Ардчилсан
намын дарга М.Тулгаттай ярилцлаа.
-Ардчилсан
намын дотоод асуудал хурцдаж, олон үйл явдал зэрэг өрнөж байна. Удахгүй Монгол Улс
төрийн тэргүүнээ сонгоно. Гэтэл намын асуудал шийдэгдээгүй байгаа тухайд намын шинэ
даргаар сонгогдсон таны хувьд юу хэлэх вэ?
-Аливаа асуудал
хуулийн хүрээнд явагдах ёстой. Бид намын шинэ удирдлагыг бүртгэх асуудлыг Улсын
дээд шүүх хуулийн дагуу шийдэж өгөхийг хүлээж байна. Нөгөө талд хэсэг бүлэг нөхдүүд
шүүх болон төрийн холбогдох байгууллагуудад нөлөөлөхөөр бүх л аргаа хэрэглэж байх
шиг байна. Сая Сонгуулийн ерөнхий хороо цахим сунгаагаар тодорсон Ерөнхийлөгчид
нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнийг албан ёсоор бүртгэж авлаа.Ийнхүү бүртгэж авахдаа
дээд шүүхийн лавлагаанд үндэслэсэн гэж байсан. Энэ бол хууль ёсны нам энэ талд байгааг
нотлох нотолгоо. Ардчилсан нам одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд ороод явж байна.
Ажлуудаа төлөвлөөд, шийдээд явж байна, айхавтар хүндрэл учраад байгаа зүйл байхгүй.
-Ардчилсан
намын УИХ дахь бүлгийн гишүүд долоон өдөр Төв талбай дээр өлсгөлөн зарлаж, эцэст
нь хамтарсан ажлын хэсэг байгуулах болсноор, өлсгөлөнгөө зогсоолоо. Мөн Ардчилсан
намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг эргүүлэн татах асуудлыг СЕХ–д
өгсөн гэдэг мэдээлэл цацагдлаа. Тэгэхээр намын дотоод маргаан цаашид ч үргэлжлэх
шинжтэй байна уу?
-Хууль тогтоогчид
маань өөрсдөө хуулийн хүрээнд биш, эрх мэдэл, албан тушаалаараа далайлган хүчээр
асуудлыг шийдэх гэж оролдож байгаад харамсаж байна. Манай талд Ерөнхийлөгч нь байна,
УИХ-ын гишүүд нь байна, шүүхэд нөлөөлөл нь байна гэх мэтээр асуудлыг хүчээр шийдэх
гэж оролдсоор ирсэн. Сүүлдээ болохоо болиод ирэнгүүт айлын эрх хүүхдүүд шиг өлсгөлөн
зарлалаа. Хаашдаа хуулийн хаалга мөргөх зүйл дээр С.Ганбаатар гишүүн гэх мэт хүмүүсийг
дуурайж өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээ хохироох үйлдэл гаргасан нь харамсалтай. Хүчээр
шийдэхгүй ээ, хуулиараа шийднэ. Дураараа явахгүй ээ, дүрмээрээ явна. Ялахын тулд
үнэт зүйлээ худалдах биш, ялахын тулд үзэл санаан дээрээ тууштай, зоригтой зогсох
ёстой.
Ямар
ч ажлын хэсэг УИХ дээр байгуулж болно, гол нь хууль тогтоох байгууллага өөрөө төрийн
байгууллагуудын хараат бус үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлж болохгүй. Тэдгээр
байгууллага зөвхөн хуульд захирагдаж ажлаа хийх ёстой.
-Та өлсгөлөн зарлаж байгаа
гишүүдтэй уулзах гэж Төв талбай дээр очсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад уулзаж
чадаагүй.Өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзахаар очихдоо юу ярих гэж байсан бэ?
-Ардчилсан
намын гишүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон. Манай намаас гарсан УИХ-ын гишүүд
учраас анхаарал тавьж, болж буй асуудлуудын талаар санал солилцох зорилгоор очсон.Дөхөөд
очсон чинь асуудалд экстремист байдлаар хандаж, хамт явсан хүмүүсийг элдэв үгээр
дайрч, энд тэндээс цохиж, зулгааж угтсан. Ардчиллын зарчим бол өөрийнхөө үзэл бодлыг
бусдад тулгадаггүй. Өөрөөс нь өөр үзэл бодолтой байлаа гээд үснээс нь зулгааж, доромжилж,
хүч хэрэглэх байдлаар асуудалд ханддаггүй. Бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэх,
хүлээцтэй сонсох, өөрийнхийгөө тайван замаар илэрхийлэх гэдэг бол ардчиллын соёл.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
Н.Алтанхуяаг нар Ардчилсан намын бүлэгт элсэхэд та эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн.
МАН буюу эрх баригчид үнэмлэхүй олонх байгаа энэ үед Ардчилсан намын бүлэг олуулаа
болох нь сайшаалтай гэж тайлбарлах хүмүүс байна. Энэ утгаар нь авч үзвэл дэмжих
нь зүйтэй биш үү?
-Хууль
тогтоогчид маань өөрсдөө хуулиа мэдэхгүй байна. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд
маш тодорхой заасан байгаа. Хуучин шиг дураараа бүлэг сэлгэж явах боломжгүй болсон.
Түүнээс гадна эдгээр гишүүдийг Ардчилсан намд элсүүлэнгүүтээ маргааш нь Ерөнхийлөгчид
нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оруулсан. АН-ын Үндсэн дүрэм зөрчсөн асуудал.
Н.Алтанхуяг гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж, Ардчилсан намын нэр дэвшигчидтэй
өрсөлдөж ялалт байгуулсан. Энэ тухайд АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.19-д хариуцлагын
заалт тодорхой заасан байгаа. Дөрвөөс найман жил Ардчилсан намын дотоод сонгуульд
оролцох эрхгүй. С.Ганбаатар гишүүний тухайд хэт зүүний неонацист нөхөр. Ардчилсан
намын үзэл баримтлалаас тэс өөр үзэл баримтлалтай. Нэг шөнийн дотор 180 градус өөрчлөгдчихдөггүй
л юм бол. Мөн л АН-ын Үндсэн дүрмээр буюу 3.6.1.3-т зааснаар төрийн болон дотоод
сонгуульд нэр дэвших хүн намд зургаан сарын өмнө элссэн байх заалттай. Үүнийг зургаан
цаг гэж андуураагүй байлтай. Сайн ажиллаж чадвал бүлгийн 11 гишүүн маш хүчтэй сөрөг
хүчин байх боломжтой. Харин гаднаас хүн хайж, орой дээрээ залж байгаа нь өөрөө өөрсдийгөө
үгүйсгэж байгаа үйлдэл.
-УДШ дээр таныг албан ёсоор
бүртгэж авсны дараа буюу хууль ёсны АН-ын дарга болбол та намын эв нэгдлийг хангах
чиглэлд юу хийх вэ. Одоогоор АН дотооддоо асуудлаа шийдэх нь хамгийн чухал байгаа
шүү дээ?
-Гэрчилгээ
тамга тэмдэг бол эрх зүйн хувьд баталгаажуулж байгаа зүйл болохоос биш Ардчилсан
намын уураг тархи, амин сүнс нь итгэл үнэмшил, үзэл санаа, гишүүд болон дэмжигчдийнхээ
итгэл сэтгэл, оролцоогоор хангагдана. Манлайлагч, удирдагч хүн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх
ёстой. Баг хамт олон нь хүлээж авахгүй бол тэр хүн ямар ч сайхан зүйл яриад, төлөвлөөд
нэмэргүй. Тэгэхээр нэн түрүүнд гишүүдтэйгээ өргөн хүрээнд уулзалт хийх, санал солилцох,
намын шинэ удирдлагын хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудыг танилцуулж, хамтын оролцоог
хангаад явах шаардлагатай. Ардчиллын 30 жилийн түүхийн талаар системтэй, бодитой
ойлголт гишүүд дунд өгөх шаардлага байна. Ардчилсан нам дотроо хагаралдаж, бие биенээ
үгүйсгэж, дайрах нь өнгөрсөн түүхийг хэрхэн харж байна вэ гэдгээс шалтгаалж байдаг.
Манай намын үе үеийн лидерүүдийн гавьяа, алдаа оноог нь хэн яаж харж байна гэдгээс.
Тиймээс бид түүхийг үзэх үзэл гэдэг зүйлээ аль болох нэг, ойролцоо болгох ёстой.
Цаашид Ардчилсан нам дотоод ардчилалтай байх тэр бололцоог нь цахим ардчилал хангаж
өгөх ёстой.Намын дотоод санал хураалт, санал асуулга, рейтинг тогтоох судалгаа,
гишүүдийн оролцоог хангах зэрэгт гаднаас нөлөөлөх боломжгүй, араас нь засварлах
боломжгүй, блокчэйн зэрэг орчин үеийн технологи дээр суурилсан найдвартай системийг
хөгжүүлж, зардал чирэгдэл болдог олон үйл ажиллагааг цахимаар шийдэхээр төлөвлөж
байна.
-Одоогоор та албан ёсоор
намын даргын ажлаа хүлээж аваагүй учраас ажилдаа гүнзгий орж чадахгүй байдалтай
байна уу?
-Эхлээд
хууль дүрмийн дагуу асуудал нэг талдаа шийдэгдэхийг хүлээж байна.Дараа нь намын
доторх эв эе, ойлголцлыг бий болгохын тулд бүх түвшинд бүх талуудтай уулзалт, яриа
хөөрөө хийгээд явах ёстой гэж бодож байна. Би Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө
яг л өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар, Ардчилсан нам аюулд орчихож, шинэчлэгдэх ёстой,
ард түмний итгэл найдвар болсон нам болж эргээд босч ирэх ёстой гэдэг бодлоор нэрээ
дэвшүүлж өрсөлдсөн. Тиймээс нэг цаг минутыг ч зүгээр өнгөрөөж болохгүй.
-Ардчилсан нам дараагийн
шинэ даргаа сонгох сонгууль болохоос өмнө Ардчилсан намын дараагийн шинэ дарга ямар
хүн байр ёстой вэ гэдэг дээр танай намын нөлөө бүхий хүмүүс өөр өөрсдийн байр сууриа
илэрхийлж байсан. Ихэнхдээ “зоригтой, хэн нэгний гар хөлболохгүй, шударга, зарчимтай
ажилладаг хүн байх ёстой” гэж хэлж байсан. Та энэ шалгуурт хэр нийцэх вэ?
-Нийцнэ
гэж бодож байна. Намын дарга хүний хамгийн чухал чанар бол үзэл баримтлалдаа болон
зарчимд тууштай байх явдал.Тэс хөндлөнгийн үзэл баримтлалтай хүнийг намын гишүүнээр
элсүүлэнгүүтээ, маргааш нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулдаг, өөрөөр хэлбэл үзэл
баримтлал гэдэг зүйлийг уландаа гишгэсэн хүн байж болохгүй. Хоёрт, намын дарга хүн
намын үндсэн дүрэм болон дотоод ардчиллын манаач нь байх ёстой. Би дарга нь гээд
дүрмийг өөрийнхөөрөө тайлбарлаж, өөрийн эрх ашигт нийцүүлдэг байж болохгүй. Мөн
намын дүрмээс харш үйл ажиллагааг хянаж чаддаг, мөн зохих хариуцлагыг үүрүүлж чаддаг
байх нь чухал. Ер нь надад нэг зарчим бий. Аливаа улстөрчид, намын лидерүүд улс
төр хийж болно, өрсөлдөж болно. Гэхдээ цаад үр дагавар юу байх вэ гэдгийг үргэлж
давхар бодолцох ёстой. Улс төрийн оноо авахын тулд, улс төр хийхийн тулд Монголын
ард түмний нийтлэг эрх ашгийг хөндөж болохгүй. Жишээ нь, зарим улстөрчдөөс гарч
байгаа шиг иргэдээ үймээн самуунд турхирсан, цус урсгасан мөргөлдөөнийг дэмжсэн
байр суурь илэрхийлж хэрхэвч болохгүй. Яахав, лидер хүн бүр өөр өөрийн онцлогтой,
арга барилтай байдаг. Хамгийн гол зүйл нь зарчим, үнэт зүйлийнхээ төлөө хатуу зогсдог
байх тэр чанар чухал.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн
бэлтгэл ажилдаа шуурхайлан орсон гэж та ярилаа. АН энэ сонгуульд хэр амжилттай оролцож
чадах вэ?
-Давна
гэж бөх барилддаг, ялна гэж сонгуульд ордог. Ялах бололцоо бүрэн бий. 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар ч тэр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэр нөхцөл байдал өнөөдрийнх
шиг амаргүй байсан. Эрх баригч нам хүч түрж, зогсоо сайгүй хэвлэл мэдээллээр балбаж
байсан ч, Монголын ард түмэн Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгож байсан.Монголын цаашдын
хөгжилд улс төрийн тэнцвэр чухал. Парламентад хэт олонх болсон нам хүч түрэх байдлаар
асуудлыг шийдэж, иргэдийн эрх ашиг хохирч байгаа бол, эдгээрийг хазаарлах, тэнцвэржүүлэх
үүргийг Ерөнхийлөгч гүйцэтгэнэ. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт нь төрийн машины
аварга том араа шүд эргэлдэх явцад хаягддаг, орхигддог, эрх ашгаараа хохирдог иргэдээ
хамгаалах, өөрөөр хэлбэл хүний эрхийг онцгойлон хамгаалах чухал үүргийг гүйцэтгээсэй.
Хэт олонх болсон эрх баригчид Үндсэн хуулийн үзэл санааг мушгиж, өөрсдөдөө ашигтайгаар
эргүүлэхээс хамгаалж, тэнцвэржүүлэн, парламентын ардчиллыг хамгаалж ажиллах ёстой.
-Аливаа улс төрийн нам
сонгуульд хамгийн рейтинг өндөртэй, ялах магадлалтай хүнээ дэвшүүлж өрсөлдүүлдэг.
Нөгөө талаас нийгэмд нэр хүнд нь унасан С.Эрдэнэ гэдэг хүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх
захиалсан гэдэг шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?
-Хүмүүс
нэг юмыг буруу ойлгоод байна лээ. Намын дарга нь сууж байгаад нэр дэвшигчээ шийдчихдэг
юм шигээр. Тийм биш. Манай намын дүрмээр дотооддоо сунгаа явуулж, намын нийт гишүүдээс
хамгийн олон санал авсан хүнийг нэр дэвшигчээр сонгодог. Тэр сунгааг Дотоод сонгуулийн
хороо гэдэг бие даасан байгууллага зохион байгуулдаг. Энэ нь намын удирдлагаас хараат
бус. Сая бол хоёр талд хоёр сунгаа болж, нийт найман нэр дэвшигч дунд гишүүдийн
санал нэлээд хуваагдсан. Ардчилсан намын даргаар үндэсний хэмжээнд ажилласан, олон
жил гишүүн, сайд хийсэн, өөрийн гэсэн хатуу дэмжигчидтэй, хөл сайтай улстөрч тэр
дундаас гараад ирэх нь тийм гайхаад байх зүйл биш. Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал гэсэн
нэр дэвшигчид маань сунгааны үр дүнд эргэлзэж байх шиг байсан, тэр хоёрын хувьд
дэмжигчдийн сегмент нь төстэй, өөрөөр хэлбэл хоорондоо саналаа хуваах магадлал өндөртэй
байсан болов уу. Авсан саналыг нь нийлүүлэхээр 47 хувь болж байна лээ. Нэр дэвшигч
С.Эрдэнийн хувьд ардчиллын төлөө амьдралынхаа 31 жилийг зориулчихаад, насаараа тэмцэж
нэгийгээ үзэлцэж явсан пост-коммунистууд дээр очоод “би ялагдаад өгье” гэж хэлэх
үндэс байхгүй, би лав тийм ярианд хэзээ ч итгэхгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг
бодит чадлаасаа хэтэрсэн өндөр байж байгаад харин хурдтай унаж байна. Манай нэр
дэвшигчийг хэтэрхий харлуулж, сошиал троллуудаар нүдүүлж, бодит байдлаас хэт доор
байсан, одоо харин хурдтай өсч байна. Ер нь ардчиллын хамаг лидерүүдийг шат дараалан
харлуулж, бөөн бөөнөөр нь шоронд хийх, дарамтлах явдал сүүлийн 3-4 жилд эрчимтэй
явагдлаа шүү дээ. Намын дотоод сунгааны тухайд цаашид сайжруулах зүйл бий. Цахим
шилжилтийн хүрээнд систем хөгжүүлэлтийн хувьд ч сайжруулах шаардлагатай. Би ажлаа
бүрэн аваагүй, одоохондоо дотоод сонгуулийн дүрэм, журам, цахим системийн асуудал
руу орж амжаагүй байна. Ер нь цаашид дотоод сунгааг хоёр шатлалтай болгох нь зүйтэй
гэж үзэж байгаа. Олон хүн нэр дэвшиж хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадахгүйгээр
саналаа хуваасан бол хамгийн олон санал авсан хоёр хүн дээр хоёр дахь шатны санал
хураалт явуулах зарчмыг намын дүрэмд суулгаж өгөх шаардлагатай. Үндэсний хэмжээний
намын даргыг сонгох сонгуулиас авахуулаад, дунд болон анхан шатны намын даргын сонгуульд
хамгийн олон санал авснаар нь биш, “50%+ 1”зарчмыг буюу олонхийн дэмжлэг авсан хүнийг
шалгаруулдаг болох нь намын дотоод зөрчлөөс сэргийлэх, эв эеийг хангахад нэн чухал
юм.