Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Муу ёрын цагийн, муу ёрын удирдагчдаас ард түмэн зайлах зөнтэй

Хүн төрөлхтөн түвэгтэй цаг үед амьдарч байна. Шулуухан хэлэхэд, энэ цаг үе муу ёрын байна. Зуун жилд нэг удаа болдог тахал дэлгэрлээ. Аахилж уухилсан хүний нийгэм урагшаа мөлхөж байна. Мэдээж хүний оюун ухаан сөхрөхгүй, үзэж тарна, энэ хугацаанд элдвийн л юм үзэх нь тодорхой. Монголчуудын хувьд ийм он жилүүдийг муу ёрын цаг үе гэж нэрлэдэг. Энэ нь Монголын ард түмний оюун санааны онцлогтой холбоотой. Юу гэхээр сэжиглэдэг, сүжиглэдэг ард түмэн юм. Хамгийн гол нь энэ хандлага монголчууд бидний нийгмийн бүх харилцаанд илэрдэг. Тэр байтугай төрт ёсондоо зөн совингоороо ханддаг. Энэ нь зарим ард түмэнд сонин байж ч магадгүй. Гэхдээ ийм л юм, ийм л хандлагаар хэдэн зуун жилийг туулж өнөөдөрт ирсэн болохоор үгүйсгэх боломжгүй.

Монголын ард түмэн муу ёрын цаг үед улс орныг удирдаж байгаа хүнийг муу ёрын удирдагч гэж үздэг юм шүү дээ. Тэр удирдагчийн үед тийм айхавтар зуд болж, тэгээд байдгаа барж билээ хэмээн ярих малчин захаас аваад бий. Тэр байтугай, тэр намын, тэр даргын үед тэгж холер өвчин дэлгэрч сүйрчих шахсан шүү гээд тэр үеийн төртэйгөө холбон зэвүүцэж суудаг юм. Муухай цаг үед улс орныг удирдаж явсан удирдагч зурагтаар яривал таагүй цаг үеийн, ёртой дурсамжууд нь сэдэрдэг, өнөө даргыг бараг зүхдэг ард түмэн. Их үерийн жил Ерөнхий сайдын орлогч байсан нөгөө тэр гэж ирээд ярих нь анзаарагдамгүй боловч олон зуун хүний амь насыг авч одсон аймшигт үерээр түүнийг санаж байгаа нь зөн совин, сэжиг сүжгийн ард түмэн гэдгийн илэрхийлэл. Энэ зөн өнөөдөр яг хэвээрээ байгаа. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед улам ч сэдэрч, сэжиглэж, зөнгөө сэрээж байж магадгүй.

Өчигдөрхөн нийгмийн сүлжээнд хаврын хуурайшилт, гал түймрийн талаарх мэдээлэлтэй зэрэгцээд өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө, яг өдийд Сэлэнгийн Мандалын ойд нисдэг тэрэгтэй сүйрсэн Онцгой байдлын залуусын гунигт түүх олны дунд сэдрэв. Тэдний дийлэнх нь “Одоо энэ нэг томроод яваа дарга тухайн үед Онцгойн асуудал эрхэлсэн сайд нь байсан биз дээ, муу ёрын хүн, том даргаар томилогдох бүрт нь Монголд муу үйл явдал дагадаг…” гэхчлэн бичээд явчих жишээтэй. Тийм ёрын дурсамж сэрээдэг даргад нийгэм мэдээж таагүй хандана. Ийм л зөн мэдрэмжтэй ард түмэн билээ, монголчууд.

Энэ мэт муу цагийн, муу үйлтэй он жилүүдийг муу ёрын цаг үе гэж үзэж, тэр үед улс орныг удирдаж явсан хүмүүсийг олны өмнө гарахаар жийрхдэг байдал өнөөдөр үргэлжилсээр… Өнөөдөр монголчууд урьд хожид байгаагүй хөл хорионд өдөр хоногуудыг өнгөрөөж, ажил үйлс нь доройтож, амьдрал ахуй нь сульдаж байна. Бүх юмны үнэ нэмэгдэж, зээлэнд баригдаж, ажилгүй, орлогогүй бараан байна. Ийм цаг үе түүхэнд муу ёрын гэх тодотголтой үлдэнэ. Ийм хүнд цаг үед улс орныг удирдаад ч байгаа юм шиг, удирдахгүй хаяж гүйгээд ч байгаа юм шиг улстөрчдийг монголчууд муу ёрын үеийн, муу ёрын удирдагч гэж үзэх нь тодорхой. Тийм болохоор тэднээс их болгоомжилж байгаа. Энэ нь зөнгөө мэдэрч удирдагчаа сонгодог монголчуудын уламжлалт сэтгэлгээ.

Монголчуудын энэ зөн нь бөө, шашинд ямар ч хамаагүй, зүгээр л сэтгэл зүйн давуу тал, онцлог. Тиймдээ ч монголчууд төрт ёсны 2000 жилийн түүхийг бүтээсэн. Эртнээс эдүгээг хүртэлх олон зуунд Монголын ард түмэн зөнгөөрөө төрийн толгойд буруу нэгнийг гаргаж байгаагүй. Гарч ирсэн ч тэднээс зайлж, зайлуулж сурсан, зайлах зөнтэй байж чадсан гэж болно. Энэ цаг үед бол зөн совингоо дагаад сонгуулийн системээр муу удирдагчдаас зайлчих боломжтой. Сонгуулиар магтаад байгаа хэрнээ л “Наадхын чинь үед л Монгол тахлын голомтод сөхөрлөө” гэж хандана. Учир нь тэр хүн олны өмнө гарч ирэхтэй зэрэгцээд ард түмний тархинд цар тахлын хүнд үе, төрийн ажлыг хаяад зугтсан дүрүүд тодорно. Энэ бол муухай дурсамжууд сэргэж байгаа хэрэг. Үүнийг л монголчууд муу ёрын цагийн, муу ёрын удирдагч гэж хэлээд байгаа юм. Хүн гэдэг амьтан хүнд хэцүү үеэ дурсаж санах дургүй. Тэр бүү хэл мартахыг боддог. Мартахыг хүсч явааг нь сэдрээсэн хүнд хэн сайнаар хандах билээ… Өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн логик энэ.

Монголчуудын сэтгэлгээний энэ онцлогийг мэдрэхгүй, мэдэрсэн ч үл тоон доромжлоод байгаа юм шиг үйл явдал энэ өдрүүдэд үргэлжилж байна. “Алсын хараа-2050” гэсэн хөтөлбөр ингэхэд ямар учиртай юм бэ. Маргааш юу болохыг мэдэхгүй байгаа хүн төрөлхтөн, тэр дундаа монголчуудад 2050 оны хөгжлийн бодлого ярих нь, түүнийгээ сурталчлах нь тэднийг дооёолж, тохуурхаж байгаа юм шиг санагдахгүй байна уу. 2030, 2040 оныг алгасах юм уу, өнөөдрийн хүн амын тэн хагас нь наад 2050 оныг чинь үзэх үү. Хамгийн гол нь цар тахалд сөхөрч байгаа энэ үеийнхэнд наад 2050 оны хараа ямар хамаатай, ямар ач холбогдолтой юм. Өнөөдрийн хүмүүст маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги л чухал байна. Өнөөдрийг өлсөлгүй давж, маргааш хүүхдээ яаж сургуульд нь сургах вэ гэдэг л монголчуудад амин чухал болчихоод байна. Тахлыг даван туулсны дараа “Алсын хараа 2030” гэж яривал барав. Тэрнээс маргааш нь тодорхойгүй байгаа ард түмэндээ ийм юм ярих чинь биднийг доромжлоод байгаа юм шиг санагдаад байна аа.

Тахлын үеийн удирдагчдаас зөнгөөрөө салах процесс нийгмийн сэтгэл зүйд явагдчихсан. Удирдагчид даанч нэг анзаарахгүй, мэдрэхгүй яваа бололтой. Муу ёрын цаг үеийн удирдагчдыг ард түмэн муу ёрын дурсамж сэдрээгсэд гэж үздэг, яг ийм л цаг үедээ Монгол Улс, монгол түмэн явж байна. Ард түмэн зөнгөө л дагана даа…

Б.НЯМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Баруунбүрэн-Баянхангай чиглэлийн 193 км авто зам ашиглалтад орсноор улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


Орхонтуул сум, Төв аймгийн Цээл, угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрсан авто зам барьж улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбохоор болжээ. Энэ замын ажил ямар шатанд явж байна. Хэзээ ашиглалтад орно гэж тооцож байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөр дайрч гарах Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай авто замын чиглэлийг өөрчлөхөөр болсон. Ингэснээр Орхонтуул сумын Туул гол дээр барьж байгаа төмөр бетон гүүрийг ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв, Төв аймгийн Цээл, Угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрч Улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбогдохоор Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн авто зам барихаар болоод байна. Энэ талаарх саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт тавьж шийдвэрлүүлсэн.

Улмаар Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөв боловсруулахад шаардлагатай 1.150,0 сая төгрөгийг 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон.

Зам дагаж хөгжил гэдэг. Эдгээр сумдын хувьд ч давуу тал болж, нөгөө талдаа зам дөтлөх боломж бүрдэх нь ээ.

-Тэгэлгүй яахав. Зам дагаж хөгжил ирнэ гэж үнэн. Улсын чанартай замтай байх нь эдгээр сумдын нэгэн давуу тал болохоос гадна хөгжил дэвшилд хурдацтай нөлөөлөх нь илэрхий. Тус зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн томоохон дөрвөн суурин газар хатуу хучилттай замаар холбогдоно. Энэ нь үр тарианы тээвэрлэлтэд маш чухал ач холбогдолтой байх юм. Мөн Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймгууд руу Дарханаар дайрч тойрохгүй, 80 км зам дөтөлнө. Товчхондоо, эдийн засгийн ач холбогдолтойн дээр улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна. Тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг багасгах, богино хугацаанд хүссэн газартаа ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

Та Ерөнхий сайдын хамтаар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Засгийн газраас томоохон ямар асуудлуудад анхаарал хандуулахаар болов?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэгт орж Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, короновируст халдварт “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалт хэрхэн явагдаж байгаа талаар танилцаж үүсээд буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. Тус эмнэлгийн байранд шаардлагатай их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд шаардлагатай 3.7 тэрбум төгрөгийн зураг төсөл гаргаад байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ илэрхийлсэн нь олзуурхууштай үйл явдал болсон.

Мөн Ажлын хэсэг Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай авто замын заслын ажлын явцтай танилцлаа. Тус ажлыг 14 хоногийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд албаны хүмүүст үүрэг болгосон. Энэхүү зам нь 2022 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох юм. Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Зүүнбүрэн сумын Охиндойн талд 2.760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэнтэй танилцсан. Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байна. Ерөнхий сайдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс нутаг болгохын төлөө бодлогоо чиглүүлж ажиллана гэдгээ энэ үеэр онцолсон.

Сэлэнгэ аймаг бол тариалалтын бүс нутаг. Цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж тариалалтад нөлөөлж байгаа зүйл бий юу. Ер нь нөхцөл байдал ямархуу байдалтай байна вэ?

-Мэдээж дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахал бүхий л улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ ч утгаараа Хөдөө аж ахуйн салбарт маш хүндээр тусаж байна. Тиймээс төр засгийн зүгээс тариаланчид руу чиглэсэн тодорхой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар ХАА-г дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаан буудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо хүлэмжийн таримал үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон. Мөн миний болоод газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн санаачлан өргөн барьсан Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж зэргийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. Энэ нь төрөөс тариаланч бизнес эрхлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, дэмжлэг үзүүлж байгаагийн нэг илрэл юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар, цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Үүнд, хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээл багтаж байгаа юм. Энэхүү зээлийг Арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан гурван хувийн хүүтэй олгох юм.

Онцлоход, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээж, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийг мөнгөний бодлогын зорилтот түвшинд барих зорилт тавьж байгаа юм.

Сэлэнгэ аймагт дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Сэлэнгэ аймагт дарх-лаажуулалтад зорилтот бүлгийн нийт иргэдийн 94.2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэжээ. Харин хоёрдугаар тундаа 15 мянган хүн хамрагдсан байна. Ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.

Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тодорхой үр дүнд хүрсэн үү?

-Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдгээр асуудлуудыг судлан холбогдох газарт хандсан. Олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг холбогдох эрх бүхий байгууллага нь шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоож, шийдвэр гаргах байх.

Та сүүлийн үед ямар ажлуудад гол анхаарлаа хандуулж байна вэ?

-Холбогдох хууль тогтоомжууд дээр ажиллахын зэрэгцээ тойрог руугаа чиглэсэн хэд хэдэн ажлууд хийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, мөн Ардын хувьсгалын өлгий болсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг сумыг Сумын хөгжил хөтөлбөрт хамруулж “Жишиг сум” болгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хүсэлт гарган нааштай шийдвэрлүүлсэн. Мөн Алтанбулаг сумын музей, түүх соёлын дурсгалт өвийг сэргээн засварлуулахад Соёлын яаманд хүсэлт тавьж нэг зуун сая төгрөгийг батлууллаа. Өөрийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн 34 дүгээр сургуулийн Ерөнхий боловсролын сургууль төгсөх 1081 сурагчид 2021 оны зургадугаар сарын 28-ныг хүртэл ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулж, төлбөрийг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас гаргаж байгаа. Үүний зэрэгцээ сургалтад амжилттай хамрагдаж хамгийн өндөр оноо авсан зургаан сурагчид нэг сая төгрөгийн тэтгэлэг, хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн зургаан багшид зөөврийн компьютер өгч урамшуулна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” цахим цуврал зөвлөгөө хүргэж байна. Одоогийн байдлаар гурав дахь цуврал зөвлөгөөгөө хүргээд байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 19, Буд гариг. Билгийн тооллын 7, Их морь одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5:09 цагт мандан, 20:28 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Муу нэртэй Чингис, сайн нэртэй Хубилай” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Гадаадын хөрөнгө
оруулагчид дөлж зугтах болсон
хамгийн том шалтгаан бол улстөржилт” хэмээснийг I, XI нүүрээс уншаарай.

Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр “Ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй цахилгааны үнэ бодит өртгөөс дунджаар 30 орчим хувиар бага” гэлээ.

Гадаад харилцааны сайд
Б.Батцэцэг “Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан
ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Муу нэртэй Чингис,
сайн нэртэй Хубилай” хэмээн өгүүллээ.

Сэтгүүлч, нийтлэлч
А.Баатархуяг “АН-ыг оролцуулахгүй
байх, хэрвээ оролцуулбал оролцоог
хангах төдийхнөөр олон нийтийг хуурах
ажиллагаа явж байна” хэмээлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Ц.Элбэгдорж, Баабар,
Э.Бат-Үүл нар “С.Зоригийн хэргийг
олон нийтэд 100 хувь ил болгох
хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

ШШГЕГ-ын “Сүлд ” спорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв “Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Мөөеө аварга надад даалгаж байлаа” хэмээн “Спорт” нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа

189127270_1974570606026815_5565157929874949790_n-scaled.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсон, аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдэд холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

Мөн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хэрэгцээтэй зарим техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допингтой нэр холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

Бөх

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос АТГ-т хяналт тавин ажилладаг Нийслэлийн прокурорын газарт гурав дахь удаагаа хандлаа. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчил гаргасан 38 бөхийн нэрийг ил болгохыг шаардсан байна.

Шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай танаа
Допингтой холбоотой хэргийн талаар

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2020 оны 5-р сарын 25-ны өдөр болон 2021 оны 03-р сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны 11-р сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлүүдээр хэлсэн. Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад “… хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй…” гэсэн нэг л хариултыг хуулбарлан албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны 03-р сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-с татан авч хянан үзэхийг хүсэхэд АТГ нь 2020 оны 10-р сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна хэмээн хариуг өгсөн.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс ихэд алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхчүүд нь бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна.

Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-д хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно.

Таныг хүндэтгэсэн, Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө.

Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна.

Тавдугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4 мянган га-д тариалалт хийгээд байна

“Ковид-19” цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт тавдугаар сарын 3-наас, улаанбуудайн тариалалт тавдугаар сарын 10-наас эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүгээ хөнөөсөн хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноов

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэв.
Хэргийг сануулбал, өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг сэжиглэн шалгасан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн жолооч нарын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцуулах дадал бий болгох зорилготой сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээврийн салбарт мөрдөж байгаа стандартууд сэдвээр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Эрүүл амьдрах хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сэдвээр доктор Ж.Цогтсугар болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сургалтыг хийсэн юм. Сургалтад 50 жолоочийг хамрууллаа.

Сургалтыг цаашид шат дараатайгаар зохион байгуулж, нийтийн тээврийн салбарын нийт жолооч нарыг хамруулахаар төлөвлөөд байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР