Монголын сүүний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хүний их эмч, физиологич О.Амарцэнгэлтэй ярилцлаа.
–Манайх 70 гаруй сая мал тоолуулсан. Хөдөө гарахад хаашаа л харна тал дүүрэн мал бэлчиж байдаг. Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох ямар боломж байна вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүнийг шинэ сэргэг сүүн бүтээгдэхүүн, биологийн идэвхт бодис агуулсан сүүн бүтээгдэхүүн гэж хоёр ангилна. Өнөөдөр ургамлаас Herbalife гэж бүтээгдэхүүн гаргаад хорвоогоор нэг тараагаад байна. Яг үүнтэй ижил цэвэр бэлчээрийн малын сүүг технологиор боловсруулж, өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж авч болно. Herbalife-аас хэд давсан үр дүнтэй бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлэх боломж бидэнд байна. Гэхдээ өнөөдөртөө ийм бодист бус уул уурхайд хөрөнгө оруулах нь илүү үр ашигтай байна л даа. Манайд масст үйлдвэрлэж байгаа сүүнээс экспортлох боломжтой хоёр бүтээгдэхүүн бий. Нэг нь цөцгийн тос. Өөр нэг бүтээгдэхүүн нь бяслаг. Гэхдээ манай бяслаг олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд литр сүүний өөрийн өртөг маш хямд байх ёстой. Шинэ Зеландад литр сүүний өөрийн өртөг 300 төгрөг л байдаг. Бяслагийг олон улсын зах зээлд гаргахын тулд сүүний өөрийн өртгийг буулгах ёстой.Бэлчээрийн малын сүү байж болно. Гэхдээ бэлчээрийн малын сүүг үйлдвэрийн аргаар боловсруулна гэхээр эдийн засгийн хувьд үр ашиггүй байна л даа. Зуны гурван сард л саана. Олон улсын зах зээл тогтвортой нийлүүлэлт шаарддаг.
–Манай урдаа барьдаг эдийн засагчдыг нэг нь “Урд хөршид ямааны сүүний эрэлт их байна. Өртөг нь ч өндөр. Манайх ямааны сүү нийлүүлж ашиг олох боломж байна” гэх зүйлийг санал болгосон байна лээ. Энэ боломжтой юу?
-Ямааны сүүг саагаад Бээжин хүргэхэд өөрийн өртөг нь “хаданд гараад” явчихна. Хөргүүр шаардана. Сүү сав дамжих тусам чанар нь муудна. Хугацаа өнгөрөх тусам л шим тэжээл нь үгүй болно. Би энгийн жишээ татаад тайлбарлая л даа. Баян-Өлгийгөөс Улаанбаатар руу шинэ сэргэг үнээний сүү тээвэрлэж авчрахад литр нь 26 мянган төгрөгөөр борлуулж, сая нэг ашиг олох боломжтой. Тийм үнээр хэн сүү авах вэ дээ. Тэр ямааны сүү хэрэглэгчийн хажууд байх ёстой. Хүмүүс шинэ сэргэг сүүн бүтээгдэхүүн тээвэрлэлт, хадгалалт даадаггүйг ойлгодоггүй юм. Цемент тоосготой ижил биш шүү дээ. Эхний ээлжид Улаанбаатарынхаа 230 мянган хүүхдэд өдөрт 200 грамм сүү тараг өгч байя.
–Сүү ер нь хүний биед ямар ашиг тустай вэ. Төв суурингийн иргэд сүү, сүүн бүтээгдэхүүнээс хангалттай шаардлагатай амин дэм авч чадаж байна уу?
-Монгол хүний зохистой хооллолтыг дагаад эрүүл мэндийн тухай асуудал яригддаг. Зохистой хооллолтыг хүнсний хангамж талаас нь аваад үзэхэд бүрэн хангагдсан байдаг. Улаанбуудайн гурил, төмс, мах, гурил зэргээс илчлэг авдаг. Үүнээс гадна шимт хүнс гэж бий. Үүнд шинэ чанартай жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн л ордог. Шимт хүнсний төвөгтэй нь өндөр температуртын буюу 100-аас дээш градусын боловсруулалтад шим тэжээл нь үндсэндээ алга болчихдог. D, E витаминууд нь бүгд задраад алга болчихдог юм.
Өнөөдөр манайд хүүхдүүдийн дунд D витаминын дутагдал маш өндөр байдаг. 30 орчим хувь нь ил хэлбэрийн дутагдалтай, 50 орчим хувь нь далд дутагдалтай гэх судалгаа өнгөрсөн онд гарсан.
–Кальцийн дутагдал гэж их ярьдаг. Энэ сүүний хэрэглээтэй холбоотой юу?
-Манайд кальцийн дутагдал гэж байдаггүй л дээ. Кальци дутагдаж яс сийрэгжиж байна гэж яриад байдаг. Ингээд кальци ууна. Хүний биед байгаа кальцийг ясан доторх, цусан доторх гэж хоёр ангилна. Нийлээд хүний биед кг орчим кальци байдаг. Бодисын солилцоо нь яснаас цус руу орох уу, цуснаас яс руу орох уу гэж гэсэн асуудал бий. Кальцийн дутагдал гэж яриад байгаа нь цусан дахь кальцийн хэмжээ багассаныг хэлж байгаа юм. Үр дүнд нь хүний биеийн үйл ажиллагаа хямарна. Яснаас цус руу, цуснаас шээс рүү гэсэн дамжлагатай байдаг. Бодисын солилцоо буруу эргэвэл цуснаас яс руу, яснаас шээс рүү ялгардаг. Ингээд хүний яс сийрэгжинэ. Хүний кальцийн дутагдлыг нөхөхийн тулд бодисын солилцоог л тогтворжуулна. Үүнийг хүнсээр л зохицуулдаг. Кальци хэчнээн тонныг уугаад ч үр дүнгүй. Бодисын тогтолцоог тогтворжуулдаг цорын ганц хүнс нь сүү.
–Өнөөдөр лангуун дээр зарагдаж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн бодисын солилцоо тогтворжуулахад тустай юу?
-Ихэнх нь хуурай сүү л дээ. Манайхан сүүг тэгж өндөр градусаар буцалгадаггүй. Зөөлөн галаар халааж хөөрүүлдэг. 100 градусаас дээш гаргадаггүй. Өндөр температураар буцалгавал ашиг шим нь устдаг гэдгийг манайхан эрт үеэс л мэдэж байсан гэж би боддог юм.
Сүүнд агуулагддаг гол үндсэн уураг нь казеин. Үүнд үл орлогдох амин хүчлүүд бүгд бий. Сүүний цагаан өнгийг бүрдүүлдэг уураг л даа. Альбумин гэж уураг мөн агуулагддаг. Энэ бүгд хүний эрүүл мэндэд тустай.
Мөн түүхий элэг сүүнээс дутахгүй ашиг шимтэй. Болгочихвол хэрэггүй. Гэхдээ бид түүхий элэг идвэл ямар ч төрлийн халдварт өвчин авах эрсдэлтэй.
–Төв суурин газарт шинэ сэргэг сүүний хэрэглээ дутагдалтай байгаа юм байна. Лангуун дээр зарагдаж буй савласан сүүнээс шаардлагатай амин дэмээ авч чадахгүй байна уу?
-Шинэ сүүг хоёр хоног хадгалахад л задраад эхэлдэг. 100 градусаас дээш хэмд боловсруулахад ашиг шим нь байхгүй болчихдог. Хуурай сүүг доод тал нь 300, дээд тал нь 1300 градуст боловсруулна. Ингэхлээр бүх ашиг шим нь алга болчихож байгаа юм.
Шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг эмчлэх арга зам нь хөөрүүлсэн сүү, тараг уулгах. Тараг идэж өссөн хүүхэд хэзээ ч гэдэс нь өвдөхгүй. Хөөрүүлсэн сүү, тараг хүний ясанд ямар сайн нөлөөлдгийг энгийн жишээгээр тайлбарлая л даа. Бидний хэлдгээр шүд хорхойтно гэдэг үндсэндээ хүнснээс хамаардаггүй. Шүдний паалан бүтэн байхад л хэдэн тонн чихэр идээд шүдээ огт угаахгүй байсан ч яах үгүй. Та анзаарсан бол малчин айлын хүүхдийн шүд яралзсан цагаан байгаа. Аймгийн төвийн хүүхдийн шүд тодорхой хэмжээнд хорхойтсон байдаг. Улаанбаатарын бүх хүүхдийн шүд хорхойтой байдаг. Үүний цаад шалтгаан нь хөөрүүлсэн сүү, тарагны хэрэглээтэй шууд холбоотой. Малчин айл орой сүү хөөрүүлээд өрөм загсаахаас өмнө хүүхдэдээ аяга сүү уулгадаг шүү дээ. Хажуугаар нь шинэ тараг ууж байна. Хүүхэд эрүүл өсч байгаагийн шалтгаан нь хөөрүүлсэн сүү тараг байдаг.
–Хот суурин газрын хүмүүс өдөрт хэдэг грамм сүү хэрэглэж байгаа талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Ойролцоогоор 100 грамм сүү хэрэглэж байгаа гэх судалгаа байдаг. Скандинавын орны иргэд өдөрт 900-1100 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бяслаг их хэмжээгээр хэрэглэнэ. Өнөөдөр төв суурин газрын дэлгүүрт худалдаалагдаж байгаа сүүний 70-80 хувийг хуурай сүүгээр хийж байгаа. Өндөр температурт боловсруулдаг. Боловсруулах үйлдвэрүүдэд үүнээс өөр арга алга. Хөөрүүлээд хэрэглэх эхэд зарим төрлийн вирус бактери хүнд халдварлах боломжтой. Үнээний тэжээл болон саальчид эрүүл байх ёстой. Боловсруулах үйлдвэрт ирж байгаа сүүнд тэр бүр гарал үүслийн бичиг байдаггүй. Өвчин халдварлах эрсдэлтэй гэсэн үг. Ийм учраас л өндөр температурт боловсруулахаас өөр арга байхгүй.
–Төв сууринг шинэ, сэргэг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах ямар боломж байна вэ?
-Төв суурин газрын хүн амыг шинэ сэргэг амьд сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд тухайн төв суурин газрын орчимд сүүг сааж байх ёстой. Тэр нь 72 цагийн дотор хэрэглэгчийн гарт очих байх хэрэгтэй. Өглөө саасан сүү орой боловсруулах үйлдвэрт ирээд маргааш нь сүлжээ дэлгүүрүүдээр дамжиж хүнд хүрэх ёстой.
Улаанбаатарт 3-12 хүртэлх насны 240 орчим мянган хүүхэд бий. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын зүгээс зөвлөж буйгаар бол хүүхэд өдөрт 210 грамм сүү уулгахыг санал болгодог. Үүний тулд 250 сая литр сүү шаардлагатай.
Өндөр ашиг шимтэй, бэлчээр ашигладаг, манай орны нөхцөлд тэжээх боломжтой үхэр жилд 6000 орчим литр сүү өгдөг. Ингээд тооцоход 42 мянган үхэр шаардлагатай. Өнөөдөр Улаанбаатарыг тойрсон фермүүдэд 35000 мянга орчим үхэр бий. Бид хүн амаа шинэ сэргэг сүүгээр хангахын тулд аж ахуйн тоог нэмэх биш, тухайн фермийн үнээний ашиг шимийг дээшлүүлэх ёстой. Дунджаар өдөрт 23 лит сүү өгдөг үхэртэй байвал болно. Гэхдээ асуудал бий. Генийн потенциал нь жилд 8000 литр сүү өгдөг үнээнд нөхцөлийг нь бүрдүүлэхгүй бол 3000 литрийг л өгдөг. Орон байрны нөхцөл, маллагааны арга технологи, тэжээл, мал эмнэлгийн арчилгаа зайлшгүй шаардлагатай.
–Хүүхдэд өдөрт шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүнийг олгох талаар Монголын сүүний холбооны зүгээс ямар ажил хийв. Үр дүн нь ямар гарав?
-Хүүхдийн сүү гэж хөтөлбөр боловсруулсан байгаа. Бодлогыг дэмжих хүн алга. Шинэ сэргэг сүү, сүүн бүтээгдэхүүний хөтөлбөрийн талаар ярихад боловсруулах үйлдвэрүүд сөрөг лобби хийх юм. Хуучин нийгмийн үед улсын фермээс авчирсан сүү, таргийг шилэнд савлаад хүүхдэд өгдөг байлаа. Шинэ хүүхэд төрөхөд л хүүхдийн сүүний дэвтэр гэж өгдөг байсан. 230 мянган хүүхдэд өдөрт 200 грамм сүү нийлүүлэхэд 5 сая литр сүү л хангалттай. Хэдхэн хүний фермийг бодлогоор дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоод л гар хөлийн үзүүрээр шийдэх асуудал.
–Ямааны сүү, тэмээний сүү ямар давуу талтай болоод олон улсад анхаарал татаад байдаг юм бэ?
-Тэмээний сүү, сарлагийн сүү биологийн өндөр идэвхт бодис агуулдаг. Говийн ургамал болон уулын ургамал өндөр шим тэжээлтэй. Биологийн өндөр идэвхт бодисыг өндөр хэмжээгээр агуулсан байдаг.