Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүегэр-2021” уран бичлэгийн Улсын уралдааны шилдэг бүтээлүүд

Хөвсгөл аймгийн БСУГ, Титэм сургууль, Эх хэлний зөвлөлөөс зохион байгуулсан“Сүегэр-2021” уран бичлэгийн улсын уралдаанд Хөвсгөл, Завхан, Архангай,Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон аймаг болон нийслэлийн 5 дүүргийн багш, сурагч, иргэд, төрийн албан хаагчид бүхий нийт 500 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдааны уран бичлэгийн төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-р ангийн сурагч Ү.Энхжин “Монголын нууц товчоо”-г 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээр тэргүүлжээ. Дэд байрт “Ирээдүй” сургуулийн багш Д. Мөнгөнбаясгалан, “Титэм” сургуулийн багш Г.Энхсайхан, гутгаар байрт Орхон аймгийн 14-р сургуулийн багш Б.Одбаяр, Дорнод аймгийн 12-р сургуулийн багш Ө.Одмандах, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 11-р ангийн сурагч А.Пунцагноров нар тус тус шалгарчээ.









Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Пентхаус 3” цуврал зургадугаар сарын 4-нд эхэлнэ

БНСУ-ын “Пентхаус” цуврал дэлхий дахиныг байлдан дагуулсаар байна. Эхний хоёр бүлэг маш их амжилт олсны дараа SBS сувгаас дараагийн бүлгээ хийж эхлээд байгаа юм.

Гуравдугаар бүлгийн зураг авалт дөрөвдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 4-нд эхний ангиа үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.

Эхний хоёр бүлэг долоо хоногт хоёр удаа гарч байсан бол энэ удаад долоо хоногийн баасан гараг бүр нэг анги гаргана. Шинэ бүлэгт хэд хэдэн шинэ од тоглох бөгөөд өс хонзон авалтаар эхний ангиудаасаа хол давуу гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Нийтийн эзэмшлийн талбайд хог хаясан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгосон

Нийтийн эзэмшлийн талбайд хоол идэж байсан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар гаргажээ.

Тодруулбал, СБД-ийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр 17.00 цаг орчим иргэн Э.Б гэгч нь олон нийтийн газарт хог хаясан үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэн О.М гэгч нь зөрчил үйлдсэн иргэнтэй хамт байсан бөгөөд хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулсныг олон нийтэд бодит бус байдлаар мэдээлэл түгээсэн тухайн иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Хүний гавьяат эмч Ү.Зуунай: Эмч, ажилчид мөнгө, эрх мэдлийн шунал гэдгийг мэдэхгүй хүний төлөө л гэсэн сэтгэлээр явдаг улс

Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Мангут” эмнэлгийн ерөнхий эмч Ү.Зуунайтай ярилцлаа. Тэрбээр “Сэхээн амьдруулах тасаг, мэс заслын тасагт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ.


– Та Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Баяр хүргэе?

-Энэ миний баярын өдөр. Хөдөлмөрийн гараа маань 1980 онд Анагаах Ухааны Их Сургуулийг төгсөөд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр очсон үеэс эхэлнэ. Сэхээн амьдруулах тасаг, мэс заслын тасагт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Тэр үеэс өдийг хүртэл эрүүл мэндийн салбарт 41 жил тасралтгүй ажиллаж байгаа хүн л дээ. Үүний үр шим юм болов уу гэж бодож, талархаж байна. Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлаж байна. Тэдэнтэйгээ хамтарч зүтгэсэн ажлын минь үр дүн учраас тэр. Мангут эмнэлгийн хамт олондоо мөн баярлаж, талархсанаа илэрхийлье.

“МАНАЙ” ЭМЧ НАР, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАДАГГҮЙ ХҮМҮҮС

-Эрүүл мэндийн салбар өөрөө хүний амь настай шууд холбогддог асар өндөр хариуцлагатай салбар. Эмч, сувилагч гэх мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Манай эмч нар, эмнэлгийн ажилчид өөрсдийгөө хайрладаггүй хүмүүс шүү дээ. Мөнгө, эрх мэдлийн шунал гэдгийг мэдэхгүй. Хүний төлөө гэсэн сэтгэлээрээ л явдаг улс. Тэгээд ч яг энэ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд эмч, ажилчид эндэх тохиолдол гарлаа. Аргагүй л дээ. Олон сараар нойргүй явахаас эхлээд дархлаа нь суларна, халдвар авах, өвдөх нь амархан болно. Аль аль талдаа зөвхөн эмнэлгийн ажилчдын ажил мэтээр ойлгож болохгүй. Хүн болгон хичээж, энэ айхтар өвчнийг давна. Бид юманд амархан дасчихаад байна л даа. Халдвараас шалтгаалж хүн нас бараагүй байхад учиргүй айж, цочирдож байсан иргэд сүүлдээ тоохоо байх хандлагатай болж ирлээ. Энэ их буруу. Хүний амь гэдэг юу юунаас илүү эрхэм зүйл. Тийм учраас эмч мэргэжилтнүүдийнхээ ажилд иргэн хүнийхээ хувиар тус нэмэр болж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй байна.

Саяхан гэхэд надад нэг зүйл маш эмзэг туслаа. Юу вэ гэхээр манай байрны нэгэн оршин суугч хөл хорионы үеэр байрны найр хийж байх юм. Дуулалдаад л… Яаж байгаа юм бол доо, байрны найраа яагаад хатуу хөл хорионы үед хийгээд байна аа гэж эмч хүнийхээ хувьд бодоод үзэхэд сэрдхийж байсан. Иймэрхүү хариуцлагагүй байдлаас болж энэ өвчний тархалт нэмэгдэж байгаа юм шүү дээ.

– Улсын эмнэлгүүдийн ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмжийн асуудал одоогийн нөхцөлд ямар түвшинд байгаа вэ?

Манай улс гэлтгүй дэлхий дахинаа тархаад буй коронавирус гэж айхтар өвчнийг бид харьцангүй барьж чадаж байна. Үүнд эмч, мэргэжилтнүүдийн оролцоо маш чухал байгаа гэдгийг нийт ард иргэд минь харж байгаа байх. Бид улсын эмнэлгээ түшиглэж арга хэмжээ авч байгаа боловч цаана нь маш их нөөц, хүртээмж бас бий. Хэрвээ дахин онц байдал зарлаад, нөхцөл байдал хүндэрвэл хувийн хэвшлийн эмнэлгүүд өөрсдийнхөө хэмжээнд маш олон ор дэлгэхэд бэлэн байгаа. Жишээ нь, ганц хүн дээр авч үзье. Миний хувьд гэхэд энэ хүнд хэцүү өвчний үед 200 гаруй ор гаргаж чадна. Манай эмнэлэг 140 ортой. Сувилалаа гаргах юм бол 170 ор бэлэн байна. Тийм учраас эмч нар бид бүх хүчээ дайчлан даван туулж чадна аа.

-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ үед хамгийн их ядарч, галын шугаман дээр тэмцэж байгаа хүмүүс бол та бүхэн шүү дээ?

– Өнгөрсөн жилээс эхлээд манай улс энэ цар тахлын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгэхэд зөвхөн мэргэжлийн халдвар хамгааллын эмч нар дайчлагдсан. Тэдгээр эмч мэргэжилтнүүд үнэхээр ядарч байгаа. Жил гаруйн хугацаанд туйлдаж, сэтгэл санаа болон бие организмын хувьд ядаргаанд орсон нь үнэн. Сүүлийн үед хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дайчлан ажиллуулж байна. Манай эмнэлгээс гэхэд эмч нар халдвартай бүсэд сар гаруйн хугацаанд ажиллаж л байна. Бүх хүчээ дайчилбал бидэнд нөөц байна. Хэцүү, нөөц боломж нь бага орон тоонууд байгаа. Жишээ нь, тархвар судлаач, сэтгэл судлаач гэх мэт мэргэжлүүд дутмаг байгаа шүү. Үнэнийг л хэлэх хэрэгтэй. Эмч нарын хувьд яг дайчлах юм бол ахмад эмч нар байна. Мэргэжлийн талаасаа шавхагдашгүй нөөц бидэнд бий.

Categories
мэдээ спорт

EURO-2020: Испанийн шигшээ баг

Зургадугаар сард эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Испанийн багийг танилцуулж байна.

Испанийн шигшээ баг

ЕАШТ-д оролцсон байдал: 10 удаа оролцохдоо 1964, 2008, 2012 онуудад алт, 1984 онд мөнгөн медаль хүртсэн

Шигшээ багийн дасгалжуулагч: Луис Энрикэ

Шигшээ багийн ахлагч: Серхио Рамос

Гялалзах од: Ансу Фати, Ф.Торрес

Испанийн “алтан” үе дуусаж дараагийн шинэ үе эхэлж байна. Испанийн шигшээ баг 2008-2012 оны хооронд Европ, дэлхийд “ялагдашгүй” баг байсан. Харин А.Иньеста, Д.Вилла, Шави, И.Касияс, К.Пуйол, Ф.Торрес, Д.Силва, Ш.Алонсо нар зодог тайлсан бол тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож байсан С.Рамос, С.Бускетс нар л өдгөө шигшээ багтаа үлдсэн. Талбайн төвийн “жанжин” А.Иньеста, Шави нар зодог тайлснаар Испанийн шигшээ багийн талбайн төвд урьдынх шиг хүчирхэг, эзэрхэг тоглолт үндсэндээ үгүй болсон. Шигшээ багийн сүүлийн том тэмцээнүүд тун амжилтгүй болж 2014 оны ДАШТ-д хэсгийн шатнаас, 2018 онд шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлж байсан бол 2016 оны ЕАШТ-д шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлсэн. Ерөнхийдөө Испанийн шигшээ багийн шилжилтийн үе болж байна. Шигшээ багийнхаа талбайн төвд Коке, Иско, Тиаго нар “ах” нарынхаа энд арай л хүрэхгүй байгаа гэвэл буруудахгүй байх.

Испанийн шигшээ баг ЕАШТ-ий урьдчилсан шатанд Швед, Норвеги, Румын, Мальт болон Фарерын арлуудын багуудтай тоглохдоо 8 хожил, 2 тэнцээ авч хэсгээ тэргүүлсэн. Швед болон Норвегийн шигшээ багуудтай тэнцсэн. Гэхдээ “том” багийн зангарга Испанийн шигшээ багт бий. ЕАШТ-д Швед, Польш, Словак улсын шигшээ багуудтай Е хэсэгт багтсан. Эхний тоглолт нь Шведийн шигшээ баг байх бол дараагийн тоглолтоо Европын шилдэг довтлогч Р.Левандовски тэргүүтэй Польшийн шигшээ багтай хийнэ. Хэсгийн эхний 2 тоглолт бол маш чухал тоглолт байна. Шведтэй урьдчилсан шатанд тэнцсэн бол Европын клубүүдийн түвшинд С.Рамос, Ж.Пике нарын хамгаалагчдын эсрэг тоглоод үзчихсэн, хэрхэн аргалах тухайгаа сайн мэдэж байгаа Р.Левандовскийн Польштой тоглоно.

Дасгалжуулагч Л.Энрикэ шигшээ багаа 4-3-3 хувилбараас гадна 4-2-3-1 хувилбараар тоглуулж буй. Бускетс, Родри болон Тиаго нар тулгуурын хагас дээр гарч байгаа бол довтолгоог дэмжих байрлал дээр Коке, Иско, Д.Себаёос нараас гарч байна. Испанийн шигшээ багт цэвэр #9 довтлогч байхгүй. 2016 оны ЕАШТ-д А.Мората, 2018 оны ДАШТ-д Д.Коста цэвэр довтлогчийн байрлалд тоглож байсан. Магадгүй энэ удаагийн ЕАШТ-д А.Мората шигшээ багтаа багтвал туршлагаараа үзүүрийн довтлогчийн байрлал дээр тоглож магадгүй юм. Харин Европын аваргын өмнө А.Фатигийн бэртэл түүнд томоохон сорилт болж байгаа бөгөөд бэртэлтэй түүний хувьд гараанд гарахаас урьтаж шигшээ багтаа багтах нь нэн чухал болоод байна. Хэрвээ түүнийг шигшээ багтаа багтаж чадахгүй бол Манчестер Ситид хүчин зүтгэдэг Ф.Торрес Жерардтай гарааны эрхийн төлөөх гол тоглогч байх боломжтой.

ЕАШТ-д оролцох боломжтой тоглогчид:

-Хаалгач: Давид де Хеа (Манчестер Юнайтед), К.Арризабалага (Челси), У.Симон (Атлетик Билбао), Р.Санчез (Брайтон энд Хоу Альбион)

-Хамгаалагч: С.Рамос, Д.Карвахаль (хоёулаа Реал Мадрид), Х.Алба, С.Роберто (хоёулаа Барселона), Ж.Навас (Севилья), Ж.Гаяа (Валесниа), Э.Гарсья (Манчестер Сити), И.Мартинез (Атлетик Билбао), Д.Ёоренте (Лийдс Юнайтед), П.Торрес (Вилляреал), С.Регуёон (Тоттенхэм Хотспур), Х.Беллерин (Арсенал)

-Хагас хамгаалагч: М.Асенсио (Реал Мадрид), Д.Себаёос (Арсенал), М.Мерино (Реал Сосьедад), С.Бускетс, Педри (хоёулаа Барселона), Родри (Манчестер Сити), Тиаго (Ливерпүүл), С.Канатес (Бетис), Коке (Атлетико Мадрид), Фабиан (Наполи)

-Довтлогч: А.Мората (Ювентус), Жерард (Вилльяреал) Ф.Торрес (Манчестер Сити), А.Фати (Барселона), М.Оярзабал (Реал Сосьедад), Д.Олмо (Лайпциг), Родриго (Лийдс Юнайтед), А.Траоре (Волверхэмптон Уондерерс)

Categories
мэдээ нийгэм

Сувилагч Д.Дуламсүрэн: Ээж маань миний багад бурхан болсон учраас заавал эмнэлгийн ажилтан болно гэж шийдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэе. Сувилахуйн салбарт ажиллаж буй 13 мянган хүнтэй баяраа хуваалцахгүй юу?

-Өнөөдөр үнэхээр маш сайхан өдөр байна. Олон жил ажилласан миний болон хамт олны маань хөдөлмөрийг үнэллээ. Сувилагч хүний хөдөлмөрийг ингэж үнэлж, нэг дор ийм олон сувилагчийг шагнаж байсан удаа байхгүй. Бүх сувилагчид, сувилахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд бүгдээрээ гавьяат болсон юм шиг, ийм сайхан үйл явдал боллоо.

-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ. Таны хувьд сувилагчийн ажлын зовлон жаргал нь юундаа байдаг вэ?

-Би багаасаа л эмнэлгийн ажилтан болъё гэж боддог байсан. Ээж маань миний багад бурхан болсон учраас би заавал эмнэлгийн ажилтан болно гэж шийдээд сувилагчийн сургуульд орсон. Эхлээд лаборантын ангид элссэн ч дараа нь сувилагчийн анги руу шилжин суралцсан. Сургуулиа төгсөөд Хавдар судлалын үндэсний төвийг Цацраг туяа нэртэй байх үеэс нь эхлэн тасралтгүй 40 жил ажиллалаа.

Сувилагчийн ажлын хамгийн хүнд үе нь хүний амь насыг аварч чадахгүй, алдах байдаг. Тэр хүмүүсийн өмнөөс сэтгэл зүрх өвддөг. Хүн эдгээд эмнэлгээс гарах нь сувилагчийн ажлын хамгийн сайхан мөч байдаг даа.

Одоо мэргэжлээ сонгох гэж буй, сувилагчаар сурах сонирхолтой хүүхэд, залууст хандан юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, одоо элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Сувилахуйн мэргэжлийг сонгох гэж байгаа залууст өнгөрсөн жилээс элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авсан залуусыг сувилагчийн сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сургах төр, засгийн шийдвэр гарсан гэдгийг хэлмээр байна. Энэ бол залууст олгож буй маш том боломж. Хоёрдугаарт, сувилагчийн ажил бол үнэхээр зүрх сэтгэлээ зориулаад ажиллахад байнга аз жаргал, эрүүл энхийг авчирч байдаг сайхан мэргэжил юм шүү. Энэ мэргэжилд шүтэж, дурлаасай гэж бодож байна.

-Танд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд “байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан”, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80 хувь буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн орон сууцны айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс зогсооно

Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс бүрэн зогсоож байна. Дулааны шугам сүлжээний засвар эхэлж байгаа тул өчигдрөөс айл өрхүүдийн халаалтыг хэсэгчлэн зогсоож эхэлсэн юм. Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас төлөвлөжээ.

Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд халуун ус таслах хуваарийн дагуу хийж, ирэх өвлийн бэлтгэл хангах ажил эхлэх юм.

Эхний ээлжинд энэ сарын 16-наас Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний гавьяат эмч Б.Эрдэнэбилэг: Хараа муутай хүн эргээд ертөнцийг тод, томруунаар харах шиг сайхан зүйл үгүй

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, нүдний эмч Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

Тэрээр ярилцлагаа Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж явдагхэмээн эхлүүлсэн юм.


– Та Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдсандаа туйлын их баярлаж байна даа. Энэ бол миний гэр бүл, хамт олны хамтын үр дүн гэж бодож байна. Эмнэлгийн эмч, ажилчид нойр хоолоо мартаж, идэвх зүтгэлтэй, мэргэжилдээ үнэнч ажиллаж, ард иргэдээ хамгаалж байгаад талархаад баршгүй.

-Анх нүдний нарийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ. Яагаад заавал нүдний эмчээр ажиллах болов?

-Би сургуулиа 1978 онд төгсөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 6 жил ажилласан. Тэр үеэс нүдний нарийн мэргэжлийн эмчээр ажиллахаар шийдэж, өдгөө 43 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа хурдан өнгөрдөг юм байна. Би одоог хүртэл нүдний эмч болоход асар их нөлөө үзүүлсэн багш нартаа баярлаж явдаг. Мөн миний гэр бүлийн хүн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон, хувийн хэвшлийн эмч, ажилчид бүгдэд нь маш их талархаж явдаг. Нутгийн олондоо аз жаргал, эрүүл энхийг хүсье.

-Эмчийн мэргэжлийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

-Хүнийг эмчилнэ, эрүүл болгоно гэдэг бол эмч хүний гол зорилго байдаг. Өвчиндөө шаналсан, ядарсан хүмүүст эрүүл энхийг авчирч, баяр баясгаланг бэлэглэж байдаг тийм сайхан мэргэжил. Би үүгээрээ үргэлж бахархаж явдаг. Хараа муутай хүн эргээд ертөнцийг тод, томруунаар харах шиг сайхан зүйл үгүй. Энэ бол тэр хүнд маш том аз жаргал. Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж, талархаж явдаг даа.

Нүд бол бүгдийг тольдох мэлмий. Тэр ч утгаараа маш эмзэг эрхтэн. Монгол Улсад нүдний үзлэг, оношилгооны салбар харьцангуй сайн хөгжиж байгаад эмч хүнийхээ хувьд баярлаж явдаг. Сүүлийн үед гадаад, дотоодод энэ чиглэлээр төгссөн залуучууд олширч, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь сайшаалтай. Анх сургуулиа төгсөөд нүдний эмчилгээ оношилгооны талаар өөрийнхөө чадах чинээгээр бүх зүйлийг судалж, сурч байсан. Одоо бол тэр үетэй харьцуулшгүй сайхан болсон байна.

– Нүд бол маш чухал эрхтэн. Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд дэлгэцийн хамааралтай болох, хараа муудах асуудал харьцангуй их боллоо. Эмч хүний хувьд үүн дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Бид интернэт, ухаалаг гар утас, техник технологийн эрин үед амьдарч бана. Үүнтэй холбогдуулан хүүхдийн нүдний хараа муудах явдал маш их боллоо. Байнгын ойрын хараатай, цаг наргүй утас ширтэх нь хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүсийн нүднй хараа нь муудах гол хүчин зүйл болж байна. Үүнээс сэргийлэхийн тулд харааны эрүүл ахуй ялангуяа тодорхой хугацаанд утастай харьцах, эцэг эхчүүд анхаарах зэрэг анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.


Эх сурвалж: President.mn

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс Ангараг гариг дээр судалгааны станцаа буулгалаа

Хятад улс Ангараг гариг дээр судалгааны станцаа буулгасан байна.

2020 оны долдугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орсон Хятадын “Tianwen-1” хөлөг өнөөдөр өглөө /2021.05.15/ анх удаа станцаа Ангарагт амжилттай буулгажээ.

Ингэснээр Хятад нь АНУ дараа Ангарагт газардаж чадсан дэлхийн гурав дахь улс болж байна. Мөн Хятад нь тойрог замын станц, газардагч станц, өөрөө явагч станц гурвыг нэг аяллаар хамтад нь Ангарагт илгээсэн анхны улс болж байна.

Хятадын “Zhurong” нэртэй станц Ангараг гаригийн эртний галт уулын чулуулгаар дүүрэн тэгш тал болох “Utopia Planitia” гэж нэрлэгддэг газарт буужээ. Энэ газрын хөрсөн доор усны нөөц байх магадлал өндөр гэж үзэж байгаа юм. Хятадын робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ.

Дэлхийтэй харьцуулахад маш сийрэг агаар мандалд нь орсон цагаас эхлээд газардах хүртэл долоон минутын хугацаа шаарддаг бөгөөд энэ долоон минутад Цельсийн 1,000 гаруй хэмийн халууныг тэсвэрлэж байж амжилттай газарддаг байна. Мөн газардахдаа уналтыг сааруулахын тулд эхлээд том шүхэр дэлгэж, дараа нь тийрэлтэт хөдөлгүүрүүдийг ажиллуулж байж Ангарагийн хөрсөн дээр аюулгүй газарддаг ажээ.

Ийнхүү амжилттай газардсан тул тус аппаратаар Ангарагийн 90 хоногт судалгаагаа хийж гүйцэтгэх ажил үлдэж байна. Ангарагийн нэг хоног нь дэлхийн 24 цаг 39 минуттай тэнцдэг. Хятадын “Zhurong” робот аппарат нь 2000-аад оны үеийн NASA-ийн “Spirit and Opportunity” роботтой төстэй бөгөөд 240 кг жинтэй аж.