Categories
гадаад мэдээ

С.Шойгу, С.Лавров нарын нэрийг дэвшүүлжээ

ОХУ-ын Төрийн Думын сонгууль есдүгээр сарын 19-нд болно. Энэхүү сонгууль нь тус улсын төрийн тэргүүн В.Путины 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх мэдэл, засаглалаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Нэгдсэн Орос намаас нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэхүү жагсаалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар тэргүүлсэн. Ажиглагчдын үзэж буйгаар В.Путин нь С.Лавров, С.Шойгу нарын нэрийг дэвшүүлсэн нь Нэгдсэн Орос намыг дэмжигчдийг нэмэгдүүлэх зорилготой гэжээ. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн жил В.Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжоо нээсэн билээ. Хэрэв тэрээр сонгуульд ялалт байгуулбал 2036 он хүртэл тус улсыг хаших эрхтэй болж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Үер усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо орсон тул үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх зөвлөгөөг хүлээн авна уу.

ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  1. Ундны ус
  2. Илчлэг хоол хүнс
  3. Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  4. Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
  5. Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
  6. Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  7. Түлээ түлш
  8. Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  9. Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх

10. Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
  • Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
  • Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу цсны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ нисэх буудал – Автобусны маршрут

Улаанбаатар хотын Шинэ нисэх буудал – ЧИНГИС ХААН ОУНБ-ын нээлтийн нислэг МИАТ ТӨХК-ийн долдугаар сарын 4-ны өдрийн Улаанбаатар – Токио чиглэлийн нислэгээр эхлэх болсныг дуулгахад таатай байна.

Шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобусны маршрутыг танд хүргэж байна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудлын лавлах 1900-1980-аас лавлаарай.

газрын зураг гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эхэнд минж тавилаа

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.

мод болон байгаль гэх мэтийн зураг байж болно

Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ.

Энэ жил нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг Туул голд тавилаа. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцно

Банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлын хүрээнд банкны харилцах дээр байгаа хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт хийх захиргааны арга хэмжээг Цар тахлын тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан.

Энэ хүрээнд банкууд хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж байна.

УИХ-аар энэ долоо хоногт Цар тахлын тухай хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Хэрэв хуулийг дахин сунгавал банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт мөн үргэлжилнэ. Зарим гишүүний хувьд Цар тахлын хуулийг дахин сунгах шаардлагагүй гэдгийг хэлж буй юм.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Урантунгалаг “Токио-2020” Олимпийн наадмын эрхээ авлаа

Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг “Токио-2020” Олимпийн наадмын эрхээ өчигдөр авлаа.

Парис хотноо болж буй “Токио-2020” Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг

  • 1/48 тойрогт гоц мөргөж,
  • 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж,
  • 1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж,
  • 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж,
  • 1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.

Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпийн эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.

Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпийн наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

​Израйль улс лазерын зэвсгээр дрон устгаж чаддаг болсноо зарлажээ

Өчигдөр буюу Даваа гаригт Израйль улсын батлан хамгаалах яам өндөр чадлын лазерын туяа ашиглан дайсны дроныг устгаж туршсанаа зарлажээ.

Image

Өнгөрсөн долоо хоногт болсон туршилтын үеэр нисэх онгоцонд суурилуулсан лазерын зэвсгээр өөр өөр өндөр, зайнд нисэж явсан хэд хэдэн дроныг унагаж чадсан байна.

Израйлийн батлан хамгаалах яам, тус улсын зэвсэг зохион бүтээгч Elbit Systems компани уг туршилтыг гүйцэтгэжээ.

Ийм хүчин чадалтай дэлхийн анхны улсуудын нэг болсноо Израйлийн батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Израйлийн армийн судалгаа хөгжүүлэлтийн хэсгийн тэргүүн, бригадын генерал Янив Ротем “Израйл улс анх удаа ийм зэвсгийг амжилттай туршлаа. Дэлхийд анхных ч байж магадгүй” гэж Йерусалем Пост сонинд ярьжээ.

Лазерын шинэ зэвсэг нь маш хүчтэй, өндөр нарийвчлалтай, цаг агаарын ямар ч нөхцөлд байгаа онох чадвартайг тэр онцолсон байна.

Туршилтын үеэр нэг километр орчим зайнд байг устгаж үзүүлсэн бөгөөд энэ зай цаашдаа хэдэн арав, зуун километр болон нэмэгдэх боломжтой гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ө.Ганзориг: Монголын ардчиллыг тогтоож үлдээх эсэх нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроос л шалтгаална

-ЖИРИЙН ИРГЭДИЙГ ТОМ КОМПАНИУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛГОЖ МӨНГӨЖҮҮЛЭХ НЬ МИНИЙ ИРЭХ ХОРИН ЖИЛИЙН ТОМ АМБИЦ-


Мандалсанхүүгийн нэгдлийн ТУЗийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


Иргэн бүрд банкны эзэн байх боломж бий, баялгийн шударга хуваарилалт хийе гэх мэт мессэж чинь олны анхаарлыг татаад эхэлчихлээ л дээ. Нөгөө талд Засгийн газрын тэргүүн, төрийн эрх мэдэлтэй зарим нэг хүн баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой гээд уул уурхайгаас орж ирсэн мөнгийг зүгээр л тэгшитгээд тараагаад уналаа. Баялгийн шударга болон тэгш хуваарилалтын ялгаа нь юу юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Өнгөрснөө эргээд харахаар би Монголын санхүүгийн зах зээлийн 20 жилийнх нь түүхийг бичилцчихэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чигт нэлээд ажил амжуулсан байна. Таны сая асуусан баялгийн шударга хуваарилалт бол миний ирэх 20 жилд зорьж хийх том ажлуудын нэг. Би ирэх жилүүдэд баялгийн шударга хуваарилалтаас гадна тэтгэврийн реформ, иргэдэд том корпорациудын эзэн болох боломжийг нээсэн хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр ажиллана. Баялгийн тэгш хуваарилалт гэсэн үг хэний ч амнаас гарах ёсгүй. Бид тэгш байдаг нийгэмд 70 жил аж төрөөд бүтэлгүйтсэн. Тэгш байх нь сүйрэл гэдгийг ойлгоод шударга гэдэг нийгэм рүү орж яваа улс. Хүн бүр тэгш боломжтой амьдрахыг л шударга гээд байгаа юм. Аа харин тэгш хуваарилалт бол сүйрэл. Шуудхан хэлэхэд, социализм. Тэгш боломж гэдэг чинь ардчилал.

Бас л шуудхан асууя. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа чөлөөт зах зээл гэж байхгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн удаатай. Энэ мэт өнгө хандлагаас нь анзаарахад шударга биш тэгш хуваарилалт хийчих вий гэсэн болгоомжлол төрөөд байх юм, танд тийм болгоомжлол төрөхгүй байна уу?

-Би харин ч сайнаар харж, эерэгээр ойлгож байгаа. Монгол Улсын 30 жилийн түүхэнд анх удаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг намаас сонгогдлоо. Та бодоод үз дээ, бусад Ерөнхийлөгч нарт ямар эрх байсан билээ? УИХ, Засгийн газар нь өөр нам учраас юм хийх гэхээр хөдөлж чаддаггүй байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав төрийн өндөр суудлуудад суучихлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр шударга ёсыг тогтооно, хонгилыг нураана, МАНАН-г арилгана гэж гарч ирсэн. Энэ зарчмаа дагаад явбал ийм хүчтэй нэгдэлд реформ хийх асуудал биш. Тэр утгаар нь би эергээр харж суугаа, найдаж яваа.

Өнөө л цүнх баригчдаараа тойрон хүрээлүүлээд өмнөх өнгө маягаараа явчихвал яах уу?

-Энэ том эрх мэдлийг өнөө л МАН маягийн намчирхсан, жалгархсан, нутгархсан, ах дүүрхсэн өнгө янзаараа ашиглавал 2024 он гэхэд манай улс сүйрнэ. Би Хэнтийнх юм чинь Хэнтийн залуус дарга болох ёстой гээд явчихвал энэ улс жинхэнэ диктатур руу гулсаж орно.Нэг л мэдэхэд улсаараа Венесуэл болж үндэсний аюулгүй байдал алдагдана. Монгол өнөөдөр гуравхан сая хүнтэй. Гурван сая хүнээ 300 хүнтэй сумынхаа түвшинд аваачихгүйхэн шиг аж төрүүлж, цүнх баригч, найз нөхөд, нутаг усныхандаа давуу эрх олгодог байдлаа зогсоож, бүх иргэддээ тэгш боломж олгохын төлөө ажиллах эсэх нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүнээс л шалтгаална. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний үе. Бизнес, эдийн засаг сайн мэдэхгүй ч улс төрөө сайн мэднэ. Харвард төгсөөд шууд Монголдоо ирсэн хүмүүсийг сайд дарга нараар тавьж байна л даа. Цаашид ч олноор нь тавих байх. Улс төрд цоо шинэ, олзуурхмаар хандлага ч гэлээ тийм төгс шийдэл биш. Өнөөдөр Монголд бизнес, эдийн засаг сайн мэддэг залуус өчнөөн бий. Тэднээс зөвлөгөө авах хэрэгтэй. Бидэнд ч гэсэн Ерөнхий сайд шиг улсаа хөгжүүлэхсэн гэсэн чин хүсэл байна. Харвард төгссөн дарга залуус хувь хүнээсээ давж гараад ийм залуусын үгийг сонсвол улсаараа хурдан хугацаанд хөгжих асуудал биш гэж хэлэх гээд байна л даа.

Тан шиг өөдрөг бодол төрөхгүй л байна. Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нь нэг намынх, хэдэн арван жилээр тогтчихсон гажуудал шууд өөрчлөгдөхөд хэцүү, тэгэхээр дарангуйлал руу улсаараа гулсчих вий гэсэн хар төрөөд байх юм…?

-Дахиад хэлье, Монголын ардчиллыг тогтоож үлдээх эсэх нь үнэмлэхүй засаглалыг авсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроос л шалтгаална. Л.Оюун-Эрдэнийн харах ёстой хамгийн гол нэг л өнцөг бий. Хэнтий аймгийн Бэрх суманд өнөөдөр төрсөн хүүхэд Зайсанд төрж байгаа хүүхэдтэй ижил тэгш боломжоор хангагдах ёстой. Түүнээс биш сайдын хүүхэд учраас гадаадад төрийн тэтгэлэг аваад тэргүүн ээлжинд явчихдаг, Хэнтий аймгийн хүүхэд учраас төрийн өндөр албан тушаалд томилогддог байж болохгүй. Энэ чинь тэгш бус, шударга биш хандлага.Товчхондоо хүмүүсийн боломжийг дээрэмдэж байгаа хэрэг.

Та ирэх хорин жилийн карьериа баялгийн шударга хуваарилалтыг хийхэд зарцуулна гэж хэллээ. Шударга хуваарилалтыг яг яаж хийх гарц шийдлээ сонирхуулаач, Ерөнхий сайд та ч гэсэн нар шиг зах зээлийнхээ гал тогоонд олон жил болсон хүмүүсийн үгийг сонирхож суугаа байх…?

-Том компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаж задалъя, жижиг иргэдийн эрх ашгийг хамгаалдаг хөрөнгө оруулалтын сан гэдэг бизнесийг дэлхийн сонгодог стандартаар хөгжүүлье гэсэн амбиц надад бий. Ирэх 20 жилд хийх ажил маань энэ. Бүр тодруулж хэлбэл, сая миний хэлдэг шийдэл бол баялгийн шударга хуваарилалтыг хийх гол гарц.

Том компаниудын хувьд хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжаалах сонирхол нь хэр байдаг юм бол?

-Би 2012-2015 оны үед энэ талаар их ярьсан л даа. Тэр үед хүлээж авах хүн их цөөн байсан. Сүүлийн хэдэн жилд том компаниудын захирлуудын хандлага өөрчлөгдсөн, хувьцаагаа арилжаалъя, бүтээсэн баялгаа хуваалцъя гэх болсон. Сүүлийн 30 жил бизнес эрхэлж баялаг бүтээж ирсэн ах нарын хувьд миний яриад яваа шийдэл бол бизнес нь цаашид тогтож үлдэх тухай асуудал. Тийм учраас нухацтай бодож үзээрэй гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна. Өнөөдөр Монгол шиг чөлөөт зах зээлтэй капиталист гэх мөртлөө топ 100 компанийг нь 100 гэр бүл эзэмшдэг улс дэлхийн хаана ч байхгүй. ОХУ ч тийм биш. Нийгэм, эдийн засгийг барьж байгаа энэ компаниуд хувьцаат байх ёстой. Эдгээр компанийн хувьцааг иргэн мөнгөө төлөөд худалдаж авах боломж бүрдэх байх ёстой. Үүнийг тэгш боломж гээд байгаа юм. Би Өмнөговь аймгийн угшилтай, Төв аймгийн Батсүмбэр суманд өссөн, Улаанбаатарт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, гурван нутагтай хүн. Өнөөдөр би тэг цэгээс эхлээд “Мандал даатгал” гэдэг компани байгуулчихсан дажгүй амжилттай яваа. Гэтэл миний дараагийн үеийнхэнд ийм боломж байхгүй. Даатгалыг нь би эзлээд авчихсан. Ундаа, харилцаа холбоо, банкны бизнест мөн л миний болон миний өмнөх үеийнхэн эзэн суучихсан. Уул уурхай, барилгын салбар ч эзэнтэй болчихсон. Тэгэхээр Долоон буудалд төрж байгаа хүүхдэд, тэнд өсч өндийж буй залууст ямар боломж байна вэ? Ямар ч боломжгүй нийгэм рүү бид алхаж яваа. Энэ бол эргээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Венесуэлийн гашуун тавилан руу явах уу, үгүй юү гэдгийг шийдэх гарц. Ер нь ямар ч хүн боломжгүй болохоороо, буланд шахагдахаараа шийдсэн юм хийдэг.

Шийдсэн юм гэдэг нь…?

-Дээрэм тонуул, Уго Чавес. Куба улс өнөөдөр коммунист диктатуртай. Энэ улсыг олон жил удирдсан Фидель Кастро гудамжнаас гарсан хүүхэд шүү дээ. Бүх бизнес, бүх боломж нь хаагдсан учраас залуус нь хувьсгал хийж, баячуудынхаа хөрөнгийг хураасныг бүх дэлхийгээрээ мэднэ. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид 30 жилийн турш бизнесээ босголоо. Үнэхээр мундаг. Тэр хүмүүс байсан учраас бид өнөөдөр ус, ундаа, хоолоо гаднаас авч идэхгүй аж төрж яваа. Барилгаа өөрсдөө барьж байна. Банк, харилцаа холбоо, бензин түгээгүүр маань монгол эзэнтэй. Тэр утгаар нь өнөөдөр бид топ 100-н компанийн захирлууддаа баярлах ёстой. Бензинийг нь оросууд, ундааг нь хятадууд, банкийг нь германчууд, харилцаа холбоог нь япончууд гээд нэг ч монгол эзэнгүй байж болох байсан.

Манайх шиг социализмаас чөлөөт зах зээлд шилжсэн улсууд дунд бүх бизнесээ гадныханд эзлүүлчихсэн орон дэлхийд байна уу?

-Байлгүй яахав. Зах зээлээ хэт чөлөөтэй тавьснаас болоод ийм хэцүү байдалд хүрсэн улс Европт бий. Зүүн Европын хуучин социалист улсуудаас гээд ярихад банк, газар, барилгын компани, даатгал гэх мэт бүх хөрөнгөө баруун Европын том компаниудад дээрэмдүүлчихсэн орнууд нэг биш нэжгээд байна. Гэтэл өнөөдөр Монголын топ таван банкны ядаж хоёр нь монгол эзэнтэй, нэг нь төрийн мэдэлд байгаад нь бид бизнес эрхлэгчдэдээ, улстөрчдөдөө баярлах ёстой. Би идэвхтэй хөдөлмөрлөх учиртай хорин жилийнхээ ард гарлаа. Хийе гэснээ хийчихсэн.Одоо дараагийн 20 жилээ хараад сууж байна гэж танд хэлсэн дээ. Яг үүн шиг манай бизнес эрхлэгчид 30 жилийн түүхээ бүтээлээ, одоо дараагийн үе рүүгээ оръё гэх цаг болсон. 30 жил бизнесээ хийлээ, алтан гадас, хөдөлмөрийн баатруудаа авцгаалаа, одоо бүтээсэн баялгаасаа ард түмэнтэйгээ хуваалцах хэрэгтэй. Бүтээсэн баялгийг нь ард түмэн үнэгүй авъя гээгүй. Хувьцаагаа үнээр нь зар, тэгээд ард түмний хамгаалалтад ор л гэж байгаа юм.

Компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг иргэдэд зарчихвал улстөрчид дээрэлхэж, дээрэмдэж, бизнест нь илт халдаж чадахаа болих сайн тал байгаа шүү, нээрээ?

-Ерөөсөө л тэр. ХААН банк хувьцааныхаа 30 хувийг иргэдэд зарчихвал таны сая хэлсэнчлэн улстөрчид дээрэлхэж чадахгүй. Улстөрчид дээрэмдэх гэвэл ХААН банкны хувьцааг авсан 30 мянган иргэн босно. Цаад утга агуулга нь ийм учраас бизнес хийдэг ах нар миний энэ санааг бухимдахгүйгээр ойлгож хүлээж авах байх. Нөгөө талд иргэдэд цалингаараа том компанийн хувьцаа авах боломж бүрдэнэ. MCS-ийн хувьцаанаас худалдаж авлаа гэхэд Ж.Оджаргал захирлыг өөрийнхөө төлөө ажиллуулж эхэлж байна гэсэн үг. Яг энэ хандлага дээр иргэдээ дэмжих хэлбэр бол хөрөнгө оруулалтын сан. Бид хөрөнгө оруулалтын сан байгуулж иргэдийг нэгтгэж, том компанийн хувьцаа эзэмшигч болгоод явна. Үүн дээр нэмж хэлэхэд Ерөнхий сайд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй.

Тэтгэврийн реформыг салбарын сайд нь эхэлж яриад Засгийн газарт оруулах ёстой биш үү?

-Би олон жил реформ ярьж явлаа. Эцэст нь нэг л зүйл ойлгосон. Тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд гээд аль ч салбарын реформыг салбар хариуцсан сайд хийж чаддаггүй юм байна. Хийх боломж ч байдаггүй юм байна. Хийе гээд ямар нэг шийдэл гаргахаар Сангийн яам нь мөнгө гаргахыг зөвшөөрдөггүй гэх мэт өчнөөн саад тулгардаг. Товчхондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нийлж байж л реформ хийх юм билээ. Та бод доо, би Голомт банкны гүйцэтгэх захирал байхдаа тэнд реформ хийж чадсан. Хэрвээ би тухайн үед Удирдах зөвлөлтэйгөө улс төр, популизм хийгээд суугаад байвал манай хэлтсийн захирал реформ хийж чадах уу. Хэзээ ч чадахгүй. Ийм л энгийн логик бий.

Төрийн гурван өндөрлөг нэг намын угшилтай байгаа энэ цаг реформ хийх алтан үе байх нь…?

-Яг тийм. Ер нь реформ хийх нь ур чадварын гэхээсээ илүү хүсэл эрмэлзлийн асуудал. Ерөнхий сайд тэтгэвэр, боловсролын реформыг, Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр эрх зүйн реформыг хийх хэрэгтэй. Эрх зүйн реформ хийхгүйгээр энэ улс хөгжихгүй.

Эрх зүйн реформ гэдгээ тодруулж тайлбарлавал…?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шударга ханддаг байх ёстой. Хамгаалах биш шударга хандах гэж тодотгомоор байна. Бүр тодруулж хэлбэл, тэгш боломж олгодог эрх зүйн реформ хэрэгтэй. Том дарга болохоор эрүүгийн ял авдаггүй, жирийн иргэн учраас хэн нэгний дохиогоор ял аваад явдаг, өрсөлдөгч бизнесмэнээ хууль эрх зүйн хонгилоор алхуулдаг, бизнесийг нь булаадаг, дээрэмддэг, чангалдаг, улс төрийн ялалт байгуулахын тулд эрүүгийн хэрэг үүсгэдэг байдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Баялаг бүтээгч хэн бэ гэдэгт хуульч, улстөрч, эмч, багш орохгүй. Мэдээж бүгд улс орондоо хэрэгтэй ажил хийж яваа. Гэхдээ яг мөнгө олж ирдэг нь бизнесмэнүүд. Товчхондоо тэд бол баялаг бүтээгчид. Бизнес эрхлэгчид нь эрүүгийн хэрэгт орооцолдоод яваад байвал бизнесээ хийж, мөнгө олж ирж чадахгүй. Монголын топ бизнемэнүүдийн хувьд эрүүгийн хэрэг үүсээгүй хүн байхгүй боллоо. Дунд шатны бизнесийнхэн ч ялгаагүй. Эрүүгийн хэргээ аргалж, хаах гэж хууль эрх зүйн байлдаанд ороод явж байгаа. Энэ тохиолдолд юун бизнес хийх манатай. Ингэхээр улс орон яаж хөгжих вэ дээ. Үнэхээр хэрэг хийсэн бол цаг алдалгүй хурдан шийдэх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг тав, зургаа, долоон жилээр гэрч, сэжигтэн яллагдагч гээд явуулаад байвал хөгжил ярихад хэцүү. Эдийн засагч хүнийхээ үүднээс эдийн засгийн бүтээмж алдагдаад байгаа шалтгааныг яриад байна л даа.

Том компанийн захирлууд дунд хувьцаагаа хөрөнгийн зах дээр гаргаж арилжаалах сонирхолгүй нь олон байх аа. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компаниудын тоог өсгөхийн тулд төрийн зүгээс ямар хөшүүрэг хэрэглэвэл үр дүнгээ өгөх бол?

-Төр маш том худалдан авагч. Төрд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг компаниудын орлогод маш нэмэртэй шийдэл байдаг. Тэгэхээр төрөөс тендер авч байгаа компаниудад “Хувьцаат компани бол тэргүүний ээлжинд тендерт шалгаруулна” гэсэн босго тавиад өгчих хэрэгтэй.

Гэхдээ нөгөө талд тендер авдаг компаниудаас хувь хүртэж амьдардаг төрийнхөнд тийм сонирхол байх болов уу гэсэн асуудал бий шүү дээ?

-У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдээн гурав л хийвэл хийж чадна гээд байгаагийн цаад учир нь энэ л дээ. Энэ гурав хийхгүй бол хэн ч хийж чадахгүй. Учир нь ямар ч реформ тухайн салбарт ажилладаг хүмүүсийн маш том эсэргүүцэлтэй тулдаг.

Манайх шиг цөөхөн хүн амтай улсад реформ хийж чадвал маш богино хугацаанд сэвхийгээд ирэх байх аа?

-Санал нэг байна. Реформыг сарын дотор хийж болно. Дэлхийд гуравт жагсдаг Калифорнийн Беркелейн их сургууль гэж бий. Тэнд сурч байх үед Хүний хөгжлийн төвийнх нь захирал, улс орнуудад реформын зөвлөгөө өгдөг эрдэмтэн надаас манай улсын боловсролын системийг сонирхсон юм. Миний хариуг сонсчихоод “Өө танайх чинь сурах бичиг, сургалтын бодлого агуулгаа бүгдийг нь яамнаасаа өгдөг юм чинь реформ хийхэд маш амархан. Учир нь танайх коммунист хэлбэрээрээ, нэгдмэл удирдлагатай хэвээр яваа юм байна. АНУ-д бол реформ хийхэд хэцүү. Мужууд, муж дотроо дүүргүүд, дүүрэг болгон хараат бус. Нэг дүүрэгт тодорхой асуудлаар хандахад, манай дүүрэгт испани гаралтай хүүхдүүд байдаг учир наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй гээд гэдийчихдэг. Танайх нэгдмэл системтэй, босоо тогтолцоотой болохоор реформыг дор нь хийнэ” гэж хэлсэн. Үнэн л дээ. Манайд хуучин коммунист маягийн босоо тогтолцоонууд үлдчихсэн. Боловсролын салбарт үлдсэн. Нийгмийн даатгал гээд харахаар аль эрт 1980 оныхоороо, салхи ч ороогүй байх жишээний. Хууль эрх зүйн салбар бас босоо тогтолцоотой. АНУ-д прокурорууд нь гэхэд л бие даачихсан. Хотын прокурор бол “Уучлаарай үндсэн хуулиа мөрдөнө” гээд суучихдаг. Харин манайд их өөр. Ерөнхий прокурорын үг бол хууль. Тэгэхээр энэ талаа ашиглаж реформоо яаралтай хийчихээд дараа нь босоо тогтолцоогоо нурааж хэвтээ болгох хэрэгтэй. Учир нь босоо тогтолцооны дээр бурангуй ашиг хонжоочин хүн суучихаар тогтолцоог бүхэлд нь ялзруулдаг гэм, эрсдэлтэй.

Хөрөнгө оруулалтын сан байгуулахад хууль эрх зүйн ямар ч саад байхгүй юу?

-Ямар ч асуудал байхгүй.

Хүмүүс хэр сонирхож байна. Шууд төчнөөн төгрөгөөр том компаниудын хувьцаа худалдаж авъя гэх мэтээр хандаад эхэлчихсэн үү?

-Эхэндээ хэр явах бол гэсэн асуулт байсан. Гэтэл одоо иргэд их сонирхож байна. Өнөөдрийн байдлаар манай “Мандал ассет менежмэнт” гээд хөрөнгө оруулалтын сан удирддаг компанид 15 мянган иргэний хүсэлт ирчихээд байна. 500 сая, 5 сая, 500 мянгатай хүн ч хандаж байгаа. Хөрөнгө оруулалтын санд нэгдье, тэтгэвэртээ гарахад барих хөрөнгөтэй, үр хүүхдэдээ өвлүүлэх хувьцаатай болъё гэсэн хүсэлтэй хүн олон байна. Байр сав өвлүүлнэ гэж ярихаа больж. Байр сууцны үнэ өсөхөө больсон учраас өсч үрждэг хувьцаанд мөнгөө хийе гэсэн хандлага хүчтэй байна. Улс орныхоо баялгийн хуваарилалтад оролцъё, том компанийнхаа эзэн болъё гэдэг эрмэлзэл ард түмэнд маш их байгааг олж харлаа. Иргэд хөгжихийг хүсч байна. Төрөөс мөнгө өгчихвөл зүгээр сууна гэсэн сонирхолтой хүн алга. Хүн л юм чинь хөгжихийн төлөө тэмцэх нь жам л даа. Товчхондоо том компаниуд хувьцаагаа гаргавал иргэд авахад бэлэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахаар боллоо


Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм.

Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав.

Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд Ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна.

Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтандаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэлэв.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу

“Өдрийн сонин” хэдэн жилийн өмнө нь “Араасаа залгах хойч үегүй ардчилсан холбооны өвгөд өөрсдөөрөө дуусах уу” гэж бичиж байсан. Тэгвэл бид бүхний хэлсэнчлэн Ардчилсан холбооны өвгөд ардчиллаа өөрсдөө боомилж улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах дээрээ туллаа. Тэртээ ерэн оны цагаан морин жил өөрсдөө хүсч тэмцэж Монгол оронд ардчилал, эрх чөлөөг бий болгосон. Улмаар Ардчилсан холбоог байгуулан одоогийн АН-ын үндсэн дэвсгэр суурийг түүхийн тавцанд бүтээн босгосон. Гэвч аливаа зүйл цагийн жамаар шинэчлэгдэн хөгжиж, нам эвсэл, төрийн болон төрийн бус байгууллага аль ч шатандаа шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, шинэ бодлого зорилтоор цааш явдаг.

Харин АН-ыг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өнөө л анх байгуулсан Ардчилсан холбооны өвгөд ээлж дараалан удирдаж, яг л хувийн компани шигээ өөрсдийнхөө нэр төр, улс төрийн карьер албан тушаалын индэр, илд бамбай болгож ирсэн. Өөр хүмүүс, шинэ залуу боловсон хүчнүүд хүч түрэн орж ирэх, шинэ бодлого, улс төрийн реформ хийх ямар ч боломжгүй болгож, өөрийн фракцын гэх аялдан дагагчдаар хүрээлүүлэн өөрсдөө төрийн сэнтийд заларч, ёстой нэг дур зоргоороо явж ирсэн. Эцэст нь Ардчилсан нам гэж ямар инээдтэй, ямар эмгэнэлтэй, ямар ч хүч чадалгүй, итгэл үнэмшилгүй, үхээнц дорой, зүгээр нэрнээс цаашгүй нам болсныг монголчууд бид одоо харж байна. Ардчилсан нам, улс төрийн тавцанд хэзээ ч ялалт байгуулдаггүй мөртлөө эрх баригч Монгол ардын намыг ардчилалтай юм шиг харагдуулдаг, гол өрсөлдөгч нь мэтээр ойлгуулдаг ийм л үүрэгтэй болж дуусах нь.

Яг л Орос, Хятад хоёр шиг улс төрийн дарангуйллын систем Монголд тогтлоо. Үүнд эцэс сүүлд нь Ардчилсан нам өөрөө ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай боллоо. Оросын Нэгдсэн нам, Хятадын Коммунист намууд улс төрийн сонгуульд дан ганцаараа өрсөлддөггүйг бид мэднэ. Хажуудаа өчнөөн олон намтай, олон улсын судлаач, шинжээч, стратегийнхны харж байгаагаар олон намын өрсөлдөөн явж, дотооддоо ардчилсан маягийн харагддаг ч ачир дээрээ бусад улс төрийн нам хүчнүүд нь ямар ч амьгүй, зүгээр л өрсөлдөгч мэтээр харагдах улс төрийн хий хоосон жүжиг байдаг. Тэдэнд ялах боломж бололцоо, улс төрийн хууль дүрэм байдаггүй. Тиймдээ сонгууль бүрт Путины Нэгдсэн орос нам, Си Жиньпиний Хятадын Коммунист нам үнэмлэхүй олон суудлыг авч улс төрийн ноёрхлоо тогтоодог. Яг ийм бодит жишиг ардчилсан Монгол Улсад тогтох аюул нүүрлэснийг хэдхэн хоногийн өмнө болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бататгаад өглөө.

Төрийн тэргүүнийг сонгох улс төрийн маш хариуцлагатай гол сонгуулийн өмнө ямар ямар жүжиг боллоо. Ардчиллын гол партизанууд, Ардчилсан холбооны өвгөдийн Ардчилсан намаа хагалан бутаргаж, намын гишүүд, дэмжигчдийг нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулж өширхүүлэх, хооронд нь зориудаар гэж хэлж болохоор үймээн дэгдээж турхируулах, өс хонзон тогтоосон. Үүнд Ардчилсан намын нэрээр парламентад сонгогдсон Их хурлын гишүүд нь хүртэл өлсгөлөн зарлаж өөрийн үзэл бодол гэхээсээ илүү Ардчилсан холбооны аль нэг өвгөнийхөө албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцсэн. Эцэс сүүлдээ төв талбай дээр зодоон цохиондоо хүрч олон түмний өмнө шившгээ дэлгэсэн биз дээ. Өвгөдийнх нь ёс зүйгүй, эрээ цээргүй энэ байдал нь Ардчилсан нам ерөөсөө л Монгол ардын намыг ардчилалтай харагдуулж цаашид сонгуульд ялуулдаг ийм эмгэнэлт байдал руу орох бэлтгэл суурь болчихлоо. Саяны Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч өрсөлдөгчгүй ялалт байгуулсан. Гэтэл АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ Хүрэлсүхтэй тохироод сонгуульд орж түүнийг ялуулсан гэх яриа сонгуулийн өмнө ч, дараа нь дуулдаж байна. Ийм байж болохгүй ээ. Хэрвээ Ардчилсан намаас нэр дэвшсэн Эрдэнэ үнэхээр л Хүрэлсүхийг ялуулах гэж улс төрийн тохироо хийж сонгуульд орсон нь үнэн бол Монголын ардчилал юу болж хувирах вэ. АН-ын 200 мянган гишүүд, ардчилал эрх чөлөөг дэмждэг мянга мянган иргэдийн үзэл бодлыг Ардчилсан холбооны өвгөд ингэж булшилж болохгүй ээ. Гурван хүн нэр дэвшихэд АН дөрөвт орлоо гэж эрх баригчид тохуурхаж сууна.

Ардчилсан холбооны өвгөчүүл арчиллын нэрээр, Ардчилсан намын нэрээр бүгд амьдралд хүрсэн. Тэд бага залуугаасаа аваад төрийн бүхий л өндөр албан тушаал, эрх мэдэлд очсон. Үндсэндээ төр засгийг удирдаж болон ямар л дээд албан тушаал байна тэр бүгдийг арчиллын лидерүүд гэх нэр бүхий нөхөд хашиж ирсэн. Ардчилсан холбооны эдгээр удирдагчид хэн бэ, хэн нь ямар ямар албан тушаал хашсан бэ гэдгийг бид бүхэн гарын таван хуруу шигээ сайн мэднэ. Эдгээр өвгөдийг нэр устай нь эргэн сануулъя. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Да.Ганболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын эрх мэдэлтнүүд байна. Залгуулаад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар орно. Эд нар ардчиллын нэрээр ямар албан тушаал хашсан бэ гэвэл Цахиагийн Элбэгдорж 1992-2000 найман жил, 2004-2009 нийт 13 жил УИХ-ын гишүүн, мөн УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дараалан буюу найман жил, үндсэндээ төрийн өндөр дээд албанд 1992-2017 он хүртэл тасралтгүй явсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр нийтдээ 11 жил ажилласан. Эрдэнийн Бат-Үүл 1990-1992 онд АИХ-ын депутат, 1996, 2004, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож 12 жил ажилласан. 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт. Ринченнямын Амаржаргал 1996, 2004, 2008, 2012 онуудад тус бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож нийт 16 жил ажилласан. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайдаар ажилласан. Мэндсайханы Энхсайхан 1992-2000, 2004-2008 онд нийтдээ 12 жил УИХ-ын гишүүээр ажилласан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд байсан П.Очирбатын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2006-2008 онд Монгол Улсын Шадар сайд, 2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгой, Оюу толгой зэрэг том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайдаар ажилласан.

Дамбийн Дорлигжав нь Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Шадар сайд, дараа нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, мөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд, Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан, Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнуулсан.

Даваадоржийн Ганболд ардчилсан сонгуулиар байгуулагдсан Засгийн газар буюу Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 он хүртэлх найман жилд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, энэ үедээ Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан. 2004 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга, Нийслийн Засаг даргын орлогч, 2013 оноос Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, улмаар төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

Норовын Алтанхуяг 1996-2000, 2004-2016, мөн 2020 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар, 2004 онд Сангийн сайдаар, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажилласан. Содномзундуйн Эрдэнэ 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2008-2000 он хүртэл УИХ-ын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдсон. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Алтанхуяг болон, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт дараалан ажилласан. 2017-2021 он хүртэл Ардчилсан намын даргаар ажилласан. Зандаахүүгийн Энхболд 2004-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан. 2012-2016 онд УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан. Сангажавын Баярцогт 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1996, 2004, 2004, 2012 онуудад УИХ-д дөрвөн сонгогдон ажилласан. 1998 онд Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар, 2004-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2008 оноос Сангийн сайдаар, 2012 оноос УИХ-ын дэд даргаар ажилласан. Чимэдийн Сайханбилэг 1996, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 1998 оноос Засгийн газрын гишүүн Гэгээрлийн сайдаар, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2014 оноос Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласан.

Энэхүү намтар түүхээс харахад ардчиллын гол партизанууд, АН-ын үе дамжуулан удирдаж ирсэн нөхөд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүх дээд албан тушаалыг хашжээ. Гавьяатаас аваад Улсын баатар, Чингисийн одон гээд бүх дээд шагналыг нь хүртжээ. Та бүхэн амьдрал дээр санаа зовохооргүй болсон байна. Хүмүүсийн ярьж, бичиж байгаачлан өөрсдөө бүү хэл хэдэн үеэрээ ч идээд барахааргүй их хөрөнгөтэй болоо биз. Төрийн энэ өндөр албан тушаалыг ардчиллын нэрээр, АН-ын нэр дээрээс ээлж дараалан сонгогдож хашчихаад өнөөдөр Ардчилсан намаа ийм үхээнц, амьгүй нам болгочихоод байж байгаа чинь ямар учиртай юм бэ. Ардчилсан нам ийм эмгэлтэй байдалд орсонд ардчилсан үзэл санааг дэмжиж, улс ороноо арчилсан байлгах гэж, ардчиллын замаар явбал амьдрал маань баталгаатай байх болов уу итгэж найдсан энэ олон дэмжигчид, жирийн ард иргэд чинь одоо яах вэ. Ардчилсан нам, ардчилсан үзэл санаа ингэж айхавтар унаж гудамжинд гарсанд иргэд дэмжигчид чинь буруугүй. Ер нь ардчиллын дэмждэг хүмүүс эхнээсээ ямар зам туулсан билээ. Социализмын үед ардчилсан нам холбоог дэмждэг байснаараа, үзэл бодлынхоо төлөө айхавтар хавчигддаг, дарамт шахалт үзэж, үнэндээ өөдөө нар харалгүй явж ирсэн.

Ийнхүү эхнээсээ хавчигдаж гадуурхагдаж, эхэн үедээ ажил төрлөөсөө хөөгдөж, нийгэмдээ нүд үзүүрлэгдэж явсан хүмүүс одоо ч гундуухан л байна. “Ардчиллыг дэмждэг” гэх мөнхийн хар тамгатай, эрх чөлөө шударга үнэний төлөө явснаараа гадуурхагдаж ад үзэгдэнэ. “Ардчилсан холбооны алтан хараацай гэх цөөн хэдэн нөхөд улс төрийн замаар хагартлаа баяжиж, тэдний дэвсгэр суурь итгэл үнэмшил нь болж явсан партизанууд ихэнх нь архинд ороод үхсэн” гэх яриа байдаг нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр Ардчилсан холбооны өвгөд та нар одоо бүгд боль. Улс төрд нэг нь ч гар хутгалдах эрхгүй болцгоосон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буугаад улс төрд эргэн орно гэж байгаа бол одоо боль. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл та нар зайгаа тавиад өг. С.Эрдэнэ одоо зайлж үз. Энэ намыг шороо тоостой хутгаж ханалаа, эцэст нь эрх баригч МАН-ынхны дохио зангаагаар хөдөлж байгаа бол ардчилал чинь устлаа. Н.Алтанхуяг дарга минь одоо боль оо. Ямар ханаж цаддаггүй эрх мэдэл, өс хонзон бэ. Женко Баттулга, Элбэгдорж, Гончигдорж, Алтанхуяг гээд бүгд Лу.Болд шиг нэг нэг нам байгуулаад явбал Монголын ардчилал бүрмөсөн устаж, Монгол Улсад нэг намын дарангуйлал бүрэн утгаараа тогтоно. Та хэд ерэн онд Комминуст намтай тэмцэж байсан шигээ яг тийм байдлыг Монголд дахин бий болголоо. Ардчилсан намыг арай тамтагтай байгаа дээр Ардчилсан холбооны өвгөд минь зайгаа тавьж өгөх цаг нь иржээ. Та нарт ардчилал ач буянаа хангалттай өгсөн. Тэгвэл одоо та нар энэ намыг дараагийн залуучуудад нь үлдээ. Аливаа юманд ач буян санана гэж нэг юм бий. Одоо та бүхэн хөдөө гарч мод тарьж дурсамжаа бичэх цаг ирсэн гэдгийг ухаарч байна уу. Араасаа залгасан болгоноо залгисан ардчилсан холбооны өвгөд далд ормоор юм гэж гишүүд дэмжигчид чинь үгээ барьж байна. Ингэж ад үзэгдэн зууралдах хэрэггүй, зүгээр л зайгаа тавьж өг. Мөнхөд эзэн сууна, бүх насаараа дарга хийх гэсэн тамын бодлоосоо одоо бүгд салах хэрэгтэй.

Д.БАТБОЛД