Categories
мэдээ спорт

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.
Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зургадугаар сард хийгдэх нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.

Батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

Categories
мэдээ улс-төр

ҮСХ: 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эхлээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бүрэн тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар заасны дагуу Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо

Дараа нь Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Энэ удаагийн тооллогыг бүртгэл буюу төрд суурилсан мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар мэдүүлгийг авах гэсэн хосолмол аргаар зохион байгуулснаараа онцлогтой болохыг танилцуулгын эхэнд дурдсан. Үүний үр дүнд мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэж, зардал хэмнэсэн ач холбогдолтой юм байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл болгож, 2019 онд байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулсан байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3.296.866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122.301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.

Нийт хүн амыг нас, хүйсийн бүтцээр ангилвал 56.6 хувь нь 18-59 насных, хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны хүнд ноогдох 18-аас доош насны болон 60-аас дээш насны хүн амын хувь бол 55.3 хувь байгаа аж. Хүн ам зүйн ачаалал 2010 онд хамгийн бага байсныг энэ үеэр Б.Батдаваа дарга дурдлаа. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилвал нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө, түүнчлэн нийслэлд 1.466.125 хүн аж төрдөг байна.

Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна. Үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нийт өрхийн хэлбэрийн талаарх дүн мэдээг танилцуулсан.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэхүү тооллогын үр дүнг ажлын байр, ажил эрхлэлттэй холбогдуулан ашиглах, хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө юуг анхаарах ёстой талаар тодруулсан. Хөдөлмөрийн насны хоёр хүнд хөдөлмөрийн насны бус нэг хүн ноогдож буй хөдөлмөрийн насны хүн амын тоо өндөр байгаа энэ цонх үед нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бодлогыг сайжруулах боломжтой гэдгийг хэллээ. 1990-2000 оны хүн амын өсөлт бага байсан, энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд оролцож эхэлж байгаа ба цаашид завсарын үе үүсгэх болно гэдгийг хэлж байв. Хөдөлмөрийн оролцооны хувьд 56 хувь гэсэн дүн гарсан бөгөөд дэлхийн дунджаар 60 гаруй хувь байдгийг дурдсан. Цар тахлын нөлөөллөөс үүдсэн 58 хувь байсан үзүүлэлт 56 хувь болж буурсан гэв. Иймээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар орон сууцны улсын тооллого явуулах шаардлага, шалтгааны талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байлаа.

Гишүүдийн тодруулсны дагуу ажил эрхлэлтийн талаар 2020, 2021 оны эхний улирлын харьцуулсан дүн мэдээг танилцуулсан юм. 2021 оны I улирлын дүнгээр нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн 2.105.000 байгаагийн ажиллах хүчин нь 1.156.000 байгаа аж. Ажилгүйдлийн түвшин 2020 оны I улиралд 6.6 хувь байсан бол энэ оны эхний улиралд 8.8 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, 100.000 орчим хүн ажиллах хүчнээс хасагдсан байна. Эдгээрийг салбараар нь ангилж харвал, сүүлийн нэг жилийн хугацаанд албан бус хөдөлмөр эрхэлж байсан иргэд ажилгүй болсон бөгөөд цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэдэг тайлбарыг Б.Батдаваа дарга хэлэв.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонссон талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.

Монголбанк 2020 онд 23.6 тоннд ны алт худалдан авч, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар болжээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуралдаанд тайлангаа танилцууллаа.

Өнгөрсөн 2020 он нь эдийн засаг, нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан, хүнд сорилттой жил байсныг тайлангийн эхэнд тэрбээр дурдав. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, эдийн засгийн бус шалтгаантай хямралын жил болсон. Ковид-19 цар тахал бүх улс, бүх салбар, бүх хүний амьдралд нөлөөлж байгаа хэдий ч 2020 онд хүлээгдэж байсан эдийн засаг, санхүүгийн салбарын олон том сорилтуудыг даван гарсан гэв. Тухайлбал, цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлсэн гэв. Мөчлөг сөрсөн хэлбэрээр мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, 2020 онд бодлогын хүүг 11 хувиас бууруулж түүхэн доод түвшин болох 6 хувьд хүргэсэн юм. Бодлогын эдгээр арга хэмжээ нь цаашдын эдийн засгийн сэргэлт, зээлийн хүүгийн бууралтад шууд нөлөөтэй болохыг дурдсан. Мөн манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсан талаар тайланд дурджээ. Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-аас хасах шийдвэрийг Европын Комисс гаргаад байгааг тайлангийн үеэр мэдээллээ. Цар тахал эдийн засагт хүнд цохилт болж байгаа ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгааг онцолсон. Үүнд, Монголбанкны алтны худалдан авалт нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны түвшинд хадгалагдсан, олон улсын санхүүгийн байгууллага, доноруудын өндөр дүнтэй санхүүжилт орж ирсэн нь гол нөлөө үзүүлсэн болохыг тайланд дурдсан юм.

Олон секторт нүүр тулж байсан богино хугацааны гадаад өрийн дарамтыг бууруулжээ. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгасан, 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий “Номад” бондыг амжилттай арилжаалж “Чингис”, “Мазаалай” бондыг дахин санхүүжүүлжээ.

Тайлант онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай дуусгаж, олон улсын санхүүгийн байгууллагууд, доноруудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Монголбанк дунд хугацаанд баримтлах стратеги, бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагуудтай хамтран батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн гэв. Улсын Их Хурлаас “Зээлийн хүүг бууруулах стратеги”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг, Монголбанкнаас “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг баталсан юм. Эдгээр баримт бичиг нь харилцан уялдаатай, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгааг дурдсан. Энэ хүрээнд инфляцын зорилтыг 2021 оноос эхлэн 6 хувь болгон шинэчилж, банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүг 2023 оны эцэст жилийн 12 хувьд хүргэж бууруулах зорилт тавьжээ. Энэ 2020 онд инфляц дунд хугацааны зорилтот түвшинд байж, шинээр олгосон зээлийн дундаж хүү 1.2 нэгж хувиар буурч, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ түүхэн рекорд түвшин болох 23.6 тоннд хүрч, гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.5 тэрбум ам.долларын босгыг давсан байна.

Цар тахлын улмаас бодит эдийн засаг агшиж, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах төлөв үүссэнийг харгалзан Монголбанкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж ажилласан байна. 2020 оны гуравдугаар сард “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д онцгой нөхцөл байдал үүссэн хугацаанд мөрдөх нэмэлт, өөрчлөлтийг оруулахын зэрэгцээ эргэн төлөлт нь доголдсон зээлүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, төлбөрийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Үүний үр дүнд, тайлант оны эцсээр төлбөрийн хүндрэлд орсон 141,171 зээлдэгчийн 1.27 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2.540 ААН-ийн 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 44,956 өрхийн 2.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ.

2021 онд сорилт үргэлжлэх хэдий ч, эдийн засгийн цаашдын төлөв эерэг гэгээтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч тайлангийн төгсгөлд танилцууллаа. Ковид-19-ийн вакцинууд гарч, улс орнуудад вакцинжуулалт эхлээд байгаа тул глобал эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа гэв. Төсөв, мөнгөний бодлогын дотоод эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний үр нөлөө ч цаашид нэмэгдэнэ хэмээн тооцжээ. Үүний үр дүнд эдийн засаг алгуур сэргэж, ирэх жил 6 орчим хувиар өсөх, инфляц зорилтот түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцлийн дарамт бага байх магадлалтай гэж тооцсон байна. Энэхүү эдийн засгийн сэргэлт, түүний иргэн, аж ахуйн нэгж бүрд очих үр нөлөө нэмэгдэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сорилтыг боломж болгох итгэл, манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа юм байна. Монгол Улсын эдийн засаг цаашид эрчимтэй өснө хэмээн үзэж Төв банк эдийн засгийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэв.

Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авсан бол тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар үг хэлсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан.

Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд тухайн үед хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл уг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа болон хэрэг хэрхэн шийдвэрлэгдснийг Прокурорын ерөнхий газар “Хоёр сагсчин нас барсан хэрэг шийдвэрлэгдээгүй. Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд бензин өгсөн газарт нь арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Сод Монголын бензин саванд хийж задгайгаар зарсан зөрчилд Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс Сод Монгол групп ХХК-ныг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 3 сая төгрөгөөр торгосон.

Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус компанид мэдэгдэл бичсэн байна” гэжээ.

Эргэн сануулбал, “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай “Ц” гаднын нөлөөтэй амь насаа алдсан бол 20 настай “И” өндрөөс унаж амиа алдсан. БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлж байсан.

Categories
мэдээ нийгэм

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн анхааралд

Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан.

ЯМАР ТОХИОЛДОЛД PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ ВЭ?

  • Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн
  • 0-3 насны хүүхэд,
  • Эцэг эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа 0-15 насны хүүхэд,
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Зургийн тодорхойлолт алга байна.


ХАЛДВАР АВААД ЭДГЭРСНЭЭ НОТЛОХ ЛАВЛАГАА ЗААВАЛ ШААРДАНА

  • Тухайн зорчиж очих аймаг, нийслэл, сумын Онцгой комиссын зөвшөөрөл
  • Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусаар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа
  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явна.
  • Дээрх заалтаас бусад зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээ өгсөн бичиг (шинжилгээ өгсөн өдрөөс хойш 2 хоногийн хүчинтэй)

ДАРААХ ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАНА

  • Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцинжуулалтын бүрэн тун хийлгээгүй хүн
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг тандалтын багийн саналыг харгалзан
  • Хүүхдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрснээс үл хамааран эцэг/эх, асран хамгаалагчийн хамт.

ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХГҮЙ ВЭ?

  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол,
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн бол
  • Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй, нотлох баримттай зорчигчийг тусгаарлах болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.

Тээвэр:

– Зорчигч тээврийн хэрэгслээр зорчихын өмнө нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.

-Тээвэрлэгч нь нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг урьдчилан бэлтгэж, зорчигчдыг худалдан авах нөхцөлөөр хангана.

-Хот хоорондын автобусаар 40 зорчигчоос илүү хүн тээвэрлэхгүй байх.

-Биеийн халуун 37.1 хэмээс дээш болон коронавируст халдварын бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй ба холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөнө.

-Тээврийн хэрэгсэлд хөшигнөөс бусад суудлын бүрээс, гоёлын эд зүйл зэрэг халдварын эрсдэлтэй хэрэгсэл ашиглахгүй байх, гадаргууг халдваргүйжүүлэх бодисыг байрлуулж, зорчигч бүр гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

Төмөр зам:

-Зорчигчийн вагонуудад анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уутыг байрлуулсан байна;

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл галт тэрэгний дарга нь диспетчерээр дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдсэний дагуу бэлэн байдлыг хангуулна;

-Галт тэргэнд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эсхүл мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийнэ;

-Галт тэргээр зорчиж буй иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ;

-Тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй байх, уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.

Агаарын тээвэрлэгч:

-Нисэх бүрэлдэхүүн болон газрын үйлчилгээний ажилтнуудад халдвар хамгааллын иж бүрэн хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, цэвэрлэгээний бодис, хог хийх уутаар хангана.

-Зорчигчийн амны хаалтыг хоёр цаг тутамд, бохирдсон тохиолдол (найталгасан, ханиалгасан гэх мэт)-д солиулах ба хэрэглэсэн амны хаалтыг суудлын урд байрлах цаасан уутанд хийж, шар өнгийн хогийн уутанд цуглуулна.

-Нислэгийн явцад агаарын хөлгийн дарга, нисгэгч бүхээгийн хаалгыг нээхгүй, шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийн үйлчлэгчтэй дотуур холбоогоор холбогдоно.

-Нислэгийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй. Зайлшгүй шаардлагаар уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл агаарын хөлгийн дарга нь нисэн очих нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний ажилтнаар дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэний дагуу агаарын хөлгийг нисэх буудалд буухаас өмнө бэлэн байдлыг хангуулна.

Categories
мэдээ нийгэм

Шилжүүлэхээсээ өмнө дахин нягтлах уу?

Дижитал шилжилтийн эрин үед бүхий л зүйлээ алгын чинээ гар утсаараа зохицуулах боломж бүрдсэн. Завгүй амьдралын хэв маягийг хялбаршуулах болсон энэ төхөөрөмжийн тусламжтай худалдаа үйлчилгээгээ ч цахимаар хийх “мода” дэлгэрчээ. Хөлөө эргэтэл дэлгүүр хэсэж, олон хүнтэй газраар шавалдах шаардлагагүй болж, хил дамнан хүссэн бараа бүтээгдэхүүнээ өнгө размерын өргөн сонголттойгоор онлайнаар захиалах нь дэндүү амар. Онлайн худалдааны бизнес ийнхүү зах зээлд эрчийг авч, үүнийг орлогын эх үүсвэрээ болгох иргэд ч нэмэгдсээр байна.

Цахим орчинд инфлюнсер гэх тодотголтой залуус олширсон. Сошиал нөлөөлөгчид гэж тодотгох болсон олон дагагчидтай залуус руу бараа бүтээгдэхүүнээ бэлэг болгон илгээх, хамтран ажиллах маягаар байгууллага, хувь хүмүүс PR-аа хийх болжээ. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийснээс илүү “сошиал од”-уудаар ганц нэг стори хийлгэх маягаар олон хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж, маркетингаа хөгжүүлэх нь хавьгүй хямд тусах нь гарцаагүй. Дэлхий нийтээр үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас улбаалан цахим худалдаа эрчийг авч, хэн дуртай нь онлайн шоп гэх хаяг нээн, захиалга авах болжээ. Ингэхдээ олон дагагчидтай мөнөөх нөлөөлөгчид рүү бараа бүтээгдэхүүнээ “бэлэг” болгон илгээх маягаар PR хийн, онлайн дэлгүүрээ сурталчлуулаад авдаг. PR нь ч тодорхой хэмжээнд амжилттай болж, тухайн “сошиал од”-ын стори, пост зэргийг үзсэн хэрэглэгчдээс тодорхой хувь нь захиалга хийдэг байна.

Бид 87 хэрэглэгчээс онлайн захиалгатай холбоотой судалгаа авсан агаад нийт судалгаанд хамрагдагсдын 74.7 хувь нь онлайн захиалга хийдэг байна.

Судалгаанаас харахад есөн хүн тутмын дөрөв нь ямар нэг байдлаар онлайн шопуудад хулхитуулж байсан аж. Түүнчлэн захиалга өгөх онлайн дэлгүүрээ сонгох, тухайн дэлгүүрийн найдвартай эсэхийг шалгах шалгууруудын 23.3 хувийг “олны танил хүмүүсийн сурталчилсан онлайн шоп” гэх тодорхойлолт эзэлж байгаа юм.

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс фейсбүүк, инстаграм гэх платформуудад онлайн шопын үйл ажиллагаа явуулдаг 62 админаас судалгаа авсан. Олон сонголттой судалгаагаар хэрэглэгчдээс түгээмэл ирдэг гомдлын 80 хувь нь ачаа бараа удаж ирж байгаатай холбоотой аж.

Тэгвэл онлайн шопууд хэрхэн “инфлюнсер”-үүдтэй хамтран ажиллах хүсэлт тавьдаг тухай Инстаграм хуудаснаа 36.1 мянган дагагчтай хэрэглэгчээс тодруулсныг хүргэж байна.


Үнэхээр л нэр хүндтэй, олны танил болоод сошиал платформууд дээр олон тооны дагагчидтай болсон залуус хамтарч ажиллах байгууллага, онлайн дэлгүүрүүдтэйгээ харилцахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрсдийнх нь сурталчилсан, зөвлөсөн зүйлсийг даган дуурайх, сэдэл авах, сонирхож үзэх хүлээн авагчид нэлээдгүй байгааг бодолцон, сурталчилж байгаа зүйлдээ цензурьтай хандах шаардлагатай юм. Явуулсан бэлэг сэлт бүрийг нь хэрэглэж үзээгүй, эс бөгөөс сэтгэлд нь хүрээгүй байхад “гоё байна, чанартай байна” гэж сурталчлах нь хүлээн авагчдад ч өөрт нь ч тодорхой хэмжээнд хохиролтой гэдгийг санах хэрэгтэй.

Сурталчилж байгаа бараа болоод дэлгүүрээ сайн судлаагүйн улмаас энэ оны эхээр томоохон залилангийн хэрэг гарсан. Залилан үйлдсэн онлайн шопыг инстаграм хуудаснаа 383.000; 318.000; 100.000; 69.300; 47.400 дагагчтай Х, М, Б, З, О гэх нэр хүндтэй, олны танил бүсгүйчүүд “найдвартай, оригинал, миний ажиллуулдаг онлайн шоп” гэх мэтээр нэлээдгүй сурталчилсан байдаг. Үр дүнд нь мөнөөх сурталчилсан дэлгүүрийн админ давтан үйлдэлтэй залилан үйлдсэн этгээд агаад, хамгийн сүүлд мэдээлснээр 400–500 хүн 120–180 сая төгрөгөөр хохироод байгаа аж.

Хэдий сайтар нягталсан ч захиалга өгөх хамгийн гол итгэлийг нэр хүндтэй олны танил хүмүүсийн сурталчилгаа байсныг дээрх яриа өгүүлж байна. Худалдан авалт хийх гэж байгаа захиалагч болоод бараа сурталчилж байгаа инфлюнсерүүд ч хохирч үлдэхгүйн тулд дор бүрнээ хариуцлагатай байж, сайтар нягталж үзэх хэрэгтэй. Мэдээж бүх онлайн дэлгүүр найдваргүй, баталгаагүй, залилан мэхлэх шинж чанартай гэвэл дэндүү буруу ойлголт юм шүү. Гагцхүү худалдан авагч та сайтар нягталж шалган, захиалгаа өгөх хэрэгтэй бөгөөд олны танил хүн бүрийн сурталчилсан болгон үнэн бодитой, чанартай байдаггүй гэдгийг санаарай.

Онлайн мэдээллийн хуудаснаас худалдан авалт хийх, түүгээр үйлчлүүлэх тохиолдолд хэр баталгаатай, найдвартай эсэхийг судлах нь хувь хүний иргэний хариуцлагын үүрэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Түүнчлэн сэтгэл хөөрлөөр хандахгүй байх, сошиал инфлюнсер бүрд итгэхгүй байхын сацуу залилуулсан тохиолдолд онлайн дэлгүүрийн үйлдлийн аргыг өөгшүүлэхгүй байх үүднээс заавал цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Бусдыг төөрөгдөлд оруулж, хохироосон хэн ч хуулийн хариуцлага хүлээнэ!

Ийнхүү залилан мэхлэх гэмт хэргийн тухай хуулийн заалт болоод, залилах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд хуулийн дагуу асуудлаа хэрхэн шийдвэрлүүлж болох тухай зөвлөмж, зөвлөгөөг хүлээн авна уу.

ХИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутнууд.

Н.САРУУЛТУЯА ахлагчтай баг

Categories
мэдээ улс-төр

Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авч, хүүхдийн мөнгө болон вакцин худалдан авахад зарцуулна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 15 цаг 08 минутад 16 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэдгийг дурдав.

Харин Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн гэрээг байгуулжээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээр нэгд, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; хоёрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Иймээс  "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээл авч хүүхдийн мөнгө олгох, зээл авч төсвийн алдагдлыг нөхөх нь төдийлөн оновчтой бус, харин үүний оронд ажлын байр бий болгох, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад гаднын зээл, тусламжийг чиглүүлэх нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.Сангийн сайд Б.Жавхлан Байнгын хорооны даргатай санал нэгтэй буйгаа илэрхийлээд өнөөгийн онцгой нөхцөл байдлын үед зайлшгүй шаардлагын үүднээс цар тахлын хүндрэлийг даван туулах зорилгоор ийм гэрээ байгуулаад байгаа. Нэмэлт, өөрчлөлтийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төсвийн дэмжлэг авч хүүхдийн мөнгө болон цар тахлын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар зорилтот хэсэгт хүрэх дэмжлэг, дархлаажуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм. Цаашид гаднаас зээл, тусламж нэмж авахгүй байх, авсан зээл, тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өрийн менежментийг оновчтой болгоход Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлов.

Хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор сснал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадлагаа авна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.2 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

Гэрээр коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн магадлагааг хаанаас авах вэ?

-Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэдэд QR кодтой эмчийн магадалгаа олгож байгаа. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авна.

Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд ойрын хавьтал болсон бол PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?

-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирус халдвараар өвчилж эдгэсэн болон вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол PCR шинжилгээг өгөх шаардлагагүй.

PCR шинжилгээ хаана өгөх вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршлууд:

  1. Баянгол дүүрэг- 96 дугаар сургууль
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.



Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодсон 87 зөрчил илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр 1572 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 1326 нь зөрчлийн шинжтэй байна. Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 95 дуудлага бүртгэгдсэн бол эрүүлжүүлэх байрт 191 хүн саатуулагджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 12.413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12.413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464.3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417.8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ.

Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3.598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

– Хаврын тариалалтад 100 тэрбум

– Ноолуур бэлтгэлд 200 тэрбум

– Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм гэж Сангийн яамнаас мэдээллээ.