Categories
мэдээ нийгэм

Д.Дашжамц: Бидний боловсруулсан норм, дүрмээр барилга баривал эвдрэл гарахгүй л дээ

ШУТИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор Далайн Дашжамц саяхан “Ардын багш” цол хүртсэн билээ. Түүнтэй ярилцлаа.


-Та 1974 онд Уралын Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр төгссөн гэсэн. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн дээд сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалж байж. Монголчууд байшин барьж чаддаггүй гэж ярьдаг байсан үед та сурч, эрдмийн зэрэг хамгаалж байжээ?

-Намайг дунд сургууль төгсөж байхад МУИС-д барилгын инженерийн анги нээгдсэн юм. 1967 онд би аравдугаар анги төгссөн л дөө. Багш нар маань “Манай сургуулийн байшинг орж ирж хараад л хөлөөрөө шалан дээр нь ганц, хоёр дэвсээд л энэ чинь тэдэн настай байшин юм байна гээд үнэлчихдэг эрдэм чадалтай мэргэжилтэн бэлтгэдэг юм байна” гээд ярилцаад байсан юм. Тэгээд л би барилгын инженер болъё гэж зориод, явсаар байгаад л барилгын инженер болсон доо. Гэхдээ би тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ-д сургуульд явсан юм. Аз болж Уралын Политехникийн дээд сургууль тухайн үедээ алдартай сургууль байсан. Миний төгссөн тэр сургуулийг хожим нь ОХУ-ын ерөнхийлөгч болсон Б.Ельцин надаас өмнөхөн төгссөн юм билээ. Тэгэхэд Б.Ельцин Свердловск мужид том дарга болчихсон байсан л даа. “Төрийн сайд нар, олон эрдэмтэд манай сургуулийг төгссөн” гэж багш нар маань ярьдаг байсан. “Зөвлөлтийн инженер бол дэлхийн шилдэг инженер байх ёстой” гэсэн лоозон сургуулийн хананд байдаг. Манай ректор Ф.П.Заостровский ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн том эрдэмтэн байв. Монголоос ирсэн гэхээр биднийг хүлээж авч уулзаж билээ. Тэр ярихдаа “Дэлхийн хоёрдугаар дайнд монгол морь унаж байлдаж байсан. Зэрлэг юм шиг адуунууд ирж байв. Маш тэсвэртэй, өвлийн хүйтэнд цас малтаад, өвс олж иддэг морьд байсан. Монгол нэхий дээл өмсөж, морийг нь унаад байлдаж байлаа” гэж ярьдаг байсан юм. Хичээж сураад, Уралын Политехникийн дээд сургуулийг улаан дипломтой төгсөж байлаа. Онц сайн дүнтэй төгссөн оюутнуудад ийм онцлох диплом өгдөг байсан юм. Барилгын инженер болно гэсэн эрмэлзэлтэй төгсөж ирсэн. Тэр үед МАХН-ын Төв хороо гадаадад төгссөн инженерүүдийг хуваарилдаг байсан л даа. “Чамайг шинэ байгуулагдсан барилгын инженерийн салбарт багшаар томилно” гэсэн. 1978 онд аспирантурт ирлээ. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн Дээд сургуульд суралцаж, Монгол орны хөлдөж овойдог хөрсөнд барилга барих ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Намайг төгсөж ирэхэд “Монголын гуч дахь эрдэмтэн боллоо” гэж байсан юм. Шинжлэх ухааны докторын зэргээ хожуу хамгаалсан. 1998 онд “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилгын суурийн шийдэл боловсруулах” сэдвээр зэрэг хамгаалсан юм. Монголд цэвдгээс гадна хөлдөж овойдог, суумтгай, хөөлттэй хөрс гэж байдаг. Говьд хөрс нь хатуу чулуу байснаа барилга барихаар чийгтээд, хөөгөөд эвдэрчихдэг. Орхон, Сэлэнгийн сав газар юм уу тал хээрийн бүсүүдэд бол элсэрхэг тоос ихтэй хуурайвтар хөрстэй. Барилга барьсны дараа хөрс нь суугаад, чийгтэж эвдэрдэг. Эвдрэл гардаг бүлэг хөрсийг судалж барилга барих тооцоо, зураг төслийн шийдэл боловсруулах судалгааны ажлууд хийсэн юм. Их сургуулийн багшийн гол ажил ном сурах бичиг бэлтгэх. 20 гаруй сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн дээ.

-Таны судалгааны сэдэв чухал санагдсан. Одоо ч гэр хороололд хөрс нь овойсон, цууралттай байшингууд байдаг шүү дээ. Таны судалгааны ажлыг хүмүүс хэр их ашигласан бол?

-Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол зам нь барилгын норм дүрэм, стандарт. Барилгын норм дүрмийг боловсруулахад би оролцсон. Шавь нар, хамтран ажилладаг хүмүүстэйгээ арав гаруй норм, дүрэм боловсруулсан л даа. Түүгээр дамжаад, зураг төсөлд нэвтрэх бололцоо бүрдэж байгаа юм. Хэрэв бидний боловсруулсан норм, дүрмийг баримтлаад, барилга баривал эвдрэл гарахгүй л дээ. Гэр хорооллын жижиг барилгуудыг судалгаагүй шууд барьчихаж байгаа юм. Барьсан хойноо “Эвдрээд байна, зөвлөгөө өгөөч” гэж олон хүн ханддаг л даа, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийнханд. Манай “Геотехникийн профессорын баг”-ийн гишүүн багш нараас зөвлөгөө аваад засч залруулдаг. Одоо бол би “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” гэж АХБ, Европын сэргээн босголтын банкны төсөлд иргэний барилгуудын зураг төслийн зөвлөх инженерээр ажилладаг. Гэр хорооллын барилгууд хөрсний нөхцөлөөс болж эвдрээд байгаа юм. Дулааны алдагдал ихтэй байдаг. Энэ хоёрыг шийдэхээр багууд ажиллаж байна. Усанд автдаг газруудад ус зайлуулах системтэй барилга төлөвлөх хэрэгтэй болж байна. Түрүүчийн барилгуудыг ингэж төлөвлөж байна. Үер, халианд автагддаг, хөрсний нуралт, гулсалт, овойлт, цэвдгийн гэсэлт зэрэг аюултай үзэгдлүүдээс хамгаалах чиглэлээр хоёр нөхрийнхөө хамт шинэ норм боловсруулж гаргасан л даа. Түүнийг зураг төсөлд хэрэгжүүлэх талаар инженерүүдэд зөвлөгөө өгч байна.

Үүнээс өмнө Улаанбаатарт хороолол, нэр цуутай 50 гаруй барилгад төслийн удирдагч, зөвлөх инженерээр ажилласан. Тийм учраас бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, олны хүртээл болгоод явж байна гэж хэлж болно оо.

-Та олон шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан юм билээ. Зохиогчийн эрхийн гэрчилгээ 17-г эзэмшдэг гэсэн. Ямар бүтээлээ онцлох вэ?

-Миний гол бүтээл бол “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга барих ухаан” гээд шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл юм. Үүнд Монгол орны бүх нутаг дэвсгэрийг бүс нутгаар нь судлаад, онцлог чанартай хөрсөн дээр барилга байгууламж барих, зураг төсөл зохиох аргуудын тухай бичсэн. Мөн хамтарч ажилладаг нөхөдтэйгөө “Монгол орны геотехникийн нөхцөл” гээд ном бичсэн. 2008 онд Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан юм. ШУА, БСШУЯ хамтарч шалгаруулдаг байсан. Гэх мэтээр дурдаж болно. Англи хэл дээр бас нэг ном гаргасан. Гадаадын судлаач, Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа, үйлдвэрийн барилга байгууламж барьж байгаа улсуудад хэрэг болж магадгүй гээд англи хэл дээр гаргасан юм. Орос нөхөдтэй хамтарч нэг сурах бичиг гаргасан. Нэгдүгээр зохиогч би өөрөө юм. Оросын барилгын сургуулиудад хэрэглэгдэж байгаа. Тэр нь хөлдөж овойдог хөрсөнд барилга барих тухай байгаа юм.

-Хойд хөршид бас цэвдэгтэй хөрс их байх нь ээ?

-Тийм. Орос их цэвдэгтэй шүү дээ. Сибирь тэр чигээрээ цэвдэгтэй. Оросын хэвлэлийн газар санал тавихаар нь монгол хүн дангаараа байснаас танай нэг судлаачтай хамтаръя гэсэн юм.

-Та ерээд онд ч багшилж байсан юм билээ. Ардын багш болтлоо олон шавьтай болсон байх даа?

-Олон шавьтай. Нийтдээ 47 жил ажиллаж байгаа юм билээ. Түүнээс 37 жил нь яг самбарын өмнө зогсчээ. Залуудаа төр, олон нийтийн байгууллагын ажил бас хийж явсан. Нийтдээ 10,000 гаруй барилгын инженерт хичээл заажээ. Дөчөөд магистрын зэрэгтэй судлаачдыг бэлтгэсэн. Арав орчим докторын эрдмийн ажлын удирдагч, зөвлөхөөр ажилласан.

-Төрийн ордноос авахуулаад манай гол барилгууд, орон сууцны хорооллуудыг хятад, япончууд, оросууд барьсан. Одоо бол цамхаг нэртэй өндөр барилгуудыг манайхан өөрсдөө ихээр барих болж дээ?

-Монгол архитектурын их түүхтэй л дээ. Хар хорумаас авахуулаад олон хотын туурь үлдсэн. Харамсалтай нь үндсэн материал нь тоосго, вааран чимэглэл, дээврийн хийцүүд нь мод байсан болохоор дайн байлдааны үеэр шатчихдаг байж. 1950-иад оноос тоосго, бетон барилгын үйлдвэрлэлд нэвтэрсэн. Түүгээр мэргэшсэн хүмүүс нь суурин амьдралтай хятад, орос, япончууд байж. Монголчууд тэднийг дагаж барилгачин болсон. Би ч бас зуны амралтаараа барилгад ажилласан удаатай. Толгойтын тоосгоны үйлдвэр тухайн үед “Найрамдал тоосгоны завод” гэдэг байсан даа. Найрамдал завод Хятадын тусламжаар баригдсан, анхны автомат үйлдвэр байсан юм билээ. Тэнд ажиллаж үзсэн. 1970-аад оны эхэн үед гурван ээлжээр ажилладаг байлаа. Тухайн үед залуус “Хөнжилд ордоггүй долоо хоног (шөнийн ээлж), хөгжлөөс хоцорсон долоо хоног(оройн ээлж), хүнтэй уулздаггүй долоо хоног” (өдрийн ээлж) гэж дуулдаг байсан юм. Улаанбаатар, Толгойт хоёр өөр хот байсан шүү дээ. Хот орно гэж ярьдаг байв. Монголчууд тав хүртэл давхар барилга барьдаг байсан үе. Ерээд он гараад олон давхар барилга барьсан. Монголын анхны өндөр барилга Бодь цамхаг шүү дээ. Энэ барилгын зураг, дизайныг сонгоод, барих ажлыг захиалагчдын хүсэлтээр би удирдсан юм. Олон инженер, архитекторууд оролцсон. “Голомт” хотхон, “Зүүн хүрээ” хотхон байна. Олон барилга байгууламж бий л дээ. Одоо бол гэр хорооллыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж явна.

-Нийслэлчүүд газар хөдлөлтөөс эмээх болсон. Шинээр баригдаж байгаа барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй гэж сурталчилдаг. Японд барилгууд нь байгалийн гамшгийн үед ганхасхийгээд тогтдог гэдэг. Монголчууд үнэхээр газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барьж чадаж байна уу?

-Япон газар хөдлөлтөд тэсвэртэй, барилгаараа алдартай. Японы их сургуулиудтай хамтарч хэрэгжүүлдэг “Мянган инженерийн хөтөлбөр” гэж дуулсан байх. Энэ хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч нь ШУТИС. Тэр дотроо Барилга, Архитектурын Сургууль, Механик Инженерийн Сургууль орж байгаа юм. Хоёр жил Монголд, хоёр жил Японд сургаад, түрүүчийн оюутнууд төгсөөд ирсэн, барилга дээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Газар хөдлөлт инженерчлэлийн лаборатори” байгуулж байгаа. Японд доктор хамгаалж ирсэн Ц.Цоггэрэл багш удирдаж байна. Түүнээс гадна манай геотехникийн баг Японы эрдэмтэдтэй хамтарч, жил болгон газар хөдлөлтийн асуудлаар өөрсдийн туршлага тооцоо, хийж байгаа ажлаа танилцуулдаг, шинэ мэдээлэл солилцдог хамтарсан семинар явуулдаг юм. 2006 оноос хойш бид барилгын норм, дүрмээ шинэчилсэн. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг тооцох талаар хичээл их сургуульд ордог болсон. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалыг шинэчлэн тогтоосон шүү дээ. Нэг баллаар нэмсэн. Нэг баллаар нэмнэ гэдэг барилгын тооцоонд хоёр балл ахисан гэсэн үг. Тэгэхээр аюулгүй байдлын зэрэглэл ахиж, барилгын үнэ өсч байгаа. 16 давхар хүртэл барилгуудын тооцоо, барих арга технологиудыг нь нормд оруулсан. Түүнээс дээш давхар барилгуудыг нэг удаагийн зөвшөөрөл олгож, хэлэлцэж байгаа. Барилгын хөгжлийн төв дээр Өндөр барилгын орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажилладаг. Шинээр баригдахаар төлөвлөж байгаа бүх барилгууд тооцоо, зураг төслийнхөө дизайныг шалгуулж, зургаа баталгаажуулдаг болж байгаа. Өндөр барилгын нормыг шинэчлэх ажил явж байна. Хуучин барилгуудыг ээлж дараалан хүчитгэх шаардлагатай. Улаанбаатар хотоос сүүлийн дөрөв, таван жилд паспортжуулах ажил хийсэн. Газар хөдлөлтийн чиглэлээр зургаа, долоон багш Японд магистр хамгааллаа. Одоо докторт сурч байна. Барилга, хот байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагад зарим нь ажиллаж эхэлж байна.

-Тан шиг мундаг барилгын инженер ямар байшинд амьдардаг нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Би хувийн сууцтай. Зургийг нь өөрөө зохиогоод бариулсан юм. Багш нарын орон сууцны хороололд газар өгсөн. Тэндээ амьдарч байна. Хуучны баганан чимэглэлтэй, гурван давхар хаус байгаа.

-Барилгын инженерийн мөрөөдөл юу вэ. Та мөрөөдөлдөө хүрсэн үү?

-За… дөхөж яваа байх аа. Монгол Улсад барилгыг найдвартай, тогтвортой хөгжүүлэх асуудал л даа. Алхам алхмаар урагшилж л байна. Барилга гэдэг олон салбартай юм аа. Үйлдвэр, уурхайн барилгууд, иргэний барилгууд байна. Салбар салбарт шавь нар маань ажиллаж байна. Гүний уурхай өөр байдаг юм байна. Гүн уурхайд тогтворыг хангах асуудлаар судалгаа хийж байсан л даа. Оюу толгойд ажиллаж байгаа шавь нар маань санал бодлоо солилцдог. Бороогийн алтны үйлдвэр зэрэг уурхай, үйлдвэрийн барилгууд дээр зөвлөгөө өгч байсан. Барилгын онцлог нь шинэ юм дандаа гарч ирж байдаг. Хүнээс шинэ сэтгэлгээ байнга шаарддаг. Мөрөөдлөө биелүүлэхээр явж л байна.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, хилээр нэвтрүүлж байна

ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэрхэн татан авч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.

Тус яам нь ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-т уламжлан шийдвэрлүүлж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-ний өдөр хилийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-д суугаа Монгол Улсын 50 иргэнийг татан авсан байна.

ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн УОК-ын Шуурхай штабт, ОХУ-д суугаа иргэд өөрийн улсын ЭСЯ болон Ерөнхий консулын газруудаар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтойг Гадаад харилцааны яамнаас мөн мэдээлэв.

Түүнчлэн “Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвар авч, эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн хүсэлтийг УОК-ын Шуурхай штабаас тухай бүр нь шийдвэрлэж, хилээр нэвтрүүлж байгаа. Харин вакцин хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Иймд вакцинд хамрагдаагүй иргэд ОХУ-аас ирэх тохиолдолд тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас шалтгаалан иргэдийг нэгдсэн байдлаар татан авч байгаа болно” хэмээлээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт цар тахлын давалгаа дахин эхэлж болзошгүй

-ТОВЧХОН-

Энэтхэг улсад сүүлийн гурван сарын турш коронавируст цар тахал оргил үед хүрч, саяхнаас буурсан. Дэгдэлт намжсантай холбоотойгоор тус улс хорио цээрийн дэглэмээ сулруулах болсон. Гэвч Энэтхэгт цар тахлын давлагаа дахин эхэлж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Тэдний таамаглаж буйгаар “Гурав дахь давлагаа”-г 12-16 долоо хоног үргэлжилнэ гэж тооцоолж буй юм. Мөн сүүлийн үед газар аваад буй “Delta plus” хувилбар нь вакцины үйлчилгээг сулруулж магадгүйг сэрэмжлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт хоногт илрэх шинэ тохиолдлын тоо 50 000 болж буурсан байна.

l l l

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилсэн байна. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтний мэдээлснээр хүүхэд, өсвөр настнууд хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Тиймээс ковидын халдварын хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт ороогүй хүүхэд, өсвөр настнуудыг вакцинжуулалтад хамруулах гэж яарах шаардлагагүй гэжээ. Ингэхдээ ковидын эсрэг төрөл бүрийн вакцин хүүхдүүдэд хэрхэн үйлчилж байгаа талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн онцолсон байна. Түүнчлэн ДЭМБ-аас Пфайзер вакцин нь 12-оос дээш насны хүүхдүүдэд тохиромжтой гэж дүгнэжээ.

l l l

Умард Солонгос АНУ-тай харилцаа тогтоох нь ашиггүй. Энэ тал дээр манай улс ямар нэг төлөвлөгөөгүй байгаа, энэ харилцаа ямар ч үр дүнгүй, үнэтэй цагийг л үрнэ хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон мэдэгдсэн байна. Тус улсын удирдагч Ким Жөн Ун урьд нь “БНАСАУ АНУ-ын шинэ захиргаатай хэлэлцэх, сөргөлдөхийн аль алинд нь бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн удаатай. АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан уг мэдэгдлийг “Сонирхолтой дохио” гэж тодорхойлсон бол БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч үүнийг хоёр орны харилцаа нааштайгаар хөгжих үндэслэл гэж тайлбарлаж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монголын 50 иргэн эх орондоо иржээ

ОХУ-аас Монгол Улсын 50 иргэн Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, эх орондоо иржээ. Тэднийг татан авах ажиллагааг Гадаад харилцааны яам зохион байгуулсан байна. Тус яам нь ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-оор дамжуулан шийдвэрлэж байгаа юм. Ингэхдээ өргөдөл, хүсэлтийг ОХУ дахь Элчин сайдын яам болон, ар гэрийнхэн нь УОК-ын Шуурхай штабт хүргүүлэх боломжтой.

Хилээр нэвтэрч, эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн дөрвөн сарын хугацаанд Covid-19 халдвар авч эмчлүүлж эдгэсэн байх шалгуурыг харж байгаа юм.

Мөн вакцин хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлэх журмыг мөрдөж буй. Гадаад харилцааны яамны мэдээлснээр вакцинд хамрагдаагүй иргэд ОХУ-аас ирэх тохиолдолд тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас шалтгаалан иргэдийг нэгдсэн байдлаар татан авч байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо

Тангараг өргөх ёслол Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж байна.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

У.Хүрэлсүх “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид тамгаа өргөн барьснаар У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо

Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, гадаадын элчин сайд нар оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” гэжээ.

“МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨН:
  1. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Дарьсүрэнгийн Сүхбаатар,
  2. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, бэлтгэл офицер, Бригадын генерал Баянмөнхийн Билэгт,
  3. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАХ-ны Тамгын газрын дарга Сэдэдийн Эрдэнэцогт,
  4. “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч, “Ситинет” компанийн зөвлөх, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Пунцагийн Улаанхүү,
  5. “Шинэ дэвшилт холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Намсрайноровын Цэнгэл,
  6. Нийслэлийн Багахангай дүүргийн МоАХ-ны дарга Баатарын Болор-Эрдэнэ нар шагналаа гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Түүхт төр улсынхаа хараат бус, бие даасан, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлын төлөөх улс даяарын эгээрэл мөрөөдөл, ард олны эрмэлзэл хүслийг тээн Нэгэн мянга есөн зуун наян есөн онд Монголын мянга, мянган ухаантан, сэхээтэн, зоригтон, чин сэтгэлтэн, үнэн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэн, мэргэн бодлого ухааныг сийлэн зарж, төв түвшин, энх тайван хувьсгал үүтгэн цагийн салхийг зөв эргүүлснээр ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, бүрэн эрхт, тэгш байдлыг сэргээн тунхагласан “Монголын Ардчилсан холбоо” (МоАХ), түүнийг уухайлан дэмжсэн Монголын ард түмний ялалтын 32 жилийн ой бол Ардын хувьсгалын 100 жилийн түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монголын ард түмэн бидний Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа даяар олноо тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бээр монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр баталгаажиж, оюун санаанд оршиж байна. Өнөөгийн бидний энэ бүх үнэтэй бүхэнд уриалан дуудаж, ард нийтээрээ уухайлан дэмжсэн Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг Ардчилсан Монгол Улсын нийт ард түмэн хүртэх бүрэн эрхтэй гэж үзэн:

  • Түүхт төр улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулан, үндэсний оюун санааны нэгдлийн үндэс Эзэн Богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тунхаглан зарласны төлөө;
  • Нэг нам төвтэй захиргаадалтын дэглэм бүхий “нам төр”-ийн тогтолцоог халж, олон намаас бүрдсэн, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчим, үзэл санаа бүхий парламентын “засаг төр”-ийн тогтолцоог хэвшүүлэн тогтоож, бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ Монголын нийт иргэд эдэлдэг болсны төлөө;
  • Эцэг өвгөдийнхөө түүх цадиг, бичиг соёл, ёс заншил, өв уламжлалыг сэргээж, иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсны төлөө;
  • Хэлмэгдлийн хар шуурганд өртөж, цаазын ял тулган буудуулсан, харьд цөлөгдсөн, шоронд хоригдож, эрүү шүүлтэд тарчилсан мянга мянган эх оронч, ихэс дээдэс, эрдэмт мэргэд, эгэл ардын гэм нүгэлгүйг нотлон цагаатгаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, удам судар, ураг төрөлд нэр төр, эрх чөлөөг буцаан олгосны төлөө;
  • Монгол Улс дэлхийн улс гүрнүүдтэй чөлөөтэй харилцаж, монгол хүн аль ч улс оронд дураар зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, аялж зугаалах эрх, эрх чөлөөг олгосны төлөө;
  • Нийгмийн гэх эзэнгүй өмчлөл, нийтийн гэх хөдөлмөрийн мөлжлөгийн харилцааг халж, хувийн өмч, шударга хөдөлмөрийг хүн бүхний амьдралын үндэс болгосны төлөө;
  • Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн чөлөөт харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж, хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 шахам хувийг бүтээж, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүрээгээ тэлж байгаагийн төлөө;
  • Мал сүргийг ард малчдад буцаан өгснөөр мал сүргээ 80 сая толгойд хүртэл өсгөж чадсан малчин түмнийхээ монгол ухааны төлөө:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын Ардчилсан холбоо” ТББ-ыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж байна. Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан социалист хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг мөнхжүүлж байгаа хэрэг мөнөөс мөн.

Хөрстөд ганц Эзэн Богд Чингисийн үр сад, хүчирхэг дээдсийн улбаа хойчис, хөх тэнгэрийн ивээлт монголчууд аа,

Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно.

Бид алдаа оноогоо цэгнэж, ямагт алсыг харж, олон ургалч үзлийг уралдуулан хөгжилд тэмүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж цогцлоож байж Монгол Улс дэлхийн дэвжээнд дэвшил хөгжлөөрөө, үндэс язгуураараа, уламжлал соёлоороо, туулж давсан баялаг түүхээрээ тодорч, монгол хүн эх орныхоо эзэн нь байж, эрх тэгш, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмний үйлс мөнхөд бадарч байх болтугай” гэлээ.

Categories
xурдан-морь мэдээ

“Улсын наадмыг дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулна” гэв

Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.

Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг.

Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш.

Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Байгууллагуудаас гэрээгээр болон хувийн бэлтгэлээр хоол хүнсний асуудлаа хангана” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятад Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөг боомилж эхэлжээ

БНХАУ өөрийн засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн дөнгөж батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Apple Daily” (“Пинго жибао”) сонины үйл ажиллагааг зогсоосон тухай “Ройтерс” агентлаг уламжилжээ. Үүнд өрнөдийн ертөнц, тэр тусмаа Их Британийн нөлөө бүхий орнууд ихэд дургүйцсэн аж. Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарно хэлэхдээ, “Үндэсний аюулгүй байдлын гэх хуулиар халхавчлан өдөр тутмын “Apple Daily” сонины үйл ажиллагааг хаасан нь Бээжин Хонконгийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилон тэрс үзэлтнүүдийг хоморголон баривчлах эх үүсвэрийг тавилаа. Энэ нь Их Британи-Хятадын хооронд Хонконгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх 1984 оны гэрээг зөрчиж буй хэрэг” хэмээн эсэргүүцжээ. “Apple Daily” сонин хэдхэн хоногийн өмнө үйл ажиллагаагаа зогсоож буй тухайгаа уншигчдадаа мэдэгдэхдээ “Сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавьсан” гэж онцолсон байна. Дашрамд хэлэхэд, зургадугаар сарын 23-нд Хятадын эрх бүхий хүчний 500 гаруй албан тушаалтан тус сонины редакцид нэгжлэг хийжээ. Тэр үед тус сонины eрөнхий эрхлэгч Райан Лог гадаадын тагнуулуудтай хамтарч Хятадын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн хэмээн баривчилсан байна. Тус сонин нь өнгөрсөн оны сүүлээр баривчлагдсан, коммунист Хятадын эсрэг тэрс үзэлтэн, 73 настай Жимми Лай хэмээх саятны ивээн тэтгэдэг хэвлэл байжээ. Жимми Лай 2019 оны Хонконгийн Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулагчдын нэг байсан аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Худал хэлж зөвшөөрөлгүйгээр дуут дохио ашигласан иргэнийг Зөрчлийн хуулиар торгоно

Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг бүхий мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЦЕГ-аас залрууллаа.

ЦЕГ-аас “Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иргэний тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуулийн зохицуулалттай байдаг” гэв.

Categories
гадаад мэдээ

Майами хотын ойролцоо орон сууцны барилга нурж, 100 орчим хүн сураггүй болжээ

Пүрэв гаригийн шөнө АНУ-ын Флорида мужийн Майами хотын ойролцоо орон сууцны барилга нурснаас нэг хүн амь үрэгдэж, 99 хүн сураггүй болсон байна.

Тодруулбал Майами хотын дагуул хот Сурфсайдад оршдог 12 давхар орон сууц учир битүүлэг шалтгаанаар нуржээ. Аврах ажиллагаанд 80 гал сөнөөгч дайчлагдаж, орон сууцнаас 53 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэдгээрийн 10 нь бэртэж гэмтжээ.

Цаашдаа амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэхээр байгааг Флорида мужийн онцгой байдлын алба мэдээлж байна.
Флорида мужийн захирагч Рон ДэСантис гамшгийн газарт ирж, нөхцөл байдалтай танилцжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн эрх баригчидтай утсаар холбогдож, холбооны засгийн газрын тусламжийг санал болгосон байна. Сүүлийн өдрүүдэд барилгын дээвэр дээр засвар хийж байсныг оршин суугчид мэдээлжээ. Гэхдээ барилга нурсныг үүнтэй холбож тайлбарлахад эрт байгааг эрх баригчид мэдэгдсэн юм.
Далайн эрэг рүү харсан цонхтой, аялал жуулчлалын бүсэд байрладаг уг орон сууц нь 100 гаруй айлтай, 1981 онд ашиглалтад орсон юм байна.