Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, түүний зургаан жилийн бүрэн эрх өнөөдрөөс эхэлж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Шадар сайд асан Я.Содбаатар удирдахаар болжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллахаар болсон байна. Мөн ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөр ажиллах бол түүнийг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй холбох үүргийг Ө.Золбаяр гүйцэтгэхээр болов.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Я.СОДБААТАР:
УИХ-ын гишүүн асан Я.Содбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар нь ажилласан. Covid-19-ийн цар тахлын эсрэг хүнд цаг үед Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажилласан Я.Содбаатарын хувьд УИХ-д хоёр удаа Өвөрхангай аймгаас сонгогдож байв. Хамгийн сүүлд гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн нь ч үүнтэй холбоотой байв. Шадар сайдаар ажиллах хугацаандаа covid-19 цар тахалтай тэмцэх Монгол Улсын багийг ахалж байсан бөгөөд дөнгөж төрсөн эхийг дөн өвлийн хүйтэнд тавчигтай гаргасныхаа төлөө огцрох өргөдлөө Ерөнхий сайддаа өгсөн ч тэдний Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон юм. Я.Содбаатарын хувьд намд олон жил зүтгэсэн, У.Хүрэлсүхтэй тун ойр бөгөөд сүүлийн хэд хэдэн сонгуулийн компанит ажилд оролцож ирсэн. Шадар сайдын ажлаасаа бууснаасаа хойш намын байрандаа “тухлах” болсон Я.Содбаатар ийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож байна.
ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ж.ЭНХБАЯР:
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тэргүүн байдаг. Харин Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаа томилох эрхтэй бөгөөд У.Хүрэлсүх энэ удаад Ж.Энхбаярыг тус суудалд томилохоор болжээ. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон, Батлан хамгаалахын сайдаар ч ажиллаж байв. Улс төрийн хүрээнд түүнийг У.Хүрэлсүхийн тун ойрын хүн гэдэг бөгөөд түүний зөвлөхөөр ажиллаж байв. Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан хэмээн ярьдаг Ж.Энхбаяр ийн хүслээ биелүүлж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдож байна.
ЕТГ-ЫН ДЭД ДАРГА А.ҮЙЛСТӨГӨЛДӨР:
У.Хүрэлсүхийг улс төрөөс нэг хэсэгтээ холдож, гадаадыг зорьж ирснээс хойш түүнтэй хамт явдаг зөвлөх, туслахууд бий. Тэдний нэг нь А.Үйлстөгөлдөр. А.Үйлстөгөлдөрийн хувьд У.Хүрэлсүхийн пи-ар, улс төрийн үйл ажиллагаа гээд олон зүйлд нь зөвлөж, хамтран ажилласаар ирсэн. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах байх үеэс нь эхлэн зөвлөхөөр нь ажилласан. Сүүлд мөн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. А.Үйлстөгөлдөрийн хувьд орос англи хэлтэй, АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч болон захирлын ажлууд эрхэлж байжээ.
ЕТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА Ө.ЗОЛБАЯР:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Ө.Золбаярыг томилохоор болжээ. Түүний хувьд өмнө нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажилласан юм. Ө.Золбаяр нь “Ийгл” телевизийн тоймч, сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн. 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос өдийг хүртэл “Ийгл” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан. Ө.Золбаяр нь улс төр, уул уурхайн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлч юм.