Categories
мэдээ улс-төр

Ц.Туваан: Өлсгөлөнгөө зогсоосон ч тэмцлээ үргэлжлүүлнэ

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарласнаас хойш долоо хоноод байсан юм.

Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан.

Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь хурлаа зохион байгуулж, тодорхой шийдвэр хүрч, танилцуулсан нь УИХ дахь Ажлын хэсэг өлсгөлөнгөө татан буулгахад нөлөөлжээ.

Энэ тухай Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан Өнгөрсөн долоон хоногт бүгд нэгдсэн шийдвэрт хүрч, өөрсдийн улс төрийн ажиллагаагаа явууллаа. Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь маш ноцтой. Энэ бол нэг намын дарангуйлал тогтсон хэрэг. Гэвч одоо нэг намын дарангуйлал аль хэдий нь тогтсон байсныг ойлгож авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд албан ёсоор өлсгөлөнгөө татан буулгаж байна. Өлсгөлөнгөө зогсоосон ч бид тэмцлээ зогсоохгүй”гэлээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн бага хувиар өсчээ

Өнөөдөр Хятад улсын статистикийн үндэсний хороо арван жил тутамд зохион байгуулдаг хүн амын тооллогын дүнг танилцуулжээ.

Хүн амын тооллогыг 2020 оны сүүлээр зохион байгуулахад долоон сая ажилтан оролцсон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын хүн ам жилд дунджаар 0.53 хувиар өсч, нийт 1.41 тэрбумд хүрчээ.  Энэ нь 2000-2010 онд гарсан 0.57 хувийн өсөлтөөс буурсан үр дүн бөгөөд БНХАУ-ын түүхэнд хамгийн бага өсөлттэй арван жил болсон байна.

Хүн амын өсөлт удаашрах болсон гол шалтгаан нь шинэ төрөлтийн хувь хэмжээ буурсантай холбоотой. 1979 онд анх нэвтрүүлсэн өрх бүр ганц хүүхэдтэй байх бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч өсөлтөд нөлөөлөөгүй байна. Ганц хүүхдийн бодлогыг халснаас хойш хоёр жилийн хугацаанд төрөлт бага зэрэг нэмэгдсэн ч дараа нь дахин буурч эхэлжээ.

Тухайлбал 2020 онд Хятад даяар 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оны 18 саяас нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.

Хэрвээ цаашид хүүхдийн төрөлт буурч, өндөр настнуудын хүн амд эзлэх хувь нэмэгдсээр байвал ажиллах хүчний хомсдолд оруулж, Хятад улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тус улсын хүн амын ажиллах хүч болох 16-59 насныхны тоо 2020 оны байдлаар арван жилийн өмнөхөөс 40 саяар буурч 880 сая орчимд хүрснийг сүүлчийн тооллогын үр дүн харуулжээ.

Categories
мэдээ нийгэм

1724 малчинд гуравдугаар сарын сүүний урамшуулал олгожээ

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2021 оны гуравдугаар сарын сүүний урамшууллыг олголоо.

2021 оны 3-р дугаар сард сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 1.897.521 литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 948.760.500 /Есөн зуун дөчин найман сая долоон зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна.

Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцож олгосон.

Categories
мэдээ нийгэм

Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олджээ

Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл энэ сарын 2-нд тус дүүргийн цагдаагийн газарт иржээ.

Үүний дагуу Цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авч аюулгүй байдлыг хангаж өнөөдөр /5-р сарын 11-нд/ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж аюулгүй болголоо.

Тус бөмбөг нь ФАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна.

Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Эх сурвалж: Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдрийг тэмдэглэв

Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдрийг өнөөдөр олон улсын хэмжээнд тэмдэглэж байна. Дэлхийн монголчуудын холбоо (ДМХ) болон монгол туургатны бусад холбоод, зүтгэлтнүүд санал нэгдэн, энэ өдрийг тунхагласан.

Токиод хоёр жагсаал цуглаан боллоо. Үдээс өмнө БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө Японы парламентэч Такаши Нагао тэргүүтэй эсэргүүцэгчид жагсаж, байр сууриа илэрхийлэв.

Өмнө нь БНХАУ-ын элчин сайд Японы Либерал ардчилсан намын байранд очиж, тавдугаар сарын 11-ний арга хэмжээнд оролцохгүй байх, Хятадын цөөнх үндэстнүүдийн нутагт аялж байдалтай танилцахыг хүссэн тухай ноён Нагао ярьж байлаа. Японы парламентын 28 гишүүн эвлэлдэн нэгдэж, Өмнөд Монголын лобби бүлгийг парламентад албан ёсоор байгуулаад ажиллаж байгаа билээ.

Энэхүү өдрийг тэмдэглэх тухай Японд өмнөд монгол идэвхтнүүд (Өмнөд Монголын соёлын холбоо ТББ) ярьж таниулж байхад Япон, Төвөд, Уйгур, Хонконг, Мьянмар, Камбожийн идэвхтнүүд дэмжин оролцохоо илэрхийлжээ.

Ингээд 600 гаруй хүн оролцсон, олон улсын том жагсаал цуглаан үдээс хойш Токиод болжээ. Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдөр Азийн ард түмнүүдийн эрх чөлөөний утгаар баяжин тэлжээ.

Улаанбаатар хотноо цар тахлын хорио цээр хатуу байгаа хэдий ч Монголын иргэд энэ өдрийг тэмдэглэлээ. Дэлхийн монголчуудын холбооны (ДМХ) тэргүүн Ц.Элбэгдорж Clubhouse-д яриа хийлээ. ДМХ-ны идэвхтнүүд фэйсбүүкт лайв хийж түгээлээ.

“Тэнгэрлэг ивээл” ТББ болон АТОЗ нам Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж, хүмүүст ярьж таниулж, үгийг нь сонслоо. “Швед дэх монголчуудын соёлын холбоо” ТББ видео контентоо толилуулна. Европ, АНУ болон бусад оронд мөн холбогдох арга хэмжээнүүд болох аж.


Ноён Такаши Нагао Токиод болсон цуглааны үеэр

Ноён Такаши Нагао Токиод болсон цуглааны үеэр

Токиогийн цуглаан

No description available.

Улаанбаатар хот.Ард иргэдэд ярьж таниулж байна

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: 88 мянган малчинд 31 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал олголоо

“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олголоо.

Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90.064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн.

Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчинд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.

Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг тус үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан гаргаж зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр хойшлууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд нь малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэх бөгөөд тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болох юм.

Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд нь баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын алба болон mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой гэж ХХААХҮЯамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 19-нд болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээлэл, гомдлын дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн билээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийхээр товложээ.

Categories
мэдээ улс-төр

МАН, АН-ын бүлгийн гишүүд хамтарсан Ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Өмнөдмонголчуудыг дэмжих дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр Өмнөдмонголчуудыг дэмжих дэлхийн өдөр тохиож байна.

Дэлхийн Монголчуудын холбооны удирдах байгууллага болох Нэгдсэн зөвлөлийн ээлжит хурлаар жил бүрийн тавдугаар сарын 11-нийг “Өмнөдмонголчуудыг дэмжих өдөр” болгохоор тогтсон билээ.

Дэлхийн олон оронд ажиллаж, амьдардаг монголчууд, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсээс гарч байгаа санал санаачилгыг нэгтгэн ийнхүү ажил хэрэг болгохоор Дэлхийн Монголчуудын холбооноос албан ёсоор шийдвэрлэж, монголчуудын дэмжлэг, талархлыг хүлээж байгаа юм.

Энэ өдрийг идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахыг дэлхийн монголчууддаа уг холбооны Нэгдсэн Зөвлөлөөс уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн ёслолын жагсаалаар алхсан бүрэлдэхүүн эх орондоо иржээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.

Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас бүрдсэн жагсаалын хайрцаг ОХУ-ын Төрийн далбааны дараа буюу ОХУ-ын Дорнод цэргийн тойргийнхний тэргүүнд сүр жавхлантайгаар алхсан билээ. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг удирдан ажилласан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж, цэргийн ёслолын жагсаалд оролцсонд талархлаа дэвшүүлсэн байна.

Дашрамд дурдахад, цэргийн ёслолын жагсаалд оролцсон болон ахалсан бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийн дагуу эх орондоо ирээд 14 хоногийн тусгаарлалтад орсон байна.