Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 639 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 639 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 593 нь Улаанбаатар хотод, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах халдвар 9 байна.

Орон нутагт: Дархан 4, Эрдэнэт 3, Завхан 3, Увс 1, Сэлэнгэ 5, Архангай 1, Төв 5, Өвөрхангай 9 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо.

Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 170 болж байна.

  • 78 настай эрэгтэй Турк улсаас ирсэн
  • 71 наст эмэгтэй
  • 81 настай эрэгтэй
  • 59 настай эрэгтэй
  • 49 настай эрэгтэй
  • 89 настай эмэгтэй
  • 73 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1287 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 32660 болов.

Биеийн байдал маш хүнд 110 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод 49 суурин цэгт, 9 явуулын автобусаар 102 багийн 742 эмч, ажилтан ажиллаж, 30671 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 168 дуудлага бүртгэгдэж, 228 хүн эрүүлжүүлэгджээ

.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1670, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 168, гэмт хэргийн шинжтэй 55 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 174, хүний биед халдсан 106, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 132, эрүүлжүүлэгдсэн 228, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 121 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 92.6 хувь нь вакцины I тунд хамрагджээ

Тавдугаар сарын 09-ны байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 4619, II тунд 1594, нийт 6213 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 92.6 хувь буюу 882.900 нь I тунд, 51 хувь буюу 486.291 нь II тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээх худалдааны төвүүд

Халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсан.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас үйл ажиллагаа явуулж эхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагын мэдээллийг хүргэж байна.

Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга тушаал гаргаж, тусгай шаардлага нөхцөлийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад цахимаар танилцуулан, мэдээлэл өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн. Харин маргаашаас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Тус албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийг УОК-оос өгсөн.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан.

Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм. Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төвүүд зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна.

Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгууллагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна. Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын гишүүд зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаад байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэг нам, нэг хүний дарангуйллын эсрэг тэмцэж өлсгөлөн зарлаад 6 хонолоо.

Улаанбаатарт 06:00 цаг.

гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Хятадын зөөвөрлөгч пуужингийн хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ

Хятад улс дэлхийн тойрог замд өөрийн гэсэн станцтай болохоор зорьж буй билээ. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн сарын 29-нд “Чанжэн-5Б” зөөгч пуужингаар сансрын станцын үндсэн модуль болох “Тяньхэ”-г тойрог замд оруулсан юм.

Пуужин үүргээ биелүүлмэгц түүнийг төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон аж. Энэ талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчин пуужинг хаана унахыг анхааралтай ажиглаж байгаа. Пуужингийн хэлтэрхий суурьшлын бүсэд буюу хүн амьдарч буй газарт унаж магадгүйг үгүйсгэх боломжгүй гэсэн мэдэгдэл хийж байв. Зарим эх сурвалжид пуужингийн унаж магадгүй газруудад АНУ-ын өмнөд хэсэг, Мексик, төв Америк, Карибын тэнгис, Перу, Эквадор, Колумб, Венесуэль, Европын өмнөд хэсгийн зарим нутаг, төв болон умард Африк, Ойрхи Дорнод, Энэтхэгийн өмнөд хэсэг, Австрали зэрэг улсыг нэрлэж байв. Харин өчигдөр “Чанжэн-5Б” зөөгч пуужингийн эх биe олон хоног дэлхийг тойрсны эцэст орон нутгийн цагаар 10 цаг 24 минутад дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээ ихэнх хэсэг нь шатсан. Бага хэсэг нь Энэтхэгийн далайн зүүн уртрагийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд унасан талаар Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Пүрэвбаяр: Тавдугаар цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжгүйгээр мухардалд орчихлоо

Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.


Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувиар өсөн нэмэгддэг гэж үздэг. Энэ хэр үндэслэлтэй тоо вэ?

-Эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувийн тогтвортой өсөлттэй байгааг хэлдэг. Улаанбаатарт жил бүр 5000 гаруй айлыг шинээр цахилгаанд холбох хэрэгцээ шаардлага үүсдэг хэмээдэг. Ийм хоёр тогтмол тоог 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ энэ нь зохиомол байх магадлалтай. Тухайлбал, өнгөрсөн жилийн эцэст эрчим хүчний үнийг төрөөс даах шийдвэр гарсны дараа ачаалал шууд 200 МВт-аар өссөн. Уг нь төвийн эрчим хүчний ачаалал 1000 орчим МВт байдаг юм. Тэгэхээр бодит хэрэглээг тооцвол дээрх тооноос илүү хэрэгцээ цаана нь байгаад байна. Одоо бол эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадалдаа тааруулаад хэрэглээ жилд 6-7 хувиар өсдөг хэмээн тайлбарлаад байна. Бодит байдал дээр эрчим хүчний хангамж дутагдалтай тул хүлээлтийн байдалд орсон хэрэглэгч олон бий. Тэр болгоныг бүрэн хангана гэвэл жилийн өсөлт 6-7 хувийг давах боломжтой. Шинэ эх үүсвэр барьж байж л энэ бодит хэрэглээг ил гаргаж, улмаар хангах бололцоотой.

Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг олон жил ярьж байна. Та уг төслийг үүх түүхтэй нь мэдэх хүн. Хаана гацчихав аа?

-Манай улс эрчим хүчний шинэ бөгөөд том эх үүсвэртэй болох гарцаагүй шаардлагатай. Үүнийг бүгд мэддэг, олон жил ярьсаар ирсэн. Гэвч шинэ эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэх үед дандаа бодлогын хэрэгжилтийн алдаа гаргаж ирлээ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тогтвортой үргэлжлэхгүй, залгамж чанараа хадгалахгүй байж ирснээр энэ бүхэн бодит биеллээ олохгүй байгаа юм.

Саяхан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Мэдээллийн урсгал”-аар орох үедээ шинэ эх үүсвэр баригдах боломжгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Би үүнтэй санал нэг байна. Асуудлыг ойлгомжтой болгохын тулд эрчим хүчний тавдугаар эх үүсвэр хэзээнээс яригдаж, хэрхэн явагдаж ирснийг эргэн сануулах хэрэгтэй болов уу.

Хамгийн анх 2007 онд эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй боллоо, хаана барих вэ гэсэн асуудал тавигдсан. Ингээд, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн аманд барихаар шийдэж, Эрчим хүчний яамны нэр дээр газрыг нь авсан юм. Газар бэлэн, байршил тодорхой боллоо. Одоо хэн барих, санхүүжилт хаанаас олох гэсэн асуудал тулгарсан. Гадны хөрөнгө оруулалтаар тухайлбал, гадны хувийн хэвшлээр бариулах буюу концессын гэрээгээр шийдчихье гэсэн шийдэл дээр тогтсон байдаг. Ингээд тендер зарлахад 10 гаруй компани оролцох сонирхлоо илэрхийлэн материалыг авсан боловч,“Датунг” гээд Хятадын нэг л компани саналаа ирүүлсэн. Тэгээд ямар ч байсан нэг гүйцэтгэгчтэй болж гэрээний хэлцэлд орох явцад гол чиг болгож баримтлах хууль эрх зүйн хувьд гацсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед төр болон хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах эрх зүйн үндэс бүрдээгүй байсан. Ингээд, асуудлыг шийдэх концессын хуулийг батлуулах гэж 1-2 жил боллоо.Хууль батлагдаад Төрийн өмчийн хороон дээр Концессын газар гэж байгуулагдаад төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслүүдийн саналыг бүх салбараас авсан юм. Үүнд 195 төсөл ирэхэд эхний тавд эрчим хүчний хоёр том төсөл багтсан. Энэхүү зэрэглэл шалгаруулалтыг гадаадын зөвлөх мэргэжилтнүүд ирж, концессын гол зарчим болох төрд хэрэгтэй, хувийн хэвшилд ашигтай гэсэн шалгуураар шүүсэн учир шалгаруулалт их бодитой явагдсан гэж ойлгож явдаг.Тэгэхээр, томоохон хөрөнгө оруулалт шаарддаг дэд бүтцийн буюу эрчим хүчний хоёр том төсөл багтаж байна гэдэг нь хувийн хэвшилд уг төслийг хэрэгжүүлэх нь ашигтай байсан байгаа юм. Нэг нь Тавдугаар цахилгаан станц, нөгөөх нь Таван толгойн цахилгаан станц байсан. За ингээд газар, хөрөнгө оруулах эрх зүйн үндэс бэлэн болсон тул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хийж хөрөнгө оруулалтын ойролцоо хэмжээ, үр ашиг, эргэн төлөгдөх хугацаа, техник технологи зэргийг баримжаалах шаардлагатай болсон. ТЭЗҮ хийлгээд эхэлсэн чинь ТЭЦ-V-ыг барихаар авсан Улиастайн байршил нь газар хөдлөлтийн хагарлын бүс болж таарсан. Гүнжийн хагарал гээд ихээхэн том, урт үргэлжилсэн газар хөдлөлтийн идэвхтэй газар гэсэн. Мэдээж станц барих боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс газар байршил дахиад л асуудал болсон. Дээрх концессын нөхцөлийн үндэслэлээ олох, байршлыг тогтоох, эрчимтэй барилгажих болсон Улаанбаатарын зүүн хэсгийн дулааны хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа авч, олон улсын компани шалгаруулаад ТЭЗҮ-г 2011 онд хийлгэсэн. Судалгааны хүрээнд станц барьж болох хэд хэдэн байршил болон цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хувилбаруудыг гаргаж ирсэн.

Хамгийн сайн хувилбар нь одоогийн “ТЭЦ-III”-ын байршил гэж ТЭЗҮ-ийн судалгаагаар тогтоосон, хэлэлцүүлсэн, тогтсон байдаг. ТЭЦ-III нь 1950-иад оны технологитой,1960-аад оны сүүлээр баригдсан станц. Ер нь цахилгаан станцууд 20-30 жил ажиллаад ашиглалтын хугацаа нь дуусдаг, технологи нь байгаль орчны болон бусад шаардлага хангахаа больдог. Тэгэхээр 50-60 жил ашиглачихсан, хоцрогдсон технологитой станцын суурин дээр, дэд бүтцийг нь ашиглаж шинэ эх үүсвэр босгох нь хамгийн зөв сонголт байсан.

Хэрхэн ТЭЦ-III-ын цахилгаан дулааны үйлдвэрлэл, хангамжийг тасалдуулахгүйгээр шинэ эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хүртэл шийдлийг нь гаргаж өгсөн байсан. Эхлээд 70 мгВт-ын эсрэг даралтын турбин суурилуулж, “ТЭЦ-III”-аас тухайн үеийн үйлдвэрлэлийг орлуулаад, станцаа буулган зөрүүлж шинэ станцаа барих ”scrap-build” технологийг хэрэглэх байсан. Маш орчин үеийн технологитой, байгаль орчинд ээлтэй станц байхаар төлөвлөж байсан. Тухайлбал, ТЭЦ-III-ын хэрэглэж буй уснаас 8 дахин бага ус хэрэглэх эко технологи байлаа. “ТЭЦ-3”-д 1000 орчим хүн ажиллаж байхад шинэ технологиор байгуулах станцад хэд дахин бага хүн ажиллахаар байсан. Мэдээж эдийн засгийн болон экологийн өндөр үр ашигтай. Гэтэл, 2012 онд Ардчилсан намын засаг гарч ирээд судалгааны үр дүнг үл ойшоон “Хөлийн гол” гэдэг байршил сонгосон. “Ургах наран” хорооллын урд, Богд уулын ар дээр юм. Гэвч нэрнээсээ л буруу байршил гэдэг нь тодорхой байсан. Гол байсан ширгэсэн, шургасан, намаг болсон, цэвдэг тогтсон газар. Ийнхүү, улстөржилт л ТЭЦ-V төслийг баллачихлаа гэж харж байгаа. Ер нь ч Тавдугаар цахилгаан станцын төсөл мухардалд орчихлоо гэж бодож байна.

ОдооТЭЦ-III”-ын оронд шинэ станц барьж болохгүй юу?

-“ТЭЦ-III”-ыг өргөтгөсөөр байгаад 250 мВт болчихсон. Одоо дахиад өргөтгөх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, дөнгөж өргөтгөж бариад 1-2 жил болж байхад буулгаж шинэ станц барих утгагүй биз дээ.Энэ мэтээр шинэ станц барих дээрх судалгаагаар гарч ирсэн гурван байршил бүгд боломжгүй болсон. Хоёрдугаарт, Улаанбаатарын хаа нэгтээ шинэ станц бариад тэндээс дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх шугам татах гэхээр коридор буюу газар байхгүй. Бүх газрыг нь хувьд шилжүүлсэн. Тэгэхээр энэ газрыг чөлөөлөх хэрэгтэй болно. Үүний тулд маш их хэмжээний нөхөн төлбөр өгнө. Эсвэл төрийн төмөр нүүрийг харуулж хүч хэрэглэх шаардлага гарна. Энэ талаасаа боломжгүй болчихож байгаа юм. Тэр бүү хэл, Таван толгой дээр цахилгаан станц бариад Оюу толгой руу шугам татах коридор байхгүй битүү лецинзтэй талбай байна гэсэн яриа гарсан шүү дээ. Улаанбаатарт бол бүр ойлгомжтой байгаа биз.

Тавдугаар цахилгаан станцыг барих боломжгүй болжээ. Тэгвэл одоо яах вэ?

-Би хувьдаа зургадугаар цахилгаан станцыг барих хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр ч судалгаа хийсэн. Улаанбаатарт шинэ барилгажилт нэмэгдэж байна. Ялангуяа, зүүн урагшаа маш их барилгажилт явагдаж байна. Шинэ Засгийн газар Солонго 1,2 гэсэн маш том хороолол барихаар төлөвлөсөн. Ингэхээр дулаан, цахилгааны асуудал гарна. Нөгөө талаас Улаанбаатар хот ямар чиглэл барьж байна гэхээр нийслэлийн хүн амаа 1.5 сая дээр барих, цаашид бууруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэх хэрэгцээний асуудал гарахгүй тул, нийслэлийн хүн амыг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих хэрэгцээгүй болох төлөв бий. Тиймээс цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ энэ түвшиндээ хадгалагдана гэсэн үг. Харин Богдхаан төмөр зам, шинэ нисэх гээд ложистикийн зангилааг дагасан Хөшигтийн хөндий, Майдар гэх зэргээр шинэ суурьшлын бүс үүсээд, тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж эрчим хүчний хэрэгцээ гарна. Тэгэхээр тус бүс нутагт эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн, үүгээр Өмнөговь, Дундговь руу 220 кВт-ын ЦДАШ дайран өнгөрч байгаа. Энэ бүсэд л зургадугаар станцыг барья гэсэн санал гаргаж байгаа. УБ-ын зүүн өмнө буюу Яармаг, Сонгино, Нисэхийн сууршлын бүсийн цахилгаан хангамжийг эндээс шийдье, дулаан хангамжийг хангах технологийн бололцоог судалъя. Нөгөө талаас Төв аймгийн Баян, Баянжаргал зэрэг сумд нүүрсний маш их нөөцтэй, Алтанбулаг сумын нутгаар Туул гол маань урсаж байгаа.

Нөгөөтэйгүүр, 2011 онд тавдугаар цахилгаан станцыг Японы Засгийн газрын төслийн зээлээр санхүүжүүлэх саналыг тавьж байсан. Тухайн үед Японы тал огт татгалзсан хариу өгөөгүй. Харин манай Засгийн газрын байр суурийг харж байсан байх. Засгаас ТЭЦ-V-ын төслийг концессын гэрээгээр шийдэх шийдвэр гаргасан тул дээрх санал орхигдсон. Ингэхээр шинэ эх үүсвэрийг нисэх буудал барьсан Япон улсын санхүүгийн эх үүсвэр, техник технологиор шийдвэрлэх бололцоо байгаа гэж итгэдэг. ТЭЦ-V-ын санхүүжилтийн хүсэлт тавьж байснаас хойш манай улс Япон улстай стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан байгаа нь асуудалд эерэг нөлөөг үзүүлэх нь ойлгомжтой. Нөгөө талаас Төв аймагт нүүрсний тусгай зөвшөөрөлтэй компаниуудын сонирхлыг төрүүлж болох юм.

Бид эрчим хүчний хангамжийг дотоодын эх үүсвэрээс шийдэхгүй бол үүний цаана эдийн засгийн үр ашгаас гадна үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ бол зөвхөн эрчим хүчний салбар, түүний хэдэн инженерийн хүрээний асуудал биш. Ерөөсөө улс гүрнүүдийн өрсөлдөөн тэмцлийн орчин үеийн нэг зэвсэг нь эрчим хүч болчихлоо. Мэдээж, эхлээд хөнөөх зориулалттай байлдааны зэвсэг байна. Үүний дараа хоёр дахь том зэвсэг бол эрчим хүчний геополитик юм. Яг энэ чиглэлээр Америкийн тоймч, сэтгүүлч Даниел Ергин ихээхэн алдартай бөгөөд Кембриж, Харвард зэрэг сургуулиуд түүний номыг уншиж судлахыг зөвлөдөг, сургалтын хөтөлбөртөө ч оруулдаг байгаа.Тэрээр эрчим хүчний геополитик, технологийн хөгжлийн талаар 10 жил тутам нэг ном бичдэг. Цуврал гэх үү, эсвэл эдишн ч гэмээр. Тухайлбал, 1991 онд “The Prize”, 1998 онд“The Commanding Heights”,2011 онд “The Quest”, 2020 онд “The New Map” номуудыг бичиж хэвлүүлсэн.

Эдгээр номнууд болон ер нь мэдээллийн чиг хандлагыг харж байхад ерөөсөө л эрчим хүчний геополитикийн асуудал илүү өргөн хүрээтэй, анхаарал татсан сэдэв болж байгаа, эрдэс баялгийн болон эрчим хүчний нөөцийн төлөөх тэмцэл, эрчим хүчний хараат бус байх гэсэн оролдлого нь шинэ хүйтэн дайныг үүсгэж байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын орнууд, Гүрж, Молдав, Украин яагаад ОХУ-тай тэмцээд байдаг ч салаад явчихаж чаддаггүй юм. Учир нь ОХУ-тай эрчим хүчний дэд бүтцээр, нарийн хэлбэл хий болон цахилгаан сүлжээгээр холбогдсон учир улс төрийн хувьд эсрэг байр суурьтай ч тэр чигээ дагаад явчих бололцоогүй байсан. Сүүлд 2020 онд Балтын гурван орон ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс тусгаарлагдсаны дараа л улс төрийн мэдэгдэл хийх, сөрөг хүчнийг нь дэмжих, бүүр дипломатуудыг нь “persona non grata” гэж зарлаж байна шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний геополитикийн цаана үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой том агуулга нуугдаж байгаа биз. Гэтэл манай улс эсрэгээр улам л хоёр хөрш рүүгээ шигдээд, улам эрчим хүчний хараат болоод байна.

Социализмын үеэс манай эрчим хүчний салбарын бодлогын ухаантнууд “Эрчим хүчний нэгдсэн систем” гэдэг зүйлийг санаачлан сэдэж хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн байдаг. Үүнийг 2001, 2007 онуудад УИХ-аар салбарын хөгжлийн бодлого болгон баталж байсан. Үүний мөн чанар нь Монгол Улс өөрийн газар нутгаа бүрэн хамарсан, бие даан ажиллах чадвартай цахилгаан эрчим хүчний системтэй болох явдал юм. Нутгаа бүрэн хамрахын тулд УБ-Чойбалсан, УБ-Улиастай, Улиастай-Эрдэнэбүрэнг холбосон шугам, бие даан ажиллахын тулд том станц буюу ГРЭС, усан цахилгаан станцыг барих ёстой байгаа юм.

Гэтэл одоо манай улс хоёр том гүрний дэлхийд бараг 1, 2-т орох хоёр том эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоод байдаг. Энэ байдал үргэлжилбэл Монгол Улсын газар нутаг дээр хоёр хөршийн хамааралтай хоёр өөр эрчим хүчний сүлжээ үүсэх аюул их ойрхон боллоо. Сайн мэдээ нь “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод Эрчим хүчний Нэгдсэн системийг байгуулахаар зааж өгсөн байгаа. Мөн Дубайн гэрээг цуцалбал Оюу толгойг 2016 оноос дотоодын эрчим хүчээр хангах ёстой гэсэн утгатай хөрөнгө оруулалтын гэрээний гурван заалт эргэж сэргэх магадлалтай байна.

Миний хувьд эрчим хүчний экспорт (импорт)-ыг үндэсний эрчим хүчний системээс тусад нь хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр суурь маань ковидын энэ хориогоор зүйтэй болох нь улам тодорхой болж байна гэж бодож байгаа.

Эрчим хүчний салбарт шийдвэртэй алхам хэрэгжүүлэх цаг нь болжээ?

-Одоо ерөөсөө төрийн зүгээс эрчим хүчний салбарыг онцгойлон анхаарч хатуу төлөвлөлтийн бодлогыг хүчтэй явуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох хэрэгтэй. Үүнд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг төр өөрөө барих шаардлага багтана. Хоёрдугаарт, төрөөс тусгай бодлого зохицуулалт гарган эрчим хүчний салбарыг зах зээлийнх нь жам ёс руу нь шилжүүлэх ёстой. Үнэ нь яаж тогтдог, үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэн хэдээр худалдаж авах нь тодорхойгүй зэрэг шалтгаанаас болоод хувийн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Эцэст нь эдгээрийг төрөөс хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хүлэмжийн хийн ялгарал, технологийн шинэчлэл, ухаалаг сүлжээ зэрэг асуудлууд жам ёсоороо шийдэгдээд явна шүү дээ.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

4-12 дугаар ангийн сурагчдын теле хичээлийн хуваарь

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн.

Та бүхэнд 4-12 дугаар ангийн сурагчдын сүүлийн 7 хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног: Бүгдийг шийдсэн хөл хорио

НЭГ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ВАКЦИН: ЭРГЭЛЗЭЭ, ИТГЭЛ

Яг 100 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдээ танилцуулж, тангараг өргүүлчихээд УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрынхаа дөрвөн зорилтыг танилцуулж байв. Ерөнхий сайдын амлалт гэж болох зорилтуудынх нь эхэнд “Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө” байсан.

Түүндээ “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж ам гарч байв.

100 хоногийн дотор вакцинжуулалтыг амжуулах нь үнэндээ амаргүй байв. Гэхдээ Засгийн газар 25 хоногийн дараа 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Эхний тунг өөрөө хийлгэж байв.

Ингээд дөрөвдүгээр сарын 10-наас дахин хатуу хөл хорио тогтоосон. Харамсалтай нь хөл хорионы явцад вакцинжуулалт тасарч, иргэд цухалдан шуугьж байв. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үгэнд иргэд эргэлзэж эхэлсэн юм.

Засгийн газраас 1.3 сая тун “СпутникV”, 500 мянган тун “Пфайзер”, 3 сая тун “АстраЗенека”, 4 сая тун “Синофарм” вакциныг захиалсан байдаг. Гэхдээ дээрх хугацаанд татан авалт тасарсан. Зарим үйлдвэрлэгч дотоодоо хангах шаардлагатай болж, заримд нь манай улстөрчид нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. Хөл хорио 12 хоног вакцингүй үргэлжлээд 950 мянган тун “АстраЗенека”, “Синофарм”-ын вакцинууд бууснаар үргэлжилсэн. Уржигдрын байдлаар нийслэлийнхэн вакцинжуулалтад 92.3 хувьтай хамрагджээ.Вакцин ч дараалж ирсээр одоо орон нутагт вакцинжуулалт явж байна.

Гэхдээ вакцинжуулалтын явцад “Хятадын вакцин шахлаа” гэсэн шүүмжлэл нэлээд гарсан. Үнэхээр ч манайд хийгдсэн вакцины дийлэнх нь Хятадын вакцин байсан юм. Тэгвэл хатуу хөл хориог сулруулахын өмнөх орой уг вакциныг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн. Үүний дараа дэлхийн 100 гаруй орон Хятадын “Синофарм”-ын үйлдвэрээс вакцин авах хүсэлт хүргүүлсэн байна. Ер нь бол Засгийн газар вакцинжуулалт дээр маш амжилттай ажилласан.Вакцин “олсон”, иргэдээ хамруулснаараа дэлхийд дээгүүрт тэмдэглэгдэж буйг энд онцлох ёстой.Үүний дараа Ерөнхий сайдад итгэх итгэл ч сэргэж байгааг хэлэх хэрэгтэй.

ХОЁР. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ОЮУ ТОЛГОЙ: ХЭЛЭЛЦЭЭР, СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ, ОЮУ ТОЛГОЙН ӨГӨӨЖ

Оюу толгойн гэрээ, ер нь Оюу толгой төслийг тойрсон нэлээд үйл явдал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын эхний 100 хоногт өрнөлөө.

Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй гурван удаагийн уулзалтыг хийсэн. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ тус компанийн хувьцааны олонхыг эзэмшигч “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлт гаргасан байна. Мөн “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн, Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм.

Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавигдсан хатуу хөл хорионы үеэр иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосон. Ингэхдээ “Оюу толгой” ХХК-иас татварын актын дагуу Төрийн санд төлсөн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэж монгол хүн анх удаа Оюу толгойн өгөөжийг хүртсэн гэхэд болно.

ГУРАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЭДИЙН ЗАСАГ: “10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан дөрвөн зорилтод “Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэсэн “өгүүлбэр” бий.

Үүнийг хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны хоёрдугаар сарын 10-нд олон нийтэд танилцуулж, 17-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүгээр ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх буюу ЖДҮ эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл олгохоор тусгасан. Энэ төлөвлөгөө одоо ид хэрэгжиж байгаа. Эрэлт ч их байна.

ДӨРӨВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: ТАВАНТОЛГОЙД НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Ерөнхий сайд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд бас “Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. …Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гэж байв.

Тэгвэл тэрээр вакинжуулалтын ажил шувтрах үед уул уурхай, томоохон төслүүдийн нутаг болсон говийн аймгууд, тэндэх боомтуудад ажиллаад ирсэн. Томилолтын үеэрээ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэр”, Таван толгойд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэв. Мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг ирэх оны долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтов. Түүнчлэн “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттайшийдвэрлэхээр болсон.

ТАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ: ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ НУУЦААС ГАРГАЖ, Б.ХУРЦ ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ, Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАХ УУ

Ийм хүлээлт нийгэмд үүссэн гэхэд болно. Суурийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавьсан.

Тэрээр 2021 оны гуравдугаар сарын 8-нд 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан юм. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд “Шүүхээр тогтоосон гэм, буруугийн асуудлыг ярих эрх байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн газрын харьяа байгууллагуудад хамааралтай. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн”гэв. Мөн “Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг зөрчсөн асуудал болно” гэдгийг онцолсон.

Улмаар 2021 оны гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн юм.

Тэр өдөр нь Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдсан ТЕГ-ын дарга Б.Хурцад Дээд шүүх ял шийтгэв.

Ингэснээр Т.Чимгээ нар хэзээ суллагдах вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. УЕПГ-ын эх сурвалж энэ асуудлаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэнэ. Үүний дараагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ” гэсэн тайлбарыг өгөөд байна.

ЗУРГАА. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ЦЭЦ, ШҮҮХ, СЕХ

Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх хэмжээлшгүй өндөр болсон. Монголын улс төр Ерөнхий сайдын оролцоогүйгээр өрнөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд юунд ч нөлөөлж болох хүчтэй болсон гэсэн үг.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш өрнөсөн улс төрийн үйл явдлуудад оролцсон уу үгүй юү биш, оролцоо нөлөөлөл нь их үү, бага уу гэж л ярих ёстой юм.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Тавдугаар сарын 6-ны дүрэв гаригт болсон ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын муудалцсан, тэгэхэд нь болсон “харилцан яриа”-наас энэ бүхэн тодорхой харагдана. Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж буйгаа шуудхан хэлжээ.

Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр АН-ын дарга, Үндсэн дүрмийн алийг ч бүртгэлгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс улбаатай эмх замбараагүй байдал одоо нийгмийг хамарч мэдэхээр болоод байна.

Ингэж Дээд шүүхээс “мултарсан” АН-ын асуудал СЕХ-нд шилжчихэж байгаа юм. Гэвч СЕХ-ноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс С.Эрдэнийг “сонгож” бүртгэсэн. Энэ нь хоёр АН-ыг улам хагалсан үйлдэл боллоо гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.

ДОЛОО. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ: ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНӨӨС ЭХЛЭВ

МАН-аас МАХН төрж, өрх тусгаарлаад арваад жил болсон. Нэг угсаа гарвалтай энэ хоёр нам нэгдэх яриа дуулдсаар ирсэн. Гэхдээ ажил хэрэг болж байсангүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр хүчтэй яригдаж ирээд сураг алдарч байлаа.

Харин энэ удаад ажил хэрэг болсон. Энэ “хэргийн эзэн” нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болов. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 10-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Тэр үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулсан. Мөн Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг олон асуудал МАН, МАХН нэг ижил байр суурьтай байгааг ярилцсан.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой” гэж байр сууриа илэрхийлжээ.

Түүнчлэн тэр уулзалтаар МАН, МАХН-ын нэгдэх асуудал дээр хоёр тал ажлын хэсэг гаргах, яаралтай хэлэлцэх тохироонд хүрсэн гэдэг.

Ингээд гуравдугаар сарын 1-нд хоёр намын удирдлага “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэж, удалгүй хэлэлцээр эхэлж нэгдэх шийдвэрт хүрсэн.

НАЙМ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА “ТООСГО”-НУУД: С.АМАРСАЙХАН, Б.САЙХАНБАЯР, БАТЦЭЦЭГ…

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын зарим сайд өнгөрсөн 100 хоногийг ихээхэн асуудалтай өнгөрөөв.

Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан байна. Эхнэр нь “улаан бүс”-т дураараа зорчиж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Удалгүй хүүгийнх нь төрийн тэтгэлэг авсан баримт дэлгэгдэж баахан шуугиулсан. Хувийн ийм асуудлууд нь ар араасаа хөвөрсөн гэхэд болно.

Батлан хамгаалахын салбарт цэргийн амь нас хохирсон, цэргүүд хүний амь хохироосон хэргүүд цуварсан даа.

Мөн хатуу хөл хорионы үеэр вакцин тасарч иргэдийг бухимдуулсан явдал яалт ч үгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбогдоно.

Эндээс Ерөнхий сайд цаашдаа танхимынхаа боловсон хүчний бодлого дээр анхаарах шаардлагатай гэсэн үг.

Сайд нар нь хувийн асуудлаараа нурж байна. Салбараа сайн зохион байгуулахгүй байна. Хөрш улсуудын ижил салбарын сайд нартай харилцах тал дээр “жижигдэж” байх юм.

Зарим дэд сайд, агентлагийн дарга нар ч асуудалтай байгаа нь дуулдах болсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын удирдлага өөрчлөгдөж, дагаад Засгийн газарт салхи орно. Мөн МАХН-тай нэгдсэн яриа хэлэлцээнийхээ дагуу тус намаас хүмүүс орж очно. Тэр үед энэ мэт сайд нараа “тоосго” болгон сугалах тухай улс төрийн хүрээнд яригдаж л байна. Харин сэлгээ хийхдээ шахаа биш мэдлэг, зангаргийг нь харж томилгоо хийгээсэй.

ЭЦЭСТ НЬ:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног ийм л “эрээн бараан”-тай өнгөрлөө. Вакцин дээр яахын аргагүй “100” буюу “Онц”авч байна. Хамгийн сайхан мэдээ энэ байлаа.

Эдийн засгийг сэргээх, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлжээ. Дажгүй.

Гэм нь Л.Оюун-Эрдэнэ улстөржилтөөс ангид байж чаддаггүй нэгэн бололтой юм. Бас нэг онцлог нь “сул” гишүүн байхаасаа зууж авсан нэлээд асуудалтайгаа одоо ч зууралдсаар явж байх юм.

Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргасан. Т.Чимгээг суллана гэж гүйв. Б.Хурцыг ялд уналаа. Оролцоогүй гэвэл худлаа болно.

Ерөнхийлөгчийн сонгуультай бас л холбогдох бололтой. Цэц, Дээд шүүх, СЕХ-ны Ерөнхийлөгч болоод АН-тай холбоотой шийдвэрээс ангид байж чадаагүй л болов уу даа.

Хамгийн гол нь энэ бүхнийг бүгдээрээ хатуу хөл хорио тавьж байгаад араар нь шийдчихсэн байх юм.

Нэг зүйлийг онцлоход, Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд нь системтэй, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй яваад байгаа нь анзаарагдаж байна. Бас тэр хугацаатай “амлалт” ярьдаг, хариуцлага тооцож болох барьцтай.

Одоо нэг “юм” бий. Тэр Ерөнхий сайд болоод 100 хонолоо, яасан ийснийг нь дээр тоймлов. Та юу гэж дүгнэх вэ?