“DNN-ЯРУУ НАЙРАГ” буланд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, Хан Хэнтийн Хэрлэн тооно утга зохиолын нэгдлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Балдансодномын Энхжаргалын шүлгүүдээс хүргэж байна.
Нутгийнхан нь түүнийг “Баавай” хэмээн хүндэлдэг. Онон голын хөвөө, Хэнтий нурууны ай саваар нутаглаж, тэр л нутгийн байгальтай дотоод сэтгэлээ холбон бүтээлээ туурвидаг яруу найрагч билээ.
ИНГЭЭД ТҮҮНИЙ ШҮЛГҮҮДЭЭС ХҮРГЭЖ БАЙНА
НУУЦХАН БУЛАГ
Нэрмэл асгарсан шүлгийн минь дэвтэрт
Нэгэн булгийн эх үүдсэн буй
Далд урсгал хаанаас хаашаа зорьсныг
Дадал нутгийн тэр бүсгүй мэдэхгүй
Шишкины зураг мэт гоёмсог байгаль дунд
Пушкины Наталья шиг тийм гоо үзэсгэлэнтэй
Гурван нуурын мандалд саран гэрэлтэх үдшээр
Дөрвөн улирлын нэгэнд нуугдаж чамайг харсан би
Байшинг тойрсон өвсөн дунд нэгэн цэцэг бий
Баавгайгаараа буу хадуулаарай
Дэргэдээ ойрхон нисч буусан эрвээхэйг
Дүүгээрээ бүү намнуулаарай
Нарсан ойн дунд зогсож
Намираа бороонд алгаа тосоорой
Намайг хэн бэ гэж бүү асуугаарай
Найман сарын тэр л өдрийг мартаарай
Дадал сум
2001 он наймдугаар сар
ЯРУУ НАЙРАГЧ Н.НЯМДОРЖИЙН ДҮҮ НЯМСҮРЭНГИЙН ДУРСГАЛД
Чөдөртэй морийг суллаж тавихсан
Чөтгөртэй бууцанд шүлэг уншихсан
Улаанбаатараас алсын алсад
Уулзалт хагацал бас шарталт
Худгийн гүн рүү тонгойж харахад
Хувирсан төрх танигдашгүй өөр
Айлын үнээ аргадангүй өнгөөр
Аяар аяархан зөөлөн өөвнөнө
Голын цаанаас манан хөөрнө
Хол ойрын бодол хөвөрнө
Нохойн харцнаас дальдчих хэрэггүй
Нөгөөх гудамж эзэнгүй
Дүнзэн байшингийн нөмөр бараадсан
Өнчин улиангарын мөчир унжиж
Анчин баавайн хуучин буугаар
Амьдралыг гэнэт цочоомоор
Эмийн ургамлын ид шидийг
Энэ сууринд мэддэг ч хүн, мэдэхгүй ч хүн бий
Навч өвсийг алган дээрээ үйрүүлж
Нэг мөсөн хүртэж орхилоо
Бурхан зүг
2019.05.26 04:03
***
Цэнгэн сэлгүүцэн хөвж яваа
Уруудан өгсөн сэлж яваа
Уянгалаг Ононы загас
Тунгалаг уснаа тоглож байгаа
Нарны алтан гялбаанд
Сарны мөнгөн туяанд
Усан бөмбөлөгүүдийн хэлхээ
Уралдан уралдан хөөрч байгаа
Хаврын хөх зэрэглээнд
Намрын шаргал сэвшээнд
Нарийхан улаан бургас
Найган найган бүжиж байгаа
Эрэг дээр нь ирээд
Энэ нь амьдралын тухай
Дахин давтан хэлээд яах вэ
Давалгаа давалгаа давалгаа…
2011.06.17
***
Мөн чиг санаандгүй явтал
Мөндөр үсчээ биз
Аян зам зуур
Аянга цахилгаан цахиа биз
Найрагчийн намтар түүхийг
Найруулж зохиогоод юухэв
Намуухан төгөл, нууцхан цөөрөм
Навчсын өнгө, нөмгөн манан
Хугарсан мөчир
Цугларсан турлианх
Шимийн дарс
Ширээт суурин хэлэх биз
2007.08.01- 2012.08.31
***
Хоёр хүний бодол олоогүйг
Гурав дахь хүн тааварлахгүй
Дөрөв дэх хүн танил юм шиг
Тав дахь хүн хэн бэ
Хоног өдрүүдийн тоосон дунд
Хов жив нохойд ч халтай
Хутга ирлэх шиг амьдралд
Хулгайч шилэгч осолтой
Инээмсэглэлээс эсрэг улиралд
Гуниглалаас сөрөг ертөнцөд
Голын гацааны мөсөн зөрөг
Холын цуурайтай хагарах цагт
Хар хэрээний өвөлжөө нутаг
Хар дарсан зүүд мэт
Дотор хүнтэйгээ ойлголцох гэтэл
Дохио зангааг ойшоох янзгүй
2015.09.21-11.04