнийг нарийн сайн зохион байгуулах үүргийг хот, дүүрэг, хороо, аймаг, сум, баг, жалгын намын үүрүүддээ аль хэдүйн үүрэгдчихсэн одоо бужигнаж байна.

Энэ их хөл хөдөлгөөн бүхэн коронагийн халдвар, нас баралтын түвшин. Ингэж ер нь яах гээд байгаа юм бэ, МАН-ынхаан. Ийм юмны эцсийн үр дүн нь үхэл хагацал их болчихоод байгааг саяны сонгуулиас ойлгоогүй байна уу. Энэ муу тахал яах вэ, зуун жилдээ ганц тохиох намынхаа их ойг үзэл суртлын өндөр түвшинд тэмдэглэнэ шүү гэсэн өвгөчүүл МАН-ын цагаан байраар дүүрэн байгааг, дунд, залуу үеийнхэн нь дэмжээд гүйж байгааг харахаар аймаар байна. “Баярла, дараа нь үх” гэсэн үзэл суртал нэвт үнэртээд байх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын хөөр, намын 100 жил, Ардын хувьсгалын 100 жил гэж хийрхээд энэ намд, энэ эрх баригчдад сэхээ алга болчих шиг байна. МАН-ынхан гэж Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаараа гоё хээнцэр, баян чинээлэг харагдахын хүслэн болсон хүмүүс. Эхнээсээ эхнэр хүүхэд, найз охиддоо авч өгч буй гоёл зүүсгэл, дээл хувцас нь зуу зуун саяын үнэтэй юмнууд дуулдана. Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын индэр дээр суухдаа өмсөх гоё дээл, үнэтэй утсандаа анхаараад юун ковидтой манатай боллоо. Хүй долоо худагт гоё гэр барьж, үнэтэй машинаа харуулахсан гэж амь нь тэмцэцгээж байгаа сурагтай. Ингэж ард түмнээ доромжилж, дорд үзэхгүй ээ, МАН-ынхаан.

Ер нь бол наадамдаа ч гол нь биш, МАН-ын 100 жилдээ гол утга учир нь байгаа бололтой. Нам засгийнхаа ач ивээлээр хоолонд хүрснээ харуулах гэсэн залуу дарга нар нь намынхаа цагаан байшин руу уут уутаар хандивын мөнгө барин гүйлдэж байгаа гэх. Ард түмэнд дутаж байгаа бүхэн энэ намд илүүдэж байдаг Монгол юм аа.

Үнэн хэрэгтээ иймдээ хүрэх үнэ цэнэтэй намын 100 жилийн ой мөн үү. Зарим монголчуудын хувьд бараг жигшин зэвүүцэж буй ойн арга хэмжээ. Өвөө эмээг нь, аав ээжийг нь, ах эгчийг нь, үндэсний соёлыг нь, үндэстний сэхээтнүүдийг нь, үнэт зүйлийг нь хүртэл үр үндэсгүй болтол хүйс тэмтэрч байсан улс төрийн хүчний тэгш ой юм. Үүнийг эсэргүүцэх хүмүүс байгаа, тэдэнд тэртээх 1937 оны түүхийг ганц шөнө уншчих гэж хэлье. Энэ намын түүх бол хатуу ширүүн, харгис хэрцгий, цусан замтай, 30 мянган хүний амиар босч ирсэн түүх. Монголчуудыг бүтэн 70 жил үзэл суртал, матаас залхаалт дунд авч явсан түүх. Шөлний ганц хонинд сөхөрсөн, насны минь эцэст нам засаг минь намайг тэжээнэ гэсэн цор ганц итгэл найдвартай, эсгий бүрээстэй бор гэрээс өөр хувийн өмчгүй, ядуу зүдрүү, өлмөн зэлмэн амьдарсан он жилүүдийн түүх. Бидний монголчууд ийм л нийгмийг байгуулж явсан МАН-ын 100 жилийн ойд том бэлэг барилаа. Тэр нь юу гэхээр энэ намд улс орныхоо бүх эрх мэдлийг сонгуулиар өглөө. Хувь заяагаа тэдний гарт атгууллаа, ардчиллыг хөсөр хаялаа. Хувь хүний эрх чөлөөгүй, үзэл суртлын хатуу хяналттай, нэг намын буулган дор гундуухан амьдарч байсан монголчууд арайхийн зах зээлийн нийгэмтэй залгасан юм. Тэр бол ерэн оны хувьсгал. Ардчилсан хувьсгалаар зах зээлийн нийгэмд шилжиж байж л монголчууд түүхэндээ анх удаа өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, аж ахуйтай, сая доллар ярьж, Америкт аялдаг болцгоосон. Өнөөдөр ардчиллыг зүхэж, МАН-ыг мандуулагсад бүгдээрээ ардчиллын үр шимийг үзэж, үр хүүхдээ баруунд сургаад авсан бэртэгчингүүд. Ядаж үр хүүхдийнхээ сайн сайхан явааг өмнөх нийгэмтэй хийгээд өнөөдөртэй харьцуулж бай гэж тэдэнд хэлмээр санагддаг.

Монголыг гундаасан цөвүүн цагийн энэ нам ингэж сүрхий 100 жилийн ой тэмдэглэх хэрэггүй байна. Тэмдэглэхдээ иргэдээ зуу зуугаар нь үхүүлж, 100 жилийн ойн баяраа хийх нь арай харгис уу, үгүй юү. МАН ялалт бүртээ бяр орж, юуг ч тоохоо больжээ. Зургаахан сарын өмнө Монгол Улс нас баралтгүй, халдвар мэдрэгдэх төдий, дэлхийн хамгийн цэвэрхэн улсаар нэрлэгдэж байлаа. Тэгсэн өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд намын баяр, намын 100 жилийн ойн эхлэл хэмээн нийгмийг хамарсан аварга том арга хэмжээнүүдийг зохион байгуулж, намын цагаан байрандаа өдөр бүр хэдэн зуугаар нь хүмүүс цуглуулан бэлэг тарааж, дуулж хуурдсан. Тэр дороо намынх нь байранд байсан хүмүүсээс 50, 60-аар тоологдох халдварууд илэрч, түүнийгээ нам дарж нууцалсан. Өнөөдөр нэг ч хүн үхэхгүй байх боломж Монголд байсан юм шүү. Гэвч энэ их үхэл хагацал, халдвар тархалтууд тэрхүү гуравдугаар сарын 1-ний намын баярынх нь нийгмийг хамарсан шоунаас эхэлсэн юм.

Өнөөдөр МАН-ын зүгээс Монголын нийгмийг үзэл суртлын золиос болгож байна. 100 жилийнхээ ойгоор УИХ-ын сонгуульд ялна. 100 жилийнхээ ойн наадмыг өөрийн Ерөнхийлөгчөөрөө нээлгэнэ хэмээн бүтэн жил үзэл суртал хийлээ. Золиосонд нь олон монгол хүний амь нас үрэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болох байсан. Гэвч эрх баригчид бярдаж хийсний гор өнөөдөр өдөр бүр 3000 халдвар илэрч, үхлийн тоо 10-аас давлаа. Шулуухан хэлэхэд, намын баярынх нь арга хэмжээнүүд, сая Ерөнхийлөгчийн сонгууль хоёр цар тахлыг дийлдэхгүй хэмжээнд хүргэлээ. Намынх нь гишүүд үүнийг гадарлаж байгаа. Хөгшин залуугүй үүнийг дотроо мэдэж байгаа. Гэвч хэн нь ч энэ тухай ярихгүй, дуугарвал алуулах учраас. Энэ нь л өөрөө нэг намын дарангуйлал, үзэл суртлын дарангуйлал, дэглэмт нийгэм тогтож байгаагийн тод илрэл юм. Энэ байдал цааш хэвээр үргэлжилбэл нам дотроо өөрсдийгөө барьж идэх хэмжээнд очицгоодог замналтай юм. Ардын намын анхны долоо болох Данзан, Бодоо, Чагдаржав, Лосол, Догсом, Сүхбаатар, Чойбалсан… бүгдээрээ өөрсдийнхний матаасаар Сталины махны машинд хэрчүүлсэн шүү дээ.

Эцэстээ ийм л түүх рүү явдаг, давтагддаг МАН-ынхан өнөөдөр Ардын хувьсгалын 100 жилийн наадмаар индэр дээр гоё дээлтэй, одон медальтай ирийтэл сууцгааж, нээж үг хэлж, нийтээр нь алга ташуулахын төлөө халдварт цар тахлыг тоохгүйд хүрлээ. Энэ их баяр наадам чинь бодит амьдрал дээр ямар ч хэрэггүй цаг үе ирчихээд байна. Цахимаар уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон, өөрсдийгөө тогос шиг гоёсон дарга нар, тэдний авгай хүүхдүүдийг л бид харна. Та нарыг хараад ард түмэн чинь жаргах юм уу. Дархлаа нь сэргээд ковидоос хамгаалагдах юм уу. Өвчин тахалдаа дарлуулчихсан хэдэн муу халтар ард түмэндээ та нар хичнээн гоё харагдаад ер нь яах юм.

Тийм болохоор наад намын 100 жил чинь, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам чинь Монголын ард түмний хувьд цэвдэг хүйтэн цэнгэл болж хувирах нь. Зуу зуун хүний амиар 100 жилээ тэмдэглэх чинь дэндүү харгис байна. Бодит үнэн ийм хойно Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа зогсоо. Наадам хийхээ боль. Энэ жилдээ март. Одоо зөвхөн халдвар тахал, үхэл хагацал, вакцины үр дүн, эдийн засгаа яаж авч гарах дээрээ төвлөрцгөө. Бид амьд үлдмээр байна, тэсч гармаар байна. Нэгэнт хүчээ авсан цар тахал ядарсан Монголоос юуг ч асуухгүй, хяргаад өнгөрнө. Тэр үед яах юм, ирэх жилийн өдийд үхлээ хүлээсэн хэдэн монгол хэвтэцгээж байх юм уу. МАН-ын дарга та нар ч яахав, эхнэр хүүхдээ аваад эх орноосоо зугтацгаачихна. Ард түмэн бид л та нарын баяр цэнгэлийн золиос болоод эх орондоо тийчлээд үлдэнэ. Өөр яах ч билээ, бидэнд эх орноос минь өөр юм байх биш…

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 16-17 насны 3910 хүүхэд вакцин тариулжээ

Өчигдөр буюу 2021 оны зургадугаар сарын 20-нд нийслэлийн хэмжээнд I тунд 770, II тунд 1179, нийт 1949 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856.019 нь II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэсэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


УИХаар энэ долоо хоногт хэд хэдэн хуулиуд хэлэлцэх тов гарсан байна. Та эдгээр хуулиас аль хуулинд ач холбогдол өгч, ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногт Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Кино урлагийн тухай хуулийн төсөл, Соёлын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр тов гарсан байгаа. Эдгээр хуулиудаас ойрын үед ач холбогдол өгч байгаа хуулиудыг дурдвал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээд явж байна. Уг хуулийн төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, зургадугаар бүлэгт “Эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”, 31.1-д заалтыг дурдаж болно. “Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хуулийн этгээд байна” гэсэн заалттай санал нийлэхгүй байгаа. Учир нь сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтын байгууллагын гол технологи байдаг атал энэхүү технологи руу нь төрийн бус байгууллага орж, зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх болж байгаа юм. Зарим хуульчид өөрийн хамгаалсан эрдмийн ажлаа сургалтын хөтөлбөрт оруулахаар шахалт үзүүлэх гэх мэт эрсдэл үүсэх магадлалтай.Төрийн дээд боловсролын бодлогын гол чиг үүргийг төрийн бус байгууллага авахаар байгаа нь харагдаж байна. Боловсролын яамны харьяанд Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл ажилладаг.

Тус байгууллага чиг үүргийн хүрээндээ хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг хийдэг. Төрийн бус байгууллага магадлан итгэмжлэл хийгээд байвал дурын төрийн бус байгууллага дор бүрнээ өөр өөрийн чиглэлээр дээд боловсролын магадлан итгэмжлэл хийж болохоор буруу жишиг тогтох талтай юм.

Та Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулийн төслийн агуулга ямар байх тухайд тодруулахгүй юу?

-Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын хамт санаачилсан юм. Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Зарим улс орон энэхүү баярыг үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр ирсэн. Тэдгээр улс орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, өөр хоорондоо ном уншиж өгч, зохиолч, нийтлэгчид өөрсдийн номоо түгээн дэлгэрүүлэх гэх мэт янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан. Иймд нийгмийн хэрэгцээ, шаардлага, соён гэгээрлийн сайн сайхны төлөө нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний номын баярын өдөр”-тэй болох нь зүйтэй юм.

Хуулийн төсөл хуульд нэмэлт оруулах хэлбэрээр боловсруулагдсан ба Нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Номын баярын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэх юм. Ингэснээр иргэд болон хүүхэд багачууд ном унших идэвх санаачилга нэмэгдэж, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг сурталчилж, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлж, хүний хөгжлийг дэмжинэ. Номын баярын өдөр нь бүх нийтээр амрахгүй уг өдрийг бямба, ням гаригт буюу амралтын өдөр тааруулж хийнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болох гэж байна. Та энэ хуулинд ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Энэ хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцох талуудын эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой, тэнцвэртэй байдлыг хадгалах зорилготой маш чухал хууль юм. Хөдөлмөрийн харилцаа нь гурван талын харилцан тохиролцоон дээр үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас эхэлдэг. Энэ хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Жишээ нь, Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хорин тав ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрны 4 хувиас доошгүй тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй бол зохих орон тоо тутамд оногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санд төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн байна.

Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Би өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл болон тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүдтэй хамтран санаачлан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан байгаа. Үүнээс дурдвал, Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай тогтоолын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, Ойн болон шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг Улсын Их Хуралд өргөн барьж баталлаа. Зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ. Мөнгөний бодлогын хүрээнд 2020 оны туршид бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан зургаан хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах замаар эх үүсвэр чөлөөлж, урт хугацаатай, зорилтот репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж ашигласнаар зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлэв. Ингэснээр шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны 4 дүгээр сард жилийн 15.0 хувь болсон.

Одоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явна. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар нарын хамтаар өргөн барьсан юм. Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн “төлбөр тооцоо” гэснийг “мөнгөн хөрөнгийн шилжүүлэг” гэж өөрчилсөн. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж, баталсан ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгасан. Түүнчлэн харилцах дансыг нэр томьёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар зохицуулалт хийсэн.

Мөн Музейн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан байгаа. Монгол Улс анх удаа Музейн тухай хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдах нөхцөл бүрдэж байна. Түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын үнэт зүйлийг хамгаалах, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж сайжирч нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн музейн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэгийн орон зай болж хөгжих суурь тавигдах юм.

Одоогоор Соёлын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа Боловсролын багц хууль дээр анхаарлаа хандуулж ажиллах болно. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүүхдийг бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж түүнийгээ чанартай хэрэгжүүлж, тогтвортой явуулах хэрэгтэй.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 онд хамрагдаж эхлэхдээ төсвийн алдагдал, зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар үүрэг амлалт авснаар, тэтгэврийн даатгалын шимтгэлд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүр долоон хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сард тус бүр 2.5 хувиар нэмэхдээ үе шаттайгаар шилжих зохицуулалт хийсэн байгаа. Энэ зохицуулалт нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тусгагдсан. Тодруулбал, 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 онд тус бүр 9.5 хувийн шимтгэл авахаар үе шаттай зохицуулсан юм.

Энэ хуулийн өөрчлөлтийг 2017 оны дөрөвдүгээр сард болон 2019 оны 12 дугаар сард тус тус хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үед дэлхийг хамарсан одоогийн цар тахлын аюулыг урьдчилан харах боломжгүй, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал 2020, 2021 ондоо үргэлжилнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй байдалд байсан. Тиймээс өнөөгийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг харгалзан бид энэ хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн заалтыг тодорхой хэмжээгээр бууруулах зохицуулалт хийсэн. Ингэснээр тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүрээс нэг хувь буурч, нийт хоёр хувиар буурсан байгаа.

Ковидын нөхцөл байдал хүндэрч байна. Манай улсын эдийн засгийн сүүлийн үеийн үзүүүлэлтүүд ямар хэмжээнд хүрсэн тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын эдийн засаг “Ковид-19” цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн. Гэвч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшсан. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авсаар байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Цар тахлын улмаас экспорт буурч үйлдвэрүүд ажиллахад тун хүнд байна. Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар уналтад орвол улсын төсвийн орлого буурч эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тээврийн салбарт шууд нөлөөлдөг бөгөөд бүх төрлийн тээврийн орлого өмнөх онуудаас буураад байна. Эдийн засгийн өсөлт суларсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох нүүрсний экспортын орлого 2.5 дахин алтны экспортын орлого 2.4 дахин, зэсийн баяжмалын орлого 1.4 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.

“Ковид-19” цар тахал нь өрхийн орлого, ажлын байр, хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр хариуцлагатай байх нь маш чухал. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ зөв сахин маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барин, хувийн ариун цэврийг чанд сахих нь бидний үүрэг юм. “Ковидгүй зуны төлөө” иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй зөв сахицгаая гэж уриалмаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 21-нд Улаанбаатар хотод явуулын 7, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллана. 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, Хонгорцог одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын
гишүүн Б.Энхбаяр “Цэц хөгжил,
шинэтгэлийг дэмжигч байх ёстой
болохоос гацаагч байж таарахгүй” хэмээснийг I, II нүүрээс уншаарай.

Иргэн А.Амарсанаа “Коронавирусээр
өвчилсөн үед танилгүй, мөнгөгүй л
бол гэртээ үхэх юм байна гэдгийг
биеэр мэдэрлээ” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан
холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бодлогоо хэрэгжүүлэх
төлөвлөгөө бол хөгжилд хүрэх
газрын зураг нь юм” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Мандал” санхүүгийн
нэгдлийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг “Монголын ардчиллыг тогтоож үлдээх эсэх
нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроос л шалтгаална” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

Морин хуурын
чуулгын менежер, морин
хуурч Ж.Уугантуяа “Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор
завшаан, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан” хэмээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ