-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ ГОЛ АРГА НЬ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯВДАЛ ЮМ-
Анагаах ухааны доктор клиникийн профессор Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэгтэй ярилцлаа.
-Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ вакцинжуулж эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 1.7 сая гаруй хүн вакциндаа бүрэн хамрагдсан байна. Гэтэл яагаад өдөр ирэх тусам өвчлөл, нас баралт нэмэгдсээр байна вэ. Вакцинжуулалтын үр дүнг та юу гэж харж байна вэ?
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц өвөрмөц арга бол вакцинжуулалт. Монгол Улс гурван сая 357 мянга гаруй хүн амтай. Үүний 1.7 сая нь хоёрдугаар тунгаа бүрэн авсан. Харин нэгдүгээр тунгаа хийлгэсэн нэг сая 200 мянга гаруй хүн, ковидоор өвдсөн 107 мянган хүн байна. Тэгвэл бүх вакцин 75-95 хувь хамгаална гэж шинжлэх ухаан нотолсон. Нөгөөтэйгүүр вакцинд огт хамрагдаагүй 1.2 сая хүүхэд 20 мянган жирэмсэн эх байна. Эдгээр тоонуудыг нэмж хасаад бодох юм бол нийт хүн амын 50-52 хувь нь ковидын халдвар авах өндөр эрсдэл дунд явж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн өвчлөл нэмэгдээд байгаа гол шалтгаан энэ тоонуудаас харахад ойлгомжтой болно. Бидэнд эрсдэл байсаар л байна. Харин ч Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ олон сувгаар вакцинжуулалтад хамруулах тал дээр онцгойлон анхаарч ажилласан учир бид дэлхийгээс хоцроогүй явж байна. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж би өөрөө өвдөхгүй байх ямар арга байна, цаашилбал бусдадаа халдвар тараахгүй ямар боломж бололцоо байна гэдгийг л ухамсарлан үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Вакцинжуулалтаас татгалзах эрх хэнд ч байх ёсгүй. Бид долоон төрлийн вакцинаар 20 гаруй халдварт өвчнөөс хамгаалж чадсан. Сүүлийн үед хүмүүс эдгээр өвчнүүдийг хараа ч үгүй нэрийг нь ч мэдэхгүй болсон байгаа нь нөгөө л вакцины гайхамшиг. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхээс төрсөн дунджаар гурван кг жинтэйгээс 30 кг жинтэй болтол нь нас насанд нь хийдэг вакцинжуулалтын үр дүн.
Харин өдөр бүр өвчлөлийн тоо ихэсч байгаа нь нас баралтад шууд нөлөөлнө. Тийм учраас өвчлөл, нас баралтыг яаж бууруулах вэ гэдэг дээр л бүх анхаарлаа хандуулж хүн бүр хичээе, хүн бүр оролцоогоо нэмье, хүн бүр нийгмийн идэвхтэй хариуцлагатай байж энэ цар тахлаас эрсдэл багатай гарч чадна. Үүнд хамааралгүй Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байх ёсгүй.
-Хэчнээн хугацааны дараа сүргийн дархлаа тогтож энгийн амьдралдаа шилжих бол?
-Төр болон иргэдийн хамтын оролцоо их чухал байна. Хаана юу дутаж байна, хаана ямар сул тал байна гэдгээ жагсаагаад дутуугаа хурдан нөхье, сул талаа давуу тал болгоё. Халдварын голомтоо хормойноос нь шууж цомхотгож халдварыг даамжраагүй байхад нь дарж авъя. Ингэсэн цагт бид хамтдаа цар тахалтай тэмцэж, богино хугацаанд ард нь гарна. Үүнээс шалтгаалж энгийн амьдралдаа шилжих хугацаа харагдана. Тухайлбал, бүх хүчээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглүүлэх, өвдсөн хүнээ цаг хугацаа алдалгүй эмчилгээнд оруулах талаар маш хүчтэй идэвхжүүлэлт зохицуулалт хийх, нөгөөтэйгүүр иргэд маань өөрсдийгөө хамгаалах талаар онцгой анхаарах явдал юм. Нэг зүйлийг хэлэхгүй орхиж чадахгүй нь. Гэр бүлийн гишүүд буюу ойрын хавьтлуудын хэн нэг нь коронавирусийн халдвартай гэж онош нь батлагдсан тохиолдолд бусад хүмүүсийг нь дахин PCR, эсвэл түргэвчилсэн тестээр үзэх шаардлагагүй. Иргэд ч эмнэл зүйн шинж тэмдэг нь илэрсэн, хавьтлын асуумж тодорхой байхад шинжилгээ өгнө гэж цаг алдаж хүлээлт үүсгэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр Өрхийн эмч нарт ЭМД-аас санхүүжилт авч иргэдээ эмчлэх боломж олгосон нь маш сайн хэрэг.
Би эмч хүний хувьд олон өвчнүүдтэй нүүр тулж явдаг л даа. Халдварт өвчний үед авах арга хэмжээ, эмчилгээний тактик урьдчилан сэргийлэлт гээд бүгд онолтой. Онолын хувьд олон халдварт өвчнүүдийг угтуулах эмчилгээ хийж уг халдварт өвчнөөр өвдөхгүй байх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авдаг. Тухайлбал сүрьеэ, халдварт менингит, тэмбүү, тарваган тахал зэрэг өвчнүүдийн үед гэр бүлийн ойрын хавьтлуудыг халдвар авах магадлал хамгийн өндөр гэж үзэн урьдчилан сэргийлэх зорилгоор үндсэн эмчилгээг нь зохих тунгаар шинж тэмдэггүй байсан ч угтуулж хийдэг. Учир нь тэднийг аюулт өвчнөөр өвдүүлэхгүй байх, халдварын нууц үед нь эрт эмчлэх, эрсдэл багатай даван туулах арга зам гэж шинжлэх ухаан тогтоосон хэрэг. Яг үүнтэй адил ковидын халдвар авсан гэж батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох гэр бүлийн гишүүдэд нь угтуулах эмчилгээг хийчихвэл хөнгөн үед нь гэрт нь эмчлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах, нас баралтыг багасгах өвөрмөц арга гэж хараад байгаа юм. Өдөр бүр шинээр илэрч буй халдвартай хүний тоог харахаар ойрын хавьтал 85-95 хувь байна.Тэгэхээр тэд бүгд өвдөж байна гэсэн үг. Гагцхүү хоёр хоногийн дараа, эсвэл тав хоногийн дараа өвдөх үү гэдэг нь цаг хугацааны асуудал байгаа юм. Энэ арга бол удаан хугацаанд иргэдийг хорих биш, богино хугацаанд эмчилж нийгмийн харилцаанд оруулах арга төдийгүй хүндрэлээс сэргийлэх боломж юм.
-Нэгдүгээр хавьтал болсон хүмүүстээ угтуулах эмчилгээ хийе гэж байна. Энэ эмчилгээний тухай илүү тодруулбал?
-Гэхдээ угтуулах эмчилгээ хийж байна гээд халдвар аваагүй байж вирусийн эсрэг эм ууна гэсэн үг огт биш гэдгийг анхаарвал зохино. Эм болгон өөрийн заавартай, хориглох заалттай, нөгөөтэйгүүр сэргийлж байна гэж тогтмол хэрэглээд байвал өвдсөн үедээ юу хэрэглэх билээ гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас угтуулах эмчилгээг халдварт нэрвэгдсэн гэр бүлийн ойрын хавьтал, маш ойр олон цаг халдвартай хүнтэй хамт ажилласан хүмүүсийн хувьд хамаарах бөгөөд эмчийн заавраар аль эмийг нь уух, таны суурь өвчинтэй харшлах эсэх, тунгийн хэтрэлт гаж нөлөө зэргийг зөвхөн эмч л зөвлөнө гэдгийг анхаараарай.
-Ямар нэгэн шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд Веросел, Астразенека, Пфайзер вакцинаас сонголтоороо хийлгэх боломжтой болчихлоо. Гэтэл эхний тунгаа ч хийлгээгүй олон хүн байна. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Өнөөдөр хэн ч байсан халдвар авах бүрэн боломжтой нөхцөл бүрдсэн. Вакцин бол таныг өвөрмөцөөр ковидоос хамгаалах цорын ганц арга. Өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын нэгдүгээр тунгаа авсан хүмүүс хоёрдугаар тундаа хүрч чадалгүй халдвар аваад байна. Хоёрдугаар тунгаа авсан ч 14-21 хоноогүй учир дархлаа тогтож амжаагүй байхдаа халдвар авчихаад байгааг анхаараарай. Нөгөөтэйгүүр шинжлэх ухаанаар нотлогдоогүй цуурхал гаргах тийм вакцин сайн тэр нь муу, энэ эм сайн нөгөөх нь муу ч гэдэг юм уу иймэрхүү төөрөгдөлд иргэдийг оруулахгүй байх талаар хаа хаанаа анхаарах нь зөв. Учир нь вакцин ч бай эм ч бай үйлдвэрлэгчээс нь судалгаа шинжилгээ хийгдээд чанарын маш өндөр түвшинд олон шат дамжлагаар дамжин гардаг ба заавар дээр нь анхааруулга гаж нөлөөг нь бичээд үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хэн нэгэн дур мэдэж янз бүрийн байдлаар ганц нэг тохиолдлын гаж нөлөөг дэвэргэх, нийгэмд цуурхал тарааж дам утгаараа хүний амь насыг аюулд хүргэж огтхон ч болохгүй. Харин зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал их чухал.
Цаашилбал, ковидоор өвдсөн тохиолдолд таны цаашдын амьдралын чанарт их багаар нөлөөлж буйг анхаараарай. Тийм учраас та өөрийгөө болон өөр хүмүүсийг хуурах хэрэггүй, харин ч олон хүн цугларсан газраас л зугтаж яв. Маскаа өдөрт ядахдаа хоёр удаа сольж зөв зүүгээрэй. Тэнд л хамгийн их халдвар байгаа. Ямар ч тохиолдолд хүнтэй уулзахаас эрс татгалзах хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар 400 гаруй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан байна. Тэднийг хүндрүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой бэ?
-Сүүлийн үед 20-45 насны залуучууд ковидоор хамгийн их өвдөж байгаа нь нийт өвчлөлийн 60 орчим хувийг эзэлж байгаагаас харж болно. Энэ нас бол нөхөн үржихүйн нас. Тэгэхээр жирэмсэн ээжүүдийг давхар эрсдэлд өртүүлэхгүй байхын төлөө энэ насны залуучууд илүү анхаарах хэрэгтэй. Одоогоор 20 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тийм болохоор тэдний ар гэрийнхэн хоёр хүний амийг хариуцаж маш хариуцлагатайгаар халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай. Сайшаалтай нь жирэмсний 20 долоо хоногтойгоос нь эхэлж Пфайзер вакцин хийхээр болсон. Иймд жирэмсэн ээжүүд вакцинд хамрагдахдаа энгийн хүмүүст вакцин хийхэд анхаарах зүйлийг л дагаж мөрдөнө. Илүү нэг болгоомжлох зүйл байгаа нь өвөрмөц хариу урвал организм үзүүлэх үед булчингийн агшилт, өвдөлт өгөх, тавгүй байхаас хамгаалж олон улсын хэвлэлүүдэд шаардлагатай бол эмчийн заавраар парацетамол хоёр өдөр, өдөрт нэг удаа уухаар зөвлөсөн байна лээ. Нөгөөтэйгүүр жирэмсэн эмэгтэйд ковидын шинж тэмдэг илэрч л байвал маш яаралтай өрхөд хандаж зохих эмчилгээнд яаралтай орох хэрэгтэй.
-Монгол Улс дотроо коронавируст халдварыг алдсанаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Цаашид авах арга хэмжээний талаар таны санал?
-Аливаа бэрхшээлийг даван туулахад заавал нэг гарц байдаг, хонгилын үзүүрт гэрэл харагддаг даа. Миний харж байгаагаар гурван тод гэрэл байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, анхан шатны тусламж үйлчилгээнд бүх хүн хүчээ гаргая. Одоо эмчилгээ чухал болсон. Ингэхийн тулд нэмэлтээр дижитал зөвлөгөөг түлхүү өгч түүнд сайн дурын эмч, эмнэлгийн ажилчид, хувийн хэвшлийн эмнэлгүүд, төгсөх курсийн оюутнуудыг дайчилъя. Тэдэнд нэг өдрийн ковидын үеийн оношилгоо эмчилгээгээр заавар зөвлөгөө өгөхөд л хангалттай. Хүний их эмч л бол ковид эмчилнэ. Дайны үед бол эмч л бол эмч шүү дээ. Харин ЭМЯ нэгдсэн удирдлагаар хангаж асуумж стандартуудыг нь яаралтай гаргаж мэргэжил арга зүйгээр хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн том голомт Улаанбаатар гэхэд л 414 мянга гаруй өрхтэй. Үүнээс гэр хороололд 248 мянга, 165 гаруй мянга нь байшин хороололд байна. Эдгээр өрхүүдэд хүрсэн хүний нөөцийн хуваарилалт, засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, төр захиргааны дэмжлэгт орчин туйлын чухал. Эхний ээлжинд 100 эмч 500 оюутан байхад л бүх өрхөө хяналтад барьж аваад өвдсөн хүнээ эхний шинж тэмдэг илрэхэд нь л эмчилгээнд оруулж чадна. Тэгвэл хүндрэл бага гарна, эмнэлгийн орны ачааллыг 60-70 хувь бууруулж чадна. Энэ маягаар нэг сар л зүтгээд үзэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, үлдсэн хүмүүсээ вакцинжуулалтад нь яаралтай хамруулах. Хэр богино хугацаанд вакцинжуулж чадна, төдий хэмжээгээр өвчний тархалт буурна. Хүүхдүүдэд хийх вакцины бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх шаардлагатай.
Гуравдугаарт, эмийн хомсдолоос нэн яаралтай сэргийлэх нөөцийг бүрдүүлэх. Мөн л төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шаардлагатай бол хувийн хэвшлүүдээс мөнгийг нь нийлүүлж нэгдсэн захиалгыг нь ЭМЯ буюу ЭЭХХГ хийж зохицуулах боломжийг бүрдүүлэх. Коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн хөнгөлөлтийн тухайд уламжлалт аргуудаас сонгож хэрэглэх боломжтой. Хэрэглэх эмийн жагсаалтыг гаргаж бүгдийг улс даах биш ЭМД-ын сангаас 50 хувиас дээш хөнгөлж үлдсэнийг нь иргэн хариуцахаар шийдвэрлэж болно. Харин ядуу эмзэг бүлгийн хүмүүстээ Өрхийн эмнэлгээр дамжуулан эмчилгээний зардлыг нь хариуцах хэлбэрээр явуулж байгаа нь зөв. ЭМД-аас тэвчиж болох зардал, эрсдэлийн сангийн үлдэгдлүүдийг тооцоолон ЭМДҮ зөвлөлөөр оруулан аль болох болж бүтэх талаас нь шийдвэл нийт даатгал төлөгчдийн эрх ашигт нийцэж хүртээмж ч нэмэгдэнэ.
Хүндээр өвдөөд эдгэрээд гарсан иргэдийн хожмын хор нөлөөг бууруулахын тулд эрхтэн тогтолцооны нөхөн сэргээлт хяналтын асуудлыг ч зэрэгцүүлэн тавих л хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага бий. Вирусийн халдваруудын хор уршиг их. 60,70,80 онуудад элэгний С вирусийн халдвар авсан хүмүүс хэрхэн зовж шаналсныг бид мэднэ. Харин ч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлснээрээ 36 мянган хүнийг эрүүлжүүлж чадсан юм. Дашрамд хэлэхэд, миний бие Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүний хувьд энэхүү холбоогоороо дамжуулан “Ковидын эсрэг хамтдаа” сайн дурын баг байгуулж дүүрэг, өрх, хороодын ард иргэд, албан газруудад зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч ажиллаад 2.6 сар болж байна. Үүнийг цааш өргөжүүлж үр дүнг нь илүү олны хүртээл болгоход бага гэлтгүй туршлага хуримтлуулсан тул эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагууд, нийгэмлэг холбоод, Их хурлын гишүүд өмнө нь Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс нэгдэж хамтарч ажиллахыг уриалж байна.