Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 20-ноос баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны тавдугаар сарын 18-ны 20 цагаас тавдугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2021 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 26-28 метрийг давж хүчтэй шороон шуурна шуурна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын нэг урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хаана

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын нэг урсгалын хөдөлгөөнийг хаахаар болсон тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тодруулбал Баянзүрхийн товчоо орчмын авто замын өнгө хучилтын ажил хийгдэх тул 2021 оны тавдугаар сарын 18-наас эхлэн дээрх чиглэлийн замын нэг урсгалыг дөрөв хоногийн хугацаанд хаахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

“Amazon” компани “Metro-Goldwyn-Mayer”-ыг худалдаж авах санал гаргалаа

Шинэ гүйцэтгэх захиралтай болсон “Amazon” компани уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг бүтээгч “Metro-Goldwyn-Mayer”-ыг худалдаж авахаар ярилцаж байна.

Хэрэв “Amazon” MGM-ыг авбал түүний мэдэлд байдаг “Epix Entertainment” болон James Bond, Vikings, Rocky зэрэг олон жилийн түүхт кино бүтээлүүдийн цуглуулгыг эзэмших юм.

Amazon MGM-ыг худалдаж авахаар 9 тэрбум ам.долларыг санал болгосон ба тохиролцоо амжилттай болоход тун ойрхон байгаа гэж мэдээллээ.

MGM нь 2020 оны арванхоёрдугаар сараас зарагдах болсноо мэдэгдсэн бөгөөд Америкийн хамгийн алдартай, нөлөө бүхий продакшнуудын нэг.

TheGuardian-ы мэдээлснээр MGM одоогоор 4000 орчим УСК, 17000 цагийн телевизийн нэвтрүүлэг бүхий цуглуулгатай бөгөөд түүнээс хамгийн өндөр үнэлгээтэй нь “James Bond” цуврал юм.

Categories
мэдээ нийгэм

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоёр өдрийн туршид явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний ротын төрөлд тэргүүн байрт ахмад Б.Цээноров (350) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын рот, дэд байрт ахмад Г.Мөнхболд (123) захирагчтай Хуурай замын цэргийн командлалын рот, байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч Б.Отгон-Од (330) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын салаа, дэд байрт ахмад Т.Бямбацогт (120) захирагчтай Хуурай замын цэргийн командлалын салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч А.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салаа, дэд байрт ахлах дэслэгч Ч.Сүхбат захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салаа, гутгаар байрт дэслэгч Б.Даваабаатар захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн салаа шагналт байруудыг эзэллээ.
Харин эмэгтэй цэргийн алба хаагч тасгийн төрөлд тэргүүн байрт ахмад Л.Саранзаяа (311) захирагчтай ЗХЖШ-ын тасаг, дэд байрт ахмад Б.Хандсүрэн (330) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын тасгийнхан шалгарлаа.
Тэмцээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын төрийн цэргийн байгууллага болон Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцсон юм.
Тэмцээнд тэргүүлсэн алба хаагчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2021 оны марш, тусгай бэлтгэлийн аварга рот, салаа, тасаг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан болон хүчтэй өрсөлдөгч байж чадсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе!
Зэвсэгт хүчний 100 жилийн түүхт ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан боловч дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан төрийн цэргийн байгууллагуудын баг, тамирчид оролцох боломжгүй болсон ч хязгаарлагдмал хүрээнд энэхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулж явууллаа.
Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм, гүйцэтгэх үүргийн онцлогоос шалтгаалж төрийн цэргийн байгууллагуудын баг, тамирчид оролцох боломжгүй болсон ч дараа дараагийн тэмцээн, уралдаанд хүчтэй өрсөлдөгч байж, спортын өндөр амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхүү тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр өсч, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй, шударга болсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, мэргэжлийн ур чадварт бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгож, цэргийн алба хаагчдын эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын томоохон сорилт, шалгуур болдог чухал ач холбогдолтой юм” гэсэн юм.
Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, хэвтээ байдлаас гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүд ашиглах зэрэг өөрчлөлтүүд орж, хүн хүчний хувьд салаанаас рот хүртэл бүрэлдэхүүнтэй болж өссөн онцлогтой явагдаж өндөрлөв. Тэмцээнд ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын харьяа ангиудын баг тамирчид байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, бие бялдар, сэтгэл зүйн өндөр ачаалал дор бэлтгэл сургуулилтаа хийж, тавьсан зорилтоо бүрэн хангасан нь тэмцээний үр дүнгээс харагдаж байсан юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг зогсоох хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгасан байна.

Тодруулбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд 9.5 хувьд хүргэхээр хуульчилсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь тогтоох тухай хуулийн төсөлд тусгасан юм.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл, Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэхээр байгаа юм байна. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд: Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долдугаар сарын 1-н хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч нар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужин: Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалд ажиллаж байгааг бид мэдэж байгаа. НДШ-ийг хоёр хувиар бууруулах ххуулийг төсөл нь КОВИД-ийн үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ том зургаар нь харвал энэ бол зүгээр л амь тариа. Аргацаасан л арга хэмжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцмээр байна. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өчнөөн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байсан. Үүнийг яагаад яаралтай горимоор оруулж ирээд, шийдчих эр зориг гаргахгүй байгаа юм бэ. Миний мэдэхээр сүүлийн 8-10 жил Сингапур, Норвеги шиг хуримтлалын сантай болъё гэж ярьсан. Үүнийг хийдэггүй шалтгаан нь юу вэ. Цаана нь ямар эрх ашиг байгаад явуулдаггүй юм бэ?

Тогтолцоог өөрчилнө гэж яриад байна. Түүнээс өмнө шийдэх өчнөөн арга зам байна. Алдсан мөнгөө олж авдаггүй юм уу, ямар арга хэмжээ авч байна вэ А.Ариунзаяа сайд аа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Капитал банк дампуурсан асуудалтай холбогдуулан банкны эрх хүлээн авагтай удаа дараа уулзаж, тодорхой арга хэмжээ аваад явж байгаа. Шүүхийн процесс дуусаагүй байгааг сануулсан нь зүйтэй байх. Нөгөө талаас банкны эрх хүлээн авагчтай уулзсаны дүнд сүүлийн хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын өр, авлага байхгүй. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчнийх, ажилгүйдэл, тэтгэмжийн сангууд 104 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Сүүлд банкны эрх хүлээн авчтай уулзахдаа бэлэн мөнгөөр олдохгүй бол барьцаалагдсан эд хөрөнгөөр багаар ч болтугай хохирлоо барагдуулж байсан нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд маш олон хүнийг хамарсан асуудал учраас няхуур хандаж байгаа. Одоогоор яамныхаа хүрээнд багц хуулиа бэлэн болгоод байна. Тун удахгүй өргөн мэдүүлнэ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Ер нь тэтгэврийн даатгалын сан л алдагдалтай ажиллдаг юм байна. Тэтгэмж, гэнэтийн ослын зэрэг бусад сангууд тодорхой хэмжээнд хэмнэлттэй ажилладаг юм байна. Тиймээс 2021 оны долдугаар сарын 1-нээс он дуустал хооронд нь шилжүүлэх бүрэн боломжтой.

УИХ-ийн гишүүн Г.Ганболд: Сан дотроо зохицуулалт хийхэд долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой. Харин оны эхнээс хэрэгжүүлэх бол төсөвт тодотгол хийнэ.

Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгээр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдэгт санал нэгдлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хилийн цэргийн 0166 дугаар анги Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа

Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар анги Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа.

Монгол Улсынхаа баруун өмнөд хилийн хэсгийг 88 жилийн турш хамгаалж, эх орон төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн хилчдийн эр зориг, хүч хөдөлмөр, түүхэн замналыг ийнхүү төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна.Одон хүлээж авах ёслол энэ сарын 17-ны өдөр тус отрядад боллоо. Ёслолын ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Р. Сэддорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт бригадын генерал Ч.Сайнтөр, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, ангийн ахмад хилчдийн төлөөлөл, харилцан ажиллагаатай хилийн хяналтын байгууллагын удирдлагууд оролцжээ.
Цэргийн гавьяаны одонг ангийн оройн дээд сүлд, байлдааны аранзал улаан туганд бригадын генерал Ч.Сайнтөр зүүж, батламжийг Хилийн цэргийн 0166-р ангийн захирагч дэд хурандаа Л.Амарсанаад гардууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга, ХХТХЗ-ийн дарга Р.Сэддорж ангийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж хэлсэн үгэндээ Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хүрээнд Хил хамгаалах салбарт 1,742.0 /нэг тэрбум долоон зуун дөчин хоёр сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо.
Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Он гарсаар голын уснаас 33 иргэний амийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш 11 удаагийн гол усанд осолдсон дуудлага иржээ.

Дуудлагын дагуу аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амийг авран хамгаасан байна.

Усны ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм. Иймд иргэд аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулав.

Categories
мэдээ спорт

Р.Гантөгс “2020 Токиогийн олимп”-ийн Бамбарын буухианд оролцохоор боллоо

Токиогийн олимпийн наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпийн бамбар аян замдаа гарсан байгаа.
Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд энд болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпийн бамбар энэ мужаас гараагаа эхлэж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм.
Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпийн наадам дуустал Токиод мандах болно.
Бамбарын аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.
Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.
Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Р.Гантөгс багш бол Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Хорт хавдрын тусламж үйлчилгээний төлбөрийг 100 хувь ЭМД-аас хариуцдаг боллоо

УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан.

Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” уулзалт өнгөрсөн баасан гарагт ЭМДЕГ-т зохион байгуулагдсан билээ.

Уулзалт тус газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон сэтгүүлчид оролцож Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар харилцан нээлттэй ярилцлаа.

Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрхзүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон сайхан хууль, тогтоомжийг батлаж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Стратегийн худалдан авагч” болох эрхзүйн орчин бүрдсэн.

Ингэснээр эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлтээс өмнө улсын эмнэлэг зарим санхүүжилтээ нэг хэсгийг нь улсын төсвөөс нөгөө хэсгийг нь даатгалын сангаас авч, харин хувийн эмнэлэг төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлсний төлөө санхүүжилт авалгүй, иргэн төлбөрийг нь бүрэн хариуцдаг байсан. Харин хуулийн шинэчлэл хийснээр улсын хувийн ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор ЭМДС-аас санхүүжилт авах боломж бүрэн нээгдсэн гэсэн үг юм.

Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлан гаргаж хэрэгжилтийг мөн оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн дээрх тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөр, ЭМДС болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн бөгөөд бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Үүний үр дүнд зөвхөн энэ оны 3 сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-сангаас олгожээ.

Түүнчлэн энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 188221 зорилтод бүлгийн иргэдэд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-аас санхүүжүүлсэн. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэх санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Л.Бямбасүрэн: Хуулийн шинэчлэл хийснээр хувийн болон улсын эмнэлэг адилхан санхүүжилт авдаг болсон

Arslan.mn

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Хорт хавдрын туяа эмчилгээний ганц эмчилгээний тарианы үнэ 4.5 сая төгрөг байсан. Ийм хэмжээний мөнгийг иргэн халааснаас гаргана гэдэг хэцүү. Санхүүгийн эрсдэлд орно. Харин 03 дугаар тогтоолоор энэ маань шууд даатгалын сангаас санхүүжихээр болсон. Мэс заслын болон бусад тусламж үйлчилгээг ЭМДС-аас хариуцахаар болсон. Нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн бодит дарамтыг учруулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нээгдсэн.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт манай иргэдийн дунд их учир дутагдалтай байна. Тухайлбал, ажил хийж байгаа хүмүүс цалингаасаа 2 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчин, оюутнууд жилдээ 50400 төгрөг төлөх ёстой. Гэтэл эдгээр хүмүүсийн буюу төлөх ёстой хүмүүсийн 46 хувь нь шимтгэл төлж байна. Цаана нь 54 хувь нь төлөхгүй байна. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйчилгээг үнэгүй болорн хөнгөлттэй авах нь хязгаарлагдаж байна. Мөн манай сангийн боломж маань хязгаарлагдмал байгаа юм.

Ананд хүү ард түмний дэмжлэгтэйгээр мөнгө цуглуулж Солонгос улс руу эмчилгээнд явлаа. Олон нийтийн сүлжээнд “ЭМДС юугаа хийж байдаг юм бэ. Ийм хүүхдүүдэд мөнгөө зориулах хэрэгтэй” гэж шүүмжилж бичиж байгаа харагдсан. Гэтэл хоёр учир шалтгаан бий. Энэ хүүгийн өвчний хувьд Монголд эмчлэгдэх боломжгүй юм.

Эрүүл мэндийн салбар хөгжиж, техник технологи хөгжиж сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монголд 26 өвчнийг эмчлэх боломжгүй байгаа. Тэр хүүгийн өвчин Монголд эмчлэгдэх боломжтой байсан бол ЭМДС-аас төлбөрийг нь гаргаад эмчлэгдэх боломжтой байсан юм шүү.

Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл бол хуулиараа Эв санааны зарчим дээр тулгуурладаг. Иргэд “Манайх ам бүл гурвуулаа, хоёр нь өвддөггүй. Нэг нь өвдөөд байна. Тиймээс би эрүүл мэндийн даатгалаа энэ хүн рүүгээ шилжүүлье” гэж ярьж асуудаг. Тэртээ тэргүй энэ хүний даатгал нөгөө хүндээ зарцуулагдаад явж байгаа. Эрүүл нь өвчтэйгээ, залуу үе нь настнуудадаа зарцуулаад явж байх эв санааны зарчим дээр тулгуурласан байдаг гэдгийг ойлгоорой. Мөн нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэчлэл хийгдсэнээр улсын болон хувийн эмнэлэг яг адилхан санхүүжилтийг даатгалын сангаас авдаг болсон. Хуучин бол эмчилгээний төлбөр болох 75 хувийг нь ЭМДС-аас төлөөд 25 хувийг нь хувь хүнээс төлбөр нь гардаг байсан бол энэ гуравдугаар сараас эхлээд үнэ төлбөргүй болсон. Хувийн эмнэлгүүд бол санхүүжилт авдаггүй, тухайн өвчтнөөс эмчилгээний зардлыг нь гаргуулдаг байсан” гэв.

Иргэн эмнэлэг дээр очоод даатгалаараа тусламж, үйлчилгээ авах уу, улсын төсвөөс авах уу гэдгийг тодорхой болгож өгсөн

Arslan.mn

Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг “Улсын төсвийн хэсгийг Даатгалын сан руу нэмж оруулж ирээд ЭМДС-аар дамжуулан санхүүжүүлэхээр болсон. Хуучин бол Эрүүл мэндийн яам, Сангийн яамнаас гардаг нөгөө хэсэгтээ ЭМДС-аасаа явчихдаг байсан. Тэгвэл энэ хоёр тогтолцоог нэгтгэсэн. Иргэн эмнэлэг дээр оччихоод даатгалаараа тусламж авах гээд байгаа юмуу эсвэл улсын төсвөөсөө тусламж авах гээд байгаа юмуу гэдэг нь ойлгомжгүй тодорхойгүй байсан. Иргэнийхээ хувьд ч эмнэлэг дээр очихоор тодорхойгүй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хуваагдмал тогтолцоог цэгцлэх асуудал орж ирсэн.

Оношилгоо шинжилгээний хэсэг дээр хуучин бол улиралд 165 мянга, сар болгон 55 мянган төгрөг төлж, энэ мөнгөнөөсөө илүү гарсныг тухайн иргэн өөрөө төлдөг байсныг байхгүй болгосон. Олон төрлийн оношилгоо шинжилгээг жил болгон ЭМДС-аас гаргах санхүүжилтийг нь өсгөөд, харин шаардлагагүй оношилгоо шинжилгээг хийх асуудлыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийлгэчихээд хариугаа авалгүй иргэд орхиод явдаг. Энэ нь сангийн үр ашиггүй байдлыг бий болгосон учир нөгөө талаар амбулторийн шинжилгээ рүү оношилгоо шинжилгээг цогцоор оруулж, оношилгооны зардлыг авахаа больж, байхгүй болгосон. Харин өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлыг ялгаж гаргаж ирсэн. Үүнд 70 хувийг нь даатгалаас гаргаж, 30 хувийг нь иргэн гаргах зохицуулалттай” гэв.

Хөнгөлөлттэй эмийн нэр төрөл сайжирсан, оочер дараалал байхгүй болсонArslan.mn

Дэд дарга Г.Гийхнаран “Хөнгөлттэй эмийг авахад нэлээд хүндрэл гардаг байсныг та бүхэн мэдэж байгаа. Төсөв буурчихдаг, төсөвтэй эмийн санд яваад очихоор тухайн иргэний авах гэсэн эм байхгүй гэх мэт. Өмнө нь зөвхөн өрхийн эмнэлэг дээр хөнгөлттэй эм бичдэг байсан бол одоо бүх шатны эмнэлэг дээр бичиж байна. Өрхийн эмнэлэг дээр оочерлож оочерлож эмээ бичүүлэхээр хүчинтэй хугацаа нь дуусчихдаг. Хэдэн ч төгрөгийн төсөвтэй эмийн сан байлаа гэхэд эхний гурав хоногт эм нь дуусчихдаг.

Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд бүх шатны эмнэлгүүд хөнгөлөлттэй эмийг бичдэг эрхийг нээж өгсөн. Дээрээс нь төсөв авах асуудал дээр хууль бус хуурамч зүйл гарах тохиолдол байдаг байсан. Эмч нартайгаа ямар нэгэн сүлжээнд орчихсон эмийн сан ч байсан.

Одоо бол эмийн нэр төрөл сайжирсан, оочер дараалал байхгүй болсон. Эмийн сонголт ч арвин болсон байгаа. Хуучин бид нар жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлттэй эмэнд төсөвлөөд эхний 4 хоногийн эмийн үнийг даадаг байсан бол одоо сарын 5 тэрбум төгрөг төсөвлөдөг болсон. Төсөв дууссан байна, эм олдохгүй байна гэсэн асуудал байхгүй болсон” гэв.

Эрүүл мэндийн байгууллагын бүх үйлчилгээ хурууны хээгээр явна

ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн байгууллагын бүх үйчилгээ хурууны хээгээр явахаар болжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тусламж үйлчилгээ дээр ЭМДЕГ-аас хяналт тавих аж. Тиймээс албаныхан хурууны хээ маш их ач холбогдолтой гэдгийг хэлж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд иргэн тэнд хурууны хээгээ уншуулаад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Харин дараа нь шаардлага гараад хотод ирж Улсын төв нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхдээ хурууны хээгээ уншуулахад Сагсай суманд эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ авч байсан мэдээлэл, өвчний түүх нь бүгд дурайгаад гараад ирнэ гэсэн үг.

Өнгөрсөн жил ЭМДЕГ-аас судалгаа хийхэд ЭМДС-аас гарч байгаа мөнгөний 40 хувь нь шаардлагагүй хэвтэлт рүү явсан байна. Иргэд намар, хавартаа эмнэлэгт хэвтэж ядаргаандаа эм тариа хийлгүүлдэг. Үүнийг бол шаардлагагүй хэвтэлт гэж үзнэ. Учир нь эмнэлэг сувиллын үйлчилгээг иргэдэд үзүүлээд байгаа гэсэн үг юм. Олон улсад бол эмнэлэг яаралтай тусламж үйчилгээ, амь тэнсэн буюу өвчний хурц үед хүлээж авах ёстой. Гэтэл манайд бол сувиллын үүрэг гүйцэтгээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Оросын холбооны улсад тэтгэлгээр суралцуулна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалавр, магистрантур, адъюнктурын сургалтад алба хаагч, иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:

  1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/
  • Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;
  • Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;
  • Тусгай радио-техникийн систем;
  • Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;
  • Эдийн засгийн аюулгүй байдал;
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;

2. Удирдахуйн ухааны магистрантурын хөтөлбөр (2 жил):

  • Хүний нөөцийн удирдлага
  1. Удирдахуйн ухааны адъюнктурын хөтөлбөр (3 жил)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд

тавигдах шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
  • Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн иргэн байх;
  • Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
  • Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
  • Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
  • Төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй байх.

Удирдахуйн ухааны магистрантурын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

  • Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
  • Харъяа байгууллагад мэргэжлээрээ ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;

Удирдахуйн ухааны адъюнкурын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

  • Магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ захиалагч байгууллагад ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байх;
  • Зэрэг горилох чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн байх;
  • Элсэгчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд холбоотой байх;
  • Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Алба хаагчид ажлын газрын тодорхойлолт, зөвлөлийн хурлын тэмдэглэлийг албан бичгээр ирүүлнэ;
  • Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
  • Иргэд их, дээд сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн жагсаалт, сургалтын голч дүн /эх хувь/;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 4×6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
  • PCR шинжилгээний хариу;

Бүртгэл

  • Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
  • Магистрантур, адъюнктурын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагчдаас Орос хэлний мэдлэгийн шалгалт, ярилцлага авна;
  • Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харьяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.
  • /Лавлах дугаар: 7019-1044 /