Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2271 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1231 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1040 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 104900 боллоо.

Мөн 11 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 493 болов. Мөн 977 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Тархац нутаггүй болсон 53 тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлжээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж буй. Улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 9 бүлийн 53 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх 2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж байсан. Тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн үр дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Магалжав: Энэ жилийн наадмын бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулах чиглэл ирсэн

-ЯЛАНГУЯА ҮНДЭСНИЙ СПОРТОД ТӨР ХАМААРАЛТАЙ БОЛЖ, ҮҮНИЙГЭЭ ДАГААД ТӨРӨӨС ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ АЖЛУУДАД ОРОЛЦОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ-


Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.



-Засгийн газраас наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гарлаа. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаан хаана зохион байгуулагдах вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Үзэгчгүй наадмыг өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. МҮБХ наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулах чиглэл ирээд байна.

-Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна вэ?

-МҮБХ 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан.

Энэ нэгдүгээр сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, УИХ гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч ковид цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна.

-Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна. 2019 онд зөрчил гаргасан хоёр бөх, 2020 оны гурван бөхийн асуудал, мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байгаа. Энэ асуудал яах вэ?

-Бөхчүүд ч, ер нь хүн бүр, бүр одоогийн улстөрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсныг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ногдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс.

Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямар ч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг хоёр жилээр эрхийг хассан. Монгол Улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжлэгдсэн лабораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. Олон улсын Допингийн эсрэг байгууллага 2018 оны гуравдугаар сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь хоёр жил, тэгээд дөрөв, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.

-Олон улсын конвенцид нэгдсэн бол түүнийгээ л дагамаар юм. Гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнийгээ өмгөөлж шүүхэд ханддаг?

-Манай үндэсний бөхөд үүссэн гажиг зүйл. Бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш, танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг.

Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ маргааны нэг сэдэв болно. Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга гээд допингид хатуу байр суурь баримталж байгаа бөхчүүдийн хэлсэн үгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

-Шадар сайдаас допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад тавьсан, үүнийг шийдсэнгүй. Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Даншигийн наадам, Цэргийн наадам, Ардын наадам гээд ямар ч төрийн үед наадам зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай л адил байж ирсэн. Заавал одоогийнх шиг дарга, сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Саяхныг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм. Спорт ялангуяа үндэсний спортод төр хамааралтай болж, үүнийгээ дагаад төрөөс цол чимэг олгох, наадам зохион байгуулах зэрэг ажлуудад оролцохоо болих хэрэгтэй. Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн хоёр жил боллоо. Тэгэхээр намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй. МҮБХ наадмын санхүүжилтийг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямар ч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төрөөс наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй.

Элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсныг болиулж мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа даа. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. МҮБХ маргаан будлиан үүсгэхгүй наадам хийхийг зорьж л байна

Categories
мэдээ нийгэм

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг “Найрамдал” медалиар шагнав

Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасан байна.

Медалийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр гардуулжээ. Тэрбээр, Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Эмрах Устаомер үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр орны найрамдалт харилцаа цаашид улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ташрамд дурдахад, “Найрамдал” медалийг Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог аж.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 177 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1371, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 51 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 120, хүний биед халдсан 76, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 81, эрүүлжүүлэх байранд хоносон 177, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 1421 жирэмсэн эх, 16-17 насны 9298 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр ковидыг эсрэг вакцины эхний тунд 2035, хоёр дахь тунд 2140, нийт 4175 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979464 нь эхний тунд, 90.7 хувь буюу 865.220 нь хоёр дахь тунд хамрагдаад байна.
Мөн нийт 1421 (11.9 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 9298 (27.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Оймсны” гэгдэх хэргээр 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид “Оймсны” гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгожээ. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань хураан авсан байна.

Мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639.244.450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаалаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Вирусийн эсрэг үйлчилгээтэй арбидол эмийг эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатай

ШӨХТГ-ын агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Ковид-19” вирусийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар халдварын улмаас 20.796 хүн гэрийн хяналтад тусгаарлагджээ.ШӨХТГ-аас коронавирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр борлуулах санал хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн оны сүүлчээр манай улсад вирусийн эсрэг үйлчилгээ бүхий эмийг оруулахаар болсон. Та бүхэн санаж байгаа бол 2005 онд Сарс вирус дэгдсэнээр арбидол эмийг хэрэглэж эхэлсэн. Улмаар нэг удаагийн тусгай лицензийн дагуу энэ оны эхээр арбидол, арбивир гэх вирусийн эсрэг эмийг оруулж ирсэн байдаг. Сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж, өдөрт батлагдсан тохиолдол 2000 давж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэртээ тусгаарлагдаж бие даан өөрийгөө эмчилж буй хүмүүс ч тодорхой хувиар өслөө. Түрүүн таны дурдсан 20.796 хүний асуудал энд хөндөгдөж байгаа учраас вирусийн эсрэг үйлчилгээтэй дээрх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн даатгалыг 18 нас хүртэл нь улсаас төлдөг. Харин насанд хүрсэн иргэд маань ажил хөдөлмөр эрхэлж даатгалаа бүрдүүлдэг шүү дээ. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ядаж вирусийн эсрэг эмийг хөнгөлөх саналыг ШӨХТГ-аас шадар сайдад уламжилсан. Бид хэрэглэгчийн төлөө үйлчлэх байгууллага учраас төр засгийн түвшинд асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө төлөөлж ажиллах ёстой. Тэр утгаараа хэрэглэгчдээс ирж байгаа хүсэлт саналыг уламжилж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалыг насаараа төлсөн ч ганц эм аваад ууж чадахгүй байна гэх иргэдийн шүүмжлэл ч бий. Энэ чинь энгийн үед ханиад хүрчихээд эм авч уух гэж байгаа хэрэг биш шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан томоохон хэмжээний өвчлөлтэй хамааралтай асуудал болоод байна. Тиймээс ядаж вирусийн эсрэг эмийг тодорхой хэмжээнд эрүүл мэндийн даатгалаараа аваад уух боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж бид харж байгаа.

Эрүүл мэндийн сайдын гаргасан эмчилгээний удирдамж дээр ямар эмийг ковидын эсрэг уух ёстой вэ гэдэг жагсаалтууд нь байгаа. Энэ дотроос ядаж вирусийн эсрэг эмчилгээ бүхий эмийг эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатай гэж үзсэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн асуудалд орсон айл өрх олон бий. Тийм учраас вирусийн эсрэг эмийн үнийг хөнгөлөх тухайд санал хүргүүлсэн.

-Үнэ хөөрөгдөх асуудлын хүрээнд ШӨХТГ-аас эмийн сангуудад хяналт шалгалт хийж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Вирусийн эсрэг эмийг оруулж ирж байгаа нийт 14 аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагдаж байгаа. Эдгээр эмийн санд шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар 4-5 эмийн сан вирусийн эсрэг арбидол эмийг 38-43 мянган төгрөгөөр үнэ хөөрөгдөж худалдаалсан зөрчил гаргасан байна. Гаалийн үнэ буюу үйлдвэрийн үнийн хувьд арбивир 8300, арбидол 20.080 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэхүү эмийн бусад тээврийн зардлыг оруулж тооцвол 27 мянган төгрөгөөр орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн ярьсан шиг арбидол эмийг 6000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа газар алга, 27 мянга, 6000 гэдэг чинь асар зөрүүтэй шүү дээ. Нэгдүгээрт, 6000 төгрөгөөр худалдаалаагүй гэдэг нь тогтоогдлоо. Нөгөө талдаа 27 мянгаар орж ирж байгаа эмийг 43 мянга хүртэл үнэ өсгөж зарсан нь тогтоогдсон. Тэгэхээр энэ зөрчлийг шалгахаар ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

-Тэгвэл арбивир эмийн гаалийн үнэ нь хэд юм бол, иргэд эмийн сангаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байна вэ?

-Арбивир эмийн гаалийн үнэ нь 8300 орчим төгрөг байгаа юм. Харин эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнэ нь 17.990 төгрөг бол эмийн сангууд руу 23.000 төгрөгөөр нийлүүлжээ. Одоогийн байдлаар хяналт шалгалт үргэлжилж буй учраас байгууллагын нэрийг дурдах боломжгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас арбидол эмийн дээд үнийг 36 мянгаар тогтоож өгсөн байгаа. Гэтэл зарим газар 38-43 мянган төгрөгөөр худалдаалж үнэ хөөрөгдсөн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, үндсэн үнээс дээш худалдаалсан гэдэг мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулж байгаа гэсэн үг. Энэ нь бүрэн тогтоогдвол тухайн эмийн сантай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөнө. Тодруулбал, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авах талаар ШӨХТГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.06.24/ хуралдаж, намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох саналд Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байна.
МАН-ын Бага хурал өглөө 08:00 цагт хуралдаж, шинэ намын даргаа томиллоо.
МАН-ын дүрмийн 20.3.7-д намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заасан.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул намын даргын албан тушаалаа өгөх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

У.Хүрэлсүх өнөөдөр буюу зургадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэж байсан юм.

Хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор УИХ-д Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг УИХ товлон тогтооно” гэж заасан.