Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 3000 гаруй мод тарина

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “Сая уушги-Сая мод” уриалгыг гарган ажиллаж байгаа юм.

Тус уриалгын дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зургаан га талбайд 3000 гаруй мод тарих үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах Зүүн салааны ойжуулалтын талбайд мод тарих аян тавдугаар сарын 16-ны ням гарагийн 11:00 цагт эхэлнэ.

Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


Categories
мэдээ нийгэм

З.Жадамбаа: Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өдөр шөнөгүй зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүмүүс бол эмч, сувилагч нар

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбаатай ярилцлаа.


-Та өнөөдөр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Баяр хүргэе?

-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өдөр шөнөгүй зүтгэж, бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байдаг. Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өвчин зовлон, нус, нулимстай зууралдаж явдаг хүмүүс бол эмч, сувилагч нар шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүс гавьяа шагнал хүртэх ёстой гэж бодож явдаг даа. Хүний эрүүл мэндийн төлөө гэх үйлсэд бид тангарагаа баримтлан, ард олныхоо амь насыг аврахын төлөө өдөр шөнө ялгалгүй зүтгэдэг. Эмч, сувилагчдын ажил туйлын онцлог бөгөөд цаг наргүй ажил байдаг даа.

-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхны хувьд хүнд сорилт тулгараад байна?

-Эхэн үед Ковид-19-өөс сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан дэлхийн ихэнх улс орнууд барьц алдаж байсан. Үйл ажиллагаагаа харьцангуй оройтуулсан, сандарсан. Үүний жишгээр Монгол Улс эхэн үедээ арга барилаа сайн олохгүй, ямар арга хэмжээг авах нь зөв эсэх дээр нэлээн хугацаа алдсан. Гэхдээ манай улсын хүн ам харьцангуй бага. Гадны улс орноос тээвэрлэгдэн орж ирсэн халдварын тохиолдлын тоо бага байх ёстой. 250-400 сая гаруй хүн амтай улсад тархаж байгаа вирусийн халдварыг зүйрлэх аргагүй шүү дээ. Тийм учраас харьцангуй цөөхөн гарч байгаа ч өвчлөлийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээр байранд орчихоод байна. Үүнийг тодорхой хэмжээнд арга зүйгээ сайн олоогүй, сэргийлэх арга хэмжээ, хөл хорио, вакцины асуудлыг урьдчилсан байдлаар шийдэж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуудуулсан.

-Манай улсад сүүлийн хэдэн өдөр 1000 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдэж байлаа. Одоо харьцангуй буурах хандлагатай болж байна. Эмнэлгүүдийн ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмжийн асуудал одоогийн нөхцөлд ямар түвшинд байгаа вэ?

-Одоогийн нөхцөлд эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрчихсэн байна. Эмч мэргэжилтнүүдийн нөөц, хангамж муудсан. Өвчлөлийн тархалт тоон мэдээллээс харахад буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч авсан шинжилгээтэй нь харьцуулаад үзвэл сайн буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, 14-15 мянга гаруй хүнийг шинжилж байхад 1100-1200 хүнээс халдвар илэрч байлаа. Одоо 700-800 хүнийг шинжилгээнд хамруулахад 400-500 хүнээс халдвар илэрч байна. Ерөнхийдөө тоо нь бага харагдаж байгаа хэдий ч хичнээн хүнээс ямар судалгаа аваад тоо нь гарч байна гэдэг нь тодорхой биш учраас багасч байгаа юм уу үгүй юу гэдгийг мэдэхэд хүндрэлтэй.

-Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна вэ?

-Вакцины асуудлаар иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн олон төрлийн яриа, янз янзын мэдээллүүд гарч байна. Аль ч вакцины хувьд тодорхой хэмжээнд хүндрэлүүд гардаг. Энэ үед дөрвөн төрлийн вакцин гарчихсан байхад “тэр нь сайн, тэр нь муу” гээд байх зүйлгүй. Ямар ч тохиолдолд вакцин хийлгэх л хэрэгтэй. Хийлгэх үедээ эмч мэргэжилтнүүдийн урьдчилан сэргийлэх үг, зөвлөгөөг заавал дагах хэрэгтэй. Зарим тохиолдолд мэдэгдэхгүйгээр тодорхой хэмжээнд риск /эрсдэл/ үүсэх тохиолдол бий. Энэ бол хаана ч гарч байгаа асуудал юм. Тэр болгоныг муу тал руу харлуулах нь вакцины хамралтад маш сөргөөр нөлөөлж байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.


Эх сурвалж: president.mn

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын найруулагч өнөөдөр тодорно

Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй билээ.

Хэдий цар тахалтай ч баяр наадмаас өмнө тархалтыг нь намдааж, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэж албаныхан мэдээлсэн.

Улмаар Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр тодруулах аж. Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон шалгаруулдаг.

Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн гэх таамаг олон нийтийн дунд өрнөөд буй юм.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол Г.Цоггэрэл найруулагч 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Харин “Херо” энтертайнмент студийн захирал Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Friends” цувралын тусгай анги энэ сард цацагдана

Нью-Йорк хотын хөгжилтэй зургаан залуугийн түүхийг өгүүлэх “Найзууд” цувралынхан 25 жилийнхээ ойн дээр эргэн нэгдэж, тусгай бүтээл гаргахаар болсон талаараа мэдэгдсэн.

Улмаар зураг авалтаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлээд байсан юм. Тэгвэд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус уран бүтээлийн албан ёсны трейлэр цацагджээ. Түүнчлэн тус кино тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн HBO MAX-аар гарахаар болсон байна.

Тус цуврал нь “Emmy” шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд, “Алтан бөмбөрцөг” наадмын нэг төрөлд тус тус ялалт байгуулж кино урлагийн шилдгүүдийн нэгд тооцогддог байна.

Тусгай ангид олны танил, алдартай уран бүтээлчид тоглосон гэдгээрээ онцлог юм. Тухайлбал:

  • BTS
  • DAVID BECKHAM
  • JUSTIN BEIBER
  • JAMES CORDEN
  • CINDY CRAWFORD
  • CARA DELEVINGNE
  • LADY GAGA
  • ELLIOTT GOULD
  • LARRY HANKIN
  • KIT HARINGTOM
  • MINDY KALING
  • THOMAS LENNON
  • CHRISTINA PICKLES
  • TOM SELLECK
  • LAMES MICHEAL TYLE
  • MAGGIE WHEELER
  • REESE WITHERSPOON
  • MALALA YOURAFZAI зэрэг алдартнууд тусгай ангид тоглосон байна.
Categories
мэдээ нийгэм

0-4 насны 2230 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

УОК-оос коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн талаарх тоон мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 10 мянга гаруй хүүхэд коронавирусийн халдвар авсан ба үүнийг задалбал;

  • 0-4 насны 2230 хүүхэд /22 хувь/
  • 5-9 насны 3231 хүүхэд /32 хувь/
  • 10-14 насны 3105 хүүхэд /31 хувь/
  • 15-17 насны 1432 хүүхэд /14.3 хувь/ тус тус халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

“Хүүхдүүдийн дунд халдвар тархах тохиолдол өндөр байгаа учир эрсдэлтэй газруудаар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлох гэх мэт явдлаас зайлсхийх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа, татан авах хэлэлцээрийг хийж байгаа ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг тухайн үед нь өгнө. Ямартай ч эхний ээлжид төгсөх ангийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна” хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн халдварын 46 мянган орчим тохиолдлын 21.2 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын голомтод амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан дараах нэр бүхий эмч, сувилагч нарт Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолыг:

Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Дашжамцын Алтантуяа,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч Жамбалдоржийн Ариунаа,

Нийслэлийн Өргөө амаржих газрын их эмч Очирпүрэвийн Баянжаргал,

“Содмед” эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Зундуйн Бямбаа,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Очирын Ганбат,

“Грандмед” эмнэлгийн зөвлөх их эмч Давгасүмбэрэлийн Гончигсүрэн,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирусологийн лабораторийн эрхлэгч Бадарчийн Дармаа,

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Намжилын Жамган,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч Дорлигийн Жаргалсайхан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Содномбалжирын Занаа,

“Мангут” эмнэлгийн ерөнхий эмч Үенхүүгийн Зуунай,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Цэдэн-Ишийн Ишдорж,

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Аацангийн Оюунчимэг,

Цэргийн төв эмнэлгийн ахмад эмч Батсуурийн Оюунцэцэг,

“Дангал” эмнэлгийн ерөнхий эмч Режавын Пашка,

Ач анагаах ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч Сугарын Пүрэвсүх,

Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Базарсадын Уранчимэг,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаяр,

АШУҮИС-ийн багш Сандагийн Эрдэнэ,

Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Бүдийн Эрдэнэбилэг,

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Янсангийн Эрдэнэ-Очир нарт тус тус хүртээлээ.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг:

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ахмад эмч Амаржаргалын Амбасэлмаа,

Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэн,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч Замбалгаравын Жадамбаа,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн эрхлэгч Зоноровын Мягмаржав,

Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэгийн зөвлөх Лувсансамбуугийн Төмөрбаатар,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяа,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Батсүхийн Хандмаа,

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Нямдоржийн Цогбадрах,

Эм хангамжийн байгууллагуудын холбооны тэргүүн Дашбалын Цэндээхүү,

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Цогтоогийн Энхтуяа нарт тус тус хүртээв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн зөвлөх эмч Өлзийнямын Өлзийбаатарыг шагналаа.

Алтан гадас одонгоор:

Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн сувилагч Буриадын Оюунчимэг,

Хавдар судлалын үндэсний төвийн халдвар судлаач, бага эмч Цэрэндоржийн Нансалмаа,

ЗӨСҮТ-ийн Тархвар судлагч эмч, зоонозын өвчин судлалын эмч Цэдэнгийн Отгонцэцэг,

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвийн сувилагч Цэгмэдийн Оюун,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч Нямгаржавын Сарантуяа,

Арьс өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Шагдарын Оюунцэцэг,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч, их эмч Даваахүүгийн Байгалмаа нарыг тус тус шагналаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Цэгмидийн Болормаа,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Дондогийн Наранцэцэг,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нян судлалын лаборант Доржийн Отгонсүрэн,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн сувилагч Мягмаржавын Соёл-Эрдэнэ,

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Магсаржавын Мөнгөнтуяа нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа:

“Эрхэм эмч, сувилагчид аа,

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаачид, хамгаалагчид аа

Цар тахлын хүнд цаг үед Та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сайхныг тогтоон барих, халдварыг дарах, хумих нэн хүчир ажлыг амжуулж, бэрхийг даван туулж байгааг Монголын ард түмэн харж, мэдэрч, дэмжиж байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрээс хэтэрсэн хүнд ажлыг даван туулсныг тань үнэлэх, эх орон ард түмэндээ тууштай зүтгэснийг тань өргөмжлөн хүндэтгэх үүргээ миний бие хүлээж, өнөөдөр зарим эмч, сувилагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнах тухай зарлигийг буулгалаа.

Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж, мятаршгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэгчдийн төлөөлөл болгож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, их эмч Цэрэндоржийн Чинбаяр, Вирусологийн лабораторийн эрхлэгч Бадарчийн Дармаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Нямдоржийн Цогбадрах нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж байна. Монголчууд, Монголын нийт иргэдийн нэрийн өмнөөс Та бүхэнд онцгойлон талархал дэвшүүлье. Баяр хүргэе!

Эрүүл мэндийн салбарт 50 шахам жил тасралтгүй ажилласан Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Намжилын Жамган гуай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Содномбалжирын Занаа гуай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Азийн бүсийн орлогч захирал хүртэлх албан тушаалд олон жил эх орноо төлөөлөн ажилласан ахмад эмч Замбалгаравын Жадамбаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Дорлигийн Жаргалсайхан, “Грандмед” эмнэлгийн ерөнхий эмч Давгасүмбэрэлийн Гончигсүрэн нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч цол олгож байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ, сувилгаа, тусламжийг мэргэжлийн ур чадвар гарган үзүүлж байгаа Монголын нийт 13 мянга гаруй сувилагч бий. Тэдний төлөөлөл болгож, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Батсүхийн Хандмаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгийн сувилагч Рэнцэндоржийн Туяа, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Цогтоогийн Энхтуяа нарт Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл иргэн бол Монгол Улсын хамгийн үнэт баялаг юм. Эрүүл мэнд бол бүх зүйл. Тийм учраас нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа нийт эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад цар тахлын хүнд үеийг даван туулахад хүчин зүтгэл гаргаж, тангаргаа сахиж байгаад нь дахин дахин талархал илэрхийлье.

Улс орныхоо эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, ард иргэддээ мянган жаргалангийн үүд болсон эрүүл энхийг бэлэглэж байдаг Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан цэгт PCR шинжилгээ авч байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршил

  1. Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг- 50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах ба амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр боллоо

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.

Мөн тэрбээр “Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа.

Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй.

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслэн явуулна.

Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн эмч, сувилагч, бага эмч нар төрийн дээд одон медалиар шагнууллаа

Төр засгаас цар тахлын энэ цаг үед эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд одон медиалиар шагнаж урамшууллаа.

Монгол улсын хүний гавъяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан болон Алтан гадас одонгийн эзэд өнөөдөр тодорлоо.

Монгол улсын хүний гавъяат эмч, ХСҮТ-ийн зөвлөх эмч, ЭМЯ-ны хавдар судлалын ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Я.Эрдэнэ-Очир, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Сувилахуйн ухааны магистр, ХСҮТ-ийн Сувилахуйн албаны даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан зөвлөх сувилагч Д.Дуламсүрэн, Алтан гадас одонгоор шагнагдсан ХСҮТ-ийн Байгууламжийн менежмент, аюулгүй байдлын албаны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийн багийн ахлагч, бага эмч Ц.Нансалмаа нар тус тус шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн хорих ял оноосон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг задалж, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах прокурорын санал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал Улсын дээд шүүх хурал дуусч, шийдвэрээ гаргажээ.

Ингэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

Шүүхээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татан шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарт ял оноосон билээ.

Дээр дурдсан шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах дүгнэлтийг Улсын ерөнхий прокуророос Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа юм.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн хорих ял оноосон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг задалж, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах прокурорын санал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал Улсын дээд шүүхэд эхэллээ. Өмгөөлөгчдийн зүгээс шүүгчдээс татгалзсан санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй, хуралдаан үргэлжлэхээр болсон юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар тогтоолтой, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.
/2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16/