Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эхчүүд халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байна

Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа тул халдвар авахаас сэргийлэх арга замыг мэргэжлийн эмч зөвлөж байна.

Олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. Хэдийгээр жирэмсэн эх гэртээ байгаа ч хамт амьдардаг гэр бүлийнхэн нь гадуур явж халдвар тээгээд ирж байна. Мөн иргэдийн амны хаалт зүүх, гар угаах чанар муудсан, зай барих зөвлөмж мөрдөхгүй байгаагаас коронавирусийн халдварын тоо буурахгүй буй юм.

Жирэмсэн эхчүүд ковид-19-ийн халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Жирэмсний 36-гаас дотогш долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд Файзер вакцин хийж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацсан Монголын эдийн засаг

Зам тээврийн яамнаас хэд хоногийн өмнө Хятадын Тяньжин боомтод саатаад байсан импортын бараа бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээлгэж өгсөн тухай мэдээллээ. Ачаа тээврийн хурд хоёр дахин нэмэгдсэн гэж тодотгож байгаад мэдээлнэ лээ. Хурд нэмэгдэх сайн хэрэг л дээ. Гэхдээ алгаа ташиж баярлахаар мэдээ лав биш. Дахиад ч өчнөөн чингэлэг бий, яг хэзээ орж ирэхийг хэлэх албаныхан өнөөхөндөө алга. Иргэд сүүлийн гурав, дөрвөн сарын турш захиалсан бараагаа хүлээсээр суугаа. Хэрэглэдэг барааныхаа ихэнхийг гаднаас импортолдог манай улсын хувьд энэ гацалт үнийн өсөлтөөр илрээд эхэлчихсэн. Товчхондоо ковидоос болж орлогогүйдсэн иргэдийн халаасыг тэмтэрсэн гацалт болж байна, Тянжиньд. Ачаа барааны гацалтаас болж өмнө нь 1500 төгрөгөөр авдаг байсан гарын савангаа 2000 төгрөгөөр авсан шигээ аж төрж суугаагийн эхний том шалтгаан нь мэдээж цар тахал. Гэхдээ худалдааны нэгдсэн бодлогогүй, худалдаа арилжааны харилцаагаа 84 дүгээрт тавьсан төр засгийн буруу илүү жин дарна.

Тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8000-10000 юань байж. Гэтэл энэ сарын байдлаар Эрээн-Улаанбаатарын автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50000-60000 юань болоод тэнгэрт хадчихаж. Ачаа тээвэрлэлтийн үнийн энэ өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болж хувирна. Өөрөөр хэлбэл, бас л жирийн иргэдийн халаасыг тэмтэрнэ. Олон иргэд, бизнес эрхлэгчид ачаа бараагаа захиалж авч чадахгүй, захиалагчдадаа буцаалт хийж эхэлсэн тухай мэдээ ч чих дэлсэж байна. Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байсан цар тахлын өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал Монгол Улсын эдийн засагт сард таван сая юань, жилд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хохирол учирч байгааг тогтоосон судалгаа ч харагдана лээ.

Орох ачаа нь овоорсон энэ дүр зургийн нөгөө талд гарах ачаа нь ч таг гацчихсан гашуун үнэнтэй улсаараа нүүр тулчихсан сууж байна, бид. Азийн Монгол гадагшаа доллараар арилжаалдаг тун цөөхөн бүтээгдэхүүнтэй. Нүүрс, зэс, ноолуур гэсхийгээд барагладаг. Нүүрсний экспорт таг гацсан дүр зурагтай байна. Таван толгойн Ухаа худагт олборлолт хийдэг “Энержи ресурс” компани наймдугаар сарын 1 хүртэл тэг зогсолт хийчихэж. Ухаа худагийн уурхай огт ажиллахгүй байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ч ижил өнгөтэй байна. Олдог долларынхаа ихэнхийг нүүрснээс олдог манай улсын хувьд энэ бол маш таагүй мэдээ. Сонгуулиас болж алдагдал нь хэтээсээ талийчихсан төсвийн орлогыг нүүрсний экспортын тасалдал огцом хумих нь тодорхой болчихлоо. Зэсийн баяжмалын экспорт ч гавихгүй яваа сураг дуулдаж байна.

Товчхондоо гаднаас авдаг бараа нь боомт дээр гацаад дотооддоо барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадагшаа зардаг бүтээгдэхүүнийх нь экспорт Гашуунсухайт дээр таг гацаад олдог доллараа олж чадахгүй сууж байна даа, улсаараа. Экспорт ингэж гацсаны гайг бид ажил амьдрал буцалсан есдүгээр сараас мэдэрч эхэлнэ. Хамгийн том эрсдэл нь долларын ханшийн өсөлт. Н.Золжаргалаас Н.Баяртсайхан төв банкны ерөнхийлөгчийн тамгыг гардаж авдаг жилийн намар төгрөгийн ханш яаж өслөө, яг тэрэн шиг ногоон валютын ханш огцом чангарах нь тодорхой болчихсон. Төгрөг сулрах хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн дээрээ нэмэгдэнэ. Худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн хэнэггүйрхлээс болж доллар олох сувгаа хаалгачихсан сууж байгаа гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монголын Засгийн газар тахлын үед зөв менежмэнт барьж, нэгдсэн бодлоготой ажиллаж чадаагүйн гайг өнөөдөр улсаараа үүрч байна. Гуравхан сая хүн амтай, сая гаруй нь нийслэлдээ, үлдсэн сая гаруй нь тархуу суурьшсан улсад ковидын тархалтыг нам хазаарлаж, иргэдээ вакцинд бүрэн хамруулах уг нь тэгж их толгой гашилгахаар ажил биш. Цар тахлын үед зөв тактиктай ажилласан бол өдөрт хэдэн мянгаар халдвар илэрч, хагас мянган хүн цаг бусаар амиа алдаж, эдийн засаг ингэтлээ туйлдахгүй байсан юм.

Яг ийм хэцүү цагт дотоодын бизнесээ хэр дэмжиж байна вэ гээд харахаар бас л хэцүү зураг харагддаг. Коронавирусийн ямар ч тохиолдол илрээгүй, сураг нь сонсогдсон үеэс л аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг барьж, үйл ажиллагааг нь зогсоосон алдаа Засгийн газарт бий. Шуудхан хэлэхэд, хувийн хэвшлийнхэн жил хагасын хугацаанд хөл хорионд байна. Өндөр хүүтэй зээлээр амь зуудаг, өчнөөн ажлын байр бий болгож олон хүнийг орлоготой аж төрүүлдэг компаниудын хувьд жил хагасын байтугай ганц, хоёр сарын хөл хорио ч өчнөөн хохирол дагуулдаг. Ресторан, кофе шопуудын саяхны эсэргүүцэл тэвчээрээ барсан аж ахуйн нэгжүүдийн аргаа барахдаа хийсэн алхам л даа. Ресторанууд засгийн шийдвэрийг эсэргүүцэж үйлчилгээ үзүүлж эсэргүүцэл илэрхийлсэн тэр өдөр маш олон иргэн төр засгийн буруу бодлогын эсрэг шүгэл үлээсэн хоолны газруудын үүдэнд дугаар үүсгэнэ лээ. Мэдээж тэд өлссөндөө хоолонд орох гэж ингэж дугаарлаагүй. Яг үнэндээ иргэд, компаниудаа бараг хоёр жил таг хорьж орлогогүйдүүлсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцэж “жагссан” юм. Олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хотын дарга “За яахав, та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан ч хариуцлагын гэрээ гэх хэцүү агуулгатай шийдвэр гаргаж олны дургүйцлийг өдөөгөөд байна. Үүдээ нээсэн ресторанаар үйлчлүүлсэн хүнээс халдвар илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэсэн утгатай хөлдүү заалт нь хэчнээн аж ахуйн нэгжид төвөг чирэгдэл удахыг өнөөхөндөө хэлэхэд эрт. Энэ мэтээр төр засгийн шийдвэр бүр компаниудын эсрэг чиглэсэн агуулгатай гарч байна.

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацаж, хувийн хэвшил нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа эргэж харж ухаалаг бодлоготой ажиллахгүй бол ковид дууссаны дараа гадаад өр, төсвийн алдагдал, цойлсон инфляци, ханш нь навс унасан төгрөг, газар авсан ажилгүйдэл, дарангуйлал ханхалсан засаглалтай л сууж байх нь дээ, улсаараа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1811 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1811 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 983 нь Улаанбаатар хотод, 823 орон нутагт, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 111505 боллоо.

Мөн 15 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 533 болов.

Мөн 834 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 70792 боллоо.

Categories
гадаад мэдээ спорт

Криштиану Роналдугаар удирдуулсан Португалчууд Бельгийн шигшээ багт хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ

EURO 2020-ийн шөвгийн 16-гийн тоглолтууд энэ сарын 27-ноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. EURO 2016-гийн аварга Криштиану Роналдугаар удирдуулсан Португалчууд Бельгийн шигшээ багт хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Бельги 1-0 Португал (Торган Азар 42′)

Ах дүү Азарын дүү Торган тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд торгуулийн шугамын гаднаас баруун хөлөөрөө хаалгачийн зүүн доод буланд цохин гоолдсон бөгөөд Бельги шөвгийн наймд шалгарлаа. Тэд шөвгийн наймд Австиртай хүндхэн тоглолт хийж хожсон Италитай тоглох юм.

Харин сүүлийн байж болох EURO-доо оролцсон Криштиану Роналдугийн Португал аваргаа хамгаалж чадалгүй тэмцээнээс дуусгалаа.

Нидерланд 0-2 Чех (Томас Холеш 68′, Патрик Шик 80′)

Том тэмцээнд ороогүй удсан Нидерландын шигшээ баг хэсэгтээ нэг ч оноо алдаагүй амжилттай гарч ирсэн ч Чехийн хамгаалалтыг давалгүй хожигдлоо. Чехүүд сөрөг довтолгоонд суурилсан тоглолтоороо бүрэлдэхүүн зузаан Нидерландыг буулгаж авснаар шөвгийн наймд Данийн шигшээ багтай тоглохоор болсон.

Ийнхүү Уэльсийг хожсон Дани, Австрийг хожсон Италийн шигшээ багууд дээр Бельги, Чехүүд нэмэгдлээ. Дараагийн хоёр шөнө дахин 4 тоглолт болж шөвгийн наймын үлдсэн 4 баг тодорно.

Шөвгийн 16-гийн үр дүн ба оноолт:

  • Уэльс 0-4 Дани
  • Итали 2-1 Австри (Нэмэлт цагт)
  • Бельги 1-0 Португал
  • Нидерланд 0-2 Чех
  • Зургаадугаар сарын 29. 00:00 цаг. Хорват – Испани
  • 03:00 цаг. Франц – Швейцар
  • Зургаадугаар сарын 30. 00:00 цаг. Англи – Герман
  • 03:00 цаг. Швед – Украин

Шөвгийн наймын оноолт:

  • Бельги – Итали
  • Дани – Чех
  • Англи/Герман – Швед/Украин
  • Хорват/Испани – Франц/Швейцар
Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравын төмөр замын гарамд засвар хийж 18 цаг хүртэл хаалаа

Иргэдийн анхааралд:

Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарамыг өнөөдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр 18.00 цаг хүртэл хаалаа. Төмөр замын гармын дэр мод солих ажил явагдахтай холбоотойгоор тухайн автозамыг хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 4 иргэний амь насыг авран хамгааллаа

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 6779 иргэнд өгч, 557 ширхэг гарын авлага материал тарааж ажилласан байна.

Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Categories
гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногт​ ОХУ-д цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн олон хүн нас баржээ


Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д коронавирусийн халдвараар 3.291 хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөх хамгийн өндөр үзүүлэлт нь 3.290 хүн нас барсан 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоног байсныг тус улсын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Орос даяар 134.465 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 24.3 хувиар өссөн үзүүлэлт байв.

Covid-19 өвчнөө идэвхтэй эмчлүүлж буй хүний тоо өнгөрсөн долоо хоногт 43.802-оор нэмэгдэж, 361.295 хүрсэн нь хоёрдугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Москва хотод 144 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Москва хотод шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын 90 орчим хувь нь коронавирусийн Энэтхэг улсаас гаралтай Дельта хувилбараар өвчилснийг тус хотын захирагч Сергей Собянин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.

Вирусийн халдварыг зогсоох цорын ганц шийдэл нь хурдтай, өргөн хүрээний вакцинжуулалт болохыг тэр өчигдөр мэдэгдээд идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалжээ.

ОХУ-д нийт батлагдсан халдварын тохиолдол 5.37 сая, нас барсан хүний тоо 130 мянга орчимд хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасүрэн: Шүхрийн спортыг хөгжүүлж, эмэгтэй шүхэрчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг

Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг ганц эмэгтэй шүхэрчин аврагч байдаг нь ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад үүрэг гүйцэтгэдэг шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Б.Бямбасүрэн. Тэрээр Агаарын ажиллагааны салбарт тав дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Аврагчид маань ээлжит буултын дадлага сургуулиа хийлээ. Таны хувьд 100 дахь буултаа хийсэн тэр мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

– Миний хувьд анх 2016 оны наймдугаар сард анхны буултаа хийсэн тэр мөчөөс хойш шүхрийн багш, зааварлагч нарынхаа хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд тасралтгүй хичээн зүтгэж байна. Өнгөрсөн оны хаврын шүхрийн дадлага, сургуулиар 69 дэх удаагийн шүхрийн буултан дээр шүхрийн задаргаа сольж, гар задаргаанд шилжсэн. Жилийн дараа буюу энэ оны хаврын шүхрийн дадлага, сургуулиар шүхрийн 100 дахь удаагийн буултаа хийсэндээ маш баяртай байна. Буултынхаа тоог гурван оронтой болгоод шүхрийн багш, зааварлагч нараасаа урмын үг сонсох сайхан байсан шүү. Гэхдээ буултын тоо их байх тусам миний сурч мэдэх зүйл тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Илүү их хариуцлага нэмэгдэж байгаа гэж ойлгож байна.

-Таван жилийн өмнөх анхны буулттайгаа харьцуулахад мөрөөдөл тань хэр өөрчлөгдсөн байна?

-Томилогдсноос хойш 14 хоногийн дотор шүхрийн онол үзэж, газрын бэлтгэлд хамрагдаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт болсон Агаараас эрэн хайх, аврах албадын олон улсын хамтарсан дадлага, сургуулийн үеэр анхныхаа шүхрийн буултыг хийж байлаа. Анхны шүхрийн буултаа хийсэн энэ өдөр төрсөн өдөр минь тохиосонд бэлэгшээж байлаа. Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулахад чамлахааргүй туршлагажсан шүү /инээв/. Илүү том зорилготой болж, боломж ч их нээгдсэн.

– Ээжийнхээ үргэлжлэл, ажил, амьдралынх нь залгамж болж Онцгой байдлын албыг сонгосныг ойлгож болох ч шүхэрчин болох хүсэл, сонирхол хэзээ төрсөн бэ?

– Ээж маань тухайн үеийн Аврах тусгай ангид /одоогийн Үндэсний аврах бригад/ хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд 20 гаруй жил үүрэг гүйцэтгээд 2017 онд гавьяаныхаа амралтад гарсан. Бэлтгэл ахлах дэслэгч цолтой. Ээжийг маань Самдангийн Содгэрэл гэдэг. Ээжийнхээ ажил мэргэжил болоод дүрэмт хувцастай алхахыг нь хараад энэ албандаа багаасаа л дурласан байлаа. Бас нэг шалтгаан нь үндэсний их баяр наадмаар явагддаг шүхрийн үзүүлэх тоглолтыг үзээд шүхрээр буух хүсэл, тэмүүлэлтэй болсон.

Батлан хамгаалахын их сургуулийг 2012 онд төрийн захиргаа удирдлага мэргэжлээр төгссөн. Төгсөөд Аврах тусгай ангид шүхрийн нэгж байдгийг мэддэг байсан болохоор Агаарын ажиллагааны салбарт ажиллах өргөдлөө 2013 онд өгч байлаа. 2015 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн анхны эмэгтэй дамжааг дүүргэсэн. Анхны холбооны бага мэргэжилтэн бэлтгэх эмэгтэй дамжаанд суралцахын сацуу дамжаан захирагчийн орлогч, түрүүч цолтой төгссөн. Надад их зүйлийг зааж сургасан сургалт болсон нь одоо ч миний ажил, амьдралаас харагддаг. Өргөдлөө өгснөөс хойш 3 жилийн дараа буюу 2016 онд шүхрийн салбартаа шүхэрчнээр томилогдсон. Намайг шүхэрчин болоход хамгийн их итгэл хүлээлгэж, дэмжсэн хүн бол Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай. Хэрвээ Д.Намсрай дарга маань надад урам, зориг өгөөгүй, намайг дэмжээгүй байсан бол өнөөдөр би хэн байх байсан бол гэж их бодогддог. Тиймдээ ч захирагчийнхаа надад хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд одоо ч хичээсээр л байгаа. Намайг үргэлж дэмждэг хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө туйлын их баярладаг шүү гэж энэ завшааныг ашиглан хэлмээр байна.


Эр зориг шаардахаас гадна эрсдэлтэй, эмэгтэй хүнд ахдам ажил, мэргэжлийг нь гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?

– Ажил, мэргэжлийг маань дэмждэг гэр бүл, ханьдаа маш их баярладаг. Миний ханийг Төмөрсүхийн Шинэбаяр гэдэг. Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангийн Соёлын төвийн даргаар ажилладаг. Анх Батлан хамгаалахын их сургуульд сурч байхдаа танилцаж байлаа. Түүнээс хойш 12 дахь жилдээ хамтдаа амьдралын төлөө зүтгэж байна. Бид гурван хүүхэдтэй.

Цэргийн хүний амьдрал мэддэг, дээр нь бие биенээ ойлгодог болохоор асуудал гараад байдаггүй. Харин ч миний хийж байгаад санаа тавьж халамжилдаг сайн хань, үрсийнхээ сайн аав нь байдаг. Яаралтай дуудагдаж гараад, олон хоногоор ажилтай явахад ар гэр, үр хүүхдүүдээ маш сайн харж, халамжилна. Санаа зовох зүйлгүй сэтгэл амар байдаг. Ажлаас шалтгаалаад хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжлийг орхигдуулах гээд байгаа сул тал байгаа. Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай.

Нөхөр маань нэг удаа шүхрийн дадлагын үеэр ирж, шүхрийн гар задаргаанд шилжихийг минь хараад айсан юм шиг байгаа юм. “Одоо миний хань шүхрээр бууж дуусаагүй юу, болих болоогүй юу?” гэж асуусан. Би болоогүй байгаа. Мөрөөдлийнхөө талд ч ороогүй байна гэж хэлсэн. Шүхрийн гар задаргаанд шилжинэ гэдэг нь онгоцноос чөлөөт уналт хийж, унах өндрөө өөрөө бие дааж тохируулан шүхрээ задалж буухыг хэлж байгаа юм.

Анх, шүхрээр бууж шүхэрчин болно гэж бодож байсан бол шүхрийн гар задаргаанд орно гэж хүсч, тэмүүлнэ. Тэр хүслээ биелүүлчихээр цааш улам ахиж, одоо илүү өндрөөс чөлөөт уналт хийнэ гэх мэтээр зогсолтгүй мөрөөддөг юм байна.

– Мөрөөдөл хязгааргүй нь үнэн. Шүхэрчин бүсгүйн алсын зорилго, ирээдүйн мөрөөдөл сонин байна?

-Монголын шүхрийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна. Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, эмэгтэй тамирчдынхаа түүчээ нь болж явна. Ойрын зорилго гэвэл Ардын хувьсгалын 100 жилийн их баяр наадмынхаа түүхэн ойгоор Онцгой байдлын албаныхаа эмэгтэй ротод жагсаж их цэргийн сүр жавхлан болсон Цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаал, мөн баяр наадмын шүхрийн үзүүлэх тоглолтонд оролцох том зорилготой байна даа.

-Өөрийгөө бүтээх үлгэр дууриалалаа болгодог ментор нь хэн бэ?

-Би олон хүнээс үлгэр дуурайлал авах дуртай. Амжилттай яваа хүмүүсийг ямар замыг туулж амжилтанд хүрсэн талаар унших, тэр хүмүүсийн талаар судлахыг боддог. Надад хэрэг болохуйц зан чанар, хичээл зүтгэлийг нь харахыг хичээдэг гэх үү дээ. Өөрийгөө нэг өнцөгөөс биш олон өнцөгөөс нь харж хөгжүүлэхийг боддог. Амьдрал дээр сайн ээж, сайн эхнэр байхыг ээжээсээ суралцаж байгаа.

-Тасралтгүй суралцах нь амжилтын эхлэл гэж ойлгодог?

Хөдөлмөрлөсөн нь амжилтанд хүрдэг гэдэг үнэн. Амжилтын эхлэл хувь хүний бодлоос л эхэлдэг байх. Бодлоо амжилт болгохын тулд сурна, мэдлэгээ нэмэгдүүлнэ, бага багаар ахиулж явсаар амжилтанд хүрнэ. Би үргэлж чадахгүй гэж хойш суух хэрэггүй. Чадахын төлөө бага, багаар сур. Сурсанаа бататгаж илүү их хичээ, мэдлэгээ ахиул гэж өөртөө хэлдэг. Чадахгүй юм чинь гээд хойш суугаад байвал өөрт байгаа боломжоо алдана. Үр дүнгүй урсгалаараа амьдрах муухай ш дээ. Хүн ганцхан удаа амьдрах юм чинь хүссэнээрээ амьдарч, хүссэн амжилтандаа хүрч болно. Гол нь бодлоо гүйцэлдүүлэхээр эхлэх л хэрэгтэй. Хугацаа их орох байсан ч хамаагүй. Амьдрал баян учир амжилтын дунд их баяр, жаргал биднийг хүлээж байгаа байхаа гэж ойлгодог шүү.

-Таны эдгээр бодлууд өөрийгөө сорих том хүч болдог юм байна. Түүнийгээ ч спортын, урлагийн гээд олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож сорьдог байх?

Албаны хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, уралдаануудад оролцож, өөрийгөө сорих дуртай. Баг, хамт олон маань ч дэмжиж оролцуулдаг. Авьяасыг хөдөлмөрлөж байж л бүрдүүлнэ. Тийм ч байдаг. Батлан хамгаалахын их сургуульд суралцаж байхдаа “Соёмбо” бүжгийн хамтлагт гишүүн болж Улсын цэнгээнт бүжгийн уралдаанаас хоёр удаа хүрэл медаль хүртэж, Зэвсэгт хүчний байгууллагаас зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнүүдэд сургуулийнхаа нэрийг гаргаж байлаа. Бүжгийн спорт өөрөө хүний хүмүүжил, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг. Одоо харин ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж усан спортод дурлаад байгаа. Миний бүх талаараа өөрийгөө хөгжүүлье гээд боддог бодлын маань нэг хэсэг яваад байгаа гэсэн үг л дээ.

– Үе тэнгийн олон залуусынхаа түүчээ болж, үлгэрлэж яваад баяр хүргэе. Мөрөөдөл бүхнийнхээ оргилд нь хүрч тод гялалзахын ерөөл дэвшүүлье?

Баярлалаа. Бидэнд маш их боломж байгаа. Тэр боломжийг ашиглаж, өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, сорьж чадвал зорилгоо биелүүлж чадна гэж ойлгодог. Хамтран, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын алба хаагчдадаа тэр дунд Онцгой бүсгүйчүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нутгийн төв болон зүүн хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна

Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны зургадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 10-15 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 27-29 градус дулаан байна.Оройдоо эрс сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 29-31 градус дулаан байна.Оройдоо эрс сэрүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 26-28 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр 23 суурин цэгт, 36 багийн 262 эмч, ажилчид 12594 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.