Categories
гадаад мэдээ

Элон Маскийн жиргээ биткойны ханшийг дахин унагав

“Tesla” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маскийн жиргээ биткойны ханшийг дахин унагажээ.

Тэрбээр “Биткойн үнэндээ маш их төвлөрсөн бүтэцтэй. Ихэнхийг нь хэдэн том олборлогчид эзэмшдэг. Шинжаанд нэг нүүрсний уурхай үерт автаж, уурхайчид амиа алдах шахахад биткойны “hash rate” 35 хувиар унаж байсан. Энийг төвлөрсөн бус гэх үү? Криптовалютын экспертүүдээ, та нар “PayPal” гэж сонсож байсан уу? Мөнгө яаж ажилладаг талаар би та нараас илүү мэдэх байх” хэмээн жиргэсэн байна.

Үүний дараа биткойны ханш 42.000 ам.доллар хүртлээ унажээ.

Элон Маск өнгөрсөн долоо хоногт биткоиныг төлбөр тооцоонд ашиглахыг зогсоосноо мэдэгдсэнээр ханш нь 50.000 ам.доллар болж унасан юм. Тэрбээр биткойн олборлоход их хэмжээний эрчим хүч шаардагддаг учир дээрх шийдвэрийг гаргаснаа тайлбарлаж байв.

Харин алдартай криптовалютчин Майкл Сэйлор биткойныг хүн төрөлхтөн түүхэндээ нээсэн хамгийн сайн, хамгийн бага эрчим хүч ашигладаг технологи гэж мэдэгдсэн. Элон Маск түүнийг тэр дэлхийг аврахын тулд шидэт чулууг хайдаг анимэ киноны баатар Сэйлор Мүүнтэй зүйрлэн шоглосон удаатай. Мөн Майкл Сэйлорыг “Аймшгийн баяраар гуян дээрээ биткойн гэсэн шивээс хийлгэвэл таарна” хэмээн даажигнажээ.

Биткойны ханш дөрөвдүгээр сард 65.000 ам.доллар хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч одоо үүнээс 30 орчим хувиар унаад байна. Гуравдугаар сарын байдлаар биткоин олборлох үйл ажиллагаанд нийтдээ 129 терават/цаг эрчим хүч буюу Норвеги улсын жилийн хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч хэрэглэж байна гэж тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Чангаас чанга руу

Шувуудын жиргээнээр бус сэрүүлэгний дуунаар арай ядан сэрж, утсаа шидэх нь холгүй бухимдана. Цагтай уралдан орноосоо босож, гарахаасаа өмнө аяга халуун юм ууж амжих гэж ус буцалгана. Ус буцалгагчны дуу, нүүрээ угаах үед цоргоор урсах усны чимээ, гэрийн агааржуулагчийн чимээ зэргээс болон бодлоо ч сонсож амжилгүй яаран гарна. Замд гараад машины дуу, дуут дохио, дэлгүүрийн суртчилгаааар өлгийдүүлэн явсаар оффистоо ороход компьютерийн тачигнах чимээгээр энэ бүгд солигдох аж.

Их
хотын энгийн иргэний амьдрал ерөнхийдөө нэг иймэрхүү. Чимээнээс чимээ рүү,
шуугианаас шуугиан луу дамжсаар өдрийг өнгөрөөнө. Тархиа амраах нэрийдлээр
чихэвч сонсон дуу шуугианыг аятайхан чимээгээр солихыг хичээнэ. Тэдний туйлын
хүсэл нь тавхан минут чимээгүй, тайван суух гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Дуу шуугианы бохирдлыг бид төдийлөн мэддэггүй ч, хэдийнээ “дасан зохицож”
амьдарч сурсан билээ.
Untitled-Project.jpgДэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан дуу шуугианы
стандарт хэмжээ нь өдрийн цагаар 60 децибел буюу хүмүүс хоорондын харилцан
ярианы түвшинд байх ёстой хэмээн заасан байдаг. Харин шөнийн цагаар 40 децибел
байх ёстой аж.


Хүмүүс дуу шуугианыг зөвхөн гадаа л байдаг хэмээн эндүүрдэг.
Гэтэл бидний өдөр тутамд хэрэглэдэг ахуйн цахилгаан бараа, машин тоног
төхөөрөмж зэрэг нь заагдсан хэмжээнээс их дуу ялгаруулдаг байна. Жишээлбэл
жирийн суудлын автомашин замд явахдаа ойролцоогоор 80 децибел чимээ ялгаруулдаг
бол өдөр шөнөгүй ажилладаг хөргөгч 60 децибел, тоос сорогч 85 орчим децибел, ус
буцалгагч 80 децибел угаалгын машин 78 децибеллийн дуу шуугианыг үүсгэдэг гэнэ.

.

.

Бид замын хөдөлгөөнд оролцохдоо дуут дохиогоо хангинуулан дуугаргаснаар урдах машины жолоочийг айлгаж, сандарган тэдэнд дохио өглөө хэмээн боддог. Гэтэл үнэн хэрэгтээ 80-95 децибел шуугианаар өөрийгөө “хордуулдаг” байна. Бид хамгийн сүүлийн үеийн чадалтай, удаан эдэлгээтэй, тренд болж буй цахилгаан бараа авсан хэмээн баярладгаас биш тэрхүү бараа бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар тооцоолдоггүй. Чимээнээс дайжиж чихэвчээ зүүдэг хэдий ч шуугианы бохирдлоос өөрийгөө “аварч” чадалгүй үлддэг ажээ.

Улаанбаатар хотын дуу шуугианы бохирдолын хэмжээ 2016 онд
МУИС-ын Газар зүйн тэнхимээс хийсэн судалгаагаар 76.2 децибел байжээ. Гадаа
гараад алхахад л зам дээрх машины чимээ, дэлгүүрүүдийн дураараа тавих дуу,
зарласан сурталчилгаанаас авахуулаад талбай дээрх усан оргилуур хүртэл хотын
шуугианы төвшин хэвийн хэмжээнээс хэтэрснийг илтгэдэг. Авто замын хоёр талаар
мод тарьж ногоон байгууламжтай болгох, чимээ ихтэй үйлдвэрүүдийг хотоос зайдуу
байлгах адаглаад орчны дуу шуугианыг хэмжих, хяналт тавих ажлыг тогтмол хийх
зэргээр уг бохирдлыг нийтэд бууруулах боломжтой.

ХИС-ийн Сэтгүүл зүйн III курсийн оюутан Б.ЭНХМАРАЛ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 24-нд олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-ний өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгоно.

Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна.

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэргүүдийг дэглэсэн хугацаат цэргийн алба хаагчдад зургаан сар хорих ял оноолоо

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн алба хаагчид нэгнээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь хүний эрх зөрчиж буй үйлдэл хэмээн олон нийтэд шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан очсон залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан. Тус бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгаж, хугацаат цэргийн алба хаагаад, халагдсан М, О, Э нар үйлдсэнийг тогтоосон юм.

Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн,

  • Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн,
  • Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын 93 орноос 34.553 иргэн эх орондоо иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27.753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ.

Энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 удаагийн нислэгээр 908 иргэнээ татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын автобусны буудлуудыг угааж, ариутгаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна.

Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход “Шинэ ариусгал” компанийн ажилчид хөөстэй угаалга хийж байсан юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн автобусны буудлуудыг хариуцаж байгаа бөгөөд тав дахь удаагаа угаалга, ариутгалаа хийж байна гэлээ. “Шинэ ариусгал” компанийн ажилтан “Иргэд бидний ажилд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Автобусны буудал угааж байхад “Баярлалаа” гэж их хэлдэг. Манай компани “Тамхины ишээ битгий хаяач ээ” гэсэн уриалга гаргаад, бүх автомашин дээрээ наасан. Тамхины иш цэвэрлэхэд их хэцүү. Тиймээс иргэд тамхины ишээ хогийн саванд хаяж хэвшээрэй. Цэвэрхэн хотыг бий болгоход иргэн таны оролцоо чухал шүү” гэлээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж байна. Хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй байна. Учир нь иргэд ил задгай нус, шүлс, хог хаяхаа больж байгаа. Иргэд ам сайтай байна. Цаашид бид энэ ажлыг жил бүр зохион байгуулна. Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгана” гэлээ. Мөн “Гэр хорооллын 200 гаруй автобусны буудлын угаалга, ариутгалыг бүрэн хийж байгаа” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ эдийн-засаг

Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 2 дугаар улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.

Уг санхүүжилтээр банкууд

1) жижиг, дунд үйлдвэрлэл,

2) уул уурхайн бус экспорт,

3) үйлчилгээ,

4) боловсруулах үйлдвэрлэл,

5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.

Эх сурвалж: Монголбанк

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн хамтарсан сургуулилт явагдаж байна

Эстонийн Батлан хамгаалахын ерөнхий штабаас НАТО-гийн гишүүн орнуудын “Кевадторм” цэргийн хамтарсан сургуулилт эхэлсэн талаар мэдээлэв. Түүнд дурдсанаар энэхүү сургуулилт нь хугацаат цэргийн албаны цэргүүдийн бэлтгэлийн сүүлийн шат аж. Тухайлбал, батлан хамгаалах хүчин, анги хэлтсүүдийн уялдаа холбоо, байлдааны бэлэн байдал, ялангуяа явган цэргийн бригад, тусгай салаа, цэрэг цагдаагийнхны байлдааны бэлэн байдлыг шалгах явдал юм. Хоёр долоо хоног үргэлжлэх тус сургуулилтад Эстонийн 7000 цэргийн алба хаагч, мөн Британи, Дани, Итали, Латви, Польш, АНУ, Францын цэргийн алба хаагчид оролцож байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 536 хэргийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны тавдугаар сарын 10-14-нд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдлыг шалгалаа. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогийн байдлаар 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгав.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 536 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын усанд унасан 5 настай хүүгийн цогцсыг эрэн хайж байна

Таван настай эрэгтэй хүүхэд Туул голд осолдсон ба онцгой байдлын алба хаагчид хүүг хайж байна.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хойхоон-Ам” гэдэг газар “Туул” голд бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг /05.17/ өчигдөр 17:47 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж 5 настай М хүүг голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр /05.18/ өглөө 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт, сонор сэрэмжээ сайжруулж, голын эрэг орчим анхаарал болгоомжтой байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.