Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Нийгмийг гамшиг руу уриалан дуудаж болох уу?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хичээлийн шинэ жил
эхлэхээс өмнө хүүхдүүдэд хийх
вакцины нөөц бүрдчихнэ” хэмээснийг I, V нүүрээс уншаарай.

Сүхбаатар
дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын дарга Б.Энхболд “Нийслэл тулгамдсан асуудлаа
шийдэх эрх зүйн болоод эдийн засгийн
чадамжгүй олон жил боллоо” гэв.

Шинэ Үндсэн хуулийг
батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжав “Дахин хэлье, Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлт хэн нэгнийг эрхлүүлэхэд
зориулагдах ёсгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Нийгмийг гамшиг руу
уриалан дуудаж болох уу?” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар аж ахуйн нэгжүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр байгаа талаар сурвалжиллаа. “Ар араасаа адуу шиг чихцэлдэх
хүмүүст зай барих, халуунаа
хэмжүүлэх сөхөө ч алга” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ю.Дуламхорлоо “Коронавирусээр өвчилж буй иргэдийн
ихэнх хувийг сургуулийн насны
хүүхдүүд эзэлж байна” гэлээ

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Mercedes-Benz” компани “EQT” загварын бүрэн цахилгаан хувилбарыг танилцуулав

“Mercedes-Benz” компани “T-Class” ангиллын “EQT” загварынхаа бүрэн цахилгаан хувилбарыг танилцууллаа.

Долоон хүн суух багтаамжтай, өмнөх загвараасаа илүү том салонтой гэдгээрээ онцлог юм байна. “Mercedes-Benz” ирэх нэг жилийн хугацаанд найман шинэ загварын цахилгаан автомашин танилцуулахаар төлөвлөж байгаа аж. “EQT” загвар нь 2022 онд худалдаанд гарах юм байна.

Эх сурвалж: ВloombergТv

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 14 цагт гишүүдийн 57 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хэлэлцэв.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс Оюутолгойн ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэх, цаашлаад Засгийн газрын өрийг бууруулахад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулж байлаа.


Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариултдаа, 2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн байгааг дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээсМонгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаа гэв.

Улсын Их Хурлын 2019 оны “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги баримт бичиг батлах тухай” 55 дугаар тогтоолыг баталсан байдаг.Энэ хүрээнд бид ажиллаж байгаа. Одоогоор Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхланхариултдаа онцолсон.

Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн цахим яармаг үргэлжилж байна

“ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээ тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлт, Халамжаас хөдөлмөрт дэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна. Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.

Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим хурлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр www.expomongolia.org/careerexpo платформд нийт 3380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар 4700 хүн үзлээ.

Хөдөлмөрийн цахим яармаг энэ сарын 24-нийг дуустал үргэлжилж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх олон сонирхолтой мэдээлэл, видео контент, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэх, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах тул ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадмыг үзэгчтэй зохион байгуулж, 1024 бөх барилдуулна

Өнгөрсөн жилийн наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулсан. Халдварын тархалтаас шалтгаалж энэ жилийн наадмыг ч мөн тэмдэглэх эсэх асуудал яригдаж байв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр 100 хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Монгол Улс зургаадугаар сарын дунд үе гэхэд вакцинжуулалт, давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж дуусах тул наадмыг үзэгчтэй зохион байгуулна. 1024 бөх барилдана. Наадмын комисс ажилдаа орсон” гэж мэдэгдлээ.

Мөн Ерөнхий сайд “Вакцины хоёр дахь тундаа хамрагдсан хүмүүст 50 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг эрчимжүүлж эхний тунгаа тариулсан хүн бүрт дэмжлэгийн мөнгийг олгож эхлэхээр болсон. Монгол Улс 12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлэлцээ хийж байгаа. Намар сургуулиуд танхимаар хичээллэнэ” гэж мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж

Ажлын байранд:

• Ажилчид амны хаалт зүүх

• Сандал, буйданг 1,5-2,0 метрийн зайтай байрлуулах

• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа цэвэрлэж, халдваргүйжүүлэх

• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай сальфетка байршуулах

• Дулааны улиралд салхивч, цонхыг байнга нээлттэй байлгаж агаар сэлгэлт хийх

• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх

• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

• 1 л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих

• 00-г тогтмол цэвэрлэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

• Утас болон цахимаар цаг өгөх

• Биеийн халуун үзэх

• Амны хаалт зүүх

• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савлаж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй байх

• Төлбөр, тооцоог цахимаар хийх

• Гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаяна уу.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музей: Ходоодон гүр

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй XX зууны эхэн үед холбогдох Хэнтий аймгийн Батширээт сумаас олдсон бургас, модоор хийсэн ходоодон гүрийг толилуулж байна.


Оросын алдарт зураач Илья Репины “Ижил мөрний барлагууд” хэмээх зургийг мэдэхгүй хүн үгүй. Элчилгүй төөнөх наранд шарагдаж, ачааны хүндэд түүртсэн ноорхой хэдэн барлаг их мөрний эрэг даган арайхийн урагшилна. Тэдний наахан талд, голын эргийн элсэнд хавтгай чулуунд уяатай, андуу харахад араг гэмээр арзайж сэрзийсэн юм үзэгдэнэ.

Монголчууд ан гөрөө, тэр дундаа загас агнуурын баялаг уламжлалтайг археологийн олдворууд төдийгүй эзэн Чингис хааны түүх гэрчилнэ. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торсныг Бэгтэр Бэлгүтэй хоёр булааж авав гэдэг.

Морин туураар дэлхийг бөмбөрдсөн монголчуудын амин зуулгын нэгэн салаа мөчир нь тийнхүү загасчлахуй болж байв. Хожим, монгол газар бурхны шашин дэлгэрснээр загасыг “лусын амьтан” хэмээгээд хороох, идэх нь цээртэй болсон ч агнах, гохдох явдал баларч мартагдсангүй.

Үүний баримт нь 1974 онд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн н.Буджаваас тус музейд өгсөн ходоодон гүр хэмээх урхи торны нэн ховор зүйл болно. Нарийн бургасаар сүлжсэн дөрвөлжин ам, цүдгэр гэдэс, шувтан сүүлтэй энэ хэрэгслийг гол, нуурын загас ихтэй усанд тавьдаг байна.

Загас, уснаа шүтэж амьдардаг газар газрын хүн зоны загасчлахуйн соёлд монголын ходоодон гүртэй адил төслөг нь нэлээд юм. И.Репины зурсан Ижил мөрний эрэг дээрх араг шээзгий мэт зүйл ч ийм учиртай ажгуу.

И.Репины зураг дээрх араг шиг зүйл нь Орос загасчны морда хэмээх урхи аж.

Африк загасчдын загасны урхи занга

Индонезийн загасны урхи тор

Сибирийн Хант хэмээх ард түмний хэрэглэж байсан загасны тор урхи

Папуа Шинэ Гвинейчүүдийн загасны урхи

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орлоо

Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал,

Ч:4 “5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог”

Ч:5 “Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад”

Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/

Ч:25 “Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол”

Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”

Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”

Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”

Ч:74 “Цагаан даваа – Гандан – Вокзал”

Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын дунд сургуульд зэвсэгт халдлага гарч, 11 хүн амиа алджээ

ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотын нэгэн дунд сургуульд өнөөдөр (2021.05.11) зэвсэгт халдлага гарч, 11 хүний амь хохирчээ.

“Ria Novosti” агентлагийн мэдээлснээр, 175 дугаар дунд сургуульд гарсан зэвсэгт халдлагын үеэр найман сурагч амиа алдсан байна.

Халдлага үйлдэгч хоёр этгээдийн нэг 17 настай эрэгтэйг баривчилсан бол нөгөө нь хүн барьцаалсан байж болзошгүйг зарим эх сурвалж мэдээлжээ.

Татарстаны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий прокурор нар хэргийн газарт ирээд байгаа аж. Мөн 20 орчим түргэн тусламжийн машин ирж, цагдаагийн алба хаагчид үлдсэн сурагчдыг сургуулиас аюулгүй гаргасан байна. Казань хотын бүх боловсролын байгууллагын харуул хамгаалалтыг чангатгажээ. Мөн халдлага болсон сургууль дээр сэтгэл зүйчид ирж, айж цочирдсон сурагчдыг тайвшруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад анх удаа минж тав ихэрлэжээ

Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо. Энэ нь нэн ховор тохиолдол бөгөөд идэш, тэжээл, амьдрах орчин, нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн гэдгийг минж маллагч Т.Ганзориг хэлж байна.

Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ.

Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан тул идэш, тэжээлийн тал дээр чухал анхаарал хандуулж, Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван болон чихрийн манжин, улаан буудай зэрэг тэжээлээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Минж нутагшуулах үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс буулгахгүй байх, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг аж.

Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой амьтан юм. 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.

Цаашид Минж үржүүлэх төвийн үйл ажиллагааг тэлж, 30 га газарт Экологийн төв байгуулах зорилт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцоллоо. Байгальд нутагшуулсан минжний нутагшлын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгаа хийх нь маш чухал тул Нийслэлийн Байгаль орчны газар судлаачидтай хамтран ажилласаар иржээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС