Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өчигдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.

Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ.

Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах бага оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна. “Газар Агро” компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж.

“Арвин хур” компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг.

Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна.

Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв.

Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна.

Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас 4-12 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу 4-12 дугаар ангийн сурагчдын амралт маргааш /2021.05.15/ эхэлнэ. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт тавдугаар сарын 8-наас эхэлсэн.

Эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв.

Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн. Багш нарын амралтыг зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Израйль улс Газын зурваст цэрэг орууллаа

Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүд иргэдийг суурьшуулах болсноос үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн энэ долоо хоногт эрчимжиж байна.

Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах шийдвэрээ Израйлийн засгийн газар өнгөрсөн шөнө зарлажээ. 7000 цэрэг татаж, хил дээрх цэргийн командлагч нарт бүх боломжит хувилбар, хурцадмал байдалд бэлтгэх үүрэг өгсөн байна.

Ингэснээр Араб-Израйлийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байна.

Сүүлийн дөрвөн өдрийн турш Газын зурвасаас палестины Хамас зэвсэгт бүлэглэл пуужин харваж, Израйлийн арми хариуд нь агаарын цохилт өгч байв.

Ингэснээр Ираны талыг баримтлагч Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл Израйлийн эсрэг хоёр дахь фронт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

Israel reinforces Gaza border as conflict rages on - BBC News

Газын зурвасаас харвасан пуужингуудын зарим хэсэг Тел Авив хотын захад хүрч, араб, жүүд иргэд гудамж талбайд тулгарч, үймээн самуун дэгдээж байна. Дэлхийн олон улс орны удирдагчид Израйль, Палестины талуудад мөргөлдөөнөө зогсоохыг уриалжээ. Египет улс талуудын хооронд зуучлагчаар ажиллаж эхэлсэн ч үр дүн муутай байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд энэ долоо хоногт хоёр удаа хуралдсан ч нэгдсэн тогтоол гаргахад нь АНУ-ын засаг захиргаа саад хийжээ.

Израйль улстай холбоотны харилцаатай АНУ ийм тогтоол үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцсэн гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүн орон бүрэн санал нэгдэж байж тогтоол гаргадаг журамтай.

Хамас бүлэглэл пуужин харваж эхэлсэн даваа гарагаас хойш Израйлийн арми Газын зурвас дахь гурван өндөр барилгыг их бууны галаар нураасан байна. Эдгээр барилгуудад Хамасын албан байрууд байдаг гэж үзээд энгийн иргэдийг нүүлгэх урьдчилсан анхааруулга өгсний дараа гал нээжээ.

Палестины талаас мэдээлснээр 87 энгийн иргэн Израйлийн армийн довтолгоонд амиа алдаж, 530 хүн шархдсан гэнэ. Амиа алдагсдын дотор 18 хүүхэд, найман эмэгтэй байсныг мэдээлжээ. Хамас бүлэглэл өөрийнх нь 13 дайчин алагдсаны дотор нэг командлагч байсныг мэдээлсэн байна. Харин Израйлийн тал исламист бүлэглэлийн илүү олон гишүүнийг устгасан гэж үзэж байна. Израйлийн талд долоон хүн амь үрэгдсэний дотор нэг цэрэг, нэг хүүхэд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.

“Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ” хэмээн УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туул голд автомашинтайгаа живсэн дөрвөн иргэнийг аварчээ

БЗД-ийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлагыг шөнийн 01:42 цагт өгчээ.

Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар Toyota Sai загварын автомашинтай Туул голын дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварчээ.

Усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Эх сурвалж: НОБГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Төр бодит байдлыг үнэлж чадахгүй байна гэж бизнесийнхэн дүгнэлээ

МҮХАҮТ-аас сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хямрал эдийн засагт нүүрлэж, компаниуд маш хүнд байдалд орсон тухай мэдээлж, шийдвэртэй арга хэмжээ авахыг засгийн газарт анхаарууллаа. Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийг энэ онд 6.8 хувь, ирэх жил 7.2 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа. гэтэл бодит байдал дээр эдийн засгийг тэтгэх голлох салбарууд уналтад ороод байгааг хэлэв.

2019 онд нийт экспортын 84 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, нэхмэл эдлэл болон бусад салбарын экспорт үлдсэн хувийг бүрдүүлж байжээ. Тэгвэл 2020 онд нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш өсөн өндийж, гадаад зах зээлд хүрээгээ тэлэх гэж хичээж байсан бизнесүүд бүхэлдээ уналтад орсон гэсэн үг юм. гэвч төр засаг нөхцөл байдлыг бодитой үнэлж чадахгүй байгаад бизнес эрхлэгчид бухимдаж байна.

Тодруулбал, 2020 онд ажилгүйдлийн түвшин 4.3 хувь хэмээн гаргасан. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг МҮхаҮТ-ын удирдлагууд хэлэв.

Тус онд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөг болж, 2019 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. ийм байхад ажилгүйдэл буурсан мэтээр тайлбарлаж, уг тоонд суурилж бодлого боловсруулж байгаа нь төр бодит байдлыг огт үнэлж, цэгнэж чадахгүй байгаагийн илрэл хэмээсэн юм.

Улмаар татварыг нэмж байгаа нь тун ойлгомжгүй байдал үүсгэж буйг хэлэв. Монголын бизнесийн орчны судалгааны 2020 оны дүнг 2017 оныхтой харьцуулахад эрс муудсан байна.

Үүнд хүний нөөц, санхүүгийн зах зээлтэй холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй болохыг хэлснээс гадна татварын орчинд муу гэсэн үнэлгээг тавьсан аж. Ялангуяа, бизнес эрхлэгчид гаалийн албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд 2.50-иас дээш үнэлгээг өгсөн байна. Энэ нь татварын орчинг муу хэмээн үнэлсэн гэсэн үг аж. Хамгийн сүүлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр цаг үеэ олоогүй болохыг хэлсэн. Одоо уг нэмэгдэл шимтгэлийг төлөх нь бүү хэл өмнөх өрийн дарамтаасаа хэрхэн гарах вэ хэмээн компаниуд шаналж байгаа аж. Нийгмийн даатгалд төлөх өр нь 2019 оныг бодвол өссөн ба тэр дундаа 120 хоног хүртэлх төлөөсний өр нь гурав дахин өссөн байна. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж (160 мянган даатгуулагч), даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Энэ мэтээр цар тахлын хүнд үед татварын өндөр ачааллуудыг компани, иргэд даахаа больж байгааг хэлэв. Манай улс нэг хүнд ногдох ДНБ ойролцоо орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ өндөр. Тухайлбал, Индонез улсад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд 2, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлд 5.74, нийт шимтгэл 7.74 байдаг бол Монголд энэ харьцаа 12.5, 15.5, нийт 28 хувь байгааг хэлсэн. Хичээн зүтгэж олсон мөнгөнөөсөө ийм өндөр хувиар шимтгэл төлж байгаа ч эргээд өгөөжийг нь дорвитой хүртэж чадахгүй дуусч буй нь эмгэнэл аж. Нэмээд татварын өндөр ачааллаас гадна торгууль шийтгэл их байгааг дурдсан. 2020 онд 2.2 сая гаруй зөрчилд 66 тэрбум төгрөгийн торгууль тавьсан аж.

Хатуу хөл хориог ухаалгаар зохицуулаагүй гэв

Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас хүндрэлд орсон компани, бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээлээс хувь хүртэх боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Зээл авч чадаагүй иргэд 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Олон нийтийн зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцож, дараах шалтгааныг хэлсэн байна. Тэдний 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй хэмээн хариулжээ. Өнөөгийн байдлаар Монголбанкны мэдээллийн санд 8000 аж ахуйн нэгж, 300 мянган иргэнийг чанаргүй зээлдэгч хэмээн бүртгэсэн байна. Эдгээр иргэн, компанид ямар ч төрлийн зээл олдох боломжгүй байгаа юм. Энэ мэт хүндрэлүүдтэй зэрэгцээд хатуу хөл хорио бизнесийн салбарт асар том дарамт авчирсан байна. Тодруулбал, “Oxford Martin”-аас нийтэлсэн хатуу хөл хорионы индексийг харахад Монгол Улс тэргүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг индекс нь 0-100 гэсэн үнэлгээг өгдөг. Харин Монгол Улсын хувьд 100 гэсэн үнэлгээг авсан бөгөөд хатуу хөл хорионы үед эдийн засгийг үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Гэтэл олон улсад хатуу хөл хорионы үед хүн амын эрүүл мэндийг бодохоос гадна бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч иржээ. Үүнд Орос, Хятад, АНУ зэрэг орнууд багтаж байна. Тэд 70-80 гэсэн үнэлгээ авсан байна. Нэг үгээр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосон ч бизнесийн үйл ажиллагааг тодорхой түвшинд эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Харин манайд хатуу хөл хорио гэхээр бүх зүйлээ нам хаагаад, эдийн засаг, компаниудаа уналтад оруулж “тэмцсэн” байна. Харамсалтай нь бүхий л бизнесийг боомилсон уг шийдвэрийн ачаар цар тахлыг дарж авч чадсан уу. Хариулт бидний өмнө бэлээхэн байна хэмээсэн. Танхимын зүгээс шаардлагатай судалгаа, тоонд үндэслэж “covid-19”-ын улмаас үүссэн эдийн засгийн хямрал нь 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том хямрал хэмээн дүгнэсэн байна.

Их сэргэлтийг эхлүүлэх хэрэгтэй гэв

Одоо энэ хүндрэлтэй цаг үед төрөөс бодлоготой, зоригтой алхам хэрэгжүүлж, их сэргэлтийг хийх шаардлагатай байгааг хэлэв. Өнөөгийн байдлаар уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, төрийн албанаас бусад салбарууд хямралд өртсөн. Хямралд гүнзгий өртсөн 548 мянган ажлын байр, хүндрэлд орсон 399 мянган ажлын байр байгаа аж. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд гүнзгий уналтад орсон, 25.2 хувийнх нь орлого тасалдаж, хямрал руу гулсаж байна. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80-аас дээш хувь нь 1-9 ажилчинтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа аж. Иймд эдийн засагт их сэргэлтийг хийхдээ аргацаасан төдий бус, том агуулгаар нь хүндрэлүүдээ шийдэх ёстой хэмээв. Их сэргэлтийн хүрээнд дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Үүнд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, мөн НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах хэрэгтэй гэв. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн, Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах шаардлагатай аж. Эцэст нь төр данхайх бус хувийн хэвшлийн манлайлалд суурилсан бүтцийг бий болгох хэрэгтэйг онцолсон юм. Төр бүтцээ данхайлгаж, бие дааж асуудлыг шийдэх гэж зүтгэх нь үр өгөөжгүй байж, ямар хүндрэл бэрхшээлийг авчирч байгааг бид харж байна. Одоо эдийн засгаас гараа татаж, хувийн хэвшилд нь даатга хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод суурин 40 цэгт, 10 явуулын автобусаар 87 багийн 611 эмч, ажилтан ажиллаж, 10021 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд байна даа

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ. Хариу өгсөн үү?

-Уих Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтоол баталсан учраас энэ тогтоолыг Үндсэн хуулийн 30.2 дахь Ерөнхийлөгчөөр “иргэнийг зургаан жилийн хугацаагаар… сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэснээр мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан гэдгийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ үед 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4.2.1-д ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж заасныг энэ тогтоол шууд зөрчсөн байсан.

Гэхдээ би том зөрчлөөр нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Цэцэд өгсөн юм. Сонгуулийн хуулийн дээр дурдсан заалт минийхтэй таардаг бөгөөд 2023 онд ээлжит сонгууль болно гэснийг зааж байгаа юм. Харамсалтай нь эхлээд Цэцийн нэг гишүүн, дараа нь гомдол гаргасны дараа гурван гишүүн Цэцэд миний тавьсан асуудлаар маргаан хянан хэлэлцэхгүй гэснээр Цэц одоо явагдаад байгаа Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргаагүй.

УИХ Сонгуулийн хуулиа зөрчиж гаргасан тогтоолоо хүчингүй болгохгүй сонгуулийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Үндсэн хууль болон хуулиар удирдагддаг нийгэмд бол хууль зөрчсөн тогтоол гаргахгүй, гаргасан бол хүчингүй болгож энэ сонгуулийн ажиллагааг зогсоох ёстой. Хэн, юу энэ бүхнийг хуулийн оронд удирдаад байна вэ гэж асуухаас өөр аргагүй байна. УИХ эрх мэдлээ хэтрүүлэн тогтоол гаргаж ээлжит бус сонгууль (ээлжит гэж нэрлэж байгаа ч) зарлан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг тасалж байгаа нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэх үйлдэл гэж үзэж байгаа. Тэр тусмаа цар тахал хүрээгээ тэлж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ноцтой байгаа энэ цаг үед шүү.

НөгөөЗөвхөн нэг удаа сонгогдоногэсэнтэй холбогдоод ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч сонгуулийн хуульдаа нэмэлт орууллаа. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-УИХ өөрийн санаачилгаар өөрчлөлт оруулсан уу, эсвэл Цэцийн шийдвэр нэмэлт оруулах зайлшгүй байдлыг бий болгосон уу гэдэгт л байгаа юм.

Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн зүйл, хэсгийг дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлдэг, эцсийн шийдвэр гаргахад тэр түдгэлзүүлсэн нь хүчингүй заалт, хэсэг болдог. Цэц уг хуулийн 3.1.2, 5.4 гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд эдгээр заалтыг бүхэлд нь түдгэлзүүлээгүй, улмаар хүчингүй болгоогүй. Хэрэв хүчингүй болгосон бол УИХ зайлшгүй өөрчлөлт оруулах үүрэг хүлээж, өөрчлөлт оруулна. Гэтэл Цэц эдгээр заалтуудаас “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан…уугуул” гэсэн хэсгийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ингэж хасвал Үндсэн хуульд дүгнэлтийг хүлээж авснаар энэ дүгнэлт Цэцийн эцсийн шийдвэр болж 3.1.2, ба 5.4 заалтуудаас дээрх үгүүд хасагдаж хүчинтэй үлдсэн. Ингээд л асуудал шийдэгдчихсэн байхад УИХ эдгээр заалтуудаас өөрийн санаачилгаар өөрчлөн найруулалт хийсэн яах ч аргагүй уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-ээр санал авах өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа зөрчсөн байгаа биз дээ. Энэ үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан байналээ. УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд л байна даа. Хүнээр бол “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг л аашилж байна.

Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаандаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд нь хангагдаад явж байна. Гурван намаас нэр дэвшигчдээ тодруулаад СЕХнд бүртгүүлчихсэн. Ямар шалтгаанаар сонгуулийг хойшлуулдаг юм бол, манайд?

-Хууль ёсны сонгуулийн хувьд сонгууль товлон зарлах хугацааг хойшлуулах, товлон зарлагдсан үед сонгуулийн үйл ажиллагааг зогсоох хуулийн зохицуулалтууд бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж товчилж хэлье. Манай улсад тархаад байгаа коронавирусийн нөхцөл байдлыг “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан буюу учруулахуйц аюул тохиолдсон онцгой нөхцөл байдал бий болсон”гэж үзвэл УИХ сонгуулийн үйл ажиллагааг зогсоож 8.6, онцгой нөхцөл байдал арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг зарлана (8.7).

Манай сонинд хуульч сонгуулийг хойшлуулахдааонц болон дайны байдал зарласан нөхцөлд сонгууль хойшлуулж болногэж ярьсан шүү дээ.

-Тийм биш л дээ. Дэглэм, (онц байдал, дайны байдал г.м)-тэй холбоотой биш, онцгой нөхцөл бий болсонтой холбоотой юм. Хуулийн заалтаа хар даа. Сонгуулийн хуульд 8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно. Үндсэн хуульд тэр онцгой нөхцөлийн нэг хэсгийг 25.2.1-дээр миний дээр хэлснээр тодорхойлсон байдаг.

Зогсооно гэдэг нь зогсоосон тэр явцаас үргэлжлүүлж сонгуулийг явуулна гэсэн үг гэж ярьсан даа.

-Үгүй л дээ. Хуульд тодорхой заасан. 8.6-д Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д дээр дурдсан заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд УИХ ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно. 8.7-д Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтааж санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана. Энгийн жишээгээр тайлбарлая. Нийтийн марафон гүйлт гараанаас гараад байтал замд ноцтой эвдрэл гарч онцгой нөхцөл байдал бий болж марафоныг зогсоолоо. Дараа нь зам засагдаж онцгой нөхцөл байдал арилахад уг марафоныг дахин эхлүүлэхдээ дахиад л гараанаас нь эхлүүлдэг, оролцогчид ч өөрчлөгдсөн байдагтай адил юм даа. Хуульч нэрээр хуулийг гуйвуулж болохгүй л дээ.

Одоо сонгуулийн нэр дэвшигчийг хуульдаа сольж болдог уу?

-Энэ сонгуулийг хууль бус гэж үзэж байгаа хүнээсээ л одоо болоод байгаа юмыг асуугаад байх юм даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно”гэж заасан байдаг. Одоо нэр дэвшигчдийг бүртгэчихлээ гээд байгаа биз дээ. Тэгэхээр сольж болохгүй нь ээ.

Та АНын ууган гишүүн. АНд өрнөөд байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлээч?

-АН дүрэм журамтай байсаан. Тухайлбал, намаа УИХ-ын сонгуульд ялагдуулсан бол Намын даргаасаа чөлөөлөгдөж, дараагийн сонгууль болтол намаас нэр дэвшүүлдэг албан тушаал хашихгүй байх дүрмийн хариуцлага. Тийм ч учраас З.Энхболд дарга 2016 онд сонгуульд АН ялагдсан учир намын даргаасаа чөлөөлөгдөж, 2020 он хүртэлх хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Энэ нь намаас нэр дэвшүүлдэг албан тушаал биш. С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан болохоор Ц.Туваанд тамгаа шилжүүлэн намын даргаасаа чөлөөлөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр үнэртсэн үү, тамганы асуудал гаргаж ирээд л намын даргын сонгуулийг хоёр хэсэгт хувааж хаях шиг болсон. Би чинь С.Эрдэнэ даргын үед тогтоосон мөнгөний шалгуураас болоод одоо АН-ын саналын эрхгүй гишүүн болохоор нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. О.Цогтгэрэл гишүүнийг л АН-ын дарга гэж бодож яваа хүн. АН-ын УИХ дахь бүлгийг гишүүд нь бүгд л ингэж үздэг юм билээ. Дээр хэлсэн дүрэм журмаар бол 2024 оны УИХ-ын сонгууль болтол С.Эрдэнэ АН-аас нэр дэвшүүлдэг албан тушаал хаших эрхгүй хүн. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь дүрмээ зөрчсөн явдал. 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болбол АН учраа сайхан ололцчихно гэж итгэж байна. 2021 онд сонгууль хууль бусаар зарласан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудал тарьж байна даа. Үндсэн хуулиа сахихгүй бол дарангуйлал их ойрхон шүү. Эцэст нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сүүл рүүгээ хэтэрхий яарч сандраад бас сонгуульд зориулсан популизмд хөтлөгдөөд, дээр нь энэ нэмэлт, өөрчлөлтөд дутуу дулимаг хийснээс өнөөгийн төр болон улс төрийн амьдралд гараад байгаа хямралт нөхцөл байдал бий болж байгаа юм уу гэж хэлмээр байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар нохой өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 3, Гөрөөсөн толгой одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5:15 цагт мандан, 20:22 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.