Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Увс аймгийн цагдаагийн газрын хоёр албан хаагч нас барсантай холбоотой асуудалд тайлбар өглөө.
Тэрээр “Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л… 2016 онд зүрхний шигдээс гэсэн оноштойгоор зүрхэндээ стент тавиулахад хөдөлмөрийн чадвараа 70 хувийг алдсан гэж үзэн ажлаасаа гарсан.
Жилийн дараа түүний биеийн байдлыг харгалзан ажлаа хийх боломжтой гэж үзэхэд, тэрээр ажилдаа буцаад орсон байсан. Тус байгууллагын ажилчдад 2021 оны дөрөвдүгээр сарын 6-8-нд вакцин хийсэн ба вакцин хийж байсан эмнэлгийн ажилтнууд ийм оноштой хүнд заавал эмчийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийнэ гэсний дагуу тэрээр 9-ний өдөр өөрийн эмчээсээ зөвшөөрлийн бичгээ аван вакцинаа хийлгэсэн юм билээ. Улмаар түүний биеийн байдал хүндэрч гэртээ нас барсан гэсэн мэдээлэл байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ба тэрээр зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан.
Удаах иргэн нь тус байгууллагын мөрдөгч, талийгаач Ц юм. Хамт ажиллагсад нь түүнийг сүүлийн үед их турж байгааг хэлж байсан гэсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэгтэй эмчлэгдэж байгаад нийслэлийн 1-р эмнэлэгт яаралтай шилжин хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан ба чихрийн шижин өвчтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй байгаа ба одоогоор шүүх эмнэлэг нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.