Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү?

Монголд энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймшигт тахал хоёр зэрэгцэж байна. Он гарахаас өмнө л эрх баригчид энэ ойг тэмдэглэх тухай тасралтгүй ярьсаар байсан. Нийгэм, эдийн засаг, хүн ардынхаа амьдралын нөхцөл байдал, эрүүл мэнд нь эрсдэлтэй байгааг эс тоон Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой учир онцгой ач холбогдол өгөх ёстой хэмээн улсын төсвөөс 10 тэрбумыг наадам нэрийн дор Ардын хувьсгалын ойдоо зориулж төсөвлөчихөөд гүрийж байна. Наадмын арга хэмжээнд 400 сая, аймгуудыг брэнджүүлэхэд нэг тэрбум, ойн медаль захиалан хийлгэхэд нэг тэрбум, ойд зориулсан дуунд 100 сая, телевизийн контентын уралдаанд 300 сая, цэргийн жагсаалд 500 сая, хөшөө, дурсгалыг сэргээхэд 250 сая, тайзны бүрэн хэмжээний бүтээлд 200 сая, урлагийн их наадамд 500 сая төгрөгийг тус тус зарцуулна хэмээн төсвийн задаргаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэд танилцуулсан юм. Гэтэл коронавирусийн дэгдэлт гуравдугаар сарын эхээр дэгдэж, хүрээ нь тэлж, улс даяараа улаан голомт болчихоод иргэд нь өдөр болгон арав арваараа хорвоог цаг бусаар орхисоор байгаа ч эрх баригчид мөнөөх л Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх тухай үргэлжлүүлэн ярьсаар.

Монгол Улсад коронавирусийн тохиолдол өчигдрийн байдлаар 102629-д хүрч, энэ тахлаар нас барсан иргэдийн тоо 482 болчихоод байна. Ийм байсаар атал эрх баригчид өдөр шөнөгүй Ардын хувьсгалын ойдоо бэлдэж, хөл толгойгүй л тэмдэглэж байна. Тэд улс орны эдийн засаг, ард түмнийг сөхрүүлчихээд байгаа цар тахлаас илүү Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо чухалчилж байна. Аймшигт тахалд санаа зовж байгаа шинж алга, үхэл өдөр бүр нэмэгдэж байгааг тоож байгаа нь даанч үгүй.

Ард иргэд нь аймшигт тахалтай нүүр тулж, халдваргүй хүнгүй шахуу болж, бүх юм хяналтаасаа гарчихсан байхад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” төслийн хэлэлцүүлгийг хийгээд сууж байгаа юм. Ийм мэдрэмжгүй байж болох уу. Уг хүндэт медалиа 150 мянган хүнд олгохоор төлөвлөсөн байна. Нэг медаль нь 15 мянган төгрөгийн өртөгтэй. Медальд зарцуулагдах зардлыг энэ оны төсөвт аль хэдийнэ суулгачихсан. “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчих шиг боллоо. Чанаргүй, дугааргүй, нимгэн мөртлөө өндөр үнэтэй юм аа”, “Хэмжээний тухайд сайжруулахын тулд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Хамгийн зузаан хэсэгтээ 6 мм байсныг 5.6 мм болгон өөрчилсөн шүү” гээд яриад сууцгааж байна. Гэтэл амьсгалын аппарат хэрэгтэй байгаа тухай, уушги орлуулах аппарат нэн шаардлагатай байгаа талаар ярьж байгаа амьтан тэдний дунд нэг ч алга. Харин ч “Одоо байгаа хэд нь хангалттай” гэсэн шүү юм ярьж, ам таглаж байна.

Хэрэв наадам тэмдэглэхээ болиод түүнд зарцуулагдахаар төсөвлөгдсөн 10 тэрбумаар амьсгалын аппарат авъя гэвэл хамгийн хямдаас нь 625 аппарат авах боломжтой юм. Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн үнэтэй. Ядаж л Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хийлгэж буй нэг тэрбум төгрөгийг ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг аврахад зориулчихсан бол 62 ширхэг амьсгалын аппарат авчихаж болохоор байлаа даа.

Энэ нам эхнээсээ л үзэл суртлыг чухалд тавьж ирсэн коммунист угшилтай нам. Коммунизмын үед үзэл суртал гэдэг зүйл бүхний оройд, хүний амь нас, хамаг л үнэт зүйлийн дээр байдаг байлаа. Яг тэр хандлагаараа үзэл суртлаа л урдаа бариад байгааг бүгд харж байна. Амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй, ковидоор өвчилсөн, хүнд хүмүүсээ ийш тийшээ зөөвөрлөж байна. Уг нь сум болгонд байх ёстой эд шүү дээ, амьсгалын аппарат чинь. Сумаас аймаг руугаа, аймгаас хот руу, эмнэлгээс эмнэлэг рүү хүмүүсээ зөөж байна. Ингэж зөөвөрлөж явсаар цаг хугацаа алдаж, олон хүн нас барж байна, амьсгалын аппаратанд орж чадалгүй амьсгал хурааж байгаа тухай эмгэнэлтэй мэдээ өдөр бүр сонсож, уншиж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө бодит нөхцөл байдлыг илт гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд зориуд цацаж, вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрлээ, долдугаар сарын нэгэн гэхэд маскаа тайлаад шидэцгээнэ, Ардын хувьсгалаар бид ковидгүй зусах болно, вакцинжуулалтаараа Монгол Улс Азидаа тэргүүлэх байрт ороод ирлээ гэж зарласан. Үүнээс болж иргэдийн дунд тайвшрах, задгайрах хандлага гарсныг үгүйсгэхгүй.

Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг хар. Ойрын хавьтал болоогүй хүн үлдсэнгүй. Дэлхийн коронавирусийн газрын зураг дээр Монгол Улс ганцаараа шахуу хараар тэмдэглэгдэж, 1.4 тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ыг ковидын тохиолдлын тоогоороо ардаа хийчихлээ. ЭМЯ хэд хоногийн өмнөөс “Вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрээгүй. Дөнгөж 50 гаруй хувьдаа яваа шүү” гэж “хэлд орсон”. 50 хувь гэдэг бол үнэхээр хангалтгүй тоо. Эрх баригч хүчин сүргийн дархлаа тогтох хэмжээнд хүрээгүй байхад буруу тооцоолол, улс төрийн попролоороо иргэдийг цар тахал руу түлхчихлээ гэж үзэж болно.

Засгийн газар, Улсын онцгой комисс ээлжилж хуралдахад иргэд тоймтой юм сонсоно хэмээн хүлээтэл “Цахим наадмаа цуцлахгүй” гэв ээ. Хэдэн дарга нь сууж байгаад наадмаа хийх юм гэсэн. Түүнийг нь харин иргэд гэр гэрийнхээ зурагтаар үзэх ёстой гэсэн. Тийм ч юм гэж ёстой байхгүй байх аа. Монголын ард түмэн тийм наадам телевизээр үзмээргүй байна, ийм их уй гашуу, өвчин зовлон дунд түгшиж байж та нарын баясаж байгааг харна гэж юу байхав. Ард түмэн гэртээ хөлөө хориулж, эрх баригчид нь наадмын индэр дээрээс маасайтал инээнэ гэдэг хорвоогийн гутамшиг юм. Наад наадманцраа больж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн нэг тэрбум төгрөгөө амьсгалын аппаратанд зориул. Та нар оны өмнө төсөв хэлэлцэхдээ энэ жилийн наадмаар 150 мянган хүнд Ардын хувьсгалын ойн медаль тараавал баярлана гэж төсөөлсөн байж болно. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал төсөөлснөөс чинь өөрөөр эргэчихлээ. Өнөөдөр ард түмэнд эмийн багц, эмнэлгийн үйлчилгээ, зөвлөгөө, амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм алга. Тэднийг баярлуулъя гэвэл наадмаа бүрмөсөн цуцлаад төсвийг нь ард түмний амь насыг аврахад зарцуул.

“Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү” гэдэг асуултыг нэг нэгнээсээ битгий асуу. Харин ард түмнээс асуугаарай, эрх баригчид аа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин могой өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 26, Санчир гариг. Билгийн тооллын 17, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 4:55 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 28-30 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 градус, Дархадын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Айлын талбайд оруулсан гоол ач холбогдолтой байдаг дүрмийг цуцаллаа

Хөлбөмбөгт одоо үйлчилж байгаа дүрмээр “Айлын талбайд оруулсан гоол” чухал ач холбогдолтой байдаг билээ. Тийм ч учраас “Айлын талбайд оруулсан гоол хоёр гоолтой тэнцэнэ” гэсэн хэлц үг гарсан байдаг. Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбоо энэ дүрмийг цуцалжээ. ЕХХ энэ талаар албан ёсны шийдвэрээ хэдийнэ гаргасан ч “Евро 2020” завсарлахыг хүлээж байсан аж. Шинэ дүрэм 2021-2022 онд ЕХХ-ноос зохион байгуулагддаг бүх тэмцээнд хэрэгжинэ.

Айлын талбайд оруулсан гоолд ач холбогдол өгдөг дүрэм ийнхүү 45 жил хэрэгжээд хүчингүй болж байна. Хоёр тоглолтын нийлбэрээр тэнцсэн багууд нэмэлт тоглолт хийх нь зохион байгуулагчдын хувьд хүндрэлтэй байсан тул ЕХХ 1965 оноос эхлэн айлын талбайд оруулсан гоол илүү ач холбогдолтой одоогийн дүрмийг хэрэглэж байгаа юм. Мөн тухайн үед зочлон тоглох нь багуудад маш хүнд тусдаг байсан тул зочдын 16 хувь нь л хождог бодит статистик байсан нь дүрмийг хэрэглэхэд түлхэц өгч байж. Харин одоо хэрэгжих гэж байгаа дүрмээр бол багууд нэмэлт тоглолт хийхгүй. Хоёр тоглолтын нийлбэрээр тэнцвэл 15, 15 минутаар хоёр үе нэмж тоглоод 11 метрийн цуврал цохилтоор ялагчаа тодруулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин Харрисон Форд кино зураг авалтын үеэр мөрөө гэмтээжээ

Америкийн жүжигчин 78 настай Харрисон Форд “Индиана Жонс” киноны тав дахь ангийн зураг авалт дээр мөрөндөө бэртэл авсан тухай The Walt Disney компани мэдэгдлээ. Компанийн мэдэгдэлд кино зураг авалт хэвийн үргэлжилж, жүжигчин Харрисон Форд эмчлүүлж байгаа гээд шаардлагатай бол зураг авалтын дэгийг өөрчилнө гэжээ.

Ирэх 2022 оны долоодугаар сарын 29-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй “Индиана Жонс” кинонд Фордоос гадна Мадс Миккельсен, Бойд Холбрук, Фиби Уоллер-Бриж зэрэг жүжигчид тоглож байна. “Логан”, “Феррариийн эсрэг Форд” киног бүтээгч Жеймс Мэнголд найруулагчаар нь ажиллаж буй. Өмнөх ангиудыг бүтээсэн Стивен Спилберг энэ удаа продюсеруудын нэг болсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Аюултай хог хаягдлыг хадгалах, саармагжуулах агуулах барьж байна

Аюултай хог хаягдлыг хадгалах, саармагжуулах агуулахын барилгын гүйцэтгэл, ажлын явцтай танилцлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аймаг, нийслэлийн зургаан байрлалд аюултай хог хаягдал хадгалах, саармагжуулах агуулах барих ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагаан давааны хогийн цэгийг түшиглэн барьж байгаа нэг давхар 315м2 талбай бүхий 3 өрөө зориулалтын байгууламж юм.

Эм, эмнэлэг болон төрөл бүрийн үйлдвэрлэлээс гарах аюултай хог хаягдлаас гадна бидний өдөр тутмын хэрэглээ, сургууль, эрдэм шинжилгээний лаборатори зэргээс гарч байгаа аюултай хог хаягдлыг ангилан тусгайлан хадгалах, саармагжуулах нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болоод байгаль орчны бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй.

Иймээс энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн бүх аймаг, дүүрэгт стандартад нийцсэн хадгалах, саармагжуулах байгууламж барих боломжийг судалж, байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Вьетнамын “Тарзан” тосгоны амьдралд дасалгүй ширэнгэдээ амьдрах болжээ

Вьетнамын “Тарзан” хочтой Хо Ван Ланы түүх олон хүнийг гайхшруулсан хэвээр байна. Тэрбээр 51 настай бөгөөд амьдралынхаа 41 жилийг ширэнгэд өнгөрүүлжээ. Түүнийг анх ширэнгээс олсноос хойш найман жил өнгөрсөн байна.

Тэрбээр тосгонд амьдарч эхэлснээс хойш нийгэмшлийн асуудал тулгарч байгаа аж. Жишээлбэл, Лан одоо ч эрэгтэй, эмэгтэй хүн юугаараа ялгаатайг сайн ойлгодоггүй гэнэ. Тэдний гэр бүлийг олон жил ажиглаж, баримтат кино бүтээсэн Алваро Церезо “Ланд ямар ч бэлгийн дур сонирхол байдаггүйг би баттай хэлж чадна. Түүний нөхөн үржихүйн зөн совин аль эрт алга болсон байх” гэжээ.

Лан хэдийгээр тосгоны амьдралд чадахаараа дасч, хүмүүстэй цуг байх нь таалагдаж байсан ч ойгоо их санадаг байжээ. Ялангуяа аав нь нас барснаас хойш тэрбээр ихэд ганцаардсаар ширэнгэдээ эргэн очихыг улам их хүсдэг болсон гэнэ. Тиймээс ах нь түүнийг эргээд ширэнгэдээ очихыг зөвшөөрснөөр Лан өссөн ширэнгэдээ ганцаар амьдарч, сард нэг удаа тосгонд очдог болжээ.

Гунигт түүх

Түүний аав Вьетнамын дайнаас өмнө ээж, эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амар жимэр амьдардаг байжээ. Гэвч дайн эхэлж, тэрээр цэрэгт татагдан АНУ-ын армитай байлдах болов. Гэтэл одоогоос 49 жилийн өмнөх нэгэн өдөр тосгонд нь бөмбөг унахыг сонсоод яаран очтол ээж, хоёр хүү нь нас барсан байжээ.

Тэр үед маш ихээр цочирдсон тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй болж, эхнэр болон хоёр бага хүүтэйгээ аюулгүй газарт очсон аж. Гэвч түүний сэтгэц эрүүл байхаа нэгэнт больж, эхнэртээ гар хүрэх болсон гэнэ. Удалгүй тэрбээр хоёр нас хүрэх гэж байсан бага хүү Ланыг аваад ширэнгэ рүү зугтжээ.

Түүнээс хойш 12 жилийн дараа Ланы ах тэднийг ойгоор удтал хайсны эцэст олж уулзсан гэдэг. Анх аав нь хүүгээ таниагүй аж. Тэр цагаас хойш ах нь жилдээ хоёр удаа тэдэнд будаа, давс, тос зэрэг зүйлс хүргэж өгдөг болсон гэнэ. Харин 2013 онд Ланы нас ойд амьдрахад тохирохооргүй болсонд ах нь нутгийн удирдлагуудтай нийлэн аав, дүү хоёроо ятгаж, тосгонд амьдруулжээ. Аав нь сэтгэцийн өөрчлөлтөөсөө болоод 2017 онд нас барсан гэдэг.

Харин Лан дөнгөж хоёр настайдаа ширэнгэд амьдарч эхэлсэн тул нийгмийн амьдралыг огт санадаггүй аж. Тэрбээр ширэнгэд амьдрахдаа ойгоос жимс, зөгийн бал, сармагчин, могой, гүрвэл, мэлхий, харх гээд идэж болох бүхнийг түүж, агнаж сурчээ. Түүний хамгийн дуртай хоол хархны шарсан толгой гэнэ.

Ланаас эмэгтэй хүн гэж мэддэг байсан эсэхийг нь асуухад тэрбээр “Мэддэггүй байсан. Аав надад тийм юм огт ярьж байгаагүй” гэж хариулжээ. Тэр ширэнгэд амьдарч байхдаа нийт ердөө таван удаа л алсаас хүний бараа харсан бөгөөд тухай бүрдээ чимээгүйхэн зугтаж, нуугддаг байсан аж.

Categories
мэдээ эдийн-засаг

ХААБ 15.3 тэрбум төгрөгийн түүхий эд арилжив

Пүрэв гаригт Хөдөө аж ахуйн бирж 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 167.9 тонн ноолуур арилжлаа.

Арилжааны үнийн дүн өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлттэй байна. Ноолуурын үнэ кг тутам нь 122-125 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дөрвөн өдрийн арилжаагаар нийт 61.5 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаад байгаа юм.

Үүнээс гадна иргэд, олон нийт Төрийн үйлчилгээг шуурхай, хялбараар авах боломжийг бүрдүүлсэн “E-Mongolia” цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарын 76 төрлийн үйлчилгээ байршжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Хүүхдийн 100 мянган төгрөг, тог, ус, дулааны төлбөрийг он дуустал хөнгөлнө

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын 67.76 хувиар ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллахаар боллоо.

Тэрээр, Ерөнхийлөгч болоод хамгийн анхны ажлаараа ҮАБЗ-ийг хуралдуулж, долдугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх зэрэг 4 асуудлыг хэлэлцжээ.

Ийнхүү ҮАБЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөг, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болжээ.

Засгийн газраас дараах шийдвэрийг гаргалаа.

  • Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав
Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градус давж хална

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр 30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Маргаашийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

VI/27-VII/1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын

  • 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 27, 28-нд зарим газраар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.