Categories
амьдралын-өнгө мэдээ

Зам тээврийн ослын улмаас орон нутагт 10, нийслэлд таван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Энэ сарын 24-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 269 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 10, нийслэлд таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан бөгөөд хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгдлээ.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 34, орон нутагт 7 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байдаг. Иймд .

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом”-ын эзэн найрагч маргааш тодорно

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 26-нд буюу маргааш “Сүлд” чуулгад болно.

Жил бүрийн “Болор цом” оны эхэнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэд хэдэн удаа хойшилсон юм. Тэгвэл .

Categories
мэдээ нийгэм

УОК, НОК-т хандан уриалга гаргажээ

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас УОК, НОК-т хандан уриалга гаргажээ. Уриалгад, юуны түрүүнд коронавируст халдварыг хязгаарлах зорилгоор УОК, НОК, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зүтгэж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлье.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт боловч түүнээс дутуугүй ач холбогдолтой зүйл бол хүн амын амьжиргааны түвшинг дордуулахгүй байх, иргэдийн орлогыг тасалдуулахгүй байх зорилт юм. Өөрөөр хэлбэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ тэдний амьжиргааны түвшинг хамгаалж хадгалах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн төрөл бүрийн сөрөг үр дагаврыг бууруулахад нэн чухал билээ.

Харамсалтай нь 2020 оны 2 дугаар сараас эхлэн нэг жил гаруй хугацаанд олон удаа хөл хорио тогтоож, зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг урт хугацаагаар зогсоолоо. Энэ нь хувийн хэвшлийн ААН-үүдэд санхүүгийн асар их бэрхшээлийг учруулж тухайн салбарт ажиллагсдын өрхийн орлогыг маш ихээр бууруулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Худалдааны танхимын хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хотын үйлчилгээний салбар гэхэд 83,3 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Төр, засаг үйлчилгээг нь нээх шийдвэрээ 3 хоногийн дотор цуцалснаас болж нэмж 37,5 тэрбум орчим төгрөгийн алдагдалд орсон, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого өмнөх оны мөн үеэс 9 дахин буураад байгаа нь тодорхой болоод байна.

Иймд УОК, НОК-т хандан бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг хаахгүй, халдвар хамгааллын дэглэм, стандартыг нь тодорхой мэдээлж ажиллуулах, иргэдийн бөөгнөрөл үүсгэх аливаа ажиллагааг төрөөс зохион байгуулахгүй байхыг уриалж байна гэжээ.

Түүнчлэн нийт бизнес эрхлэгч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ хариуцлагатай мөрдөн, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард хийх олон улсын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас 2021 оны долдугаар сарын Олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ.

Тусгаарлан ажиглах шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 тусаад эдгэрсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.

Мөн ИНЕГ-аас иргэд, зорчигчдод зориулж дараах санамж, анхааруулгыг хүргэж байна.

  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд хандах
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байх
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан
  • Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх болохыг анхаарах
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарууллаа.
  • tus-724x1024 Ирэх сард хийх олон улсын нислэгийн хуваарь
Categories
мэдээ нийгэм

Ш.Сүхбаатар: Хууль зүйн салбарт хийсэн бүтээснийг минь үнэлж гавьяат цол хүртээсэнд баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарт өчигдөр гавьяат хуульч цол хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын дараа гавьяат хуульч Ш.Сүхбаатарын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.


-Юуны өмнө гавьяат хуульч цол хүртсэнд тань баяр хүргэе. Хуулийн сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би чинь Хуулийн сургуулийн 1982 оны төгсөгч. Сургуулиа төгсөөд л Төв аймгийн прокурорын газарт ажилд орсон. Хэсгийн прокуророос хуульчийнхаа ажил амьдралыг эхэлж байлаа. Дараа нь 1994-1996 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.

-Хууль зүйн дэд сайдаар ажиллахын өмнө таныг Хууль зүйн яаманд газрын даргаар ажиллаж явсныг санаж байна. Яг аль газарт нь ажиллаж байлаа?

-Хууль зүйн яаманд би гурван ч газрын даргаар ажилласан түүхтэй. Тамгын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мониторинг, хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн дэд сайд болсон юм. Дараа нь Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яаманд ажилласан. Ер нь хуулийн чиглэлээр нэлээд жил ажилласан даа. Бас хууль зүйн чиглэлээр багагүй бичсэн. Наад захын жишээ гэхэд прокурорын байгууллагын түүхийн талаар ном бүтээл хийсэн. Хууль зүйн салбарт хийсэн эдгээр ажлыг маань үнэлж энэ эрхэм шагналыг өгсөн болов уу. Монгол Улсын гавьяат хуульч хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа баяртай байна.

-Та ерээд оны ид шилжилтийн үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан. Эрх зүйн шинэчлэлд өндөр оролцоотой ажилласан байх…?

-Ерээд оны үе бол сая таны хэлсэнчлэн Монголд эрх зүйн шинэчлэлийг хийж эхэлсэн цаг л даа. Тэр үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүний хувьд нийгмийн шинэчлэлтэй холбогдсон олон төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож ажилласан.

Батлан хамгаалах яаманд батлан хамгаалах чиглэлийн хуулийн төслүүд дээр ажиллаж байлаа. ГХЯ-нд ажиллах үедээ хилийн чандад амьдардаг монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чандад гараад эх орондоо ирж чадахгүй байсан хүмүүсийг эх оронд нь авчрах тал дээр нэлээд идэвхтэй ажилласан. 2013 онд 82 хүнийг, 2014 онд 182 хүнийг эх оронд нь авчирсан түүх бий. Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа хилийн чандад хуулийн хариуцлага хүлээж ял шийтгэл эдэлж яваа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байлаа.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйчилгээний шинэчлэгдсэн үнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний үнэ төлбөр долдугаар сарын 1-ний өдрөөс дараах байдлаар өөрчлөгдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан.

Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж УБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Токиод зодоглох ОХУ-ын бөхчүүд тодорчээ

ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев Токиогийн олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов.

Токиод зодоглох ОХУ-ын эрэгтэй багт: 57 кг: Заур Угуев – Дэлхийн хошой аварга (2018, 2019),

65 кг: Гажимурад Рашидов – Дэлхийн хошой аварга (2019), Европын хошой аварга (2016, 2018),

74 кг: Заурбек Сидаков – Дэлхийн хошой аварга (2018, 2019), Европын наадмын аварга (2019),

86 кг: Артур Найфонов – Европын гурван удаагийн аварга (2018, 2020, 2021), ДАШТ-ий хүрэл медальт (2019),

97 кг: Абдулрашид Садулаев – Олимпийн аварга (2016), дэлхийн дөрвөн удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын таван удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2020),

125 кг: Сергей Козырев – ЕАШТ-ий мөнгөн медальт (2021) нар багтжээ.

Сонирхуулахад, “Токио-2020” олимпийн бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-8-нд болно.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

У. Хүрэлсүх: Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Миний Монголын элэг нэгт ахан дүүс ээ,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат, туурга тусгаар Монгол Улсынхаа Төрийн тэргүүний өндөр сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан, Монгол Улсын Төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа.

Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн агуу түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн, мэхийн ёслоё.

Намайг төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн, бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёслоё.

Миний бие энэхүү их итгэл найдварыг ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиа даалгавар, үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан эрхэм хүндэт Халтмаагийн Баттулга Танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт, үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй билээ.

Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай.

Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.

Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.

Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна.

Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.

Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм.

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэгэн зарчим.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний минь оюун санааны охь ундрага юм.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.

Баялагтаа эзэн Монголын төлөө гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, Төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биелэлээ олж, үр шим, үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна.

Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг, харин манай ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг бид ямагт санаж байх ёстой. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн баялгаа ариг гамтай, зүй зохистой ашиглах явдал нэн чухал гэдгийг монгол хүн бүр оюун санаа, зүрх сэтгэлдээ бодож явах учиртай юм.

Монгол хүний оюун санаа, үүх түүх, өв соёл, зан заншил, бүтээл туурвил, хэл соёл, бичиг үсэг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бид бүхэнд ундран арвиждаг баялаг асар их бий.

Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид Монголоороо үлдэх, Монголоороо бахархах, Монголоороо гоёх, Монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө юм.

Учир иймд Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

Түүнчлэн эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс ус, агаарын бохирдол, уул уурхай, үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Эрхэм нөхөд өө,

Улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн минь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм.

“Эвт шаазгай буга барина” гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байх үедээ хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно.

Харин Монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ энэ эрхэм индрээс илэрхийлье.

Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төр засгаа бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэх, хүн бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн төлөө ард түмэн, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно.

Ард түмний эв нэгдэл гэдэг бол улс орны оршин тогтнохын үндэс юм. Эв нэгдэл үгүй бол хөгжил дэвшил, улс үндэстэн байх боломжгүй.

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө, монголчууд та бидний өмнө “Ковид-19” цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдал ч амаргүй байна.

Энэ аюулт цар тахал өвчнийг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн, хүчийг нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна.

Коронавируст халдвараас хайртай хүмүүс, гэр бүлээ хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүх талаар дэмжин, хамтран ажиллахыг Төрийн тэргүүний хувьд ард түмэндээ уриалж байна.

Бид итгэл найдвар, эв нэгдэл, сахилга зохион байгуулалт, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарч чадах болно.

Эрхэм нөхөд өө,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, халуун дотно мэндчилгээ ирүүлсэн дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн, тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгч, элчин сайд Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Миний бие Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно.

Мөн Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана.

Миний бие Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, төрийн цэргийн байгууллагын нэгдмэл байдлыг хангах, Зэвсэгт хүчнийг мэргэшсэн, чадварлаг болгон хөгжүүлэх, цэрэг дайчдыг энхийг сахиулах болон улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, цэргийн цолны үнэлэмж, зохист харилцааг бий болгох, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад илүүтэй анхаарах болно.

Өнөө үеийн монгол цэргүүд өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн дайчин уламжлалаа нэр төртэй үргэлжлүүлж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадсаныг ёслолын энэ арга хэмжээн дээр бахдан тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэ жил манай улсад Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил зэрэг түүхэн тэгш ойнууд тохиож байна.

XX зуунд манай ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, зуу зуун жилийн хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, өвчин зовлонгоос ангижруулан, эх орноо орчин үеийн хөгжил дэвшилтэй улс гүрэн болгон хөгжүүлж чадсан түүхэн гавьяатай билээ.

Тэгвэл XXI зуунд монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататган бэхжүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх их үйлсийг эхлүүлж байна.

Энэ ажлын эхлэл бол манай улс халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих явдал юм.

“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын сайхан үг бий.

Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна.

Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон байгалийн бусад баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг хуулийн хүрээнд дэмжин, хамтран ажиллах болно.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй албыг хашихдаа гагцхүү төрийн хуулийг дээдлэн сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, дадлага туршлага, хүч чадлаа дайчлан ажиллах болно.

Миний Монголын ард иргэд ээ,

Төрөлх сайхан эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна.

Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна.

Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай, төр засаг нь тогтвортой, ард түмэн маань ирээдүйдээ итгэлтэй байж, зүрх сэтгэл, итгэл найдвараараа нэгдэн нийлж, бие биенийхээ гараас чанга атган, гэрэлт сайхан ирээдүйн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил хүчирхэгжин хөгжинө гэдэгт Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч би бат итгэлтэй байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.25) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Төсөл өргөн барихад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар байлцав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаарх судалгааны санал, зөвлөмжид үндэслэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход 7 бүлэг, 51 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.

Нийслэл эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална. Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна.

Мөн нийслэл хотын дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашны, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан тус дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах юм байна.

Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийг тодорхой болгож, хотын аж ахуйн чиглэлээрх зарим бүрэн эрхийг хотын Ерөнхий менежерт шилжүүлэн хэрэгжүүлж болох талаар тусгасан байна.

Түүнчлэн нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсон байна.

Түүнчлэн дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгасан байна. Дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг Улсын Их Хурлаас байгуулна. Олон улсын нийтлэг жишгээр дагуул хотод эдийн засгийн тусгай бүсийг мэдээлэл технологи, инновацийн, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнан, эсхүл хослуулан байгуулж болохоор заажээ. Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах болон тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх юм байна. Нийслэл таваас илүүгүй тусгай бүстэй байхаар, тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлнэ.

Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд нийт 15 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эг гол Хутаг сум Хантай баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 70 см даван үерлэж байна.

Мөн түүнчлэн Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Ховд, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан бол Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.