Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ болов

“100 жилийн яруу алдар”-Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт эхэллээ.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад болон ХКН-ын тухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэх “Яруу алдрын 100 жил” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2021 оны зугандугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

No description available.Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг 5 арга хэмжээг долдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сар хүртэл цахимаар дамжуулна.

Энэхүү арга хэмжээг цахимаар Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн 5 сайтын facebook хуудас зэрэг сошиол мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилах аж. Мөн баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх юм.

Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил бол анхны санаа үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх суурийг тавьсан 100 жил , тансаг ирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш, ХКН Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүсэн билээ.

Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсын уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв.

Categories
мэдээ спорт

Усанд сэлэлтийн баг олимпийн бэлтгэлээ “Орчлон”-гийн бассейнд хийнэ

Цар тахлын улмаас бассейныг хаасан тул усанд сэлэлтийн тамирчид олимпийн бэлтгэлээ Туулд голд сэлж буй талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Олимпийн бэлтгэлээ цалгардуулахгүй, цаг алдахгүйн тулд голын усанд сэлж бэлтгэлээ хийж байсан тамирчид өнөөдрөөс бассейнд бэлтгэлээ базааж эхэлжээ.

Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу усанд сэлэлтийнхэн олимпийн бэлтгэлээ “Орчлон” сургуулийн бассайнд хийх боломжоор хангажээ.

Сонирхуулахад, Токиогийн олимпод Монголын усанд сэлэлтийн хоёр тамирчин цагаан хуудсаар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа нисэх буудлыг Хөшигийн хөндий рүү нүүлгэж байна

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг долдугаар сарын 4-нд нээнэ.

Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангахаар холбогдох байгууллагууд нүүж эхэлжээ.

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Ирэх сарын 4-ний өдрөөс Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хийж байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийн ажлууд эхэлсэн.

Өнөөдрөөс томоохон цуваа бүхий их нүүдэл МИАТ компаниар эхэлж байна. Харин маргааш Чингис хаан олон улсын нисэх буудлын цуваа бүхий нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ.

Томоохон нүүлгэн шилжүүлэлтийг хийж дууссаны дараа долдугаар сарын 4-ний өдрөөс олон улсын болон орон нутгийн бүх нислэг Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлаас хийгдэх юм.

Буянт-Ухаа дахь нисэх буудлын нисэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг долдугаар сарын 2 эсвэл 3-нд албан ёсоор хаана.




Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад буй таван аймаг

Дорнод, Сүхбаатар, Орхон аймаг энэ жил нааадам зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно” хэмээн мэдэгджээ.

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат коронавируст халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай” зургаадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал мөн цар тахлын энэ үед аймгийн хэмжээнд Наадам зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тус аймгийн хувьд наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зохион байгуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.

Түүнчлэн Өвөрхангай, Дархан-Уул аймаг энэ жил наадам зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдаар Ө.Энхтүвшин, Г.Мөнхбаяр нарын 25 хүн томилогдож байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадын улсуудад суух бүрэн эрхт элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Үүгээр 23 элчин сайдыг томилох юм.

Улс төрийн хүрээнээс Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Л.Болд, Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, ХХЕГ-ын дарга асан Ж.Бямбасүрэн нар нэрлэгдэж байна. Харин ихэнх нь ГХЯ-д холбогдох, дипломат албаны ажлын туршлагатай хүмүүс байна.

  1. Бүгд найрамдах Беларус улс – Б.Баярсайхан
  2. Бүгд найрамдах Турк улс – Д.Мөнхбаяр
  3. Бүгд найрамдах Социалист Вьетнам улс – Ж.Сэрээжав
  4. Арабын бүгд найрамдах Египет улс – Э.Булган
  5. Бүгд найрамдах Энэтхэг улс – Г.Ганболд
  6. Их Британи, Умард Ирландын вант улс – Б.Энхсүх
  7. Холбооны бүгд найрамдах Герман улс – Б.Мандахбилэг
  8. Унгар улс – С.Баатаржав
  9. Бүгд найрамдах Казахстан улс – Д.Баярхүү
  10. Арабын нэгдсэн Эмират улс – Ш.Одонбаатар
  11. Кувейт улс – Н.Наранбат
  12. Австралийн холбооны улс – Д.Даваасүрэн
  13. Бүгд найрамдах Болгар улс – Л.Саяанаа
  14. Оросын холбооны улс – Ө.Энхтүвшин
  15. Бүгд найрамдах Ардчилсан Лаос ард улс – Ж.Бямбасүрэн
  16. Бельгийн вант улс – Л.Болд
  17. Бүгд найрамдах Итали улс – Ц.Нарантунгалаг
  18. Сингапур улс – С.Энхбаяр
  19. Бүгд найрамдах Киргиз улс – Д.Ганхуяг
  20. Швейцарийн холбооны улс– Р.Алтангэрэл
  21. Бүгд найрамдах Франц улс – У.Нямхүү
  22. Бүгд найрамдах Австри улс – М.Цэнгэг
  23. Америкийн нэгдсэн улс – Ө.Батбаяр
  24. Бүгд найрамдах Чех улс – Д.Гансүх
  25. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс – н.Эрдэнэдаваа
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2 сараар сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар элчин сайдуудыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан.

Мөн кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар боллоо” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Ж.Дэлгэрсайхан: Цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна вэ?

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд яалт ч үгүй гарах ёстой шийдэл гэж би хувьдаа үзэж байна.

Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал маш доройтсон. Ийм үед УИХ, Засгийн газар, Монголбанкны оролцоотой хэрэгжиж байгаа 10 их наядын хөтөлбөр эдийн засгийг сэргээх, уналтаас хамгаалах арга хэрэгсэл болж яваа. Яг ийм онцлогтой цаг үед бодлогын хүүг өсгөх боломж бага л даа. Энэ хөтөлбөрийн гол тулгуур нь мөнгөний захаар дамжуулж буюу төсвөөр бус мөнгөний зах зээлийг ашиглаж санхүүгийн салбараар дамжиж эдийн засгийг дэмжих гээд байгаа юм. Энэ тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломж хязгаарлагдмал байгаа.

-Бодлогын хүүг бууруулах боломж бий эсэх дээр байр сууриа хэлээч?

-Бодлогын хүүг бууруулах боломж бага. Шалтгаан нь мөн л эдийн засаг. Эдийн засаг хүнд, тогтворгүй ийм үед бодлогын хүү зургаан хувь байгаа нь хамгийн боломжийн доод түвшин. Үүнээс цаашаа бодлогын орон зай байхгүй. Тийм учраас өнөөдрийн гаргасан шийдвэр цагаа олсон, орчиндоо тохирсон гэж харж байна.

-Инфляцын өсөлт анхаарал татаж байна л даа. Цаашид ч өсөх нь тодорхой болчихлоо. Инфляц өсөж байгаа гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Сөрөг байгаа хүчин зүйлийн нэг нь инфляц мөн л дөө. Нийлүүлэлтийн шинж чанартайгаар нэлээд өсөж байгаа. Нийлүүлэлтийн талаасаа гадаад худалдааны нөхцөл байдал зэргээс хамаарч цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна.

-Төв банк инфляцын өсөлтийг хазаарлаж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хангалтгүй ажиллаад байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанкны үндсэн зорилго бол инфляцад анхаарч, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх учиртай. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харвал төв банкны хамгийн том зорилго нь цар тахлын нөхцөл байдалтай хамаатай эрсдэлийг анхаарч, хяналтдаа оруулах байна л даа. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа унагахгүй байх, эдийн засгаа хурдан сэргээх асуудал илүү чухалд тавигдаж байна.

Тэр утгаараа төв банк сая эдийн засгийг хамгаалах гэсэн бодлогын сонголт хийчих шиг боллоо.

-Тяньжин дээр бараа, бүтээгдэхүүн гацчихаад байгаа нь инфляц ирэх саруудад өснө гэсэн том дохио байх, тийм үү. Та түрүүн бас инфляцын өсөлтийн шалтгааныг нийлүүлэлтээс хамаарсан гэж онцоллоо…?

-Тээврийн нөхцөл байдал маш хүнд болчихлоо. Тээврийн үнэ өснө гэдэг маш том сөрөг дохио. Тээвэрлэлт удааширна гэдэг хүнд дарамт.

Хоёрдугаарт, дотооддоо эдийн засаг маань бүрэн чөлөөтэй болчихоогүй байгаа нь Монголын хувьд аливаа юмны үнэ, эдийн засгийн өсөлтөд хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгочихлоо гэж хараад байна л даа. Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй. Импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх цаг хугацаа удааширсан хэвээр байна.

-Иргэдийн хувьд хажуугийнхаа дэлгүүр ороход л импортын барааны үнийн өсөлттэй нүүр тулах болсон.

-Тийм байдалтай нүүр тулчихлаа л даа, улсаараа. Замын-Үүдийн хилийн нэвтрүүлэх байдлыг сайжруулах гэх мэт гадаад худалдааны чиглэлд хийх зүйл өчнөөн байх шиг. Далайд гарцгүй зарим улсын тухайд Тяньжин дээр хүндрэл үүсээд байгаа. Тяньжин дахь гацааг дипломат аргаар шийдэх гэх мэт өчнөөн шийдэл хэрэгтэй байна.

Ер нь энэ бүхний уг шалтгаан биднээс эхтэй л дээ. Дотооддоо цар тахалтай маш муу тэмцэж байна. Улсын онцгой комисс үнэхээр муу ажиллаж байна. Өмнө нь дажгүй ажиллаад явсан шиг харагддаг. Сүүлийн үед яаж ажиллаад байгаа нь тодорхой биш болчихлоо.

-Юанийн ханшийг бид биш, урд хөрш зүгээс мэддэг боллоо, хамаг хөзөр нөгөө талд байна гэх мэт хардлага дуулдах юм. Юанийн ханшийн өсөлтийн гол шалтгаан нь юу бол. Юанийн своп хэлцэл дээр бодлоо хуваалцаач?

-Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь үнэн. Голлох валют болох долларын ханш тогтвортой байна. Евро, юань дээр бид жилийн дүнгээрээ тавдугаар сарын байдлаар арав гаруй хувийн өсөлттэй яваа. Өмнөд хөршөөс импортын хамааралтай аж төрдөг маань эдийн засагт, тэр дундаа инфляцад дарамт болох магадлалтай.

Урт хугацаандаа гэж харвал юанийн ханшийг тогтворжуулж, юанийн ханш дээр хяналттай байх үндсэн арга бол ерөөсөө л гадаад худалдаан дээр урт хугацааны нөхцөлийг л сайжруулахад анхаарах ёстой. Манай хувьд экспортын дийлэнх бараагаа БНХАУ руу гаргаж байгаа. Импортын 30 гаруй хувийн хамааралтай байдаг. Импорт, экспортын буюу гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах нь л юанийн ханшид урт хугацаанд эергээр нөлөөлөх боломжит гол арга байх. Харин своп хэлцлийн хувьд хоёр тэрбум ам.доллар орчмын хэлцэл байгаа болов уу.

Своп хэлцлийн тухайд валютын урсгалыг эерэг талд нь дэмжиж чадаж байгаа үйлдэл. Своп хэлцлийн хугацаа дуусах, своп хэлцлээсээ буцах цаг үед валютын ханш дээр тодорхой хэмжээнд ирэх дарамтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал үүсэж таарах байх.

-Төгрөгийн ханшийн сулрал ирэх намар хүчтэй мэдрэгдэнэ гэсэн таамгийг зарим эдийн засагч хэлж байна. 2016 оных шиг огцом сулралт ажиглагдах болов уу. Та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын ханш дээр Монголбанк бол эерэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдал үргэлжилж байгаа үед валютын ханш дээр тийм том эрсдэл үүсэхгүй болов уу.

Валютын ханш дээр 2016 оныхтой зүйрлэхүйц хэмжээний том дарамт ирэх магадлал бага гэж харж байна. Хэд хэдэн шалтгаан бий. 2016 онд Монголын эдийн засаг жижигхэн байсан. Жижигхэн байсан тэр эдийн засагт ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт маш олон сувгаар хэт их мөнгөний нийлүүлэлт хийсэн юм. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт болон бусад нөхцөл байдал харьцангуй суларч эхэлж байсан л даа.

Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй.

Засгийн газар “Чингис” бонд гэж их мөнгө оруулж ирчихээд Монголбанканд даатгачихсан, төв банк нь сандрахдаа хэдэн зуун тэрбумаар нь арилжааны банкууд руу хадгаламж болгоод зарчихсан, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний мөнгө гаргачихсан байсан.

Тухайн үеийн эдийн засагтайгаа харьцуулахад асар их хэмжээний мөнгийг гаргасан л даа. Гэтэл өнөөдрийн эдийн засаг өөр. Маш суларсан, мөнгөний эрэлт ихтэй эдийн засаг байгаа. Ийм үед арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал өөр гэсэн үг. Арван их наяд гэсэн том тоо дуулдаж байгаа ч яг гарсан хэмжээ нь ипотекийн зээлтэйгээ нийлээд хоёр их наяд орчим. Таван хувиар агшчихсан яваа эдийн засагт тийм хүчтэй мөнгөний нийлүүлэлт болж чадахгүй.

Хоёрдугаарт, валютын ханш дээр байгаа эерэг хүчин зүйл гэвэл эдийн засаг үнэхээр саарсан, эдийн засаг эрчимжиж, хэвийн байдалдаа орох үе нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй үед валютын ханш дээр валютын эргэлтийн том дарамт ойрын хугацаанд ирэх магадлал бага. Нөгөө талдаа валютын нөөц харьцангуй боломжийн байгаа. Өөр нэг хүчин зүйл бий. Бид дараа жил “Чингис” бондыг дарах ёстой.

Бондын асуудлаа шийдэхийн тулд өрийг өрөөр дарах хувилбарыг хэрэгжүүлэх байх. Үүнээс гадна энэ жилийн төсвийн алдагдал болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад санхүүжилтийг ашиглах эрэлт Монголын төрд байгаа. Энэ мэт олон шалтгааны улмаас огцом савлагаатай ханшийн дарамт ирэхгүй болов уу.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Орон нутгийн 409 ЭМ-ийн байгууллагад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд дархлаажуулалт хийсэн орон нутгийн нийт 409 эрүүл мэндийн байгууллагад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон байна.

Тодруулбал, өршөөлд хамруулахгүйгээс бусад Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг нэг удаа өргөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6.696.529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6.154.933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3.035.324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” музейд дэлгэх үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байна.

Соёлын яамнаас ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу 12 улсаас 105 дан болон иж бүрдэл үзмэрийг хуулбарлан авах ажлыг ДТГ-уудаар дамжуулан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар ОХУ, Польш, ИБУИНХУ, ХБНГУ, Австри, Япон Улсаас нэр бүхий 9 үзмэрийн “А” хуулбар болон дижитал хуулбарыг хүлээн аваад байна. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав эдгээр үзмэрийг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Музейд гадаадаас үзмэр, эд өлгийн зүйлсийг эх хувиар болон хуулбарлан авах ажлыг 2021 онд багтаан гүйцэтгэх чиглэлээр хоёр яам хамтран ажиллаж байна.