Categories
мэдээ улс-төр

ТББХ:Хуульд нэмэлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

Үндэсний бичиг соёл, номын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар төслийн 1 дүгээр зүйлийг “1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 5.1.17 дахь заалт нэмсүгэй: “5.1.17.Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн билээ.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг боловсруулж тараасан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтлоо

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг аж. Манай улсын хувьд 2000 оноос эхлэн төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачилгаар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэсээр ирсэн билээ.

Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг үзүүлэх, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, үндэсний бичиг соёл, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор үндэсний бичиг соёл, номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

Дараа нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Монголчууд 2021 онд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. Урьд нь 2001, 2011 онуудад Улсын Их Хурлаас тогтоол гаргаж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойд зориулсан хүндэт медаль бий болгож байжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Санал, дүгнэлтээ дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.


Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар танилцуулсан юм.

Төрийн аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 8 байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитад хамрагдсан Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Мөн аудитын дүгнэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл “Зөрчилгүй” гэсэн дүнтэй гарсан байна. Харин Монгол Улсын Шадар сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Түүнчлэн аудитын түүвэрт хамруулсан санхүүгийн тайлангуудад хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдэд акт тогтоож, зөрчлийг арилгуулах, дахин давтахгүй байх талаар албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  1. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/,
  2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
  3. Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  4. Бусад /анхны хэлэлцүүлгүүд/
Categories
мэдээ нийгэм

Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн.

Энэ жилийн хувьд түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулсан юм. Ийн холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд 1.8 км урттай түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлээд байна.

Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ЗГ: Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанар Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд:

  • Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин
  • Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар
  • Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал
  • Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь
  • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар
  • Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан
  • Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан”, автозамын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Монголд “Гэр KFC” нээжээ

Кентакигийн шарсан тахиа буюу “KFC” бол Азид, ялангуяа Хятадад хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ ресторан билээ. Анх 1987 онд Бээжинд нээгдэхдээ “KFC” баячуудын ордог тансаг газар байсан бол өдгөө бүх давхаргынхан үйлчлүүлж болохоор нээлттэй ресторан болжээ.

Хятад улс дахь “KFC” сүлжээ рестораныхан зар сурталчилгаа, харагдах байдал дээрээ онцгой анхаардаг билээ. Тэгэхдээ шинэ салбарын барилгыг тухайн орчны хэмнэл, архитектортай чадварлаг хослуулдаг нь хүмүүсийн сонирхлыг татдаг юм. Харин хамгийн сүүлд “KFC” шинэ салбарыг Өвөр Монголын Ордос хотын Далад хошууны цөлийн аялал жуулчлалын Шианшаван буюу дуут элс хэмээх бүсэд байгуулахдаа орчин, нөхцөл, цаг уурын байдалд зохицуулан монгол гэрээс санаа аван барьжээ.
Тус салбараар зочилсон хятад жуулчид тун сэтгэл хангалуун байна. Тэдний цахим орчинд нийтэлсэн зургуудаас харахад, тус салбар монгол гэр мэт хэлбэртэй, эсгий шиг цагааан өнгөтэй, бүслүүрийг дуурайсан улаан шугамтай, захиалга авах жижиг цонхтой. дээрээ KFC сүлжээ рестораны тэмдэгтэй, тэр тэмдгийг нь монгол бичиг болон хятад ханзаар мөн хөрвүүлэн бичсэн байх аж. Гэхдээ орчноосоо болоод сууж үйлчлүүлэх хэсэг үгүй гэнэ. Тиймээс үйлчлүүлэгчид захиалгаа авч яваад, жуулчны баазад амарч буй өрөөндөө орж идэх учиртай аж.
006AaM7Sly1grwkart67tj31hc0u0wie
Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар тодорхой ажлуудыг эхлүүлжээ. Энэ хүрээнд өчигдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Францын сургуулийн сэтгэл судлалын тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг Францад хэрхэн бэлтгэдэг, сэтгэл судлаачид сургуульд ямар арга барилаар ажилладаг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч байгаа бол 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна.

Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Ерөнхий боловсролын сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулах, богино дунд хугацааны төлөвлөлт”, “Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний бодлого, цогц төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгүүдийг байгуулж холбогдох бичиг баримтын төсөл боловсруулахаар ажиллаж байна.

2021-2022 оны хичээлийн жилд мөн ерөнхий боловсролын 30 сургууль дээр сэтгэл зүйч туршилтаар ажиллуулан хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор бэлтгэл ажлыг ханган сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг эхлүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд бие зассан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгов

Гудамж талбай, олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны зургадугаар сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Иймд тухайн иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр буюу 10.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Зөрчлийн тухайн хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах талаар:

  1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  2. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  3. Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тус тус заажээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар аймагт аянга буусны улмаас түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 10500 га талбай шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Шувалдай” гэдэг газар 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Дуудлагын дагуу аймгийн онцгой, Эрдэнэцагаан сумын гал унтраах, аврах 47-р ангийн алба хаагчид болон Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран хээрийн түймрийг унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарынхан наадам хийхийг хатуу эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зөвхөн улаан бүсэд ажиллаж буй 16 мянган эмч, ажилчдын бус эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буй талаараа мэдэгдлээ. Тэд “Эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.

Эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьсан байсан юм.

Халдвар авсан эмч, ажилчдад листний гэж 150 мянган төгрөгийг олгож байгаа нь хаанаа ч хүрэхгүй байна гэж Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлсэн юм.

Мөн тэрбээр “Бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна. Үүнээс цааш ажиллаж чадахгүй нь гэцгээж байна.

Эмч нар нэг ч болов алтан амийг аврахын төлөө сөхөртлөө ажиллаж байна. Гэтэл эрх мэдэлнүүд баяр, ёслол тэмдэглэх шийдвэр гаргаж байгааг эмч нар эсэргүүцэж байна.

Наадмын үеэр бөхчүүд, урлагийн, спортынхноос халдвар тархвал тэднийг хэвтүүлэх эмнэлгийн ор алга. Ард иргэдийнхээ, эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохыг шаардаж байна” гэсэн юм.