Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 42 цэгт, явуулын 8 автобусаар 92 багийн 655 эмч, ажилтан ажиллаж, 10.358 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Тус цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Categories
гадаад мэдээ

​Шинээр 1.5 сая ажлын байр бий болсон гэв


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсноос хойш тус улсад шинээр 1.5 сая ажлын байр бий болсон талаар тэр өчигдөр мэдээлжээ. Тэрбээр “Нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн. Энэ нь Европын бусад орноос давсан үзүүлэлт юм” гээд ойрын саруудад АНУ-д эдийн засгийн өсөлтийн хурд түүхэн дээд амжилтад хүрнэ гэсэн шинжээчдийн таамгийг цохон тэмдэглэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нийслэлээс Ховд аймаг руу явж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ.

Тодруулбал, Тавдугаар сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгчээ.

Тухайн автобус тус аймгийн “Улаан туг” багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, “Шарга” сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ын зайд шатаж байжээ.

Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.

Гал түймэрт өртөж гэмтэж, хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг өглөө.

Осол гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор Говь-Алтай аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Газын зурваст нөхцөл байдал хурцадмал байна

Сүүлийн өдрүүдэд Газын зурвас дахь Израиль, Палестины хоорондох зөрчилдөөн эрс хурцадлаа. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Аль-Акс сүмийн ойролцоо палестинчууд, израильчуудын хооронд мөргөлдөөн гарсан. Харин даваа гаригт Палестины Хамас бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрийг чиглүүлэн удаа дараа пуужингийн цохилт өгсний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн цэргийн объектуудыг бөмбөгдсөн байна. Хэдэн өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас 600 орчим хүн бэртжээ. Тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хаалттай хуралджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен ХАМАС-ыг Израилийн эсрэг үйлдэж буй түрэмгийллээ зогсоохыг уриалав. Европын холбооны олон улсын харилцааны дээд төлөөлөгч Ж.Боррелийн мэдэгдсэнээр “Баруун эрэг, Газ, Дорнод Иерусалим дахь хүчирхийллийг нэн даруй зогсоох ёстой. Газын нутаг дэвсгэрээс хүн ам суурьшсан газрууд руу агаараас цохилт өгч байгаа нь байж боломгүй үйлдэл. Энэ нь тус бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна” гэж мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд оруулсан өөрчлөлт,
  • Агаарын тээврийг хялбаршуулах журам батлах тухай,
  • Тариалалтын талаар авах арга хэмжээ зэрэг 24 асуудал хэлэлцэнэ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх их улстөржилт


АРДЧИЛСАН НАМЫН ТАЛЦАЛ ХААНА ХҮРЭХ ВЭ

Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байна. Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч дахин дэвших боломжгүй болсон дээр сонгуулийн үеийн улстөржилт нийлээд улам хурцдаж байх шиг. Мэдээж хэнд ч ойлгомжтой зүйл нь АН-ын маргалдагч хоёр талын нөхцөл байдал анхаарлын төвд байна. Хоёр талд сунгаа, сонгууль явуулж даргаа тодруулсан. Мөн нэр дэвшигчээ ч тусдаа тодрууллаа. Нэг талд нь С.Эрдэнэ тэргүүтэй, М.Тулгат даргатай АН, нөгөө талд нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй О.Цогтгэрэл даргатай АН. М.Тулгатын даргалж буй АН-аас С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон бол О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид сойхоор тодруулжээ. Ингээд Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг өгөхөөр хоёр тал зэрэг шахам яваад очлоо. Тэнд очоод түмний өмнө хэрэлдэв.

О.Цогтгэрэлийн АН УИХ-ын АН-ын бүлгийн зарим гишүүнийг авч очлоо. УИХ-д суудалтай АН нь энд байна гэх мэтийн тайлбар хийж үзлээ. Нэгэнт албан ёсны бүртгэлтэй АН-ын бичиг баримтыг хүлээж авна гэж Сонгуулийн ерөнхий хороо тайлбарласнаар тэд өлсгөлөн зарлав. Ингэснээсээ хойш өчигдрийн байдлаар зургаа хоночихоод байна. Энэ хооронд УИХ-ын дарга ч очлоо. “Хэрэв өлсгөлөнгөө зогсоохгүй бол би ч бас өлсөнө” гэж хэлчихээд яваад өглөө. Ерөнхийлөгч бас өлсгөлөн зарласан хэдэн гишүүдтэй ирж уулзлаа. Манай Галиндэв хаачив (Ганибал гишүүнийг андуурсан бололтой) гэсээр ирсэн тэрээр “Монгол ялагдаж байна” гэлээ. Ингээд хөл хорио тавигдмагц хоёр талд жагсаал цуглаан хийлээ. Зарим жагсаалыг нь төлбөртэй боллоо гэх баримтууд ч хөврөх юм.

Энд очоод Н.Алтанхуяг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага руу дайрч нэг үзлээ. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын генсек болон бусад руу нь “дүүжилнэ” хэмээн уурссан нь олонхын дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Өчигдрөөс дээрх өлсгөлөн зарласан хэд дээр нэмээд хэдэн хүн нэгдлээ. Эрдэнэтэд бас хэдэн хүн өлсгөлөн зарлаад хэвтчихэж. Гэтэл нөгөө талд нь Эрдэнэтэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь нэр татуулахаар гарын үсэг зуруулаад эхэлж. “Иргэдээ төлөөлөхийн оронд эрх мэдлийн төлөө улстөржлөө” гэж үзсэн учраас ийнхүү нэр татуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Хоёр талд жагсаал цуглаан хийж байна. Эрх баригч Ардын намыг буруутгаж үүдэнд нь очиж, тус намын удирдлагуудыг гарч ирэхийг шаардлаа. Н.Алтанхуяг тэргүүтэй өлсөгчидтэй Г.Занданшатар тэргүүтэн оройн цагаар сэмхэн авч уулзахдаа ойлголцож болох юм гэж хэлснээс болж нэр дэвших эрхээ олж авахын тулд хүлээцтэй байсан С.Эрдэнэ талын АН-ынхан дургүйцэж эхлэв. Үйл явдал өрнөсөөр байна. Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй С.Эрдэнийн АН-ын удирдлагууд талбай дээр өлсөж байгаа хэд рүү очоод зохион байгуулалттай жагсагчдын хохирогч болонгоо алдлаа. Э.Бат-Үүлийн толгой руу цохиж, үснээс зулгааж харагдав. Угтаа ингэж өлсөх, үг хэлэх, жагсаж тэмцэх эрхийг авчирсан ардчилагчдын нэг Э.Бат-Үүлд “гар хүрсэн”-д олон нийт дургүйцлээ илэрхийлэв. Энэ бүх үйл явдлаас болж Ардчилсан нам хоёр хуваагдаж таарах нь гэж ажиглагчид хэлж байна. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө нэг хэсэг нь АН-тайгаа үлдэж, нэг хэсэг нь эрх мэдлийн төлөө ингэж талцаж байгаад хоёр салах нь гэлцлээ. Ямар ч байсан Ардчилсан нам бүрмөсөн алга болохгүй. Үүнийг иргэд олон нийт ч зөвшөөрөхгүй биз ээ. Харин АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнийн хувьд алдаа их ч оноо бас багагүй. Тэрээр ялалт байгуулъя гэвэл халуун гал дундуур л яваад орчихтой адил юм.

МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ БУЮУ У.ХҮРЭЛСҮХ БА БУСАД

Энэ хооронд эрх баригч нам вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж, хааяахан нэг мэдэгдэл гаргачихаад ажиглагчийн байр сууринаас хандаад сууж байна. Мэдээж хэрүүл тэмцлийг ажиглангаа сонгуульдаа бэлдэж буй. Зуу хоногийнхоо ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлагналаа. АН харин эрх баригчдын зуу хоногийн талаар “170 монгол хүн амиа алдсан нь маш муу ажилласныг нь илэрхийлж байна” гэсэн юм. Харин Засгийн газар нь огцорсноос хойш сураг тасарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-д ярилцлага өгч, болсон явдлын талаар ярилаа.

Сүүлийн үед өрсөлдөгч АН нь юм л бол МАН-ыг дарангуйлал тогтоох нь гэсэн мессэж өгөх болсон. МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч нийтэд зарлав. Энэ бүхэнд МАН мэдэгдэл гаргаж хариу өгч байна. Мэдэгдэл бүртээ сөрөг хүчин АН-ыг дотооддоо учраа олохыг сануулж байгаа. Тавдугаар сарын 10-наас өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг өөрчлөх бололцоотой байсан бол энэ хугацаа дууслаа. Одоо гурван нэр дэвшигчээс өөр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихлоо. МАН-аас нэгэнт намын дарга У.Хүрэлсүх нь сонгуульд өрсөлдөхөөр болсон учраас түүний оронд намын дарга болох “зодоон” тус намд эхэлсэн гэж хэлж болно. Сонгуульд хэрэв У.Хүрэлсүх ялбал намын гишүүнчлэлээсээ чөлөөлөгдөнө. Ингээд түүний дараа хэн намын дарга болох вэ гэсэн эрт эхэлсэн дайн ил болно. Одоогоор хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Нөгөө талаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох ёстой ч намын бусад фракцууд түүнд тийм амар өгчихгүй бололтой юм. Магадгүй сонгуулийн дараа шинэ намын дарга тодорч, Засгийн газар яаж ч мэдэх юм. Энэ хооронд эрх баригч МАН болон тус намаас нэр дэвшигч рүү талцаж байгаа хоёр АН, ХҮН-ынхан ч шүүмжилсэн мессэжнүүд хаяж, дайрч эхэллээ. Энэ ч мэдээжийн хэрэг. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгууль У.Хүрэлсүх ба бусад гэсэн өрнөлтэй болох нь. Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах амаргүй байдаг. Учир нь эрх барьж байгаа намд оноо чамгүй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн нь өөрийн нам, тэр тусмаа намын дарга байх нь өрсөлдөгч талд томоохон өгөөш болдог.

ХҮН ХИЙГЭЭД АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ Д.ЭНХБАТ

УИХ-д суудалтай ХҮН Ерөнхийлөгчид Д.Энхбатыг дэвшүүлсэн. Тэд орон нутагт тэр бүр хүн танихгүй Д.Энхбатыг таниулах ажлаа сошиалаар явуулаад эхэлж. Өмнөх Ерөнхийлөгчийг сул тал болсон тэргүүн хатагтайн асуудал дээр соргог тоглож Д.Энхбатын гэргийг олон нийтэд эвтэйхэн танилцуулж байгаа харагдана. Өмнө нь улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн нэг их онцгой юм хийгээгүй гэсэн шүүмж хүртээд байгаа Д.Энхбатын талаар өнгөрсөн ням гаригт клабхауст ярихдаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амьдрал мэдэхгүй ханхүү” гэж тодорхойлсон. Үнэний ортой биз ээ. Түүнд наах сайн пиар бол Монголд анх интернэт нэвтрүүлсэн нь л болов уу. Түүнээс улс төрөөс хөндийрч, хувийн бизнесээ хөөсөн бөгөөд У.Хүрэлсүх, С.Эрдэнэ шиг улс төрийн гардан тулаанд орж байгаагүй. Уран илтгэх тал дээр мэдрэмжтэй. Түүний сөрөг тал нь таван хүний амь эрсэдсэн долдугаар сарын нэгэнд жагсаал цуглаанд явж байсан. Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МСДН-ын “Иргэний эвсэл”-ээс УИХ-д гишүүнээр сонгогдож байлаа. Монголын хоёр гол намын өрнөж буй үйл явдлуудын дундуур эвтэйхэн ялаад гараад ирэх тактик ХҮН-ын дэвшигч барьж байгаа болов уу. Учир нь түүн рүү эсрэг талаас ирэх дайралт бага бөгөөд өрсөлдөгчид шигээ галын шугаманд гарч тоглоогүй нь нэг талаас давуу тал, нөгөө талаас сул тал болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭН ҮҮ

Зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг багаа сайн бүрдүүлээгүй, хуулийн зөвлөхгүй байснаараа том алдлаа гэж дүгнэж байна. Харин Ерөнхийлөгч буруутанг бусдаас хайж байгаа. Түүний хэт ганцаарчилсан тоглолт, Ардчилсан намаа хагарал руу түлхэхэд, мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаа ялагдуулахад нөлөөлсөн нь эргээд өөрт ийн муугаар тусч байна гэлцэв. Ерөнхийлөгч Х.Баттулга баг муутай байсан. Түүнээсээ болж дахин нэр дэвших эрхээ алдчихсан. Түүнийг нэр дэвших боломжтой болгох гэж О.Цогтгэрэлийн АН байгуулагдсан бөгөөд одоо мөн л өлсгөлөн, жагсаал тэмцлээр тэр нь үргэлжилж байна. Магадгүй зарим ажиглагчийн хэлж байгаагаар энэ мэт явуулсаар эмх замбараагүй байдалд хүргэж, Онц байдал зарлуулах цаашлаад сонгууль хойшлуулах сонирхолтой байж ч болох юм. Өөрийн цахим хаягаараа намаасаа нэр дэвшин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүст амжилт хүссэнийг нь харахад нэгэнт нэр дэвших боломгүй болсноо хүлээн зөвшөөрчихсөн ч юм шиг.

“Сонгууль хойшлохоор боллоо“ гэсэн хуурамч мэдээллийг ч аль хэдийнэ тараагаад эхэлсэн байна лээ. Үндсэн хуульд санаан зоргоор гар хүрээд байх боломжгүй. Тэр тусмаа нэгэнт баталчихсан бол ганц хүнийг нэр дэвшүүлэхийн тулд дахин гар хүрэх бүр ч үгүй. Ер нь бол сонгууль хойшлуулах, Үндсэн хуульд өөрчлөн найруулах боломжгүй. Гэтэл өлсгөлөнгөө үргэлжлүүлээд байгаа нөхдүүд яг юу хүсээд байгаа нь ойлгомжгүй л байна. Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн төлөө юу, эсвэл Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн тулд уу. Эсвэл улстөржүүлж байгаад ямар нэгэн үр дүнд хүрнэ гэж бодсоных уу. Ямартаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгад дөрвөн жилийн тайлангаа тавих ажил үлдсэн. Дөрвөн жилийн өмнө сонгуульд ямөр мөрийн хөтөлбөртэй орсон, юу биелж, юу нь биелээгүйгээ иргэддээ тайлагнах цаг нь болж байгаа. Мэдээж сайн, муу хэлүүлсэн ч түүнд хийсэн ажил бий. Хамгийн наад зах нь л Хятадын ард түмэнд бэлэглэсэн гучин мянган хонь бол өгөөжөө өгсөн. Тэд дуслын төдий тус байсан ч далай мэт болгож хариу барина гэдгээ илэрхийлж байсан. Тэд амалсандаа хүрсэн. Өнөөдрийн вакцин ч үүний үр дүнгийн нэг хэсэг гэж ойлгож болох талтай. Мөн АНУ-д айлчилж, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан нь саяхан АНУ-ын конгрессор батлагдсан билээ. Энэ мэтчилэн тайлангаа тавьж, иргэд сонгогчдодоо үнэлгээгээ тавиулаад хэдий Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй ч улс төрд удаан явах замаа зассан нь дээр биз ээ.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн 51.1 хувь нь бүрэн тунд хамрагджээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3794, II тунд 1627, нийт 5421 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.5 хувь буюу 891.428 нь I тунд, 51.4 хувь буюу 490.009 нь II тунд хамрагдаад байна.

"нийслэлийн онцгой комисс #цвхамтдаа хамтдаа дархлаажуулалтын дун 2021.05.11 нийслэлчуудийн 93.5 хувь нь 1-P тунд 891428 иргэн 51.4 хувь нь 2-P тунд 490009 иргэн хамрагдаад байна. хайртай бухнийхээ ΤΘΛΘΘ хариушлагатай байцгаля" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбат: Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлснийхээ төлөө өнөөдрийг хүртэл би цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсоор л байна

“Энхсаран” сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, “шүгэл үлээж” байсан иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаарх мэдээлэл бий.Тэрбээр, БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч, “Энхсаран” сувилалд тусгаарлагдах үедээ халдвар авсан тухайгаа мэдэгдэж байсан билээ. Улмаар олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээнд түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учраас тусгаарлалтын байранд эрсдэлтэй нөхцөл үүссэн талаар та мэдээлж байсан. Үүний дараа таныг Зөрчлийн тухай хуулиар торгоод зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоо хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Зөрчлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх дээр байгаа. Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Засаг даргын II хэлтсээс саяхан шалгасан, хэргийн материалтай танилцаад шүүх рүү шилжих гэж байгаа. Ерөнхийдөө эх орондоо өнгөрсөн аравдугаар сард ирээд тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гараад эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарснаас хойш одоог хүртэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж байна. Ингээд хэрэг маань цагдаагаас шүүх рүү шилжих гэж байна л даа. Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлснийхээ төлөө өнөөдрийг хүртэл би цаг хугацаагаар хохирч байна. Одоо ажил хөдөлмөр эрхлэхээ ч болилоо. Намайг хоёр хэрэгт буруутгаж цагдаа сэргийлэхээс дуудаад байгаа. Цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ өнөөдөр би хохирсоор л байна. Өнгөрсөн жил намайг эмнэлгээс гараагүй, өвчин ч эдгэж амжаагүй байхад цагдаа нар “мэдүүлэг авна” гэж залгаад байж суулгадаггүй байсан. Одоог хүртэл энэ байдал хэвээр. Ерөөс миний мэдээлэл хийсэн зорилго маш энгийн байсан шүү дээ. Монгол Улсын иргэн мэдээлэх эрхтэй, мэдэх эрхтэй энэ хүрээнд шударга шүүмжлэлээр асуудлыг дэлгэж тавьсан. Үүссэн асуудлыг цөмөөрөө засацгаая гэдэг үүднээс хандсан ч ажил хийх боломж олгохгүй, цагдаа шүүхээс байнга дуудаад л улам дарамталж шахаж байна л даа.

-Зөрчлийн хуулиар торгож, эрүүгийн хуулиар яллагдагчаар татаж байгаа шалтгааныг цагдаа, шүүхийнхэн танд тодруулж тайлбарласан уу?

-Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, ард иргэдийг өдөөн турхирсан гэдэг зүйл ангиар намайг буруутгасан. Үнэндээ ийм зүйл огт болоогүй. Манай улсад дээрх зүйл ангиар ял авсан нэг ч хүн байхгүй гэдгийг өмгөөлөгч маань хэлсэн. Тархах нөхцөл бүрдүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Би тухайн тусгаарлалтын байранд эрүүл ирсэн байтал яагаад өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн болчихов. Зөвхөн нэг талын эх сурвалжийн мэдүүлэг төдийгөөр хүнд ял оноож, яллагдагчаар татах нь шударга ёс мөн үү гэж асуумаар байна. Хүнийг гэм хийсэн эсэхийг нотлохын тулд юуг буруу, юуг зөв гэдгийг тодорхойлох ёстой. Хэний шалгуур шүүлтээр буруу зөвийг тодорхойлж байна гэдгийг маш сайн судалж байж шүүхийн шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Жишээ нь, миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг аваад үзвэл, хэт нэг талын эх сурвалж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, олон талын байр суурийг тусгаагүй. Бусад иргэний хувьд ч мөн адил. Үүний цаана үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Хууль бол хүний төлөө байна. Түүнээс биш хүнийг шийтгэхийн төлөө байхгүй. Хэрвээ гэм буруутай бол хариуцлагаа үүрнэ гэж байдаг болохоос “Би ажлаа хийж байна” гээд буруугүй хүнийг буруутан болгохыг шударга ёс гэхгүй. Тэднийг ажлаа хийж байна гэж үзэхгүй. Цагдаагийн байгууллага иргэнийг хамгаалах, хууль дүрмийг сахиулах үүрэгтэй болохоос иргэнийг дарамтлах биш шүү дээ.Энд ухамсар, ёс суртахууны асуудал айхавтар хөндөгдөж байна.

-Эрүүгийн хуулийн15.6.1 дэх хэсэгт заасан, халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр таниас гадна 7-8 хүнийг яллагдагчаар татсан тухай өмгөөлөгч тань хэлжээ. Үүнийг тодруулбал?

-Ард иргэдийг өдөөн турхирсан, халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа иргэдийг бүгдийг нь хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхийн өндөр настай төрийн албан хаагч эмэгтэй, нэг ламыг дээрх зүйл заалтын хүрээнд шалгаж байгаа юм билээ. Тэр лам хөөрхий юу ч мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Мэдээж шүүх, прокурор, цагдаагийнхан хийх ёстой ажлаа хийж байна гэж ярих болов уу.

-Таныг эмнэлэгт байхад цагдаа нар ээжээс тань мэдүүлэг авсан талаар твиттер хуудастаа бичсэн байсан?

-Аав, ээж хоёр маань хөдөө орон нутагт байдаг л даа. Би эх орондоо ирээд тэдэнтэйгээ одоо хүртэл уулзаагүй явж байна. Монголдоо ирээд монгол дотроо ч уулзаж чадахгүй байна шүү дээ. Хүүгээ ч хараагүй, уулзаж ч амжаагүй байхад хөл муутай ээжийн минь тэр холоос “Цагдаагийн газар ирж мэдүүлэг өг” гэж дуудсан байгаа юм. Хэргийн материалтай танилцах үеэр ээжийнхээ өгсөн мэдүүлгийг харсан. Учир зүгийг нь тайлбарлахгүйгээр “Мөнхбаттай холбоотой цагдаагийн газраас ярьж байна, ирж мэдүүлэг өг” гээд л… Энэ чинь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үйл явдал, би тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Ингэж хүнийг сэтгэл зүй, мөнгө санхүүгээр нь хохироох ямар шаардлага байдгийг нь ойлгохгүй байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нөгөөдөр мэс засалд орох гээд эмнэлэгт оочерлоод зогсож байна л даа. Надтай адилхан ирээдүйд хохирох олон хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бусад хүмүүс битгий ингэж хохироосой гэсэн үүднээс өөрт тохиолдсон бүхнээ хэллээ. Би “өнөөдөр хэн нэгнийг, эсвэл Энхсаран” сувиллыг нэр цохож буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь тогтолцоо систем, хүн хүнтэй хандаж байгаа харилцаа, төр нь иргэндээ хандаж байгаа хандлага, эргээд иргэн төрд хандаж байгаа хандлага энэ бүхнийг их бага хэмжээнд өөрт тохиолдсон зүйлээр жишээ болгоод хэцүү байгаа кейсүүдийг хувцаалцаад явъя гэж байгаа юм.

-Зөрчлийн тухай хуулиар таныг 500 мянган төгрөгөөр торгосон байна. Чухам ямар үндэслэлээр ингэж торгох болсныг албаныхан тайлбарласан уу?

-Ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гэх үндэслэл байсан. Би үнтэй санал нийлэхгүй байна. Хэн ч хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй. Би ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараагаагүй. Хэрэв ингэж төөрөгдсөн хүн байгаа бол хувьдаа санал гомдлыг нь хүлээж авахад бэлэн байна. Хоёрдугаарт, миний ярьсан зүйлээс болж төөрч хохирсон хүнийг би олж хараагүй. Тиймээс энэ шийтгэлийг хувьдаа үндэслэлгүй гэж үзсэн учраас өргөдөл гомдлоо гаргаж өгсөн. Асуудал байгааг хэлсний төлөө, дуугүй суугаагүйнхээ төлөө хоёр хуулийн тогтоолоор буруутгагдлаа. Энэ өвчнийг хохирол багатай давъя хэмээн бодож, сэтгэл гаргасан удирдлагыг харсангүй. Тэд энэ өвчнийг “Бид вирусийг давж байна, бид сайн байна” гэж өөрсдийгөө магтуулах хэрэгсэл болгож байгаад харамсаж байна. Ингээд дунд нь эмч, цагдаа, иргэн гурав л хохирч байгаа даа. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн нэг хүнд тохиолдсон асуудал биш. Хэрвээ үүнийг цэгцлэхгүй бол үргэлж давтагдсаар л байх болно. Зарим нэгэнд нь үйлчлээд, заримд нь үйлчилдэггүй байхыг дүрэм журам, хууль гэж нэрлэхгүй байх. Ковидын энэ үед зарим дарга нар дүрэм журам байтугай л юм зөрчлөө. Тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө энгийн ард нь хохироод явж байдаг.

-Тухайн үед тусгаарлах байрны нөхцөл, халдвар хамгааллын дэглэм ямар байсан юм бэ. Яг бодит байдлыг харсан хүний хувьд хэлбэл?

-Тэр үед түр тусгаарлах журмыг ЭМЯ-аас баталж өгсөн ч энэ нь уялдаа холбоогүй байсан. Тухайн журам нь арга хэмжээний түвшний зохион байгуулалтгүй, арга ядсан хаалт бөглөсөн зүйл ангитай тогтоол байсан. Өвчин илэрвэл ингэнэ, энэ хооронд эмч, мэргэжилтнүүд ийм, ийм зүйлийг хийсэн байх ёстой гэдэг нь ойлгомжгүй. Иргэн гадаадаас ирвэл 21 хоног өрөөнд нь байлгана гэснийг нь ойлгосон. Хэрэв асуудал үүсвэл иргэн рүү, энгийн ажилчид руу бурууг чихдэг. “Энхсаран” сувилал хариуцлага алдсан гэдэг нь тухайн сувиллын буруу биш. Хамгийн гол нь “Энхсаран” сувиллыг ажиллах нөхцөлөөр хангасан дүрэм журам баталж өгөөгүй холбогдох дарга нь буруутай. Одоо даргатай хариуцлага тооцдог тогтолцоо руу ормоор байна. Дэлхийн бусад орнуудыг харахад хэн ч энгийн иргэнтэй, эсвэл жирийн ажилчинтай хариуцлага тооцдоггүй. Яагаад гэвэл тэр хүнийг удирддаг чиглүүлэгч буруутай байдаг учраас хариуцлага тооцдог. Тийм учраас дарга нар илүү хариуцлагатай байдаг юм. Үүнийг дагаад албан хаагч, иргэд ч хариуцлагыг ухамсарладаг.

-Олон өрөөгөөр маскгүй сэлгүүцсэн бичлэгт үндэслэн танд хэрэг нээсэн гэх мэдээлэл бий. Тухайн бичлэгийг нь үзсэн үү?

-Тусгаарлалтын 21 хоног дууссаны дараа бид нар гаръя гэсэн хүсэлт тавьж нэг давхарт буусан. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын хугацаа дуусаад 22 хоног боллоо, бид эндээс гаръя гэсэн. Түүнээс биш тусгаарлалтын 21 хоног дотроо шөнө орой гарч бусад хүмүүсийн өрөөнд орж танхайрсан үйлдэл огт байхгүй. Үүнийг зуун хувь нотолно. Хэн ч өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй, 21 хоногтоо чимээгүй байж байгаад л гарахыг бодно шүү дээ. Ер нь анхнаасаа л биднийг гаднаас вирус ирчихлээ гэж харж байсан. Биднийг анх Монголика гэх сувилалд оруулахдаа нэг өрөөнд 5-9 хүн оруулсан. Гэтэл ЭМЯ-ны сайдын тушаал дээр “21 хоногийн турш нэг өрөөнд нэг иргэнийг, эсвэл нэг гэр бүл, асран хамгаалагчийг оруулна” гэсэн журам бий. Гэвч огт танихгүй, хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй таван хүнийг нэг өрөөнд бөөгнүүлсэн. Улмаар журмынхаа дагуу тусгаарлах хүсэлт тавихад “ХӨСҮТ-рүүгээ явахгүй юу” гэж биднийг дарамталсан. Бид аргагүй байдалд л байсан. Ингээд та нарыг “Энхсаран” сувилалд очуулна, тэнд ХӨСҮТ-өөс эдгээд гарсан хүмүүсийг гаргадаг. Өмнө нь өвчтэй хүмүүс байсан газар гэж дайрч сүрдүүлсээр Энхсаран руу явуулсан. Түүнчлэн гадаадаас ирсэн хэдэн ялтангууд шиг л байсан.

-Энэхүү нөхцөл байдал хэзээ хууль шүүхээр эцэслэгдэж дуусна гэж харж байна?

-Аль нэгдүгээр сард гомдол өргөдлөө гаргаад өгсөн Зөрчлийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Уг нь Зөрчлийн хэрэг хамгийн хурдан шийдэгддэг гэсэн. Гэтэл дөрвөн сар өнгөрчихжээ. Одоо нөгөө эрүүгийн хэрэг нь дөнгөж шүүх рүүгээ шилжих гээд үйл ажиллагаа дахиад явж байна. Би залуу хүн, гадаадад бакалавр, магистраа хамгаалаад ирсэн. Цаашид гадаад руу доктороор сурах зорилготой нислэг хөөцөлдөөд явах гэтэл яллагдагч болоод визэнд хувийн мэдээлэл орчихвол тэтгэлгээр сурах ч боломжгүй болно. Нэг хүний ирээдүй, амь амьдралыг хаан боогдуулж орхигдуулж байна. Энэ үйл ажиллагаа нь хэзээ дуусахыг үнэхээр тааварлашгүй. Шүүх цагдаагийн асуудал нь хэзээ дуусах талаар баримжаа үнэхээр алга. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохироод нөгөөдөр мэс засалд орох гээд оочероо хүлээгээд байж байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 12. Буд гариг. Билгийн тооллын 1, цагаан бич өдөр. Өдрийн наран 05:18 цагт мандан 20:19 цагт жаргана. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой , хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.